Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2022/00031

 

 

 

 

 

 

 

 

        2021          12             23                                                      184/ШШ2022/00031

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

Нэхэмжлэгч: А А ХХК /регистрийн дугаар: 111111/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Т /регистрийн дугаар: 1111111/-д холбогдох

“Эд хөрөнгө хөлслөх гэрээнээс учирсан хохиролд 12,838,478 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагч Б.Т, нарийн бичгийн даргад Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай А А ХХК нь өмнө нь 2016 оноос 2020 он 01 cap хүртэл Олон улсын ложистик төв ХК-ийн эзэмшлийн 408 м.кв хэмжээтэй, талбай бүхий “Авто худалдааны цогцолбор”-ийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр эрхлэн явуулж байсан А  Т ХХК-иас 2020 оны 02 сарын 14-ний өдрийн 20/01 дугаар албан хүсэлт, "Л”-д байрлах “авто угаалгын үйлчилгээ” эрхлэн явуулах 408м.кв талбай бүхий газрыг ашиглах, газар ашигласны төлбөрийг төлөх эрх, үүргийг тус тус хүлээн, А ТХХК-иас эрх үүргийг шилжүүлэн авч, Олон улсын худалдааны логистикийн төв”-тай 2020 оны 01 сарын 02-ны өдрийн ГАГ2020/05 дугаар гэрээг шинэчлэн байгуулсан. Энэ гэрээг байгуулснаас хойшхи А ТХХК-ийн 2016-2020 он хүртэл энэхүү гэрээгээр хүлээж байсан эрх үүрэг болон авто угаалгатай холбоотой бүхий л үйл ажиллагаа эрхлан явуулах, түүний өмнөөс өр төлбөрийг хариуцан төлөх зэрэг бүхий л харилцааг А А ХХК хариуцан ажиллаж байна. Иргэн Б.Т нь 2019 оны 09 сарын 25-ны өдөр Олон улсын Логистик авто худалдааны төв дотор 400м.кв талбай бүхий Б авто угаалгыг хөлслүүлэхээр тохиролцон. Бичгээр гэрээ байгуулсан байна. Гэрээнд үндсэн нөхцөлд Олон улсын Логистик авто худалдааны төв дотор байрлах  400 м.кв талбай бүхий Б авто угаалгын газрын зөвхөн авто угаалгын хэсгийг хөлслүүлэх, Гэрээ үйлчлэх хугацаа 2019 оны 10 сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 сарын 25-ны хүртэл 6 cap, Хөлс төлбөрийн хэмжээ 1 сарын түрээс 5.000.000 төгрөг, түрээс төлөх нөхцөл Үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө буюу 2019 оны 09 сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 6 сарын хөлс төлбөр 30.000.000 төгрөгийг хөлслөгчид урьдчилж төлөх , Үйл ажиллагааны зардал нь Түрээсийн төлбөрт ороогүй болно. Гэрээний хугацаанд угаалгын газрын үйл ажиллагааны зардлыг түрээслэгч тал бүрэн хариуцна. Б.Т нь гэрээ байгуулснаас хойш 2019 оны 09 сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 сарын 14-ний өдөр хүртзл хугацаанд 27.500.000 төгрөгийн түрээсийг урьдчилж төлсөн байна. Б.Т нь дээрх 6 сарын хугацаанд ажиллуулахдаа авто угаалгын газрын үйл ажиллагааны зардал буюу тог цахилгаан, ус, бохир, цэвэрлэгээ, харуул хамгаалалт, барилгын болон тоног төхөөрөмжид хийсэн засвар үйлчилгээ хийсэн зардлыг бүрэн хариуцахаар тохирсон. Энэ зардал нь авто угаалгын түрээсийн төлбөрт багтаагүй болно. Гэтэл Б.Т нь угаалгын талбайг ашиглаж эхэлснээс 2019 оны 10 сараас 2020 оны 04 сарын 25-ныг дуустал хугацаанд хэрэглэсэн тог цахилгааны төлбөрөө төлөхгүй байсаар талбайг чөлөөлсөн байна. Б.Тг хөлсөлж байх хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөрийн нэхэмжпэхийг Олон улсын худалдаа, Логистикийн төвөөс А А ХХК-д ирүүлсэн бөгөөд нийт 6 сарын цахилгааны төлбөрт 12.768.278 төгрег нэхэмжилснийг А А ХХК-ийн газрын дэнчин төлбөрөөс суутгаж төлүүлсэн байна Энэ 12.768.278 төгрөгийн төлөлтийг А А ХХК Нь Б.Тгийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэж байгаа тул шүүхээр нэхэмжилж байна. Үүн дээр Б.Тг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг нэмж, түүнээс нийт 12.838.478 төгрег гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Б.Т нь А А ХХК-аас 2019 оны 10 сараас 2020.04.25-ны өдөр зөвхөн ашиглаж, хууль ёсоор эзэмшиж байсан хугацаан дахь хэрэглэсэн цахилгааны төлбөрөө төлөөгүй байдаг ба тус цахилгааны төлбөрийг төлөөчээ гэсэн шаардлага гаргасан. Хариуцагчийг эрэн сурвалжлуулаад 70,200 төгрөг төлж байж эрэн сурвалжлуулж байгаад олж авсан. “А А” ХХК нь Олон улсын ложистик төвтэй дэнчин байршуулан ажиллаж байх бөгөөд 2020 оны өнөөдрийг хүртэлх хугацаанд тог цахилгааны асуудал яригдсан учир А А ХХК-д 12,768,278 төгрөгийн бодит хохирол учирсан,  Хариуцагчийн хаяг тодорхой бус гэх үндэслэлээр татгалзсан, хариуцагч Б.Тгээс эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу 12,838,478 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү Байхгүй, обьектоос хэсэглэн хэсэгт угаалгын газар ажиллуулдаг тул гэрчилгээ байхгүй гэсэн. Эд хөрөнгө хөлслөх гэрээ нь эд хөрөнгө нь нөгөө талд шилжсэнээр ашиг олоод эхэлсэнээр гэрээ байгуулагдсанд тооцдог. Хариуцагч өөрөө бүрэн хариуцна гэж бичсэн байдаг. Хариуцагчийн гараараа бичээд өгсөнг утсан дээрээ зургийг нь дараад авсан байсныг шүүхэд гаргаад өгсөн. Эх хувь нь Тэмүүлэнд өөрт байгаа боловч өөрийнх нь эсрэг баримт учраас хариуцагч гаргаж өгөөгүй. Авто угаалгын газрын үйл ажиллагаа явуулж байсан гэдгээ сая хэлж хүлээн зөвшөөрч байна. Ямар ч баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч талаас шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч нэг ч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тайлбараа ч бичгээр өгөөгүй байгаа. “А А” ХХК-д хохирол учирсан баримтаа гаргасан учир хэргээ шийдвэрлүүлнэ. Эвлэрэх гэсэн боловч хариуцагч нь 12 сая төгрөгийг 2 сая болгож бууруулна гэж байгаад гомдолтой байна.  Шүүхэд гаргасан нэхэмжлэл бол түрээсийн төлбөр шаардаагүй байгаа. Б.Т 6 сарынхаа түрээсийн төлбөрийг төлсөн.Үүнд маргаагүй.Харин машин угаалгын газар ажилуулж байсан 6 сарынхаа хэрэглэсэн төлбөрөө төлөөчээ гэж шаардлага гаргасан гэв.

Хариуцагч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрэн сурвалжлуулсан гэдэгт би нэхэмжлэгчид өөрөө гомдолтой байна. Би өөрөө үндсэн хаяг дээрээ одоо ч гэсэн амьдардаг. Миний үндсэн гэрийн хаяг дээр нэхэмжлэгч талаас нэг ч удаа ирээгүй. Эхний сар 300,000 төгрөг, 2 дахь сараас 900,000 төгрөг гээд байсан нь нотлох баримтаар байна. Дараагийн 4,5 сая төгрөг гэхээр 9 сая төгрөгт хүрэхгүй байна. Нэхэмжлэгч талын гаргасан баримтаас харсан. Анх тохирсноос өөрөөр нэхэмжлэгч нь мөнгө нэхэмжлээд байна. Хуулийн дагуу гэрээ байгуулсан бол бид татгалзахгүй гэвч түрээслээд байх хугацаанд гэрээгээ асууж байсан боловч 6 сарын хугацаанд нэхэмжлэгч талаас гэрээ байгуулаагүй. Үйл ажиллагаа муу байсан сайжруулаад илүү жаахан ашигтай болохоор надаас автоугаалгын газраа буцааж авсан. Зун болохоор ариа хямдралтай түрээслүүлнэ гэж хэлж байсан. Өвлийн улиралд  авто угаалгын газар ашиг орлого муу байдаг. Зун ажиллуулаад ашгаа нөхнө  гэж би бодож байсан. Намайг амаар зөвшөөрөөгүй байхад тогоор халдаг болгосон, хэрвээ нам даралтын зуухаар ажиллаж байсан бол ийм их тог гарахгүй байсан. Баярмагнай ах 1500,000 төгрөгөөс хэтрэхгүй гардаг гээд халаалт тавьсан. Ашиг орлогын хувьд тогоор халдагыг би хүлээн зөвшөөрөхгүй. Өдөрт 2 шуудай нүүрс ашиглах нь надад тогны хувьд хэмнэлттэй, ашиг, орлогын хувьд ч гэсэн ашигтай байсан... Би тогийг төлөх ёстой. Баярмагнай ах 1500,000 төгрөгөөс хэтрэхгүй гардаг гээд халаалт тавьсан. хуулийн дагуу гэрээ байгуулаагүй, ажлаагүй 40 гаруй хоног байсныг түрээсийн төлбөрөөс  хасуулна   гэв.

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А А” ХХК нь хариуцагч Б.Тд холбогдуулан “Эд хөрөнгө хөлслөх гэрээнээс учирсан хохиролд 12,838,478 төгрөг”  гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар  “А Т” ХХК  нь Олон улсын Логистик авто худалдааны төв” ХК-ийн эзэмшилийн  408 м.кв талбайтай газрыг авто угаалга,  дулаан гаражийн үйлчилгээ эрхлэн үйл ажиллагаа явуулах зорилгоор  компанитай 2015 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 15/06/02 тоот “Авто угаалга, дулаан гаражийн зориулалт бүхий түр барилгын газар ашиглуулах гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулан   газар дээр нь түр байгууламж буюу   сэндвичн зөөврийн барилга  барьж, зориулалтын дагуу ажиллуулж байгаад  2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр  дээрх 15/06/02 тоот гэрээнд  нэмэлт, өөрчлөлтөөр  оруулжээ. /хх 40-47/

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 19-ны  15/06/02 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т   “А Т” ХХК-аас сэндвичн зөөврийн түр барилгаа  бусдад  дамжуулан түрээслэхдээ газар эзэмшигч Олон улсын Логистик авто худалдааны төв ХК-ийн зөвшөөрлийн үндсэн дээр түрээслэх талаар тусгасан нь   Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1-д  “ Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно” гэж заасантай нийцэж байна.       

Гэрээнд заасны дагуу “А Т ХХК-аас  сэндвичн зөөврийн барилга буюу авто угаалга, дулаан гаражийн үйлчилгээ эрхлэн явуулдаг  байраа  “А А” ХХК-д шилжүүлснээр  Олон улсын Логистик авто худалдааны төв” ХК-тай  2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А/2020/08 тоот“Логистикийн төв”-д байрлах авто угаалгын зориулалттай байгууламжийн доорхи газар ашиглуулах“ гэрээг байгуулжээ.  /хх 6-9, 40-47/       

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар хариуцагч  Б.Т нь   нэхэмжлэгч “А А” ХХК-тай  Олон улсын Логистик авто худалдааны төв”-д  байрлах 408 м.кв талбайтай  Б авто угаалгын газрыг түрээслэн үйл ажиллагаа явуулахаар амаар харилцан тохиролцохдоо түрээсийн хугацаа нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 сарын 25-ныг хүртэл 6 cap байх, ашигласан хугацааны  төлбөр 1  сарын  5.000.000 төгрөгөөр, нийт 30,000,000 /гучин сая/ төгрөгт тохирч, хариуцагчаас 27.500.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг урьдчилж төлсөн болох нь тогтоогдсон, үүнд талууд маргаагүй байна.

Хариуцагч талаас: Би тогийг төлөх ёстой. Б ах 1500,000 төгрөгөөс хэтрэхгүй гардаг гээд халаалт тавьсан. Өдөрт 2 шуудай нүүрс ашиглах нь надад тогны хувьд хэмнэлттэй, ашиг, орлогын хувьд ч гэсэн ашигтай байсан, Хэрвээ нам даралтын зуухаар ажиллаж байсан бол ийм их тог гарахгүй байсан. Хуулийн дагуу гэрээ байгуулаагүй, ажлаагүй 40 гаруй хоног байсныг түрээсийн төлбөрөөс хасуулна хэмээн маргаж,    

нэхэмжлэгч талаас:  Обьектын доторх жижиг талбайг салгаад түрээслэсэн, обьектыг бүтнээр нь түрээслээгүй тул түрээсийн гэрээ байгуулаагүй, үйл ажиллагааны зардал нь түрээсийн төлбөрт ороогүй,  6 сарын хугацаанд ажиллуулахдаа авто угаалгын газрын үйл ажиллагааны зардал болох тог цахилгаан, ус, бохир, цэвэрлэгээ, харуул хамгаалалт, барилгын болон тоног төхөөрөмжид хийсэн засвар үйлчилгээ хийсэн зардлыг бүрэн хариуцахаар тохирсон. Гэтэл Б.Т нь угаалгын талбайг ашиглаж эхэлснээс 2019 оны 10 сараас 2020 оны 04 сарын 25-ныг дуустал хугацаанд хэрэглэсэн тог цахилгааны төлбөрөө төлөхгүй байсаар талбайг чөлөөлсөн. Б.Тг  хөлсөлж байх хугацаанд хэрэглэсэн  6 сарын цахилгааны төлбөрт 12.768.278 төгрөг нэхэмжилсэнг “А А” ХХК-аас “Олон улсын худалдаа, Логистикийн төв”-д  байршуулсан дэнчин төлбөрөөс суутгаж төлүүлсэн.Үүн дээр Б.Тг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг,  нийт 12.838.478 төгрөгийн төлбөрөө төлөөчээ гэсэн шаардлага гаргасан.Шүүхэд гаргасан нэхэмжлэл бол түрээсийн төлбөр шаардаагүй, Б.Тг 6 сарынхаа түрээсийн төлбөрийг төлсөнд маргаагүй, Эд хөрөнгө хөлслөх гэрээ нь эд хөрөнгө нь нөгөө талд шилжсэнээр ашиг олоод эхэлсэнээр гэрээ байгуулагдсанд тооцдог тул  эд хөрөнгө хөлслөх гэрээнээс учирсан хохиролд 12,838,478 төгрөг гаргуулна гэж  тайлбарлажээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д ”Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 318 дугаар зүйлийн 318.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж  тус тус заасан.

Хавтаст хэргийн 10-р талд “Түрээсийн гэрээ” гэх баримт авагдсан ба тус баримтад: “А Т ХХК-ийн / гүйцэтгэх захирал Ч.Баярмагнай/ Б.Т нарын хооронд Олон улсын худалдаа, Логистикийн төвд  байрлах 408 м.кв талбайтай  “Б” авто угаалгын газрын зөвхөн авто угаалгын хэсгийг хүлээлгийн болон ажилчдын өрөөг тоног төхөөрөмжийн хамт түрээслэхээр энэхүү гэрээг харилцан тохиролцож байгуулав...гэсэн ба талуудын эрх үүрэгт...түрээслэгч талаас ус, тог, бохир, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардлыг үйл ажиллагаа явуулж байх хугацаанд хариуцахаар тусгасан байх боловч тус баримт нь хуульд  заасан шаардлага хангаагүй боловч хариуцагч Б.Тгээс шүүх хуралдаанд энэ баримтыг үйлдэж гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч, “нотариат ороод гэрээ байгуулах гэсэн болоогүй учир гараар бичээд гэрээ байгуулсан” гэж  тайлбарладаг.    

Иргэний хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн  гэж үзэхээр, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д  Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанаар тооцно  гэж тус  тус заажээ.

Түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээгээр бусдын эзэмшил, ашиглалтад эд хөрөнгө шилжүүлдэг адил шинжтэй боловч түрээсийн гэрээгээр түрээслэгч гэрээний зүйл болох обьектыг аж ахуйн үйл ажиллагаа явуулах, ашиг орлого олох зорилгоор ашигладаг шинжээрээ Эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгаатай ба  хариуцагч Б.Т нь тухайн 408 м.кв талбайтай  “Б”  авто угаалга,  дулаан гаражийн үйлчилгээний зориулалтай сэндвичн зөөврийн барилгын авто угаалгын хэсэг, хүлээлгийн болон ажилчдын өрөөг тоног төхөөрөмжийн хамт түрээслэхээр тохиролцсоны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 сарын 25-ныг хүртэл 6 capын хугацаатай авто угаалга үйлчилгээний зориулалтаар   ажиллуулан ашиг орлого олж байсан бөгөөд хугацаа дуусахаар түрээслүүлэгч “А А” ХХК-аас түрээслэгчийг гаргасан болох нь зохигч нарын тайлбараар тогтоогддог.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ “ гэж заасан ба Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь гэрээний зүйлийг ахуйн зориулалтаар эзэмшиж, ашигладаг шинжээрээ түрээсийн гэрээнээс ялгаатай бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-д зааснаар хариуцагч Б.Т нь авто угаалга үйлчилгээ эрхэлсэн үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байсан тул эд хөрөнгө хөлсөлж үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэхгүй юм. 

Тухайн сэндвичн зөөврийн барилга нь  408 м.кв талбайтай газар дээр суурьлагдсан буюу хундам цутгаж баригдсан техникийн нөхцөл шаардлага, дүрэм, журам, шаардлагад нийцүүлэн баригдсан объект биш харин тээвэрлэх, зөөвөрлөхөд зориулагдсан  сэндвичн  хөнгөн хананы хавтангаар хийгдсэн барилга бөгөөд уг барилгыг үл хөдлөх хөрөнгө гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж  зааснаар ийм эд хөрөнгийн эрхийг бүртгэх боломжгүй, бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлж байгаа боловч  өмчлөх эрхийг бүрэн шилжүүлж байгаа хэлцэл биш юм.

Учир нь тус сэндвичн зөөврийн барилга нь газарт суурьлагдаагүй тул  салгаад зөөвөрлөөд  өөр газарт байршуулах боломжтой ба газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж боломжгүй эд хөрөнгө  л үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах байна. Иймээс тус  сэндвичн зөөврийн барилгыг хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэх  боломжгүй объект байна.

Талуудын хооронд гар бичмэлээр түрээсийн гэрээ хийсэн боловч тухайн гэрээ эх хувь эсхүл нотаритчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй хэдий ч  шүүхээс хариуцагчийн  “гараар бичээд гэрээ байгуулсан” гэх тайлбар болон хариуцагч Б.Т нь авто угаалга үйлчилгээ эрхэлсэн үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан шинж бүрдсэн байх тул түрээсийн гэрээ байгуулагджээ гэж үзлээ.    

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “  Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан тул энэ хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 289 дүгээр зүйлийн 289.1.1, 289.1.2-т заасан үүргээ түрээслүүлэгч “А А” ХХК, түрээслэгч Б.Т нар   биелүүлсэн боловч Б.Тгээс авто угаалгын үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байсан боловч ашигласан 6 сарын хугацааныхаа хэрэглээний зардал  ус, тог, бохир, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардлыг  төлөөгүй болох нь хэргийн 19, 93-109-р талд авагдсан  нэхэмжлэхүүд, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг санхүүгийн баримтуудаар, хариуцагчийн тайлбараар тогтоогддог.

Тухайлбал шүүхийн  журмаар бүрдүүлсэн дээрх баримтаар бол “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-д хэрэглээний төлбөрийн нэхэмжлэхүүд ирүүлсэн тул тус төвөөс нэхэмжлэгч “А А” ХХК-аас “Б” авто угаалгын газрыг ажиллуулахдаа 408 м.кв талбайтай  газар ашиглах дэнчин төлбөрт байршуулсан төлбөрөөс нь 12.768.278 төгрөгийг суутгасан нь хэргийн 19, 94-96-р талд авагдсан нотлох баримтаар нотлогддог.

Үүнээс  үзэхэд хариуцагч Б.Т нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.7-д “ хууль буюу гэрээнд заасан бусад үүрэг” гэж зааснаар хэлэлцэн тохирсоны дагуу ашигласан 6 сарын хугацааныхаа ус, тог, бохир, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардлыг  төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн  дэнчин төлбөрт байршуулсан төлбөрөөс 12.768.278 төгрөгийг “Олон улсын худалдааны логистикийн төв” ХК-аас  суутгаж тооцсоны улмаас  нэхэмжлэгчээс энэ хэмжээний зардал гарч  хохирсон гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01708 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Тг “оршин суугаа газар тодорхойгүй” гэх үндэслэлээр эрэн сурвалжилж, оршин байрлах газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд “А А” ХХК-аас иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн урьдчилан 70,200 төгрөг төлсөнг улсын орлогод хэвээр үлдээжээ. Иймээс нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийн зардал гарсан байна. / хх 22-23/

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрөөс  гарсан зардал болох 12.768.278 төгрөг, 70,200 төгрөг нийт 12,838,478 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч талаас: Баярмагнай ах 1500,000 төгрөгөөс хэтрэхгүй гардаг гээд  халаалт тавьсан. Өдөрт 2 шуудай нүүрс ашиглах нь надад тогны хувьд хэмнэлттэй, ашиг, орлогын хувьд ч гэсэн ашигтай байсан, Хэрвээ нам даралтын зуухаар ажиллаж байсан бол ийм их тог гарахгүй байсан, хуулийн дагуу гэрээ байгуулаагүй, ажлаагүй 40 гаруй хоног байсныг түрээсийн төлбөрөөс  хасуулна хэмээн маргадаг боловч түрээслүүлэгч талаас биет байдлын доголдолтой, ашиглах боломжгүй байрыг  шилжүүлээгүй, түрээслүүлэгчээс түрээслүүлж байгаа эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийхийг хуулиар хориглоогүй ба талууд хуульд заасны дагуу бичгээр гэрээ байгуулаагүй ч гэсэн 408 м.кв талбайтай “Б”  авто угаалга,  дулаан гаражийн үйлчилгээний зориулалтай сэндвичн зөөврийн барилгын авто угаалгын хэсэг, хүлээлгийн болон ажилчдын өрөөг тоног төхөөрөмжийн хамт түрээслэхээр  амаар харилцан тохиролцоод “А А” ХХК-аас байрыг шилжүүлсэны дагуу Б.Т түрээсийн 6 сарын төлбөрийг төлөөд үйл ажиллагаа явуулан ашиг орлого олж байснаас үзэхэд  хэлцэл хийгдээд түүнийхээ үр шимийг хариуцагч хүртэж байсан тул түүний тайлбар үндэслэлгүй гэж  үзэв.

Хэдийгээр хариуцагчаас ажлаагүй 40 гаруй хоног байсныг түрээсийн төлбөрөөс  хасуулна хэмээн маргадаг боловч үүнтэй холбогдуулан сөрөг шаардлага гаргаагүй ба нэхэмжлэгч талаас түрээсийн төлбөр шаардаагүй, хариуцагч Б.Тг 6 сарынхаа түрээсийн төлбөрийг төлсөнд маргаагүй байна.

Иймд  хариуцагч  талыг    татгалзалаа  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.

Ингээд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь   хангахаар тогтов.

Хариуцагчаас шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ  түүний  хүсэлтийг удаа дараа хангаж, өмгөөлөгчтэй хуралдаанд оролцох боломж бүрдүүлэн хэргийг хянан шийдвэрлэх хуралдааныг хойшлуулж байсан хугацаанд  энэ эрхээ хэрэгжүүлээгүй  атал өнөөдрийн хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаж байгааг нь шүүн таслах ажиллагаанд  зориуд саад учруулах нөхцөл байдал үүсгэж байна гэж шүүх үзээд хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.                 

Хавтаст хэргийн 10,26-р талд авагдсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байх  тул шүүх үнэлээгүй ба бусад нотлох баримтуудыг  Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  гэж үнэлэв. 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223.405 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 223.405 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А А“ ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1,  115 дугаар зүйлийн 115.2.1 116,118, 119 дүгээр  зүйлд заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Б.Тгээс 12.838.428 / арван хоёр сая найман зуун гучин найман мянга дөрвөн зуун хорин найман/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А А“ ХХК-д олгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223.405 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 223.405 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А А“ ХХК-д олгосугай.

            3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.ОЮУНЖАРГАЛ