Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/02585

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ю” ХХК/РД: /-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 411 157 173 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч И Ён Сүг/Lee Young Sook/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мандах, орчуулагч Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч И Ён Сүг/Lee Young Sook/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Үридековил” ХХК/РД:5157412/ нь компанийнхаа нэрийг “Б” ХХК болгон өөрчилж ОӨУБГазраас 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шинэ гэрчилгээ гаргуулан авсан билээ.

Компанийн нэр солигдохоос өмнө “Үридековил” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай “Ю” ХХК-ийн Улаанбаатар хот СБД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан цогцолбор барилгын дотор засал чимэглэлийн ажлыг НӨАТ орсон дүнтэйгээр 462 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 2014 оны 2-6 дугаар саруудад үндсэн гэрээнд заасан ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд нэмэлтээр 44 452 748 төгрөгийн /НӨАТ 4.445 000 төгрөг/ ажил хийсэн, мөн “Ю” ХХК-ийн зүгээс дахин нэмэлтээр ажил хийж өгөөч гэсний дагуу бид 80 217 425 төгрөгийн ажлуудыг нэмж хийж гүйцэтгэсэн ба үүн дээр НӨАТ-ын дүн 8 021 742 төгрөг нэмэгдэж нийт 88 239 167 төгрөг авахаар болсон. Ингээд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Ажил гүйцэтгэлийн акт” үйлдэж дээрх ажлуудыг дууссан болохыг баталгаажуулсан юм.

“Ю” ХХК-ийн захирал Ким Бён Жү нь Солонгос улсаас ирүүлсэн тодорхойлолтодоо ‘Үридековил” ХХК-ийн захирал Ли Ён Сүүк-тэй барилгын гэрээ байгуулсан талаараа дурдаж нотариат болон элчин сайдын яамаар дамжуулан баримтаа ирүүлсэн байна. Өмнө тус шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлийг маргаантай асуудал нь ЦБ-д эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцааж байсан ба Прокурорын байгууллагаас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно.

“Ю” ХХК-ийн зүгээс гэрээт ажлын хугацаанд 191 750 000 төгрөгийн төлбөрийг дансаар болон бэлнээр хийсэн ба одоо үлдэгдэл /НӨАТ орсон дүнтэй/ 411 452 748 төгрөгийн төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна.

Манай компанийн зүгээс “Ю” ХХК-д үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа амаар болон бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлүүлэх замаар нэн даруй төлбөрийг барагдуулна гэж хэлсээр төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүртэл хохироосоор байна.

Иймд “Ю” ХХК-иас гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 411,157,173 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч тал болон хариуцагч талын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэдэг нь нотлогдож байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан учраас гүйцэтгэгч тал ямар хэмжээний ажил хийж байгаа, захиалагч тал ажлын гүйцэтгэлийг хүлээж аваад ямар хэмжээний төлбөр төлөх ёстой талаар яригдана гэж ойлгож байна. Хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн актаар Ю ХХК нэхэмжлэгч байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан гэж ойлгож байна. Ажлыг хүлээж авсан бол уг ажилд тохирсон ажлын хөлсийг төлөх үүрэгтэй буюу хуульд заасны дагуу шаардах эрх үүссэн гэж үзэж байна. 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн акт үйлдэгдэж, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улсын комисс хүлээж авч байнгын ашиглалтад орсон. 2015 оноос хойш Ариунгартаам гэх компанитай Ю ХХК тохиролцож ажил хийлгэсэн үйл баримт нь одоогийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэж байна. Ю ХХК нь Үридековил ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тодорхой хэмжээний ажлыг гүйцэтгүүлээд явж байсан. Ажил гүйцэтгэх явцад санхүүжилт байхгүй болчихлоо гэдэг асуудал гарсан. Нийт 13 иргэнээс мөнгө зээлж санхүүжилт босгоод 12 давхар барилгын ажлыг хийж гүйцэтгэж ашиглалтад оруулсан. Дээрх 13 иргэний дунд нэхэмжлэгч компанийн захирал И Ёон Сүг байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан аудитын дүгнэлтээр нотлогдож байгаа. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн өмгөөлөгч Б.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хоорондох эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн маргаан гэж үзэж байна. Энэ хэрэгт 11 ажил гүйцэтгэх гэрээ байгаа, гэтэл хариуцагч тал ганцхан Ариунгартаам ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээг ярьж байна. Төлбөр төлсөн баримтын ард талд нэмэгдсэн өртгийн албан татварын падан гэж байгаа. Уг баримт дээр Ю ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 462 сая төгрөгийн нөат 42,000,000 төгрөгийг хүлээж авлаа гээд 2 талын нягтлан бодогч нар гарын үсэг зурсан. Мөн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэлийн актыг хариуцагч тал үгүйсгэнэ гэдэг худал зүйл юм. Үгүйсгэх гэж оролдлоо гэхэд бусад бүх нотлох баримтууд хоорондоо уялдаатай шүү дээ.

Гарын үсэг хуурамчаар үйлдсэн эсэх нь И Ёон Сүг гэх хүнтэй огт хамааралгүй. Шинжээчийн дүгнэлтэд Нийгмийн даатгал, Ю ХХК-ийн болон бусад 3 албан тоотын гарын үсэгтэй харьцуулсан харьцуулалтаар Ким Бён Жү гэх хүний гарын үсэг биш гэж тогтоосон болохоос биш И Ёон Сүг гэх хүн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн мэт худал ярьж болохгүй. Хуульчид аливаа зүйлийг үнэн зөв тайлбарлах үүрэгтэй шүү дээ. Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан баримтын эх хувь нь олдохгүй байгаа тул бусад эх сурвалжаар нотлох эрх нь бидэнд байгаа. Нэхэмжлэгч талын зүгээс барилгын схем зураг, барилгын фото зураг, цалин өгч байсан баримт, хоорондын тооцоо хийсэн баримт, гэрээ зэрэг бусад бүх эх сурвалж баримтуудаа гаргаж өгсөн. Барилгын ажлыг гүйцэтгэж дуусаагүй байх юм бол дуусгасны дараа л тайлан балансдаа тусгадаг. Санхүүгийн тайлан баланс дээр тусгаагүй нь гэрээний дагуу нэхэмжлэх эрхээ алдаж байна гэсэн үг биш юм.

Хүний ажил хийгээгүй мөртлөө мөнгө авна гэвэл энэ нь ямар нотлох баримтуудаар тогтоогдохгүй. Харин хүнд ажил хийж өгчихөөд өөрөө санхүүжилтээ хийгээд авах болохоор гэрээ хүчин төгөлдөр бус гэдэг зүйлээр бүхэлд нь үгүйсгэх боломжгүй. Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Тухайн компанид ажиллаж үзээгүй байж бусад компаний талаар ёс зүйгүй зүйл хэлж болохгүй. Хэрэв Ариунгартаам ХХК ажил гүйцэтгэсэн бол Ю ХХК-тай шууд гэрээ байгуулах ёстой. Хавтаст хэрэгт авагдсан гэрээ бол туслан гүйцэтгэгчийн гэрээ юм. Туслан гүйцэтгэгч ерөнхий гүйцэтгэгчийнхээ өмнө хариуцлага хүлээдэг. Барилгын чанарын асуудлыг туслан гүйцэтгэгч компанитай ярих боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Ю” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ю” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас доорх үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн огноотой “Ажил гүйцэтгэх гэрээ”-г үндэслэн 411.157.173 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн огноотой “Ажил гүйцэтгэх гэрээ”-г “Б” ХХК болон “Ю” ХХК-уудын хооронд байгуулагдаагүй бөгөөд энэхүү гэрээний эхний нүүрний зүүн дээд хэсэгт хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ким Бён Жү-гийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг “Б” ХХК-ийн захирал БНСУ-ын иргэн И Ён Сүг, БНСУ-ын иргэн Ким Жу Сон нар бүлэглэн үйлдсэн байж болзошгүй гэж үзэж хариуцагч компаниас хууль хяналтын байгууллагад хандсан.

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 201625022898 дугаартай эрүүгийн үүсгэн шалгасан бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 228 дугаартай Прокурорын тогтоолоор 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Ю” ХХК, “Үридековил” ХХК-ийн хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдсэн гэх хэрэг нь Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боловч уг хэрэгт Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татаж болохгүй “хөнгөн гэмт хэргийн 6 сарын хугацаа” өнгөрсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Дээрх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн огноотой “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ким Бён Жү-гийн гарын үсгийг дуурайлган зурсан нь энгийн байдлаар илэрхий харагдаж байгаа ба гэрээнд гарын гарын үсэг зурсан гэх Ким Жу Сон нь “Ю” ХХК-д инженерээр ажиллаж байгаагүй атлаа гэрээний 4 дүгээр хуудсанд инженер Ким Жу Сон гэж гарын үсэг зурсан байгаа зэргээс харахад нэр бүхий этгээдүүд болох И Ён Сүг, Ким Жу Сон нар нь хариуцагчаас мөнгө нэхэх зорилгоор гэрээ, баримт бичгийг хуурамчаар үйлдэж шүүхэд хандсан гэж үзэж байгаа төдийгүй Монгол хэл мэдэхгүй гадаадын иргэд мөртлөө Монгол хэл дээр үнийн дүн тавиагүй гэрээ хийж бусдаас мөнгө нэхэж байгаа нь онцгой анхаарал татахын сацуу Ким Жу Сон нь 2014 оны 11 дүгээр сард 7 хоног “Ю” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр гүйцэтгэж байхдаа компанийн тамгыг ашиглаж гэрээнд дарсан гэж үзэж байгаа.

“Ю” ХХК нь өөрийн “Жи цамхаг” барилгын дотор засал чимэглэлийн ажлыг “Б” ХХК-аар огт гүйцэтгүүлээгүй ба харин “Үридековил” ХХК /хуучин нэрээр/-ийн захирал И Ён Сүг-ийн танилцуулснаар /хөлс тохиролцоогүй/ зарим аж ахуйн нэгж, иргэдээр дотоод засал чимэглэлийн хэсэг ажлуудын хийлгэж байсан ба тус объектын дотор засал чимэглэлийн ажлыг “Ариун гартаам” ХХК-ийн захирал А.Цогтбаяр хийж гүйцэтгэсэн гэдгийг хэлэхийг хүсэж байна.

“Үридековил” ХХК /хуучин нэрээр/ нь барилгын дотор засал чимэглэл хийх ямар ч хүн хүч, техник тоног төхөөрөмжгүй, тодорхой мэргэжлийн ажилтангүй мөртлөө гэрээний дагуу манай компанийн дотор засал чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж байгаа нь үндэслэлгүй ба БНСУ-ын иргэн И Ён Сүг нь манай компанид зуучилсан хүмүүсийнхээ зарим мөнгийг өөрийн компанийн дансаар гаргуулан авч байсан ба “Ю” ХХК-иас А.Цогтбаярын мөнгийг төлж байсан үйл байдал байгаа болно.

Нэхэмжлэгч нь хууль бусаар ашиг олох зорилгоор манай барилгын дотор засал чимэглэлийн ажлыг бүрэн хийж дуусгасан мэтээр ярьж, ашиглалтад орсноос хойш удаан хугацааны хойно гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд “Ю” ХХК-иас дотор засал чимэглэлийн ажлын ихэнхийг хийсэн “Ариун гартаам” ХХК-ийн захирал А.Цогтбаяртай холбогдох тооцоог бүрэн хийж төлж барагдуулсан бөгөөд “Үридековил” ХХК-ийн захирал И Ён Сүг нь зуучлалын нэрээр тухайн ажлын нэгж үнэлгээг өсгөж дундаас нь ашиг авах байдлаар хийсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Иймд маргаан бүхий “Ажил гүйцэтгэх гэрээ”-тэй холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосон, шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/Ш32017/00354 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Гүнбилэгтийн 523 дугаартай дүгнэлтээр гэрээнд гарын үсэг зурсан гэх Ким Бён Жүгийн гарын үсэг хуурамч болох нь тогтоосон, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 228 дугаартай Прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон, эрүүгийн хэргийн оролцогчдоос уг тогтоолд гомдол гаргаагүй ба эрүүгийн журмаар шалган шийдвэрлэсэн атал уг асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Талуудын хооронд байгуулсан гэх гэрээг харахад Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна, гэхдээ тус гэрээ нь бодитой байгуулагдсан эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Нэхэмжлэгч тал үр дагавраа шаардахын тулд эх сурвалж нь тодорхой байх ёстой. Шүүх талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоох ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Ажил гүйцэтгэх гэрээнд Ю ХХК-ийн хүсэл эрмэлзэл байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Прокурорын 228 дугаар тогтоолд ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар үйлдсэн гэх хэрэг Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж дүгнэсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоолыг гаргах үндэслэл болсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гарын үсэгтэй холбоотой асуудлыг тодорхойлж өгсөн. Иймээс ажил гүйцэтгэх гэрээ нь хуульд заасан үр дагаврыг үүсгэх боломжгүй гэж үзэж байна.” гэв.

 

Хариуцагч “Ю” ХХК-ийн өмгөөлөгч Н.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн бичгээр үйлдсэн гэх ажил гүйцэтгэх гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдгээ маш тодорхой хэлсэн. Энэ шаардлагын хүрээнд хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байдлаар мэтгэлцэж оролцож байгаа. Үридековил ХХК-ийн 2014 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан хэрэгт авагдсан. Уг тайлангаас харахад нийт борлуулалтын орлого, эцсийн үлдэгдэл нь маргаан бүхий гэрээнд заагдсан дүнгийн хэмжээнд ойролцоо очих дүн нэг ч байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага маргаан бүхий гэрээтэй холбоотой юм бол талуудын хооронд уг гэрээтэй хамааралтайгаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн эсэхэд шүүх дүгнэлт хийх байх. Шинжээчийн дүгнэлтээр 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд зурагдсан гарын үсэг нь хариуцагч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ким Бён Жүгийн гарын үсэг биш байна гэж тогтоож өгсөн. Иймээс талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэв бусад байгуулагдсан гэрээ байгаа бол мөн гэрээгүйгээр өөр ажил хийгдсэн бол үүнтэй холбоотой холбогдох нотлох баримтаа бүрдүүлээд шүүхэд хандах эрх нь нээлттэй. Мөн илүү болон дутуу мөнгө авсан бол шүүхэд хандах эрх нь нээлттэй. Маргаан бүхий гэрээгээр нэхэмжлэл гаргаад байгаа учраас манай байгууллага хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Талуудын хооронд энэ гэрээгээр бус ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзвэл шүүх хэдий хэмжээний ажил хийсэн, ямар хэмжээний үнэ хөлстэй гэдгийг нь тогтоох боломжгүй байгаа юм. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэр гаргах эрх байхгүй.

Хавтаст хэрэгт БНСУ-ын иргэн И Ёон Сүг гарын үсэг зурсан санхүүгийн шар өнгөтэй баримтууд авагдсан байгаа. Гэтэл БНСУ-ын иргэний хувийн тамга дарагдсан баримтуудыг орчуулж өгсөн байгаа юм. Монгол Улсад бүртгэлтэй 2 хуулийн этгээдийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, татгалзал явагдаад байна гэж бодож байна. Солонгос хэл дээр байгаа нотлох баримтын шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй олон баримт байгаа. Үүнийг шүүх үнэлж, дүгнэж өгөхийг хүсч байна. Улсын дээд шүүх хавтаст хэргийн 85 дугаар талд хуулбар хэлбэрээр авагдсан талууд огт маргаагүй баримтыг үндэслэж процессын зөрчил гэж үзээд хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Иймээс энэ байдлыг шүүх дүгнэхдээ анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хэдий хэмжээний ажил хийгдээд, ямар хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байгаа, эсхүл илүү төлөлттэй байгаа гэдгийг хэн тогтоох юм. Нэхэмжлэгч тал зөвхөн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа. Иймээс бид хэдэн төгрөг төлөгдсөн, хэдэн төгрөг төлөгдөөгүй, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн эсэх дээр маргаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч “Ю” ХХК-д холбогдуулан 411 157 173/дөрвөн зуун арван нэгэн сая нэг зуун тавин долоон мянга нэг зуун далан гурав/ төгрөгийг тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Ю” ХХК нь “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

                                                                

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 12 автомашины дулаан зогсоолтой, контор, үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулсан болох нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2014/642 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь дээр дурдсан хариуцагчийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад оруулсан дулаан зогсоолтой, контор, үйлчилгээний барилгын дотор засал чимэглэлийн ажлыг НӨАТ орсон дүнтэйгээр 462 000 000/дөрвөн зуун жаран хоёр сая/ төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, 2014 оны 2-р сараас 6 дугаар саруудад үндсэн гэрээнд заасан ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн гэж маргаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй дээр дурдсан ажлыг гүйцэтгүүлэх тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь “Үридековил” гэсэн хуулийн этгээдийн нэрээ “Б” болгож өөрчилсөн болох нь 000125001 дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, № 000038654 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй гэж маргаж байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Ажил гүйцэтгэлийн акт” гэх баримтыг үйлдсэн болох нь “Ажил гүйцэтгэлийн акт”-ын хуулбараар тогтоогдож байна.

 

2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажил гүйцэтгэлийн акт”-д ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь дээр дурдсан дулаан зогсоолтой, контор, үйлчилгээний барилгын мужааны ажил, будгийн ажил, ханын цаас наах, чулуу суурилуулах, плита наах, хуулга наах, бусад нэмэлт ажлуудыг гүйцэтгэж дууссан болохыг баталгаажуулсан болох нь 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажил гүйцэтгэлийн акт” болон тус актын орчуулгаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрээний урьдчилгаа гэх утга бүхий төлбөрт 46 200 000/дөчин зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн “Голомт банк” ХХК дахь 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 139 200 000/нэг зуун гучин есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн “Голомт банк” ХХК дахь 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь туслан гүйцэтгэгч нартай буюу 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Ариун гартаам” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “Шал констракшн” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан нэхэмжлэлд дурдсан барилгын мужааны ажил, будгийн ажил, ханын цаас наах, чулуу суурилуулах, плита наах, хуулга наах, бусад нэмэлт ажлуудыг гүйцэтгүүлсэн болох нь I хавтас, 87-89 дугаар тал, II хавтас, 42-68 дугаар талд авагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-р тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь туслан гүйцэтгэгч нарт ажлын хөлсийг төлсөн болох нь II хавтас, 107-125 дугаар тал, IV хавтас, 161-192 дугаар талд авагдсан Бэлэн мөнгөний зарлагын баримтууд болон Кассын зарлагын баримтууд, тус баримтуудын орчуулгаар тогтоогдож байна.

 

Хэдийгээр хавтаст хэрэгт баримтаар авагдсан 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” дээрх Ким Бён Жүгийн гарын үсэг нь бусад баримтууд дээрх гарын үсгийн хэв загвартай тохирохгүй байгаа талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт хэрэгт баримтаар авагдсан байх боловч дээр дурдсан 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажил гүйцэтгэлийн акт” болон тус актын орчуулга, “Ажил гүйцэтгэх гэрээ”, Бэлэн мөнгөний зарлагын баримтууд болон Кассын зарлагын баримтууд, тус баримтуудын орчуулга, “Алаг уул финанс аудит” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хараат бус аудитын дүгнэлт”-ээр зохигчид 2014 оны 02 дугаар сард Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г амаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар зохигчид ажлын хөлсийг 462 000 000/дөрвөн зуун жаран хоёр сая/ төгрөг байхаар харилцан тохиролцсон болох нь талуудын тамга дарагдсан “Ажил Гүйцэтгэх Гэрээний Үндсэн Нөхцөлүүд”/I хавтас, 18 дугаар тал/ гэх баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл нийт 149 040 000/нэг зуун дөчин есөн сая дөчин мянга/ төгрөгийг бэлнээр төлсөн болох нь Бэлэн мөнгөний зарлагын баримтууд болон Кассын зарлагын баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Голомт банкин дахь дансаар болон бэлнээр нэхэмжлэгчид нийт 288 240 000/хоёр зуун наян найман сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөд төлсөн болох нь тогтоогдож байна.  

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 173 760 000/462000000-288240000=173760000/ /нэг зуун далан гурван сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид нэмэлтээр нийт 132 691 915/44452748+88239167=132691915/нэг зуун гучин хоёр сая зургаан зуун ерэн нэгэн мянга есөн зуун арван тав/ төгрөгийн ажлыг хийж өгсөн гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн уг шаардлага, тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 132 691 915/нэг зуун гучин хоёр сая зургаан зуун ерэн нэгэн мянга есөн зуун арван тав/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ю” ХХК-иас нийт 173 760 000 /нэг зуун далан гурван сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, үлдэх 237 397 173/411157173-173760000=237397173/ /хоёр зуун гучин долоон сая гурван зуун ерэн долоон мянга нэг зуун далан гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ю” ХХК-иас нийт 173 760 000/нэг зуун далан гурван сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, үлдэх 237 397 173/хоёр зуун гучин долоон сая гурван зуун ерэн долоон мянга нэг зуун далан гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 214 000 төгрөгөөс 2 213 736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 264 төгрөгийг, хариуцагч “Ю” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 026 750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

даргалагч, шүүгч                                  С.ХИШИГБАТ