Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/00113

 

 

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/00113

 

Т.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/02431 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Ц-ийн хариуцагч Н.С Г.Б нарт холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, 13,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч Н.С хариуцагч Г.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Т.Ц нь Н.С, Г.Б нартай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн банкны лизингтэй Тоёота Харьер маркийн 37-46 УБН улсын дугаартай автомашиныг зээлээр худалдах-худалдан авах талаар тохиролцсон. Ингэж тохиролцохдоо Г.Бгийн өмнө нь зээлж авсан 1,000,000 төгрөг, Тоёота Приус-30 маркийн автомашиныг 12,000,000 төгрөгөөр үнэлж, уг төлбөрөөс 4,000,000 төгрөгийг автомашины урьдчилгаанд тооцон, 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Н.Сгийн Төрийн банкнаас авсан автомашины зээлийн төлбөрийг төлж дуусгаад, Тоёота Харьер автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохиролсон. Дээрх хугацаанд Н.Сгийн автомашины зээлд нь 7,940,000 төгрөг, засварт 820,000 төгрөг тус тус төлсөн. Гэтэл Н.С нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө Т.Ц-ийн эзэмшилд байсан автомашиныг зөвшөөрөлгүй, гэрийн гаднаас нууцаар авч явсан тул талуудын хооронд амаар байгуулагдсан гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Иймд Н.С, Г.Б нараас нийт 13,760,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй өөр өөрсдийн төлсөн мөнгөний баримт, Хаан банк болон Төрийн банкны дансны хуулга зэргийг нэг бүрчлэн тулгаж тооцоо нийлэхэд Т.Ц нь Н.С-ийн данс руу Тоёота Харьер маркийн автомашины төлбөрт нийт 11,424,000 төгрөгийг төлсөн байх ба үүнээс Н.С-аас төлсөн 3,892,000 төгрөгийг хасч тооцохыг зөвшөөрч байна. Харин Г.Бгаас зээлдүүлсэн 1,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Г.Б нь Бендакт ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа Т.Цтай танилцсан. Анх 37-46 УБН улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашиныг 33,000,000 төгрөгөөр, урьдчилгаанд 5,000,000 төгрөг төлж, 2018 оны 06 дугаар сард Нэт капитал ББСБ ХХК-аас авсан. Тоёота Харьер маркийн автомашиныхаа зээлийн төлөлтийг нь хийхэд санхүүгийн асуудал тулгарсны улмаас 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн найз болох Н.Сгийн нэр дээр Төрийн банкны лизингээр авч, найз Н.Сгаар дамжуулж төлөлт хийж байсан. Т.Цд урьдчилгаа 5,000,000 төгрөгтэй хүнд Тоёота Харьераа шилжүүлээд өгчихмөөр байна гэж санал тавьсан. Т.Ц-ийн эзэмшилд байсан. Шинэ өрнөх бүтээмж ХХК-ийн барьцаанд байгаа 66-09 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг, Тоёота Харьер автомашинаа солихоор болж, харилцан нэг нэгнийхээ төлөлтийг төлөхөөр тохиролцсон. Өмнө нь эгч дүүгийн хувиар мөнгө төгрөг өгч авалцсан байсан ба тухай бүр тооцоогоо дуусгаж байсан. Т.Ц нь 66-09 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг Шинэ өрнөх бүтээмж ХХК-аас 9,000,000 төгрөгийн зээлээр авсан, барьцаанд байгаа гэдгийг мэдэхээс биш, 12,000,000 төгрөгөөр үнэлж, автомашинуудынхаа төлбөрийг төлнө гэдгийг би мэдээгүй. Тухайн 66-09 УБЕ улсын дугаартай автомашин нь 2009 онд үйлдвэрлэсэн Монголд 5 гаруй жил явсан, урд шил хагархай, солих эд анги ихтэй, засвар үйлчилгээ хийх шаардлагатай автомашинаа ингэж үнэлж байгаа нь зах зээлийн үнээс өндөр үнэлсэн. Өөрийн үзэмжээр 12,000,000 төгрөгөөр үнэлж, 5,000,000 төгрөг нэхэмжилж байгаа зөвшөөрөхгүй.

Н.С нь Т.Ц болон Г.Б нартай Төрийн банкны лизингтэй 37-46 УБН улсын дугаартай Тоёота Харьер маркийн хар өнгийн автомашиныг Шинэ өрнөх бүтээмж ХХК-д барьцаанд байсан Тоёота Приус-30 маркийн саарал өнгийн 66-09 УБЕ улсын дугаартай автомашинаар харилцан солилцож, мөн зээлийн төлөлтийг төлж дуусгахаар тохиролцсон. Т.Ц нь аман гэрээ хийснээс хойш Төрийн банканд төлөх ёстой зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдолтой төлж байсан. Т.Ц нь 2019 онд Тоёота Приус-30 маркийн 66-09 УБЕ улсын дугаарын автомашинаа 9,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсан. Н.С нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 705,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 660,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 670,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 675,000 төгрөг, 2019 оны 10 дугаар саарын 04-ний өдөр 652,000 төгрөгийг тус тус Шинэ өргөх бүтээмж ХХК-ийн захирал Г.Нямдоржийн Хаан банк дахь 5031798960 тоот данс руу шилжүүлсэн. Т.Ц нь Н.С-ийн нэр дээрх Төрийн банкны зээлээр авсан Тоёота Харьер маркийн автомашины төлбөрийг хугацаанд нь хийхгүй байсан учир Шинэ өрнөх бүтээмж ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Тоёота Приус-30 маркийн автомашины төлөлтийг нь нэг сарын хугацаанд хийгээгүй. Үүнээс шалтгаалж Н.С 500,000 төгрөгийн алдангийг Т.Ц-ийн өмнөөс Шинэ өрнөх бүтээмж ХХК-д төлсөн. 2019 оны 05 дугаар сараас эхлэн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 3,862,000 төгрөг төлсөн. Т.Ц нь Н.С руу утасдаж, 2019 оны 09 дүгээр сарын төлбөрийг хийх боломжгүй байна гэхээр нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлж, Тоёота Харьер маркийн автомашины төлөлтийг төлсөн. Т.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 450,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 900,000 төгрөгийг тус тус Хаан банк дахь Н.С-ийн дансанд шилжүүлсэн. Би эдгээр мөнгийг Төрийн банкны данс руу шилжүүлж, 2019 оны 10 дугаар сарын зээлийн төлөлт болох 975,000 төгрөгийг төлсөн. Шинэ өрнөх бүтээмж ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн,Т.Ц-ийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 66-09 УБЕ улсын дугаарын автомашины зээлийн төлбөрийг нь төлж байсан. Т.Ц нь 66-09 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашины төлөлтийг дууссан тохиолдолд Н.С-ийн эзэмшилд шилжүүлэх хүсэлтийг Шинэ өрнөх бүтээмж ХХК-д бичиж өгсөн. Шинэ өрнөх бүтээмж ХХК, Т.Ц нараас зөвшөөрөл авсаны дараа уг автомашиныг худалдах гэж зарын дагуу утсаар холбогдож 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэр шилжүүлэхэд Тоёота Приус-30 маркийн автомашин нь 216,400 төгрөгийн торгуультай байсан ба торгуулийг төлсөн. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хаан банк дахь Х.Ишжамц гэдэг хүний 5114104063 дугаартай данснаас 7,828,500 төгрөгийн шилжүүлэн, зээлийг бүрэн төлж дуусгаснаар Х.Ишжамцийн нэр дээр автомашин шилжсэн. Нэхэмжлэгч нь Н.С нэр дээрх зээлийн төлөлтөд 7,940,000 төгрөг төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй байна. Т.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 660,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 970,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 570,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 973,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 490,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 485,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 980,000 төгрөгийг тус тус төлж, нийт 6,778,000 төгрөгийг төлсөн гэж үзэж байна. Т.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд миний эзэмшлийн Тоёота Харьер автомашиныг унаж байсан. Дээрх хугацааны зээлийн төлөлтийг огт хийгээгүй, хугацаа хэтрүүлсэн. Т.Цд удаа дараа зээлийн төлөлт хоцорч байгааг сануулсан хэдий ч төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээг цуцалсан. Дээрх шалтгааны улмаас өөрийн эзэмшлийн автомашиныг Т.Цгаас авсан болно. 2019 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч Т.Цтай харилцан тохиролцож аман гэрээ байгуулсан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй өөр өөрсдийн төлсөн мөнгөний баримт, Хаан банк болон Төрийн банкны дансны хуулга зэргийг тулгаж тооцоо нийлэхэд Т.Ц нь Н.С-ийн данс руу Тоёота Харьер маркийн автомашины төлбөрт нийт 11,424,000 төгрөгийг төлснийг зөвшөөрч байна. Н.С-ийн Тоёота Приус-30 маркийн автомашины төлбөрт төлсөн 3,892,000 төгрөгийг хасч тооцно. Гэвч Т.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд автомашиныг унаж, хэрэглэсэн учраас 2 сарын төлбөрт 1,940,000 төгрөгийг Н.С надад төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.С-аас 7,562,000 /долоон сая таван зуун жаран хоёр мянган/ төгрөг, Г.Бгаас 1,000,000 /нэг сая/ төгрөг, нийт 8,562,000 /найман сая таван зуун жаран хоёр мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Цд олгож, нэхэмжлэлээс 5,198,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,750 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 135,942 төгрөг, Г.Бгаас 28,550 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.Ц-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Н.С-ийн давж заалдах гомдлын агуулга:

а/ Н.С миний бие хэрэгт авагдсан тооцоо нийлсэн гэх дансын хуулгыг шалгаж үзэхэд Н.С-ийн Хаан банкны данснаас төлсөн төлбөр болох 2019 оын 07 дугаар сарын 31-ны өдөр 973,400 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 957,358 төгрөг, нийт 1,930,758 төгрөгийг нэхэмжлэгч тал төлсөн гэж хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу тооцоо нийлсэн байх ба Т.Ц-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний данс руу шилжүүлсэн мөнгийг 10 дугаар сарын 31-ний өдөр би Төрийн банканд төлснийг давхардуулан бодсон зэрэг үйлдэлүүд хавтаст хэргийн 188 дугаар талд байгаа тул тооцоо нийлсэн хэсгийг дахин өөрийн биеэр тулгаж үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Хариуцагч нарын итгэмжилэгдсэн төлөөлөгчийн бичиж өгсөн тайлбар, шүүх хуралдаан дээрх тайлбартаа нэхэмжлэгч Т.Ц нь 2019 оны 04 дүгээр сараас 2020 оын 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Тоёота харьер маркийн автомашиныг унаж, ажиглаж, хэрэглэсэн, энэхүү нөхцөл байдлыг шүүх шийдвэрээ гаргахдаа харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

б/ Анхан шатны шүүхээс Г.Бд холбогдуулан 1,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Б нь Т.Цгаас бэлэн болон бэлэн бусаар авч өгсөн мөнгө төгрөг байхгүй. Үүнийгээ ч тайлбар, мэдүүлэгтээ удаа дараа бичиж өгсөн. Анхан шатны шүүхээс гаргасан шүүхийн шийдвэрийн Иргэний хуулийн 243, 256, 274, 281 дүгээр зүйлд заасан заалтуудыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хэргийн 7 дахь талд Б.Ц-с өгсөн хаан банкны дансны хуулга, хэргийн 80 дахь талд төрийн банкны дансанд Б.Цгийн төлсөн төлбөр бөгөөд үүнийг илүү тооцсон зүйл байхгүй. Б.Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл мөнгө төлсөн бөгөөд нийт 1,000,000 төгрөг төлсөн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө-тай тооцоо нийлэхэд 11,424,000 төгрөг байдаг. Хариуцагч автомашиныг ачв худалдсан. Төлсөн мөнгөө шаардахаар багасгана гэж байгаа нь үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр талууд арилжааны гэрээ байгуулж, улмаар зээлээр шилжүүлсэн. Б.Ц нь Шинэ өрнөх ХХК-д хүлээсэн үүргээ шударгаар биелүүлсэн. Хариуцагч гомдлоо ярихдаа нэг бол 2,000,000 төгрөгийн зөрүү, нэг болохоор 1,000,000 төгрөгийн зөрүү ярьж байна. Г.Бгаас хэрэгт өгсөн баримтыг үндэслэж, талууд тооцоо хийсэн. Тооцоо давхардсан эсхүл огноо, сар, өдөр зөрсөн зүйл байхгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Г.Бгийн гомдолд тайлбар хэлье. Г.Б нь анх Н.С болон Шинэ өрнөх ХХК-д байгаа автомашиныг авья гэсэн. Б.Цд өгөх 1,000,000 төгрөгийн өглөгийг приус маркийн автомашинд нь оруулаад 5,000,000 төгрөг төлнө гэж тэрээр тайлбартаа гаргасан байсан учраас шүүх 1,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн 1,000,000 төгрөг аваагүй гэдгийг нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

2. Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагч Н.С Г.Б нарт холбогдуулан 13,760,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

а. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах болон арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч зохигчдын тайлбараас үзвэл тодорхой бус үйл баримтууд байгаагаас талуудын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлох шаардлагатай байна.

 

Учир нь нэхэмжлэгч Т.Ц нь Шинэ өрнөх бүтээмж ХХК-ийн барьцааны зүйл болох Тоёота Приус-30 маркийн 66-09 УБЕ улсын дугаартай автомашиныг Н.Сд шилжүүлэхээр, Н.С нь Т.Цд Төрийн банк ХХК-ний фидуцийн хүрээнд уг банкны өмчлөлд нэр шилжсэн Тоёота Харьер маркийн 37-46 УБН улсын дугаартай автомашиныг шилжүүлэн өгөхөөр, ийнхүү Т.Ц нь Н.С-ийн Төрийн банкны зээлийн үлдэгдэл 28,858,424 төгрөгийг, Н.С нь Т.Ц-ийн Шинэ өрнөх бүтээмж ХХК-д төлөх зээлийн төлбөрийн үлдэгдэл 7,875,000 төгрөгийг тус тус төлж, дээрх 2 автомашиныг өмчлөх эрхдээ шилжүүлэн авахаар талууд тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Хариуцагч Н.С нь Тоёота Приус-30 маркийн автомашины зээлийг төлж дууссан гэж тайлбарласан боловч уг автомашин Х.Ишжамц гэх хүний өмчлөлд шилжсэн гэж зохигчид тус тус тайлбарлажээ. Хариуцагч Н.С-ийн тайлбарлаж буйгаар Тоёота Приус-30 маркийн автомашиныг барьцаалсан зээлд төлсөн төлбөр нь Тоёота Харьер маркийн автомашины фидуцаар хангагдсан зээлд төлсөн төлбөрөөс хасагдаж тооцогдох эсэх, мөн Тоёота Приус-30 маркийн автомашиныг хэн захиран зарцуулсан буюу Х.Ишжамцад шилжсэн нөхцөл байдал тодорхой бус байна. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл гэрээний үүргийн харилцаанд эсхүл гэрээний бус үүргийн харилцаанд үндэслэгдсэн нь тодорхой бус байна. Хэрэв зохигчдын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн бол ямар гэрээний төрлүүдийн хүрээнд шаардах эрхтэйг тодруулах шаардлагатай болно.

 

3. Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн асуудлаар хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй байх тул энэ талаарх хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй болно.

 

Дээрх үндэслэлээр шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцаанд хамаарах үйл баримт бүрэн тогтоогдоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагч нарын давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/02431 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.С-аас төлсөн 135,942 төгрөг, хариуцагч Г.Бгаас төлсөн 281,650 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ