Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2021/02431

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг ...тоотод оршин суух, Т.Ц-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ...тоотод оршин суух, Н.С,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ...тоотод оршин суух,Г.Б нарт холбогдох,

 

13.760.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Ц нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ц нь хариуцагч Н.С, Г.Б нартай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ТБ-ны лизингтэй Тоёота Харьер маркийн 3.-.6 УБН улсын дугаартай автомашиныг зээлээр худалдах, худалдан авах талаар тохиролцсон. Ингэж тохиролцохдоо Г.Б-ийн өмнө нь зээлж авсан 1.000.000 төгрөг, Тоёота Приус-30 маркийн автомашиныг 12.000.000 төгрөгөөр үнэлж, уг төлбөрөөс 4.000.000 төгрөгийг автомашины урьдчилгаанд тооцон, 5.000.000 төгрөг өгөхөөр тохирсон.

2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Н.С гийн ТБнаас авсан машины зээлийн төлбөрийг төлж дуусгаад, Тоёота Харьер машиныг өөр дээрээ авах тохиролцоотой байсан. Дээрх хугацаанд Н.С гийн автомашины зээлд нь 7.940.000 төгрөг, засварт 820.000 төгрөг тус тус төлсөн.

Гэтэл Н.С нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө миний эзэмшилд байсан машиныг зөвшөөрөлгүй, гэрийн гаднаас нууцаар авч явсан. Иймд байгуулсан аман гэрээ нь цаашид үргэлжлэх боломжгүй болсон.

Иймд Н.С, Г.Б нараас нийт 13.760.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй өөр өөрсдийн төлсөн мөнгөний баримт, Хаан банк болон ТБ-ны дансны хуулга зэргийг нэг бүрчлэн тулгаж тооцоо нийлэхэд Т.Ц нь Н.С-ийн данс руу Тоёота Харьер маркийн машины төлбөрт нийт 11.424.000 төгрөгийг төлсөн байх ба үүнээс Н.С-аас төлсөн 3.892.000 төгрөгийг хасч тооцохыг зөвшөөрч байна. Харин Г.Б-аас зээлдүүлсэн 1.000.000 төгрөгийг гаргуулна гэв. 

 

Хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Г.Б нь “Бендакт” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа Т.Ц-тай танилцсан. Анх 3.-.6 УБН улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашиныг 33.000.000 төгрөгөөр, урьдчилгаанд 5.000.000 төгрөг төлж, 2018 оны 06 дугаар сард “НК ББСБ” ХХК-иас авсан. Тоёота Харьер маркийн автомашиныхаа зээлийн төлөлтийг нь хийхэд санхүүгийн асуудал тулгарсны улмаас 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн найз болох Н.С гийн нэр дээр ТБ-ны лизингээр авч, найз Н.С гаар дамжуулж төлөлт хийж байсан. Т.Ц эгчид “урьдчилгаа 5.000.000 төгрөгтэй хүнд Тоёота Харьераа шилжүүлээд өгчихмөөр байна” гэж санал тавьсан. Т.Ц эгчийн эзэмшилд байсан. “ШӨБ” ХХК-ийн барьцаанд байгаа 6.-.9 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн машиныг, Тоёота Харьер автомашинаа солихоор болж, харилцан нэг нэгнийхээ төлөлтийг хийж явахаар тохирсон. Өмнө нь эгч дүүгийн хувиар мөнгө төгрөг өгч авалцсан байсан ба тухай бүр тооцоогоо дуусгаж байсан.

Т.Ц эгч 6.-.9 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг “ШӨБ” ХХК-иас 9.000.000 төгрөгийн зээлээр авсан, барьцаанд байгаа гэдгийг мэдэхээс биш, 12.000.000 төгрөгөөр үнэлж, машинуудынхаа төлбөрийг төлнө гэдгийг би мэдээгүй.

Тухайн 6.-.9 УБЕ улсын дугаартай машин нь 2009 онд үйлдвэрлэсэн Монголд 5 гаруй жил явсан, урд шил хагархай, солих эд анги ихтэй, засвар үйлчилгээ хийх шаардлагатай машинаа ингэж үнэлж байгаа нь зах зээлийн үнээс өндөр үнэлсэн явдал болжээ.

Өөрийн үзэмжээр 12.000.000 төгрөгөөр үнэлж, 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Хариуцагч Н.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Н.С нь Т.Ц болон Г.Б нартай ТБ-ны лизингтэй 3.-.6 УБН улсын дугаартай Тоёота Харьер маркийн хар өнгийн автомашиныг “ШӨБ” ХХК-д барьцаанд байсан Тоёота Приус-30 маркийн саарал өнгийн 6.-.9 УБЕ улсын дугаартай автомашинаар харилцан солилцож, мөн зээлийн төлөлтийг төлж дуусгахаар тохирсон.

Т.Ц нь аман гэрээ хийснээс хойш ТБанд төлөх ёстой зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдолтой хийж байсан. Т.Ц нь 2019 онд Тоёота Приус-30 маркийн 6.-.9 УБЕ улсын дугаарын автомашинаа 9.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсан. Н.С нь

- 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 705.000 төгрөг,

- 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 660.000 төгрөг,

- 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 670.000 төгрөг,

- 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 675.000 төгрөг,

- 2019 оны 10 дугаар саарын 04-ний өдөр 652.000 төгрөгийг тус тус “ШӨБ” ХХК-ийн захирал Г.Нямдоржийн Хаан банк дахь 50...0 тоот данс руу шилжүүлж байсан.  

Т.Ц нь Н.С-ийн нэр дээрх ТБ-ны зээлээр авсан Тоёота Харьер маркийн автомашины төлбөрийг хугацаанд нь хийхгүй байсан учир “ШӨБ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Тоёота Приус-30 маркийн автомашины төлөлтийг нь нэг сарын хугацаанд хийгээгүй. Үүнээс шалтгаалж би 500.000 төгрөгийн алдангийг Т.Ц-ийн өмнөөс “ШӨБ” ХХК-д төлсөн.

2019 оны 05 дугаар сараас эхлэн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх  хугацаанд нийт 3.862.000 төгрөг төлсөн.

Т.Ц нь Н.С руу утасдаж, 2019 оын 09 дүгээр сарын төлбөрийг хийх боломжгүй байна гэхлээр нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг шилжүүлж, Тоёота Харьерын маркийн автомашины төлөлтийг төлсөн. Т.Ц нь

- 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 450.000 төгрөг,

- 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 900.000 төгрөгийг тус тус Хаан банк дахь миний дансанд шилжүүлсэн. Би эдгээр мөнгийг ТБ-ны данс руу шилжүүлж, 2019 оны 10 дугаар сарын зээлийн төлөлт болох 975.000 төгрөгийг төлсөн...

“ШӨБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн,Т.Ц-ийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 6.-.9 УБЕ улсын дугаарын автомашины зээлийн төлбөрийг нь төлж байсан. Би “ШӨБ” ХХК-иас Тоёота Приус-30 маркийн автомашинаа авч чадахгүй байх вий гэсний үндсэн дээр Т.Ц-ийн хамт “ШӨБ” ХХК-ийн байранд очсон.

Т.Ц нь 6.-.9 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашины төлөлтийг дууссан тохиолдолд Н.С-ийн эзэмшилд шилжүүлэх хүсэлтийг “ШӨБ” ХХК-д бичиж өгсөн. “ШӨБ” ХХК, Т.Ц нараас зөвшөөрөл авсаны дараа уг автомашиныг зарах гэж зарын дагуу ченжтэй утсаар холбогдож 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэр шилжүүлэхэд  Тоёота Приус-30 маркийн автомашин нь 216.400 төгрөгийн торгуультай байсан ба торгуулийг төлсөн.

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хаан банк дах Н.И гэдэг хүний 5114104063 дугаартай данснаас 7.828.500 төгрөгийн шилжүүлэн, зээлийг бүрэн төлж дуусгаснаар Н.И-ын нэр дээр автомашин шилжсэн.

Нэхэмжлэгч нь миний нэр дээрх зээлийн төлөлтөд 7.940.000 төгрөг төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй байна. Т.Ц нь

  • 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 660.000 төгрөг,
  • 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 970.000 төгрөг,
  • 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 400.000 төгрөг,
  • 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 570.000 төгрөг,
  • 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 973.000 төгрөг,
  • 2019 оны  08дугаар сарын 30-ны өдөр 50.000 төгрөг,
  • 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 490.000 төгрөг,
  • 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 485.000 төгрөг,
  • 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 980.000 төгрөгийг тус тус төлж, нийт 6.778.000 төгрөгийг төлсөн гэж үзэж байна.

Т.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 16 ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд миний эзэмшлийн Тоёота Харьер автомашиныг унаж байсан. Дээрх хугацааны зээлийн төлөлтийг огт хийгээгүй, хугацаа хэтрүүлсэн. Т.Ц-д удаа дараа зээлийн төлөлт хоцорч байгааг сануулсан хэдий ч төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээг цуцалсан.

Дээрх шалтгааны улмаас өөрийн эзэмшлийн автомашиныг Т.Ц-аас авсан болно. 2019 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч Т.Ц-тай харилцан тохиролцож аман гэрээ байгуулсан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй өөр өөрсдийн төлсөн мөнгөний баримт, Хаан банк болон ТБ-ны дансны хуулга зэргийг тулгаж тооцоо нийлэхэд Т.Ц нь Н.С-ийн данс руу Тоёота Харьер маркийн автомашины төлбөрт нийт 11.424.000 төгрөгийг төлснийг зөвшөөрч байна. Үүнээс Н.С-ийн Тоёота Приус-30 маркийн автомашины төлбөрт төлсөн 3.892.000 төгрөгийг хасаж тооцно.

Гэвч Т.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд автомашиныг унаж, хэрэглэсэн учраас 2 сарын төлбөрт 1.940.000 төгрөгийг Н.С надад төлөх ёстой гэж үзэж байна гэв. 

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, талуудын тооцоо нийлсэн баримт зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагчаар Н.С, Г.Б нарыг хариуцагчаар татан, гэрээнээс татгалзаж, 13.760.000 төгрөг гаргуулах тухай агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж үзнэ.

 

Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Т.Ц, Н.С нар харилцан тохиролцож, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр арилжааны гэрээг амаар байгуулж, “ТБ” ХХК болон ”ШӨБ” ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа өөр өөрсдийн эзэмшлийн автомашиныг харилцан солилцох, улмаар “ТБ” ХХК, “ШӨБ” ХХК дахь зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцсон байна.

Арилжааны зүйл болох Тоёота Приус-30 маркийн 6.-.9 УБЕ улсын дугаартай автомашин нь “ШӨБ” ХХК-ийн зээлийн барьцаанд, тус компанийн нэр дээр бүртгэлтэй байжээ. /х.х-ийн 93 тал/

Нэхэмжлэгч Т.Ц нь “ШӨБ” ХХК-тай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 9.000.000 төгрөг зээлж, автомашинаа барьцаалсан байна. Зохигчдыг гэрээ байгуулах үед Т.Ц-ийн эзэмшилд автомашин байсан ба 2019 оны 04 дүгээр 14-ний байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр нь 7.875.000 төгрөг байжээ. /х.х-ийн 137 тал/

Мөн хариуцагч Н.С, түүний хамтран зээлдэгч Ж.Э нар Тоёота Харьер маркийн 3.-.6 УБН улсын дугаартай автомашиныг ТБ-тай 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр худалдан авч, тус автомашинаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр ТБ-ны өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд гэрээ байгуулах үед Н.С-ийн эзэмшилд байсан, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр 28.858.424 төгрөг байсан байна. /х.х-ийн 152-157 тал/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.Ц нь ШӨБ” ХХК-ийн барьцааны зүйл Тоёота Приус-30 маркийн 6.-.9 УБЕ улсын дугаартай автомашинаа Н.С-тай, Н.С нь Т.Ц тай “ТБ” ХХК-иас авсан зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор тус банкны өмчлөлд шилжүүлсэн Тоёота Харьер маркийн 3.-.6 УБН улсын дугаарын автомашинаар тус тус солих, ийнхүү солихдоо Т.Ц нь Н.С-ийн ТБ-ны зээлийн үлдэгдэл 28.858.424 төгрөгийг, Н.С нь Т.Ц-ийн “ШӨБ” ХХК-д төлөх зээлийн төлбөрийн үлдэгдэл 7.875.000 төгрөгийг тус тус төлж, автомашин өмчлөх эрхийг тус тус шилжүүлэхээр тохиролцжээ.

Зохигчид гэрээ байгуулсан талаар маргаагүй, тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байх тул талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иргэний хуулийн 243, 274 дүгээр зүйлд хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах болон арилжааны гэрээг тус тус бичгээр байгуулахыг заагаагүй тул уг гэрээг амаар байгуулж болно.

Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр татгалзаж, хариуцагч Г.Б-аас зээлдүүлсэн 1.000.000 төгрөгийг болон Тоёота Приус-30 маркийн автомашины төлбөрт тооцон төлөхөөр тохиролцсон 4.000.000 төгрөгийг, Н.С-аас ТБ-д төлсөн 8.760.000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Т.Ц-ийн өмнөөс “ШӨБ” ХХК-д  нийт 3.862.000 төгрөгийг төлсөн, Т.Ц болон “ШӨБ” ХХК-ийн зөвшөөрөлтэйгээр барьцаанд байсан Тоёота Приус-30 маркийн автомашиныг Х.Ишжамцад худалдан, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 7.828.500 төгрөгийг төлж, зээлийг бүрэн төлж дуусгасан.

Т.Ц, ТБ-ны зээлийн төлбөрийг 2 сар төлөөгүй тул 2020 оны 01 дүгээр сард Тоёота Харьер маркийн автомашинаа буцаан авсан.

Т.Ц нь 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сард миний автомашиныг унаж, хэрэглэсэн ба энэ хугацааны төлбөр 1.940.000 төгрөгийг төлөх ёстой. Иймд нэхэмжилж байгаа 8.760.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна“ гэж тайлбарлан маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлаа өөрөө нотлох, хэргийн оролцогчийн үүргээ хариуцагч биелүүлээгүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж,

Мөн 274.2-т “Арилжааны  гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно” гэж, мөн хуулийн 274.3-т “Арилжааны гэрээнд худалдах худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна“ гэж тус тус заажээ.

Арилжааны гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний нэг төрөл бөгөөд уг гэрээгээр тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүргийг талууд хүлээдэг. Мөн арилжааны гэрээгээр худалдаж авсан хөрөнгийнхөө үнийн төлбөрт өөр хөрөнгө өмчлөлд шилжүүлдэг нь тухайн  гэрээний онцлог юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д “арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно” гэж заажээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Аливаа хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхийн тулд тухайн хөрөнгийг шилжүүлж буй этгээд нь тухайн хөрөнгийг өмчлөх эрхтэй байх учиртай.

Хариуцагч Г.Б нь маргаан бүхий Тоёота Харьер маркийн 3.-.6 УБН дугаартай автомашиныг захиран зарцуулах эрх бүхий этгээд биш байх тул арилжааны гэрээний оролцогч тал гэж үзэх боломжгүй байна. Харин Г.Б нь Т.Ц-аас зээлсэн 1.000.000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж үздэг.

Гэтэл гэрээний талууд 6.-.9 УНЕ, 3.-.6 УБН улсын дугаар бүхий автомашинуудыг харилцан солихдоо фидуцийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч “ТБ” ХХК-иас зөвшөөрөл аваагүй байх бөгөөд Н.С нь “...эрхийн доголдолтой эд хөрөнгө  арилжсан” гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар болон хэргийн  баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н.С, иргэн Ж.Э нар ТБ-тай 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 32.000.000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй 50 сарын хугацаатай зээлж, гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, Тоёота Харьер маркийн 3.-.6 УБН улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг тус банкинд шилжүүлэхээр тохиролцжээ. /х.х-ийн 152-156 тал/

Хариуцагч Н.С нь Т.Ц г 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сарын зээлийн төлбөрийг төлөөгүй гэж буруутгаж, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Т.Ц-ийн эзэмшилд байсан Тоёота Харьер маркийн 3.-.6 УБН улсын дугаартай автомашиныг түүнд мэдэгдэлгүйгээр, зогсоолд байрлуулсан байхад нь авч явсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6..5 дугаар тогтоолоор нотлогдож байна. /х.х-ийн 18 тал/   

Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Н.С нь Т.Ц-аас Тоёота Харьер маркийн 3.-.6 УБН улсын дугаартай автомашиныг буцаан авсан байгаагаас гадна эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн, цаашид гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй болно.

Мөн Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдан авагч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Харин хариуцагч Н.С нь “ШӨБ” ХХК-д Т.Ц-ийн зээлийн үлдэгдэл төлбөрт 3.862.000 төгрөг төлж улмаар “ШӨБ” ХХК болон Т.Ц нарын зөвшөөрлийн дагуу Тоёота Приус-30 маркийн 6.-.9 УБЕ улсын дугаартай автомашиныг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Х.И-д 7.828.500 төгрөгөөр худалдан, зээлийг төлж дуусгасан болох хэргийн оролцогчдын тайлбар, Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 180 тоот “Тээврийн хэрэгслийн лавлагаа”, “ШӨБ” ХХК-ийн захирал Г.Н-ийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “автомашины төлбөр төлсөн тухай” албан бичиг, мөн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  21/004 дугаартай албан тоот, “ШӨБ” ХХК болон Т.Ц нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын15-ны өдөр байгуулсан гэх барьцаат зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг зэргээр тогтоогдож байх ба энэ тухай зохигчид маргаагүй байгаа болно. /х.х-ийн 33, 92-94, 135-138 тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө нар харилцан солилцсон хөрөнгийн үнийг “ТБ” ХХК болон “ШӨБ” ХХК-ийн зээлийн төлбөрийн үлдэгдэл дүнгээр тохирсон гэх тайлбарыг  гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна“ гэж зааснаар бодит үнэнд нийцсэн тайлбар гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримт шинжлэн судлах шатанд зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь талуудын өөр өөрсдийн төлбөр төлсөн баримтууд ТБ болон Хаан банкны дансны гүйлгээний хуулга зэргийг нэг бүрчлэн тулган харилцан тооцоо нийлсэн ба харилцан шаардлага бүхий үүргийг хооронд тооцож дуусгавар болгохоор тохиролцсон гэж үзлээ. /х.х-ийн 188-189 тал/

Өөрөөр хэлбэл Т.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Н.С-ийн зээлийн төлбөрт төлсөн 11.424 000 төгрөгөөс, Н.С-ийн “ШӨБ” ХХК-д төлсөн 3.862.000 төгрөгийг хасах нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 238 дугаар зүйлийн 238.1, 243.4, 256 дугаар зүйлийн 256.1, 260 дугаар зүйлийн 260.3 дахь заалтад нийцэхээр байна.

Иймд шүүх талуудын дээрх тооцоололд тулгуурлан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагч Н.С-аас 7.562.000 төгрөг, Г.Б-аас 1.000.000 төгрөг, нийт 8.562.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ц-д олгож, нэхэмжлэлээс 5.198.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.С-аас 7.562.000 /долоон сая таван зуун жаран хоёр мянган/ төгрөг, Г.Б-аас 1.000.000 /нэг сая/ төгрөг, нийт 8.562.000 000 /найман сая таван зуун жаран хоёр мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ц-д олгож, нэхэмжлэлээс 5.198.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.750 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 135.942 төгрөг, Г.Б-аас 28.550 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.Ц-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ж. ЦЭНГЭЛ