Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2022/00056

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд онлайнаар нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

            Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын *******, ******* тоотод оршин суух, Хэрлэн сумын 11 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан, ЖБ79051269 регистрийн дугаартай, ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, ******* регистрийн дугаартай, ******* холбогдох

Тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор 3 522 169 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* бага ангийн багшаар ажилладаг байсан. 2021 оны 09 сарын 15-ны өглөө хичээлээ зааж байхад 10 цагийн үед ******* гэдэг сурагчийн аав нь хүүхдээ хичээлд нь явуулъя гэж утсаар ярьсан. Сурагч ******* нь Ковид-19 өвчин хүрээд эдгэрч гарах хугацаа нь болоогүй байсан учраас цахимаар хичээлдээ орох тухай шаардлагыг тавьсан боловч ээж нь буруу ойлгон “...хүүхэд гадуурхлаа, чи ч гэсэн Ковид-19 өвчин хүрнэ, захирал менежерт чинь хэлнэ, чи ер нь хүүхэд гадуурхдаг” гэж хэлсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан журмыг тайлбарлан өгсөн боловч үг тоохгүй байхаар нь сургуулийн нийгмийн ажилтан тай яриулахаар гар утсаа өгсөн. Нийгмийн ажилтны зүгээс тухайн эцэг эхэд тайлбар хэлэлгүй сургалтын менежер багшийн утасны дугаарыг өгсөн. Энэхүү нөхцөл байдлаас болж сургалтын менежер сургуулийн хаалттай фэйсбүүк группэд “Ковидын үед багш хүүхдийг ковид хүрсэн биз дээ гэж гадуурхлаа, багшид сануулах арга хэмжээ авч байна” гэсэн утга бүхий пост оруулсан байсан. ******* сурагчийн эцэг эхийн үл ойлголтоос болоод менежер ажлын байран дээр байнгын дарамтад оруулсны улмаас миний бие сэтгэл санааны гүн хямралд орсон. Сургалтын менежер ийн фэйсбүүк группэд оруулсан постыг гар утсан дээрээ татаж аваад фэйсбүүк чатаар сургалтын менежер, захирал 2-т өргөдөл илгээсэн. Тухайн өргөдлийг албан ёсоор гаргасан өргөдөлд тооцогдохгүй гэж бодож байна. Маргааш нь 12 цагийн үед сургалтын менежер дуудаад “...захирлын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж өргөдлийг чинь авч хэлэлцэнэ, таны ажлыг хүлээлцэнэ, ангийг чинь хүлээж авна...” гэж хэлсэн.  Ангидаа ороод байж байтал “Ковид-19  цар тахлын нөхцөл байдлын улмаас захирлын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж болохгүй юм байна, та үргэлжлүүлээд ажлаа хий” гэсэн мэдээллийг өгсөн. Энэ өдрөөс хойш 10 сар гартал ажлаа үргэлжлүүлэн хийсэн. ******* захирал 09 сард Ковид-19  цар тахлын улмаас цахимаар ажлаа хийж байгаад 10 сард танхимаар ажлаа хийхээр ирсэн байсан. ******* багшийн зүгээс “чиний чатаар гаргасан өргөдлийг хүлээн авч хэлэлцэхгүй, өргөдлөө аваарай, нөгөө эцэг эхтэйгээ учраа олж харилцаан дээрээ анхаарах хэрэгтэй” гэж хэлсэн. Би хариуд нь харилцаан дээрээ анхаарч ажиллана, 5 дугаар ангиа төгсгөнө гэдгээ ч хэлсэн. Гэтэл 10 сарын 12-ны өдөр сургалтын менежер 14 цагт “захирлын өрөөнд орж ирнэ үү” гэсэн. Үүний дагуу захирлын өрөөнд очиход цахимаар гаргасан өргөдлийг цаасан дээр хэвлэсэн, хүлээн авч хэлэлцэнэ гээд захирлын дэргэдэх зөвлөл хурал хийж байсан. ******* захиралтай энэхүү өргөдлийн талаар ярилцаад, зөвшилцөлд хүрсэн тухайгаа хэлсэн. Захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдээс санал авч хурлын шийдвэрийг гаргана гээд хурал үргэлжилсэн. Сургалтын менежер “энэ хүнтэй цаашид хамтарч ажиллаж чадахгүй, ажлаас нь халуулах саналтай байна” гэж хэлсэн. Үүний дагуу би менежерийн саналаар ажлаасаа халагдъя гэсэн тайлбарыг өгсөн. Гэхдээ би өөрийн хүсэлтээрээ өргөдөл гаргаагүй. Сургалтын менежер ийн байнгын хавчлага дарамтад ажиллах үнэхээр хэцүү байсан учраас гомдож цухалдсандаа цахимаар бичсэн өргөдлөөсөө болж халагдсан. Иймд өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан гэж үзсэн захирлын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус сургуулийн бага ангийн багшийн ажилдаа эгүүлэн тогтоолгох саналтай байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин 3 522 169 төгрөг нэхэмжилнэ...гэв. 

Хариуцагч Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Хэрлэн сумын 11 дүгээр сургуульд 2014 оноос хойш ажиллаж байна. Сургуулийн захирал Алтансувд нь жирэмсний амралт авсан учраас Хэрлэн сумын Засаг даргын 2021 оны 08 сарын 10-ны өдрийн  Б/22 дугаар захирамжаар Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байна. *******гийн хувьд манай сургуульд 2018 оны 08 сарын 31-ний өдрөөс бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. 2021-2022 оны хичээлийн жил сургалтын үйл ажиллагаа цахим, танхимын хосолсон хэлбэрт шилжиж, хэвийн үргэлжилж байсан 9 сард миний бие хүндэтгэн үзэх шалтгаанаар өвчилж, албан ёсны өвчний акттай байхад 2021 оны 09 сарын 16-ны өдөр багш *******гаас миний хувь чат уруу 2 бичвэр ирсэн. Нэг дэх нь багш ******* ангийнхаа фэйсбүүк группэд ажлаасаа гарах өргөдлөө өгсөн тухай бичсэн постоо зурган хэлбэрээр явуулсан байсан. Нөгөөдөх нь сургуулийн захиргаанд хандсан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах өргөдлөө зурган хэлбэрээр мөн явуулсан байсан. Энэ өргөдлийг мөн сургуулийн бичиг хэргийн ажилтны үүргийг хавсран гүйцэтгэж байгаа бага ангийн сургалтын менежер рүү давхар илгээсэн байсан. Миний бие өргөдлийг уншаад  “...яагаад өргөдөл гаргаж байгаа юм бэ, хэн сануулах арга хэмжээ авсан юм бэ, сургууль сануулах арга хэмжээ аваагүй байхад ангийнхаа эцэг эхийн группэд элдвийн мэдээлэл оруулж болохгүй, сурагчийнхаа эцэг эхтэй ойлголцох хэрэгтэй, ажлаасаа гараад яах юм бэ” гэх зэргээр хариу бичсэн боловч надад хариу өгөөгүй.

...Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу өргөдөл, гомдлоосоо татгалзах саналыг миний зүгээс ******* багшид 2 удаа хэлсэн. Эхнийх нь цахимаар хэлсэн, хоёр дахь нь танхимаар ажилдаа орох үедээ хэлж байсан боловч өргөдлөө татаж аваагүй байсан. Тухайн үед багш нь бичиг, хэргийн ажилтны үүргийг давхар гүйцэтгэж байсан учраас өргөдлийг хэвлэж, албан ёсоор баталгаажуулсан байсан. ******* багшийн цахимаар гаргасан өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д  заасны дагуу албан ёсны өргөдөл гэж үзсэн. Үүний дагуу өргөдлийг 30 хоногт багтаан шийдвэрлэхийн тулд 10 сарын 12-ны өдөр захирлын дэргэдэх зөвлөл нь нийт 8 гишүүнтэй, 89 хувийн ирцтэй хурал хийсэн. Тухайн хурлаар ******* багшийн өргөдөлд дурдсан зүйлийн талаар ярилцсан. Нэгдүгээрт,  тухайн сурагчийн эцэг, эхтэй холбоо барьж ойлголцсон гэж байсан. Хоёрдугаарт, сургуулийн зүгээс дарамт шахалт үзүүлдэг гэх талаар асуухад ******* багш “манай сурагчийн эцэг, эхээс өргөдөл гомдол гаргаагүй байхад миний цалингийн урамшуулал хассан” гэх тайлбарыг өгсөн байдаг. Манай сургуулийн зүгээс ******* багшид албан ёсоор авсан арга хэмжээ байдаггүй. Аль болох багш нарыгаа дэмжиж ажилладаг. ******* багш манай сургуульд ажиллаад удаагүй байсан ч гэсэн Боловсролын газар 10 гаруй жил ажилласан байдлыг нь үнэлээд заах аргын зэрэг олгуулж байсан. 10 сарын 12-ны өдөр хийсэн хурлаар нийт 8 гишүүний 5 гишүүн нь ******* багшийг үргэлжлүүлэн ажиллуулах саналтай байсан. Тухайн хурлын үед ******* багш нь ёс зүйгүй үйлдэл гаргаж, өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх саналаа хэлж, амаар өргөдөл гаргасан. Үүний дагуу “Ажлаас чөлөөлөх тухай” Б/37 тоот тушаалыг гаргасан. Сургалтын менежер ийн хувьд Боловсролын салбарт 26 жил ажиллаж байгаа. 2019 оны 08 сарын 16-ны өдрөөс бага ангийн сургалтын менежерээр ажилласан, заах аргын тэргүүлэх зэрэгтэй багш юм. Аль болох багш нарынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлж, хөгжүүлэх зорилготой ажилладаг. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ дагуу ******* багшид шаардлага тавьж ажиллаж байсан гэж бодож байна. ******* багшийн хувьд захирлын дэргэдэх зөвлөлийн хурал дээр хэлж ярьсан зүйлээ үнэнээр нь хэлэхгүй байна. Бид санал хурааж 5 гишүүн үргэлжлүүлэн ажиллуулахаар, 3 гишүүн өргөдлийг хүлээн авах санал гаргасан боловч багш ******* “би ажиллах сонирхолгүй байна, хурдан миний тушаалыг гаргаж өг...” гэсэн. Миний бие чи тэгээд гарах гээд байгаа юм уу гэхэд тиймээ гэсэн. Тэгээд багш *******гийн өөрийн амаар дахин гаргасан хүсэлт болон сургуулийн захиргаанд гаргасан өргөдлийн дагуу “*******г ажлаас чөлөөлөх тухай” 2021 оны 10 сарын 12-ны өдрийн Б/37 тоот тушаалыг гарган, тухайн өдөртөө гардуулан өгсөн. Иймээс ******* багшийг буцаан ажилд нь авах боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор 3 522 169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, дээрх нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.  

Хариуцагч Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзсан байна.

            Нэхэмжлэгч ******* нь Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн бага ангийн багшийн ажилд 2018 оны хичээлийн жилд орж улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын талаар, Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/37 дугаар тушаал, ажил олгогч ажилтан нарын хооронд 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ тус тус хэрэгт авагджээ. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, би өөрийн хүсэл зоригоороо өргөдөл бичээгүй, сургалтын менежерийн ажлын байрны дарамт шахалтаас болж уурлаж бухимдсандаа цахимаар өргөдөл явуулсан, энэ өргөдлийг албан ёсоор гаргасан гэж үзэхгүй байна, захирлын дэргэдэх зөвлөлийн хурал дээр би ажлаасаа гарья гэж хэлээгүй...” гэж тайлбарладаг.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ “...багш *******гийн цахимаар болон амаар гаргасан өргөдлийг захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсэн, ******* багшийн цахимаар гаргасан өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д  заасны дагуу албан ёсны өргөдөл гэж үзсэн, ...сургалтын менежер ийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ дагуу ******* багшид шаардлага тавьж ажиллаж байсан, ямар нэгэн ажлын байрны дарамт шахалт үзүүлж байгаагүй, ...захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн саналыг сонсохгүйгээр ажлаасаа гарья гэсэн саналыг гаргасан учир өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн...” гэж маргадаг.

Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан заалтыг тус тус үндэслэн бага ангийн багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар *******ийг захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх тул Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан Ерөнхий боловсролын сургуулийн захирлын нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь цахимаар гаргасан өргөдлийг албан ёсоор гаргасан өргөдөлд тооцогдохгүй гэж тайлбарлаж байгаа боловч “...Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно...” заасны дагуу цахим сүлжээгээр гаргасан өргөдлийг албан ёсны өргөдөл гэж үзсэн...” гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

Ковид-19 цар тахал өвчний нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгч ******* нь Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Саранцэцэг, бага ангийн сургалтын менежер нарын цахим хаягт ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр илгээсэн байх бөгөөд бичиг хэргийн ажилтны үүргийг хавсран гүйцэтгэж байсан сургалтын менежер өргөдлийг хүлээн авч улмаар захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн үйл явцыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн дотоод журмын 6.2.2-д хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцалж болох ба гэрээгээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгснөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан зохицуулалттай нийцсэн байна. 

Нэхэмжлэгч ******* нь Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурал дээр өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх талаар хэлээгүй, амаар хүсэлт гаргаагүй гэж тайлбарладаг.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл, гэрч ийн мэдүүлэг зэргээс үзэхэд багш *******гийн гаргасан өргөдлийг хэлэлцээд захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн олонх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар санал гаргасан боловч ******* нь цаашид ажиллах сонирхолгүй гэж татгалзсаны дагуу өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэрэг хэлэлцэж эхлэх үед нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх санал гаргаагүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй атлаа шүүх хуралдааны явцад тайлбар гаргахдаа ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан үндэслэлээр цахимаар өгсөн өргөдлийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг нэмэгдүүлэх санал гаргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь бага ангийн сургалтын менежер ийн ажлын байрны дарамт шахалтаас болж сэтгэл санааны дарамтад орж өргөдөл гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч *******ийн тайлбар, гэрч Т.Саранцэцэг, Г.Төгсжаргал, Д. нарын мэдүүлэг, Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг шинжлэн судлахад дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1-д Сургалтын менежер нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, Боловсролын тухай хууль, бусад хууль, тогтоомжийн заалтыг зөрчсөн тохиолдолд хуулийн хүрээнд зохих хариуцлагыг сургуулийн захиргаа болон удирдах дээд байгууллагаас ногдуулахаар, 10.3.6-д Эцэг эх, багш, сурагчтай буруу харьцах, ёс зүйн алдаа дутагдал гаргасан нь сургуулийн багшийн ёс зүйн хороогоор шийдвэрлэгдэж батлагдсан бол сануулах, цалингийн хувь бууруулах зэрэг арга хэмжээ авахаар тус тус заажээ.

Бага ангийн сургалтын менежер нь багштайгаа буруу харьцсан, ёс зүйн алдаа дутагдал гаргасан, ажлын байрны дарамт шахалт үзүүлж байсан бол нэхэмжлэгч *******гийн хувьд сургуулийн багшийн ёс зүйн хороо болон салбарын зохих шатны байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан байх бөгөөд энэ талаар ямар нэгэн гомдол гаргаж байсан нь нотлогдохгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзээд нэхэмжлэгч *******г сургуулийн удирдлагын ажлын байрны дарамт шахалтаас шалтгаалан өргөдөл гаргасан гэж үзэх, мөн ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл огт гаргаагүй гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч *******гийн ******* холбогдуулан гаргасан тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор 3 522 169 төгрөг гаргуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг  тус тус  удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан ******* холбогдуулан гаргасан “тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор 3 522 169 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэгч *******гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            С.ГАНЧИМЭГ