Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 140

 

        Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Батбямба,

хохирогч Б.Ариунгэрэл,

хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Д.Өлзий-Орших нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан чоно овогт Дашцэрэнгийн Өлзий-Оршихид холбогдох эрүүгийн 201619000827 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1989 оны 01 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, фермерийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, дүү нар, хүүхдүүдийн хамтаар  Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 30-475А тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаан чоно овогт Дашцэрэнгийн Өлзий-Орших /РД:уу89012367/ гэв.

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Өлзий-Орших нь 2016 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 04-05 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Дуган хад амралтын газрын шороон зам дээр Э.Хулангийн эзэмшлийн Тоёота гранд марк-2  маркийн 91-30 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад ухрах үйлдэл хийхдээ МУЗамын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс”  гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Б.Ариунгэрэлийг мөргөж, хэвлий хэсгээр дайрсны улмаас бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулж зам тээврийн осол гарган, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      Шүүгдэгч Д.Өлзий-Орших нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Б.Ариунгэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тухайн өдөр Д.Өлзий-Орших намайг манай найз П.Энхжаргал руу хамт явчихаад ирье гээд гуйгаад байхаар нь би явсан. Тэнд очоод 2 цаг болчихоод замаасаа найз П.Энхжаргалыг аваад явсан. Ингээд тэнд очсон чинь 3 залуу байхаар нь би уурлаж, гэр рүүгээ явлаа гээд алхаж явж байгаад ийм асуудал үүссэн. Одоо би Д.Өлзий-Оршихийн хүүхдүүдийг нь бодоод хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсч байна. Хохиролд нийт 2.900.000 төгрөг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Харин цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.               

 

            МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

           Хохирогч Б.Ариунгэрэл нь мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “ 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ байж байхад Д.Өлзий-Орших над руу утсаар яриад “Дуган хад” амралтын газрын цаана байдаг “Ёл Хад” амралтын газар хамт яваад ирье нөхөртэйгээ уулзах хэрэгтэй байна. Ганцаараа явахад эвгүй байна гээд байхаар нь би зөшөөрөөд эрт ирээрэй гээд гэртээ очсон. Гэртээ байж байтал шөнийн 00 цаг өнгөрч байхад ганцаараа Гранд марк-2 марийн 91-30 УБП улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд замаараа 5 шар дээрээс П.Энхжаргал гэх найзыг нь авсан ба тэр найз нь согтуу байсан. Бид 3 УБ хотоос Төв аймгийн Борнуур сумын “Урьхан” зоогийн газар очиход тэнд 2 согтуу залуу машинтай тосож авсан. Бид нар тэр 2 залууг машинтай дагаад “Ёл Хад” амралтын газар руу явсан. Тэгэхэд тэр амралтын газар очиход бас нэг согтуу залуу гарч ирсэн. Ингээд тэр 3 согтуу залуу надтай танилцсан ба Д.Өлзий-Орших, П.Энхжаргал нар тэдгээр залуучуудыг таньдаг байсан. Машин дотор Д.Өлзий-Орших, П.Энхжаргал нар 2.5 литрийн пиво уусан ба П.Энхжаргал бага зэрэг уусан. Харин Д.Өлзий-Орших бүгдийг нь уусан. Тэгээд бид нар амралтын газрын караокед орж 0.75 литрийн тал архи, 0.5 метрийн бүтэн архи ууцгаасан. Би тухайн үед 1 удаагийн аягаар 1 удаа уусан. Д.Өлзий-Орших, П.Энхжаргалтай маргалдаад маш аюултай яваад байхаар нь болгоомжтой яв л даа гэхэд Д.Өлзий-Орших “Чи дуугүй яв гичий минь эсхүл буу” гэхээр нь миний уур хүрээд машинаас буугаад алхаад зам руу явж байтал 15-20 минутын дараа араас ирээд намайг гүйцэж түрүүлж ирэхдээ машинаараа миний цүнхийг шүргэсэн. Тэгээд намайг суу гэхээр нь би суухгүй гэхэд түрүүлээд явсан. Би араас нь явж байгаад газар бүдрээд унахад машин хойшоо ухарч ирээд миний хэвлий хэсгээр дайраад буцаж урагшлахдаа дахин миний хэвлийгээр дайрсан. Энэ үед машинаас Д.Өлзий-Орших, П.Энхжаргал нар гарч ирээд орилоод байсныг санаж байна. Нэг сэрэхэд нар гарсан Д.Өлзий-Орших гэмтэл рүү явж байна гэсэн. Тэр 2-ын нэг нь “Өө амьд байна ш дээ” гэсэн. Тухайн үед Д.Өлзий-Орших нилээд согтуу байсан. Энэ хэрэгт холбогдон гарсан бүх зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлмээр байна. Д.Өлзий-Орших намайг гэмтлийн хүлээн авах өрөөнд хэвтэж байхад надаас “намайг архи уугаагүй” гээд хэлээд өгөөч гээд байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-20/

 

            Гэрч Б.Баттөр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Д.Өлзий-Орших авор хийсэн талаар 4 хоногийн дараа Д.Өлзий-Оршихоос өөрөөс нь сонссон. Д.Өлзий-Орших хамт явсан нөгөө эмэгтэйгээ машинаараа дайрсан гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/

             Гэрч    П.Энхжаргал мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би Д.Өлзий-Оршихтой найз нөхдийн холбоотой ба харин Б.Ариунгэрэлтэй тэр орой танилцсан. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэртээ амарч байхад 18 цагаас хойш Д.Өлзий-Орших фэйсбүүкээр харилцахад: тэрээр “Б.Баттөр амралтанд байгаа хамтдаа очиж уулзъя” гэхээр нь би түүнд хандан “найз нь явахгүй” гэсэн. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад 5 шард байрлах байрныхаа гадаа би машиндаа ганцаараа сэтгэл санаагаар унаад 2.5 литрийн пиво уугаад сууж байхад Д.Өлзий-Орших надруу фэйсбүүкээр харилцаад хаана байгааг минь асуугаад хүрээд ирсэн. Би тэгэхээр нь Д.Өлзий-Оршихийг хараад уйлсан юм. Тэгээд Д.Өлзий-Орших миний найз битгий уйл, ганцаараа битгий бай, найзтайгаа явчихаад ир за гэж хэлсэн. Д.Өлзий-Орших тухайн үед манай найз Э.Хулангийн Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Бид нар амралтын газрын караокед ороод архи, пиво ууцгаасан. Д.Өлзий-Орших миний харсаар шилэн аягаар 2 удаа пиво уусан. Тэр үед нилээд согтуу байсан бөгөөд нэг мэдэхэд Б.Ариунгэрэл бид 2 гадаа юм яриад байсан. Удалгүй Д.Өлзий-Орших машин онгорхой байгаа гэхээр нь би түүнд хандан машин онгорхой байгаа бол дотор нь миний цүнх, гар утас, бичиг баримт хамаг юм байгаа шүү дээ, машинаа түгжье гэхэд Д.Өлзий-Орших “Чи яасан ядаргаатай юм. Чи олон юм яриад байлгүй хуцалгүй унтаад өг, ямар ядаргаатай юм гэхээр нь би түүнд хандан “Миний хамаг юм байгаа шүү дээ, хаалга түгжээд унтаадах чамд тийм хэцүү байгаа юм уу” Б.Баттөр “Чиний юм алга болдог юм уу, чи алга болгох юмтай юм уу, ямар тэнэг охин бэ гэхээр нь би тэр 2-т хандан “та 2 яагаад надтай ингэж харьцаад байгаа юм. Надтай найз биш юм шиг гэхэд Д.Өлзий-Орших над руу дайраад байхад нь Б.Ариунгэрэл “Өлзий одоо боль, чиний буруу шүү дээ” гэж Д.Өлзий-Оршиход хэлсэн. Д.Өлзий-Орших Б.Ариунгэрэлд хандан “Чи муу дуугүй бай за юу” гэхэд Б.Ариунгэрэл тэр үгэнд гомдоод гараад явсан. Тэгээд Д.Өлзий-Орших алив явъя гэж хэлээд намайг өрөөнөөс түлхээд гаргасан. Бид 2 доошоо буухад Б.Ариунгэрэл алхаад явж байсан. Бид 2 машиндаа орж явъя гээд Б.Ариунгэрэлийг суулгаад явсан. Тэгээд машинд суугаад явж байтал Д.Өлзий-Орших бид 2 хоорондоо маргалдсан.  Б.Ариунгэрэл бид 2-ыг болиоч гэхэд Д.Өлзий-Орших Б.Ариунгэрэлд хандан чи дуугүй, чамд ямар хамаатай юм, чи зайл буу гэхэд Б.Ариунгэрэл би алхаад явлаа гэж хэлээд машинаас буусан. Тэгээд Б.Ариунгэрэлийг орхиод цаашаа явж байхад би Д.Өлзий-Оршиход хандан “Б.Ариунгэрэлээс хэтэрхий хол явчихлаа. Б.Ариунгэрэл айх байх, согтуу хүмүүс аваад явчихвал яах юм гээд эргээд Б.Ариунгэрэл дээр очиход Б.Ариунгэрэл замын хойд талд алхаж байсан. Бид 2 Б.Ариунгэрэлийг миний найз суучих гэхэд Б.Ариунгэрэл суухгүй гээд буцаад хотын зүг явсан. Тэгтэл машинаа Д.Өлзий-Орших урагшлуулаад суучих гэхэд Б.Ариунгэрэл суухгүй гээд буцаад алхсан. Ингээд Д.Өлзий-Орших машинаа хойшоо ухраахад юман дээр давах шиг болохоор нь би машинаас буухад машины зүүн хойд талын дугуй Б.Ариунгэрэлийг цээжин дээр гарчихсан байсан. Тэгэхээр би Ариукаг дайрсан байна шүү дээ Д.Өлзий гэж орилоход Д.Өлзий-Орших машинаа урагшлуулахад цээжин дээрээс нь дугуй нь буусан. Д.Өлзий-Орших машинаас бууж ирээд “Ариукаа миний найз явчихваа гээд тэндээс Б.Ариунгэрэлийг машинд өргөж хойд талын суудал дээр хэвтүүлээд шууд УБ хотын гэмтлийн эмнэлэг рүү явах гээд хөдөлтөл Б.Ариунгэрэл аяархан яв өвдөөд байна шүү дээ гэсэн. Шороон замаар хурд багатай гараад засмал зам орж, явсаар байгаад Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Би караокед байхад нилээд согтуу байсан ба хүмүүс хэр зэрэг согтуу байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан Д.Өлзий-Орших 2 аяга пиво уусан. Б.Ариунгэрэл бага зэрэг л архи, пиво уусан байсан. Зам тээврийн осол болох үед Д.Өлзий-Орших пиво уусан байсан. Д.Өлзий-Орших тухайн үед машинаа хурдтай, огцом дарж, тоормоз гишгээд яваад байсан. Би Б.Ариунгэрэлийн эмчилгээний зардалд 200,000 төгрөг өгсөн байгаа тухай үед бид 2 маргалдсан зүйл огт байхгүй гэсэн мэдүүлэг. / хх-ийн 30-31 /

 

   Гэрч Д.Энхжаргал дахин мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Д.Өлзий-Орших караокед сууж байхад 2 аяга пиво уусныг харсан. Машин дотор амралтын газар луу явж байх замдаа ууж байсан пивоноосоо Б.Ариунгэрэлд 2 аяга өгч уулгасан. Д.Өлзий-Орших өөрийн жолоодож явсан машинаараа хойшоо ухрахдаа болгоомж алдсаны улмаас осол болсон байгаа. Тухайн үед замын нөхцөл байдал хэвийн шороон зам байсан. Харин харанхуй болсон болохоор үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 32 /

 

          Гэрч Д.Ганчимэг мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би “Гурван Ган Трейд” ххк-д зээлийн менежер ажилтай. Манай компани барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би Э.Хулан гэх хүнийг танихгүй, харин Тоёота марк-2 маркийн 91-30 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл Э.Хулан гэх хүнийх. Э.Хулан гэх хүн манай компанид 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус тээврийн хэрэгслээ 06 сарын хугацаатай 3,000,000 / гурван сая/ төгрөгөөр тавьсан байгаа гэсэн мэдүүлэг./ хх-ийн 33-34/

 

  Гэрч Н.Дашцэрэн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Миний охин Д.Өлзий-Орших нь урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, зан байдлын хувьд төлөв даруу, хүнд тусархуу хүн байгаа юм. Зам тээврийн ослын дараа ухарч байгаад хүн дайрч гэмтээснийг мэдсэн. Санамсар болгоомжгүй байдлын улмаас тухайн осол болсон гэж бодож байна. Уг 83-16 УБР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг 2007 онд хүнээс 800,000 мянган төгрөгөөр аваад 2009 онд Д.Өлзий-Оршихийн сургалтын төлбөрийг хийх гээд 1 сая төгрөгөөр нэг залууд үнэ тохирч зарсан байгаа. Нэрээ шилжүүлээгүй болохоор манай охины нэр дээр гарч ирсэн байх гэсэн мэдүүлэг / хх-ийн 38/

 

 Иргэний хариуцагч Э.Хулан мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би Д.Өлзий-Оршихтой 12 жил найзалж байна. Гранд марк-2 маркийн 91-30 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. Би тус тээврийн хэрэгслийг явдаг ломбарданд тавьсан байгаа болохоор “Гурван Ган Трейд” ххк-ны нэр дээр байгаа. Манай найз Д.Өлзий-Оршихийг амралтаас түүний найз Төрөө нь дуудаад байсан. Тэгээд надаас хамт явъя гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөгүй. Би Төрөө рүү явчихаад ирье, өглөө эрт ирнэ гээд надаас миний тээврийн хэрэгслийг аваад явсан байгаа. Д.Өлзий- Орших дандаа бичиг баримтаа биедээ авч явдаг. Тухайн үед жолооны үнэмлэх нь байсан эсэх талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг/ хх-ийн 24/

 

           Яллагдагч Д.Өлзий-Орших мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би Б.Ариунгэрэлтэй 2016 оны 10 сарын 28-ны өдөр утсаар яриад Төв аймгийн Борнуур сумын Дуган хад амралтын газар оуу явахаар болсон юм. Тэгээд би тухайн үед өөрийн найз Э.Хулангийн Гранд марк 2 маркийн 91-30 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.Хулангаас аваад Б.Ариунгэрэлийн гэрийн гадаа шөнийн 00 цаг өнгөрч байхад очсон юм. Тухайн үед намайг Дуган хад” гэх амралтын газар манай найз Төрбат дуудаад байсан. Тэгээд би Б.Ариунгэрэлийг аваад тэндээсээ “5 шар ороход манай найз П.Энхжаргал машин дотроо ганцаараа пиво уугаад сууж байхаар нь түүнийг аваад бид нар Төв аймгийн Борнуур сумын Дуган хад амралтын газар руу явсан юм. Тус амралтын газар очоод тэнд бид нар караокены өрөөнд орж архи, пиво ууцгаасан. Тэгээд бид нар тэнд сууж байхад П.Энхжаргал агсам тавиад уур амьсгал эвдээд байхаар нь бид нар амрахаар дээшээ 2 давхарт гарч 4 ортой өрөөнд орж амарсан. Ингээд намайг унтаж байхад П.Энхжаргал агсам тавиад орилоод байхаар нь сэрээд би шөнийн 05 цаг өнгөрч байхад явахаар болсон. П.Энхжаргал, Б.Ариунгэрэл бид 3 яваад буудалд Төрбат, Төрөө, Оргил нар үлдсэн байгаа. Машиндаа суугаад би машинаа жолоодоод миний хажуу талд П.Энхжаргал, ард Б.Ариунгэрэл суугаад явж байтал П.Энхжаргал агсам тавиад орилоод байхаар нь би түүнтэй муудалцсан. Б.Ариунгэрэл би алхаад явъя гээд буусан.  Би түүнийг өнгөрөөд 200 орчим метр газар яваад эргэж тойрч буцаж Б.Ариунгэрэлийн явж байгаа замаар яваад Б.Ариунгэрэлийн хажууд очоод “Машинд суучих, уучлаарай” гэхэд Б.Ариунгэрэл машинд суухгүй гээд буцаад амралтын газрын чиглэлд алхсан. Би машинаа ухараагаад суучихаа гэхэд суухгүй гээд буцаад төв замруугаа алхсан. Тэгэхээр нь дахиад урагшлаад суучих гэхэд тэрээр дахин суухгүй гээд амралтын газрын чиглэл рүү алхахад нь би машинаа хойш нь ухараахад Б.Ариунгэрэлийг хальтраад унасан байхыг нь мэдэлгүй түүнийг дайрсан. Би тэр үед юм дайрах шиг болохоор машинаа зогсоогоод П.Энхжаргал машинаас буугаад чи Б.Ариунгэрэлийг дайрсан байна шүү дээ гэхээр нь би машинаас бууж харахад миний жолоодож явсан машины зүүн хойд талын дугуй Б.Ариунгэрэлийн цээжин дээр нь гарсан байсан. Би сандраад машиндаа буцаж суугаад машинаа урагшлуулсан. Б.Ариунгэрэл дээр очиход түүний хажууд П.Энхжаргал зогсоод “Чи хүн алчихлаа шүү дээ гэхэд би Б.Ариунгэрэлд ойртоод түүнийг сонсоход тэрээр амьсгалж байсан. Тэгэхээр нь би Б.Ариунгэрэлийг машины хойд талын суудалд П.Энхжаргалын хамт өргөж оруулаад УБ хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлэгт өглөөний 08 цаг 30 минутын үед ирсэн. Тухайн үед би нэг аяганы дундуур пиво уусан.   П.Энхжаргал, Б.Ариунгэрэл нар бол нилээд согтуу байсан. Анхаарал болгоомжгүй байдлын улмаас зам тээврийн осол болсон. Гранд марк 2 маркийн Э.Хулангийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, явдаг ломбарданд тавьсан байсан. Тухайн үед би Э.Хулангаас “хөдөө “Дуган хад” амралтын газар явчихаад ирье гэж хэлээд явсан ба Э.Хулан өөрөө тээврийн хэрэгслээ өгөхийг зөвшөөрөөд надад машинаа өгсөн байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн 00000134 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Хохирогч Б.Ариунгарэлийг эмнэлэгт хүргэж ирсэнээс хойш эмнэлэгээс гарах хүртэлх хугацаанд эм тариа, эмчилгээ болон өөрт нь хэрэгтэй бүх зүйлсийг авч өгч байсан. Хагалгаанд оруулж, эмчид нь 120,000 төгрөг, өөрт нь бэлнээр 210,000 төгрөг өгсөн байгаа. Миний нэр дээр 83-16 УБР хюндай портер маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл байсан. 2007 онд 800,000 төгрөгөөр худалдаж аваад 2009 онд 1 сая төгрөгөөр зарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-79/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №14972 тоот дүгнэлтэд:

          1. Б.Ариунгэрэлийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний задрал, язрал, хэвлийн хөндий дэх цусан хураа /650мл/ хэвлий, баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 40/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Батбаярын 2016 оны 11 сарын 03ы өдрийн №9413 тоот дүгнэлтэд: 1.2016 оны 10 сарын 29-ний өдрийн 18 цагийн үед авсан Д.Өлзий-Оршихийн цусанд этилийн спиртийн агууламж илрээгүй гэх /хх-ийн 60 тал/

 

Шинжээч Э.Болдмандах мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2016 оны 11 сарын 29-ний өдөр эрүүгийн 201619000827 дугаартай хэрэгт шинжээчийн 134 тоот дүгнэлтийг гаргасан. Гранд марк-2 маркийн 91-30 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Өлзий-Орших нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх буюу жолоочийн үнэмлэхээ  зам тээврийн осол гарах үед авч яваагүй нь зам тээврийн осол гарах шалтгаан болохгүй гэх мэдүүлэг /хх-ийн 72/

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Болдмандахын 2016 оны 11 сарын 29ий өдрийн №00000134 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Д.Өлзий-Орших нь Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн гэж үзэв.

2. Б.Ариунгэрэл нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв.

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөхгүй гэж үзэв.

4. Гранд марк-2 маркийн 91-30 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Өлзий-Орших нь Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчснөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв.

5. Гранд марк-2 маркийн 91-30 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

 6. Шинээр илэрсэн зүйлгүй. /хх-ийн 64 тал/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч И.Ганболор, Э.Эрхэмбаяр, Э.Дэлгэрхүү нарын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №01 тоот бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтэд:

          1.2016 оны 11 сарын 08-ны өдөр эмч шинжээч Г.Ханхүүгийн гаргасан №14972 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

          2. Б.Ариунгэрэл  нь хүүхэд төрүүлэх боломжтой эсэхийг тодруулахад шинжилгээний нэмэлт материал хангалтгүй учир асуултанд хариулах боломжгүй байна.  

         3. Баруун талын 2,6,7,8-р хавирга зөрүүгүй, 3,4,5-р хавирга зөрүүтэй, зүүн 1-6-р хавирга зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

           4. Хэвлийн гэмтэлд элэгний задрал, язрал, хэвлийн хөндий дахь цусан хураа гэх гэмтлүүд хамаарагдана. Харин ходоод гэдэсний шархлаа, улаан хоолойн салстын архаг үрэвсэл, 12 хуруу гэдэсний шархлаа нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид бүрэн гүйцэд эдгэрэх хугацааг нарийн тогтоох боломжгүй гэх /хх-ийн 157/

 

            Бусад баримт сэлт:

 -хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5 тал/,

            -зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-6 тал/,

            -осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7 тал/,

            -гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-9 тал/,

            -эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 14-15 тал /

-эд зүйлийн үнэлгээнд: Цагаан өнгийн Гранд марк-2 маркийн 91-30 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6.500.000 төгрөг гэх /хх-ийн 66/

-эд зүйлийн үнэлгээнд: цүнх, нүүрний будаг, үнэртэй ус, крем, нүүрний тос, хацар өнгөлөгч, гранд-2 маркийн гар утас, нокиа маркийн гар утас, терранова цамц, эмэгтэйчүүдийн лаа зэрэг эд зүйлс нийт 998 төгрөг гэх /хх-ийн 68 тал/,

            -шүүгдэгч Д.Өлзий-Оршихийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад: “Ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-ийн 82 тал/,

- шүүгдэгч Д.Өлзий-Оршихийг 2016 оны 11 сарын 16-ны өдөр сэжигтнээр /хх-75-76 тал/, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар /хх-77-79 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Өлзий-Орших нь 2016 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 04-05 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Дуган хад” амралтын газрын шороон зам дээр Э.Хулангийн эзэмшлийн Тоёота гранд марк-2  маркийн 91-30 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад ухрах үйлдэл хийхдээ МУЗамын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс”  гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Б.Ариунгэрэлийг мөргөж, хэвлий хэсгээр дайрсны улмаас бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулж зам тээврийн осол гарган, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Ариунгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-20/, иргэний нэхэмжлэгч Э.Хулан мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24/, гэрч Б.Баттөр, П.Энхжаргал, Д.Энхжаргал, Д.Ганчимэг, Н.Дашцэрэн нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-27, 30-31, 32, 33-34, 38/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 60, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5 тал/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-6 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-9 тал/,эд зүйл хураан авсан тэмдэглэлд: шар өнгийн хос гутал  хураасан гэх /хх-ийн 184/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Болдмандахын 2016 оны 11 сарын 29-ний өдрийн №00000134 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Батбаярын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн №9413 тоотод 1.2016 оны 10 сарын 29-ний өдрийн 18 цагийн үед авсан Д.Өлзий-Оршихийн цусанд этилийн спиртийн агууламж илрээгүй гэх /хх-ийн 60 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч И.Ганболор, Э.Эрхэмбаяр, Э.Дэлгэрхүү нарын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №01 тоот бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт /хх-ийн 156-157/ шинжээч Э.Болдмандахын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 72/, хохирогч Б.Ариунгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгч Д.Өлзий-Оршихийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Өлзий-Оршихийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Өлзий-Оршиход ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож оногдуулсан болно.

 

            Мөн Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн учир түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Б.Ариунгэрэл нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардал болон бусад зардал нэхэмжилснийг шүүгдэгч Д.Өлзий-Орших нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт 2 900 000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Ариунгэрэл, шүүгдэгч Д.Өлзий-Оршихийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй. Харин цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 19-ний өдрийн Тоёота Гранд марк-2 маркийн 91-30 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Э.Хуланд буцаан олгох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сд 1 ширхэг, хохирлын баримт бүртгэсэн дэвтэр 1 ширхэг зэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт үлдээх, мөн эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн шар өнгийн 1 хос гутлыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Өлзий-Орших нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Цагаан чоно овогт Дашцэрэнгийн Өлзий-Оршихийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Д.Өлзий-Оршихийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

           3.    Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Өлзий-Оршихид оногдуулсан 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Өлзий-Оршихийн тээврийн хэрэгсэл жолоодох 2 /хоёр/ жилийн хугацаагаар  эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Ялтан Д.Өлзий-Орших нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505. 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өлзий-Оршихоос хохиролд нийт 2 900 000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, цаашид хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд, хохирлын баримт бүртгэсэн дэвтэр 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалах хугацаа дуусах хүртэл үлдээх, мөн 1 хос гутлыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 19-ний өдрийн Тоёота Гранд марк-2 маркийн 91-30 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Өлзий-Оршихид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Өлзий-Оршихид оногдуулсан 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

 11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Өлзий-Оршихид хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Д.Өлзий-Орших нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.Өлзий-Оршихид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА