Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 198

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 447 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 214 дүгээр магадлалтай, Б.Г-д холбогдох 201725021300 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Бийн Г нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Б.Г-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Б.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч С.Даваасүрэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хохирогчийн өгсөн тайлбар, мэдүүлгүүд, мөн гэрч Т.Б-гийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад шүүх “хохирогч, гэрч нарын мэдүүлэгт хэргийн талаар ноцтой зөрүүтэй зүйл байхгүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хохирогч У.У- нь хэд хэдэн дүүрэгт залилангийн хэргээр шалгагдаж байгаа бөгөөд Б.Г-д өртэй байсан болохоор түүнд зодуулсан дүр эсгэж мөнгө өгөх ёстой хүнийхээ эсрэг ийм арга сэдсэн байх боломжтой. У.У- нь гэрч Т.Б-г зүс танина гэсэн боловч түүний ахтай нь гэрч Т.Б хамт ажилладаг байсан тул сайн таних, У.У-ын мэдүүлснээр биеийн олон хэсэгт цохиулсан гэх боловч зүүн хацар хэсгээс өөр газруудад гэмтэл үүсч илрээгүй зэргээс хэр үнэн мэдүүлэг өгсөн нь харагдана. Гэрч Т.Б-гийн мэдүүлгүүд мөн хоорондоо зөрүүтэй. Тэрээр “халзандуу богино үстэй хүн байсан” гэж мэдүүлсэн ч 2017 оны 05 дугаар сарын 20-ны үеэр шүүгдэгч Б.Г- урт үстэй байсныг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх энэхүү баримтыг үл тоож хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч, гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байхад анхан шатны шүүх “ноцтой зөрүүтэй зүйл байхгүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4-т заасныг зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хохирогч, гэрч нарын мэдүүлэгт дурдсанаар цохиулсан гэх биеийн хэсгүүдэд цохиулсан ул мөр шинжээчийн дүгнэлтээр илрээгүй, биед өөр ил харагдах гэмтэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байдаг. Таньж олуулах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хийгээгүй буюу гэрч Т.Б зураг харахаас өмнө таньж олох гэж байгаа хүнийхээ талаар ямар нэг тодорхой онцлог, содон шинж хэлээгүй байна. Мөрдөн байцаагч 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрч Т.Б-гээс “У.У-ыг зодож байсан хүнийг ямар содон шинж тэмдэг, онцлогоор таних вэ” гэж асуухад тэрээр “нүүрний хэлбэр дүрс, онцлог шинжээр нь танина” гэж хариулсан байна. Энэ хариулт хангалтгүй бөгөөд хуулийн шаардлага хангаагүй тул цааш тодруулж асуух, нарийвчлан тайлбар авах ёстой байсан боловч аваагүй. Мөн таньж олуулах ажиллагааг хийхдээ шууд “цээж зураг”-аар таньж олуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 7, 9 дэх хэсгийг тус тус ноцтой зөрчиж байна.

Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгож шалгуулах талаар Б.Г- мөрдөн байцаагч болон прокурорт хүсэлт гаргаж байсан ч эдгээрээс зөвхөн Н-ыг асуугаад, өөр охин харсан гэдгийг тогтоосон атлаа түүнээс мэдүүлэг аваагүй гэдгээ прокурор шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Гэрч Н нь тухайн болсон үйл баримтыг үзсэн харсан гэрч биш, өөр охин байсан нь тогтоогдсон бөгөөд энэхүү гэрчээс мэдүүлэг авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4-т заасныг зөрчиж байна. Шүүгдэгч Б.Г- нь хохирогч У.У-ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь нотлогдож, тогтоогдоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, цохиж байгааг харсан гэрч Т.Б-гийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргээр шүүгдэгч Б.Г- дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөрдөгч дээрх ажиллагаануудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан, ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Х байрны Х тоотод оршин суух У.У-ыг гэртээ байхад нь “зээлсэн мөнгөө өгөхгүй удаалаа” гэсэн шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын зүүн дээд хэсгийн зулгаралт, уруулын дотор салстын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хууль ёсны болжээ.

Шүүхээс Б.Г-гийн дээрх үйлдлийг тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр зүйлчилж, Б.Г-г уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэнгийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 447 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 214 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН