Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 214/МА2022/00019

 

С.О*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 132/ШШ2022/00214 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.О*******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б*******д холбогдох

5 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.С.О*******ы нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие С.О******* нь Дархан-Уул аймагт барьцаалан зээлдүүлэх төв ажиллуулдаг бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр М.Г*******, Н.Б******* гэх хүмүүст тэдний хүсэлтээр 5 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Мөнгөө тохирсон хугацаанд төлнө гэдгээ илэрхийлж .......... улсын дугаартай “Rangerover маркийн унаж явсан машиныхаа бичиг баримтыг надад үлдээсэн. Ингээд зээлийн хугацаа дуусч мөнгөө нэхсэн боловч М.Г******* болон Н.Б******* нар нь дахин 7 хоногийн хугацаа сунгах хүсэлт тавьж, 7 хоногийн дараа ямар ч асуудалгүй өгнө гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл М.Г*******, Н.Б******* нар нь зээлсэн 5 000 000 төгрөгөөсөө нэг ч төгрөг өгөөгүйн улмаас С.О******* надад хохирол учруулаад байна. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1020 дугаартай Н.Г*******, Н.Б******* нарыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэрийн дагуу Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 32/6/4505 албан тоотоор Н.Б******* нь ...., ........... дугаарын гар утас эзэмшдэг, Булган аймгийн ..... сумын ... дугаар баг, ....... ....... тоотод оршин суугаа талаар мэдэгдсэн. Иймд миний бие Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу “Үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно” гэж заасны дагуу Н.Б*******ас 5 000 000 төгрөг гаргуулахаар түүний оршин суугаа хаягийн дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Н.Б*******ас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1а.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.О******* нь М.Г*******, Н.Б******* нарын хүсэлтийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн. Талууд мөнгөө тохиролцсон хугацаандаа төлнө гэдгээ илэрхийлж, М.Г******* нь өөрийн унаж явсан ......... улсын дугаартай “Rаngегоvеr” маркийн авто машиныхаа бичиг баримтыг С.О*******д барьцаа болгон өгсөн. Зээлийн хугацаа дуусч тэдэнтэй холбогдоход 7 хоног сунгаад өгөөч гэж хэлсэн тул 7 хоногоор сунгаж өгсөн. Гэтэл энэ хугацаандаа зээлсэн мөнгөө төлөөгүй 1 жилийн хугацаа өнгөрсөн. 2019 онд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар оршин суугаа газартаа байдаггүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.О******* нь хариуцагчийг эрэн сурвалжлуулж Н.Баттулгын олдсон хаяг дээр 5 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь  Иргэний  хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д  зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу зээлсэн 5 000 000 төгрөгийг Н.Б*******ас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед С.О******* нь Дархан-Уул аймагт барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулж байсан хэдий ч М.Г*******, Н.Б******* нар нь бичиг баримтгүй байсан тул барьцаалан зээлдүүлэх газраасаа биш хувиасаа мөнгө зээлдүүлсэн. Н.Б******* С.О******* нарын хооронд өмнө нь зээлийн харилцаа үүсч байсан. Таньдаг учраас зээл авдаг, хамтын харилцаатай байсан. Харин С.О******* нь М.Г*******ыг танихгүй. Зээл авах хүсэлтийг Н.Б******* С.О*******д тавьж бичиг баримтгүй байхад нь тэдэнд зээл өгсөн. Зээлийн мөнгийг бэлнээр өгсөн байдаг. Машинаа өгөөгүй, бичиг баримтыг нь үлдээж, зээлээ авснаа нотолж гарын үсгээ зурж үлдээсэн байгаа. Иймд Н.Б*******ас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Н.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Орхон аймгийн харъяат М.Г*******тай хамтран үйл ажиллагаа эрхлэхээр болж 60 гаруй сая төгрөгийн санхүүжилт олж өгч байсан. Гэтэл нөгөө мөнгөө одоо болтол өгөхгүй намайг олон сая төгрөгийн өр, хүүгийн төлбөрт унагаагаад байгаа. Утсаар холбогдохоор ямар нэгэн шалтаг хэлсээр өдий хүрч байна. М.Г******* Дархан-Уул аймгийн барьцаалан зээлдүүлэх газраас өөрийн автомашиныг бичиг баримтыг үлдээн зээл авсан. Мөнгийг М.Г******* өөрийн дансаар авсан.Би тухайн үед хамт явж байсан болохоос уг мөнгөнөөс авч хэрэглээгүй. Иймээс нэхэмжлэгчийн шаардаж байгаа мөнгийг аваагүй, хэрэглээгүй тул төлөх ёсгүй юм. М.Г******* Орхон аймагт оршин суудаг, гэрийн хаягийг мэдэхгүй байна. 2021 оны 03 сарын эхээр .... дугаарын утас руу нь холбогдож шүүхэд нэхэмжлэл ирсэн талаар хэлтэл буцаад залгая завгүй байна гээд дахин утсаа авахгүй байна гэжээ.

2б.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 онд өөрийн авто машиныг бичиг баримтын хамт барьцаалан С.О*******ы нөхрийн гаражид машинаа үлдээж С.О*******аас 15 000 000 төгрөг зээлж байсан ба тухайн үед Н.Б******* би С.О*******аас зээлсэн 15 000 000 төгрөгөө төлж барагдуулаад өөрийн авто машинаа бичиг баримтын хамт буцааж авсан өдрөөс хойш 7 хоногийн дараа М.Г******* нь С.О*******аас зээл авах гэсэн юм хоёулаа хамт С.О******* дээр очоод ирье гэж хэлэхээр нь би Г*******тай цуг явсан. Шүүхээс миний нэр дээр нэхэмжлэл ирсэн тул  М.Г******* өөрийн дансаараа энэ мөнгийг тухайн үед авсан юм байна гэж ойлгоод л мөнгийг М.Г******* өөрийн дансаар авсан гэж хариу тайлбар шүүхэд өгсөн байдаг. Нэхэмжлэгч С.О******* нь М.Г*******ын данс руу тухайн үедээ мөнгө шилжүүлсэн эсэхийг болон хэрэв мөнгө шилжүүлсэн бол хэдэн төгрөг шилжүүлсэн болохыг хариуцагч Н.Б******* би мэдэхгүй, учир нь би С.О*******аас мөнгө зээлээгүй энэ яригдаад байгаа мөнгө надад хамааралтай биш болохоор л тухайн мөнгө М.Г*******ын данс руу шилжиж орж ирсэн эсэх болон мөнгийг зээлдэгч бүтнээр нь шилжүүлсэн эсэх, хэрэв мөнгө дансаар орсон бол хэдэн төгрөг шилжиж орсон талаар би М.Г*******аас асууж тодруулж байгаагүй. Н.Б******* би хэрвээ өөрөө С.О*******аас 5 000 000 төгрөгийн зээл нэмж авах мөнгөний хэрэгтэй байсан бол өөрийнхөө 570 маркийн авто машиныг үргэлжлүүлэн барьцаанд үлдээж зээл авах байсан. Нэхэмжлэгчийн мөнгө зээлсэн гэсэн гар бичвэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуурамч гэж үзэж байна. Миний гарын үсэг мөн болохыг нотолсон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байгаа. Хавтаст хэргийн 19 дэх талд тооцооны дэвтэр дээр мөнгө зээлсэн тухай баримт үйлдээд тус бүр гарын үсэг зураад явсан. Мөн Н.Б*******, М.Г*******ын хамт 5 000 000 төгрөгийг авсан. Мөнгө зээлсэн тухай гараар бичсэн өргөдлийг Н.Б******* бичсэн ба хоёулаа гарын үсэг зурсан гэх тэмдэглэл. Нэхэмжлэгч талаас энэ гар бичвэрийг хэн бичсэн тухай зөрүүтэй тайлбарыг шүүхэд өгдөг. Нэг болохоор Н.Б******* бичсэн. Нэг болохоор С.О******* бичсэн гэж тайлбарладаг. Хоёрдугаарт Н.Баттулгын гарын үсэг нэг удаа байдаг. Н.Баттулгын гарын үсэг мөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй. Шинжээчийн дүгнэлт хийлгэх хүсэлт гаргасан боловч харьцуулах гарын үсэг байхгүй тул шинжилгээ хийлгэх боломжгүй гэж Шүүх шинжилгээний албанаас хариу ирсэн байдаг. Энэ гарын үсэг нотолсон шинжээчийн дүгнэлт байхгүй. Тухайн 5 000 000 төгрөгийг өгсөн гэдэг нь нотлогддоггүй. Нэхэмжлэгч тал бэлнээр 5 000 000 төгрөгийг өгсөн гэдэг боловч бэлэн мөнгө хүлээлцсэн баримт байхгүй. Дансаар шилжүүлсэн баримт байхгүй. Ийм учраас С.О******* болон Н.Б******* бид хоёрын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хөрөнгийг зээлэх, буцаан төлөх хүсэл зориг илэрхийлэгдээгүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч хариуцагч Н.Б******* надаас шаардах эрхгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөн манай талаас 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн тайлбараа дэмжиж байна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б*******ас 5 000 000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94 950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Б*******ас 94 950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П******* давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэр гаргаж хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд зохигчийн хооронд зээлийг төлөх үүрэгтэй эсэх, зээлийн гэрээ хүчинтэй эсэх талаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал нь хамтран үүрэг гүйцэтгэгч гэх Н.Б*******, М.Г******* нартай зээлийн гэрээг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэж гар бичмэл нотлох баримтыг шүүхэд гаргаад байгаа ба нэхэмжлэгч талын гаргаж өгсөн уг гар бичмэл дээрх гарын үсэг нь хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Б******* болон М.Г******* нарынх болохыг нотолсон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байгаа мөн хариуцагч Н.Б******* нь С.О*******тай зээлийн гэрээ байгуулаагүй, гар бичмэл дээр гарын үсэг зураагүй гэж хариуцагч талаас шүүхэд удаа дараалан тайлбар гаргаж өгдөг ба нэхэмжлэгч болон хариуцагч хоёр тал зээлийн гэрээн дээр зурагдсан гарын үсгийн талаар маргаантай байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “талууд бичвэр үйлдэж, Н.Б*******, М.Г******* нар нь гарын үсгээ зурж баталгаажуулсан байна” гэж шүүх өөрөө шууд дүгнэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл болсон юм.

1. Нэхэмжлэгч тал мөнгө зээлдүүлсэн талаарх гар бичмэлийн бүтэн эх бичвэрийг зохигч талуудын хэн нь бичсэн талаар шүүхэд зөрүүтэй тайлбарыг удаа дараалан бичиж өгдөг. Тухайлбал: Уг хавтаст хэргийн хуудас 19 талд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан тайлбартаа “миний тооцооны дэвтэр дээр өөрсдийн гараар мөнгө зээлсэн баримт үйлдээд тус бүр гарын үсэг зурцгаагаад явсан” мөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 485 дугаар Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл хх-ийн 101 талд “мөнгө зээлсэн тухай гараар бичсэн өргөдлийг Н.Б******* бичсэн ба хоёулаа гарын үсэг зурсан” гэж энэ гар бичмэлийг хариуцагч өөрийн гараараа бичсэн гэсэн тайлбарыг өмнө нь шүүхэд өгч байсан. Гэтэл хамгийн сүүлд хэрэг шийдэгдэхийн өмнө нэхэмжлэгч тал шүүхэд өмнө өгсөн тайлбараасаа буцаж 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Шүүгчийн захирамжид гаргасан гомдолдоо болон 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэх тухай шүүх хурлын үеэр энэ гар бичвэрийг нэхэмжлэгч С.О******* өөрийн гараар бичсэн хариуцагч Н.Б******* бичээгүй гэдгээ үнэнээр нь хүлээн зөвшөөрдөг.

2. Нэхэмжлэгч талын гаргаж өгөөд байгаа гар бичмэл нь үнэн эсэхэд эргэлзээтэй хуурамч баримт тул нэхэмжлэгч тал өөрсдөө үнэнийг нуух зорилгоор анхнаасаа энэ гар бичмэлийг хэн бичсэн талаар зөрүүтэй худал тайлбарыг шүүхэд өгч шүүхийг төөрөгдөлд оруулж байсан гэдэг нь өөрсдийнх нь шүүхэд гаргаж байсан харилцан зөрүүтэй тайлбаруудаас илт харагдаж байна.

Шүүх үндэслэх хэсэгтээ зээлийн гэрээ болон бэлэн мөнгө хүлээн авсан баримт гэх ойлголтыг ялгаж салгалгүй нэгтгэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гараар бичсэн гар бичмэл нь зээлийн гэрээний агуулгыг илэрхийлж байгаа болохоос биш Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үүргээ зээлдэгч хэзээ хэрхэн яаж биелүүлснийг нотлох баримт биш юм. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх гол үндэслэл нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байх ёстой. Гэтэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч хэзээ, хэрхэн биелүүлсэн, тухайлбал: 5 000 000 төгрөгийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлснээ зээлдэгч нотлох үүрэгтэй ба энэ үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна. Нэхэмжлэгч тал хариуцагч нарт бэлнээр 5 000 000 төгрөг өгсөн гэж тайлбар хэлж байгаа боловч үүнийг нотолсон бэлэн мөнгө хүлээлцсэн нотлох баримт хэрэгт огт байхгүй, мөнгийг бэлнээр хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай талуудын гарын үсэг бүхий тэмдэглэл үйлдэгдээгүй байна. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг хамтран үүрэг гүйцэтгэгч нарт С.О******* шилжүүлэн хүлээлгэж өгснөө нотолж чадахгүй байх тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн, үнэн эсэх нь эргэлзээтэй хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн мөн шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргах ёстой зүйл буюу Н.Баттулгын гарын үсэг мөн эсэхийг тогтоосон дүгнэлт хэрэгт байхгүй байхад бичвэр дээрх гарын үсэг нь Н.Баттулгын гарын үсэг мөн байна, Б******* гарын үсгээ зурж баталгаажуулсан байна гэж шууд өөрөө дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д зааснаар Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 132/ШШ2022/00214 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч С.О******* нь хариуцагч Н.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 5 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

2а.Нэхэмжлэгч С.О******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Н.Б*******, М.Г******* нарын гуйсан хүсэлтийн дагуу 5 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн. Талууд мөнгөө тохиролцсон хугацаандаа төлнө гэдгээ илэрхийлж, М.Г******* нь өөрийн унаж явсан ........ улсын дугаартай “Rаngегоvеr” маркийн авто машиныхаа бичиг баримтыг барьцаа болгон өгсөн. Зээлийн хугацааг дахин 7 хоногоор сунгасан боловч үүргээ гүйцэтгээгүй, иймд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулж Н.Баттулгын хаягаар нэхэмжлэл гаргасан. Иргэний  хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д  зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу Н.Б*******ас 5 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэж тайлбарлаж, ....... улсын дугаартай М.Ганбатын өмчлөлийн Rаngегоvеr” маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1020 дугаартай шийдвэрийн хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Намсрай овогтой Б******* нь .......... дугаартай “Rаngегоvеr” маркийн авто машины бичиг баримтыг тавьж 5 000 000 төгрөгийг 06.26- наас 07.02-ныг хүртэл хугацаатайгаар зээлж авлаа гэсэн дөрвөлжин шугамтай цаасан дээр бичсэн гар бичмэлийг нотлох баримтаар ирүүлсэн байдаг.

2б.Хариуцагч Н.Б******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзлын үндэслэлээ ...өмнө нь С.О*******аас 15 000 000 төгрөг зээлж түүнийгээ төлж дуусгасан. Нэхэмжлэгч нь гар бичвэрийг хэн бичсэн тухай зөрүүтэй тайлбарыг шүүхэд өгдөг. Миний гарын үсэг мөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй. 5 000 000 төгрөгийг өгсөн гэдэг нь нотлогддоггүй. Нэхэмжлэгч тал бэлнээр 5 000 000 төгрөгийг өгсөн гэдэг боловч бэлэн мөнгө хүлээлцсэн баримт байхгүй. Дансаар шилжүүлсэн баримт байхгүй. Ийм учраас бидний дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хөрөнгийг зээлэх, буцаан төлөх хүсэл зориг илэрхийлэгдээгүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул зээлийн гэрээний үүргийг надаас шаардах эрхгүй... гэж тайлбарладаг.

2в. Нэхэмжлэгч С.О******* нь зээлийн гэрээнд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж, хариуцагч Н.Б******* нь зээлийн гэрээнд заасан мөнгийг нэхэмжлэгч шилжүүлж өгөөгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж маргаж байна.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

4.2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Н.Б******* нь ......... дугаартай “Rаngегоvеr” маркийн авто машины бичиг баримтыг тавьж 5 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлж авлаа. Н.Б*******, М.Г******* нарын гарын үсэг, дахин 7 хоногоор сунгав хэсэгт М.Г*******, зээлдүүлэгч С.О******* гэж гарын үсгээ зуржээ.

4а.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

4б.Зохигчид хуулийн дээрхи заалтын дагуу мэтгэлцэж байх бөгөөд мөнгийг шилжүүлсэн тухай нэхэмжлэгч баримтаар нотлоогүй хэдий ч  талуудын хооронд үүссэн зээлийн харилцааг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Тодруулбал: зохигчдын тайлбар, хэргийн бусад баримт, талуудын мэтгэлцээнийг үндэслэн зээлийн гэрээний шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч Н.Баттулгын ...М.Г******* Дархан-Уул аймгийн барьцаалан зээлдүүлэх газраас өөрийн машины бичиг баримтыг үлдээн зээл авсан. Мөнгийг М.Г******* өөрийн дансаар авсан. Би тухайн үед хамт явж байсан болохоос уг мөнгөнөөс авч хэрэглээгүй, шаардаж байгаа мөнгийг аваагүй, хэрэглээгүй тул төлөх ёсгүй гэсэн тайлбар, Н.Б*******, М.Г******* нарын гарын үсэг бүхий баримт, хугацааг дахин сунгахад М.Г******* гарын үсэг зурсан байдал, 40-58 ОРХ улсын дугаартай автомашины гэрчилгээг барьцаа болгон үлдээсэн байгаагаас 5 000 000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4в.Гэрээний талуудын хэлэлцэн тохирсон зүйлийг гэрээний нөхцөл гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.1-д тус тус зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээг байгуулсанд тооцох юм.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийг Н.Б******* гэж тодорхойлон түүнээс зээлийн гэрээний үүргийг шаардсан. Зохигчдын хэн аль нь М.Г*******ын эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй бөгөөд, хариуцагчийн төлөөлөгчөөс энэ талаархи тайлбартаа ...М.Г******* гэх гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа бөгөөд шүүхээс гарах шийдвэр маргааны зүйл нь түүний эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх байдал үүсэж байгаа гэсэн атлаа энэ талаарх хүсэлтийг шүүхэд гаргаагүй байхад шүүх санаачилгаараа гуравдагч этгээдээр М.Г*******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* хариуцагч Н.Баттулгын гарын үсгийн хэвд шинжээч томилуулах тухай хүсэлтээсээ татгалзсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П*******ын гар бичвэрийн хэвд адилтгалын шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу шүүх шинжээч томилсон боловч нэхэмжлэгч С.О******* бичвэрийг өөрөө бичсэн болохоо хүлээн зөвшөөрсөн тул шинжээч томилуулах шаардлагагүй гэж захирамжийг хүчингүй болгожээ.

5а.Хариуцагч Н.Б******* өөрийн гарын үсгийн хэв биш хэмээн мэтгэж байгаа бол энэ талаарх хүсэлтээ шүүхэд гаргах боломжтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.   

5б.Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан “хамтран үүрэг гүйцэтгэгч” нь зээлийн гэрээний хувьд “хамтран зээлдэгч” гэж ойлгох ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний агуулга, нөхцөлөөс үзвэл зээлдэгч нарын хэн аль нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байх тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар хариуцагч Н.Баттулгыг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзнэ. Нэгэнт хариуцагч хамтран зээлдэгч тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

6. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 132/ШШ2022/00214 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П*******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ХҮРЭЛБААТАР

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ

                                                                                     

                                        ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ