Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00431

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00431

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/02585 дугаар шийдвэртэй

Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ю-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 411,157,173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн Б-ийн төлөөлөгч М шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: БНСУ-ын хөрөнгө оруулалттай Ү ХХК нь компанийнхаа нэрийг Б болгон өөрчилж Улсын бүртгэлийн газраас 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шинэ гэрчилгээ гаргуулан авсан. Ү ХХК нь Ю-тай 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Улаанбаатар хот СБД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан цогцолбор барилгын дотор засал чимэглэлийн ажлыг НӨАТ орсон дүнтэйгээр 462,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 2014 оны 2-6 дугаар саруудад үндсэн гэрээнд заасан ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд нэмэлтээр 44,452,748 төгрөгийн /НӨАТ 4,445,000 төгрөг/ ажил хийсэн. Мөн Ю-ийн зүгээс дахин нэмэлтээр ажил хийж өгөөч гэсний дагуу бид 80,217,425 төгрөгийн ажлуудыг нэмж хийж гүйцэтгэсэн ба үүн дээр НӨАТ-ын дүн 8,021,742 төгрөг нэмэгдэж нийт 88,239,167 төгрөг авахаар болсон. Ингээд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ажил гүйцэтгэлийн акт үйлдэж дээрх ажлуудыг дууссан болохыг баталгаажуулсан юм. Ю-ийн захирал Р нь Солонгос улсаас ирүүлсэн тодорхойлолтодоо Ү ХХК-ийн захирал Ө-тэй барилгын гэрээ байгуулсан талаараа дурдаж нотариат болон элчин сайдын яамаар дамжуулан баримтаа ирүүлсэн байна. Ю-ийн зүгээс гэрээт ажлын хугацаанд 191,750,000 төгрөгийн төлбөрийг дансаар болон бэлнээр хийсэн ба одоо үлдэгдэл /НӨАТ орсон дүнтэй/ 411,452,748 төгрөгийн төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Манай компанийн зүгээс Ю-д үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа амаар болон бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлүүлэх замаар нэн даруй төлбөрийг барагдуулна гэж хэлсээр төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүртэл хохирсоор байна. Иймд Ю-иас гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 411,157,173 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Б-ийн өмгөөлөгч О.Мгийн тайлбарын агуулга: ... Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч тал болон хариуцагч талын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэдэг нь нотлогдож байна. Хэрэгт авагдсан 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн актаар Ю нэхэмжлэгч байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан байна. Ажлыг хүлээж авсан бол уг ажилд тохирсон ажлын хөлсийг төлөх үүрэгтэй буюу хуульд заасны дагуу шаардах эрх үүссэн гэж үзэж байна. 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн акт үйлдэгдэж, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улсын комисс хүлээж авч байнгын ашиглалтад орсон. 2015 оноос хойш А гэх компанитай Ю тохиролцож ажил хийлгэсэн үйл баримт нь одоогийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэж байна. Ю нь Ү ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тодорхой хэмжээний ажлыг гүйцэтгүүлээд явж байсан. Ажил гүйцэтгэх явцад санхүүжилт байхгүй болчихлоо гэдэг асуудал гарсан. Нийт 13 иргэнээс мөнгө зээлж санхүүжилт босгоод 12 давхар барилгын ажлыг хийж гүйцэтгэж ашиглалтад оруулсан. Дээрх 13 иргэний дунд нэхэмжлэгч компанийн захирал Ө байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан аудитын дүгнэлтээр нотлогдож байгаа. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч Б-ийн өмгөөлөгч Б.Гын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Талуудын хоорондох эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн маргаан гэж үзэж байна. Энэ хэрэгт 11 ажил гүйцэтгэх гэрээ байгаа, гэтэл хариуцагч тал ганцхан А ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээг ярьж байна. Төлбөр төлсөн баримтын ард талд нэмэгдсэн өртгийн албан татварын падан гэж байгаа. Уг баримт дээр Ю-ийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 462,000,000 төгрөгийн нөат 42,000,000 төгрөгийг хүлээж авлаа гээд 2 талын нягтлан бодогч нар гарын үсэг зурсан. Шинжээчийн дүгнэлтэд Нийгмийн даатгал, Ю-ийн болон бусад 3 албан тоотын гарын үсэгтэй харьцуулсан харьцуулалтаар Р гэх хүний гарын үсэг биш гэж тогтоосон болохоос биш Ө гэх хүн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн мэт худал ярьж болохгүй. Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан баримтын эх хувь нь олдохгүй байгаа тул бусад эх сурвалжаар нотлох эрх нь бидэнд байгаа. Нэхэмжлэгч талын зүгээс барилгын схем зураг, барилгын фото зураг, цалин өгч байсан баримт, хоорондын тооцоо хийсэн баримт, гэрээ зэрэг бусад бүх эх сурвалж баримтуудаа гаргаж өгсөн. Санхүүгийн тайлан баланс дээр тусгаагүй нь гэрээний дагуу нэхэмжлэх эрхээ алдаж байна гэсэн үг биш юм. Хэрэв А ХХК ажил гүйцэтгэсэн бол Ю-тай шууд гэрээ байгуулах ёстой. Хавтаст хэрэгт авагдсан гэрээ бол туслан гүйцэтгэгчийн гэрээ юм. Туслан гүйцэтгэгч ерөнхий гүйцэтгэгчийнхээ өмнө хариуцлага хүлээдэг. Барилгын чанарын асуудлыг туслан гүйцэтгэгч компанитай ярих боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Ю-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн огноотой Ажил гүйцэтгэх гэрээ-г үндэслэн 411,157,173 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г Б болон Ю-уудын хооронд байгуулагдаагүй. Энэхүү гэрээний эхний нүүрний зүүн дээд хэсэгт хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р-гийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Б-ийн захирал БНСУ-ын иргэн Ө, БНСУ-ын иргэн Х нар бүлэглэн үйлдсэн байж болзошгүй гэж үзэж хариуцагч компаниас хууль хяналтын байгууллагад хандсан. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 228 дугаартай Прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хөнгөн гэмт хэргийн 6 сарын хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Ю нь өөрийн Жи цамхаг барилгын дотор засал чимэглэлийн ажлыг Б-аар огт гүйцэтгүүлээгүй. Харин Ү ХХК /хуучин нэрээр/-ийн захирал Ө-ийн танилцуулснаар зарим аж ахуйн нэгж, иргэдээр дотоод засал чимэглэлийн хэсэг ажлуудын хийлгэж байсан ба тус объектын дотор засал чимэглэлийн ажлыг А ХХК-ийн захирал А.Ц хийж гүйцэтгэсэн. Ү ХХК нь барилгын дотор засал чимэглэл хийх ямар ч хүн хүч, техник тоног төхөөрөмжгүй, тодорхой мэргэжлийн ажилтангүй мөртлөө гэрээний дагуу манай компанийн дотор засал чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж байгаа нь үндэслэлгүй ба БНСУ-ын иргэн Ө нь манай компанид зуучилсан хүмүүсийнхээ зарим мөнгийг өөрийн компанийн дансаар гаргуулан авч байсан ба Ю-иас А.Цын мөнгийг төлж байсан үйл байдал байгаа болно. Ю-иас дотор засал чимэглэлийн ажлын ихэнхийг хийсэн А ХХК-ийн захирал А.Цтай холбогдох тооцоог бүрэн хийж төлж барагдуулсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/Ш32017/00354 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Гүнбилэгтийн 523 дугаартай дүгнэлтээр гэрээнд гарын үсэг зурсан гэх Р-ийн гарын үсэг хуурамч болох нь тогтоосон, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 228 дугаартай Прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон, эрүүгийн хэргийн оролцогчдоос уг тогтоолд гомдол гаргаагүй ба эрүүгийн журмаар шалган шийдвэрлэсэн атал уг асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Талуудын хооронд байгуулсан гэх гэрээг харахад Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна, гэхдээ тус гэрээ нь бодитой байгуулагдсан эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Нэхэмжлэгч тал үр дагавраа шаардахын тулд эх сурвалж нь тодорхой байх ёстой. Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоолыг гаргах үндэслэл болсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гарын үсэгтэй холбоотой асуудлыг тодорхойлж өгсөн. Иймээс ажил гүйцэтгэх гэрээ нь хуульд заасан үр дагаврыг үүсгэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

5. Хариуцагч Ю-ийн өмгөөлөгч Н.Мын тайлбар, татгалзлын агуулга: Ү ХХК-ийн 2014 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан хэрэгт авагдсан. Уг тайлангаас харахад нийт борлуулалтын орлого, эцсийн үлдэгдэл нь маргаан бүхий гэрээнд заагдсан дүнгийн хэмжээнд ойролцоо очих дүн нэг ч байхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд зурагдсан гарын үсэг нь хариуцагч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Р-ийн гарын үсэг биш байна гэж тогтоож өгсөн. Иймээс талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт БНСУ-ын иргэн Ө гарын үсэг зурсан санхүүгийн шар өнгөтэй баримтууд авагдсан байгаа. Гэтэл БНСУ-ын иргэний хувийн тамга дарагдсан баримтуудыг орчуулж өгсөн байгаа юм. Солонгос хэл дээр байгаа нотлох баримтын шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй олон баримт байгаа. Үүнийг шүүх үнэлж, дүгнэж өгөхийг хүсч байна. Улсын дээд шүүх хавтаст хэргийн 85 дугаар талд хуулбар хэлбэрээр авагдсан талууд огт маргаагүй баримтыг үндэслэж процессын зөрчил гэж үзээд хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Иймээс энэ байдлыг шүүх дүгнэхдээ анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хэдий хэмжээний ажил хийгдээд, ямар хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байгаа, эсхүл илүү төлөлттэй байгаа гэдгийг хэн тогтоох юм. Нэхэмжлэгч тал зөвхөн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа. Иймээс бид хэдэн төгрөг төлөгдсөн, хэдэн төгрөг төлөгдөөгүй, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн эсэх дээр маргаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю-иас нийт 173,760,000 /нэг зуун далан гурван сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, үлдэх 237,397,173/хоёр зуун гучин долоон сая гурван зуун ерэн долоон мянга нэг зуун далан гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б-ийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,214,000 төгрөгөөс 2,213,736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 264 төгрөгийг, хариуцагч Ю-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,026,750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож шийдвэрлэсэн байна.  

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь шүүхээс талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн атлаа гэрээний дагуу захиалагч талаас хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийн тооцооллыг гаргахдаа буруу гаргасан. Голомт банкны дансны хуулгаар хариуцагч тал нэхэмжлэгчид 139,200,000 төгрөгийг шилжүүлж өгсөн ба харин бэлнээр 52,550,000 төгрөг, нийт 191,750,000 төгрөгийг л төлсөн байхад шүүх шийдвэртээ бэлнээр болон дансаар 288,240,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй хууль бус болжээ. Хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч тал гэрээт ажлыг хийж гүйцэтгэж 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэлийн акт үйлдэж баталгаажуулсан ба үүнээс хойш нэхэмжлэгч тал дахин ажил хийж гүйцэтгээгүй болно. 1-р хавтаст хэргийн 169-р талд авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эын гаргасан 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл шилжүүлсэн гэх мөнгөний тооцоолол, санхүүгийн анхан шатны баримтууд нь нэхэмжлэгч талын хийж гүйцэтгэсэн ажлын хөлстэй холбоотой баримтууд биш тул ажлын хөлсний тооцоололд оруулж тооцох боломжгүй юм. Дээрх тооцоолол, санхүүгийн баримтууд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш захиалагч буюу Ю нь дахин засал чимэглэлийн ажлыг А ХХК-аар хийж гүйцэтгүүлсэнтэй холбоотой ажлын хөлс олгосон санхүүгийн баримтууд тул эдгээр баримтуудыг шүүхээс нотлох баримтаар үнэлэх нь буруу бөгөөд гэрээт ажлын хөлснөөс хасаж тооцох боломжгүй болно. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч нь хариуцагчид нэмэлтээр 132,691,915 төгрөгийн ажлыг хийж өгсөн гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн уг шаардлага, тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байх тул 132,691,915 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна... гэж дүгнэсэн нь илтэд үндэслэл муутай болжээ. Хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хуулбарлан гаргаж өгсөн баримт болон тооцооллоор нэхэмжлэгч тал нэмэлтээр 44,452,748 төгрөг, уг дүнгээс НӨАТ 4,445,000 төгрөг, дахин нэмэлтээр 80,217,425 төгрөг, уг дүнгээс НӨАТ 8,021,742 төгрөг, нийт 137,136,915 төгрөгийн нэмэлт ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд нэмэлт ажил хийсэн болохоо нэхэмжлэгч тал фото зургууд, Ехсеl програм дээр үйлдсэн баримтууд, Юу Эм Ди таур барилгын 1-12 давхрын гар план зураг зэрэг баримтууд нотолсон байхад баримтаар нотлоогүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын гэрээт ажлыг хөлсөнд авсан мөнгөний тооцоо болон нэмэлт ажлын тооцоолол нь дээрх байдлаар нотлогдож байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр 237,397,173 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Н.М нарын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ... Хэрэгт авагдсан баримтаар буюу шүүх хуралдаан дээр гэрчийн мэдүүлэг өгсөн А ХХК-ийн захирал А.Ц гэх хүний мэдүүлэг байгаа. Энэ хүн энэ барилгын дотоод засварын ажлыг хийсэн юм байна. Хэргийн 2, 3, 4 хавтаст авагдсан бүх баримтууд нотлох баримтын шаардлага хангадаггүй. Солонгос хэл дээр Солонгол улсын иргэний хувийн дардас тэмдэг ашиглачихсан баримтууд хэрэгт байдаг. Хэрэгт авагдсан баримтаас нэмэлт ажил хийсэн ямар ч баримт байхгүй. Хэргийн 1 дүгээр хавтас 18 дугаар хуудсанд авагдсан Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хариуцагч байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн гарын үсгийг хуурамчаар зурсан гэх гэрээний хавсралтыг үндэслэн шүүх дүгнэсэн байгаа. Тийм учраас нэмэлт ажлын санхүүжилт байхгүй. Хэнээр хийлгэсэн юм бэ гэдгийг нэхэмжлэгч маань нотолж өгдөггүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагын шүүхийн журмаар эрх бүхий төрийн байгууллагуудаас авч байгаа баримт дээр нэхэмжлэгч компани маань 1 ажилчинтай компани байсан. Өөрөөр хэлбэл барилгын засвар үйлчилгээг гүйцэтгэх эрхгүй бөгөөд боломжгүй компани. Гэрээний үндсэн дээр хийлгэчихсэн юм уу гэхээр гэрээ нь байхгүй. Ямар ажлыг ямар цаг хугацаанд хэдэн төгрөгийн хөлстэйгөөр хийлгэх юм бэ гэх тохиролцоо байхгүй. Тэгсэн мөртөө анхан шатны шүүхэд хэрэг буцаж ирсний дараа солонгос хэл дээрх бүх баримтыг өгсөн. Өмнө нь давж заалдах шатны шүүх 2019 онд хэлэлцэж байхдаа хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд авагдсан 1 хуудас нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслээд буцааж байсан. Гэтэл одоо 3 хавтас дүүрэн нотлох баримтын шаардлага хангахгүй бичгийн баримтыг ирүүлсэн. Би өмгөөлөгчийн хувьд хэрэг хянан ажиллагаанд удаа дараа хүсэлт өгсөн. Энэ баримтыг хасаж өгөөч эсхүл орчуулуулж өгөөч эсхүл нотлох баримтын шаардлага хангуулж гаргуулж өгөөч гэдэг. Эх сурвалж нь тодорхойгүй ийм баримтууд хаанаас, хэн гаргаж өгсөн болохоор шүүх хүлээж аваад байгаа юм бэ. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Н.М нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй мөртлөө энэхүү гэрээний хавсралт болох Ажил гүйцэтгэлийн акт, Ажил гүйцэтгэх гэрээ, Бэлэн мөнгөний зарлагын баримтууд болон Кассын зарлагын баримтууд, тус баримтын орчуулга, Р ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хараат бус аудитын дүгнэлт-ээр зохигчид 2014 оны 02 дугаар сард Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ-г амаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж үндэслэлгүйгээр дүгнэжээ. Хариуцагч талаас нэхэмжлэгч Б-аар огт ажил гүйцэтгүүлээгүй гэж маргаагүй бөгөөд тодорхой хэмжээний ажлыг гүйцэтгүүлж төлбөрийг бүрэн төлсөн талаар шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулаагүй талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд мэтгэлцэж шүүх хуралдаанд амаар болон бичгээр тайлбар гаргасан. Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар зохигчид ажлын хөлсийг 462,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон болох нь талуудын тамга дарагдсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн нөхцөлүүд гэх баримтаар тогтоогдож байна гэж дүгнэн 173,760,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ажил гүйцэтгэх гэрээний үндсэн нөхцөлүүд гэх баримт нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний хавсралт бөгөөд уг Ажил гүйцэтгэх гэрээ-нд Ю-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байсан Ким Бён Жу гарын үсэг зураагүй, захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан Х нь Ю-д инженер албан тушаалд ажиллаж байгаагүй үйл баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 523 дугаартай Р-ийн гарын үсэгтэй тохирохгүй гэсэн дүгнэлт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 228 тогтоол, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын 2016 оны 04 сарын 25-ны өдрийн 02/2427 дугаартай БНСУ-ын иргэн Ким Жү Сон нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 13-ны хооронд Авдар өргөө ХХК-ийн хөрөнгө оруулагчаар, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-г хүртэл О энд К констракшн ХХК-ийн хөрөнгө оруулагчаар тус тус Монгол улсад оршин суух зөвшөөрөлтэй байна гэсэн албан бичгээр тогтоогдож байгаа тул уг гэрээний хавсралт мөн адил хүчин төгөлдөр бус бөгөөд хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурж баталгаажаагүй гэрээний хавсралт болох хууль бус баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон 2014 оны 02 сарын 05-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-нд тусгагдсан 462,000,000 төгрөгийн үнийг зохигчдын хооронд тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн мэтээр тооцож хариуцагчаас 173,760,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. БНСУ-д ашиглагддаг Солонгос иргэний хувийн дардас бүхий тэмдэг дарагдсан санхүүгийн баримтуудыг үнэлсэн, хэнд юуны төлбөр өгч байгаа нь тодорхойгүй санхүүгийн гэх баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд оролцсон гэрч А ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ц нь хариуцагчийн өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн дотоод засал чимэглэл, засварын ажлыг зохигчдын хэн алинтай нь байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр холбогдох ажлыг хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон атал 2,3,4 дүгээр хавтаст авагдсан нотлох баримтын шаардлага хангахгүй, бүрэн орчуулагдаагүй гадаад хэл дээрх баримтуудыг шууд үндэслэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчсөн. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Булгантамирыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн боловч Ц.Булгантамир нь БНСУ уруу явсан талаарх хилийн лавлагаа ирснээс өөрөөр шүүгчийн захирамж биелэгдээгүй, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтээ өөрчлөөгүй, гэрч Ц.Булгантамирыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзаагүй байхад шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулалгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх энэ талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг үл тоож хууль зөрчиж нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, О.М нарын давж заалдах гомдол гаргасан тайлбарын агуулга: ... Хэрэгт байгаа баримтаар бол нэхэмжлэгч байгууллага туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулаад энэ ажлыг хийлгэсэн гэдэг үйл баримт нотлогдож байгаа. 1 дүгээр хавтаст хэрэг дээр 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт нөхцөл нь байж байна. 2 дугаар хавтаст хэрэг дээр ямар, ямар хүмүүстэй туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулаад энэ ажлыг хийсэн гэдэг нь тодорхой байхад хэн энэ ажлыг хийсэн юм бэ тэр нь тодорхойгүй байна гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Өмнө нь ч гэсэн хэргийг буцаахдаа хавтаст хэргийн 85 дугаар талд байгаа баримтын хүрээнд шүүх дүгнэлт хийгээд, энэ баримт нотлох баримтын шаардлага хангахгүй юм байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж тайлбарлаж байна. н.Булгантамир гэх хүнийг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх хангасан. Гэтэл энэ хүн нь өөрөө гадаад улс руу явсан байсан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл дээр тодорхой байж байгаа. Хэрвээ энэ гэрч дараагийн шүүх хуралдаанд ирэхгүй бол бид нар хурлаа хийлгүүлье гээд хариуцагчийн өмгөөлөгч нь өөрөө хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгачихсан байсан. Үнэхээр нотлох баримтын шаардлага хангахгүй, эдгээр баримтууд хууль бус гэж үзэж байгаа бол татгалзаж байгаа үндэслэлүүдээ өөрсдөө нотлох ёстой. Нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа, Солонгос хэл дээр үйлдэгдсэн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаж өгөөч гээд шүүгчийн шүүх хуралдаанд хэлж байсан. Үүний дагуу нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа баримтуудыг албан ёсоор орчуулгаар оруулаад гаргаж өгсөн. Мөн хууль бус нотлох баримт гэж тайлбарлаад байна. Яг ямар баримтууд хууль бус байна. Нэхэмжлэгч талын хувьд бол гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ нотлох зорилгоор бид эх сурвалжаа заагаад нотолсон. Ажил гүйцэтгэх гэрээн дээр гарын үсэг зурсан, зураагүй асуудал яригддаг. Р гэдэг хүн тодорхойлолтоо ирүүлсэн. Би 2 янзаар гарын үсэг зурдаг, энэ гэрээн дээр гарын үсэг зурсан. Ийм гэрээ байгуулагдаад ажил хийж байсан гэдгээ хэлчихсэн. Шинжээчийн дүгнэлтээр гарын үсгийг 1 хүн зурсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна гээд хэлсэн болохоос биш огт Р гэх хүний гарын үсэг биш гэж хэлээгүй. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэлийн акт гээд үйлдсэн. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зохигчдын гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч Б нь хариуцагч Ю-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 411,157,173 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

4. Улсын бүртгэлийн гэрчилгээгээр Ү ХХК нь хуулийн этгээдийн нэрээ Б болгож өөрчилсөн, /1хх.3,9/ хариуцагч байгууллага нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 12 автомашины дулаан зогсоолтой, контор, үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулсан болох нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2014/642 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс-ын дүгнэлтээр тогтоогдсон үйл баримт нотлогдсон байна. /5хх.95-98/

4а. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б нь Ю-тай 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч нь Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Юу Эм Ди Тауэр UMD TOWER цогцолбор 12 давхар барилгын дотор засал чимэглэлийн ажлыг чанартай хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэгчид ажлын хөлсийг төлөхөөр тохиролцжээ. /1хх.18-22/

4б. Хариуцагч байгууллага дээрх гэрээнд гарын үсэг зурсан Р-ийн гарын үсэг нь бусад баримтууд дээрх гарын үсэгтэй тохирохгүй байгаа талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд хариуцагч байгууллага дээрх дүгнэлтийг үндэслэн талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.

Анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн акт, түүний орчуулга, ажил гүйцэтгэх гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, Р ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Аудитийн дүгнэлт зэрэг бичгийн баримтыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь буруу биш юм.

Учир нь хэрэгт нотлох баримтаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний үндсэн нөхцлүүд гэсэн бичгийн баримт авагдсан, ажлын хөлс 420,000,000 төгрөг, НӨАТ 42,000,000 төгрөг нийт 462,000,000 төгрөг гэж тохирсон байх бөгөөд уг баримт нь нэхэмжлэгч Ү ХХК /Б/ болон хариуцагч Ю-ийн тамга эх хувиараа дарагдсан албан ёсны баримт авагджээ. /1хх.18/

4в. Мөн хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар талд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн акт авагдсан, уг актаар мужааны ажил, будгийн ажил, ханын цаас наах, чулуу суурилуулах, плита наах, хуулга наах, бусад нэмэлт ажлуудыг гүйцэтгэж дууссан болохыг баталж Ю-ийг төлөөлж захирал Р, ерөнхий инженер Х, Ү ХХК-ийн төлөөлж захирал Ө нар гарын үсэг зурсан байна.

Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд захиалагч гэрээгээр хүлээсэн ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

5а. Ү ХХК-ийн /Б/ Голомт банк ХХК-ийн 1105013087 тоот дансны хуулгаас үзэхэд хариуцагч буюу захиалагч Ю-аас ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 139,200,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд бэлнээр 52,550,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн бичгийн баримт авагдсан байна. /1хх.23-24/

5б. Нэхэмжлэгч буюу ерөнхий гүйцэтгэгч Ү ХХК нь туслан гүйцэтгэгч нартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын дотор засварын ажлыг хийлгэсэн болох нь иргэн Ж.Батдоржтой, иргэн Н.Атай, Шал констракшн ХХК-тай А ХХК-тай байгуулсан гэрээнүүдээр нотлогджээ. /2хх.44-68/

5в. Ю-ийн Бэлэн мөнгөний зарлагын баримт-аас үзэхэд хариуцагч Ю-аас А ХХК-д нийт 89,294,500 төгрөг шилжүүлсэн байна. Зохигчид хариуцагч байгууллагаас А ХХК-д шилжүүлсэн дээрх мөнгөний үнийн дүнгийн талаар маргаагүй. /1хх.170-181/

6. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан бөгөөд хариуцагч Ю нь Б-д ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг төлөх үүргийг хүлээнэ. Ерөнхий гүйцэтгэгч Б-ийн төлөх гэрээний үүргээс туслан гүйцэтгэгч А ХХК-д шилжүүлсэн дээрх мөнгийг ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг төлсөн гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх захиалагч буюу хариуцагч Ю-аас ерөнхий гүйцэтгэгч Ү ХХК-ийн /Б/ туслан гүйцэтгэгчээр ажилласан А ХХК-д ажлын хөлсөнд төлсөн нийт 89,294,500 төгрөгийг нэхэмжлэгч буюу Б-д гэрээний үүргээ төлсөн гэж дүгнэж нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцсон нь буруу болжээ.

6а. Мөн хариуцагч захиалагчийн хүсэлтээр 2014 оны 2-6 саруудад нэмэлтээр 44,452,748 төгрөгийн /НӨАТ 4,445,000 төгрөг/ ажил, мөн 80,217,425 төгрөгийн /НӨАТ 8,021,742 төгрөг/ ажлуудыг нэмж хийж гүйцэтгэсэн байна.

6б. Хариуцагч Ю нь нэхэмжлэгч Б-д дансаар 139,200,000 төгрөг, бэлнээр 52,550,000 төгрөг нийт 191,750,000 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг биелүүлсэн байх тул хариуцагч байгууллагаас үлдэх 270,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...ажил гүйцэтгэх гэрээний үүргийг бүрэн хангуулах-аар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын ...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах-аар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно.

Хариуцагч Ю нь А ХХК-д ажлын хөлс төлсөн асуудлаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Ю-аас нийт 270,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 140,907,173 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/02585 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...173 760 000/нэг зуун далан гурван сая долоон зуун жаран мянга/... гэснийг ...270,250,000... гэж, ...237 397 173/хоёр зуун гучин долоон сая гурван зуун ерэн долоон мянга нэг зуун далан гурав/... гэснийг ...140,907,173... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...1,026,750... гэснийг ...1,509,200... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,344,940 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,026,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Ц.ИЧИНХОРЛОО