Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0732/З |
Дугаар | 128/ШШ2018/0602 |
Огноо | 2018-09-28 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2018/0602
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр болон “М” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнд нөөц бүртгэж авсан тушаал, шийдвэрийг үндэслээд хүрэн нүүрсний орд дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах.
Нэхэмжлэгчийн эзэмшилд үлдэж байгаа хайгуулын талбайг цацраг идэвх бодисын биш, ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр бүртгэхийг мөн хариуцагчид даалгах.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК нь Цөмийн энергийн газрын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр С******* аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Хэрэмийн цагаан өндөр нэртэй газарт 74,427.98 гектар талбай бүхий цацраг идэвх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших болсон. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухай бүр төлж, мөн жил бүр хайгуулын ажлын зардал гаргаж хайгуул хийсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа болно. Цөмийн энергийн газар 2014 онд татан буугдсанаар цацраг идэвх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох, бүртгэх чиг үүрэг Ашигт малтмалын газарт шилжин ирж, улмаар Кадастрын бүртгэлийн системд XV-0******* дугаартай цацраг идэвх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болгон бүртгэсэн. “М” ХХК нь 2011 оноос эхлэн хайгуулын ажлыг явуулж жил бүр хайгуулын ажлын тайланг гаргахад тухай хайгуулын талбайгаас нүүрсний нөөц илэрч байсан.
Энэ талаар хайгуулын ажлын тайланд тусгаж байсан бөгөөд цөмийн энерги буюу цацраг идэвх бодисын төлөв илрээгүй болно. “М” ХХК нь 2011 оноос эхлэн нийт 8 жилийн хугацаанд хайгуулын ажилд 1,893,163,836.99 (нэг тэрбум найман зуун ерэн гурван сая нэг зуун жаран гурван мянга найман зуун гучин зургаан төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийн зардал гаргасан. Мөн тусгай зөвшөөрлийн төлбөрт нийт 587,898,796.25 (таван зуун наян долоон сая найман зуун ерэн найман мянга долоон зуун ерэн зургаан төгрөг хорин таван мөнгө) төгрөгийн төлбөр төлсөн. Хайгуулын ажлыг гүйцэтгэхдээ 300 гаруй хүнийг ажлын байраар хангаж, улсын төсөвт 700 000 000 (долоон зуун сая төгрөг) орчим төгрөгийн татвар, хураамж төлсөн. Манай компанийн хайгуулын талбайгаас анхнаасаа цацраг идэвхит бодисын нөөц илрээгүй бөгөөд энгийн ашигт малтмал болох хүрзн нүүрсний нөөц илэрч байсан тул энэ талаараа жил бүр хайгуулын ажлын төлөвлөгөө болон тайланд тусгаж, холбогдох төрийн байгууллагуудад танилцуулж, батлуулж ирсэн. Улмаар 2018.03.29-ний өдөр С******* аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн хүрэн нүүрсний ордод 2011-2017 онуудад хийсэн эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайланг төрийн эрх бүхий байгууллага болох Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулахад хүрэн нүүрсний ордын нөөцтэйг зөвшөөрч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ХХ-05-17 дугаар дүгнэлтээр манай хайгуулын ажпын үр дүнгээр илэрсэн хүрэн нүүрсний нөөцийг Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Уг шийдвэрээр хүрэн нүүрсний нөөцийг хүлээн авах, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмалын газрын даргад хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
Ашигт малтмал, газрын тосны газрын 2018.07.10-ны өдрийн 11/58 дугаар Нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай тушаалаар манай хүрэн нүүрсний ордын нөөцийг хүлээн авч, улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2018.07.20-ны өдрийн 1/5039 тоот албан бичгээр “хүрэн нүүрсний ордын нөөцийг улсын нэгдсэн санд бүртгэсэн, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь ураны хэтийн төлөвгүй” гэсэн хариуг манай компанид ирүүлсэн. Манай компани Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн дагуу хайгуулын ажлын үр дүнг үндэслэн хүрэн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулахаар 2018.06.27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өргөдөл гаргаж, холбогдох баримтуудыг хүргүүлсэн болно. Улмаар 2018.07.24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болон мөн газрын Кадастрын хэлтэст тус тус Хайгуулын болон Ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал шийдвэрлүүлэх тухай хүсэлт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрлийг гаргаж өгөөгүй байна. Ийнхүү манай тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2018.06.27-ны өдрөөс хойш ; өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна. Мөн тус компаниас 2017 оны 11 сарын 28-ны өдөр 17/29 тоот албан бичиг, 2018 оны 7 сарын 24-ний өдрүүдийн 18/39 тоот албан бичгээр цацраг идэвх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг өөрчилж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болгох хүсэлтээ удаа дараа тавьсан боловч одоог хүртэл ямар нэгэн байдлаар хариу ирүүлээгүй байна.
Манай “М” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг дээдлэн зохих зөвшөөрлийг авч, татвар, хураамжийг цаг хугацаанд нь төлж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ сайн биелүүлж ирсэн.” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-0******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргахыг, дээрх тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр бүртгэхийг тус тус Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. “М” ХХК-д С******* аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Хэрмийн цагаан өндөр нэртэй газрын 74427.98 гектар талбайд цацраг идэвх ашигт малтмалын Ц-003Х тоот тусгай зөвшөөрлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх олгосон байна. Цөмийн энергийн газрын Цацраг идэвх малтмалын хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр М ХХК- ийн Ц-003Х тусгай зөвшөөрлийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгаж шийдвэрлэсэн байна. Цөмийн энергийн газрын чиг үүрэг Ашигт малтмалын газарт шилжин ирснээр “М” ХХК-ийн Ц-003Х тоот тусгай зөвшөөрлийг С******* аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Хэрмийн цагаан өндөр нэртэй газрын 74427.98 гектар талбайд цацраг идэвх ашигт малтмалын Х\/-0******* тоот болгон тусгай зөвшөөрлийг бүртгэсэн байна.
Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ: Үүнд 15.2.1. цацраг идэвх ашигт малтмал эрэх, хайх; 15.2.2. цацраг идэвх ашигт малтмал ашиглах" гэсэн байна. Тэгвэл Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1 дэх хэсэгт “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвх болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна" гэж заасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтаар “цацраг идэвх болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, 1П 1П590 хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж тодорхой заасан байх тул Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон цацраг идэвх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй бөгөөд 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж нүүрсний ордын нөөцийг Улсын нэгдсэн санд бүртгэсэн хэдий ч цацраг идэвх ашигт малтмалын хайгуулын талбайд гаргасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйл /Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг/-ийн 28.4.1-т “хайгуулын талбайн хилийн дотор цацраг идэвх ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрэх, хайх" гэсэн зохицуулалт байсан боловч уг заалтыг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Тиймээс цацраг идэвх ашигт малтмал болон ердийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн зохицуулалт нь тусгайлан зохицуулсан хуулиудад тусдаа байх тул цацраг идэвх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ердийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл шууд олгох зохицуулалт үгүй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа“...М” ХХК-ийн эзэмшил С******* аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг, Хэрмийн цагаан нэртэй газарт хийсэн хайгуулын ажлын хийсэн хайгуулын үр дүнд, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, Ашигт малтмалын газрын хүрэн нүүрсний нөөц бүртгэж, улсын нөөцийн санд бүртгэсэн шийдвэр зэргийг үндэслэн “М” ХХК-д хүрэн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох захиргааны акт гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах. Мөн лиценз дээр байгаа цацраг идэвх, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...цацраг идвэхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг өөрчилж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болгох хүсэлтээ удаа дараа тавьсан боловч одоог хүртэл хариу өгөөгүй, манай компанид хүрэн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа ...” гэж тодорхойлон маргаж, хариуцагчаас “...Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж нүүрсний нөөцийг улсын нэгдсэн санд бүртгэсэн хэдий ч цацраг идэвх ашигт малтмалын хайгуулын талбайд гаргасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй..” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
“М” ХХК нь С******* аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших “Хэрэмийн цагаан өндөр” нэртэй 74,427.98 гектар талбай бүхий газарт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ц-0033Х тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Засгийн газрын тохируулагч агентлаг болох Цөмийн энергийн газрын татан буулгаж, Цөмийн энергийн газрын чиг үүрэг Ашигт малтмалын газарт шилжин ирснээр тус тусгай зөвшөөрлийг С******* аймгийн Э******* сумын нутаг Хэрмийн цагаан өндөр нэртэй газрын 74424.98 гектар талбайд цацраг идэвх ашигт малтмалын XV-0******* тоот болгон тусгай зөвшөөрлийг бүртгэсэн байна.
Нэхэмжлэгч “М” ХХК-иас ХV-******* дугаартай цацраг идэвх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг өөрчилж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр бүртгүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргасан байх боловч хариуцагч байгууллагаас тус хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөөгүй байна.
Дээрх хайгуулын талбайд 2011 оноос 2017 онуудад хийсэн эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлж тус зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ХХ-05-17 тоот дүгнэлтээр “С******* аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрших Эрээн толгойн хүрэн нүүрсний ордод 2011-2017 онуудад хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан дахь хүрэн нүүрсний ордын нөөцийг хүлээв авах”-аар шийдвэрлэжээ.
Тус дүгнэлтийн дараа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 11/58 дугаартай нөөцийг хүлээн авч, бүртгүүлэх тухай тушаалаар “М” ХХК-ийн хүрэн нүүрсний ордын нөөцийг хүлээн авч, улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн. Энэ тухайгаа 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “М” ХХК-д албан бичгээр мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгчээс 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 18/39 тоот албан бичгээр “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал шийдвэрлүүлэх тухай” албан бичгийг Ашигт малтмал газрын тосны газрын дарга болон Кадастрын хэлтэст хүргүүлсэн боловч хариуцагч байгууллагаас ямар нэг хариу өгөөгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх”, 21.3-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:” гэж тус тус заажээ.
Хариуцагчаас гаргасан тайлбартаа Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2- дахь хэсэгт “Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлнэ” 15.2.1-д “цацраг идэвх ашигт малтмал эрэх, хайх”, 15.2.2-д “цацраг идэвх ашигт малтмал ашиглах” Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвх болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”, гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчээс анх тухайн хайгуулын талбайд цацарга идэвх бодис хайж хайгуулын ажилд зардал гаргаж, улсад татвар төлж байсан боловч цацарга идэвх бодис илрээгүй бөгөөд энгийн ашигт малтмал болох хүрэн нүүрсний нөөц илэрч байсан тул энэ талаараа жил бүр хайгуулын ажлын төлөвлөгөө болон тайланд тусгаж, холбогдох төрийн байгууллагуудад танилцуулж, батлуулж ирсэн ба ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл биш юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзвэл Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Засгийн газрын тохируулагч агентлаг болох Цөмийн энергийн газрын татан буулгаж, Цөмийн энергийн газрын чиг үүрэг Ашигт малтмалын газарт шилжин ирсэн учир хариуцагч байгууллага эс үйлдэхүй гаргаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.3, 26 дугаар зүйлийн 26.3, ”27 дугаар зүйлийн 27.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр болон “М” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнд нөөц бүртгэж авсан тушаал, шийдвэрийг үндэслээд хүрэн нүүрсний орд дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, цацраг идэвх бодисын биш, ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр бүртгэхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН