Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 199

 

О.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар магадлалтай, О.М-д холбогдох 201710000124 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Н.О-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Г овогт О-гийн М нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.М-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Н.О гаргасан гомдолдоо “...О.М нь 2016 оны 10 дугаар сард тамхи хулгайлахдаа иргэн Б.Б-тэй бүлэглэн түүний мотоциклийг ашигласан. Хулгайн зүйл болохыг хэлж, хүнд битгий хэлээрэй гэсэн эхнэр Г.Н-ийн мэдүүлэг нь гэмт хэргийн хамтран оролцогч болохоо нотолсон байхад түүний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн тэрээр 2017 оны 04 дүгээр сард М.М-тэй үгсэн тохирч, машин техник ашиглан Улаанбаатар хотоос зорьж ирж дэлгүүрийн тагтаар орж эд зүйл хулгайлсан. М.М хулгайн зүйл болохыг нь мэдэж, хамт зарж борлуулсан бөгөөд хохирлыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нь бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нотлох баримт байсаар байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж, тогтоосон эсэхийг анхаараагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.7, 34.5 дугаар зүйлийг тус тус зөрчсөн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн нэхэмжлэлээс 3,768,050 төгрөгийг үндэслэлгүйгээр хасаж шийдвэрлэсэнд дүгнэлт хийлгүй орхисон. Шүүгдэгч нь хулгайн гэмт хэрэгтээ гэмшихгүй хулгайлсан зүйлийнхээ тоо ширхгийг багасгадаг, мөн хохирол төлөхөө илэрхийлээгүй, илтэд худал мэдүүлэг өгсөн. Түүнчлэн М.М, Б.Б нартай үгсэн тохирч бүлэглэн, машин, мотоцикл ашигласан, урьд өмнө хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал байхад шүүх дээрх байдлуудыг харгалзаж үзэлгүй хуульд заасан хамгийн бага хугацаагаар ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. О.М хохирогч надад 14,630,000 төгрөг төлнө гэж хэлдэг боловч шүүх хуралдааны үед төлөхгүй гэж маргасан. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш бүтэн хоёр сарын хугацаа өнгөрөхөд нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байна. О.М-ийн үйлдэл холбогдлоос зарим хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээр үйлдлээс үүссэн хохирлоос нэгийг ч төлөөгүй. Шүүх шүүгдэгчийг хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон боловч түүний цаана хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд хамт оролцсон, зарсан, өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт заасан хамтран оролцсон этгээдүүд ял завшсан нөхцөл байдал байгаа тул эдгээр хүмүүсийг шалгах ёстой гэж үзэж байна. Мөрдөгч нар хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчийг дахин байцааснаас өөр ажиллагаа хийгээгүй. Шүүх орлого, зарлагын баримт байхгүй, шүүгдэгч хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр хохирлыг хасаж шийдвэрлэсэн нь хууль болон хохирогч миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил хэлсэн саналдаа “...Шат шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.7 дугаар зүйлд заасны дагуу бодитойгоор хянан шийдвэрлэж чадсангүй гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд санхүүгийн баримт байхгүй гэдэг үндэслэлээр хохирол төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл тухайн баримтууд байсан гэдгийг гурван гэрч нотолсон байгааг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан хэлсэн саналдаа “...Хохирол төлбөртэй холбоотой асуудлыг анхан шатны шүүх бодитойгоор тооцоолж, хууль ёсны хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт хамааралтай байж болох бүхий л ажиллагааг явуулсан. Өмгөөлөгчийн зүгээс ял хөнгөдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд хохирогчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хохирогчийн хамтран үйлдсэн зарим хүмүүсийг шалгаагүй гэсэн гомдолтой санал нийлж байна. Учир нь М.М мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгч байсан боловч прокурорын шатанд холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн хэрэгт М.М нь хамтран оролцсон нөхцөл байдлууд харагдаж байгаа юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:          

Шүүгдэгч О.М нь 2016 оны 10 дугаар сар, 2017 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө нийт 2 удаагийн үйлдлээр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” нэртэй дэлгүүрт нэвтрэн орж 10,899,950 төгрөгийн үнэ бүхий пиво, тамхийг хулгайлсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоож, түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчилж, эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос гэмт хэргийг хамтран үйлдсэн зарим хүмүүсийг шалгаагүй, тухайн хэрэгт М.М нь хамтран оролцсон байж болзошгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгахын тулд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах талаар санал гаргасныг үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн үйл баримтыг үндэслэлтэй тогтоож чадаагүй, тухайлбал мөрдөн байцаалтын шатанд О.М нь мэдүүлэг өгөхдөө 2017 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө “Б” нэртэй дэлгүүрт нэвтрэн орж, эд зүйл хулгайлсан үйлдэлд М.М хамтран оролцсон, М.М нь мөрдөн байцаалтын шатанд дээрх үйлдлийг О.М-тэй хамтран хийсэн талаар тус тус мэдүүлсэн байхад дээрх хэргийг О.М ганцаараа үйлдсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иймд хохирогчийн гаргасан гомдол, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр гаргасан прокурорын саналыг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, О.М-д холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, хэрэг шүүхэд очтол О.М-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                     ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН