Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 132/ШШ2021/00536

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М овогт С-ийн О-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б  овогт Н.Б-д холбогдох

5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00127/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.О нь Дархан-Уул аймагт барьцаалан зээлдүүлэх төв ажиллуулдаг бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр М.Г , Н.Б гэх хүмүүст тэдний хүсэлтээр 5.000.000 төгрөгийн 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Мөнгөө тохирсон хугацаанд төлнө гэдгээ илэрхийлж 40-58 ОРХ улсын дугаартай Rangerover  маркийн унаж явсан машиныхаа бичиг баримтыг надад үлдээсэн. Ингээд зээлийн хугацаа дуусч мөнгөө нэхсэн боловч М.Г болон Н.Б нар нь дахин 7 хоногийн хугацаа сунгах хүсэлт тавьж, 7 хоногийн дараа ямар ч асуудалгүй өгнө.” гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл М.Г, Н.Б нар нь зээлсэн 5,000,000 төгрөгөөсөө нэг ч төгрөг өгөөгүйн улмаас С.О надад хохирол учруулаад байна.

... Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1020 дугаартай Н.Г, Н.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэрийн дагуу Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 32/6/4505 албан тоотоор Н.Б нь 99141041, 35563637 дугаарын гар утас эзэмшдэг, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Жаргалантын 5в-3-8 тоотод оршин суугаа талаар мэдэгдсэн.

...Иймд миний бие Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу “Үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно.” гэж заасны дагуу Н.Бас 5,000,000 төгрөг гаргуулахаар түүний оршин суугаа хаягийн дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Н.Бас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Онь 2018 оны 06 сарын 26-ны өдөр Н.Б, Г  нарт 5,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн. Ингээд 7 хоногийн хугацаа өнгөрсний дараа зээлээ төлөхийг шаардахад хариуцагч нар дахин 7 хоног сунгуулах хүсэлт гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч  төгрөг төлөөгүй байна. Нэхэмжлэгч С.О нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тэгээд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулсан. Хариуцагч Н.Баттулгыг Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг Жаргалантын “5Б”-ын 3-8 тоотод бүртгэлтэй гэсний дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие Орхон аймгийн харьяат М.Г-тай хамтран үйл ажиллагаа эрхлэхээр болж 60 гаруй сая төгрөгийн санхүүжилт олж өгч байсан. Гэтэл нөгөө мөнгөө одоо болтол өгөхгүй намайг олон сая төгрөгийн өр, хүүгийн төлбөрт унагаагаад байна. Утсаар холбогдохоор ямар нэгэн шалтаг хэлсээр өдий хүрч байна.

М.Г Дархан-Уул аймгийн барьцаалан зээлдүүлэх газраас өөрийн автомашиныг бичиг баримтыг үлдээн зээл авсан. Мөнгийг М.Г өөрийн дансаар авсан. Би тухайн үед хамт явж байсан болохоос уг мөнгөнөөс авч хэрэглээгүй. Иймээс нэхэмжлэгчийн шаардаж байгаа мөнгийг аваагүй, хэрэглээгүй тул төлөх ёсгүй. М.Г Орхон аймагт оршин суудаг, гэрийн хаягийг нь мэдэхгүй байна. 2021 оны 03 дугаар сарын эхээр 99996327 дугаарын утас руу нь холбогдож, шүүхэд нэхэмжлэл ирсэн талаар хэлтэл буцаад залгая завгүй байна гээд дахин утсаа аваагүй гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Н.Б-д холбогдуулан 5,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь С.О нь 5,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарладаг бол хариуцагч Н.Б нь тухайн мөнгийг Н.Г авсан, би хэрэглээгүй тул төлөхгүй  гэж  маргаж байна.

Талуудын хооронд Зээлийн гэрээ бичгээр үйлдэгдсэн байх ба уг гэрээнд “2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Н.Б нь 40-58 ОРХ дугаартай Rangerover  маркийн автомашины бичиг баримтыг тавьж, 5,000,000 төгрөгийг 06 сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлж авлаа.” гэсэн байх ба Н.Б, Н.Г нар нь гарын үсгээ зурж баталгаажуулжээ. /хх-26/

 

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Н.Бас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж буй нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь 5,000,000 төгрөгийг аваагүй гэж маргасан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлж өгөх замаар нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Бас 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б-аас 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О-д олгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950  /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950  /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.ОДОНЧИМЭГ