Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2021/00642

 

                                                                

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд онлайнаар нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:        

 Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт өөрийн байранд байрлах, 2010895 регистрийн дугаартай, “Найнги” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт өөрийн байранд байрлах, 2628651 регистрийн дугаартай, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д холбогдох

  Алданги 30 855 310 /гучин сая найман зуун тавин таван мянга гурван зуун

арав/ төгрөг 79 /далан ес/ мөнгө гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:                       

   Нэхэмжлэгч “Найнги” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Найнги” ХХК нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу “Найнги” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д нүүрсийг тасралтгүй нийлүүлсэн. Гэрээний 4.4-т зааснаар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь дараа сарын 15-ны дотор нийлүүлсэн нүүрсний хэмжээгээр төлбөрийг бүрэн гүйцэд төлөх үүрэгтэй байсан. Гэтэл 9 удаагийн үйлдлээр хугацаа хэтрүүлсэн. Хугацаа хэтэрсний улмаас манай компанид 30 855 310 төгрөгийн хохирол учирсан. Манай компани хариуцагч байгууллагад алдангийн талаар удаа дараалан албан бичиг явуулж байсан. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 20/109 тоот албан бичгийг алдангийн тооцооллын хамт “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д явуулсан. Энэ тухай хавтас хэрэгт авагдсан “Найнги” ХХК-аас явуулсан бичгийн бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Мөн уг албан бичгийг хүлээж авсан болох нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2020 онд ирсэн бичгийн 702 дугаарт бүртгэгдсэн байна. Гэтэл хариуцагч байгууллага тус албан бичгийн хариуг ирүүлээгүй. Улмаар жилийн эцэс болж гэрээ байгуулсан талууд байлцаж гэрээг дүгнэх ёстой байсан боловч гэрээг дүгнэж, хурал хийгээгүй. Станцын үйл ажиллагаа тасралтгүй явдаг учраас нүүрс нийлүүлэлт мөн адил тасралтгүй үргэлжилсэн. 2021 оны нүүрс худалдах, худалдан авах гэрээг 2 дугаар сард байгуулсан. Гэхдээ гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулснаар огноолж, сүүлд нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Манай компанийн зүгээс 2021 оны гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд станцаас ирүүлсэн албан бичгийн хүрээнд тус компанид нүүрсийг тасралтгүй нийлүүлж байсан. Ер нь станцын гэрээ дүгнэх асуудал нь гэрээнд заасан хугацаандаа явагддаггүй байсан. 2020 оны гэрээг дүгнэх хурал нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн бөгөөд уг хуралд “Найнги” ХХК-ийн зүгээс тус компанийн гүйцэтгэх захирал Бямбасүрэн, нягтлан бодогч Пүрэвцэнгэл нар, станцын зүгээс ерөнхий инженер Жаргалсайхан тэргүүтэй хүмүүс оролцсон. Уг хурал дээр талууд алдангийн талаар ярилцсан боловч тодорхой шийдэлд хүрч чадалгүй хурлыг дуусгасан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 21/22 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичгийг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал руу явуулсан байдаг. Хавтас хэрэгт авагдсан байгаа станцаас ирүүлсэн хариу тайлбар болон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр огноолсон гэрээ дүгнэсэн протокол дээр дурдсанаас үзэхэд гэрээг дүгнэсэн байх шаардлага үүссэн юм шиг байгаа юм. Миний хувьд бодохдоо гүйцэтгэх захирлын контрактын эсвэл төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болохоос өмнө нүүрс нийлүүлэх гэрээг дүгнэсэн дүгнэлт байх шаардлага үүссэн учраас гэрээг дүгнэсэн протокол хэрэг болсон гэж үзэж байгаа. Үүний дагуу тус компанийн хангамжийн мэргэжилтэн Энхсайхан он гарсны дараа манай компанийн оффис дээр ирээд гэрээ дүгнэсэн албан бичиг дээр гарын үсэг зуруулах гэсэн юм гээд Бямбасүрэн захирлаар гарын үсэг зуруулаад явсан. Тухайн үед уг гэрээ дүгнэсэн албан бичиг дээр алдангийн талаар тусгаагүй байсан учраас Бямбасүрэн захирал гарын үсэг зурсан. Би уг протоколын урд талын хуудас солигдсон гэж үзэж байгаа. Учир нь гэрээг дүгнэсэн протокол дээр гарын үсэг зурах үед миний бие хамт байсан. Тухайн үед гэрээгээ дүгнээгүй байгаа ш дээ гэх яриа гарсан боловч Бямбасүрэн захирал энэ талаар Энхсайхантай ярих нь зохимжгүй гээд энэ тухай ярилгүй, гарын үсэг зураад явуулсан. Ингээд 2021 оны гэрээ байгуулагдаад жилийн эцсийн тайлан тооцоо хийгдсэний үндсэн дээр “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь “Найнги” ХХК-д авлагатай гарч, энэ тухай “Найнги” ХХК-аас станц руу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 21/28 тоот “Алданги төлүүлэх тухай” албан бичиг явуулсан. Уг албан бичгийн хариу “Найнги” ХХК-д албан ёсоор ирээгүй. Гэтэл уг албан бичгийн хариуг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байгааг хараад гайхаж байна. Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Ковид-19 цар тахлын улмаас уул уурхайн орлого тасалдсан учраас гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх боломжгүй болж хугацаа хэтрүүлсэн гэсэн байна. Гэтэл “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн нийт орлого дан ганц уул уурхайн компаниас орж ирдэггүй. Тиймээс төлөх ёстой байсан төлбөрийн хугацааг хэтрүүлсэн үйлдлийг нэхэмжлэгч талын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйлийн талаар заасан байдаг. Үүнд алдангийн талаарх зохицуулалт байхгүй. Харин үер ус, гамшиг зэрэг байгалийн хүчин зүйлсийн талаар заасан байдаг. Тийм учраас хариуцагч талын тайлбар дээр дурдсан давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлд хамааралгүй юм. Мөн хариуцагч тал хариу тайлбартаа 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ дүгнэсэн хурал хийсэн гэж дурдсан байсан. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ дүгнэсэн ямар нэгэн хурал хийгдээгүй бөгөөд хавтас хэрэгт энэ тухай баримт байхгүй. Манай компанийн хувьд 2020 онд алдангийн талаар удаа дараа мэдэгдэж, албан бичиг явуулж байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хугацаанд хариуцагч байгууллагын хариуцлагагүй байдлын улмаас “Найнги” ХХК-ийн ажилчдын цалин, өдөр тутамд гардаг бусад урсгал зардлуудыг зохицуулахад хүндрэл үүссэн. Тиймээс алданги тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Алданги тооцсон тооцооллыг хавтас хэрэгт хавсаргасан байгаа. Иймд гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан алдангид 30 855 310 төгрөг 79 мөнгийг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-аас гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 1970 оноос хойш цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэн Зүүн бүс нутгийг тасралтгүй найдвартай 50 жил эрчим хүчээр хангаж байгаа 100 хувь төрийн өмчит компани юм. 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “Найнги” ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. 2019 онд 223 493 тн нүүрс худалдан авч гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. 2020 онд 265 000 тн нүүрс худалдан авах гэрээ байгуулж хамтран ажилласан. Энэ хугацаанд “Найнги” ХХК-ийн зүгээс гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан 2020 оны 8 дугаар сар, 2021 оны 2, 3 дугаар сард тус тус албан бичиг хүргүүлж мэдэгдсэн нь үнэн. Манай компанийн зүгээс 2020 оны 08 сард ирүүлсэн албан бичгийн хариуг хүргүүлээгүй болохыг би сүүлд мэдсэн. Харин 2021 оны 2, 3 дугаар сард ирсэн албан бичгийн талаар миний бие мэдээлэл авч танилцсан учраас хуулийн дагуу хариуг явуулсан. 2019 оны 11 дүгээр сараас эхлэн улсын хэмжээнд Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор улс орон даяар хил хаагдаж, аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого буурч эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдал үүссэн. Тиймээс манай эрчим хүчний салбар мөн адил санхүүгийн хувьд хүнд нөхцөлд орсон. Учир нь манай компанийн борлуулалтын орлогын 68 хувийг уул уурхайн компани бүрдүүлдэг. Тухайлбал, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, “Шинь Шинь” ХХК гэх компаниуд бүрдүүлдэг. Гэтэл цар тахлын улмаас эдгээр хамтарч ажилладаг байгууллагууд маань Хятад улсаас ажиллах хүчээ авч чадахгүй болж, улмаар төлөвлөгөөт эрчим хүчээ манайхаас авч чадахгүй болсон. Үүнээс болж манай компанийн орлого тодорхой хэмжээгээр тасалдаж эхэлсэн. Миний хувьд санхүүгийн мэргэжилтэн биш учраас байгууллагын орлого, зарлагын талаарх мэдээллийг тодорхой хэлэх боломжгүй байна. Гэсэн хэдий ч захирлын зөвлөлийн хурал болон компанийн сар бүрийн тайлан, мэдээнээс харахад байгууллагын орлого буурсан нь тодорхой харагдаж байгаа. Улс орон даяар цахим системд шилжиж 2020 оны 8 дугаар сараас эхлэн цахимаар ажиллаж эхэлсэн. Хэдийгээр багассан орлогууд буцаж нэмэгдээгүй ч гэсэн цалингийн зардал, бичиг хэргийн зардал, шатахууны зардал зэрэг өдөр тутамд гардаг бусад зардлуудыг хэмнэж аж ахуйн нэгжид өгөх ёстой нүүрсний төлбөр болон ажилчдын цалинг зохицуулж ажилласны үндсэн дээрээс өмнөх саруудтай харьцуулахад санхүүгийн асуудал багассан. Нэхэмжлэгч талын ярьснаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болох ёстой гэрээг 12 дугаар сарын 30-ны өдөр дүгнүүлсэн гэдэг үнэн. Учир нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Төсвийн тухай хуульд заасны дагуу тухайн жилийнхээ орлого, зарлагын тайлан балансыг тэнцүүлдэг. Тийм учраас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон гэрээг дүгнэж гарын үсэг зуруулсан. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болсон гэрээг дүгнэх хурал дээр миний бие өөрөө оролцсон. Энэ хурлын үеэр нэхэмжлэгч компанийн захирал Бямбасүрэн алдангийн талаар ярьж, хүндрэлтэй байгаа талаараа хэлж байсан. Манай компанийн удирдлагууд алдангитай холбоотой хүсэлт байгаа бол одоо гэрээ дүгнэж байгаа хурал дээр энэ тухай хүсэлтээ оруулаад хоёр талаасаа нэг шийдэлд хүрсэн дээр гэж хэлсэн. Гэтэл тухайн үед алдангитай холбоотой хүсэлтээ өгөөгүй. Мөн 2021 оны гэрээг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулахдаа 2020 онд байгуулсан гэрээг амжилттай гэж дүгнэсэн хирнээ одоо алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талд гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой болон гэрээ сунгахтай холбоотой эрх нь байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Найнги” ХХК нь хариуцагч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д холбогдуулан алданги 30 855 310 төгрөг 79 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.

Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...талуудын хооронд байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээний 6.1-д заасны дагуу алданги нэхэмжилсэн, ...цар тахал нь гэрээний 5.1-д заасан давагдашгүй хүчин зүйлд хамаарахгүй, ...гэрээ дүгнэх хурал хийхдээ алдангийн талаар тохиролцож чадаагүй учир гэрээний дагуу алданги нэхэмжилнэ” гэж тайлбарладаг.

  Харин хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ “...ХА/2020/02 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээг дүгнэхэд алданги тооцоогүй атлаа одоо нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ...Ковид-19 цар тахал нь давагдашгүй хүчин зүйлд хамаарна гэж үзэж байна, цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаасан нь борлуулалтын орлогын 60 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхай, газрын тосны компаниудын үйл ажиллагаа доголдоход хүрсэнээс манай компанийн орлого буурч зарим тохиолдолд хугацаа алдаж төлбөрийг шилжүүлсэн...” гэж мэтгэлцдэг.

Нэхэмжлэгч “Найнги” ХХК, хариуцагч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иуд нь 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах ХА/2020/02 тоот гэрээг 1 жилийн хугацаатай бичгээр байгуулсан байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд дээрх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн дагуу байгуулжээ.

Нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч “Найнги” ХХК нь гэрээнд заасан шаардлага хангасан нүүрс худалдах, хариуцагч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн байна.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4.-д “Худалдан авагч тал гэрээг дүгнэсний үндсэн дээр санхүүгийн төлбөр тооцооны бүх хэрэгслийг ашиглаж дараа сарын 15-ны дотор өмнөх сард хүлээн авсан нийт нүүрсний үнэ, тээврийн хөлсийг бүрэн төлнө”, 6.1-д “Худалдан авагч тал хүлээн авсан нүүрсний үнийг гэрээнд заасан хугацаанд хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн үлдэгдэлд хоног тутам 0.2 хувьтай тэнцэх алданги хүлээнэ. Алдангийн нийт хэмжээ нийт хугацаа хэтэрсэн төлбөрийн 5 хувиас хэтрэхгүй” гэж тус тус заажээ.

Талуудын шүүхэд ирүүлсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн үзвэл “Найнги” ХХК нь гэрээнд заасан шаардлага хангасан нүүрс нийлүүлэх үүргээ биелүүлсэн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. Харин “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь нүүрсний үнийг хэлэлцэн тохирсон хугацаандаа төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч талын шүүхэд ирүүлсэн 2020 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарын хугацаанд нийлүүлсэн нүүрсний тайлан, байгууллагын депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байна. Хариуцагч талын шүүхэд ирүүлсэн дансны хуулгаас үзэхэд дээрх нөхцөл байдал давхар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй юм.

Харин хариуцагч тал нь 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ХА/2020/02 тоот нүүрс худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дүгнэхдээ алданги тооцоогүй гэж тайлбарлаж, ХА/2020/02 тоот гэрээ дүгнэсэн протоколыг шүүхэд бичгийн баримтаар ирүүлсэн.

Гэвч нэхэмжлэгч тал дээрх нөхцөл байдлыг үгүйсгэж ...2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээний талууд хуралдаагүй, ...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ХА/2020/02 тоот гэрээ дүгнэсэн протоколыг манай компани уруу мэргэжилтнээрээ явуулж гарын үсэг зуруулсан, ...2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гэрээг дүгнэх хурал хийсэн боловч алданги төлөх эсэх асуудлаар зөвшилцөлд хүрээгүй ...гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч талын ХА/2020/02 тоот гэрээ дүгнэсэн протоколд дурдсан үйл баримтууд нь бусад баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, талууд гэрээний үр дүнг дүгнэхдээ алданги төлөхгүйгээр тохиролцсон гэх нөхцөл байдал нь баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэлээ.

Мөн хариуцагч тал нь ковид-19 цар тахлын улмаас борлуулалтын орлого буурч нүүрсний үнийг хугацаанд нь төлөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч дээрх нөхцөл байдлыг шүүхэд баримтаар нотолж чадаагүй болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч “Найнги” ХХК нь нийт 30 855 310 төгрөг 79 мөнгөний алданги нэхэмжилж байгаа боловч хугацаа хэтэрсэн хоногийг тооцохдоо Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “Хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна”, 73 дугаар зүйлийн 73.1-д “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна...” гэсэн заалтуудыг баримтлаагүй байх тул зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  Тодруулбал,

2020 оны 1 дүгээр сарын алданги: 1 хоногийн 813 292 төгрөг 48 мөнгө

                   2 дугаар сарын алданги: 26 хоногийн 5 200 000 төгрөг

                 5 дугаар сарын алданги: 6 хоногийн 2 927 852 төгрөг 93 мөнгө

                 6 дугаар сарын алданги: 15 хоногийн 5 295 583 төгрөг 30 мөнгө

                                                           12 хоногийн 1 836 466 төгрөг 64 мөнгө

                 7 дугаар сарын алданги: 5 хоногийн 2 765 194 төгрөг 43 мөнгө

                 8 дугаар сарын алданги: 2 хоногийн 1 398 863 төгрөг 06 мөнгө

                 9 дүгээр сарын алданги: 3 хоногийн 2 439 877 төгрөг 44 мөнгө

                 10 дугаар сарын алданги: 2 хоногийн 1 789 243 төгрөг 45 мөнгө

                                                             2 хоногийн 800 000 төгрөг

                 12 дугаар сарын алданги: 2 хоногийн 598 863 төгрөг 06 мөнгө буюу нийт 25 865 236 төгрөг 79 мөнгөний алдангийг хариуцагч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Найнги” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 990 074 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 227  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 287 276 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “Найнги” ХХК-д  олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иас алданги 25 865 236 /хорин таван сая найман зуун жаран таван мянга хоёр зуун гучин зургаа/ төгрөг 79 /далан ес/ мөнгийг гаргуулж нэхэмжлэгч “Найнги” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 990 074 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 227  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 287 276 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “Найнги” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                       С.ГАНЧИМЭГ