Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2021/02626

 

 

 

                                    2021         11          30

          182/ШШ2021/02626

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч:  С.Э

Хариуцагч: ЗҮЧБЗҮТОГ

 

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 3,404,820 төгрөг гаргуулж, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн төлөөлөгч Ч.Б, гэрч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн С.Э миний бие 2012 оны 05 сарын 08-ны өдөр ЗҮЭЗЧБтэй хөдөлмөрийн гэрээг байгуулж, нягтлан бодогчоор ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2020 оны 12 сарын 30-ээс эхлэн 2021 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн  сунгасан.

Гэтэл хуучин захирагч И.Батнасан 2021 оны 01 сарын 06-нд ажлаас чөлөөлөгдөж, шинээр захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Э томилогдсон. Тэрээр удаа дараа хамтран ажиллах боломжгүй гэж хэлж мэдэхдэх хуудас өгч байсан. Удалгүй 2021 оны 03 сарын 29-ний өдөр Б/21 дугаартай захирагчийн захирамжаар сахилгын зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил гаргаж, байгууллагыг хохироосон асуудал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан ажлын хамт олон гэрчилнэ. Хариуцагчийн тайлбарлаж буй нэхэмжлэгчийг гаргасан гэж буй зөрчлийн тухайд, Сангийн яамтай тооцоо нийлэхэд татан төвлөрүүлэх үлдэгдэлгүй гэсэн, ер нь үлдэгдэл мөнгийг татан төвлөрүүлэх нь Сангийн яамны хийх ажил, шилэн дансны хэрэгжилт 95 хувь гэж дүгнэсэн, 6,400,000 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ нь гэрээтэй, энэ нь барилга засварын 2,000,000 төгрөг, усны 3,500,000 төгрөг, хувцас худалдан авсан 900,000 төгрөг ба цар тахлаас болж гэрээ нь хоцорч ирсэн, жилийн эцсийн гүйлгээ 12 дугаар сарын 25-ны өдөр хаагддаг байхад бусдын түрээсийн төлбөрийн зарим нь  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дансанд шилжих байтал 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч руу бүгд шилжиж, гаргаж амжилгүй гүйлгээ хаагдаж Сангийн яам татан авсан, мөнгөн хөрөнгийн журналд 967,977,162 төгрөгийн үлдэгдэлтэй мэт бүртгэгдсэн нь программын хэвлэлтийн алдаа бөгөөд залруулаад хэвлэчих асуудал байсан, үндсэн хөрөнгийн дүн зөрүүтэйн тухайд дуусаагүй барилга байгууламжийн үлдэгдлийг программ таньж гаргадаггүй ба угаасаа зөрүүтэй тэмдэглэгддэг, алдаа биш юм. 2020 онд даргатай холбоотой асуудлаар иргэн гомдол гаргаж Үндэсний аудитын газраас шалгасан байдаг ба энэ нь надад хамаагүй юм.

Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э нь 2012 оноос ЗҮЧБэд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2019 оны Б-10 дугаар захирамжаар ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Захирагчийн 2021 оны 03  сарын 29-ний өдрийн Б-21 дугаар С.Эыг ажлаас чөлөөлөх тухай захирамжаар 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын хяналт шалгалтаар алдаа зөрчил гаргасан, холбогдох дансны гүйлгээг цаг тухайд нь хийгээгүй, санхүүгийн зөрчил гаргасан, удаа дараа ажлын хариуцлага алдсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлүүдээр 2021 оны 03 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.  Дээрх үндэслэлүүд нь дараах баримтаар тогтоогдож байна.

Үндэсний аудитын газрын 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 07/587 дугаар албан бичгээр ирүүлсэн санхүүгийн аудитын тайланд газрын дуудлага худалдааны дэнчингийн үлдэгдэл 13,990,000 төгрөгийг улсын төсөвт цаг тухайд нь төвлөрүүлээгүй. Шилэн дансны мэдээллээс 2 мэдээлэл хугацаа хоцорсон, мэдээлэл байршуулаагүй. Баримтын бүрдэл дутуу баримтаар гүйлгээ хийсэн, худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд хуулийн дагуу гэрээ байгуулж ажиллаагүй, гэрээний заалтад төлбөрийн тооцоолол, мөнгөн дүн байхгүй 6,400,000 төгрөгийн зөрчил гаргасан. Мөн биет бус хөрөнгө програм хангамжид элэгдлийн зардал тооцож 18,000 төгрөгийг зардалд тусгаагүй зэрэг алдаа зөрчлийг тус тус гаргасан.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 03 сарын 03-ны өдрийн А-1/386 дугаар албан бичигт дурдсан 2020 оны төрийн өөрийн өмчийн түрээсийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 1,344,000 төгрөгийн авлагатай гаргасан байна. С.Э нь тус түрээсийн орлогыг 2020 оны 12 сарын 24-ний өдөр агуулах түрээсийн төлбөр 2,940,000 төгрөгийг “ДФ Замын-Үүд” ХХК-аас Захирагчийн ажлын албаны төрийн сан дахь 100900036011 дугаар дансанд шилжүүлснийг цаг тухайд нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дансанд шилжүүлээгүйгээс түрээсийн тооцоо алдаатай гарсан.

Байгууллагын дансны үлдэгдэл 2020 оны жилийн эцсээр 0 үлдэгдэлтэй байгаа нь дансны хуулгаар харагдаж байхад Мөнгөн хөрөнгийн журналын бүртгэлийг 967,977,162.27 төгрөгийн үлдэгдэлтэйгээр алдаатай бүртгэл хийсэн нь мөнгөн хөрөнгийн журнал дээр Эын өөрийн гарын үсгээр баталгаажуулсан байна. Байгууллагын 2020 оны аудитлагдсан санхүүгийн байдлын тайланд үндсэн хөрөнгийн дүн 33,292,295,385.05 төгрөг бүртгэж бланслагдсан байхад байгууллагын бодит байдал дээрх тайоанг 30,286,909,434.8 төгрөг гэж алдаатай бүртгэж аудитад зөрүүтэй тайлан мэдээ гаргаж өгсөн болох нь баримтаар нотлогдож байна. Дээрх алдаа зөрчлүүд нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Мөн Үндэсний Аудитын газраас ЗҮЧБийн Захирагчийн ажлын албаны ажлыг шалган, Монгол улсын Шадар сайдад зөрчлийн талаар 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр албан бичиг хүргүүлсэн, энэ санхүүгийн зөрчлүүд нь С.Эт хамааралтай юм.

С.Э нь хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн тул тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу ЗҮЧБийн захирагчийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэг, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, 10.3, 10.1.4, 10.6 дахь хэсгийг тус тус үндэслэн С.Эыг ажлаас чөлөөлсөн ба Б/21 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр байгууллагын бүртгэл, санхүүгийн хэлтсийн дарга Ж.Бг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

Шүүх нэхэмжлэл, С.Эыг ажилд авсан болон ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, 2020 оны тухайн байгууллагын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын материал, Үндэсний аудитын газрын албан бичиг холбогдох материалын хамт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон бусад бичгийн баримтыг шижлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс ЗҮЧБийн Захирагчийн ажлын албанд нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан нь тушаал, хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь С.Эыг санхүүгийн зөрчил гарган удаа дараа ажлын хариуцлага алдсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч үндэслэлгүй гэж маргаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч С.Эыг 2020 оны байгууллагын санхүүд хийсэн аудитын хяналт шалгалтаар алдаа зөрчил гаргасан, холбогдох дансны гүйлгээг цаг тухайд нь хийгээгүй, холбогдох хуульд заасан албан тушаалын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, удаа дараа зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

ЗҮЧБийн захирагчийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн Б/21 дугаартай захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэг, 79 дүгээр зүйл болон Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, 10.3, 10.1.4, 10.6-д тус тус үндэслэн С.Эыг Ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж байх боловч мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан чухам аль үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байна.  

Хариуцагч тайлбартаа талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.2-ыг буюу “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэснийг үндэслэж буйгаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсонүндэслэлээр ажлаас чөлөөлсөн мэт ойлгогдох боловч энэ үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад ажилтан ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх шаардлагатай. Ийм дүгнэлт байхгүй байна.

Ажил олгогчийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн Б/21тоот Захирамжид үндэслэсэн Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2-т албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн; 10.1.4-т удаа дараа ажлын хариуцлага алдсан; 10.3-т “албан үүргээ биелүүлээгүй гэдэгт үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлэх буюу үл биелүүлэх, иргэд, байгууллагын өргөдөл, гомдол, хариутай бичгийн хугацааг удаа дараа хэтрүүлсэн болон онцгой чухал буюу хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүйгээс байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн, эсвэл төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний дүрмийн заалтуудыг зөрчсөн тохиолдлуудыг ойлгоно.”; 10.6-т “журмын 10.2-т заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд захиргааны санаачилгаар албан хаагчтай байгуулсан үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас халах үндэслэл болно” гэсэн заалтуудыг тус тус үндэслэжээ.

 

Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, 10.1.4-т заасан зөрчлүүд нь ажилтан, албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүд байна.

 

Ажлаас чөлөөлсөн тушаалын агуулгаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн байж болохоор байна.

 

Ажилтан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан үндэслэлийн тухайд, Хөдөлмөрийн дотоод журмын 10.2-т Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэдэгт юуг ойлгохыг тоочиж тодорхойлсон байх ч тэдгээрийн аль зөрчлийг нэхэмжлэгч С.Э гаргасан болохыг тодорхойлолгүй 10.6-г ажлаас чөлөөлөх тушаалд үндэслэжээ. Энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөхөд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргасан байхыг шаарддаг.

 

Удаа дараа ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлийн тухайд, ЗҮЧБийн захирагчийн ажлын албаны 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүү тайлангийн аудитаар /2021 оны 02 сарын 25-ны өдрийн Үндэсний аудитын газрын 07/587 тоот дүгнэлт/-ээр илэрсэн зөрчил гэх газрын дуудлага худалдааны дэнчингийн үлдэгдэл 13,990,000 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээгүй, шилэн дансны мэдээллээс 2 мэдээлэл хугацаа хоцроосон, 3 мэдээлэл байршуулаагүй, баримтын бүрдэл дутуу баримтаар, гэрээгүйгээр 6,400,000 гүйлгээ хийсэн, биет бус хөрөнгө программ хангамжид элэгдлийн зардал 18,000 төгрөг тооцож зардалд тусгаагүй, түрээсийн тооцооны 1,344,000 төгрөгийн авлагатай гарсан, түрээсийн төлбөрт шилжүүлсэн 2,940,000 төгрөгийг цаг хугацаанд нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дансанд шилжүүлээгүй, 2020 оны жилийн эцсийн дансны үлдэгдэл 0 байхад мөнгөн хөрөнгийн журналын бүртгэлийг 967,977,162 төгрөгийн үлдэгдэлтэй мэт бүртгэсэн, үндсэн хөрөнгийн дүн 33,292,295,385 төгрөгөөр бүртгэж баланслагдсан байхад байгууллагын тайланг 30,286,9209,434 төгрөг гэж алдаатай бүртгэсэн гэх зөрчлүүд нь зөвхөн 2020 оны тухайн байгууллагын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар илэрсэн, нэг удаагийн шинжтэй үргэлжилсэн үйлдэл байх тул давтан зөрчил гаргасан гэдэгт хамаарахгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгч болон гэрч дээрхэд тайлбар гаргахдаа Сангийн яамтай тооцоо нийлж татан төвлөрүүлэх үлдэгдэлгүй гэсэн, ер нь үлдэгдэл мөнгийг татан төвлөрүүлэх нь Сангийн яамны хийх ажил, шилэн дансны хэрэгжилт 95 хувь гэж дүгнэсэн, 6,400,000 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ нь гэрээтэй, цар тахлаас болж гэрээ нь хоцорч ирсэн, жилийн эцсийн гүйлгээ 12 дугаар сарын 25-ны өдөр хаагддаг байхад бусдын түрээсийн төлбөрийн зарим нь  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дансанд шилжих байтал 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч руу бүгд шилжиж, гаргаж амжилгүй гүйлгээ хаагдаж Сангийн яам татан авсан, мөнгөн хөрөнгийн журналд 967,977,162 төгрөгийн үлдэгдэлтэй мэт бүртгэгдсэн нь программын хэвлэлтийн алдаа бөгөөд залруулаад хэвлэчих асуудал байсан, үндсэн хөрөнгийн дүн зөрүүтэйн тухайд дуусаагүй барилга байгууламжийн үлдэгдлийг программ таньж гаргадаггүй ба энэ зөрүү гарсан, алдаа биш гэж нотлох баримтыг тус тус зааж байна. Ажил олгогч нь эдгээр нөхцөл байдал, учир шалтгааныг нарийн хянаж, ялган зааглаж асуудлыг шийдвэрлэх байжээ. Шүүх ажилтныг ажлаас чөлөөлөх хэмжээний зөрчил байгаагүй байна гэж үзнэ.

 

Хариуцагч нь Үндэсний Аудитын газраас ЗҮЧБийн Захирагчийн ажлын албаны ажлыг шалган, Монгол улсын Шадар сайдад зөрчлийн талаар 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр албан бичиг хүргүүлсэн, энэ зөрчлүүд нь С.Эт хамааралтай гэж тайлбарлах боловч С.Эыг ажлаас чөлөөлөх үндэслэлд энэ нь багтаагүйн гадна хэрэв С.Эт хамаатуулж байгаа бол зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа хэтэрсэн байна.

 

Иймд ажил олгогч нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, удаа дараа ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд түүний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгчид олгох олговрын хэмжээ нь түүнд олгосон ээлжийн амралтын мөнгийг хасаж 7,748,877 төгрөг болж байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан С.Эыг ЗҮЧБийн Захирагчийн ажлын албаны бүртгэл, санхүүгийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчийн /түр орлон гүйцэтгэгчийн/ албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ЗҮЧБийн Захирагчийн албанаас 7,748,877 төгрөг гаргуулж С.Эт олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-ийг баримтлан С.Эт олгогдох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын холбогдох шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас 138,932 төгрөгийг гаргуулж улсад олгосугай.

 

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                   

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД