Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2018/0687

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “З” ХХК

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэгч гүйцэтгэгч Ц.Дийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/211 дугаар тушаалын 1 дэх хэсэгт заасан "Уул уурханй сайдын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалын 2 дахь хэсгийн "Шарга-3" гэснийг хассугай" гэх заалтыг хүчингүйд тооцуулах,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “З” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Уул уурхайн сайдын 2015.09.04-ний өдрийн 195 дугаар тушаал болон Газрын тосны газрын даргын 2015.12.31-ний өдрийн 183 дугаар тушаалыг үндэслэн газрын тосны хайгуулын “Шарга-3” талбайд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн.

Нээлттэй сонгон шалгаруулалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласны дагуу “З” ХХК нь газрын тосны хайгуулын “Шарга III” талбайн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, 2016 оны 4 дүгээр сарын 15-нд 16/04 тоотоор сонгон шалгаруултанд оролцох материалаа Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн

2016.11.15-нд 1/1785 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газраас тус компанийн бүрдүүлсэн материалыг сонгон шалгаруулах журмын дагуу хүлээн авч, бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлүүдээр хэлэлцээ хийх болсныг мэдэгдсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын ажлын хэсэг 2016 оны 12 дугаар сарын 19-22 ны өдрүудэд БНХАУ-д ажилласан.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 1-р сарын 17-ны өдрийн 1/387 тоотоор манай компанийг сонгон шалгаруултанд 220.1 оноо авч ялагчаар шалгарсан тул “Шарга-Ш” талбайд байгуулах, бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийн галаар хэлэлцээр хийж, эцэслэн тохиролцох мэдэгдлийг ирүүлсний дагуу 2017 оны 2 дугаар сард Улаанбаатар хотноо бүтээгдэхүүн хуваах гэрээний төсөл дээр хоёр талын төлөөлөл ажиллаж, ерөнхий нөхцөлүүдийн талаар эцэслэн тохирсон.

Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2143 тоот албан бичгээр бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн.

“З" ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 17/08 тоот албан бичиг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хд хүргүүлж, гэрээний хэрэгжилт удааширч, тодорхой бус байдал үүсч байгаа талаар хүсэлт гаргасан.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 1/997 тоот албан бичгээр хариу ирүүлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Дийн тушаалаар газрын тосны хайгуулын Шарга-Ш” талбайг нээлттэй зарлах хэсгийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг цуцалсныг мэдэгдсэн.

Энэ мэдэгдлийг хүлээн аваад “З” ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдөр 2018/0301 тоот албан бичгээр Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд н.Сумъяабазарт гомдол гаргасан.

2018 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 01/1414 тоот албан бичгээр Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайдаас хариу ирүүлж, хууль тогтоомжийн дагуу шүүхэд хандаж, асуудлаа шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн.

“З” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 1-р сарын 4-ны өдөр зарласан газрын тосны хайгуулын “Шарга III” талбайн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад хууль, журмын дагуу оролцож, шалгарсан байхад тодорхой хуулийн заалт үндэслэлгүйгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Д нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/211 дугаар тушаал гаргасан тул эл тушаалын 1 дэх заалтыг хүчингүйд тооцуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаяраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 183 дугаар тушаалаар хайгуулын Шарга-3 талбайг 2016 оны 1 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн нээлттэй зарласан.

Талбайд эхний захиалга 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирсэн тул Газрын тосны газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 97 дугаар тушаалаар захиалга хүлээн авах эцсийн хугацааг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагаар тасалбар болгосон. Хугацаа дуусах үед УИХ-ын 2016 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын дагуу Ашигт малтмал, газрын тосны газар шинээр зохион байгуулагдсантай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/02 дугаар тушаалаар захиалга хүлээн авах эцсийн хугацааг түр түдгэлзүүлж, энэ тухай Шарга-3 талбайд захиалга ирүүлсэн “З” ХХК-д 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1/68 албан тоотоор мэдэгдсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар Шарга-3 талбайд захиалга хүлээн авах эцсийн хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 17:00 цагаар тасалбар болгосны дагуу, захиалгыг хаахад “З” ХХК-иас өөр компани захиалга ирүүлээгүй байсан тул Ашигт малтмал, газрын тосны газын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/27 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж “З” ХХК-ийн хайгуулын Шарга-3 талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын (үйл ажиллагаа явуулахаар ирүүлсэн захиалгын материалыг судалж, хянан захиалагчаас Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлд өгсөн санал болон гэрээнд холбогдох бусад асуудлаар хэлэлцээ хийж, дүгнэлт гаргасан.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар байгуулсан үнэлгээний хороо 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ; ажлын хэсгийн дүгнэлтийг нягтлан шалгаж, захиалгад үнэлгээ хийж "З" ХХК-ийг ялагчаар тодруулсан. Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 3/6700 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хандсан. Уг албан бичигтээ: “Газрын тосны хайгуулын Шарга-3 талбайтай холбоотой шүүхийн маргаан нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 233 дугаар шийдвэрээр эцэслэн шийдэгдсэн тул уг талбайн сонгон шалгаруулалт дахин явуулах эсэх талаар чиглэл өгнө үү” гэжээ.

Ингээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 02- ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/211 дүгээр тушаал гарсан. Уг тушаалын үндэслэх хэсэг нь: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.”, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “газрын тосны тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;” мөн зүйлийн 8.1.4-т “хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах;" дэх заалтыг тус тус үндэслэсэн. Тушаалын 1 дэх заалтад: “Уул уурхайн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 195 дугаар тушаалын 2 дахь хэсгийн “Шарга-3” гэснийг хассугай” гэсэн тушаал гаргасан.

Ашигт малтмал, газрын тосны газар шинээр зохион байгуулагдсантай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 25- ны өдрийн А/02 дугаар тушаалаар захиалга хүлээн авах эцсийн хугацааг түр түдгэлзүүлж, улмаар мөн оны 11 дүгээр сарын 8-ны өдөр тушаал гарган захиалга хүлээн авах эцсийн хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 9-ны өдрийн 17:00 цагаар тасалбар болгосон байна. Талбайд эхний захиалга ирснээс хойш нийт 120 гаруй хоногийн дараа материал хүлээн авсан нь Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасан “Хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хүртэл хоног байх бөгөөд хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор захиалга хүлээн авах эцсийн хугацааг төрийн захиргааны байгууллага зарлана.” хэсгийг зөрчсөн байна. Захиалга хүлээн авах эцсийн хугацааг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр түдгэлзүүлсэн хэдий ч 2016 оны 11 дүгээр сарын 8-нд гэнэт сэргээж ердөө 1 хоногийн хугацаанд захиалга хүлээн авахаар заасан нь сонгон шалгаруулалтад компаниуд оролцох боломжийг хаасан бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах үндсэн шалгуур, шаардлагыг хангаагүй байна.

Дээр дурдсан үндэслэл болон холбогдох бусад материалыг судлан үзсэний үндсэн дээр Шарга-3 талбайд дахин нээлттэй сонгон шалгаруулалт зарласан Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 4-ны өдрийн 195 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

Иймд “З” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “З” ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н тус шүүхэд хандаж “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Дийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/211 дүгээр тушаалын 1 дэх хэсгийн 1-д заасан Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар  тушаалын 2 дахь хэсгийн “Шарга-3” гэснийг хассугай” заалтыг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүх хуралдааны явцад уг шаардлагаа “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Дийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/211 дүгээр тушаалын 1 дэх хэсгийн 1-д заасан Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар  тушаалын 2 дахь хэсгийн “Шарга-3” гэснийг хассугай” заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”-аар тодруулсан болно.

Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах, хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тухай” тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 425 дугаар тогтоолыг үндэслэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дугаар тушаалын 1 дүгээр зүйлийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож,  2 дахь заалтаар газрын тосны хайгуулын “Шарга-3”...талбайд дахин нээлттэй сонгон шалгаруулалт явуулах, нээлттэй сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнд үүрэг болгож...шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоол, түүнийг үндэслэн гарсан Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Ашигт малтмал газрын тосны газрыг өөрчлөн байгуулсан, тус газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн а/61 дүгээр “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал гарсан үйл баримтууд тогтоогдов.

Түүнчлэн Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 183 дугаар тушаалаар Шарга-3 талбайд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн сонгон шалгаруулалт явуулах тухай мэдээллийг олон улсад нээлттэй зарласан, нэхэмжлэгч З ХХК 2016 оны 6 дугаар сарын 28-нд сонгон шалгаруулалтанд оролцох материалаа ирүүлсэн,  мөн газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 97 дугаар тушаалаар  захиалга авах эцсийн хугацааг 8 дугаар сарын 26-ны өдөр болгож сунгасан, уг хугацаа дуусах үед гарсан Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/02 дугаар “Захиалга хүлээн авах эцсийн хугацааг түр түдгэлзүүлэх тухай” тушаалаар “...ашигт малтмал газрын тосны газрын ажлын байрны томилгоо хийгдээгүй” гэх үндэслэлээр Шарга-3 талбайд захиалга авах хугацааг түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, улмаар уг тушаалыг гарахаас өмнө үйлчилж байсан, тус Газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 97 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон, энэ тухай нэхэмжлэгч “З” ХХК-д мэдэгдсэн үйл баримтууд мөн тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.

Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/24 дүгээр “Газрын тосны хайгуулын Шарга-3 талбайд захиалга хүлээн авах эцсийн хугацааг зарлах тухай”  тушаалаар Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалыг үндэслэн хайгуулын Шарга-3 талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах захиалга хүлээн авах хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17.00 цагаар тасалбар болгож...энэ тушаал гарсантай холбогдуулж Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/02 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.

Газрын тосны хайгуулын Шарга-3 талбайн сонгон шалгаруулалтанд “З” ХХК-иас өөр компани захиалга ирүүлээгүй байх ба Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн а/27 дугаар тушаалаар “З” ХХК-ийн ирүүлсэн захиалгын материалыг судлах, хянах, захиалагчаас ирүүлсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд оруулах саналаар хэлэлцээ хийх, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Уг ажлын хэсгээс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалаар батлагдсан “гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам”-ын холбогдох заалтыг үндэслэн “З” ХХК-ийн хайгуулын Шарга-3 талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах тухай захиалгыг гэрээлэгчийн сонгон шалгаруулалтанд оруулах нь зүйтэй гэж үзэж, улмаар тус компанийн ирүүлсэн захиалгын материалыг Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2016 оны А/61 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо /нарийн бичгийн дарга Н.М/-нд хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч компани 2016 оны 12 дугаар сарын 22-нд эцсийн байдлаар битүүмжилсэн саналаа хүргүүлжээ.

Үнэлгээний хорооны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны дүгнэлтээр “З” ХХК-ийн саналыг “Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу үнэлэхэд 220,1 оноо авч, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах нөхцөл бүрдсэн болно” гэж дүгнэсэн, уг дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн а/96 дугаар “Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулсан тухай” тушаалаар Шарга-3 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах гэрээлэгчийн сонгон шалгаруулалтанд 220,1 оноо авч шалгарсан "З" ХХК-ийг ялагчаар тодруулах, дүнг нэхэмжлэгчид мэдэгдэх, бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийн талаар хэлэлцээ хийж эцэслэн тохиролцохыг а/27 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг /Д.А/-т үүрэг болгож ажлын хэсгийн ажиллах удирдамжийг баталжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 233 дугаар шийдвэрээр “Т” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох хэргийг хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэнгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2017 оны 9 дүгээр сарын 19-нд хандаж “...Шарга-3 талбайтай холбоотой маргаан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул уг талбайн сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэх талаар чиглэл өгнө үү” гэж хандсан байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 01/2143 дугаар бүхий “Сонгон шалгаруулалтыг цуцлах тухай” албан бичгээр хариу өгөхдөө “...захиргааны хэргийн шүүхээр  маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т зааснаар яамнаас чиглэл авалгүйгээр сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулсан,  талбайд эхний захиалга ирснээс хойш 120 гаруй хоногийн дараа материал хүлээж авсан, мөн хуулийн 20.1 дэх хэсгийг зөрчсөн, түдгэлзүүлсэн хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 08-нд гэнэт сэргээж ердөө нэг хоногийн хугацаанд захиалга хүлээж авахаар заасан нь нээлттэй сонгон шалгаруулалт явуулах үндсэн шалгуур, шаардлагыг хангаагүй...” тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгосон тушаалыг хавсралтаар хүргүүлж байна гээд ...Шарга-3 талбайд сонгон шалгаруулалт явуулсантай холбоотой шийдвэрүүдээ хүчингүй болгож сонгон шалгаруулалтыг цуцлан холбогдох...компанид хариу өгч шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн хариу өгч уг албан бичгийн хавсралтаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/211 дүгээр “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалыг хавсарган хүргүүлжээ.

Уг тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.4 дэх заалтуудыг үндэслэсэн бөгөөд 1 дэх заалтаар Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалын “Шарга-3” гэсэн хэсгийг хассугай гэж шийдвэрлэн тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг...Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Бнарт үүрэг болгосон байна.

Нэхэмжлэгч “З” ХХК-иас уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ “...сонгон шалгаруулалтад шалгарч бүтээгдэхүүн хуваах гэрээний төслөө 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Уул уурхайн яаманд хүргүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хд хүсэлт хүргүүлснээр 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/997 тоот албан бичгээр уг тушаалыг мэдсэн,...тодорхой хуулийн заалт, үндэслэлгүйгээр гаргасан” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь газрын тосны асуудлаар дараахь чиг үүрэгтэй, үүнд 8.1.4 дэх хэсэгт “хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах”, 8.1.3-д “...гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам батлах” болон 8.1.5-д “хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, хугацааг нь сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” чиг үүрэгтэй гэж зааснаас үзвэл Шарга-3 талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын нээлттэй сонгон шалгаруулалт зарлах эсэх асуудал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эрхлэх чиг үүрэгт, өөрөөр хэлбэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрх хэмжээнд хамаарч байна

Түүнчлэн Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хүртэл хоног байх бөгөөд хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор  захиалга хүлээн авах эцсийн хугацааг төрийн захиргааны байгууллага зарлана” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “төрийн захиргааны байгууллага гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу үнэлгээ хийж энэ хуулийн 17.3-т заасан үндсэн нөхцлөөс Засгийн газарт хамгийн ашигтай санал ирүүлсэн захиалагчийг ялагчаар тодруулан энэ тухай сонгон шалгаруулалтад оролцогчдод мэдээлнэ”, мөн зүйлийн 21.2-т “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 21.1-д заасан сонгон шалгаруулалтын ялагчтай бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг тохиролцож энэ хуулийн 17.5-д заасан шийдвэр гарсан тохиолдолд энэ хуулийн 17.6-д заасны дагуу гэрээ байгуулна” гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 17.3-т заасан төслийг хүлээн авмагц 21.2-т заасан этгээдтэй 60 хоногийн дотор гэрээний төслийн талаар хэлэлцээ хийж эцэслэн тохиролцсон төслийг төрийн захиргааны төв байгуулагад хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

Дээр дурдсан хуулийн заалтуудаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газар нь газрын тосны хайгуулын Шарга-3 талбайд нээлттэй сонгон шалгаруулалт явуулахдаа төрийн захиргааны төв байгууллагаас чиглэл авалгүйгээр сонгон шалгаруулалт явуулсан, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зарлаад 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгохоор шийдвэрлэсэн нь тухайн сонгон шалгаруулалтад бусад оролцогчид тэгш оролцох, ил тод өрсөлдөх боломжийг хаасан, Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалаар сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсний дагуу эхний захиалга ирснээс хойш захиалга хүлээн авах эцсийн хугацааг зарлахаар заасан хуулийн хугацааг хэтрүүлсэн, сонгон шалгаруулалтад зөвхөн нэг этгээд санал ирүүлсэн байхад уг саналыг хэрхэн харьцуулж Засгийн газарт хамгийн ашигтай санал ирүүлсэн гэж үнэлсэн нь тодорхойгүй зэргээр хуулийн 8.1.4, 17.4, 20.1, 21.1 дэх заалтуудыг зөрчсөн нь тогтоогдож байна.

Түүнчлэн уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь газрын тосны тухай хууль тогтоомж, Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах болон Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалаар батлагдсан “Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам”-ыг баримтлан ажиллах үүрэгтэй байх боловч уг журмын 2 дугаар зүйлийн 2.2.10-д “тухайн зарласан талбайн бүх захиалга нь холбогдох хууль болон энэхүү журамд нийцээгүй тохиолдолд уг талбайг дахин нээлттэй зарлуулах хүсэлтийг Төрийн захиргааны байгууллагаас Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж зааснаар дахин нээлттэй зарлуулах хүсэлтийг Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэлгүй журмыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл аливаа “сонгон шалгаруулалт”-ын агуулга нь тухайн шалгаруулалтад оролцогч этгээдийг бусад оролцогч этгээдүүдтэй харьцуулан үнэлснээр дурдсан шалгуурыг хамгийн сайн хангаж буй этгээдийг шалгаруулахад орших учиртай атал нэг этгээдийн ирүүлсэн саналыг ямар ч харьцуулалтгүйгээр хамгийн сайн гэж үнэлэх нь “шалгаруулалт явуулсан” гэж үзэхэд учир дутагдалтай.

Ийнхүү хууль зөрчсөн нь тогтоогдсон тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/211 дүгээр “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалын 1 дэх заалтаар Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалын “Шарга-3” гэсэн хэсгийг хасахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Маргаан бүхий захиргааны актаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд нь “Шарга-3” талбайд сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгосон хэдий ч уг тушаалыг үндэслэн төрийн захиргааны байгууллагаас тухайн талбайд явагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон талаар захиргааны акт гаргаагүйг, төрийн захиргааны төв байгууллагаас тухайн талбайд дахин сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд нэхэмжлэгч компанийн оролцох эрхийг энэ шүүхийн шийдвэр хөндөхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1,  106.3.14 дэх хэсэгт заасныг Удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 17 дугаар зүйлийн 17.4, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1 -д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн гаргасан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Дийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/211 дүгээр тушаалын 1 дэх хэсгийн 1-д заасан Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар  тушаалын 2 дахь хэсгийн “Шарга-3” гэснийг хассугай” заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй..

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН