Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00742

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00742

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/00360 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Г, О.Ц нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 289 638 160 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагч болон хариуцагч О.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: А ХХК нь Л.Г, О.Ц нартай 157 000 000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 33 дугаартай зээлийн гэрээг байгуулсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 157 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Улсын бүртгэлийн Ү-22хххххх дугаарын бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо,  м.кв талбайтай үйлчилгээний байр, Улсын бүртгэлийн Ү-22ххххх дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо,  м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн нэгж талбарын ....... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо,  газрыг тус тус барьцаалуулж, барьцааг бүртгүүлсэн. Хариуцагч нар нь 33 дугаар зээлийн гэрээний хавсралтад дурдсан зээл төлөх хуваарийн дагуу cap бүрийн 25-ны өдөр үндсэн зээл болон зээлийн хүүд 4 000 000 төгрөгийг манай компанид үүргийг хүлээсэн. Гэтэл хариуцагч нар зээл авсан хугацаанаас эхлэн зээлийн үүргээ зөрчиж эхэлсэн. Манай байгууллага хариуцагч нараас зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасны дагуу төлөхийг удаа дараа шаардахад Л.Г, О.Ц нар нь удахгүй төлөлт хийж зээл төлөх хуваарьт оруулна гэдэг боловч өнөөдрийг хүртэл зээл төлөх хуваарьт оруулаагүй, төлөлт хийж байгаа дүн нь бага учраас зээл болон зээлийн хүүд хүрдэггүй.

Иймд үндсэн зээл 157 000 000 төгрөг, зээлийн хүүд 110 531 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 106 360 төгрөг, нийт 289 638 160 төгрөгийг хариуцагч Л.Г, О.Ц нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: А ХХК-аас 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 83 000 000 төгрөгийн зээл авч харилцагч болсон. 2013 оны 12 дугаар сард 150 000 000 төгрөгийг нэмж авч хуваарын дагуу төлж байгаад 2014 оны 10 дугаар сард ажлын байрандаа гадна, дотно тохижилт хийхээр эргэлтийн хөрөнгөө завсарт оруулж 2 сар гаруй үйл ажиллагаа зогссон. Энэ үеэс зээл хүүгээ төлж чадалгүй хуримтлуулсан. Зээл авсан тухайдаа маргахгүй. Сүүлийн жилүүдэд болж байгаа хүнд нөхцлийг харгалзан үзэж зээлийн хүүг буруулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Г, О.Ц нараас үндсэн зээл 157 000 000 төгрөг, хүү 110 531 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 106 360 төгрөг, нийт 289 638 160 /хоёр зуун наян есөн сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун жаран/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Л.Г, О.Ц нарыг төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны Y-22ххххх улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо,76 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ........дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газар, ..... дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо,  м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч А ХХК-ийн 1 676 341 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Г, О.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 676 341 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ковид 19 цар тахал, давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор 2020 оны 3 сард зээлээ төлөх боломжгүй байгаа иргэдэд Засгийн газраас зээлээ хойшлуулах боломжийг олгосон, гэтэл уг шийдвэрийн хүрээнд нэхэмжлэгч нь хариуцагч надад зээлээ хойшлуулах боломжийг олгоогүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 157 000 000 төгрөгийг бид бодитойгоор зээлж аваагүй, анх 83 000 000 төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлсэн. Энэхүү зээлийн үндсэн зээл, хүү үргэлжилсээр 157 000 000 төгрөг болсон. А ХХК нь 83 000 000 төгрөгийн зээлийг 289 638 160 төгрөг болтол хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмж шүүхэд хандаж байгаа нь хариуцагч бидний хувьд илт хохироосон. Нэхэмжлэгч мөнгө зээлдүүлж байгаа бол зээлийн гэрээнд заасан зээлийн үнэ 157 000 000 төгрөгийг хариуцагч миний дансанд бодитой орсон байх, мөн үүнийг нэхэмжлэгч тал нотлосон баримт байдаггүй болно. Гэтэл анхан шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахгүйгээр зөвхөн зээлийн гэрээний хүрээнд шийдвэрлэсэн шударга бус байна гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Л.Г, О.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 289 638 160 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх 1-2, 62/

 

Хэрэгт талууд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 33 тоот гэрээгээр 157 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай зээлсэн байх бөгөөд хариуцагч тал 157 000 000 төгрөгийг бодитойгоор зээлж аваагүй, анх 83 000 000 төгрөгийн зээлийг 157 000 000 төгрөг болтол хүү,нэмэгдүүлсэн хүү нэмж бичиж гарын үсэг зуруулсан гэж маргажээ. /хх 62/

 

Дээрх зээлийн гэрээтэй хамт 33 тоот Барьцааны гэрээ нэртэй гэрээг байгуулсан. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22ххххххх дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо,  м.кв талбайтай үйлчилгээний байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-22хххх дугаартай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, м.кв талбайтай 2 өрөө орон сууц, нэгж талбарын ххххххх дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалуулсан байна. /хх 21-26/

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх бөгөөд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлаж нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийн 28 дугаар хуудсанд Б.А-с Л.Г 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгосон итгэмжлэлээр улсын бүртгэлийн Ү-22ххххххх дугаартай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо,  м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих эрх олгожээ.

 

Мөн улсын бүртгэлийн Ү-22хххх  дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр иргэн Н.Л, Б. А, Б.Г нар бүртүүлсэн байна. /хх 22/

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд дээрх гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхол хөндөгдөж болзошгүй байх бөгөөд талуудад энэ талаар эрх үүргийг ойлгуулж тайлбарласан гэх баримтгүй, мөн нэхэмжлэгч нь зарим барьцааны хөрөнгийн хувьд шүүхийн бус журмаар худалдан борлуулах хуульд заасан ажиллагааг эхлүүлээгүй шалтгаан тухайн асуудлаар талууд мэтгэлцсэн гэх баримтгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь зээлдэгч нарын зээл, хүү төлөх хуваарь, төлсөн мөнгөн хөрөнгө, түүнийг хэрхэн хуваарилан суутгаж авсан талаарх, одоо үлдээд буй зээлийн үүрэг ямар тооцоолол баримтын үндсэн дээр гарч ирж буйг харьцуулсан санхүүгийн баримт мэдээллийг гаргаагүй. Дээрх үйл баримт хэргийн талаар эрх зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой байжээ. /хх 19/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/00360 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 676 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД