Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00643

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00641

 

                

Х.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2021/02870 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.Чын хариуцагч Б.Б, Ц.Б, Н.Б нарт холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөх эрхийг Б.Боос Ц.Б руу шилжүүлсэн хэлцэл, Ц.Бас Н.Б руу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Х.Чын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Н.Бд даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Ч.Ганзориг, хариуцагч Н.Бгийн өмгөөлөгч Н.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Чын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Х.Ч нь 2013 онд Ц.Батболдоос 75,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 11 дүгээр байр, 3 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Ингэхдээ 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.Бтой барьцааны гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан боловч түүний тавьсан шаардлагын дагуу орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр зөвхөн зээлийн гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бөгөөд бэлэглэх зорилгогүй байсан. Бэлэглэлийн гэрээг байгуулах үед зээл төлөгдөж дуусангуут үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Х.Чын нэр дээр буцааж шилжүүлнэ гэж тохиролцсон боловч зээлийн гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэчихсэн байхад өдийг хүртэл Б.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байсаар сураггүй алга болсон. Иймээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Б.Бтой байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2021/00639 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон. Х.Ч, Б.Б нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд бодит байдал дээр хэрэгжээгүй, Б.Бын эзэмшил, ашиглалтад шилжээгүй, Б.Б, Ц.Б, Н.Б нар нэг ч удаа уг байранд орж үзээгүй, бодитоор худалдан аваагүй хэрнээ өмчлөх эрхийг дамжуулан шилжүүлсэн мэт хуурамчаар бичиг баримт үйлдэж, шүүхэд худал мэдүүлэг, тайлбар өгч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01988 дугаар шийдвэрийг гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байрыг чөлөөлсөн. Б.Боос Ц.Б руу, Ц.Бас Н.Б руу шилжүүлсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцлүүд тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус юм. Иймд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 11 дүгээр байр, 3 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Боос Ц.Б руу шилжүүлсэн хэлцэл, Ц.Бас Н.Б руу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Х.Чын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Н.Бд даалгаж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч Б.Бын татгалзал, тайлбарын агуулга: Х.Чын гаргасан нэхэмжлэл нь хуулийн болон бодит үндэслэлгүй байх тул миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тэр 200,000,000 төгрөг зээлэн автомашины гараж, байр өгч бэлэглэлийн гэрээ хийсэн. 75,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгөө төлөөгүй тул арга ядаж байрыг 50,000,000 төгрөгөөр зарсан. Ер нь бол зээл төлж дуусаагүй, байрыг буцаан шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Н.Бгийн татгалзал, тайлбарын агуулга: 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 25,000,000 төгрөгийг Ц.Бд зээлдүүлсэн. 2020 оны 03 дугаар сараас хойш Ц.Б зээлээ төлөхгүй болж зээлийн хүү 8,750,000 төгрөг, үндсэн зээлтэй нийлээд 33,750,000 төгрөг болсон. Ингээд бид тохиролцож Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 11 дүгээр байр, 3 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож, зээлийн үлдэгдэл төлбөрийг хасаж, 11,250,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг Ц.Баттулгын дансанд шилжүүлж, үлдэгдэл 8,750,000 төгрөгийг бэлнээр өгч худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн. Ц.Б намайг байраа 3 сар түрээслээч, байрыг энэ хугацаанд суллаж өгнө гэж санал тавьснаар орон сууц хөлслөх гэрээ 3 сарын хугацаатай байгуулсан. Гэтэл орон сууцыг суллаж өгөхгүй байсан тул 5 дугаар сарын үед очиход Энхчимэг гэж хүн байсан. Ингээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01988 дугаар шийдвэрээр орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр орон сууцыг албадан чөлөөлүүлэх арга хэмжээ авч 07 дугаар сард орон сууцаа чөлөөлж авсан. Миний хувьд орон сууцыг шударгаар олж авсан. Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хариуцагч Ц.Б шүүхэд тайлбар ирүүлээгүй болно.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Чын Б.Б, Ц.Б, Н.Б нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 11 дүгээр байр, 3 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Боос Ц.Б руу шилжүүлсэн, Ц.Бас Н.Б руу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Х.Чын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Н.Бд даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

            6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

6а. Хариуцагч Ц.Б шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш нэг ч тайлбар өгөөгүй учраас хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцох ёстой. Нэг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байхад татгаллзсан мэтээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. 

            6.б. Х.Чын Б.Бтой 2013 онд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд энэ хэлцэл хүчин төгөлдөр бус учир үр дагавар үүсгэхгүй тул Б.Боос Ц.Бд, Ц.Бас Б.Баяраад шилжсэн үндэслэл үгүйсгэгдэнэ.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч Б.Бын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Ц.Б нь шүүх хуралдаанд ирээгүй нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болох буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй гэж тайлбарласан байна. Хариуцагч нь ганцхан Ц.Б биш Б.Б, Н.Б гээд 3 хүнд холбогдуулж гаргасан нэхэмжлэл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалт нь “хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд анхан шатны шүүх энэ заалтын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдол гаргасан байна. Уг орон сууцыг Х.Чоос Б.Б бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд Б.Боос Ц.Бд худалдаж, Ц.Бас Н.Бд худалдсан үйл баримт хэрэгт авагдсан. Х.Чоос Б.Бод шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон. Дараа дараагийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус болох ёстой гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг дурдаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг авч үзвэл дараа дараагийн байгуулсан хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус болохгүй гэдгийг тодорхой тайлбарласан. Иймд анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

 

8. Хариуцагч Н.Бгийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Н.Бгийн хувьд тус маргаан бүхий орон сууцыг иргэн Ц.Бас худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан. Ийнхүү шилжүүлэн авахдаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухайн байранд холбогдох бүх лавлагааг харж байгаад тухайн орон сууцыг шилжүүлэн авсан. Тэгэхээр энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан гэж үзэж байна. Тухайн үед Х.Ч болон Б.Б нарын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус болсон талаар шүүхийн маргаантай холбоотой ямар ч нөхцөл байдал байгаагүй. Н.Бгийн хувьд орон сууцаа авснаас хойш Ц.Бд тус орон сууцыг хөлслөх гэрээний дагуу оршин суулгаж байгаад сүүлдээ хөлсөөр байлгахгүй төлбөр тооцоогоо хийхгүй юм байна гээд албадан чөлөөлүүлээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг суллаж авсан. Тус үйл баримт нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэгчийн гол ярьж байгаа зүйл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус байх ёстой гэж тайлбарлаж байна. Тэгэхээр Х.Ч болон Б.Б нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсноор Ц.Б болон Н.Б нарын хооронд байгуулсан хэлцлийн эрх зүйн үндэс нь үгүйсгэгдэх нөхцөл байдал байхгүй юм. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х.Ч нь Б.Б, Ц.Б, Н.Б нарт холбогдуулан Б.Б, Ц.Б нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, Ц.Б, Н.Б нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус тус байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч Н.Бд даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б.Б нэхэмжлэгч 200,000,000 төгрөг зээлэн автомашины гараж, байр өгч бэлэглэлийн гэрээ хийсэн, зээлсэн мөнгөө төлөөгүй тул байрыг буцаан шаардах эрхгүй гэж, хариуцагч Н.Б хариуцагч Ц.Б зээлсэн мөнгөө төлөөгүй тул байрыг түүнээс худалдан авсан гэж маргасан ба хариуцагч Ц.Б шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Х.Ч, Б.Б нар нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр бэлэглэгч Х.Ч өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 11 дүгээр байрны 3 тоот 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Б.Бод бэлэглэсэн, Б.Б, Ц.Б нар нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр худалдагч Б.Б дээрх орон сууцыг худалдан авагч Ц.Бд 50,000,000 төгрөгөөр худалдсан, Ц.Б, Н.Б нар нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр худалдагч Ц.Б дээрх орон сууцыг худалдан авагч Н.Бд 45,000,000 төгрөгөөр худалджээ.

5. Нэхэмжлэгч Х.Ч хариуцагч Б.Бод холбогдуулж орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг болон орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2021/00639 дүгээр шийдвэрээр орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг болон орон сууцны өмчлөгчөөр Х.Чыг тогтоожээ.

6. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасныг нэхэмжлэгч үндэслэлээ болгон заажээ.

7. Б.Б, Ц.Б нар гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Б, Ц.Б, Н.Б нар гэрээ байгуулах үед өмчлөгчөөр Ц.Б тус тус улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байсан ба Х.Ч, Б.Баттулга нарын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус үндэслэлээр дараа дараагийн өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь заалтыг зөрчөөгүй байна.   

8. Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зохицуулжээ.

9. Иймд Б.Б, Ц.Б нарын хооронд болон Ц.Б, Н.Б нарын хооронд хийгдсэн хэлцлүүд нь Х.Ч, Б.Б нарын хооронд хийгдсэн хэлцлээс хамааралтайгаар үүрэг үүсгэж буй шинжгүй, бие даасан хэлцэл гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн.  

10. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2021/02870 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х.Чоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 523,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                            Д.НЯМБАЗАР

  

                                                                           Д.БЯМБАСҮРЭН