Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00359

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/02626 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Э ын нэхэмжлэлтэй, хариуцагч ЗҮЧБЗ холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: С.Э миний бие 2012 оны 05 сарын 08-ны өдөр Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, нягтлан бодогчийн ажилд орсон. Шинээр захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Э нь удаа дараа хамтран ажиллах боломжгүй гэж хэлж мэдэгдэх хуудас өгч байсан. Удалгүй 2021 оны 03 сарын 29-ний өдөр 0дугаартай захирамжаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал болон байгууллагыг хохироосон асуудал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан ажлын хамт олон гэрчилнэ.

Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Үндэсний аудитын газрын 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 0 дугаар албан бичгээр ирүүлсэн санхүүгийн аудитын тайланд газрын дуудлага худалдааны дэнчингийн үлдэгдэл 13,990,000 төгрөгийг улсын төсөвт цаг тухайд нь төвлөрүүлээгүй, шилэн дансны мэдээллээс 2 мэдээлэл хугацаа хоцорсон, 3 мэдээлэл байршуулаагүй, баримтын бүрдэл дутуу баримтаар гүйлгээ хийсэн, худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд хуулийн дагуу гэрээ байгуулж ажиллаагүй, гэрээний заалтад төлбөрийн тооцоолол, мөнгөн дүн байхгүй 6,400,000 төгрөгийн зөрчил гаргасан, биет бус хөрөнгө программ хангамжид элэгдлийн зардал тооцож 18,000 төгрөгийг зардалд тусгаагүй зэрэг алдаа зөрчлийг тус тус гаргасан.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 03 сарын 03-ны өдрийн 0 дугаар албан бичигт дурьдсан 2020 оны төрийн өмчийн түрээсийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 1,344,000 төгрөгийн авлагатай гарсан байна. С.Э нь тус түрээсийн орлогыг 2020 оны 12 сарын 24-ний өдөр агуулах түрээсийн төлбөр 2,940,000 төгрөгийг ДФЗҮ ХХК-аас Захирагчийн ажлын албаны төрийн сан дахь 000000 дугаар дансанд шилжүүлснийг цаг тухайд нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дансанд шилжүүлээгүйгээс түрээсийн тооцооны алдаатай гарсан байна. Байгууллагын дансны үлдэгдэл 2020 оны жилийн эцсээр 0 үлдэгдэлтэй байгаа нь дансны хуулгаар харагдаж байхад Мөнгөн хөрөнгийн журналын бүртгэлийг 967,977,162 төгрөгийн үлдэгдэлтэйгээр алдаатай бүртгэл хийсэн, мөнгөн хөрөнгийн журналд С.Э өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Байгууллагын 2020 оны аудитлагдсан санхүү байдлын тайланд үндсэн хөрөнгийн дүн 33,292,295,385 төгрөгөөр бүртгэгдэж баланслагдсан байхад байгууллагын бодит байдал дээр байгууллагын тайланг 30,286,909,434 төгрөг гэж алдаатай бүртгэж аудитад зөрүүтэй тайлан мэдээ гаргаж өгсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

Дээрх алдаа зөрчлүүд нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн болох нь холбогдох баримтаар тогтоогдож байна.

С.Э нь хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн тул тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу ЗҮЧБийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 0дугаартай С.Э ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж гарсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар С.Э ыг ЗҮЧБЗАА ны бүртгэл, санхүүгийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчийн /түр орлон гүйцэтгэгчийн/ албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ЗҮЧБЗАА наас 7,748,877 төгрөг гаргуулж С.Э т олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар С.Э т олгогдох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын холбогдох шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 138,932 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсан.

 

4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна.

а/. Шүүхийн шийдвэрт байгууллагын 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн шаардлага, акт бүхий зөрчлүүд, Үндэсний аудитын газрын Шадар сайдад хүргүүлсэн албан бичигт дурьдсан санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон, түүнд хариуцлага тооцохоор ирүүлсэн баримтыг дутуу шинжилсэн гэж үзэж байна. Учир нь шүүх тухайн нотлох баримтуудыг шинжлэн судалж, тухайн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үнэлэхдээ нэхэмжлэгчийн амаар өгсөн тайлбарыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг нягтлан үзэх шаардлагатай байна.

Байгууллагын санхүү, бүртгэлийг хариуцаж буй С.Э нь тайлбартаа хэрэгт авагдсан нотлох баримтыг надад хамааралгүй, программын алдаа, Сангийн яамны алдаа, аудит буруу шалгасан зэрэг аман тайлбар болон түүний удирдах нэгжийн дарга буюу С.Э т хяналт тавих үүрэг бүхий алба хаагчийг гэрчээр оролцуулж тухайн аман тайлбарыг нотолсон гэж үзэж, хамт нэг дор ажиллаж байсан хүний түүнийг хамгаалсан тайлбарыг үнэн бодитоор гэрчилсэн гэж үзэж, нотлох баримтын хэмжээнд үнэлсэн явдал нь эргэлзээтэй байдлыг бий болгож байна.

б/. Өөрийн гарын үсгээр баталгаажуулсан буруу гаргасан тайлангууд, алдаа дутагдлаа С.Э шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байхад шүүх түүнийг программын алдаа гэж үзсэн. Санхүү бүртгэлийн ноцтой зөрчлүүд гаргасан болох нь хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлтээр батлагдсан байхад түүнийг сангийн яамны буруу, цар тахлын үеийн нөхцөл байдлаас үүссэн зөрчил тул нэхэмжлэгчид хамаарахгүй гэж үзсэн. Үндэсний аудитын газраас Шадар сайдад хандаж Замын-Үүд чөлөөт бүсийн санхүүгийн үйл ажиллагаанд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн талаар тогтоож, холбогдох алба хаагч нарт хариуцлага тооцуулахаар ирүүлж байсан баримтыг шүүх зөрчил илрүүлснээс хойш 30 хоног өнгөрсөн гэж үзсэн.

Дээр дурьдсан зөрчилтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэгт холбогдох албан тушаалтнуудыг шалгаж байгаа талаар албан бичгээр ирүүлсэн баримтыг шүүх хэрэгт ач холбогдолтой гэж үзээгүй зэргээс үзэхэд шүүх хэрэгт хариуцагч талын гаргаж өгсөн бичмэл нотлох баримтыг ач холбогдол, бодит байдал, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдал гэж тус тус үзэхээр байна.

в/. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах үндэслэлийн дагуу Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуульд заасанчлан Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага тооцох үндэслэл болгосон.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагчийн хэлсэн тайлбараас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн мэт ойлгогдох боловч энэ үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад ажилтан ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх шаардлагатай. Иймд дүгнэлт байхгүй байна гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн дээр дурьдсан заалт нь тухайн захирамжид үндэслээгүй байхад шүүхийн шийдвэр гаргахдаа үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Улсын төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа ил тод нээлттэй, үнэн зөв байх үндсэн зарчмын хүрээнд энэхүү чиг үүргийг хариуцсан ажилтан зөрчил дутагдалтай ажилласан нь төрийн хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий байгууллагын дүгнэлт, шаардлага, албан бичиг зэргээр хангалттай тогтоогдоод байхад төрийн албаны хариуцлагатай албан тушаалыг цаашид үргэлжлүүлэн хариуцуулах боломжгүй зүйл юм.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзэхэд хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн удиртгал, тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

2.   Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч ЗҮЧБЗ холбогдуулан, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгэх тухай шаардлага гаргаж, үндэслэлээ ...ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаагүй, ажлаас халсан тушаал үндэслэлгүй... гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

3.   Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нягтлан бодогч ажилтай С.Э нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуульд заасныг зөрчиж, хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргасан болох нь Үндэсний аудитын газрын дүгнэлтээр тогтоогдсон учир Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцсон... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

 

4.   Нэхэмжлэгч С.Э нь 2012 оны 05 сарын 07-ны өдрөөс хариуцагч байгууллагад нягтлан бодогчоор томилогдож, үүний дараа 2019 оны 04 сарын 05-ны өдөр Ерөнхий нягтлан бодогчийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, улмаар ЗҮЧБийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 0дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан холбогдох захирамжуудаар нотлогдож байна. /1хх 29, 30/

Дээрх С.Э ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 79 дүгээр зүйл, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, 10.3, 10.1.4, 10.6-д заасныг үндэслэл болгосон байх ба уг захирамжид ...С.Э нь 2020 оны байгууллагын санхүүд хийсэн аудитын хяналт шалгалтаар алдаа, зөрчил гаргасан, холбогдох дансны гүйлгээг цаг тухайд нь хийгээгүй санхүүгийн зөрчил гарган удаа дараа ажлын хариуцлага алдсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн... учир үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа тухай дурджээ. /1хх 30/

 

5.   Ажилтныг ажлаас чөлөөлсөн захирамж 1999 оны 05 сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед гарсан байх тул зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд тус хууль хэрэглэгдэнэ.

 

6.   ...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл хамаарахгүй... гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Учир нь:

а/. Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаанд орсон байх тул Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, ...асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж заасны дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход чиглэгдсэн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд буюу тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуульд үндэслэгдсэн, түүнд нийцсэн байх учиртай.

б/. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн зохицуулалт нь ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож байгаа талаарх зохицуулалт биш, харин хөдөлмөрийн гэрээг ажилтан, эсхүл ажил олгогчийн хэний санаачилгаар цуцалж байгаа болохыг илэрхийлэх зохицуулалт юм.

Иймд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход чиглэгдсэн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан аль үндэслэлээр чөлөөлснөө шийдвэртээ тусгах учиртай. Ажил олгогч ажилтныг чөлөөлөх болсон үндэслэлээ нотлох ёстой.

 

7.   ЗҮЧБийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 0дугаар захирамжид Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2 /Албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн/, 10.3 /Албан үүргээ биелүүлээгүй/, 10.1.4 /Удаа дараа ажлын хариуцлага алдсан/-ийг удирдлага болгосныг шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...Гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр халсан... гэсэн тайлбартай харьцуулан үзвэл ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. /1хх 137-138, 3хх 97х/

Энэ тохиолдолд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг хүлээдэг.

Хэрэгт ЗҮЧБ-ийн 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 01/71 тоот БСХ-ийн Ерөнхий нягтлан бодогч С.Э т гэж хаягласан мэдэгдэх хуудас авагдсан боловч уг баримтад ...байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт хийх болсон тул таныг үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж байна... гэсэн агуулга тусгагдсан байх тул ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасан журмын дагуу ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж буй талаар ажилтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. /1хх 14/

Иймд мэдэгдэх хуудас-т дурьдсан үндэслэл нь С.Э ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжид дурдагдсан үндэслэлтэй тохирохгүй байх тул хуульд заасны дагуу мэдэгдсэн гэж үзэхгүй.

 

8.   ЗҮЧБ-ийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 0дугаар захирамжид Хөдөлмөрийн дотоод журмын 10.6 /хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан/-ааг удирдлага болгосон /1хх 139/ байх боловч ажилтан өмнө нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гарган сахилгын арга хэмжээ авахуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй, мөн дээрх захирамжид хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээ-нд тухайлан заасан аль заалтыг үндэслэсэн талаар тодорхой дурдаагүй байна.

Иймд ажилтныг сахилгын зөрчил давтан гаргасан, эсхүл ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

 

9.   Хэрэгт авагдсан Санхүүгийн аудитын тайлан /1хх 238 - 2хх 11/, Үндэсний аудитын газрын Төлбөр барагдуулах тухай акт, Зөрчил арилгах тухай акт /2хх 12, 13, 14/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар ажилтан С.Э нь газрын дуудлага худалдааны дэнчингийн үлдэгдэл төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлээгүй, шилэн дансны мэдээллээс 2 мэдээлэл хугацаа хэтэрсэн, 3 мэдээлэл байршуулаагүй, баримтын бүрдэл дутуу баримтаар гүйлгээ хийсэн, худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд хуулийн дагуу гэрээ байгуулж ажиллаагүй, гэрээний заалтад төлбөрийн тооцоолол, мөнгөн дүн байхгүй, биет бус хөрөнгө програм хангамжид элэгдлийн зардал тооцож зардалд тусгаагүй, дотоод хяналтын мэргэжилтэн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт хийгээгүй зэрэг алдаа зөрчлүүдийг гаргасан болох тогтоогдож байна.

Дээрх алдаа зөрчлүүдийг гаргаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан журам зөрчиж гаргасан ажил олгогчийн шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Тайлбарлавал, өмнө дурьдсанчлан ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болоход чиглэгдсэн шийдвэртээ Хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл, заалтыг удирдлага болгоогүй, мөн ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг ямар үндэслэлээр дуусгавар болгож буй тухайгаа ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, мөн ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан болохыг ажил олгогч баримтаар нотлоогүй, мөн ажилтан хөдөлмөрийн гэрээний аль заалтад заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тодорхойгүй, энэ талаар шийдвэрт тодорхой тусгагдаагүй байгаа тохиолдолд аудитын дүгнэлтээр тогтоогдсон зөрчлүүдийг ажилтан гаргасан үндэслэлээр ажил олгогчийн шийдвэрийг шүүх зөвтгөх боломжгүй юм.

 

10.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байх боловч шүүх шийдвэрийн удиртгал хэсэгтээ хариуцагчийг ...түр орлон гүйцэтгэгч А.Э... гэж буруу тодорхойлсон, тогтоох хэсэгтээ хуулийн нэрийг ...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль... гэх зэргээр буруу томъёолсон зэрэг алдаатай байна.

 

11.   Дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн удиртгал, тогтоох хэсэгт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/02626 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт ...Хариуцагч: ЗҮЧБ, үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Э... гэснийг ...Хариуцагч: ЗҮЧБ... гэж, тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтын ...Монгол улсын... гэснийг тус тус хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 140,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.НЯМБАЗАР