Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2021/02728

 

                                                                                                          

 

 

 

 

 

 

 

                                      2021         12         09

            182/ШШ2021/02728

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “А ББСБ” ХХК

 

Хариуцагч: Л.Г

 

Хариуцагч: О.Ц

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 289,638,160 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Л.Г, гэрч Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Г нь 2012 онд анх “А ББСБ” ХХК-д хандаж 8 нэрийн дэлгүүр худалдан авах зорилгоор 83,000,000 төгрөгийн зээл хүссэн. 2012 оны 10 сарын 03-ны өдөр 106 дугаар зээлийн гэрээг Л.Г, Н.Лтэй сарын 2,4 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар байгуулж олгосон.

Л.Г, Н.Л нар нь дахин зээл хүссэний дагуу 2013 оны 12 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар, 2014 оны 05 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр 27,600,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар, 2014 оны 10 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр 26,600,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар тус тус зээлдсэн. Л.Г, Н.Л нар нь 2013 оны 12 сарын 06-ны өдрийн болон 2014 оны 05 сарын 21-ний өдрийн зээлүүдийг бүрэн төлж барагдуулсан.

2012 оны 10 сарын 03-ны өдөр 106 дугаар зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 сарын 03-ны өдөр дууссан ба зээлийн үлдэгдэл үндсэн зээл 64,974,120 төгрөг, хүү 50,000,000 төгрөг, алданги нийт 115,491,077 төгрөгийн өртэй байсан. Мөн 2014 оны 10 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний зээлийн үлдэгдэл нийт 41,530,960 төгрөг, үүний 26,600,000 төгрөг нь үндсэн зээл, 12,423,653 төгрөг нь хүү, 2,474,307 төгрөг нь алданги болно. Зээлдэгч нар нь дээрх 2 зээлийн төлбөрийн үүрэг 157,022,037 төгрөгийг Л.Г, О.Ц нартай 2017 оны 10 сарын 04-ний өдөр 157,000,000 төгрөгөөр 120 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож 33 дугаар зээлийн гэрээг шинээр байгуулсан ба өмнөх зээлийн гэрээнүүдийн үүргийг шинэ гэрээний үүргээр сольсон. Мөн өмнөх зээлийн гэрээнүүдийн барьцаа хөрөнгийн барьцааны эрхийг дуусгавар болгож 2017 оны 10 сарын 04-ний өдөр дахин барьцааны гэрээ байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-2201 дугаартай СХДхаягт байршилтай 76 м.кв талбайтай үйлчилгээний байр, Улсын бүртгэлийн Ү-2202 дугаарт бүртгэлтэй ЧДхаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй СХД байрлах 105 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан.

Хариуцагч нар нь 33 дугаар зээлийн гэрээний хавсралтад дурдсан зээл төлөх хуваарийн дагуу сар бүрийн 25-ны өдөр үндсэн зээл болон зээлийн хүүд 4,000,000 төгрөгийг манай компанид төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл хариуцагч нар нь эхний төлөлтөөс зөрчлүүд үүсч, зээлийн гэрээний эргэн төлөлтийг зээлдэгч нараас удаа дараа шаардахад, удахгүй төлөлт хийж зээл төлөх хуваарьт оруулна гэх боловч өнөөдрийг хүртэл зээл төлөх хуваарьт оруулаагүй, төлөлт хийж буй дүн нь бага учир зээл болон зээлийн хүүд хүрдэггүй.

2020 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн хүү 110,531,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,106,360 төгрөг, нийт 289,638,160 төгрөг байна. Иймээс хариуцагч нараас 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 33 дугаарт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 289,638,160 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү. Хариуцагч нь нэхэмжлэл гаргаснаас хойш 1,000,000 төгрөг төлсөн. Ер нь 2017 онд шинэ гэрээ байгуулснаас хойш 34,695,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн байдаг гэв.

 

 Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд анх 80,000,000 төгрөгийн зээл авсан байсан. Хэсэг хугацаанд ажиллаагүй, байрандаа гадна дотно тохижилт хийж эргэлтийн хөрөнгөө засварт оруулж 2 сар үйл ажиллагаа зогссон. Энэ үеэс эхлэн зээлээ төлж чадахгүй хуримтлал үүсч 157,000,000 төгрөг болсон. 2017 онд зээлийн гэрээ шинэчлэн хийж үйл ажиллагаагаа эрчимтэй явуулсан боловч орлого хангалттай олж чадалгүй хуримтлал үүсч 289,038,160 төгрөг болж шүүхэд дуудагдсан. Дунд нь үндсэн зээлийг бага зэрэг нэмэгдүүлж авч, түүнийгээ дор нь төлж байсан. 2017 оны гэрээнээс хойш олсон орлогоо бүгдийг нь өгч байсан. 2019 оноос зээлээ төлж дуусгах сүүлийн боломж болох ажлын байраа худалдахаар зар өгсөн ч ковид 19 цар тахлын цаг үеийн байдалтай холбоотойгоор удааширсаар байна. Урьд зээлийн үлдэгдлийг зөвшөөрч байгаа бөгөөд 157,000,000 төгрөгийг төлнө гэж үзэж байна. Нэхэмжлэгч энэ мөнгөөр зээлийн гэрээг дахин хийж, хүүгээс хүү тооцож байна. Иймд 289 сая төгрөг төлөх боломжгүй гэв.

 

Шүүх зээлийн гэрээнүүд, зээл эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл хаасан баримт, зээл олгосон баримт, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК хариуцагч Л.Г, О.Ц нарт холбогуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 157,000,000 төгрөг, зээлийн хүү 110,531,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,106,360 төгрөг, нийт 289,638,160 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Дээрх нэхэмжлэлийн зарим хэсгийг хариуцагч нар зөвшөөрөхгүй маргахдаа зээлийн үлдэгдэл дээр дахин зээлийн гэрээ хийж, хүүгээс хүү тооцож байх тул 289,000,000 төгрөг төлөх боломжгүй гэж тайлбарлан маргаж байна. 

 

Талууд 2012 оны 10 сарын 03-ны өдөр 83,000,000 төгрөг, 2013 оны 12 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөг, 2014 оны 05 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр 27,600,000 төгрөг, 2014 оны 10 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр 26,600,000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулсан талаар маргадаггүй.

 

2013 оны 12 сарын 06-ны өдрийн, 2014 оны 05 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний зээлийг зээлдэгч нь бүрэн төлж зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, бусад 2 гэрээний үүргийн төлөгдөөгүй үлдэгдэл 157,000,000 төгрөг байгаа талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргахгүй байна.

 

Дээрх 157,000,000 төгрөг нь 2012 оны 10 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл үндсэн зээл 64,974,120 төгрөг, хүү 50,000,000 төгрөг, 2014 оны 10 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл үндсэн зээл 26,600,000 төгрөг, хүү 12,423,653 төгрөг, үлдсэн хэсэг алдангиас тус тус бүрдэж байгааг нэхэмжлэгч тайлбарлаж, гэрээ, тооцооллуудыг шүүхэд ирүүлсэн байна.

           

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК хариуцагч Л.Г, О.Ц нарт дээрх 157,000,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээлдүүлсэн байдлаар 2017 оны 10 сарын 04-ний өдөр шинээр зээлийн гэрээ байгуулжээ. Гэвч уг зээлийн гэрээний үүрэг бодит байдал дээр хэрэгжээгүй, зээлдүүлэгч 157,000,000 төгрөгийг зээлдэгчид өгөөгүй, энэ нь урьд зээлийн төлбөрийн үлдэгдэл болохыг талуудын хэн аль нь тайлбарлаж байна. Иймд 157,000,000 төгрөгийг нэхэмжлэгч зээлдүүлсэн гэж үзэж түүнээс хүү тооцох үндэслэлгүй.

Харин дээрх тохиролцоогоор талууд урьд 2 гэрээг сунгаж, зээлийн хүүг үргэлжлүүлэн төлж явах талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

157,000,000 төгрөгөөс үндсэн зээл 91,574,120 /64,974,120+26,600,000/ төгрөг ба 1 сарын хүү 2,197,778 төгрөг болж, 2017 онд зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэлх 35 сарын хугацаагаар тооцоход хүү 76,922,260 төгрөг болж байгаа, 2017 оны зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 34,695,000 төгрөгийг хариуцагч Л.Г нар нэхэмжлэгчид төлснийг хариуцагч тайлбарласан тул хасаж тооцоход 42,227,260 төгрөг үлдэж байна. Үүн дээр урьд хугацааны үндсэн зээл 91,574,120 төгрөг, хүү 62,423,653 /50,000,000+12,423,653/ төгрөгийг тус тус нэмж, нийт 196,225,034 төгрөгийг хариуцагч нараар нэхэмжлэгчид төлүүлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн алданги гэж тооцож нэхэмжилсэн дүнг хангах үндэслэлгүй, банкны зээлийн харилцаанд алданги хэрэглэгдэхгүй. Иймд нэхэмжлэгчийн үлдсэн мөнгөн төлбөрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч Л.Г, О.Ц нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэв.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Улсын бүртгэлийн Ү-2201 дугаартай СХДхаягт байршилтай 76 м.кв талбайтай үйлчилгээний байр, Улсын бүртгэлийн Ү-2202 дугаарт бүртгэлтэй ЧДхаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй СХД байрлах 105 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан байх ба барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. Орон сууцны өмчлөгч нарт шүүх хариуцагч Л.Гаар дамжуулж, зээл, барьцааны гэрээний асуудал шийдвэрлэгдэж буйг мэдэгдсэн болно.

 

Нэхэмжлэгч хариуцагч нартай урьд зээлийн үлдэгдэл дээр 2017 оны 10 сарын 04-ний өдөр шинээр мөнгө зээлдүүлсэн мэт зээлийн гэрээ байгуулснаа Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсоноор үүргийг дуусгавар болгох гэдгийг үндэслэсэн, өөрөөр хэлбэл, өмнөх үүргийг төлөгдсөнд тооцож, төлөх байсан үнийн дүнгээр шинээр зээлийн гэрээ байгуулж нөхцөл тохиролцсон гэж тайлбарлаж байна. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан нөхцөл биш юм. Энэ зүйл хэсэгт дуусгавар болж буй, мөн шинээр гүйцэтгэхээр болж буй бие даасан, бодитой 2 үүрэг байхыг шаардаж байна. Гэтэл манай тохиолдолд 157,000,000 төгрөг төлөх гэсэн нэг үүрэг л яригдаж байна. Нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан харицагч нараас Л.Г, О.Ц нараас 196,225,034 төгрөгийг гаргуулж “А ББСБ” ХХК-д олгож, 93,413,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Л.Г, О.Ц нар нь зээлийн өрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан барьцааны хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2201 дугаартай СХДхаягт байршилтай 76 м.кв талбайтай үйлчилгээний байр, Улсын бүртгэлийн Ү-2202 дугаарт бүртгэлтэй ЧД хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй СХД байрлах 105 м.кв талбай бүхий газрыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,676,341 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас  1,139,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

                        ДАРГАЛАГЧ                                      С. БУД