Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2022/00055

 

 

 

 

 

 

 

 

 

   2021        12         30                                        182/ШШ2022/00055

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НЗД-д холбогдох,

2020.09.16-ны өдрөөс 2021.10.01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,061,287 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, өмгөөлөгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Нийслэлийн Багануур дүүргийн 1** дугаар сургуулийн захирлын ажлаас 2018.09.20-ны өдөр үндэслэлгүйгээр халагдсан бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.16-ны өдрийн 2042 дугаар шийдвэрээр намайг Багануур дүүргийн ОЭ цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Түүнчлэн дээрх шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.06-ны өдрийн 2247 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021.06.03-ны өдрийн 639 дугаар тогтоогоор хэвээр үлдсэн байдаг. Хариуцагч нь энэхүү шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, миний бие шүүхэд хүсэлт гарган, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Энэхүү ажиллагааны явцад намайг 2021.10.01-ний өдрөөс Багануур дүүргийн Засаг даргын Б/43 дугаар захирамжаар ажилд эгүүлэн томилсон боловч цалин хөлсийг олгоогүй, өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Тийм учраас миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020.09.16-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2021.10.01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 12,061,287 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байгаа. Энэхүү цалингийн тооцооллыг хийхдээ ОЭ цогцолбор сургуулийн 2021.10.07-ны өдрийн цалингийн тодорхойлолтыг үндэслэсэн бөгөөд миний 1 сарын цалин 964,899 төгрөг болсон байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж, цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ань НЗД-д холбогдуулж 2020.09.16-ны өдрөөс 2021.10.01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,061,287 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

             Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг намайг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрүүдийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй, миний бие шүүхэд хүсэлт гаргаж, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна, энэхүү ажиллагааны явцад 2021.09.30-ны өдөр ажилдаа эргэн орсон боловч, өнөөдрийг хүртэл цалин хөлсийг олгоогүй, намайг хохироож байна, тийм учраас би ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан цаг хугацаанаас эхлэн ажилдаа орсон өдрийг хүртэл нэхэмжлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

             Харин хариуцагчийн төлөөлөгч нь дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

 

             Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.16-ны өдрийн 2042 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.А-г Нийслэлийн ерөнхий боловсролын ОЭцогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож,

             түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,130,829 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож,

             нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгон шийдвэрлэсэн байна.

 

            Энэхүү шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.06-ны өдрийн 2247 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021.06.03-ны өдрийн 639 дүгээр тогтоолоор хянагдаж, хэвээр үлдсэн байх ба, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

             Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хүчин төгөлдөр шийдвэрүүдээр Б.А-г ажилд нь эгүүлэн тогтоосон, 1 сарын дундаж цалин хөлс 713,968 төгрөг болохыг тогтоосон үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

             Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”,

69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгоно” гэж заасан.

  

             Хариуцагч НЗДнь нэхэмжлэгч Б.А-г ажилд нь эгүүлэн тогтоосон дээр дурдсан 2042 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар биелүүлж, нэхэмжлэгч Б.А-г ажилд нь эгүүлэн авч, түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй.

 

             Гэтэл хариуцагч НЗДнь дээрх үүргээ биелүүлээгүй, энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, улмаар Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын 2021.09.30-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар Б.А-г ОЭцогцолбор сургуулийн захирлын албан тушаалд 2021.10.01-ний өдрөөс эхлэн томилсон байх боловч, цалин хөлсийг олгоогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгээгүй, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, бүрэн биелүүлээгүй байна.  

 

             Энэхүү үйл баримтууд нь зохигчдын гаргасан тайлбар, шүүхийн шийдвэрүүд, Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын 2021.09.30-ны өдрийн Б/43 дугаар захирамж, ОЭцогцолбор сургуулийн 2021.10.07-ны өдрийн цалингийн тодорхойлолт, тус шүүхийн 2021.07.26-ны өдрийн 6828 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Тиймээс нэхэмжлэгч Б.Ань Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020.09.16-ны өдрөөс ажилдаа эргэн орсон 2021.10.01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч НЗД-аас шаардах эрхтэй.  

 

Нөгөө талаар хариуцагч НЗДнь анхан шатны шүүхийн 2020.09.16-ны өдрийн 2042 дугаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсон даруйд нэхэмжлэгч Б.А-г Багануур дүүргийн ОЭцогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн авч, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн байсан бол нэхэмжлэгч Б.Ань ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж, цалин хөлсөөр хохирохгүй байсан гэж үзнэ.  

 

Иймд хариуцагч талын гаргасан “нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэлээ гаргаагүй” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байх бөгөөд, нэхэмжлэгч Б.Ань 2021.09.30-ны өдрийн Б/43 дугаар Засаг даргын захирамжаар ажилдаа томилогдсноос хойш 2021.10.13-ны өдөр буюу 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын дотор нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй болно.

Нэхэмжлэгч Б.А-гийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлсийг 2042 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, 1 сарын цалин хөлс болох 713,968 төгрөгөөр 2020.09.16-ны өдрөөс ажилдаа эргэн орсон 2021.10.01-ний өдрийг хүртэл тооцвол:

2020.09.16-ны өдрөөс 2021.09.16-ныг өдрийг хүртэл 12 сар /713,968 төг * 12 сар = 8,567,616 төг/, 2021.09.16-ны өдрөөс 2021.10.01-ний өдрийг хүртэл ажлын 11 өдөр /713,968 төг : 21,5 өд = 33,207 төг * 11 өд = 365,277 төг/-ийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нийт олговор нь 8,932,893 /8,567,616 төг + 365,277 төг/ төгрөг болов.

 

Иймд нэхэмжлэгч Б.А-гийн гаргасан цалин хөлсний тооцоолол буруу байх бөгөөд, түүний үндэслэл болгосон НЕБ-ын ОЭцогцолбор сургуулийн 2021.10.07-ны өдрийн цалингийн тодорхойлолт болох 964,899 төгрөгөөр цалин хөлсийг тооцох хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон 713,968 төгрөгөөр 1 сарын дундаж цалин хөлсийг тооцох учиртай.

 

Тиймээс нэхэмжлэгч Б.А-гийн 12 сар, ажлын 11 өдрийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нийт олговорт 8,932,893 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,128,394 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.   

 

Дээрх олговроос шимтгэл тооцон нэхэмжлэгч Б.А-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2‑т заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч Б.А, өмгөөлөгч С.Б нар шүүх хуралдааны өдөр эрх, үүрэг, хэргийн материал танилцсан байх боловч тэд хугацаа авах шаардлагагүй гэж тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч НЗД-аас 8,932,893 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,128,394 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч Б.А-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч НЗД-д үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ань тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч НЗД-аас 157,876 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА