Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2019/0212

 

 

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц, өмгөөлөгч М.Б, Ч.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Р.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0058 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б-ын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0058 дугаар шийдвэрээр: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3, 14.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолын 1, 2, 3, 5 дахь хэсгийн Ц.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” №06 тоот тогтоолын 1/ дэх заалтаар “... улсын начин Ц.Б-ын үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давсныг хүчингүйд тооцож”, 2/ дахь заалтаар “...улсын начин Ц.Б-ын үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах эрхийг 2 жил буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар хасах”, 5/ дахь заалтаар “ ...улсын начин Ц.Б-т олгосон улсын начин цолыг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх”-ээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, дээрх асуудлыг шүүхээс нэг бүрчлэн шалган тогтоогоогүйд гомдолтой байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй талаар маргасан бөгөөд шүүхийн шийдвэрт А сорьцын шинжилгээний хариуг танилцуулсны үндсэн дээр Допингийн эсрэг төвийн эмчилгээний зорилгоор чөлөөлөх комиссод өргөдөл, эмчилгээ хийлгэж байсан талаарх холбогдох баримтыг гаргасныг сонсох ажиллагаа хийсэн мэтээр дүгнэсэнтэй санал нийлэх боломжгүй юм. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах харилцааг тусгайлан зохицуулсан бөгөөд уг ажиллагааг захиргааны акт гаргах захиргааны байгууллага өөрөө явуулахаар зохицуулсан.

Гэтэл шүүхээс Допингийн эсрэг төвд хандсан нэхэмжлэгчийн хүсэлтийг сонсох ажиллагааны хүрээнд хийгдсэн ажиллагаа мэтээр тайлбарласан нь хуульд нийцээгүй, Допингийн эсрэг төвийн хурлын протоколд дурдсан асуудал буюу “Декаволин хэмээх эмийг нэхэмжлэгч хэний шийдвэрээр, ямар зорилгоор хэрэглэж байсан талаар сонсох ажиллагаа явуулж, бодит нөхцөл байдлыг тогтоох” үүрэгтэй байжээ.

Өөрөөр хэлбэл, тус протоколд САУЭШ-ний албаны дарга, Эмчилгээний зорилгоор чөлөөлөх комиссын дарга Ч.Н, комиссын гишүүн Д.Э нар нь “уг эмийг амбулаторын картан дээр бичигдсэнээр Декаволин гэдэг эмийг хэрэглэсэн байна, энэ эмийг ямар зорилгоор, хэн гэдэг эмч, ямар оноштойгоор хэрэглэснийг тодорхой болгох хэрэгтэй” тухай дурдсан байдаг. Дээрх үндэслэлийн хүрээнд энэ нөхцөл байдлыг тогтоохоор захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулах, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах зэрэг хуульд заасан ажиллагааг явуулсны эцэст иргэний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэх ёстой байжээ. Энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй нь хууль бус юм.

Маргаан бүхий актаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.3-д зааснаар улсын начин Ц.Б-ын үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давсныг хүчингүйд тооцож, Үндэсний их баяр наадамд барилдах эрхийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хасаж, Ц.Б-т олгосон улсын начин цолыг хасах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж шийдсэн.

Дээрх актаар нэг зөрчилд хариуцлага давхардуулан ногдуулсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн энэхүү үндэслэлд огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан үүргийг биелүүлээгүй гэж үзэж мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д зааснаар баяр наадамд оролцох эрхийг хасах шийтгэл ногдуулсан хирнээ хуульд заагаагүй эрхийг эдэлж, түүний баяр наадамд тав давсныг хүчингүйд тооцох, цолыг хасах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх гэсэн давхар шийтгэл ногдуулсан нь хууль бус, хуулиар хамгаалагдсан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр болсон.

Өөрөөр хэлбэл нэгэнт зохион байгуулах хороо тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д зааснаар шийтгэл ногдуулсан байхад мөн зүйлийн 14.3-ыг давхар хэрэглэх боломжгүй, 14.3 дахь заалт нь тодорхой субъектийн бүрэн эрхэд хамаарах асуудал биш атал анхан шатны шүүх хуулийн дээрх үндэслэлд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн 2019 оы 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0058 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 121 дүгээр зүйлийн 121.3.3-д тус тус заасны дагуу хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй, гуравдагч этгээдийг татан оролцуулалгүй, нотлох баримтад тулгуурлалгүй, хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийж, “...нэхэмжлэгч Ц.Б-с авсан допингийн шинжилгээгээр сэргээшийн төрлийн бодис илэрсэн, шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч В сорьцын шинжилгээ өгөөгүй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь Ц.Б-ыг тав давсан давааг хүчингүй тооцож, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах эрхийг 2 жил буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хасч, Улсын начин цолыг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Зүй нь анхан шатны шүүх, Эмчилгээний зорилгоор чөлөөлөх орон улсын стандартын 6.1-д “ЭЗЗ шаардлагатай байгаа тамирчин аль болох хурдан өргөдлөө өгөх ёстой. Тэмцээний үеэр хориглосон бодисын хувьд тамирчин дараагийн тэмцээнээс хамгийн багадаа 30 хоногийн өмнө ЭЗЗ авах өргөдлийг өгсөн байна. Тамирчин нь өөрийн үндэсний допингийн эсрэг байгууллага, олон улсын нийгэмлэг эсвэл голлох тэмцээн зохион байгуулагч байгууллагад хандаж өгөгдсөн өргөдлийн маягт ашиглан өргөдөл гаргана...”, 4.4.4.1-д “голлох тэмцээнийг зохион байгуулагч байгууллага нь тухай тамирчин ЭЗЗ хүсэх процесс нь боломжтой эсэхийг баталгаажуулна. Хэрэв зөвшөөрлийг авсан бол тухай зөвшөөрөл зөвхөн тухай тэмцээнд хүчин төгөлдөр” гэж заасан үндэслэлд дүгнэлт өгч, холбогдох нотлох баримтыг цуглуулах байжээ.

Тодруулбал, Допингийн эсрэг төвийн эмчилгээний зорилгоор чөлөөлөх комиссын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн протоколоор, мөн Ц.Б-ын өргөдөл, өвчний түүх зэргээр Ц.Б нь 2013 онд авто осолд орсны улмаас эмчилгээ хийлгэж байсан, 2015 онд зүүн хөлний чагтан холбоосны хагалгаа хийлгэсний дараа зүүн хөлөнд гүний венийн судасны тромбоз үүсч мөн мэс засал хийлгэсэн. Түүнээс хойш эмчийн хяналтад байж эмчилгээ хийлгэж байсан. “2015 оноос хойш Декаволин гэх эмийг зүрх судасны мэс заслын эмч нарын хяналтад тогтмол ууж хэрэглэх шаардлагатай гэж дүгнэсэн” 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн эмч нарын комиссын шийдвэр зэргээр эмчилгээний зорилгоор “Декаволин” гэх эмийн төрлийн бодис хэрэглэж байсан гэх бөгөөд энэхүү үйл баримтын талаар Эмчилгээний зорилгоор чөлөөлөх орон улсын стандартын 4.4.4.1, 6.1-д заасантай холбогдуулан дүгнэлт өгөх нь зүйтэй.

Учир нь нэхэмжлэгч дээрх баримтуудыг Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанаас өмнө гаргаж өгсөн тохиолдолд уг тэмцээнд оролцож болох эсэх, эсхүл тухайн хэрэглэсэн бодис нь барилдааны дараа илэрсэн ч эмчилгээний зорилгоор хэрэглэсэн нь нотлогдсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгч нь “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолын 1, 2, 3, 5 дахь хэсгийг Ц.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна.

Харин маргаан бүхий дээрх 06 дугаар тогтоолын 3 дахь заалтаар “...улсын начин Ц.Б-ыг тавын даваанд өвдөг шороодсонд тооцож, улсын арслан Э.О-ыг үндэсний бөхийн барилдаанд тав давсанд тооцож, “Өсөх идэр” чимгийг шинээр олгосугай” гэж шийдвэрлэснээс үзэхэд энэхүү маргаан бүхий Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолын улмаас Монгол Улсын арслан Э.О-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөр байна.

Тиймээс анхан шатны шүүх дараах ажиллагааг явуулах нь зүйтэй байна.

1. “Ц.Б нь Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны өмнө эмчилгээний зорилгоор өөрийн эмчилгээнд хэрэглэсэн эм бодисын талаар мэдүүлсэн тохиолдолд тухай тэмцээнд оролцуулах боломжтой эсэх, хэдийгээр допингийн төрлийн бодис илэрсэн тохиолдолд уг бодисыг эмчилгээний зорилгоор хэрэглэж байсан нотлогдсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Допингийн эсрэг төвийн эмчилгээний зорилгоор чөлөөлөх комиссын хуралдаанд оролцсон эмч нараас гэрчийн мэдүүлэг болон холбогдох тайлбарыг гаргуулах,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулж, Э.О-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхээр дээр дурдсан ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0058 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР