Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2021/02870

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

                                     2021         12           21

            182/ШШ2021/02870

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Х.Ч

 

Хариуцагч: Б.Б

 

Хариуцагч: Ц.Б

 

Хариуцагч: Н.Б

 

  БЗДхаягт байрлах 28 м.кв талбай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Боос Ц.Б руу шилжүүлсэн хэлцэл, Ц.Бас Н.Б руу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Х.Чын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Н.Бд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, Ч.Г, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Ч нь 2013 онд Ц.Боос 75,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн барьцааныд өөрийн өмчлөлийн БЗДхаягт байрлах 28 м.кв талбай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Ингэхдээ 2013 оны 11 сарын 29-ний өдөр Б.Бтой барьцааны гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан боловч Б.Бын тавьсан шаардлагын дагуу “Орон сууц бэлэглэлийн гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр зөвхөн зээлийн гэрээний дагуу тус үл хөдлөх хөрөнгийг барьцаалж байсан, бэлэглэх зорилгогүй байсан. Бэлэглэлийн гэрээг байгуулах үед зээл төлөгдөж дуусангуут үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцааж Х.Ч миний нэр дээр шилжүүлнэ гэж тохиролцсон боловч үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж авсан зээлийн гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэчихсэн байхад өдийг хүртэл Б.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байсаар сураггүй алга болсон.

БЗДхаягт байрлах 28 м.кв талбай 2 өрөө орон сууц нь 2001 оноос нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдэж, тэр цагаас өнөөдрийг хүртэл дүү Д.Эн эзэмшилд байгаа. Өмчлөгч болон эзэмшигчийн эрх ашиг зөрчигдөж, орон сууцны өмчлөх эрх хууль бусаар бусдад шилжсэн болохыг 2020 оны 08 сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “байрыг албадан чөлөөлүүлэх тухай” мэдэгдэл ирэхэд мэдсэн. Иймээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Б.Бтой байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус шүүхийн 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 182/ШШ2021/00639 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Х.Ч, Б.Б нарын хооронд 2013 оны 11 сарын 29-ний өдөр байгуулагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд бодит байдал дээр хэрэгжээгүй, Б.Бын эзэмшил, ашиглалтанд шилжээгүй, Б.Б болон Ц.Б, Н.Б нар нэг ч удаа уг байранд орж үзээгүй, бодитоор худалдан аваагүй хэрнээ өмчлөх эрхийг дамжуулан шилжүүлсэн мэт хуурамчаар бичиг баримт үйлдэж, шүүхэд худал мэдүүлэг, тайлбар өгч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01988 дугаар шийдвэрийг гаргуулж, уг шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа явагдаж, байрыг чөлөөлсөн.

Б.Боос Ц.Б руу, Ц.Бас Н.Бруу шилжүүлсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцлүүд тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус юм.  Иймд БЗДхаягт байрлах 28 м.кв талбай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Боос Ц.Б руу шилжүүлсэн хэлцэл, Ц.Бас Н.Б руу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Х.Чын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Н.Бд даалгаж өгнө үү гэв.

 Хариуцагч Б.Б болон түүний өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Чын гаргасан нэхэмжлэл нь хуулийн болон бодит үндэслэлгүй байх тул миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тэр 200 сая төгрөг зээлдэн, автомашины гараж, байр өгч бэлэглэл хийсэн. 75 сая төгрөг төлсөн. Мөнгөө төлөхгүй бол байрыг чинь зарна, үрнэ гэж олон удаа байранд нь очиж байсан. Очиход Энхчимэг гэсэн хүн, 20 хэдтэй залуу, хүүхэдтэй эмэгтэй байдаг байсан. Ч өөрөө утсаа авахгүй, алга болсн. Гурвалжингийн гүүрний тэнд ажил нь байсан, очиход цоожтой, байдаггүй. Арга ядаж байрыг 50 сая төгрөгөөр зарж байсан. Ер нь бол зээл төлж дуусаагүй, байрыг буцаан шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Б болон түүний өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 05 сарын 08-ны өдөр 25,000,000 төгрөгийг Ц.Бд зээлдүүлсэн. 2020 оны 03 сараас хойш Ц.Б зээлээ төлөхгүй больж зээлийн өр хүү 8,750,000 төгрөг, үлдсэн зээлтэй нийлээд 33,750,000 төгрөг болсон байсан. Ингээд бид тохиролцож БЗДхаягт байрлах 28 м.кв талбай 2 өрөө орон сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдлийг хасаж 11,250,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг Ц.Баттулгын дансанд шилжүүлж, үлдэгдэл 8,750,000 төгрөгийг бэлнээр өгч худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.

Ц.Б намайг байраа 3 сар түрээслээч, байрыг энэ хугацаанд суллаж өгнө гэж санал тавьснаар орон сууц хөлслөх гэрээ 3 сарын хугацаатай байгуулж байсан. Гэтэл орон сууцыг суллаж өгөхгүй байсан тул 5 сарын үед очиход н.Э гэж хүн байсан. Ингээд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж тус шүүхээс 2020 оны 05 сарын 29-ны өдөр 101/ШШ2020/01988 дугаар орон сууцыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гарсан. 2020 оны 06 сарын 12-ны өдөр орон сууцыг албадан чөлөөлүүлэх арга хэмжээ авч, 07 сард орон сууцаа чөлөөлж авсан. Миний хувьд орон сууцыг шударгаар олж авсан. Худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн хувийг гардан авч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч оролцоогүй болно.

Шүүх нэхэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Орон сууц бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, худалдах худалдан авах гэрээ, 101/ШШ2020/01988 дугаар шүүхийн шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааны хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад        

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б, Ц.Б, Н.Б нарт холбогдуулан БЗДхаягт байрлах 28 м.кв талбай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Боос Ц.Б руу шилжүүлсэн  болон Ц.Бас Н.Б руу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Х.Чын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Н.Бд даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсгээр буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэснийг үндэслэж байна.

 

Хариуцагч нар нь  гэрээнүүд хүчин төгөлдөр, гэрээ хүчин төгөлдөр бус байх хууль зүйн үндэслэл байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Иргэн Б.Б нь БЗДхаягт байрлах 28 м.кв талбай 2 өрөө орон сууцыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ц.Бд 50,000,000 төгрөгөөр худалдаж өмчлөх эрхийг шилжүүлсэн, Ц.Б нь дээрх орон сууцыг 2020 оны 03 сарын 09-ний өдөр иргэн Н.Бд зээлийн өрөнд 45,000,000 төгрөгт бодон өгч, зөрүү мөнгийг авч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн нь тус тус тогтоогдож байна.

Хариуцагч Б.Б анх нэхэмжлэгчид 200 сая төгрөг зээлдүүлж автомашины гараж, орон сууцын өмчлөлийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан, мөнгөө төлөхийг удаа дараа анхааруулаад байхад төлөхгүй байсан тул орон сууцыг худалдахаас өөр арга байгаагүй, одоо ч зээлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй гэж тайлбарладаг ба орон сууц дамжин худалдагдаж өмчлөгч болсон Ц.Б, Н.Б нар дээрх байдлыг мэдсээр байж орон сууцыг худалдан авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Х.Чын Б.Бтой байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 182/ШШ2021/00639 дүгээр шийдвэрээр хангаж шийдвэрлэжээ. Мөн Н.Бгийн нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 29-ны өдрийн 101/ШШ2020/01988 дугаар шийдвэрээр дээрх орон сууцыг албадан чөлөөлөхөөр  шийдвэрлэсэн шийдвэр байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2021 оны 7 дугаар сард орон сууцыг Н.Б шилжүүлж авсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсгээр үндэслэдэг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заахдаа “56.1-т дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” нь хүчин төгөлдөр бус байна гэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөл нь хоорондоо холбоо бүхий, нэг нь нөгөөгөөсөө хамааралтайгаар үүрэг үүсгэж байдаг гэрээнүүдийн хувьд хэрэглэгддэг нөхцөл /жишээ нь зээл, барьцааны гэрээ г м/ юм.

 

Гэтэл Б.Б, Ц.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ц.Б, Н.Б нарын хооронд байгуулагдсан 2020 оны 03 сарын 09-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээнүүд нь Х.Ч Б.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээнээс хамааралтайгаар үүрэг үүсгэж буй шинжгүй, бие даасан гэрээнүүд байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан нөхцөл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй байна.

 

Иймд орон сууцны өмчлөх эрхийг Б.Боос Ц.Б руу шилжүүлсэн, мөн Ц.Бас Н.Б руу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хэсэг хангагдахгүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Х.Чын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Н.Бд даалгах шаардлагын тухайд, хариуцагч Н.Б нь орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан байдал тогтоогдохгүй, түүнчлэн гэрээ хүчин төгөлдөр байх тул орон сууцыг түүнээс буцаан гаргуулах боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                               

 ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5-ыг баримтлан Х.Чын Б.Б, Ц.Б, Н.Б нарт холбогдуулан гаргасан БЗДхаягт байрлах 28 м.кв талбай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Боос Ц.Б руу шилжүүлсэн, Ц.Бас Н.Б руу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Х.Чын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Н.Бд даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Нэхэмжлэгч Х.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                   С.БУД