| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/2018/1060/З |
| Дугаар | 128/ШШ2019/0058 |
| Огноо | 2019-01-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2019/0058
| 2019 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 128/ШШ2019/0058 | Улаанбаатар хот |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух Ц.Б
Хариуцагч:Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолын 1, 2, 3, 5 дахь хэсгийн Ц.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Д.Ж, С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ч.Ж нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: Миний бие 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл үндэсний бөхийн спортоор хичээллэж, Үндэсний их баяр наадамд 6 дахь жилдээ барилдаж байгаа бөгөөд 2009 онд Дорноговь аймгийн баяр наадамд тав давж, аймгийн начин, 2011 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн харцага, 2013 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж, аймгийн начны чимэг, 2013 онд Говь-Алтай аймгийн наадамд үзүүрлэж, аймгийн заан, 2015 он, 2016 онуудад Налайх хотын баяр наадамд түрүүлж, аймгийн хурц арслан, 2017 онд мөн Налайх хотын баяр наадамд үзүүрлэн, зааны чимэг нэмж, Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн зарлигаар Монгол Улсын начин цол хүртсэн.
Ц.Б нь үндэсний спортоор хичээллэж эхэлсэн цагаас хойш ямар нэгэн хориотой бодис хэрэглэж байгаагүй. Гагцхүү бэртэл, гэмтлийн улмаас ууж, хэрэглэж байсан эмнээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэдгийг сэргээшийн шинжилгээний хариуг танилцуулахад мэдсэн.
2013 онд бэлтгэлийн үед зүүн өвдөгний чагтан холбоос бүрэн тасарч, БНСУ-д донорын чагтан холбоос суулгах мэс засалд орж, мөн 2014 онд барилдааны явцад баруун өвдгөндөө бэртэл авч, Монгол Хюндай эмнэлэгт баруун өвдөгний чагтан холбоосыг солиулж, мениск диск засуулах мэс засал хийлгэсэн ба уг хагалгааны дараах хүндрэлээс шалтгаалж венийн судасны бөглөрөл үүсэж, 2015 оны 10 дугаар сард БНСУ-д бөглөрөл сэтлүүлэх мэс засалд орж байсан. Миний 2 өвдөг хоёулаа хагалгаатай учир барилдаж байгаад бэртэл, гэмтэл авбал дахин хагалгаанд орох боломжгүй гэсэн эмчийн заалттай учир улирал тутам нөхөн сэргээх эмчилгээг зөвхөн эмч, эмнэлгийн байгууллагын хяналтанд хийлгэж байсан хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан. Түүнээс нэхэмжлэгч өөрийн санаачлагаар хэрэглээд, эсхүл сэргээшийн шинжилгээний дараа сорьц нь эерэг гарангуут бэртэл, гэмтэлтэй гэдэг шалтгаан нөхцөл хэлж, асуудлаас чөлөөлөгдөх гээд байгаа асуудал байхгүй.
Дээрх нөхцөл байдлыг Допингийн эсрэг үндэсний төвийн холбогдох эмч нарт танилцуулахад Баримтуудаа бүрдүүлж ир, чиний нөхцөл байдал гайгүй юм байна. Бараг чөлөөлөгдөх байх гэсний даруу холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. В сорьц нь цаг хугацаа авсан асуудал гэж бодоод В сорьцын шинжилгээ өгөөгүй.
Бөхийн өргөөнд 2, 3 жилийн өмнө сургалт зохион байгуулагдаж байсан тул хориотой бодисын төрлийг ерөнхийдөө мэднэ. Гэхдээ уралдаан, тэмцээн болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ гаргаж, дүгнэлт гаргуулдаг, эмчилгээний зорилгоор хэрэглэсэн бол чөлөөлдөг гэдгийг мэдээгүй. Мэдсэн бол хүсэлтээ хугацаанд нь гаргаж, холбогдох материалаа гаргаж өгөх боломжтой байсан. Энэ талаар холбогдох эрх бүхий яам, Допингийн эсрэг үндэсний төв нь тамирчдад сурталчлан таниулах үүргээ гүйцэтгэдэггүй. Хэрвээ нэхэмжлэгч энэ нөхцөл байдлыг мэдэж байсан бол баяр наадам болохоос өмнө 30-аас доошгүй хоногийн дотор эм, бэлдмэл хэрэглэж байгаа талаарх баримтаа бүрдүүлж өгөх боломжтой байсан. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэнийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, 06 дугаар тогтоолоор Ц.Б-ын Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давсныг хүчингүй болгож, улмаар улсын начин цолыг хасах, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах эрхийг 2 жилээр хасах шийтгэлийг ногдуулсан нь нэхэмжлэгчийн нэг зөрчилд нь хариуцлагын арга хэмжээг давхардуулан ногдуулж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг, сонирхлыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөхөд ... дараахь шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан байхад баяр наадамд барилдах эрхийг 2 жилээр хасаж, улсын начин цолыг хасах шийтгэлийг давхардуулан ногдуулсан.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 06 дугаар тогтоол нь захирамжилсан шинжтэй, тодорхой нэг тохиолдлуудыг зохицуулж, иргэний хууль ёсны эрх, ашиг, сонирхлыг зөрчиж байгаа учраас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг явуулах ёстой. Гэтэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь комиссын шийдвэр, дүгнэлт, шийдвэрийн талаар эрх нь зөрчигдөж буй этгээдэд буюу Ц.Б-т мэдэгдээгүй, сонсох ажиллагааг хийгээгүй. Ц.Б нь маргаан бүхий тогтоолыг сайтаас мэдэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-той утсаар ярьж, тогтоолтой танилцах хүсэлт тавьсны үндсэн дээр танилцсан учраас захиргааны акт хуульд үндэслэх гэсэн шалгуур нөхцөл байдлыг хангаж, бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 06 дугаар тогтоолын 1, 2, 3, 5 дахь хэсгийн Ц.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Д.Ж, С.М нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 барилдсанаас улсын аварга 5, улсын арслан 9, улсын гарьд 6, улсын заан 9, улсын харцага 17, улсын начин 42, аймаг, цэргийн арслан 99, аймаг, цэргийн заан 20, аймаг, цэргийн харцага 19, аймаг, цэргийн начин 46, сумын цолтон, залуу бөх 155, цэргийн бөх 85 тус тус барилдсан.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 12 дугаар зүйлийн 12.4.5 дахь заалтыг үндэслэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2018 оны 04 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журам, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-д заасны дагуу үндэсний бөхийн барилдаанд тав буюу түүнээс дээш давсан нэр бүхий 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлыг зохион байгуулсан.
Нэхэмжлэгч Ц.Б-ын хувьд тухайн үед сэргээшийн шинжилгээ авахад тэрээр ямар нэг маргаан гаргаагүй бөгөөд тухайн үед хэрэглэж байсан эмийн төрлийн бодисуудыг бүгдийг нь бичиж өгсөн байдаг.
Допингийн эсрэг олон улсын агентлагийн итгэмжлэгдсэн 19 лабораторийн Зүүн өмнөд азид байрлах БНСУ-ын лабораторт шөвгийн 16 бөх, сурын 3, нийт 19 тамирчны шинжилгээг илгээсэн.
Уг төвөөс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын шинжилгээний төвөөс Монголын допингийн эсрэг үндэсний төвд ирүүлсэн 3729515 дугаар бүхий шинжилгээний сорьц, мөн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн 3729517, 3730222 дугаар бүхий нэр бүхий 3 бөхийн шинжилгээний сорьцоос сэргээшийн төрлийн /ANABOLIC/ бодис илэрсэн тухай дүгнэлтийг тус тус ирүүлсэн. Энэ төрлийн бодис нь дэлхийн Допингийн эсрэг агентлагийн бүх цаг үед хориглож ирсэн бодис байдаг.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний бөхийн салбар хороог толгойлж ажилладаг, Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн даргын хувьд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бөхчүүдэд шинжилгээний хариуг нь танилцуулж, гарын үсэг зуруулсан бөгөөд шинжилгээний үр дагаврыг мэдэгдэж, В сорьцыг дахин шинжлүүлэх эсэх талаар тодруулахад 2 бөх татгалзаж, 1 бөх дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргасан учраас сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч Ц.Б-ын хувьд дахин шинжилгээ хийлгэхээс татгалзсан бөгөөд 2015 онд БНСУ-д өвчний учир хагалгаанд орж, үүний улмаас декаволин гэдэг эм хэрэглэж байсан, уг эмийн найрлагад сэргээшийн төрлийн бодис ордог тул чөлөөлж өгөх тухай хүсэлтийг Допингийн эсрэг үндэсний төвийн эмчилгээний зорилгоор чөлөөлөх комисст хандсан.
Допингийн эсрэг төвийн эмчилгээний зорилгоор чөлөөлөх комиссын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын шийдвэрээр Ц.Б-ын хэрэглэж байсан Декаволин гэдэг эмний найрлагад анаболик гормоны найрлагатай байгаа боловч Эмчилгээний зорилгоор чөлөөлөх олон улсын стандартын 6.1-д тухайн ...тамирчин дараагийн тэмцээн эхлэхээс хамгийн багадаа 30 хоногийн өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх ёстой гэж заасныг, мөн Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журмын 4.2-д энэ журмын 4.1 дэх хэсэгт заасан этгээд баяр наадмыг зохион байгуулах хорооноос баталсан сэргээшийн шинжилгээний жагсаалтад буй хориотой бодисыг хэрэглээгүй тухай батламжийг дээж цуглуулах бүрэлдэхүүнд гаргаж өгнө гэж заасныг тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл Ц.Б нь эмчилгээний зорилгоор сэргээшийн төрлийн найрлагатай эм хэрэглэж байсан тухайгаа Үндэсний их баяр наадам зохион байгуулагдах өдрөөс 30 хоногийн өмнө мэдэгдэж, Үндэсний их баяр наадмын үеэр өгсөн шинжилгээний явцдаа сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглээгүй тухай батламж гаргахдаа дурдаагүй гэж үзэж, Допингийн эсрэг төвийн эмчилгээний зорилгоор чөлөөлөх комиссоос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 79 тоот албан бичгийг ирүүлсэн.
Ц.Б-ын хувьд эмчилгээ хийлгэсэн байж болно. Хамгийн гол нь цаг хугацаанд нь материалаа бүрдүүлээд холбогдох байгууллагад нь мэдэгдсэн бол маргаан үүсэхгүй байж болох байсан.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь Үндэсний бөхийн салбар хороо болон албан ёсны шинжилгээний дүгнэлтийг үндэслэж, хуульд заасан шийдвэрийг гаргасан болохоос Ц.Б-ыг сэргээш хэрэглэсэн эсэх талаар хэлэлцээгүй. Энэ асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан, гагцхүү салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвийн саналыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцэж, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсгийг үндэслэн Ц.Б-ын улсын начин цолыг хурааж, барилдах эрхийг 2 жилээр хасах санал гаргаж, хэлэлцүүлсэн бөгөөд хурлын шийдвэрээр барилдах эрхийг 2 жилээр хасаж, улсын начин цолыг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан хамтын шийдвэр бөгөөд давхардуулан хариуцлага ногдуулсан зүйл байхгүй.
Нэхэмжлэгч Ц.Б нь би мэдээгүй, тухайн үед эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн гэж байгаа боловч Үндэсний бөхийн салбар хороо бүх бөхийн галуудаар явж сургалт, сурталчилгаа хийдэг. Мөн Үндэсний Допингийн эсрэг байгууллага болон Биеийн тамир, спортын газрын дэргэдэх спортын сэргээн засах эмчилгээний төвөөс бүх тамирчдад сургалт, сурталчилгаа явуулдаг
Мөн Допингийн олон улсын стандартаар В сорьцын хариу иртэл тухайн бөх /тамирчин/-ийн нэрийг зарлаж болохгүй учраас нэр бүхий 3 бөхийн нэрийг зарлахгүй хүлээж байгаад, В сорьцын дүгнэлт ирсний дараа Салбар хорооноос гарсан шийдвэрийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн учраас мэдээгүй гэх үндэслэл байхгүй.
Шүүхийг сэргээшийн төрлийн бодистой холбоотой асуудлыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Учир нь сэргээш нь маш их хор уршигтай. Өнгөрсөн онд 197 тамирчнаас Үндэсний Допингийн эсрэг байгууллага шинжилгээ авахад 11 тамирчнаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн. Үүнээс 2, 3 тамирчин нь их спорт буюу жүдо, чөлөөт бөхийн тамирчин бусад 9 тамирчин нь үндэсний бөх байсан. Энэ нь үндэсний бөхийн түргэн, хурдан, амар хялбар аргаар цолонд хүрэх гэсэн хандлагыг харуулж байна. Үндэсний бөхчүүд нь Монгол Улсын маш том уламжлалт соёлын өв тээгч юм. Энэ сайхан монгол эрчүүдийн генийг тээж байгаа хүмүүс цаашид сэргээш хэрэглээд яваад байвал хувь хүн болоод үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын санд сөрөг нөлөө үзүүлнэ.
Иймд Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолын 1, 2, 3, 5 дахь хэсгийн Ц.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2018 оны 06 дугаар тогтоолоор Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 178 дугаар тогтоолоор батлагдсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм-ийн 9.3.5, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрмийн 4.2, Допингийн эсрэг үндэсний төвийн 2018 оны 72, 76, 80, 92 тоот албан бичгээр ирүүлсэн 3729515, 3730222, 3729517 дугаар бүхий сэргээшийн шинжилгээний хариу, Үндэсний бөхийн салбар хорооны 2018 оны 18 тоот албан бичиг, Допингийн эсрэг төвийн эмчилгээний зорилгоор чөлөөлөх комиссын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн нэг дэх заалтаар улсын начин Ц.Б-ын үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давсныг хүчингүйд тооцож, хоёр дахь заалтаар улсын начин Ц.Б-ын Үндэсний их баяр наадамд барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, гурав дахь заалтаар улсын начин Ц.Бяба-Очирт өвдөг шороодсон улсын арслан Э.Оюунболдыг Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давсанд тооцож, тав дахь заалтаар улсын начин Ц.Б-т олгосон улсын начин цолыг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар маргаж байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ...үндэсний спортоор хичээллэж эхэлсэн цагаас хойш ямар нэгэн хориотой бодис хэрэглэж байгаагүй бөгөөд бэртэл, гэмтлийн улмаас байнгын эмчийн хяналтанд байж, эмчилгээ хийлгэж байсан бөгөөд хэрэглэж байсан эмнээс сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн болохыг сэргээшийн шинжилгээний хариутай танилцаад мэдсэн. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан зөрчлийн аль нэгийг хэрэглэхээр заасан байхад баяр наадамд барилдах эрхийг 2 жилийн хугацаатай хасч, улсын начин цолыг хасах шийтгэлийг давхардуулан ногдуулсан. Нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн шийдвэрийг гаргахаасаа өмнө сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулаагүй гэж, хариуцагч нь ... Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс хууль, журмын дагуу сэргээшийн шинжилгээг авсан бөгөөд Олон улсын итгэмжлэгдсэн эрх бүхий лабораторийн шинжилгээгээр 3730222 дугаар бүхий сорьцоос сэргээшийн төрлийн бодис илэрсэн талаар дүгнэлтийг ирүүлсэн. Ц.Б-т сэргээшийн шинжилгээний хариуг танилцуулж, гарах үр дагаврыг мэдэгдэж, дахин шинжилгээ /В сорьц/ өгөх эсэхийг асуухад шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч В сорьц өгөхөөс татгалзсан. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр сэргээшийн төрлийн бодис илэрсэн болох нь тогтоогдсон, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс ирүүлсэн санал, дүгнэлтийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаанаар хэлэлцэж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрээ гаргасан гэж маргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Б нь Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын начин цолыг олгожээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхийг ... сэргээшийн шинжилгээнд заавал оруулна гэж заасны дагуу Ц.Б нь сэргээшийн шинжилгээг өгсөн, Ц.Б-ын 3730222 дугаартай дээжнээс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан Хориглосон жагсаалт-2018-д орсон бүх цаг үед хэрэглэхийг хориглосон S1.1B Endogenous AAS /19-Norandrosterone анаболик бодис илэрсэн бөгөөд тэрээр шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч, дахин шинжилгээ /В сорьц/ өгөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Ц.Б нь бэртэл, гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байсан, энэ талаарх баримтыг Эмчилгээний зорилгоор чөлөөлөх олон улсын стандарт-ын 6.1-д зааснаар тэмцээнээс хамгийн багадаа 30 хоногийн өмнө эмчилгээний зорилгоор зөвшөөрөл авах өргөдлийг гаргах ёстой байтал сэргээшийн шинжилгээний хариу гарсны дараа Допингийн эсрэг төвийн эмчилгээний зорилгоор чөлөөлөх комисст өргөдлөө гаргасан, уг өргөдлийг тус комиссын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар хэлэлцэж, Эмчилгээний зорилгоор чөлөөлөх олон улсын стандартын 6.1-д заасан хугацааг хэтрүүлсэн тул эмчилгээний зорилгоор чөлөөлөх үндэслэлгүй гэж үзсэн, уг шийдвэрийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар албан бичгээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон, хэргийн оролцогч нар энэ талаар маргаагүй байна.
Хариуцагч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь сэргээшийн шинжилгээний хариу, Допингийн эсрэг төвийн эмчилгээний зорилгоор чөлөөлөх комиссын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын шийдвэр, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 76, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар албан бичиг зэргийг үндэслэн Ц.Б-ын Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давсан давааг хүчингүйд тооцож, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах эрхийг 2 жил буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хасаж, улсын начин цолыг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д Зохион байгуулах хороо нь баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 12.4.1-д улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх, 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 14.1.3-д баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах, 14.3-д Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасантай нийцсэн, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд
гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл А сорьцын шинжилгээгээр Ц.Б-ын сорьцод допингийн төрлийн бодис илэрсэн нь тогтоогдсоныг хариуцагч маргаан бүхий тогтоолыг гаргахдаа үндэслэлээ болгож заасан, тэрхүү шинжилгээний хариу хүчинтэй байхад маргаан бүхий тогтоолыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариуцлагыг давхардуулсан ногдуулсан гэсэн тайлбар үндэслэлгүй юм.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тогтоолоор батлагдсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн[1] 2.1-д Улсын наадмын үндэсний бөхийн барилдааныг Бөхийн салбар хороо хариуцан зохион байгуулна гэж заасны дагуу Үндэсний бөхийн салбар хороо нь сонсох, мэдэгдэх ажиллагааг явуулж, А сорьцын шинжилгээний хариуг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Б-т танилцуулж, захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах бололцоог олгосны үндсэн дээр нэхэмжлэгч Ц.Б нь Допингийн эсрэг төвийн эмчилгээний зорилгоор чөлөөлөх комисст өргөдөл, эмчилгээ хийлгэж байсан талаарх холбогдох баримтыг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь ...уралдаан, тэмцээн болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ гаргаж, дүгнэлт гаргуулдаг, эмчилгээний зорилгоор хэрэглэсэн бол чөлөөлдөг гэдгийг мэдээгүй. Энэ талаар холбогдох эрх бүхий яам, Допингийн эсрэг үндэсний төв нь тамирчдад сурталчлан таниулах үүргээ гүйцэтгэдэггүй. Мэдэгдсэн бол хүсэлтээ хугацаанд нь гаргаж, холбогдох материалаа гаргаж өгөх боломжтой байсан гэж тайлбарлаж байх боловч дээрх ажиллагаа нь хариуцагч байгууллагын чиг үүрэг, маргаан бүхий акттай холбоогүй тул дээрх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Ц.Б-оос авсан допингийн шинжилгээгээр сэргээшийн төрлийн бодис илэрсэн, шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч В сорьцын шинжилгээ өгөөгүй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь Ц.Б-ын тав давсан давааг хүчингүйд тооцож, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах эрхийг 2 жил буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хасч, Улсын начин цолыг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3, 14.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3, 14.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолын 1, 2, 3, 5 дахь хэсгийн Ц.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН