Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2021/02795

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ...тоотод оршин суух, Г.Б-ны нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ...тоотод оршин суух, Н.Д-т холбогдох,

        Гэрээний үүрэг болох 45.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагч Н.Д, хариуцагчийн өмгөөлөгч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие хариуцагч Н.Д-ын нөхөр Д.Т ахын компанийн “А” 8 нэрийн барааны дэлгүүрийг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд түрээслэж байсан. Энэ хугацаанд Н.Д нь надаас мөнгө зээлдэг, өдөр тутмын хоол хүнс, бараагаа бичүүлж, зээлээр авдаг, хариуцагчийн хүүхдүүд ундаа бусад байдлаар мөнгө авдаг, банкны зээлээ төлүүлдэг гэх мэт байдлаар мөнгө санхүүгийн харилцаа үүсдэг байсан.

      Хариуцагч Н.Д “дэлгүүрээ өөрөө ажиллуулмаар байна” гэсний дагуу миний бие 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дэлгүүрийн барааг дэвтэр дээр бичиж, нийт 21.472.340 төгрөгийн бараа хүлээлцсэн бөгөөд дэлгүүр бараагаа 12 хувийн үнийн нэмэгдэлтэй зарагддаг тул нийт хүлээлцсэн барааны дүнгээс 12 хувийн хасахад 18.895.000 төгрөг болсон.

     Талууд тухайн бараа хүлээлцсэн өдөр өмнөх өр авлагын асуудлаар тооцоо нийлэхэд 40.625.000 төгрөгийн өр, дээрх үлдэгдэл барааны үнэ 18.895.000 төгрөг, нийт 59.520.000 төгрөгний өр төлбөр болсон. Энэхүү өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаар ярилцахад Н.Д нь 29.520.000 төгрөгийг бэлэн өгье, үлдэгдэл 30.000.000 төгрөгт зээлийн гэрээ байгуулж, 1 жилийн хугацаанд төлж барагдуулах санал тавьсаны дагуу зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан.

      Өмнө нь үүссэн өр төлбөр болох 29.520.000 төгрөгийг хариуцагч Н.Д-ын нөхөр Д.Т-ын 5...26 тоот данснаас Г.Б-ийн 5...32 тоот дансад 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөг, 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Үүний дараа би уг мөнгийг буцаад шилжүүлсэн.

        Зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу үүссэн 30.000.000 төгрөгийн 18.895.000 төгрөг нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр талууд дэвтрээрээ хүлээлцсэн барааны төлбөр, үлдэгдэл 11.105.000 нь хариуцагч Н.Д-ын дэлгүүрээс гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээнд зээлсэн барааны төлбөр юм. Өөрөөр хэлбэл талууд дээрх тооцоог гаргахдаа хариуцагчийн өмнө нь дэлгүүрээс зээлээр авсан бараа болон дэлгүүрийн бараа хүлээлцсэн үнийн дүнг нэгтгэн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

     Хариуцагч нь өмнө үүссэн өр төлбөр болох 29.500.000 төгрөгийг дансаар төлсөн хэдий ч зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрөөс нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй.

     Иймд хариуцагч Н.Д-оос зээлээр шилжүүлсэн барааны төлбөр 30.000.000 төгрөг, алданги 6.120.000 төгрөг, нийт 36.120.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

      

      Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би 2016 онд н.Мөнхзулд дэлгүүрээ түрээслүүлдэг байхад Г.Б нь худалдагч хийдэг байсан ба энэ үеэс түүнийг танина. 

      Би 2017 оны 4, 5 дугаар сард дэлгүүрээ ажиллуулж байхдаа бусдад түрээслэдэг юм билүү гэж бодоод Г.Б-д санал тавьсан. Би Г.Б-д 17.000.000 төгрөгийн бараа өгсөн. Үүнээс 12 хувийг хасаад 11.500.000 төгрөг авах ёстой байсан боловч аваагүй.

      Анх түрээсийн гэрээг бичгээр байгуулах гэж байгаад болиод, аман гэрээ хийсэн. 2017-2018 онд хүртэл аман гэрээгээр сарын түрээсийн төлбөр 2.500.000 төгрөгөөр тохирсон. Би олон хүүхэдтэй бөгөөд дэлгүүрээс бараа авдаг байсан. 100 төгрөгийн чихэр авсан ч Г.Б дэвтэр дээрээ бичдэг байсан тул тэр бүрийг түрээсээсээ хасаарай гэж хэлдэг байсан.

     Ингэж явсаар 2018 онд намайг “...та 11.000.000 төгрөгийн өртэй болсон байна...” гэж хэлэхээр нь би “...тэгвэл одоо болъё сарын 3.000.000 төгрөгөөр түрээслээд өрнөөсөө гаръя, чи өөр газар ажиллуул...” гэхэд Г.Б надад “та одоо дэлгүүрээ хэдээр түрээслэх гэж байгаа юм...” гэхээр нь би “...3.000.000 төгрөгөөр түрээслэнэ. Яагаад гэвэл би чамд их өртэй болсон. 6 сараар түрээсийн мөнгөө өгнө гэсэн хүмүүс зөндөө байдаг...” гэж хэлэхэд “...тэгвэл би үргэлжлүүлээд түрээслэмээр байна...” гэсэн.

      Би дэлгүүрээ түрээслэж байх хугацаандаа Г.Б-д өртэй ч гэсэн түрээсийнхээ төлбөрөөс хасдаг байсан. Мөн банкныхаа зээлийг төлөхийн тулд энэ охиноос мөнгө авдаг байсан ч гэсэн түрээсийн төлбөрөөсөө хасдаг байсан.

      2019 оны 05 дугаар сард банкнаас зээл авсан учраас Г.Б-аас дэлгүүрээ авахаар болоход “дэлгүүрийн найзаасаа мөнгө авч өг” гэж хэлсэн. Нөхөр бид хоёрыг албан шаардсаар байгаад 12.000.000 төгрөгөнд машиныг нь авсан. Ингээд “хүү, алданги тооцож, дэлгүүрийг чинь өгнө” гэсээр байгаад 9 сар болсон. Би 9 сар хүртэлх түрээсийг тооцохгүй байгаа.

       Би дэлгүүрээ авмаар байна, зээл авсан болохоор бүх мөнгийг чинь өгье гэж хэлэхэд “үгүй“ гээд байсан.

    Манай дэлгүүрт 17.000.000-18.000.000 төгрөгийн бараа багтах хэмжээтэй болохоос биш 30.000.000- 40.000.000 төгрөгийн бараа багтахаар тийм том дэлгүүр биш.

      Дэлгүүрийн бараагаа тоолоход Г.Б-ийн хэлсэнээр 30.000.000 төгрөгийн өртэй болсон байсан. Би дэлгүүр авахын тулд эгчийнхээ байрыг түрээслэсэн. Одоо надаас хүү нэхэж байна. 30.000.000 төгрөгөөс 29.500.000 төгрөгийг төлсөн.

       Г.Б нь мессежээр намайг их дарамталж мөнгө нэхдэг байсан. Би сүүлд “...хүү гэж байхгүй ээ. Чи бодоод үз. Чи яагаад ингэж их мөнгө нэхээд байгаа юм бэ...” гэж хэлсэн.

      Г.Б алданги 15.000.000 төгрөгөө 6.120.000 төгрөг болгож байгаа хэдий ч 30.000.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл төлж барагдуулсан.

     Харин 500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

    2017-2019 он хүртэлх өр төлбөрийг тулгаж нийлүүлсэн. Эцсийн тооцоогоо харилцан тооцож дуусгавар болгоод нотариатаар орсон... гэв. 

 

      Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

       Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Н.Д-т холбогдуулан гэрээний үүрэг 45.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /1 дүгээр х.х-ийн 1 тал/

       Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгч “алдангийн тооцоолол алдаатай” гэх үндэслэлээр үндсэн төлбөр 30.000.000 төгрөг, алданги 6.120.000 төгрөг, нийт 36.120.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчилсөн. /1 дүгээр х.х-ийн 191-193, 198, 230-232 тал/

 

       Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      Нэхэмжлэгч Г.Б нь нэхэмжлэлийн үндэслэлээ “... түрээсийн гэрээний харилцаа 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болгосон ба түрээсийн төлбөр тооцооны талаар маргаан байхгүй. Н.Д-той дэлгүүрт байсан барааг хүлээлцсэн өдөр зээлийн өр төлбөр авлагын асуудлаар тооцоо нийлэхэд өмнөх өр төлбөр 40.625.000 төгрөг, хүлээлцсэн бараа 18.895.000 төгрөг, нийт 59.520.000 төгрөг болсон.

       Өөрөөр хэлбэл, бидний өмнө үүссэн өр төлбөр буюу зээл болон зээлээр авсан барааны үнэ 40.625.000 төгрөг, хүлээлцсэн барааны үнийн дүн 18.895.000 төгрөгийг нэгтгэн тооцсон.

       Бид энэ өр авлагаа хэрхэн барагдуулахаар ярилцахад Н.Д нь 29.520.000 төгрөгийг бэлэн өгье, үлдэгдэл 30.000.000 төгрөгийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулъя гэсэн. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дээрх 30.000.000 төгрөгийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан, харин 29.520.000 төгрөгөөс гэрээ байгуулсан өдрөө 25.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4.500.000 төгрөг тус тус шилжүүлж, 29.500.000 төгрөгийг хүлээн авсан.

       Харин зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр 30.000.000 төгрөгийг төлөөгүй.

     Иймд Н.Д-оос үндсэн төлбөр 30.000.000 төгрөг, алданги 6.120.000 төгрөг, нийт 36.120.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж,

      Хариуцагч Н.Д нь “... 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу дэлгүүрт байсан барааг хүлээлцсэн өдөр зээлийн өр төлбөр, авлагын асуудлаар тооцоо нийлсэн ба 18.895.000 төгрөг нь хүлээлцсэн барааны үнэ, 11.105.000 төгрөг нь Г.Б-аас гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээнд зээлж авсан зээл болон барааны төлбөрийг нэгтгээд 30.000.000 төгрөг болсон. Энэ үнийн дүнгээр 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Би гэрээ байгуулсан өдрөө нөхөр Д.Т-ын данснаас 25.000.000 төгрөг, 2019 оны  10 дугаар сарын 24-ний өдөр 4.500.000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 29.500.000 төгрөг төлсөн.

      Надаас 36.120.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Үлдэгдэл 500.000 төгрөг төлнө...” гэж тус тус тайлбарлан маргаж байна. /1 дүгээр х.х-ийн 103-116, 233-238 тал/

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “зохигч талын гаргасан тайлбар нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно” гэж зохицуулсан.

      Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “ТА“ ХХК-ийн менежер Н.Д-той анх амаар түрээсийн гэрээ байгуулж, “А” 8 нэрийн хүнс барааны дэлгүүрийг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээслэж байсан байх бөгөөд хариуцагч талын хүсэлтээр түрээсийн гэрээний зүйлийг хүлээлгэн өгч, уг гэрээний харилцааг дуусгавар болгосон тухайд талуудын маргахгүй байна.

       Харин зохигчид өмнөх зээлийн гэрээний үүрэг солигдсон эсэх, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх асуудлаар маргаж байна.

       Шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн өгсөн тайлбар, гэрч М.О, Б.Г, Н.Х нарын мэдүүлэг, зохигчдын өөр өөрсдийн хар дэвтэр /бараа хүлээлцэж, тооцоо нийлсэн гэх дэвтэр/, Хаан банкны дансны хуулга, шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн бичмэл нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд Г.Б-ыг 2017-2019 онуудад “А” дэлгүүрийг ажиллуулж байхад нь Н.Д нь гэр бүлийн хэрэгцээнд зээлээр худалдан авсан барааны үнэ төлбөр, зээлдүүлсэн мөнгө буюу өмнөх өр авлагыг худалдан авсан барааны төлбөрт оруулан тооцохоор талууд тохиролцсон гэж үзэхээр байна. /1 дүгээр х.х-ийн 66-68, 90-93, 107-116, 129-151, 156-190, 2 дугаар х.х-ийн 1-101 тал/

       Тодруулбал, зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өмнөх зээлийн гэрээний /өмнө нь үүссэн өр төлбөр зээлээр авсан бараа, зээлсэн мөнгө/ үүрэгт 40.625.000 төгрөг, худалдан авсан барааны үнэ 18.895.000 төгрөгийг тус тус тооцож нэгтгэн нийт төлбөрийн хэмжээ 59.520.000 төгрөг болохыг тогтоон үүнээс хариуцагч 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 25.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4.500.000 төгрөг, нийт 29.500.00 төгрөгийг төлсөнөөр 30.000.000 төгрөгийн үүрэг үлдсэн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримт, гэрч Н.Хажид, М.О, Б.Г нарын мэдүүлэг, талуудын харилцаж байсан мессеж болон тэдгээрийн фэйсбүүк хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчээс баримтаар гаргаж буй тооцоолол бүхий тэмдэглэлийн дэвтэр зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 90-93, 129-151, 191-193, 2 дугаар х.х-ийн 1-50 тал/

       Талууд гэрээний үүргийн талаар буюу нэхэмжлэлийн үндэслэл болох 59.520.000 төгрөг нь хариуцагчийн үүргийн хэмжээг тодорхой болгож байгаа асуудал бөгөөд үүнээс хариуцагч уг тохиролцооны дагуу 29.500.000 төгрөг төлсөн нь худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон 30.000.000 төгрөг төлөх үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй.        

     Харин үүрэг солих нь талуудын хооронд байгуулсан тохиролцоогоор хийгдэх бөгөөд өмнөх зээлийн үүргийг өөр үүргээр солиход эрх зүйн үр дагавар нь өөр болдог учир энэ талаар талууд тохиролцож, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үүрэг солигдож шинэ гэрээний харилцаа буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

      Талууд өмнөх зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгохоор тохиролцсон тохиролцооны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулан хариуцагч гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлжээ.

      Дээрх гэрээгээр Н.Д нь Г.Б-д 30.000.000 төгрөгийг нэг жил буюу 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна.

     Талуудын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 198 дугаар зүйлийн 198.2, 199 дүгээр зүйлийн 199.1, 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан заалтуудтай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. /х.х-ийн 4 тал/

      Иймд шүүх талуудын дээрх тохиролцоог үндэслэн хариуцагчийн үүргийн хэмжээг тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.

     Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргахгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй.

        Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

       Хариуцагч Н.Д 2017 оноос 2019 онуудад Г.Б-аас мөнгө зээлж байсан болон зээлээр бараа авч байснаа баримтаар үгүйсгээгүй бөгөөд түүний төлсөн 29.500.000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөгдсөн гэж үзэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэл тайлбараа нотолж чадаагүй гэж үзнэ.

      Дээрх дурдсан зохигчийн тайлбар болон үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийн тайлбар илүү үндэслэл бүхий байна гэж дүгнэв.

     Иймд хариуцагч Н.Д-оос гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг, алданги 6.120.000 төгрөгийн хамт нийт 36.120.000 төгрөг гаргуулж, Г.атбуянд олгохоор шийдвэрлэв.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

       1. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Д-оос 36.120.000 /гучин зургаан сая нэг зуун хорин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүлйийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Н.Д-оос 338.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2. 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцогч талууд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Ж.ЦЭНГЭЛ