Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 201/МА2022/00011

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 138/ШШ2022/00056 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд холбогдох,

“Бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор 3 522 169 төгрөг гаргуулах ” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажилладаг байсан. 2021 оны 09 сарын 15-ны өглөө хичээлээ зааж байхад 10 цагийн үед ******* гэдэг сурагчийн аав нь хүүхдээ хичээлд нь явуулъя гэж утсаар ярьсан. Сурагч ******* нь Ковид-19 өвчин хүрээд эдгэрч гарах хугацаа нь болоогүй байсан учраас цахимаар хичээлдээ орох тухай шаардлагыг тавьсан боловч ээж нь буруу ойлгон “...хүүхэд гадуурхлаа, чи ч гэсэн Ковид-19 өвчин хүрнэ, захирал менежерт чинь хэлнэ, чи ер нь хүүхэд гадуурхдаг” гэж хэлсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан журмыг тайлбарлан өгсөн боловч үг тоохгүй байхаар нь сургуулийн нийгмийн ажилтан Балжиндуламтай яриулахаар гар утсаа өгсөн. Нийгмийн ажилтны зүгээс тухайн эцэг эхэд тайлбар хэлэлгүй сургалтын менежер А.Мөнхцэцэг багшийн утасны дугаарыг өгсөн. Энэхүү нөхцөл байдлаас болж сургалтын менежер А.Мөнхцэцэг сургуулийн хаалттай фэйсбүүк группд “Ковидын үед багш хүүхдийг ковид хүрсэн биз дээ гэж гадуурхлаа, багшид сануулах арга хэмжээ авч байна” гэсэн утга бүхий пост оруулсан байсан. ******* сурагчийн эцэг эхийн үл ойлголтоос болоод А.Мөнхцэцэг менежер ажлын байран дээр байнгын дарамтад оруулсны улмаас миний бие сэтгэл санааны гүн хямралд орсон. Сургалтын менежер А.Мөнхцэцэгийн фэйсбүүк группд оруулсан постыг гар утсан дээрээ татаж аваад фэйсбүүк чатаар сургалтын менежер, захирал 2-т өргөдөл илгээсэн. Тухайн өргөдлийг албан ёсоор гаргасан өргөдөлд тооцогдохгүй гэж бодож байна. Маргааш нь 12 цагийн үед сургалтын менежер А.Мөнхцэцэг дуудаад “...захирлын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж өргөдлийг чинь авч хэлэлцэнэ, таны ажлыг хүлээлцэнэ, ангийг чинь хүлээж авна...” гэж хэлсэн.  Ангидаа ороод байж байтал “Ковид-19  цар тахлын нөхцөл байдлын улмаас захирлын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж болохгүй юм байна, та үргэлжлүүлээд ажлаа хий” гэсэн мэдээллийг өгсөн. Энэ өдрөөс хойш 10 сар гартал ажлаа үргэлжлүүлэн хийсэн. ******* захирал 09 сард Ковид-19  цар тахлын улмаас цахимаар ажлаа хийж байгаад 10 сард танхимаар ажлаа хийхээр ирсэн байсан. ******* багшийн зүгээс “чиний чатаар гаргасан өргөдлийг хүлээн авч хэлэлцэхгүй, өргөдлөө аваарай, нөгөө эцэг эхтэйгээ учраа олж харилцаан дээрээ анхаарах хэрэгтэй” гэж хэлсэн. Би хариуд нь харилцаан дээрээ анхаарч ажиллана, 5 дугаар ангиа төгсгөнө гэдгээ ч хэлсэн. Гэтэл 10 сарын 12-ны өдөр сургалтын менежер А.Мөнхцэцэг 14 цагт “захирлын өрөөнд орж ирнэ үү” гэсэн. Үүний дагуу захирлын өрөөнд очиход цахимаар гаргасан өргөдлийг цаасан дээр хэвлэсэн, хүлээн авч хэлэлцэнэ гээд захирлын дэргэдэх зөвлөл хурал хийж байсан. ******* захиралтай энэхүү өргөдлийн талаар ярилцаад, зөвшилцөлд хүрсэн тухайгаа хэлсэн. Захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдээс санал авч хурлын шийдвэрийг гаргана гээд хурал үргэлжилсэн. Сургалтын менежер А.Мөнхцэцэг “энэ хүнтэй цаашид хамтарч ажиллаж чадахгүй, ажлаас нь халуулах саналтай байна” гэж хэлсэн. Үүний дагуу би менежерийн саналаар ажлаасаа халагдъя гэсэн тайлбарыг өгсөн. Гэхдээ би өөрийн хүсэлтээрээ өргөдөл гаргаагүй. Сургалтын менежер А.Мөнхцэцэгийн байнгын хавчлага дарамтад ажиллах үнэхээр хэцүү байсан учраас гомдож цухалдсандаа цахимаар бичсэн өргөдлөөсөө болж халагдсан. Иймд өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан гэж үзсэн захирлын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус сургуулийн бага ангийн багшийн ажилдаа эгүүлэн тогтоолгох саналтай байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин 3 522 169 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын 11 дүгээр сургуульд 2014 оноос хойш ажиллаж байна. Сургуулийн захирал Алтансувд нь жирэмсний амралт авсан учраас Хэрлэн сумын Засаг даргын 2021 оны 08 сарын 10-ны өдрийн  Б/22 дугаар захирамжаар Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байна. *******гийн хувьд манай сургуульд 2018 оны 08 сарын 31-ний өдрөөс бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. 2021-2022 оны хичээлийн жил сургалтын үйл ажиллагаа цахим, танхимын хосолсон хэлбэрт шилжиж, хэвийн үргэлжилж байсан 9 сард миний бие өвчилж, албан ёсны өвчний акттай байхад 2021 оны 09 сарын 16-ны өдөр багш *******гаас миний хувь чат уруу 2 бичвэр ирсэн. Нэг дэх нь багш ******* ангийнхаа фэйсбүүк группд ажлаасаа гарах өргөдлөө өгсөн тухай бичсэн постоо зурган хэлбэрээр явуулсан байсан. Нөгөөх нь сургуулийн захиргаанд хандсан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах өргөдлөө зурган хэлбэрээр мөн явуулсан байсан. Энэ өргөдлийг мөн сургуулийн бичиг хэргийн ажилтны үүргийг хавсран гүйцэтгэж байгаа бага ангийн сургалтын менежер А.Мөнхцэцэг рүү давхар илгээсэн байсан. Миний бие өргөдлийг уншаад  “...яагаад өргөдөл гаргаж байгаа юм бэ, хэн сануулах арга хэмжээ авсан юм бэ, сургууль сануулах арга хэмжээ аваагүй байхад ангийнхаа эцэг эхийн группд элдвийн мэдээлэл оруулж болохгүй, сурагчийнхаа эцэг эхтэй ойлголцох хэрэгтэй, ажлаасаа гараад яах юм бэ” гэх зэргээр хариу бичсэн боловч надад хариу өгөөгүй.

...Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу өргөдөл, гомдлоосоо татгалзах саналыг миний зүгээс ******* багшид 2 удаа хэлсэн. Эхнийх нь цахимаар хэлсэн, хоёр дахь нь танхимаар ажилдаа орох үедээ хэлж байсан боловч өргөдлөө татаж аваагүй байсан. Тухайн үед А.Мөнхцэцэг багш нь бичиг, хэргийн ажилтны үүргийг давхар гүйцэтгэж байсан учраас өргөдлийг хэвлэж, албан ёсоор баталгаажуулсан байсан. ******* багшийн цахимаар гаргасан өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д  заасны дагуу албан ёсны өргөдөл гэж үзсэн. Үүний дагуу өргөдлийг 30 хоногт багтаан шийдвэрлэхийн тулд 10 сарын 12-ны өдөр захирлын дэргэдэх зөвлөл нь нийт 8 гишүүнтэй, 89 хувийн ирцтэй хурал хийсэн. Тухайн хурлаар ******* багшийн өргөдөлд дурдсан зүйлийн талаар ярилцсан. Нэгдүгээрт,  тухайн сурагчийн эцэг, эхтэй холбоо барьж ойлголцсон гэж байсан. Хоёрдугаарт, сургуулийн зүгээс дарамт шахалт үзүүлдэг гэх талаар асуухад ******* багш “манай сурагчийн эцэг, эхээс өргөдөл гомдол гаргаагүй байхад миний цалингийн урамшуулал хассан” гэх тайлбарыг өгсөн байдаг. Манай сургуулийн зүгээс ******* багшид албан ёсоор авсан арга хэмжээ байдаггүй. Аль болох багш нарыгаа дэмжиж ажилладаг. ******* багш манай сургуульд ажиллаад удаагүй байсан ч гэсэн Боловсролын газар 10 гаруй жил ажилласан байдлыг нь үнэлээд заах аргын зэрэг олгуулж байсан. 10 сарын 12-ны өдөр хийсэн хурлаар нийт 8 гишүүний 5 гишүүн нь ******* багшийг үргэлжлүүлэн ажиллуулах саналтай байсан. Тухайн хурлын үед ******* багш нь ёс зүйгүй үйлдэл гаргаж, өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх саналаа хэлж, амаар өргөдөл гаргасан. Үүний дагуу “Ажлаас чөлөөлөх тухай” Б/37 тоот тушаалыг гаргасан. Сургалтын менежер А.Мөнхцэцэгийн хувьд Боловсролын салбарт 26 жил ажиллаж байгаа. 2019 оны 08 сарын 16-ны өдрөөс бага ангийн сургалтын менежерээр ажилласан, заах аргын тэргүүлэх зэрэгтэй багш юм. Аль болох багш нарынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлж, хөгжүүлэх зорилготой ажилладаг. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ дагуу ******* багшид шаардлага тавьж ажиллаж байсан гэж бодож байна. ******* багшийн хувьд захирлын дэргэдэх зөвлөлийн хурал дээр хэлж ярьсан зүйлээ үнэнээр нь хэлэхгүй байна. Бид санал хурааж 5 гишүүн үргэлжлүүлэн ажиллуулахаар, 3 гишүүн өргөдлийг хүлээн авах санал гаргасан боловч багш ******* “би ажиллах сонирхолгүй байна, хурдан миний тушаалыг гаргаж өг...” гэсэн. Миний бие чи тэгээд гарах гээд байгаа юм уу гэхэд тиймээ гэсэн. Тэгээд багш *******гийн өөрийн амаар дахин гаргасан хүсэлт болон сургуулийн захиргаанд гаргасан өргөдлийн дагуу “*******г ажлаас чөлөөлөх тухай” 2021 оны 10 сарын 12-ны өдрийн Б/37 тоот тушаалыг гарган, тухайн өдөртөө гардуулан өгсөн. Иймээс ******* багшийг буцаан ажилд нь авах боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд холбогдуулан гаргасан “тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор 3 522 169 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэгч *******гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх нар давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөхдөө ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэл сонирхлоо илэрхийлсээр байтал захирлын зөвлөлийн зохион байгуулалттай, хууль бус хурлаар хэлэлцүүлэн шахаж шаардан ******* миний хүсэл сонирхлыг үл ойшоон ажлаас чөлөөлсөн.

2. Намайг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэсэн боловч тус заалтын хамгийн гол үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй хууль бус тушаалыг гаргасан.

3. Шүүхээс “Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/37 дугаар тушаал, ажил олгогч ажилтан нарын хооронд 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ тус тус хэрэгт авагджээ. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.” гэж дүгнэсэн нь буруу юм.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн зүгээс дээрх тушаал болон хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй талаар тайлбар, дүгнэлт хийсэн боловч талууд маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

4. Мөн анхан шатны шүүхээс “Нэхэмжлэгч ******* нь цахимаар гаргасан өргөдлийг албан ёсоор гаргасан өргөдөлд тооцогдохгүй гэж тайлбарлаж байгаа боловч “...Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно...” гэж заасны дагуу цахим сүлжээгээр гаргасан өргөдлийг албан ёсны өргөдөл гэж үзсэн...” гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзжээ.

Нэхэмжлэгч ******* миний бие сургуулийн удирдлага, ангийн сурагчийн эцэг, эх болон сургалтын менежер А.Мөнхцэцэг нарын гүтгэлэг, дарамтаас болж бичсэн хуулийн байгууллагад хандан шалгуулах ажлаас гарах тухай гомдол, сэтгэгдлийг сэтгэл санаа цочрон давчидсаны улмаас албан бусаар захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон сургалтын менежер нарын хувийн цахим хаягт явуулсан байхад дээрх хуулийн 9 дүгээр зүйл Өргөдөл гомдол гаргах хэлбэрт “1. Өргөдөл гомдлыг төрийн албан ёсны хэл бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр гаргаж болно. Байгууллага бүр цахим хаягтай байна хэмээн хуульчилсан байдаг.

Харин нэхэмжлэгч ******* нь өөрийн цахим хуудаснаас захирал, сургалтын менежерийн хувийн цахим хаягт мэдээлэл явуулсныг хариуцагч, нэхэмжлэгч талууд хүлээн зөвшөөрдөг.

Өргөдөл гомдол гаргах хэлбэрт “Байгууллага бүр цахим хаягтай байна”  гэж хуульчилсан нь байгууллагын албан ёсны хаягаар бус хувийн цахим хаягаар илгээсэн, хүлээн авсан мэдээллийг албан ёсоор хууль ёсны дагуу гаргасан өргөдөл гомдол гэж хариуцагч болон анхан шатны шүүх үзсэн нь хуулийг буруу ойлгож хэрэглэсэн, дүгнэсэн гэж үзэхээр байна.

*******гийн гаргасан гомдол, хүсэлтийн мэдээлэл нь дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 1-д заасан “Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Мөн тус хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно:

1/өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй; ...

2.Өргөдөл, гомдол нь энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар гаргаагүй бөгөөд үүний улмаас өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол уг шаардлагыг хангахыг мэдэгдэж, түүнийг өргөдөл, гомдол гаргагчид З хоногийн дотор буцаана.” гэсэн зохицуулалтын дагуу буцаах үндэслэлтэй байсныг зөрчиж хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Мөн хуулийн 11 дүгээр зүйл 1-д “Иргэд өргөдөл, гомдлоо төрийн тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана.” гэж хуульчилсны дагуу иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхийг хангах харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалт нь нэхэмжлэгч *******гийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах асуудлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүлээн авч шийдвэрлэсэн байхад хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэж, хууль бус дүгнэлт гаргасныг илэрхийлж байна.

5. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь бага ангийн сургалтын менежер А.Мөнхцэцэгийн ажлын байрны дарамт шахалтаас болж сэтгэл санааны дарамтад орж өргөдөл гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч *******ийн тайлбар, гэрч Т.Саранцэцэг, Г.Төгсжаргал, Д.Балжиндулам нарын мэдүүлэг, Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг шинжлэн судлахад дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.” гэж дүгнэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гэрчүүдийн мэдүүлэг, тайлбар захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргээс багш *******д дарамт шахалт учруулсан талаарх баримтууд дээрх дүгнэлтийг үгүйсгэнэ. Үүнд:

Нэхэмжлэгч *******г суралцагчийн эцэг, эхэд дарамт учруулснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар.

Сургалын менежер А.Мөхцэцэг нь 11 дүгээр сургуулийн багш ажилчдын цахим группд “мэдээлэл хүргэж, чиглэл хүргэх тухай” мэдээлэлд “...хүүхдийн эцэг эхээс танай хүүхэд ковид хүрсэн гэсэн биз дээ, эдгэсэн юм уу, хичээлд ирэх хэрэг байна уу гэсэн асуулт асуусан нь Хүүхэд хамгааллын хуулийг зөрчсөн. Өөрөө гарын үсэг зурж батагаажуулсан Батламжаа зөрчиж байгаа тул эцэг, эхийн гомдлын дагуу сануулах арга хэмжээ авч байгааг багш бүр анхааралдаа авч, харилцаа хандлагыг баримталж ажиллана уу.” гэж шалгаж тогтоогоогүй асуудлаар А.Мөнхцэцэг нь хувийн зүгээс дүгнэлт хийж улмаар эрх хэмжээгээ хэтрүүлэн сануулах хариуцлага тооцож байгаа талаар олон нийтэд мэдээлэл хүргүүлж багш *******г сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсан.

Хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилтны санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх асуудлыг 11 дүгээр сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хүчээр хэлэлцүүлэн зөвлөлийн гишүүдээр ёс зүй, ур чадвар, ковидын дүрэм зөрчсөн зэрэг сахилга хариуцлагатай холбоотой зөрчлийг багш ******* гаргасан гэх хууль бус шүүмжлэл, хэлэлцүүлэг явуулж дүгнэсэн.

Улмаар А.Мөнхцэцэг нь би энэ багштай хамтарч ажиллаж чадахгүй гэх зэргээр дарамт шахалт учруулсан нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлд “Би гомдолтой байна. Иймд ажиллах сонирхолгүй, энэ багшийн өргөдлийг хүлээн авч, өөрийнх нь хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгөөч.” гэж шахаж шаардаж дарамталсан.

Үүнээс үүдэн багш ******* нь “Наад менежерийнхээ хүсэлтээр хурдан намайг хал, би ажлаа өгье. Хурдан тушаалаа гарга, энэ хошин шогийн хурлаа боль.” гэж уурлаад хурал дуусаагүй байхад хурлаас гарах гэсэн. Багш нарыг үг хэлүүлэхгүй, огт тоохгүй бахирсан. Тэр кабинетийн нэмэгдэл өгөхдөө хүртэл тойрон хүрээлэгчид, бөгс долоогчиддоо өгсөн биз дээ гэх зэргээр үг хэлүүлэх боломж өгөхгүй байв.” гэж шударгаар шүүмжлэл болон санаагаа илэрхийлж байсан, улмаар хэрхэн дарамт шахалтанд орж, сэтгэл санаа цочирдсон талаарх үйлдэл нотлогддог.

Мөн нийгмийн ажилтан Д.Балжиндулам нь “******* багш хүүхэд хамгааллын хүрээнд удаа дараа алдаа гаргаж байсан. Энэ бол Хүүхэд хамгааллын бодлого, ёс зүйн дүрмийг зөрчиж байна.” гэж нотлогдоогүй асуудлыг дэвшүүлэн хурлаар хэлэлцсэн.

Бага ангийн заах аргын нэгдлийн ахлагч Б.Мөнхтуяа “******* багш сургалтын менежер Мөнхцэцэг багштай маргалдаж заах аргач зэргээ ав гэх мэтээр ёс зүйгүй харьцаж байхыг хэд хэдэн удаа харсан. Нэг нэгнээсээ уучлал гуйгаад эцэг, эхтэйгээ зөв ойлголцоод, ажлаа цааш үргэлжлүүлэн хийвэл зүгээр” гэсэн.

Багш ******* “Та манай ангийн эцэг, эхийг өргөдөл гаргасан гэж гүтгэж надад арга хэмжээ авсан биз дээ. Улирлын урамшуулал хассан гэсэн.

Бага ангийн сургалтын менежер А.Мөнхцэцэг багш “Энэ асуудал бол хоёр жилийн өмнө 10 дугаар сард Боловсрол соёл урлагийн газарт манай сургуулийн эцэг, эхээс өргөдөл гаргасан тухай мэдэгдсэн. ******* багшийн ангийн эцэг, эх гэдэг нь тодорхой байсан. Түүний дагуу Алтансувд захирал улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллаа хасуулж, багшийн урамшууллын хувь хэмжээг бууруулсан” гэж, багш *******г эцэг, эхээс нь гомдол гаргасан гэж үзэн багшид хамааралгүй асуудлын гэм бурууг халдаан урамшууллын хувь хэмжээг бууруулж байсныг нотолсон.

Мөн шүүхийн журмаар Боловсрол соёл урлагийн газраас гаргуулсан эцэг, эхийн гаргасан гомдлыг шийдвэрлэсэн материалд багш *******д ямар нэгэн холбогдол байхгүйг нотолсон.

Дээрх нотолгоонууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг ноцтой зөрчиж, багшид сургуулийн удирдлага, сургалтын менежер, эцэг, эхийн зүгээс удаа дараа дарамт шахалт үзүүлж байсныг харуулдаг юм.

6. Хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан тайлбарт тус сургуулийн нягтлан бодогч Б.Ариунтуяа “******* багшид ямар ч арга хэмжээ тушаалаар авч байгаагүйг албан ёсоор хэлсэн. Хариуцсан сургалтын менежер А.Мөнхцэцэг багш *******гаас “чи сургуулийн захиргаа цээрлүүлдэг гэж юу бичсэн юм бэ” гэж асуухад “та нар манай ангийн эцэг, эхийг өргөдөл өгсөн гэж гүтгэж надад арга хэмжээ авсан биз дээ, улирлын урамшуулал хассан” гэж хэлсэн. Энэ асуудал бол хоёр жилийн өмнө 10 дугаар сард Боловсрол соёл урлагийн газарт манай сургуулийн эцэг, эхээс өргөдөл гаргасан тухай мэдэгдэж, түүний дагуу захирал В.Алтансувдын улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулаллын хувь хэмжээг бууруулсан байдаг. Захирал В.Алтансувд энэ тухай багш ажилчдын шуурхай хурал дээр хэлж өргөдөл өгсөн эцэг, эхийн ангийн багшид хариуцлага тооцох тухай ярьж байсан. Түүний дагуу *******гийн улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллын хувь хэмжээг бууруулсан. Түүнээс сахилгын арга хэмжээ аваагүй болно. Энэ тухай тодруулахад захирлын зөвлөлийн хурал дээр би сургуулийн зүгээс албан ёсоор чамд ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм байна. Улирлын урамшууллыг чинь бууруулсан байна шүү дээ гэсэн. Түүнийг шат шатандаа хариуцлага тооцсон байна гэж хэлсэн талаар тайлбарласан. Мөн багш *******д эцэг, эхээс гаргасан гомдлын мөрөөр өөрт нь огт хамааралгүй асуудлаар авах ёстой урамшууллыг хасаж ялгаварлан гадуурхаж, дарамт шахалт учруулсан байсныг нотолжээ.

Дээрх байдлууд нь хавтаст хэрэгт цугласан баримтаар хангалттай нотлогдож байхад хариуцагч болон түүний хамаарал, ашиг сонирхлын зөрчил бүхий гэрчүүдийн захиалгат мэдүүлгүүдийг үндэслэн багш *******д дарамт шахалт учруулсан, сэтгэл санааг удаа дараа цочирдуулсан баримт тогтоогдохгүй байна хэмээн анхан шатны шүүх нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцэхгүй төдийгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг гаргасан дүгнэлт гэж үзнэ.

7. Анхан шатны шүүх хуралдаан дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан үндэслэлээр цахимаар гаргасан өргөдлийг хүчингүй болгуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

8. Мөн шүүхээс “Бага ангийн сургалтын менежер нь багштайгаа буруу харьцсан, ёс зүйн алдаа дутагдал гаргасан, ажлын байрны дарамт шахалт үзүүлж байсан бол нэхэмжлэгч *******гийн хувьд сургуулийн багшийн ёс зүйн хороо болон салбарын зохих шатны байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан байх бөгөөд энэ талаар ямар нэгэн гомдол гаргаж байсан нь нотлогдохгүй байна.” гэж дүгнэсэн нь мөн хэргийн бодит байдалтай нийцэхгүй ба 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр цахимаар гаргасан өргөдөлд “...сурагч И.*******ын ээж удаа дараа багшийгаа гүтгэдэг. Сэтгэл санааны дарамтанд оруулж нэр хүндийг унагадаг. Мөн үндэслэлгүйгээр гүтгүүлж улмаар сануулах арга хэмжээ авдаг, цаашлаад баримт нотолгоогүй өргөдөл гомдлыг нягталж шалгаж учрыг нь тунгаахгүйгээр шууд үнэн гэж үздэг. Муу нэрийг өгч сургуулийн захиргаа цээрлүүлдэг, энэ ялладаг тогтолцооноос залхаж байна. Ийм учраас зохих хуулийн дагуу шалгуулахыг хүсэж байна.” хэмээн гаргасан гомдлыг сургуулийн захиргаа хүлээн авсан гэдэг боловч одоог хүртэл зохих журмын дагуу шалгаж буруутай эсэхийг тогтоолгүйгээр сургуулийн удирдлага, менежер, эцэг, эхийн удаа дараагийн дарамт шахалтын улмаас санаа сэтгэл хүчтэй цочирдсон үедээ бичсэн ажлаас гарая гэсэн ганц өгүүлбэрийг өлгөн авч ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэсэн байр суурь, бусад байдал, гомдлыг огт тоолгүйгээр захирлын зөвлөлийн хурал гэгчээр оруулан дахин шахалт дарамт учруулан байж ажлаас үндэслэлгүй, хууль бусаар чөлөөлсөн баримт нотолгоо хангалттай байхад шүүхээс ямар нэгэн гомдол гаргаж байсан нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь туйлын харамсмаар юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Боловсролын байгууллагад 26 жил, сүүлийн 3 жил тус сургуулийн бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байна. Би багш нарыгаа байнга дэмжиж, багш нартаа хүндэтгэлтэй, өөрийгөө бусдад үлгэр дууриалал болохоор харьцаж ажиллаж ирсэн гэж бодож явдаг. Би ямар ч багшийг “багш аа, та” гэж хүндэтгэлтэй харьцаж ирсэн. Энхтуяа багшийн хувьд намайг чи, чи гэж загнаж л байсан. Би олон жил ажиллаж, олон хүнтэй харьцаж байсан болохоор Энхтуяа багшийн хэлж байгаа үг, ааш авирыг өнгөрөөдөг байсан. 2021 оны 9, 10 сард ковидын өвчлөл маш их байсан. Тэр үед Энхтуяа багшийн ангийн ******* гэдэг хүүхэд өвдсөн байсан. Хүүхдийг хичээлд нь явуулах талаар ангийн багштай эцэг, эх харьцсан бөгөөд хоорондоо үл ойлголцол үүссэн байсан. Тэр үед сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Саранцэцэг багш өвчтэй байсан учраас менежерийн хувьд багш нарын групп-д “танай хүүхэд ковид хүрсэн гэсэн биз дээ, эдгэсэн юм уу, хичээлд ирэх хэрэг байна уу гэсэн асуулт асуусан нь Хүүхэд хамгааллын хуулийг зөрчсөн. Өөрөө гарын үсэг зурж батагаажуулсан батламжаа зөрчиж байгаа тул эцэг, эхийн гомдлын дагуу сануулах арга хэмжээ авах болж байгааг багш бүр анхааралдаа авч, харилцаа хандлагыг баримталж ажиллана уу.” гэсэн мэдээлэл оруулсан юм. Гэтэл Энхтуяа багш энэ мэдээллийг уншаад өөрийн ангийн эцэг эхийн групп-д зохимжгүй мэдээлэл оруулсан байсан. Мөн сургуулийн захирал болон менежер надад ажлаас халагдах тухай хүсэлтээ бидний фэйсбүүк хаягаар тус тус явуулсан байсан. Тэр үед багш Энхтуяад сануулах арга хэмжээ аваагүй. Би арга хэмжээ авдаг эрх мэдэлтэй хүн биш. Өнөөдөр Энхтуяа багш их л өөр өөр юм яриад байна. Яагаад ингэж яриад байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүх хэргийг зөв шийдсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд холбогдуулан “Бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 3 522 169 төгрөг гаргуулах ” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-3, 14-19 дэх тал/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, би өөрийн хүсэл зоригоороо өргөдөл бичээгүй, сургалтын менежерийн ажлын байрны дарамт шахалтаас болж уурлаж бухимдсандаа цахимаар өргөдөл явуулсан, энэ өргөдлийг албан ёсоор гаргасан гэж үзэхгүй байна, захирлын дэргэдэх зөвлөлийн хурал дээр би ажлаасаа гарья гэж хэлээгүй ...” гэж,

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ: “... багш *******гийн цахимаар болон амаар гаргасан өргөдлийг захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн. ******* багшийн цахимаар гаргасан өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д  заасны дагуу албан ёсны өргөдөл гэж үзсэн. ... сургалтын менежер А.Мөнхцэцэгийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ дагуу ******* багшид шаардлага тавьж ажиллаж байсан, ямар нэгэн ажлын байрны дарамт шахалт үзүүлж байгаагүй. ... захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн саналыг сонсохгүйгээр ажлаасаа гарья гэсэн саналыг ******* багш гаргасан учир өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн. ...Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тус тус тайлбарладаг.

Ажил олгогч Ерөнхий боловсролын 11 сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/37 дугаар тушаал гаргаж, Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан заалтыг тус тус үндэслэн бага ангийн багш Барын Энхтуяаг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 4 дэх тал/

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ажилтан буюу багш ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ангийн сурагч И.*******ын эцэг эхтэй үл ойлголцсоны улмаас сургалтын менежер А.Мөнхцэцэг 11 дүгээр сургуулийн багш ажилчдын групп-д “Жич: Хүүхдийн эцэг эхээс танай хүүхэд Ковид хүрсэн гээ биз дээ, эдгэсэн юм уу, хичээлд ирэх хэрэг байна уу гэсэн асуулт нь Хүүхэд хамгааллын хуулийг зөрчсөн, өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан “Батламжаа” зөрчиж байгаа тул эцэг эхийн гомдлын дагуу сануулах арга хэмжээг авах болж байгааг багш бүр анхааралдаа авч, зөв харилцаа хандлагыг баримтлан ажиллана уу.” гэсэн пост /мэдээлэл/ оруулсны дараа багш ******* нь “5б анги 2021-2022 11р сургууль” гэсэн ангийн эцэг эхийн групп-д “Анги удирдсан багшаа худал хуурмагаар гүтгэн дайрч доромжилж, элдэв үгээр гүтгэж нэр төрийг унагадаг байдлаа таслан зогсоомоор байна. Энэ ангийг даан ажиллах хугацаандаа хэлээгүй үг, хийгээгүй хэргийнхээ төлөө хангалттай шийтгэлийг хүртсэн. Сургуулийн захиргааны сануулах арга хэмжээ, улирлын урамшууллыг нь хасдаг, багшид муу нэрийг өгч цээрлүүлдэг тогтолцооноос залхаж байна. Ийм учраас ажиллах сонирхол, урам зориг, эрч хүч  буурч цаашид сургуулийн захиргаанд ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өгөхөөр шийдлээ.” гэсэн пост /мэдээлэл/ оруулсаны дараа тус сургуулийн  захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******, сургалтын менежер А.Мөнхцэцэг нарын цахим хаягт “... Өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ өгч байна.” гэсэн агуулгатай өргөдлийг илгээсэн байна. /хх-ийн 23-25,28-29 дэх тал/

Ажил олгогч Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сургалтын менежер А.Мөнхцэцэг нь тус сургуулийн бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг ба ажил үүргийн хуваарийн дагуу багш *******гийн цахим сүлжээгээр гаргасан “ажлаас гарах” тухай хүсэлтийг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно.” гэж заасны дагуу  албан ёсны өргөдөл гэж үзэн бүртгэлд авч,  уг хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж олонхын буюу 5 гишүүний саналаар багш *******г “ажлаа хэвийн үргэлжлүүлэх” тухай шийдвэр гаргасан боловч ******* нь “Би ажиллах сонирхолгүй байна. Хурдан миний тушаалыг гаргаж өг.” гэж шаардсаны  дагуу өөрийнх нь хүсэлтээр түүнийг ажлаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 20-22 дахь тал/

Ажилтан, багш ******* нь сургуулийн захирал, сургалтын менежер нарын хувийн цахим хаягаар хүсэлт явуулсныг “албан ёсны өргөдөл гэж үзэхгүй” гэж тайлбар гаргаж байгаа боловч ажил олгогч 11 дүгээр сургуулийн захиргаа нь   “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу багш *******гийн гаргасан хүсэлтийг албан ёсны бүртгэлд бүртгэн захирлын зөвлөлийн дэргэдэх хурлаар хэлэлцсэн явдал нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал бөгөөд багш *******гийн “ажлаас гарах” хүсэлт гаргаж байгаа байдлыг /үйлдлийг/ “багшид дарамт шахалт учруулсан, сэтгэл санааг удаа дараа цочирдуулсан гэж үзэх боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн ажилтан, багш ******* нь урамшуулал хасдаг, ажлын байрны дарамт учруулдаг гэж тайлбар гаргаж байгаа ба зохигчдын тайлбараар 2019 онд багш *******гийн урамшууллыг хассан бөгөөд урамшуулал хассан талаар болон ажлын байрны дарамт учруулдаг талаар тухайн үед сургуулийн захиргаа болон холбогдох байгууллагад ямар нэгэн гомдлыг гаргаж байгаагүй байна.

Иймд ажилтан, багш *******г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа шүүхэд гаргаж чадаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагатай нийцсэн байна.

Иймээс нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч *******гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шүүхийн зардалд 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 138/ШШ2022/00056 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гаас 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.ДОЛГОРМАА            

                              ШҮҮГЧИД                                       С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ