Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00554

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/00031 дугаар шийдвэртэй

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Тд холбогдох

Үйл ажиллагааны зардалд 12,838,478 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Манай “А” ХХК нь “Олон улсын худалдааны логистикийн төв”-тэй 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ГАГ2020/05 дугаар гэрээг шинэчлэн байгуулсан. Энэ гэрээг байгуулснаас хойшхи “Айвуун Тэс” ХХК-ийн 2016-2020 он хүртэл гэрээгээр хүлээж байсан эрх үүрэг болон авто угаалгатай холбоотой бүхий л үйл ажиллагаа эрхлан явуулах, түүний өмнөөс өр төлбөрийг хариуцан төлөх зэрэг бүхий л харилцааг “А” ХХК хариуцан ажиллаж байна. Иргэн Б.Тд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Олон улсын логистик авто худалдааны төв дотор 400 м.кв талбай бүхий “Б” авто угаалгыг хөлслүүлэхээр тохиролцсон. Бичгээр гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн нөхцөлд Олон улсын логистик авто худалдааны төв дотор байрлах 400 м.кв талбай бүхий “Б” авто угаалгын газрын зөвхөн авто угаалгын хэсгийг хөлслүүлэх, гэрээний хугацааг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны хүртэл 6 capаар тохирсон. Гэрээнд 1 сарын түрээс 5,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 6 сарын хөлс төлбөр 30,000,000 төгрөгийг урьдчилж төлөх, үйл ажиллагааны зардал нь түрээсийн төлбөрт орохгүй байхаар тохирсон. Гэрээний хугацаанд угаалгын газрын үйл ажиллагааны зардлыг түрээслэгч тал бүрэн хариуцна. Б.Т нь гэрээ байгуулснаас хойш 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд 27,500,000 төгрөгийн түрээсийг урьдчилж төлсөн. Б.Т нь дээрх 6 сарын хугацаанд ажиллуулахдаа авто угаалгын газрын үйл ажиллагааны зардал буюу тог цахилгаан, ус, бохир, цэвэрлэгээ, харуул хамгаалалт, барилгын болон тоног төхөөрөмжид хийсэн засвар үйлчилгээ хийсэн зардлыг бүрэн хариуцахаар тохирсон. Энэ зардал нь авто угаалгын түрээсийн төлбөрт багтаагүй болно. Гэтэл Б.Т нь угаалгын талбайг 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд хэрэглэсэн тог цахилгааны төлбөрөө төлөхгүй байсаар талбайг чөлөөлсөн. Б.Тг хөлсөлж байх хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөрийн нэхэмжлэхийг “Олон улсын худалдаа, Логистикийн төв”-өөс “А” ХХК-д ирүүлсэн бөгөөд нийт 6 сарын цахилгааны төлбөрт 12,768,278 төгрөг нэхэмжилсэн. Уг мөнгийг “А” ХХК-ийн газрын дэнчин төлбөрөөс дээрх мөнгийг суутгаж төлүүлсэн. Энэ 12,768,278 төгрөгийн төлөлтийг “А” ХХК нь Б.Тгийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэж байгаа тул шүүхээр нэхэмжилж байна. Үүн дээр Б.Тг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг нэмж, түүнээс нийт 12,838,478 төгрег гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Тгийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Эрэн сурвалжлуулсанд гомдолтой байна. Би өөрөө үндсэн хаяг дээрээ одоо ч гэсэн амьдардаг. Нэхэмжлэгч талаас миний үндсэн гэрийн хаяг дээр нэг ч удаа ирээгүй. Нэхэмжлэгч нь анх тохирсноос өөрөөр мөнгө нэхэмжилж байна. Үйл ажиллагаа муу байсныг сайжруулаад илүү жаахан ашигтай болохоор надаас авто угаалгын газраа буцааж авсан. Зун болохоор арай хямдралтай түрээслүүлнэ гэж хэлж байсан. Өвлийн улиралд авто угаалгын газар ашиг орлого муу байдаг. Зун ажиллуулаад ашгаа нөхнө гэж би бодож байсан. Намайг тухайн объектыг тогоор халдаг болохыг амаар зөвшөөрөөгүй байхад тогоор халдаг болгосон, хэрвээ нам даралтын зуухаар ажиллаж байсан бол ийм их тог гарахгүй байсан. Баярмагнай ах 1,500,000 төгрөгөөс хэтрэхгүй гардаг гээд халаалт тавьсан. Өдөрт 2 шуудай нүүрс ашиглах нь надад тогны хувьд хэмнэлттэй, ашиг, орлогын хувьд ч гэсэн ашигтай байсан. Би тогийг төлөх ёстой. Хуулийн дагуу гэрээ байгуулаагүй, ажиллаагүй 40 гаруй хоног байсныг түрээсийн төлбөрөөс хасуулна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Тгээс 12,838,428 / арван хоёр сая найман зуун гучин найман мянга дөрвөн зуун хорин найман/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,405 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 223,405 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч Б.Тгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ... 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/00031 дугаар шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” болж чадаагүй гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Б.Т надад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.4 дэх хэсэгт заасан хэрэглэх ёстой заалтуудыг хэрэглээгүй, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасныг буруу тайлбарласан. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг “Түрээсийн гэрээ”-ээс үүдэлтэй гэдгийг дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасанчлан “Түрээсийн гэрээ”-ний “гол нөхцөл” нь нэг талаас түрээслүүлэгч нь түрээслэгчийн “эзэмшил, ашиглалт”-д аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж “тодорхой” хөрөнгө шилжүүлэх, нөгөө талаас түрээслэгч нь “гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр”-ийг төлөх үүрэг байх ёстойг харгалзан үзэж хуулийн дээрх зүйл, заалтыг маргааныг хянан үзэхдээ хэрэглэж чадаагүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасан “...хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож...” гэсэн үг үсгийг орхин буруу тайлбарлаж асуудалд хандсан. Анхан шатны шүүх гэрээ байгуулсан гэж үзэж байгаа цаг хугацаа буюу шилжүүлж байх үед нам даралтын зуухаар халаалт авч ажиллаж байсан надтай ямар нэгэн санал солилцож гэрээний нөхцөлдөө өөрчлөлт оруулалгүйгээр дангаараа шийдвэр гаргаж цахилгаанаар ажиллуулж эхэлсэн үеийн хөрөнгө 2-ын “тог” буюу цахилгааны төлбөрийн “зөрүү”-г Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.7-т зааснаар надад төлбөр ногдуулахгүй байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэл “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоогийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ...Хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. Хариуцагч Б.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд объектын доторх жижиг талбайг салган түрээсэлж, машин угаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байсан нь хангалттай нотлогдсон. Б.Тгийн түрээсэлж байсан объект нь хэсэгчилсэн талбай учраас шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 318.1 дэх хэсэгт заасан харилцааны шинжийг хангасан боловч бие даасан үл хөдлөх хөрөнгө биш учир улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн. Мөн Б.Т нь 6 сарын хугацаанд ашиг орлого олж ажиллуулахдаа ашиглалтын зардал, ус, бохир, цэвэрлэгээ, харуул хамгаалалт, цахилгааны төлбөрийг төлөөгүй орхиж явсны улмаас “А” ХХК-аас объектын эзэмшигч “Олон улсын худалдааны логистик” ХК-д газар ашиглах гэрээний дагуу байршуулсан дэнчин төлбөрөөс 12,768,278 төгрөгийг суутгаж тооцсоны улмаас өөрт хохирол учирсан. Шүүхээс хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Б.Т нь 6 сарын хугацаанд хэрэглээний бусад зардал төлбөрийг төлөх үүрэгтэй байсан, төлөөгүй болохоо өөрөө хүлээн зөвшөөрч удаа дараа шүүхэд тайлбар гаргаж, төлөөгүй шалтгаанаа нам даралтын зуухаар халаалт авч байсан нүүрсээр галласан бол надад бага зардал гарах байсан гэх мэтээр тайлбар гаргадаг. Харин зардлыг төлөх үүрэггүй, төлөлтөөс чөлөөлөгдөх ёстой талаар татгалзлаа баримтаар нотлоогүй. “А” ХХК-аас нотлох баримтаар бүхий л гэрээнүүд, төлбөрийн нэхэмжлэл, дэнчингээс суутгасан баримтуудыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотлосон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн хариуцагч Б.Тгээс 12,838,428 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б.Тд холбогдуулан түүний үйл ажиллагаандаа гаргасан зардалд 12,838,478 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

4. Нэхэмжлэгч “А” ХХК, хариуцагч Б.Ттэй “Олон улсын Логистик авто худалдааны төв”-д байрлах 408 м.кв талбайтай “Б” авто угаалгын газрыг түрээслэн үйл ажиллагаа явуулах, түрээсийн гэрээ нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 сарын 25-ны өдөр хүртэл 6 capын хугацаатай байх, ашигласан хугацааны сарын төлбөр 5,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг байхаар тус тус тохиролцсон байх бөгөөд хариуцагч түрээсийн төлбөрт 27,500,000 төгрөгийг төлсөн үйл баримтад зохигчид маргаагүй байна.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “А” ХХК нь “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-тай 2016 оноос “Логистикийн төв”-д байрлах авто угаалгын зориулалттай байгууламжийн газрыг ашиглуулах гэрээ байгуулж, 2018 оны 09 дүгээр сараас үйл ажиллагаа явуулж байгаа болон “А” ХХК нь гуравдагч этгээдтэй түрээсийн гэрээ байгуулах талаараа “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-д мэдэгдэж албан бичиг хүргүүлж зөвшөөрөл авч байсан нь Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт нийцжээ. /хх.42/

6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

7. Хэргийн 10 дугаар талд авагдсан “Түрээсийн гэрээ” гэсэн бичгийн баримтад “... “А” ХХК нь Б.Ттэй Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б төвийн авто худалдааны төв дотор 400 м.кв талбай бүхий “Б” авто угаалгын газрын зөвхөн авто угаалгын хэсгийг хүлээлгийн болон ажилчдын өрөөг тоног төхөөрөмжийн хамт түрээслэхээр тохиролцсон” гэж, мөн 3-т “Нэг сарын түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг байна. Түрээсийн төлбөрт үйл ажиллагааны зардал ороогүй болно. Үүнд: ус, тог, бохир, цэвэрлэгээ, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цалин гэх мэт...” гэж тус тус бичсэн байна.

8. Хэдийгээр дээрх бичгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй боловч зохигчид уг баримтын талаар маргаагүй байх тул талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний талаарх тохиролцооны мэдээлэл агуулсан баримт гэж үзнэ.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “....үйл ажиллагааны зардлыг төлөхгүй гэж маргаагүй боловч ажиллаагүй 40 хоног байсныг түрээсийн төлбөрөөс хасуулна” гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт “Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэж заасан байх тул хариуцагч ажиллаагүй үеийн түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй.  

10. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж, мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт “Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө” гэж тус тус заасан.

11. Анхан шатны шүүхийн хариуцагч Б.Т хэрэглээний зардал болох ус, цахилгаан, бохир, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардлыг төлөөгүй болох нь хэргийн 94-106 дугаар талд авагдсан нэхэмжлэх, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан зэргээр тогтоогдсон, хариуцагч Б.Т нэхэмжлэгч “А” ХХК-д хэрэглээний зардал болох 12,768,278 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. Мөн хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал болох 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу биш байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

13. Хариуцагч Б.Тгийн “...гэрээний нөхцөлдөө өөрчлөлт оруулалгүйгээр дангаараа шийдвэр гаргаж цахилгаанаар ажиллуулж эхэлсэн үеийн “тог” буюу цахилгааны төлбөрийн “зөрүү”-г Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.7-т зааснаар надад төлбөр ногдуулахгүй байсан” гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Учир нь, хариуцагч үйл ажиллагааны зардлыг түрээсийн төлбөрт оруулаагүй талаар маргаагүй, түрээсийн талбайг нам даралтын зуух эсхүл цахилгаанаар ажиллуулах талаар талууд тусгайлан тохирсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч уг зардлыг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

14. Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийн заалтыг оновчтой баримтлаагүйг залруулан өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/00031 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “....227 дугаар зүйлийн 227.3 дах” гэснийг “...292 дугаар зүйлийн 292.3 дахь” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 223,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                 

 

 

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                             ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

 

                                                     Ц.ИЧИНХОРЛОО