Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00494

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2021/02795 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б-гийн хариуцагч Н.Д-т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 36,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 36,120,000 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие хариуцагч Н.Д-ын нөхөр Д.Тогтуунбаярын компанийн “Ачтан” 8 нэрийн барааны дэлгүүрийг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд түрээсэлж байсан. Энэ хугацаанд Н.Д- нь надаас мөнгө зээлдэг, өдөр тутмын хоол хүнс, бараагаа зээлээр авдаг, банкны зээлээ төлүүлдэг гэх мэт байдлаар мөнгө санхүүгийн харилцаа үүсдэг байсан. Хариуцагч Н.Д- дэлгүүрээ өөрөө ажиллуулмаар байна гэсний дагуу миний бие 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дэлгүүрийн барааг дэвтэр дээр бичиж, нийт 21,472,340 төгрөгийн бараа хүлээлцсэн бөгөөд дэлгүүр бараагаа 12 хувийн үнийн нэмэгдэлтэй зарагддаг тул нийт хүлээлцсэн барааны дүнгээс 12 хувийн хасахад 18,895,000 төгрөг болсон. Талууд тухайн бараа хүлээлцсэн өдөр өмнөх өр авлагын асуудлаар тооцоо нийлэхэд 40,625,000 төгрөгийн өр дээрх үлдэгдэл барааны үнэ 18,895,000 төгрөг, нийт 59,520,000 төгрөгийн өр төлбөр болсон. Энэхүү өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаар ярилцахад Н.Д- нь 29,520,000 төгрөгийг бэлэн өгье, үлдэгдэл 30,000,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулж, 1 жилийн хугацаанд төлж барагдуулах санал тавьсны дагуу зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан. Өмнө нь үүссэн өр төлбөр болох 29,520,000 төгрөгийг хариуцагч Н.Д-ын нөхөр Д.Тогтуунбаярын 5042145226 тоот данснаас Г.Б-гийн 5954072532 тоот дансанд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Үүний дараа би уг мөнгийг буцаад шилжүүлсэн. Зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу үүссэн 30,000,000 төгрөгийн 18,895,000 төгрөг нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр талууд дэвтрээрээ хүлээлцсэн барааны төлбөр, үлдэгдэл 11,105,000 төгрөг нь хариуцагч Н.Д-ын дэлгүүрээс гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээнд зээлсэн барааны төлбөр юм. Өөрөөр хэлбэл талууд дээрх тооцоог гаргахдаа хариуцагчийн өмнө нь дэлгүүрээс зээлээр авсан бараа болон дэлгүүрийн бараа хүлээлцсэн үнийн дүнг нэгтгэн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хариуцагч нь өмнө үүссэн өр төлбөр болох 29,500,000 төгрөгийг дансаар төлсөн хэдий ч зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрөөс нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Иймд хариуцагч Н.Д-оос зээлээр шилжүүлсэн барааны төлбөр 30,000,000 төгрөг, алданги 6,120,000 төгрөг, нийт 36,120,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017-2018 онд дэлгүүрээ түрээслүүлсэн. Би олон хүүхэдтэй бөгөөд дэлгүүрээс бараа авдаг байсан. 100 төгрөгийн чихэр авсан ч Г.Б- дэвтэр дээрээ бичдэг байсан тул тэр бүрийг түрээсээсээ хасаарай гэж хэлдэг байсан. Би дэлгүүрээ түрээсэлж байх хугацаандаа Г.Б-д өртэй ч гэсэн түрээсийнхээ төлбөрөөс хасдаг байсан. Мөн банкныхаа зээлийг төлөхийн тулд мөнгө авдаг байсан ч гэсэн түрээсийн төлбөрөөсөө хасдаг байсан. Би дэлгүүрээ авмаар байна, зээл авсан болохоор бүх мөнгийг чинь өгье гэж хэлэхэд үгүй гээд байсан. Манай дэлгүүрт 17,000,000-18,000,000 төгрөгийн бараа багтах хэмжээтэй болохоос биш 30,000,000-40,000,000 төгрөгийн бараа багтахаар тийм том дэлгүүр биш. Дэлгүүрийн бараагаа тоолоход Г.Б-гийн хэлсэнээр 30,000,000 төгрөгийн өртэй болсон байсан. 30,000,000 төгрөгөөс 29,500,000 төгрөгийг төлсөн. Г.Б- нь мессежээр намайг их дарамталж мөнгө нэхдэг байсан. Би сүүлд “хүү гэж байхгүй, чи бодоод үз, чи яагаад ингэж их мөнгө нэхээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Г.Б- алданги 6,120,000 төгрөг нэхэмжилж байгаа хэдий ч 30,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл төлж барагдуулсан. Харин 500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2017-2019 он хүртэлх өр төлбөрийг тулгаж нийлүүлсэн. Эцсийн тооцоогоо харилцан тооцож дуусгавар болгоод нотариатаар батлуулсан гэжээ.

 

3.Шүүх: Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Д-оос 36,120,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-гаас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Н.Д-оос 338,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Б- нь нэхэмжлэлийн үндэслэлдээ түрээсийн гэрээний харилцаа 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон ба түрээсийн төлбөр тооцооны талаар маргаан байхгүй, Н.Д-той дэлгүүрт байсан барааг хүлээлцсэн өдөр зээлийн өр төлбөр авлагын асуудлаар тооцоо нийлэхэд өмнөх өр төлбөр 40,625,000 төгрөг, хүлээлцсэн бараа 18,895,000 төгрөг, нийт 59,520,000 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл бидний өмнө үүссэн өр төлбөр буюу зээл болон зээлээр авсан барааны үнэ 40,625,000 төгрөг, хүлээлсэн барааны үнийн дүн 18,895,000 төгрөгийг нэгтгэн тооцсон, Бид энэ өр авлагаа хэрхэн барагдуулахаар ярилцахад Н.Д- нь 29,520,000 төгрөгийг бэлэн өгье үлдэгдэл 30,000,000 төгрөгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулъя гэсэн. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дээрх 30,000,000 төгрөгийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Харин 29,500,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө 25,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Иймд Н.Д-оос үндсэн төлбөр 30,000,000 төгрөг, алданги 6,120,000 төгрөг, нийт 36,120,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэх нэхэмжлэлийг үндэслэлтэй байна гэж шийдвэрлэхдээ нотлох баримтаар хэргийн оролцогчийн өгсөн тайлбар, гэрч М.Отгончимэг, Б.Гэрэлт-од, Н.Хажид нарын мэдүүлэг, зохигчдын өөр өөрсдийн хар дэвтэр /бараа хүлээлцэж тооцоо нийлсэн гэх дэвтэр/, Хаан банкны дансны хуулга, шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн бичмэл нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд Г.Б-ыг 2017-2019 онуудад “Ачтан” дэлгүүрийг ажиллуулж байхад Н.Д- нь гэр бүлийн хэрэгцээнд зээлээр худалдан авсан барааны үнэ төлбөр, зээлдүүлсэн мөнгө буюу өмнөх өр авлагыг худалдан авсан барааны төлбөрт оруулан тооцоолохоор талууд тохиролцсон гэж үзэхээр байна. Тодруулбал зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өмнөх зээлийн гэрээний /өмнө үүсэн өр төлбөр зээлээр авсан бараа,зээлсэн мөнгө/ үүрэгт 40,625,000 төгрөг, худалдан авсан барааны үнэ 18,895,000 төгрөгийг тус тус тооцож нэгтгэн нийт төлбөрийн хэмжээ 59,520,000 төгрөг болохыг тогтоон үүнээс хариуцагч 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 25,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4,500,000 төгрөг, нийт 29,500,000 төгрөгийг төлснөөр 30,000,000 төгрөгийн үүрэг үлдсэн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримт, гэрч Н.Хажид, М.Отгончимэг, Б.Гэрэлт-Од нарын мэдүүлэг, талуудын харилцаж байсан мессеж болон тэдгээрийн фзйсбүүк хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчээс баримтаар гаргаж буй тооцоолол бүхий тэмдэглэлийн дэвтэр ззргээр тогтоогдож байна гэж тус тус нотлох баримтуудыг дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч М.Отгончимэг, Б.Гэрэлт-Од, Н.Хажид нарын мэдүүлэг, зохигчдын өөр өөрсдийн хар дэвтэр /бараа хүлээлцэж, тооцоо нийлсэн гэх дэвтэр/, Хаан банкны дансны хуулга талуудын харилцаж байсан мессеж болон тэдгээрийн фэйсбүүк хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчээс баримтаар гаргаж буй тооцоолол бүхий тэмдэглэлийн дэвтэр зэрэгт нэхэмжлэгч Г.Б- болон хариуцагч Н.Д- нарын хооронд урьд өмнөх зээлийн өр төлбөрт үүссэн гэх 40,625,000 төгрөгийн баримт тооцоо огт байхгүй бөгөөд хэргийн оролцогч болох нэхэмжлэгч талаас шүүхэд гэрчээр асуулгасан гэрч нарын мэдүүлгээр 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дэлгүүрийн бараа хүлээлцэн, өмнөх өр төлбөр болон хүлээлцсэн барааны үнийн талаар тохиролцон дуусгавар болгоход хүлээлцсэн барааны үнэ болон өмнөх өр зээлийн төлбөр нийт 30,000,000 төгрөг болсон талаар тодорхой мэдүүлэг өгсөн байтал шүүх энэ мэдүүлгийг нэхэмжлэгчийн тайлбарыг зөвтгөсөн үндэслэл болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Мөн зохигчдын өөр өөрсдийн хар дэвтэр /бараа хүлээлцэж, тооцоо нийлсэн гэх дэвтэр/, Хаан банкны дансны хуулга зэрэгт авагдсан баримтууд нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 40,625,000 төгрөгийг өр төлбөр үүссэн, тухайн өр төлбөр бүхэлдээ 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлөгдөөгүй байсан гэдгийг нотлоогүй бөгөөд харин хариуцагч Н.Д-ын шүүхэд гарган өгсөн тайлбар мэдүүлгийг нотолсон үндэслэл бүхий баримтууд байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбар болох нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд өмнө үүссэн 40,625,000 төгрөгийн өр төлбөрийн талаар баримтыг огт гаргаж өгөөгүй бөгөөд хэрэгт нотлох баримтаар огт байхгүй байсаар байтал анхан шатны шүүхээс нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд өмнө үүссэн 40,625,000 төгрөгийн өр байсан байна гэж дүгнэсэн нь илт хууль бус юм. Анхан шатны шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өмнөх зээлийн гэрээний /өмнө үүсэн өр төлбөр зээлээр авсан бараа, зээлсэн мөнгө/ үүрэгт 40,625,000 төгрөг, худалдан авсан барааны үнэ 18,895,000 төгрөгийг тус тус тооцож, нэгтгэн нийт төлбөрийн хэмжээ 59,520,000 төгрөг болохыг тогтоон үүнээс хариуцагч 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 25,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4,500,000 төгрөг, нийт 29,500,000 төгрөгийг төлснөөр 30,000,000 төгрөгийн үүрэг үлдсэн гэж дүгнэхдээ хариуцагч  Н.Д- нь гэрээ байгуулсан өдрөө төлсөн төлбөрийг гэрээний дагуу төлсөн төлбөр биш, өмнө нь үүссэн өр төлбөрийн үлдэгдэл төлбөр бөгөөд нийт өр төлбөр 59,520,000 төгрөг байсан гэж дүгнэсэн нь өр төлбөр үүссэн ямар ч баримтгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй шийдвэр дүгнэлт бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 16 ны өдөр төлсөн 25,000,000 төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлөөгүй өмнөх өр төлбөр гэж үзсэн үндэслэлээ нотолж нотлох баримтаар тогтоож тайлбарлаагүй байна. Анхан шатны шүүхээс хариуцагч Н.Д- 2017 оноос 2019 онуудад Г.Б-гаас мөнгө зээлж байсан болон зээлээр бараа авч байснаа баримтаар үгүйсгээгүй бөгөөд түүний төлсөн 29,500,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөгдсөн гэж үзэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. Дээрх дурьдсан зохигчийн тайлбар болон үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийн тайлбар илүү үндэслэл бүхий байна гэж дүгнэв гэсэн атлаа нэхэмжлэгчийн тайлбар нь хариуцагчийн тайлбараас ямар нотлох баримтаар илүү үндэслэл бүхий байна гэдгээ хууль зүйн талаас нь тодорхой тайлбарлаагүй бөгөөд энэхүү дүгнэлтийг хийхдээ өмнөх өр төлбөрт 40,625,000 төгрөгийн өр төлбөр үүссэн эсэхийг огт мэдэхгүй гэрч нарын мэдүүлэг, өмнөх өр төлбөр үүссэнийг огт нотлоогүй банкны хуулга, мессеж тэмдэглэгээ зэргийг үндэслэл болгож шийдвэр гаргасан нь илт хууль бус шийдвэр байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу нэхэмжлэгч Г.Б-гаас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх мессеж, чат гэрчийн мэдүүлэг, хар дэвтэр, зохигчдын тайлбараар 59,520,000 төгрөгийн зээл байсан гэдэг нь нотлогдож байна гэж үзсэн. Манай талаас яагаад үзлэг хийлгэх болсон бэ гэвэл хариуцагч нь энэ хугацаанд тайлбараа 2 удаа өөрчилсөн байдаг. Талуудын хооронд ямар ч зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, ерөөсөө бараа хүлээж аваагүй гэсэн тайлбар өгсөн. Дараагийн тайлбар нь гэрээ байгуулагдсантай маргаангүй 30,000,000 төгрөгийн бараа хүлээж авсан дээр асуудалгүй гэх 2 өөр тайлбар өгсөн байгааг шүүх анхаарч үзнэ үү. Энэхүү үзлэгээр юу нотлогддог вэ гэхээр зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Жилийн дараа ч гэсэн “... та мөнгөө төлөөч ээ, нэг ч төгрөг төлөөгүй байна шүү дээ, одоо төлөөч ээ ...” гэхэд “эгч нь төлнө өө боломжгүй байна, үнэхээр боломжгүй байна” гэсэн хариуг фэйсбүүк чат буюу утасны мессежээрээ ч өгсөн байдаг. Үүнээс харахад хариуцагч нь нэхэмжлэгчид нэг ч төгрөг төлөөгүй гэдэг харагдаж байна. Гэрчүүд нь талуудын хооронд төлбөр тооцооны асуудал байсан гэдгийг нотолдог. Хар дэвтрийн тухайд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр талууд бараагаа хүлээлцсэн. Нийт 21,000,000 гаруй төгрөгийн бараа байснаар 12 хувийн хөнгөлөлт эдлээд 18,000,000 төгрөгийн үнийн дүн таардаг. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хар дэвтэрт 59,520,000 төгрөгийн төлбөр байдаг нь харагддаг. Талууд өөр өөрсдийн дэвтэр дээр тооцоо нийлсэн. Нотлох баримт хангалттай байгаа. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч 59,520,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Хариуцагч талаас 30,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг. Төлсөн гэх 29,500,000 төгрөг өмнө нь үүссэн өр төлбөр гэдэгт маргаан байдаг. Анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд  хянан хэлэлцээд тэдгээрийн гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Н.Д-т холбогдуулан гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг багасган, 36,120,000 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 230-231-р тал/

 

3.Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г.Б- нь 30,000,000 төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүнийг зээлээр олгох, хариуцагч Н.Д- нь 30,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны дотор төлж дуусгахаар тохиролцсон байна. /хх-ийн 4-р тал/. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

4.Нэхэмжлэгч Г.Б- нь “хариуцагч Н.Д-ын нийт өр 59,520,000 төгрөг байсан бөгөөд үүнээс хариуцагч нь 29,520,000 төгрөгийг төлсөн, үлдэх 30,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд хуваан төлөхөөр дээрх гэрээг байгуулсан” гэх үндэслэлээр уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан алданги 6,120,000 төгрөгийн хамт, нийт 36,120,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч эс зөвшөөрч “нийт өр төлбөр 30,000,000 төгрөг байсан, үүнээс 29,500,000 төгрөгийг төлж үлдэгдэл 500,000 төгрөг байгаа” гэж тайлбарласан.

 

5.Хариуцагч Н.Д- нь нэхэмжлэгч Г.Б-гаас бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авч байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд нийт өр төлбөрийн хэмжээний талаар маргасан.

 

Хариуцагч Н.Д- нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 25,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4,500,000 төгрөг, нийт 29,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б-д төлсөн болох нь талуудын тайлбар, “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогджээ. /хх-ийн 27, 29, 230-р тал/

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ гэрчүүдийн мэдүүлэг, тооцооны дэвтэр, үзлэгийн тэмдэглэл зэргийг үндэслэл болгосон нь учир дутагдалтай болсон байна. /хх-ийн 90-93, 129-130,133-151-р тал/

            Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журамтай бөгөөд дээрх нотлох баримтуудад хариуцагч Н.Д-ын нийт өр төлбөр 59,520,000 төгрөг байсан гэх агуулга тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Н.Д- нь нийт 59,520,000 төгрөгийг төлөх ёстой байсан, түүнээс 29,520,000 төгрөгийг төлж, 30,000,000 төгрөг үлдсэн талаар гэрч нар шууд нэрлэн зааж мэдүүлээгүй, мөн зохигчийн бичсэн цахим зурваст хэдэн төгрөгийн өр төлбөр байсан талаар тодорхой мөнгөн дүнг заагаагүй байна.

 

7.Энэ тохиолдолд хариуцагч Н.Д-ын нийт төлөх ёстой үүрэг 59,520,000 төгрөг байсан нь эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй. Харин талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасан 30,000,000 төгрөгөөс хариуцагч Н.Д-ын төлсөн 29,500,000 төгрөгийг хасаж тооцвол хариуцагч 500,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

 

8.Иймд хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Н.Д-оос 500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлээс 35,620,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2021/02795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 36.120.000 /гучин зургаан сая нэг зуун хорин мянган/ төгрөг ...” гэснийг “500,000 төгрөг” гэж, “... олгосугай.” гэснийг “олгож, нэхэмжлэлээс 35,620,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дах заалтын “... 56.1 ...” гэснийг “56.2” гэж, “... 338.550 төгрөгийг ...” гэснийг “15,650 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Д-оос төлсөн 338,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                         ШҮҮГЧИД                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                

 

                                                                        Г.ДАВААДОРЖ