Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 690

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н*******, гуравдагч этгээд У.Ж*******, Л.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нарыг оролцуулан Б.Д*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 494 тоот захирамжийн У.Ж*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 тоот захирамжаас Л.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Д******* нь 1995 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн бөгөөд ирсэн цагаасаа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ******* ******* хотод гэр бүл, үр хүүхдийн хамтаар амьдарч байгаа болно. Иргэдэд газар эзэмшүүлж эхэлсэн үеэс амьдарч байгаа газраа өөрийн нэр дээр болгож, эзэмших хүсэлт удаа дараа төрийн байгууллагад гаргаж байсан ч төрийн тусгай хамгаалалттай газар гэх шалтгаанаар шийдвэрлэж өгөхгүй өнөөдрийг хүртэл чирэгдүүлж байна. Манай хашаатай хил залгаа цэргийн ******* дүгээр ангийн клубын барилга байсан. Би тус барилгын манаачийг давхар хийдэг байсан. 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын төрийн өмчийн хорооноос 278 тоот тогтоолоор Хилийн цэргийн ******* дүгээр ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан 324 мкв талбайтай 756мкв эдэлбэр газартай Соёлын төвийн барилгыг дуудлага худалдаагаар оруулж 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 612 тоот шийдвэрийг үндэслэж өмчлөх эрхийг иргэн Л.Мт шилжүүлсэн байна.

Иргэн Л.М нь иргэн У.Ж*******д өөрийн эзэмшлээс Сонгинхайрхан дүүргийн 7 дугаар хороо, Нарангийн *******, Баянхошууны гудамж ******* дүгээр барилгын урд байрлалтай, агуулахын зориулалттай 162 мкв талбай үл хөдлөх эд хөрөнгийг ,444 мкв газрын хамт Нийслэлийн засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр шилжүүлсэн байна. Ийнхүү шилжүүлэхдээ төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаагаар авсан агуулахын зориулалттай 324мкв талбайтай обьектын эдэлбэр газрын хэмжээг томруулж, байршлыг нь өөрчилж манай эзэмшиж байсан газартай давхардуулан иргэн У.Ж*******д 444 мкв газар эзэмшүүлж шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Иймд 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл тухайн газарт амьдарч байгаа миний эрхийг болон Газрын тухай хуулийн 4.1.3-т заасан “газар өмчлөх эзэмших, ашиглахад шудрага ёс тэгш байдлыг хангах” мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эдэлбэр газрын байршил хэмжээг өөрчилж олгосон гэж үзэж байгаа тул 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн засаг даргын 494 тоот захирамжийн У.Ж*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын  28-ны өдрийн 494 дугаар захирамжийн У.Ж*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн дагуу шүүх ажиллагаа явуулж, Өмчийн харилцааны газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 4/40 тоот албан бичгээр ирүүлсэнийг хариу, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2015 оны 1/282 тоот албан бичгээр ирүүлсэн газрын давхцалыг харуулсан зургууд болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбаруудтай нь танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 

Б.Д******* гуай 1995 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус газарт амьдарч иргэдэд газар эзэмшүүлж эхэлсэн үеэс уг амьдарч байгаа газраа өөрийн нэр дээр болгож эзэмших хүсэлт удаа дараа төрийн байгууллагад гаргаж байсан ч төрийн тусгай хамгаалалтын газар гэсэн үндэслэлээр шийдвэрлэж өгөхгүй өнөөг хүрлээ 

У.Ж*******ы эзэмшлийн газар нь иргэн Б.Д*******ын эзэмшил газартай давхцаад байгаа шалтгааныг хариуцагчийн тайлбар болон шинжээчийн дүгнэлттэй танилцаад нийслэлийн засаг дарга даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар иргэн Л.Мын дуудлага худалдаагаар худалдан авсан үл хөдлөх хөрөнгийнх  нь эдэлбэр газрын эзэмших эрхийг баталгаажуулахдаа байршилыг нь өөрчлөн Б.Д*******ын бодитоор эзэмшиж байсан газартай давхцуулан газар олгосноос болсон болохыг мэдлээ. Үүний улмаас Б.Д******* нь өөрийн 1995 оноос хойш эзэмшиж амьдарч байгаа газрынхаа эзэмших эрхийг хуулийн дагуу баталгаажуулан авах эрх нь зөрчигдөж, олон жил амьдарсан газраасаа хөөгдөхөд хүрээд байна. 

Иймээс Л.Мт газар эзэмших эрхийг баталгаажуулсан Нийслэлийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийг  хууль бус захиргааны акт байна гэж үзэж байна. Уг захиргааны актыг холбогдох заалтыг хүчингүй болгосноор иргэн Б.Д******* нь өөрийн олон жил амьдарч ирсэн газраа эзэмшиж авах боломжтой болох юм. Иймд Нийслэлийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 тоот захирамжаас Л.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Л.М нь Хилийн цэргийн ******* дүгээр ангийн соёлын төвийн   барилгыг худалдах нийтийн дуудлага худалдааны ялагч болсноор Төрийн өмчийн хорооны үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 756 мкв газартай 324 мкв талбайтай барилгыг 2007оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 278 дугаар тогтоолоор уг барилгын өмчлөгчийн эрхийг авсан байна.

Төрийн өмчийн хороны 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрх шилжсэн тухай албан бичиг, иргэн Л.М нарын хүсэлтийн дагуу нийслэлийн засаг даргын 2007 оны 612 дугаар захирамжаар Л.Мт аж ахуйн зориулалтын 756 мкв газрыг эзэмшүүлсэн. Л.М нь эзэмшил газрынхаа 444м.кв газрыг У.Ж*******д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт гаргаснаар Нийслэлийн засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар У.Ж*******д 444 мкв, Л.Мт 312 мкв газрыг тус тус эзэмшүүлсэн байна.

Төрийн өмчийн хорооны 2007 оны 278 дугаар тогтоолд дурьдсанаар иргэн Б.Д******* нь тус төвийн сахиул байсан ба ийнхүү хувьчлалын дагуу Л.М болон У.Ж******* нарт газар эзэмшүүлсэн нь иргэн Б.Д*******ын эрх ашгийг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн хорооны 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрх шилжсэн тухай албан бичиг, иргэн Л.М нарын хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2007 оны 612 дугаар захирамжаар Л.Мт аж ахуйн зориулалтаар 756 мкв газрыг эзэмшүүлсэн бөгөөд Л.М эзэмшил газрынхаа 444 мкв газрыг У.Ж*******д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар У.Ж*******д 444 мкв, Л.Мт 312 мкв газрыг тус тус эзэмшүүлсэн байна. Иргэн Л.М болон У.Ж******* нар нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу баримтаа бүрдүүлэн хүсэлт тавьж үүний дагуу нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргасан нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.   

Гуравдагч этгээд У.Ж*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Уламбаяр овогтой Ж******* нь 2007 оны 06 дугаар сард иргэн Л.Мтай хамтарч Монгол улсын Төрийн Өмчийн хорооноос зарлагдсан дуудлага худалдаанд оролцож Хилийн цэргийн ******* дүгээр ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан 324 м2 талбайтай, 756 м2 эдэлбэр газартай Соёлын төвийн барилгыг худалдаж авсан юм. 

Төрийн өмчийг худалдах, худалдан авах ажиллагаа дууссаны дараа 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төрийн өмчийн хорооноос 278 дугаартай тогтоол гаргаж өмчлөх эрх шилжүүлсэн болохыг тогтоож өгсөн бөгөөд дуудлага худалдааны обьект болсон барилга, газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнд гэрчилгээ олгохыг Төрийн өмчийн удирдлага хувьчлалын газарт давхар даалгасан байдаг.

Энэ тогтоолын дагуу Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан Хилийн ******* дүгээр ангийн Соёлын төвийн барилга, уг барилгын салгаж үл болох хэсэг буюу эдэлбэр газар зэрэгт Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын алба зэрэг байгууллагуудын бүртгэлд шилжиж дээрхи байгууллагуудаас хаяг, байршлын бүртгэл хийгдэж дугаар олгогдсон байдаг. Тухайлбал:

Лхаажав овогтой Мт Нийлэлийн Засаг Даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаартай шийдвэрийг үндэслэж Нийслэлийн өмчийн харилцааны газар буюу Газрын албанаас 756 м2 газрыг эзэмшүүлэхээр 0142750 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Төрийн өмчийн хорооноос Л.Мт 2007 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 324 м2 талбай бүхий 756 м2 эдэлбэр газартай Соёлын төвийн барилгын өмчлөгч болохыг баталсан 00470 дугаартай гэрчилгээ тус тус Л.М болон У.Ж******* нарын өмчлөх эрх баталгаажсан.

Үүнээс хойш У.Ж******* нь 2011 онд Л.Мтай харилцан тохиролцож 2007 онд дуудлага худалдаагаар хамтран худалдан авсан газар болон үл хөдлөх эд хөрөнгөө адил тэнцүү байдлаар хуваан авах болсон бөгөөд У.Ж*******д уг барилга, газрын урд хэсэг оногдохоор болж Нийслэлийн өмчийн харилцаа, Ерөнхий төлөвлөгөө, Улсын бүртгэлийн ерөнхий газруудад хянагдаж хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүлсэн байдаг. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр У.Ж*******ы нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Нарангийн *******, Баянхошууны гудамж ******* дүгээр барилгын урд хэсгийн агуулахын зориулалттай 162 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоосон 000170897 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ.

Мөн У.Ж*******ы нэр дээр Нийслэлийн газрын албанаас 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутагт орших 444 м2 газрыг эзэмшигч болохыг тогтоосон 0351336 дугаартай гэрчилгээнүүд олгогдож У.Ж*******ы дангаар өмчлөх эрхийг баталгаажуулж өгсөн.

Гэтэл У.Ж*******ы эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр 2007 оноос хойш /дуудлага худалдаагаар худалдан авах үе/ гэр бүлийн хамт амьдарч байсан Б.Д******* гэгч нь өнөөдрийг хүртэл газар чөлөөлж өгөхгүй хууль ёсны өмчлөгч, эзэмшигч У.Ж*******ы эрхийг урт удаан хугацаагаар ноцтой зөрчсөөр ирлээ.

У.Ж*******ы зүгээс иргэн Б.Д*******д газар чөлөөлж өгөх талаар удаа дараа хууль ёсны шаардлага тавьсан боловч хүлээн зөвшөөрөхгүй байсан тул зохих байгууллагуудад нь хандаж энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн.

Иргэн Б.Д*******ын бусдын өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа хууль бус үйлдэл нь өнөөдөр “би чиний газар дээр оршин суугаагүй, өөрийнхөө газар дээр оршин сууж байна чиний газрын хаяг чинь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Нарангийн *******, Баянхошууны гудамж ******* гэсэн хаягтай байхад миний хаяг Хилчний ******* гэсэн хаягтай байгаа” гэсэн ямарч хууль зүйн үндэслэлгүй тайлбар тавьж хууль зөрчихөд хүргээд байгаа билээ.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар дээд шатны засаг дарга буюу төрийн байгууллагаас гаргаж байгаа тушаал шийдвэрийг доод шатны засаг дарга буюу төрийн байгууллага, нэгжээс өөрчилж хүчингүй болгох хууль зүйн ямарч зохицуулалт байхгүй, энэ утгаараа миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж хаяг байршлийн дугаар олгож байгаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын бүртгэл, газрыг бүртгэж хаяг байршлын дугаар гэрчилгээ олгож байгаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын бүртгэл дугаарыг дүүрэг болон хорооны зүгээс өөрчлөх ямар ч хууль зүйн зохицуулалт байхгүй байна.

Энэ байдлаа ч гэсэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга болон тус дүүргийн Газрын албанаас У.Ж*******д мэдэгдсэн байдаг.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлуудаас ******* ******* гэсэн хаягийг зөрчсөн талаархи ямар нэгэн захирамж шийдвэр гаргаж байсан үйлдэл байдаггүй бөгөөд 2008 оны УИХ-ын сонгуулийн ажлын хүрээнд хаяг бүртгэлгүй иргэдийг сонгуульд хамруулахын тулд ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр ******* гэсэн хаяг гаргаж иргэний бүртгэлд хамруулж дээрхи хаяг байршил нь зөвхөн тухайн иргэний бүртгэлтэй холбогдолтой асуудал болохоос таны эзэмшил, өмчлөлийн газрын хаягийг хороо дүүргийн зүгээс өөрчилсөн асуудал биш гэж мэдэгдээд байна.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газруудаас мөн надад хандаж таны өмчлөл эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгөнд хаяг байршлийн талаар ямар нэгэн давхцал, маргаантай асуудал байхгүй байна, нийслэлийн зүгээс олгосон хаяг байршлын хязгаарлалтыг хороо дүүргээс өөрчлөх эрх байхгүй иймд та энэ асуудлаа иргэний журмаар шүүхэд хандаж албадан нүүлгэх арга хэмжээ авахуулах нь хуульд нийцнэ гэж мэдэгдээд байгаа билээ.

Иймд У.Ж*******ы газар дээр хууль бусаар оршин сууж амьдарч байгаа атлаа илтэд үндэслэлгүйгээр тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэгч Б.Д*******ын нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.    

Гуравдагч этгээд Л.М шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг Даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар иргэн Л.М  миний бие тус обьект, эдэлбэр газрыг дуудлага худалдаагаар худалдан авахад  иргэн Б.Д******* гуай тухайн обьектийн манаачаар ажилаж байсан. Ингээд намайг худалдан авахад ТӨХ-оос “таны манаачийн хугацаа дууслаа, тус обьект газар эзэнтэй болсон, та цалингаа авсан, одоо газраа чөлөөлж өг” гэхэд газраа чөлөөлөхгүй одоо хүртэл амьдарч байгаа нь үнэн. 2007 оны 3 дугаар сард тухайн обьектын талыг газрын хамт У.Ж*******д бэлэглэж шилжүүлэн өгсөн. Энэ үед Д******* гуайг та манай хашаанд манаачаа хийгээд л сууж бай нүүж яахав гэсэн учир хөгшин хүн манай юм, миний юм гэж бодож байгаа байлгүй дээ. 

Газрын тухай хууль Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 тоот шийдвэрийг үндэслэн миний бие нэгж талбарын 47/0035 дугаар бүхий 312 мкв газраа өмчлөн авч эзэмшиж байгаа болно. Б.Д******* гуайн нэхэмжлэлд газар нь У.Ж*******ы тухай тоот эзэмшлийн газартай давхцаж байж магадгүй тул иргэн У.Ж*******тай газрын асуудлаа шийдэх нь оновчтой болов уу. Б.Д******* гуайн газар нь иргэн Л.Мын газартай давхцаагүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д******* нь “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 494 тоот захирамжийн У.Ж*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 тоот захирамжаас Л.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Д******* нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ******* ******* тоот, 330 мкв газарт 1997 оноос хойш амьдарч байгаа нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд газар эзэмших тухай хүсэлтийг 2012 онд Төрийн өмчийн хороо, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандсан болох нь иргэний хэргийн хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байна. 

Анх Төрийн өмчийн хорооны 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 278 дугаар тогтоолоор Хилийн цэргийн ******* дүгээр ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан 324 мкв талбайтай, 756 мкв эдэлбэр газартай Соёлын төвийн барилгын өмчлөх эрхийг худалдах нийтийн дуудлагын худалдааны ялагч Л.Мт шилжүүлэн олгохоор шийдвэрлэсэн байна. 

Уг тогтоолын дагуу гуравдагч этгээд Л.Мт Нийслэлийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд аж ахуйн зориулалтаар 756 мкв газрыг эзэмшүүлж, улмаар Л.М нь уг газрынхаа 444 мкв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар У.Ж*******д шилжүүлэхдээ нэхэмжлэгч Б.Д*******ын оршин сууж байсан газартай давхцуулан эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын “...шударга ёс, ..., тэгш байдал, ..., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заалтад заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэсэн хуулийн зарчмыг хариуцагчаас зөрчсөн байна. 

Мөн нийслэлийн Засаг даргын 2007 оны 612, 2011 оны 494 дүгээр захирамжуудаар гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгохдоо нэхэмжлэгчийн амьдарч буй газартай давхцуулан олгосон болох нь шинжээчийн дүгнэлтээр болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байх бөгөөд хариуцагчаас гуравдагч этгээд Л.М, У.Ж******* нарт газар эзэмшүүлэхдээ бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр эзэмшүүлэхээр байжээ.  

Гэтэл хариуцагч нь Газрын тухай хуульд заасан уг шаардлагыг биелүүлээгүй буюу бусдын газарт давхцсан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байна. 

 Иймд нэхэмжлэгчийн амьдарч буй газарт гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирлыг хөндөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 494 тоот захирамжийн У.Ж*******д холбогдох хэсэг, Нийслэлийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 тоот захирамжийн Л.Мт холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 494 тоот захирамжийн У.Ж*******д холбогдох хэсэг, Нийслэлийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 тоот захирамжийн Л.Мт холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.ОЮУНГЭРЭЛ