Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2017/0492

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ж ХХК” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: ”Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучнаар/-ын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэрийн Ж ХХК ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж ХХК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Ж ХХК ХХК нь Хэнтий аймгийн Өндөр дэлгэр сумын Хангалын гол нэртэй газарт 135 гектар талбайд ашигт малтмал ашиглах ******* тусгай зөвшөөрлийг 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 188 дугаар шийдвэрийн дагуу эзэмших болсон.

Уг ******* тусгай зөвшөөрлөө Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан ба улмаар тус барьцааны гэрээг кадастрын бүртгэлд бүртгүүлж тусгай зөвшөөрлийн хавсралтад холбогдох тэмдэглэгээг хийлгэсэн.

2017 оны 04 дүгээр сард Кадастрын хэлтэст албан бичгээр хандаж ******* тусгай зөвшөөрлийн лавлагааг авахад “...танай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй үндэслэлээр Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 514 дүгээр шийдвэрээр цуцалсан байна” гэж мэдэгдсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-т заасан "мэдэгдэх”, "мэдэгдлийг хянах, цуцлахын тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нотлох баримт шаардах” зэрэг ажиллагааг хийлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг.

******* тусгай зөвшөөрөл нь бусдын эрхээр хязгаарлагдсан буюу Худалдаа хөгжлийн банк зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан тухай бүртгэл мэдээллийн санд байсаар байтал энэ тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон барьцаалагчид мэдэгдэлгүйгээр цуцалсан. Ийнхүү тусгай зөвшөөрөл цуцлах тухайгаа шийдвэр гаргахаас өмнө барьцаалагчид мэдэгдэх ёстой.

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй" гэж заасан байдаг.

Иймд Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй ..." нөхцөл байдал буюу тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүйн улмаас тусгай зөвшөөрөл цуцлагдаж, уг тусгай зөвшөөрлөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах талаар барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ барьцаалуулагч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл байдал байгааг мэдэгдэх ёстой байсан. Гэвч Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах үндэслэл бүрдсэн талаар барьцаалагчид мэдэгдэлгүйгээр барьцаалагчийн эрхийг болон хуулийн дээрх заалтыг зөрчсөн.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.8-д “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө төрийн захиргааны байгууллага энэ тухай тусгай зөвшөөрөл барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч энэ мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 51.1-д заасны дагуу шилжүүлэх саналыг уг албанд ирүүлнэ” гэж заасан. Энд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаас өмнө заавал мэдэгдэх, түүний ач холбогдол болон уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохгүйгээр хуулийн шаардлага хангасан өөр хуулийн этгээдэд шилжүүлэх замаар барьцаалагчийн эрхийг хангах, цаашлаад барьцаалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх барьцаалагч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хангахаар хуульчилагджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 53-р зүйлд Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлийг заасны дотор 53.1.3-т "... тусгай зөвшөөрлийг цуцалсангэж заасан. Тусгай зөвшөөрлийг цуцлах замаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоос өмнө барьцаалагчид мэдэгдэх ёстой байна. Гэтэл тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосны дараа Банк буюу барьцаалагч нь мэдснээр Ашигт малтмалын тухай хуулийн 51.7-д заасны дагуу мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг гаргах эрхээ эдэлж чадахгүйд хүрэх юм.

Тодруулбал, нэгэнт дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг нэгээс нөгөөд шилжүүлэх тухай ойлголт байхгүй юм. Барьцаанд байгаа тусгай зөвшөөрлийг цуцлах, барьцаалагдаагүй тусгай зөвшөөрийг цуцлах 2 нь өөр өөр журмын дагуу зохицуулагдахаар байна.

Иймд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 514 дугаар шийдвэрийн “Ж ХХК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хангалын гол нэртэй газарт 135 гектар талбай бүхий ашигт малтмалын ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг анх “Ж ХХК” ХХК-д Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны /хуучин нэрээр/ даргын 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 188 дугаар шийдвэрээр олгосон байна.

“Ж ХХК” ХХК нь ашигт малтмалын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалуулах өргөдөл гаргасныг бүртгэн хянаж үзээд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн /хуучин нэрээр/ даргын 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2354 дүгээр шийдвэрээр Худалдаа хөгжлийн банканд барьцаалуулсныг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.6 дах хэсэгт “Тухайн тусгай зөвшөөрөл барьцаалагч нь уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой үүрэг хүлээхгүй” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан бүх үүрэг, хариуцлагыг хүлээх үүрэгтэй.

“Ж ХХК” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж зааснаар ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2009 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө урьдчилан төлөөгүй тул мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй бол цуцална гэж заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Төрийн захиргааны байгууллага хуулиар олгосон үүргээ биелүүлж тус байгууллагын кадастрын системд бүртгэлтэй “Ж ХХК” ХХК-ийн албан ёсны хаягаар мэдэгдлийг хүргүүлж ажилласан байна.

“Ж ХХК” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэрт өнөөдрийг хүртэлх хугацаанд гомдол гаргаагүй, шүүхэд хандаагүй бөгөөд уг захиргааны актад гомдол, нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Захиргааны Ерөнхий хууль”, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталсан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” “Ж ХХК” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэрт хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл уг хуулиуд нь буцаж үйлчлэхгүй гэж үзэж байна.

Мөн уг тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Их Хурлын 2009 онд баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбай болох ойн сантай хэсэгчлэн давхцалтай байна.

Иймд “Ж ХХК” ХХК -ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Ж ХХК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ж ХХК” ХХК, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н тус шүүхэд хандаж “Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 514 дүгээр шийдвэрийн Ж ХХК ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэх үүргээ биелүүлээгүй...барьцаалагч болон барьцаалуулагчийн эрхийг зөрчсөн...” гэж тодорхойлсон, хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг “...тусгай зөвшөөрөл барьцаалагч нь...үүрэг хүлээхгүй, шийдвэр үндэслэлтэй..., мэдэгдлийг тус компанийн хаягаар хүргүүлсэн..., хуулиуд буцаан үйлчлэхгүй тул гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн...” гэж тайлбарлан бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч “Ж ХХК” ХХК-д Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хангалын гол нэртэй газарт орших 135 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны /хуучин нэрээр/ даргын 2001 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 188 дугаар шийдвэрээр олгосон, тус компани эзэмшиж байх хугацаандаа тусгай зөвшөөрлийн 1-7 дахь жилийн төлбөрийг төлсөн, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2354 дүгээр шийдвэрээр ******* дугаар тусгай зөвшөөрлийг Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2005 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 88/1 тоот Зээлийн барьцааны нэмэлт гэрээгээр тус банкинд барьцаалсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр Ж ХХК ХХК-ийн эзэмшлийн ******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар, мөн хуулийн 34 дүгээр зүйлд тусгай  зөвшөөрлийн төлбөрийн талаар зохицуулсны дотор тухайлбал 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасан байна.

Түүнчлэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”,  56.3-д “энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасаэн үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгуулагад ирүүлнэ”, “төрийн захиргааны байгууллага...баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол...цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж...шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж мөн хуулийн 56.4-т тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудын агуулгаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүйн улмаас цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл хүргүүлэх үүрэгтэй байх бөгөөд ийнхүү мэдэгдлийг хүргүүлснээс хойш тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хариуцагчид үүсэхээр зохицуулагдсан гэж ойлгогдож байна.

Гэтэл хариуцагчаас тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг “Ж ХХК” ХХК-д хүргүүлсэн нь тогтоогдохгүй, ингэснээр тухайн компаниас цуцлагдах үндэслэл бүрдээгүй тухай хариу нотлох баримт гаргах эрхээ хэрэгжүүлэх боломж олголгүйгээр тус компанийн эзэмшлийн ******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрхи заалтуудыг зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэрийн дагуу 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 6-3326 дугаар мэдэгдлийг “Ж ХХК” ХХК-д гэж хаяглан явуулсан боловч мөн оны 8 дугаар сарын 20-ны өдөр “буцаалт” хийснээр бүртгэгдсэн нь уг мэдэгдлийг мөн хүргүүлсэн гэж үзэх боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн гаргасан, тусгай зөвшөөрлийг цуцлах тухай болон цуцалсан тухай шийдвэрийн аль алиныг нь хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид мэдэгдээгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг мэдсэн үеэс дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан, уг гомдлыг шийдвэрлээд өгсөн хариуг авснаар захиргааны хэргийн шүүхэд хандсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д заасныг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

Маргаан бүхий захиргааны актаар цуцлагдсан ******* дугаар тусгай зөвшөөрөл нь Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсныг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төвийн даргын /хуучин нэрээр/ 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2354 дүгээр шийдвэрээр бүртгэсэн, уг бүртгэлд өөрчлөлт ороогүй байна.

Энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрлсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь энэ хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй” гэж зааснаар барьцаалуулагч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүйн улмаас тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай барьцаалагч Худалдаа хөгжлийн банкинд мэдэгдэх ёстой байхад хариуцагч энэ шаардлагыг биелүүлээгүй нь шүүхээс хийсэн үзлэгийн явцад тогтоогдсон болно.  

Ж ХХК ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Лувсанбалдангийн Цэрэндаваа 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нас барснаас хойш тус компанийн захирлын эрх, үүргийг түүний охин Ц.******* хэрэгжүүлж  байсан, энэ хугацаанд буюу 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэл гаргасан бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн албанаас ирүүлсэн лавлагаагаар Ц.******* нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 056 дугаар бүхий Өвлөх эрхийн гэрчилгээ зэргээс Ц.*******гаас Б.Нд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан бичгээр олгосон итгэмжлэлд тавих шаардлагыг хангасан, хууль ёсны итгэмжлэл гэж шүүх үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг өөрийн биеэр мэдсэн, хариуцагчаас 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.*******ийг нэмж томилсон, Ц.*******ээс гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүх хүлээн авч 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагт хийхээр шүүх хуралдааныг хойшлуулж хуралдааны товыг мэдэгдсэн боловч Ц.******* нь шүүх хуралаанд ирээгүй, харин С.******* нь мөн өдрийн 11 цаг 57 минутад “...Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох тул шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байсан болно.

Шүүхээс уг хүсэлтийг шийдвэрлэхийн тулд Улсын Дээд шүүхээс лавлахад шүүх хуралдаан дууссан гэж мэдэгдсэн ба улмаар шүүгчийн туслах С.******* ******* дугаар луу залгаж С.*******тай холбогдоход “Улсын дээд шүүхийн хуралдаан дууссан, өөр ажилтай байна” гэснийг тэмдэглэлд тусгасныг тус тус үндэслэн С.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралаанд ирээгүй гэж үзэж түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 51 дүгээр зүйлийн 51.7, 53 дугаар зүйлийн 53.1.3, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ж ХХК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 514 дугаар бүхий “Тусгай зөвгөөрөл цуцлах тухай” шийдвэрийн Ж ХХК ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Н.Д