Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 201/МА2022/00004

 

Найнги ХХК-ийн нэхэмжлэлтэй Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн /цахимаар/ шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 сарын 27-ны өдрийн 138/ШШ2021/00642 дугаар шийдвэртэй,

Найнги ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д холбогдох

Алданги 30 855 310.79 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******ы гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов. 

Нэхэмжлэгч Найнги ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Найнги ХХК нь Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу Найнги ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д нүүрсийг тасралтгүй нийлүүлсэн. Гэрээний 4.4-т зааснаар Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК нь дараа сарын 15-ны дотор нийлүүлсэн нүүрсний хэмжээгээр төлбөрийг бүрэн гүйцэд төлөх үүрэгтэй байсан.

Гэтэл 9 удаагийн үйлдлээр хугацаа хэтрүүлсэн. Хугацаа хэтэрсний улмаас манай компанид 30 855 310 төгрөгийн хохирол учирсан. Манай компани хариуцагч байгууллагад алдангийн талаар удаа дараалан албан бичиг явуулж байсан. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 20/109 тоот албан бичгийг алдангийн тооцооллын хамт Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д явуулсан. Энэ тухай хавтас хэрэгт авагдсан Найнги ХХК-аас явуулсан бичгийн бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Мөн уг албан бичгийг хүлээж авсан болох нь Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ний 2020 онд ирсэн бичгийн 702 дугаарт бүртгэгдсэн байна. Гэтэл хариуцагч байгууллага тус албан бичгийн хариуг ирүүлээгүй. Улмаар жилийн эцэс болж гэрээ байгуулсан талууд байлцаж гэрээг дүгнэх ёстой байсан боловч гэрээг дүгнэж, хурал хийгээгүй. Станцын үйл ажиллагаа тасралтгүй явдаг учраас нүүрс нийлүүлэлт мөн адил тасралтгүй үргэлжилсэн.

2021 оны нүүрс худалдах, худалдан авах гэрээг 2 дугаар сард байгуулсан. Гэхдээ гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулснаар огноолж, сүүлд нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Манай компанийн зүгээс 2021 оны гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд станцаас ирүүлсэн албан бичгийн хүрээнд тус компанид нүүрсийг тасралтгүй нийлүүлж байсан. Ер нь станцын гэрээ дүгнэх асуудал нь гэрээнд заасан хугацаандаа явагддаггүй байсан. 2020 оны гэрээг дүгнэх хурал нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн бөгөөд уг хуралд Найнги ХХК-ийн зүгээс тус компанийн гүйцэтгэх захирал Бямбасүрэн, нягтлан бодогч Пүрэвцэнгэл нар, станцын зүгээс ерөнхий инженер Жаргалсайхан тэргүүтэй хүмүүс оролцсон. Уг хурал дээр талууд алдангийн талаар ярилцсан боловч тодорхой шийдэлд хүрч чадалгүй хурлыг дуусгасан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 21/22 тоот Санал хүргүүлэх тухай албан бичгийг Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирал руу явуулсан байдаг.

Хавтас хэрэгт авагдсан байгаа станцаас ирүүлсэн хариу тайлбар болон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр огноолсон гэрээ дүгнэсэн протокол дээр дурдсанаас үзэхэд гэрээг дүгнэсэн байх шаардлага үүссэн юм шиг байгаа юм. Миний хувьд бодохдоо гүйцэтгэх захирлын контрактын эсвэл төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болохоос өмнө нүүрс нийлүүлэх гэрээг дүгнэсэн дүгнэлт байх шаардлага үүссэн учраас гэрээг дүгнэсэн протокол хэрэг болсон гэж үзэж байгаа. Үүний дагуу тус компанийн хангамжийн мэргэжилтэн Энхсайхан он гарсны дараа манай компанийн оффис дээр ирээд гэрээ дүгнэсэн албан бичиг дээр гарын үсэг зуруулах гэсэн юм гээд Бямбасүрэн захирлаар гарын үсэг зуруулаад явсан. Тухайн үед уг гэрээ дүгнэсэн албан бичиг дээр алдангийн талаар тусгаагүй байсан учраас Бямбасүрэн захирал гарын үсэг зурсан. Би уг протоколын урд талын хуудас солигдсон гэж үзэж байгаа. Учир нь гэрээг дүгнэсэн протокол дээр гарын үсэг зурах үед миний бие хамт байсан. Тухайн үед гэрээгээ дүгнээгүй байгаа ш дээ гэх яриа гарсан боловч Бямбасүрэн захирал энэ талаар Энхсайхантай ярих нь зохимжгүй гээд энэ тухай ярилгүй, гарын үсэг зураад явуулсан. Ингээд 2021 оны гэрээ байгуулагдаад жилийн эцсийн тайлан тооцоо хийгдсэний үндсэн дээр Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК нь Найнги ХХК-д авлагатай гарч, энэ тухай Найнги ХХК-аас станц руу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 21/28 тоот Алданги төлүүлэх тухай албан бичиг явуулсан. Уг албан бичгийн хариу Найнги ХХК-д албан ёсоор ирээгүй. Гэтэл уг албан бичгийн хариуг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байгааг хараад гайхаж байна.

Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Ковид-19 цар тахлын улмаас уул уурхайн орлого тасалдсан учраас гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх боломжгүй болж хугацаа хэтрүүлсэн гэсэн байна. Гэтэл Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн нийт орлого дан ганц уул уурхайн компаниас орж ирдэггүй. Тиймээс төлөх ёстой байсан төлбөрийн хугацааг хэтрүүлсэн үйлдлийг нэхэмжлэгч талын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйлийн талаар заасан байдаг. Үүнд алдангийн талаарх зохицуулалт байхгүй. Харин үер ус, гамшиг зэрэг байгалийн хүчин зүйлсийн талаар заасан байдаг. Тийм учраас хариуцагч талын тайлбар дээр дурдсан давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлд хамааралгүй юм.

Мөн хариуцагч тал хариу тайлбартаа 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ дүгнэсэн хурал хийсэн гэж дурдсан байсан. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ дүгнэсэн ямар нэгэн хурал хийгдээгүй бөгөөд хавтас хэрэгт энэ тухай баримт байхгүй. Манай компанийн хувьд 2020 онд алдангийн талаар удаа дараа мэдэгдэж, албан бичиг явуулж байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хугацаанд хариуцагч байгууллагын хариуцлагагүй байдлын улмаас Найнги ХХК-ийн ажилчдын цалин, өдөр тутамд гардаг бусад урсгал зардлуудыг зохицуулахад хүндрэл үүссэн. Тиймээс алданги тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Алданги тооцсон тооцооллыг хавтас хэрэгт хавсаргасан байгаа. Иймд гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан алдангид 30 855 310 төгрөг 79 мөнгийг Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 1970 оноос хойш цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэн Зүүн бүс нутгийг тасралтгүй найдвартай 50 жил эрчим хүчээр хангаж байгаа 100 хувь төрийн өмчит компани юм. 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Найнги ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. 2019 онд 223 493 тн нүүрс худалдан авч гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. 2020 онд 265 000 тн нүүрс худалдан авах гэрээ байгуулж хамтран ажилласан. Энэ хугацаанд Найнги ХХК-ийн зүгээс гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан 2020 оны 8 дугаар сар, 2021 оны 2, 3 дугаар сард тус тус албан бичиг хүргүүлж мэдэгдсэн нь үнэн. Манай компанийн зүгээс 2020 оны 08 сард ирүүлсэн албан бичгийн хариуг хүргүүлээгүй болохыг би сүүлд мэдсэн. Харин 2021 оны 2, 3 сард ирсэн албан бичгийн талаар миний бие мэдээлэл авч танилцсан учраас хуулийн дагуу хариуг явуулсан.  

2019 оны 11 сараас эхлэн улсын хэмжээнд Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор улс орон даяар хил хаагдаж, аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого буурч эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдал үүссэн. Тиймээс манай эрчим хүчний салбар мөн адил санхүүгийн хувьд хүнд нөхцөлд орсон. Учир нь манай компанийн борлуулалтын орлогын 68 хувийг уул уурхайн компани бүрдүүлдэг. Тухайлбал, Петрочайна Дачин Тамсаг ХХК, Шинь Шинь ХХК гэх компаниуд бүрдүүлдэг. Гэтэл цар тахлын улмаас эдгээр хамтарч ажилладаг байгууллагууд маань Хятад улсаас ажиллах хүчээ авч чадахгүй болж, улмаар төлөвлөгөөт эрчим хүчээ манайхаас авч чадахгүй болсон. Үүнээс болж манай компанийн орлого тодорхой хэмжээгээр тасалдаж эхэлсэн. Миний хувьд санхүүгийн мэргэжилтэн биш учраас байгууллагын орлого, зарлагын талаарх мэдээллийг тодорхой хэлэх боломжгүй байна. Гэсэн хэдий ч захирлын зөвлөлийн хурал болон компанийн сар бүрийн тайлан, мэдээнээс харахад байгууллагын орлого буурсан нь тодорхой харагдаж байгаа.  

Улс орон даяар цахим системд шилжиж 2020 оны 8 дугаар сараас эхлэн цахимаар ажиллаж эхэлсэн. Хэдийгээр багассан орлогууд буцаж нэмэгдээгүй ч гэсэн цалингийн зардал, бичиг хэргийн зардал, шатахууны зардал зэрэг өдөр тутамд гардаг бусад зардлуудыг хэмнэж аж ахуйн нэгжид өгөх ёстой нүүрсний төлбөр болон ажилчдын цалинг зохицуулж ажилласны үндсэн дээрээс өмнөх саруудтай харьцуулахад санхүүгийн асуудал багассан.  

Нэхэмжлэгч талын ярьснаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болох ёстой гэрээг 12 дугаар сарын 30-ны өдөр дүгнүүлсэн гэдэг үнэн. Учир нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Төсвийн тухай хуульд заасны дагуу тухайн жилийнхээ орлого, зарлагын тайлан балансыг тэнцүүлдэг. Тийм учраас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож, гэрээг дүгнэж гарын үсэг зуруулсан. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болсон гэрээг дүгнэх хурал дээр миний бие өөрөө оролцсон. Энэ хурлын үеэр нэхэмжлэгч компанийн захирал Бямбасүрэн алдангийн талаар ярьж, хүндрэлтэй байгаа талаараа хэлж байсан. Манай компанийн удирдлагууд алдангитай холбоотой хүсэлт байгаа бол одоо гэрээ дүгнэж байгаа хурал дээр энэ тухай хүсэлтээ оруулаад хоёр талаасаа нэг шийдэлд хүрсэн дээр гэж хэлсэн. Гэтэл тухайн үед алдангитай холбоотой хүсэлтээ өгөөгүй.  

Мөн 2021 оны гэрээг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулахдаа 2020 онд байгуулсан гэрээг амжилттай гэж дүгнэсэн хирнээ одоо алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талд гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой болон гэрээ сунгахтай холбоотой эрх нь байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ. 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 138/ШШ2021/00642 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас алданги 25 865 236 төгрөг 79 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч Найнги ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 990 074 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 226 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 287 276 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Найнги ХХК-д олгож, ... шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ...Монгол улсын хэмжээнд Ковид-19 цар тахал дэлгэрсэнтэй холбоотой улсын хилийг тодорхойгүй хугацаагаар хаасан, хязгаарласан шийдвэрүүд төрийн дээд байгууллагаас удаа дараа гарсан. Дээрх шийдвэрүүдийн улмаас уул уурхайн компаниудын эрчим хүчиний худалдан авалт илт багассанаас шалтгаалан манай компаний төлөвлөгөөнд эрс нөлөөлж сар бүр орлого орж ирэх хугацаанд харилцан адилгүй байдал үүссэн. Дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалан хариуцагч талаас нэхэмжлэгч байгууллагад гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж нүүрс худалдан авсан төлбөрийг хугацаандаа шилжүүлж чадаагүй.

Хариуцагч талын зүгээс шаардлагатай нотлох баримтуудыг тус шүүхэд гаргаж өгсөн бөгөөд анхан шатны шүүхээс хариуцагч талын нотлох баримтыг хангалттай гаргаж өгөөгүй буюу нотолж чадаагүй гэж дүгнэсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа тул хэргийн материалд цугларсан нотлох баримтыг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Найнги ХХК-ний нэхэмжлэлтэй Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д холбогдох алдангид 30 855 310.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн төлөөлөгч *******ы гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Найнги ХХК нь хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д холбогдуулан алданги 30 855 310.79 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Талуудын хооронд байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК хугацаанд нь биелүүлээгүйгээс 2020 оны 1 дүгээр сард шилжүүлэх төлбөрөөс 100 000 000 төгрөгийг дутуу шилжүүлж, 26 хоног хугацаа хэтрүүлсний алданги 5 200 000 төгрөг, 2020 оны 2 дугаар сард 100 000 000 төгрөгийг дутуу шилжүүлсэн, мөн 2 дугаар сарын төлбөр болох 406 646 240 төгрөгийг 2 хоног хугацаа хэтрүүлснээс алданги 1 626 584.96 төгрөг гэх мэтчилэн төлөх ёстой төлбөрүүдийг 85 хоног хугацаа хэтрүүлж, нийт 30 855 310.79 төгрөгийн алдангийг манай компанид төлөхөөр байна гэж,

Хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...ХА/2020/02 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээг дүгнэхэд алданги тооцоогүй бөгөөд одоо нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээ дүгнэх хурал дээр Найнги ХХК-иас алдангийн тухай дурдахад бид үүсээд байгаа нөхцөл байдлыг тайлбарласан. Тийм ч учраас гэрээгээ дүгнэхдээ цаашдын хамтын ажиллагаагаа бодож уян хатан хандаж нүүрсний илчлэг бохирдлыг нарийн тооцоогүй, харилцан ойлголцож гэрээг дүгнэсэн гэж ойлгосон. Хэрвээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээг дүгнэснийг зөвшөөрөхгүй байгаа бол дахин гэрээг заалт бүрээр нэг бүрчлэн дүгнэх шаардлагатай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. гэж тус тус тайлбарлажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ХА/2020/02 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-ний 1.2-т ... эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай Б-1 маркийн хүрэн нүүрсийг гэрээ байгуулагдсанаас хойш 12 сарын хугацаанд нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид зохих төлбөрийг төлөхтэй холбогдон үүсэх харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход энэхүү гэрээний зорилго оршино. гэж,

гэрээний 1.3-т Энэ гэрээ нь талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд хүчинтэй байна. Талууд энэ гэрээгээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно. гэж,

гэрээний 4.4-т Худалдан авагч тал гэрээг дүгнэсний үндсэн дээр санхүүгийн төлбөр тооцооны бүх хэрэгслийг ашиглаж дараа сарын 15-ны дотор өмнөх сард хүлээн авсан нийт нүүрсний үнэ, тээврийн хөлсийг бүрэн төлнө. гэж,

гэрээний 6.1-д Худалдан авагч тал хүлээн авсан нүүрсний үнийг гэрээнд заасан хугацаанд хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн үлдэгдэл хоног тутам 0,2 хувьтай тэнцэх алданги хүлээнэ. Алдангийн нийт хэмжээ нийт хугацаа хэтэрсэн төлбөрийн 5 хувиас хэтрэхгүй. гэж тус тус заасан байна. /хх-ийн 7-12/

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК нь ХА/2020/02 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-нд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ ...2020 онд Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаасан нь борлуулалтын орлогын 60 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхай, газрын тосны компаниудын үйл ажиллагаа доголдоход хүрсэн. Монгол Улс бүх алданги, хүүг чөлөөлж зээлийг хүртэл хойшлуулах арга хэмжээ авсан. Энэ нь Ковид-19 цар тахлын үеийн давагдашгүй хүчин зүйлд хамаарна гэж үзэж байна. гэж тайлбарлаж байгаа боловч ковид-19 цар тахлын улмаас Монгол улс хилээ хааснаар тус компанид хичнээн төгрөгийн ямар хохирол учирсан, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй ямар нөхцөл байдалд хүрсэн зэрэг нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар нотолж, нотлох баримтыг шүүхэд гаргаж чадаагүй байна.

Анхан шатны шүүх ... Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК нь нүүрсний үнийг хэлэлцэн тохирсон хугацаандаа төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч талын шүүхэд ирүүлсэн 2020 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарын хугацаанд нийлүүлсэн нүүрсний тайлан, байгууллагын депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байна. Хариуцагч талын шүүхэд ирүүлсэн дансны хуулгаас үзэхэд дээрх нөхцөл байдал давхар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй юм. гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн хуулийн шаардлагатай нийцсэн байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгч *******ы давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн төлөөлөгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 276 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн төлөөлөгч *******ы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 138/ШШ/2021/00642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн төлөөлөгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 276 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Г.БОЛОРМАА