Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0786

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, Г.Билгүүн Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 690 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд У.Жаргалсайхан, Л.Мөнхбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Б.Доржбалын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуул 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 494 дүгээр захирамжийн У.Жаргалсайханд холбогдох хэсэг, 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжийн Л.Мөнхбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 690 дүгээр шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Доржбалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 494 тоот захирамжийн У.Жаргалсайханд холбогдох хэсэг, нийслэлийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 тоот захирамжийн Л.Мөнхбаярт холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Гуравдагч этгээд У.Жаргалсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гуравдагч этгээд Л.Мөнхбаярт нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд аж, ахуйн зориулалтаар 756 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар Л.Мөнхбаяр уг газрынхаа 444 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар У.Жаргалсайханд шилжүүлэхдээ нэхэмжлэгч Б.Доржбалын оршин сууж байсан газартай давхцуулан эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...шударга ёс, ...тэгш байдал ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...” Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Газар өмчлөх эзэмших ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэсэн хуулийн зарчмыг хариуцагчаас зөрчсөн байна” гэж дүгнээд тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгүүдийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь илтэд хууль бус дүгнэлт, шийдвэр болсон.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байх бөгөөд хуулийн дээрх шаардлагын дагуу анхан шатны шүүх гуравдагч этгээд У.Жаргалсайханы эзэмшил газрыг нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхацсан гэх хууль зүйн дүгнэлт хийхийн тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хууль ёсны газар эзэмшигч байхыг шаардах ёстой.

Гэтэл нэхэмжлэгч Б.Доржбалыг маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болохыг нотолсон ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тэрээр Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгээр баталгаажсан хууль ёсны газар эзэмшигч байх хууль зүйн боломжгүй байхад Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасан зарчмын ерөнхий зохицуулалтуудыг үндэслэл болгон “Давхцалтай” гэж дүгнэж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчил болсон.

2.Анхан шатны шийдвэрийн тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг үндэслэл болгохдоо хуульд заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэх зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн уялдуулж хэрэглэсэн болох нь тодорхойгүй буюу хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлсэн зөрчил болсон.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Доржбал маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлтийг 2012 онд Төрийн өмчийн хороо, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандаж гаргаж байсан болохыг шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэх судлахдаа тогтоосон.

Тэгвэл гуравдагч этгээд У.Жаргалсайхан Л.Мөнхбаяраас шилжүүлэн авч эзэмших эрх баталгаажсан нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцалтай гэх маргаан бүхий газар нь 2007 онд Төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдааны дагуу тус хорооны 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 278 дугаар тогтоолыг үндэслэж нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612, 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 494 дүгээр захирамжуудаар эзэмших эрхийг нь баталгаажуулж 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Л.Мөнхбаярт 0142750, 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр У.Жаргалсайханд 0351336 тоот гэрчилгээ тус тус олгогдсон газрууд байхад нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчиж нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй юм.

Нөгөө талаас гуравдагч этгээд У.Жаргалсайхан Л.Мөнхбаяр нарыг дуудлага худалдаанд оролцож маргаан бүхий газрыг үл хөдлөх эд хөрөнгийн хамт худалдан авч эзэмших эрх үүссэн 2007 он болон эзэмшил газрын зарим хэсгийг шилжүүлсэн 2011 онуудад тухайн газар дээр хэн нэгэн иргэний эзэмшил газартай давхацсан ямар нэгэн давхцал, маргаан байхгүй байсан тул нийслэлийн Засаг даргаас удаа дараагийн захирамж гарган газар эзэмшигчийн эрхийг баталгаажуулсан байгааг анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэн бүрэн гүйцэд үнэлж чадаагүй байна.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хууль зүйн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 4.1.3, үндэслэх хэсэгт дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...шударга ёс, ...тэгш байдал... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...” гэх хууль зүйн зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дүгнэхдээ “...нэхэмжлэгч Б.Доржбал нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин 1-19 тоот 330 м.кв газарт 1997 оноос хойш амьдарч байгаа болох нь... тогтоогдож байна” гэх дүгнэлттэй холбон тайлбарласан.

Гэтэл нэхэмжлэгч 1997 оноос хойш тухайн газарт Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бус эрхэлж буй ажил, албан үүргийн дагуу байрлан амьдарч байсан болохыг хэрэгт авагдсан бичгийн баримтаар хангалттай тогтоосон байхад анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн.

Зүй нь хэрэгт авагдсан Төрийн өмчийн хорооны 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 278 дугаар тогтоолын 4-т “Соёлын төвийн сахиул Б.Доржбалд 1.321.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг хувьчлалын орлогоос олгохыг зөвшөөрсүгэй” гэж тодорхой зааж өгсөн байгаа нь нэхэмжлэгчийг 1997 оноос хойш тухайн газарт ямар үндэслэлээр оршин сууж амьдарч байсан болохыг тодорхой нотлон харуулна.

Харин ч нэхэмжлэгч нь ажил, албан үүргийн хувьд цалин хөлс авч, ажил үүргийн шаардлагаар оршин сууж байсан газрыг хууль ёсны өмчлөгч эзэмшигч нарт нь буцаан өгөхгүй, урт удаан хугацааны туршид маргаан үүсгэж, анхан шатны шүүх тухайн шаардлагыг үндэслэлтэй гэж үзсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Үндсэн хуулийн суурь зарчмууд, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн зөрчил болсон.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “...нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар иргэн Л.Мөнхбаярын дуудлага худалдаагаар худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн эдэлбэр газрын эзэмших эрхийг баталгаажуулахдаа байршлыг нь өөрчлөн Б.Доржбалын бодитойгоор эзэмшиж байсан газартай давхцуулан газар олгосноос...” одоог хүртэл газар эзэмших эрхээ эдэлж чадахгүй явж байгаа талаар дурддаг.

Гэтэл Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооноос 2007 оны 5 дугаар сард зарлан явуулсан дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулсан Төрийн өмчийн хорооны 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 278 дугаар тогтоолын хүрээнд хийгдсэн Хилийн 0119 дүгээр ангийн Соёлын төвийн барилгын болон тус барилгын эдэлбэр газрын схем зургууд нь ийслэлийн Өмчийн харилцааны газарт байх газар эзэмшигчийн хувийн хэргээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн/ нийслэлийн Засаг даргын 494, 612 дугаар захирамжуудад тодорхойлон заасан газрын хэмжээ байршилтай ямар нэгэн зөрүүгүй байгааг анхан шатны шүүх дүгнэж чадаагүй.

Иргэн Л.Мөнхбаяр 2007 оны 5 дугаар сард дуудлага худалдаанд оролцож Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 324 м.кв талбайтай 756 м.кв эдэлбэр газартай Соёлын төвийн барилгыг 8.000.000 сая төгрөгөөр худалдан авсан болохыг Төрийн өмчийн хорооны 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 278 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт тодорхой зааж, 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Л.Мөнхбаярт Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 324 м.кв талбай бүхий 756 м.кв эдэлбэр газартай Соёлын төвийн барилгын өмчлөгч мөн болохыг баталсан 00470 дугаартай өмчлөгчийн эрхийн гэрчилгээг Төрийн өмчийн хорооноос олгосон байгаад анхан шатны ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Дээрх байдал нь Л.Мөнхбаяр, У.Жаргалсайхан нарын одоо эзэмшиж байгаа эзэмшил газрын хэмжээгээр давхар нотлогдоно.

Тодруулбал, Л.Мөнхбаяр 2007 онд дуудлага худалдаагаар Соёлын төвийн барилгыг 756 м.кв эдэлбэр газрын хамт худалдан авч хууль ёсны өмчлөгч, эзэмшигч болсноос хойш 2011 онд гуравдагч этгээд У.Жаргалсайханд тус барилгын урд хэсэг болон 444 м.кв газрыг шилжүүлснээр одоо эзэмшиж буй газар нь 312 м.кв болж тус бүр нь нийслэлийн Засаг даргын захирамжтай, Газрын тухай хуульд заасан болзол шаардлагыг хангасан эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгээр баталгаажиж тухайн цаг хугацаанаас эхлэн газар эзэмшигчийн үүргээ биелүүлж газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж ирсэн төлбөрийн баримтуудаар нотлогдоно.

Дээрх үйл баримтуудыг анхан шатны шүүх ямар нэгэн үндэслэлээр үгүйсгэж чадаагүй атлаа хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас илтэд өөр дүгнэлт хийж, хууль ёсны өмчлөх эзэмших эрхтэй гуравдагч этгээд У.Жаргалсайханы эзэмших эрхийг үгүйсгэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь илтэд хууль бус дүгнэлт шийдвэр болсон.

Иймд нэхэмжлэгч Б.Доржбалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 690 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээд Л.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж мөн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...гуравдагч этгээд Л.Мөнхбаярт нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд аж, ахуйн зориулалтаар 756 м.кв газрыг эзэмшүүлж улмаар Л.Мөнхбаяр нь уг газрынхаа 444 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар У.Жаргалсайханд шилжүүлэхдээ нэхэмжлэгч Б.Доржбалын оршин сууж байсан газартай давхцуулан эзэмшүүлсэн” гэж дүгнээд тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгүүдийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль бус дүгнэлт, шийдвэр болсон.

Гуравдагч этгээд Л Мөнхбаярын зүгээс 2007 оны 5 дугаар сард Төрийн өмчийн хорооны дуудлага худалдаанд оролцож Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 324 м.кв талбайтай 756 м.кв эдэлбэр газартай Соёлын төвийн барилгыг 8.000.000 сая төгрөгөөр худалдан авч Төрийн өмчийн хорооны 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 278 дугаар тогтоолоор дуудлага худалдааг албажуулж, 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тус үл хөдлөх эд хөрөнгө түүний эдэлбэр газрын өмчлөгч мөн болохыг баталсан 00470 дугаартай Өмчлөгчийн эрхийн гэрчилгээг Төрийн өмчийн хорооноос олгож нийслэлийн Засаг дарга 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар тус 756 м.кв газрыг Л.Мөнхбаяр миний биед эзэмшүүлж байгаа явдал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг ямар нэг үндэслэлээр хөндсөн зүйл байхгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүх нотлох баримтад дурдсан үйл баримтад бодитой дүгнэлт хийж чадалгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

2.Л.Мөнхбаяр миний бие 2007 онд дуудлага худалдаагаар худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн эдэлбэр газар 756 м.кв газрын хэмжээ байршлыг ямар нэгэн байдлаар өөрчилж нэмсэн зүйл байхгүй. Анх 2007 оны 5 дугаар сард Төрийн өмчийн хорооноос гаргаж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн болон эдэлбэр газрын схем зургуудад заасан хэмжээ байршлаар өнөөдрийг хүртэл кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй байгааг нийслэлийн Өмчийн харилцааны газраас гаргаж өгсөн бичгийн баримтуудаас тодорхой харж болно.

Ийм байхад нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн газартай давхцуулсан гэж хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Кадастрын хэмжилт, зураг үйлдэх ажиллагааг төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас эрхлэн явуулдаггүй хувийн аж ахуй нэгжүүд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулж байгаа нөхцөл байдал нь нэхэмжлэгчийг илтэд хууль бус шаардлага гаргах үндэслэл болж байгааг давж заалдах шатны шүүх онцгой анхаарах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч өөрөө аль нэг хувийн байгууллагад хандаж, хүссэн газар байршилдаа кадастрын зураг хийлгэж түүнийгээ хууль ёсны эзэмшил газар мэтээр тайлбарлан маргаан үүсгэж болох нөхцөл байдлыг цаашид таслан зогсоохгүй бол энэ мэтээр хууль, шүүхийн байгууллагад буруу ойлголт төрүүлж нэг талаасаа бусдын эд хөрөнгө, газрыг дээрэмдэж байгаагаас өөрцгүй үйл ажиллагаа явагдаж байгаад харамсаж байна.

Нэхэмжлэгч болоод анхан шатны шүүх нь хувийн байгууллагаар хийлгэсэн кадастрын зургийг төрийн захиргааны нэгдсэн систем бүртгэлд оруулж баталгаажуулсны эцэст албан ёсны кадастрын зураг, эзэмшигчийн эрхийг баталгаажуулсан нотлох баримт болдог гэдгийг ойлгохгүй байна гэж үзэхээр байна.

3.Маргаан бүхий асуудлын гол үндэслэл нь гуравдагч этгээд У.Жаргалсайхан нэхэмжлэгч Б.Доржбал нарын хоорондох газрын давхцлын маргаан буюу Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн хүрээнд явагдах хэмжээ хязгаартай. Анхан шатны шүүх тус захирамжийн хүрээнд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөж буй эсэхэд дүгнэлт хийх боломжтой байхад нэхэмжлэгчийн оршин буй газартай хэмжээ байршлын хувьд ямар ч хамааралгүй Л.Мөнхбаяр миний газар эзэмших эрхийг хөндөж 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь өөрөө илт хууль бус шийдвэр болсон.

4.Нэхэмжлэгч Б.Доржбал нь тухайн газар дээр оршин суух ямар ч зөвшөөрөл, эзэмших эрх байхгүй атлаа өнөөдрийг хүртэл энэ мэтээр маргаан үүсгээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Анх Л.Мөнхбаяр миний бие дуудлага худалдаанд оролцож байхад тухайн объект, газрыг Б.Доржбал гэх хүнээр мануулж сахиул хийлгэж байгаа талаар тайлбарлаж байсан. Энэ байдлыг ч Төрийн өмчийн хорооны тогтоолд түүний нэрийг зааж тодотгон оруулсан байгаагаас харж болно. Миний бие тус объект газрыг хүлээн авсны дараа “...Б.Доржбал гуай та настай хүн байна бид энэ байрыг засаж янзлаад ашиглатал та энэ газартаа байж байхгүй юу даа...” гэж хэлж тухайн газартаа амьдруулж байсан болохоос биш 2007 онд түүнийг одоо нүүж газар чөлөөл гэсэн бол энэ хүн ингэж маргаад байж чадахгүй байсан шүү дээ.

Энэ мэт нөхцөл байдлуудаар гуравдагч этгээд Л.Мөнхбаяр, У.Жаргалсайхан нарын хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 690 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Төрийн өмчийн хорооны 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 278 дугаар тогтоолоор Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан 324 м.кв талбай, 756 м.кв эдэлбэр газартай Соёлын төвийн барилгыг нийтийн дуудлага худалдаанд оролцогч Л.Мөнхбаяр худалдан авч 8.000.000 төгрөгийг бүрэн барагдуулснаар өмчлөх эрхийг түүнд шилжүүлэн олгохоор, мөн тогтоолоор Соёлын төвийн сахиулаар ажиллаж байсан одоогийн нэхэмжлэгч Б.Доржбалд хувьчлалын орлогоос 1.321.000 төгрөг олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Б.Доржбалын тухайд Соёлын төвийн сахиулын ажлыг хийдэг байсан талаараа нэхэмжлэлдээ дурдсан, гуравдагч этгээд нарын тайлбарт ч энэ талаар тусгагдсан байна.

2009 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөр огноолсон нэгж талбарын 18636313028724 тоот 756 м.кв талбай бүхий Л.Мөнхбаярын эзэмшиж буй газрын кадастрын зураг, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актаас үзэхэд одоогийн нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн газрын зарим хэсэг гуравдагч этгээдийн эзэмшил газартай давхцалтай, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас томилогдсон шинжээчийн дүгнэлтээр ч нэхэмжлэгч Б.Доржбалын эзэмшил гэх 317 м.кв газар нь Төрийн өмчийн хорооны 2007 оны дуудлага худалдаагаар худалдсан Соёлын төвийн барилгын эдэлбэр газартай буюу анх гуравдагч этгээд Л.Мөнхбаярын, дараа нь гуравдагч этгээд У.Жаргалсайханд шилжүүлэн эзэмшүүлсэн газартай тус тус давхцалтай, харин давхцлын хэмжээ 180.2-182 м.кв болох нь тус газраас ирүүлсэн газрын байршлын кадастрын зургийн давхцлаар тогтоогджээ.  

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Доржбалын тухайд одоогийн байгаа байршилд 1997 оноос хойш амьдарч байгаа үйл баримттай гуравдагч этгээд нар маргадаггүй, мөн тэрбээр өөрийн амьдарч буй хэсэг газрыг эзэмших хүсэлтийг холбогдох байгууллагад гаргасан, түүнчлэн хорооны Засаг даргаас Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин 1-19 тоот гэсэн хаяг олгогдсон ч эдгээр нь гуравдагч этгээд нарт нэгэнт үүссэн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар дээр дурдсан дуудлага худалдааны ялагч болсон Л.Мөнхбаярт 756 м.кв газрыг эзэмшүүлж, мөн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар уг газрын 444 м.кв-ыг У.Жаргалсайханд шилжүүлэн эзэмшүүлсэн байх тул эдгээр захирамжийг хууль бус гэж үзэх боломжгүй.

Дээрх байдлаас нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгчийн Соёлын төвийн барилгын сахиулаар уг газарт олон жилийн турш амьдарч байсан бодит байдал нь түүнд тухайн газрыг эзэмших хууль ёсны ашиг сонирхол үүссэн гэж дүгнэх үндэслэлийг бий болгохгүй, энэ нь ч дуудлага худалдааны орлогоос Б.Доржбалд зохих хэсгийг олгохоор шийдвэрлэснээр батлагдана.

Гэтэл анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг болон шинжээчийн дүгнэлтийг тус тус буруугаар тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн байх тул дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 10, 38 дахь талд авагдсан Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн Соёлын төв /клуб/-ийн тойм зурагт эдэлбэр газрын хэмжээг 36х25.2 м гэж тодорхойлсон атлаа нийт талбайг 756 м.кв гэж тооцсон байдаг. Гэтэл 36х25.2 м гэдэг нь 907.2 м.кв талбай болж байх тул энэхүү зургийг газрын хэмжээг тодорхойлсон хөтөлбөргүй нотлох баримт гэж үзэх боломжгүй байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 690 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, иргэн Б.Доржбалын “нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 494 дүгээр захирамжийн У.Жаргалсайханд холбогдох хэсэг, 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжийн Л.Мөнхбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд У.Жаргалсайхан, Л.Мөнхбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140400 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                                                               

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                                ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                                ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН