Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/00309

 

 

 

 

 

 

2022 01 12

101/ШШ2022/00309

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 31-35 тоот хаягт байрлах ******* ХХК /РД:5321816/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 27/1 байр 601 тоот хаягт байрлах******* ХХК /РД:5336333/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 372,369,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Шинэбаяр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бум-Эрдэнэ, гэрч Д.Отгонбаяр, Ө.Золбоо, Б.Даваадорж, Ү.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь барилгын засвар, төмрөөр хашаа хайс хаалга хаалт хийх, гадаад худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх, хүнсний дэлгүүр, газар тариалан эрхлэх, мал аж ахуй эрхлэх гэсэн үндсэн чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бид 2020 оны 03 сарын 20 өдөр******* ХХК-тай Төмөр замын далангийн хоолой барих туслан гүйцэтгэх гэрээ-г байгуулан Таван Толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ПК250+780-ПК256+520 дахь км-т 5.74 км далангийн уртад байрлах 10 ш төмөр бетон хоолойн ажлыг чанарын өндөр гүйцэтгэлтэйгээр хийж, 2020 оны 06 сарын 20-нд бүрэн дуусгасан. 2020 оны 10 сарын 05 өдөр Монгол улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Зэвсэгт Хүчний Бүтээн Байгуулалтын Дэмжлэгийн Газартай тооцоо нийлэн эцсийн байдлаар дээрх 10 хоолойн ажлыг ажил гүйцэтгэлийн акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Тус төслийн захиалагч Монгол Төмөр Зам ТӨХК-өөс дээрх 10 хоолойн ажлын санхүүжилтийг 2020 оны 10 сард******* ХХК-д бүрэн шилжүүлсэн байхад өнөөдрийг хүртэл манай компанид төлөх төлбөрийн үлдэгдэлийг тооцоо болох 372,369,750Т-ийг өгөлгүй биднийг ихээр хохироож байна.

Хариуцагч талаас бүрэн төлбөрийг өгч барагдуулсан гэж байгаа ч нэхэмжлэгч талаас тэгж үзэхгүй байна. Учир нь 2020 оны 3 сарын 20-ны өдрөөс 2020 оны 6-р сарын 15-ны өдөр хүртэл нийт 690,080,000 төгрөг Я.Эрдэнэчимэгийн данснаас ******* ХХК-ийн данс руу орсон байдаг. Үүнийг задлаад хэлбэл ******* ХХК-ийн дансанд 271,000,000 төгрөг, мөн манайхтай хамтран ажилласан компанийн дансанд 802,030,250 төгрөг, Ү.Гансүхийн хувийн данс руу 54,600,000 төгрөг ингээд нийтдээ 1,127,630,250 төгрөгийг******* ХХК-иас манай компани авсан харагдаж байна.

Хариуцагч талаас тайлбарлахдаа хуучин мөнгөн дүнгээсээ тооцож төлбөр нэхэмжилж байна гэдэг тайлбарыг хэлж байна. Бид 1,670,381,952 төгрөгөөс тооцож 160,000,000 төгрөг нь 10 хувь болж үлдсэн. Ингээд 1,510,381,952 төгрөг манай компанид шилжих ёстой.******* ХХК-аас тооцсон дүн буюу 1,127,630,250 төгрөгийг бид нарт төлсөн. Одоо үлдэгдэл төлбөр 372,369,750 төгрөг байна. Буцаан дүүргэлтийн ажлын хөлс 230 сая төгрөг байсан гэж хариуцагч талаас хэлж байгаа ч 2020 оны Төмөр замын хоолойн ажлыг гүйцэтгэх акт байдаг. Энэ актыг******* ХХК болон Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газраас баталгаажуулсан байдаг. Энд гэрээний үнийн дүн 1,673,407,208 төгрөг үүнээс буцаан дүүргэлт нь 28,411,410.40 төгрөг байгаа юм. Гүйцэтгэгчээс шилжүүлэх дүн 25,265,940 төгрөг байна гэдэг байдлаар******* ХХК-тай тооцоо нийлчихсэн байгаа юм. Буцаан дүүргэлт гэдэг бол төмөр зам явах даланг сэтлэж хоолойг суулгаж буцаж даланг дүүргэх юм. Буцаан дүүргэлтийн ажлын үнэ хөлсийг анхнаасаа тохирч актандаа тусгасан байна. Дээд болон хажуу талын дүүргэлтийн тусдаа ажлын хөлс байхгүй. Зөвхөн буцаан дүүргэлтийн ажлын хөлс гэж байгаа юм. Буцаан дүүргэлтийг хариуцагч тал хийсэн нь үнэн.******* ХХК нь 2020 оны 6-р сарын 20-ны өдөр энэ буцаан дүүргэлтийн ажлынхаа хөлс болох 28,411,410 төгрөгийг авчихсан байгаа. Манай оронд нь сэтэлгээг хийсэн. Гэрээнд сэтэлгээ хийх гэдэг зүйл байгаагүй. Бид хоолой тавихад бэлдэх тэр ажлыг хийж гүйцэтгэх байсан. Дээд талын дүүргэлтийг манай компани хийсэн. Хоёр талын дүүргэлтийг хариуцагч хийсэн байдаг. Энэ ажил дуусчихсан ч бид 1 жил 6 сарын хугацаанд үлдэгдэл төлбөрөө авч чадахгүй явж байна. Тусгай зөвшөөрөлийн тухайд туслан гүйцэтгэх компани нь өөрсдөө тусгай зөвшөөрөлтэй байх ёстой байсан. Сонгон шалгаруулалтад 8 компани орсон байсан эдгээр компаниуд нь бүгд тусгай зөвшөөрөлтэй байж энэ ажлыг хувааж авч байгаа юм. Бид зөвхөн хоолойг аваачиж тавих байсан. Харин хариуцагч талаас өөрсдөө мэргэжлийн инженер тусгай зөвшөөрөлийнхөө хүрээнд ажлаа шалгаад явах ёстой байсан. Тусгай зөвшөөрлийн талаар гэрээнд дурдаагүй, тусгах шаардлагагүй байсан. Бид бол зөвхөн газар шорооны ажлыг л хийсэн. Хариуцагч тал бүрэн мөнгө авсан бидний зүгээс ажлаа бүрэн гүйцэтгэлтэйгээр хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх зүйл ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлсийг өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Тухайн үед манай компани хүн хүч машин техникийг бүгдийг өөрсдөөсөө гаргаж ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай компанийн тухайд эрхийн доголдол байсан бол ерөнхий гүйцэтгэгч нь энэ ажлыг хүлээж авахгүй байх байсан. Тэгэхээр энэ доголдолтой холбоотой ямар нэгэн баримт болон маргаан байхгүй. Энэ төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл байсан учир гүйцэтгэгч компаниудтай нууцын гэрээ байгуулсан байх. Харин******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ нь нууцад хамаарахгүй. Хариуцагч тал 296,000,000 төгрөгийн зөрүү гарсан учраас бид энэ их төлбөрийг төлөх боломжгүй болсон юм аа гэдэг зүйлийг ярьж байна. Бодит байдал дээр гэрээний үнийн дүн 1,966,000,000 төгрөг байхад энэ дүнгээс бодогдож суутгаж авах мөнгөнүүд тогтоогдож байгаа юм. Захиалагч байгууллагаас 224,213,660 төгрөгийг суутгаж авах байсан. Үүнд захиалагчийн хяналтын зардал 2 хувь буюу 39,335,730 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2 хувь буюу 39,335,730 төгрөг, норма нормативын зардал 0,4 хувь 7,867,146 төгрөг, удирдлагын зардал буюу Зэвсэгт хүчний жанжин штабын суутгал нь 137,667,054 төгрөг нийт 224,213,660 төгрөг байсан. Гэтэл гэрээ шинэчлэгдэж дүн гэрээний дүн 1,670,381,952 төгрөг болж өөрчлөгдсөн. Ингээд энэ дүнгээр бодоход захиалагчийн хяналтын зардал 2 хувь 21,286,268 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2 хувь 21,286,268 төгрөг, норма, нормативын зардал 0,4 хувь 5,898,391 төгрөг, удирдлагын зардал 54,020,977 төгрөг болж буурсан байгаа юм. Ингээд нийт суутгал 102,491,904 төгрөг болсон. Гэрээний дүнгээс 121,721,756 төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Ингээд нийт зөрүүнээс хасаж тооцохоор гэрээний үнийн дүн буюу 174,682,782 төгрөг болж буурч байгаа юм. Тэгэхээр бид буурсан дүнгээс нэхэмжилж байгаа.

Мөн энэ буурсан дүн нь манай ажлын хөлсийг багасгах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болон гэрээнд ямар ч хамааралгүй.

Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т заасныг үндэслэн Кэй Эйч Эн АР ХХК болон Жарунтулга ХХК нарын хооронд 2020 оны 03 сарын 20 өдрийн Төмөр замын далангийн хоолой барих туслан гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд******* ХХК-иас 372,369,750Т-ийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2019 оноос Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км төмөр замын дэд бүтцийг барих томоохон төсөл хэрэгжиж эхэлсэн. Уг төслийн захиалагчаар Монголын төмөр зам ТӨХК, ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, түүнийг төлөөлж Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар, харин манай компанийн бусад 6 компанитай нийлж консорциум хэлбэрээр тухайн төслийн туслан гүйцэтгэгчээр ажилласан.

Манай компанийн хувьд төмөр замын суурь бүтэц угсрах /далан, хоолой барих/ зөвшөөрлийг зохих ёсоор эзэмшиж байсны хувьд өөрсдийн хариуцаж байсан буюу гэрээлэн хийж байсан хэсэг болох Дорноговь аймгийн Мандах сумын нутагт ПК 250+780 - ПК 256+520 дахь км-т 10 ширхэг төмөр бетон хоолой барих ажлыг авсан. Гэрээ консорциумын толгой компани болох Бидний зам" ХХК-иар ерөнхий гүйцэтгэгчтэй /Бүтээн байгуулалтын дэмжпэгийн газар/ хийгдсэн. Уг хоолой барих ажлын эрхийг авсны дараа манай компанид туслан гүйцэтгэгчээр орж ажиллах хүсэлтийг долоон аж ахуйн нэгж тавьсан юм. Бид ирсэн аж ахуйн нэгжүүдтэй нэг бүрчлэн уулзаж 70/30 гэсэн харьцаа буюу нийт төсөвт өртгийн 70 хувиар туслан гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэж 30 хувь нь ерөнхий гүйцэтгэгчид үлдэх хувилбарыг бүх санал өгсөн компаниудад өгч байсан юм. Гүйцэтгэгч буюу манай компанид чухам яагаад 30 хувь нь үлдэхээр бид санал тооцоолол хийсэн бэ гэхээр ажлын нийт төсөвт өртгөөс олон төрлийн суутгал хийгддэг. Үүнд: Захиалагчийн хяналтын зардал 2%, Магадлашгүй ажлын зардал 2%, Норм, нормативын сан 0,4%, Баталгаат хугацааны 5% нийт 9.4% суутгалыг ажлын хөлснөөс суутгуулдаг. Түүнчлэн НӨАТ-ын 10%, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10%-ийг оруулан тооцоод гүйцэтгэгч өөрөө тодорхой хэмжээний ашиг хардаг жишиг болсон тооцоолол юм. Дээрх суутгалуудыг нэхэмжлэгчийн гаргаж доод бүтэц-хоолойн ажлын гүйцэтгэл №1 гэсэн нэртэй баримтаас тодорхой харж болно. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ерөнхий захирал З.Баасандоржийн хүргэн Золбоо нь маргаж буй талын захирал гэх Ү.Гансүхийг дагуулан манай ажил дээр орж ирсэн юм. Ерөнхий захирлын зүгээс надад хандан манай хүргэн байгаа юм найзуудтайгаа хамтран энэ ажлыг сонирхож хийе гэсэн санал тавьж байна. Аль болохоор дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Ажлын хөлсний харьцааг нийт төсөвт өртгийн дүнгээс 75/25 гэсэн харьцаагаар тооцьё гэсэн санал хэлсэн юм. Компанийн удирлагууд учраас бид аливаа шийдвэрийг зөвлөлдөж гаргадаг. Ингээд саналыг би хүлээн зөвшөөрч гэрээг байгуулан Ерөнхий захирлыг төлөөлөн би гарын үсэг зурж баталгаажуулсан. Манай компанийн зүгээс нэгэнт гэрээ байгуулсан учраас туслан гүйцэтгэгчийг бүх талаар дэмжин ажиллах байр суурийг анхнаасаа баримтлан ажилласан. Учир нь Жарунтулга ХХК-ийн хийх ажлаас үүссэн аливаа үүрэг хариуцлагыг Ерөнхий гүйцэтгэгчийн өмнө манай компани хариуцах ёстой. Гэрээ ёсоор туслан гүйцэтгэгч нь засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, түлш шатахуун болон ажил үүрэг гүйцэтгэхтэй холбогдож гарах бусад бүх зардлыг өөрсдөө бүрэн хариуцахаар зохицуулсан. Тээвэрлэлт, хадгалалт, хангалт, түгээлт зэрэг бүх эрсдэл, үүргийг өөр дээрээ манай компани авч ажилласан. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай компани туслан гүйцэтгэгч Жарунтулга ХХК-тай 20/03 дугаар бүхий гэрээ хийсэн бөгөөд энэ үед ерөнхий гүйцэтгэгч Бидний зам ХХК-с манайд яригдаж буй 10 ширхэг төмөр бетон хоолойн төсөв өгөхдөө үнийн дүнг 1,996,786,490 төгрөг байхаар мэдээлсэн. Энэ үнийн дүнгээс дээр яригдсан 75/25 -ын зарчмаар тооцож гэрээний үнийн дүнг 1,500,000,000 төгрөгөөр тогтож гэрээг үзэглэсэн юм.

Ингээд ажил үргэлжлэх явцад Зэвсэгт хүчний жанжин штабаас хоолойн ажлын үнэлгээ хэт өндөр байна анхны гэрээ хүчин төгөлдөр бус үнэлгээгээ дахин нягталж оруулж ир гэсэн шаардлага тавьж хоолойн ажлын хөлс өгөхгүй хугацаа их алдагдуулсан. Энэ хооронд манай зүгээс далангийн ажлын санхүүжилтээс аль болох бололцоогоороо туслан гүйцэтгэгчид өгч ажлыг тасалдалгүй явуулж байсан. Ингээд удаа дараа буюу 4-5 удаа төсөв хийж өгсөн ч ЗХЖШ-ын зүгээс зөвшөөрөхгүй байсны улмаас эцэстээ туслан гүйцэтгэгч Жарунтулга ХХК-тай зөвшилцөж байгаад нийт ажлын үнэлгээг 1,673,407,208 төгрөг байхаар зөвшөөрч баталгаажуулсан юм.

Үндсэндээ анх яригдаж байсан дүнгээс 323,379,282 төгрөгөөр бууж батлагдсан гэсэн үг. Харамсалтай нь энд яригдаж буй хоолойн ажлаас манай компани маш их алдагдал хүлээсэн бөгөөд туслан гүйцэтгэгчийн буруутай үйлдэл, ажпыг тасалдалгүй явуулах техник тоног төхөөрөмж, хүн хүчний бололцоогүй байдал зэрэг олон шалтгаан нөхцөл үүнд маш их нөлөөлсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т Б тал нь 10 ширхэг төмөр замын далангийн хоолой барих бөгөөд хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажил үүнд хамаарна гэсэн заалт бий. Харамсалтай нь гэрээгээр хүлээсэн энэ үүргээ туслан гүйцэтгэгч биелүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байснаас манай компани энэ ажлыг өөрсдөө гүйцэтгэсэн бөгөөд үүнд маш их хэмжээний зардал гарсан юм. Хоолойн дээд талын далангийн дүүргэлтэд хичнээн хугацаа орсон, ямар ямар техник тоног төхөөрөмжүүд ажилласан, уг хугацаанаас үүдэн нийт далангийн ажил хэдий хэр хугацаагаар хойшлогдсон, хугацаанаас үүдэн компани хичнээн төгрөгний торгууль, хохиролд орсон, далангийн дүүргэлтэд ажилласан машин механизмын шатахууны тооцоо зэргийг гэрчүүдийн мэдүүлгээр тогтоох боломжтой.

Мөн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн хийх ёстой ажлыг нэхэмжлэгч тал хийсэн нь хууль зүйн талаасаа тухай нь хуульд тавигдсан шаардлага хангахгүй хүчин төгөлдөр бус гэрээ болсон.

Нэхэмжлэгч талаас гэрээний үнийн дүн өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрч байна. 4,419,491,251 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг Бидний зам ХХК-тай байгуулсан. Өөрөөр хэлбэл 10 хоолой болон Өмнөговь аймгийн Манлай сумын далангийн хоёр ажлыг нийлүүлсэн гэрээ хийгдсэн юм. Бид нотлох баримтаар хоёр далангын гүйцэтгэлийн акт гаргаж өгсөн. Тухайн гүйцэтгэлийн акт дээр далан хоолой хийж гүйцэтгэсэн тухай баримт байгаа. Үүн дээр 2,458,115,170 төгрөгийн далангийн ажил байгаа юм. Бидний зам ХХК-тай байгуулсан 4,419,491,251 төгрөгийн гэрээний үнийн дүнд далан болон хоолойн ажил багтсан байгаа юм. 4,419,491,251 төгрөгөөс далангийн ажлын хөлс 2,458,115,170 төгрөгийг хасахаар тухайн үед хийсэн 10 хоолойны ажлын анхны үнийн дүн 1,961,377,081 төгрөг байнсан. Анх ийм дүнтэй ажил санал болгохоор талууд тохирсон байгаа юм. Ингэж явсаар эцсийн дүн нь 1,673,407,208 төгрөгөөр батлагдсан. Хоолойн буцаан дүүргэлт гэдэг хоолойны хоёр далавчийг л дүүргэх зай байдаг. Дээд талын далангийн дүүргэлт гэдэг нь үндсэндээ хоолойн дээрээ далан барих асуудал байдаг. Бид төмөр замтай хамтарч ажлаад 10 жил болж байна. Энэ хугацаанд ямар нэгэн бусдыг хохироосон үйл ажиллагаа явуулж байгаагүй. Далангийн дээд талын дүүргэлийг гэрээний 1.4 т заасны дагуу нэхэмжлэгч тал хийх ёстой байсан боловч манай тал өөрийн техник ажиллах хүчээ гаргаж хийсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор тооцооны хавсралтыг гаргаж өгсөн байгаа. Ингээд бид энэ ажлыг хоёр сард хийсэн гэж дунджаар тооцоход 223 сая төгрөгийн асуудал байсан. Гэрээнд гэрээний үнийн дүн өөрчлөгдөхөд төсөв өөрчлөгдөнө гэж, мөн гэрээнд заасны дагуу энэхүү төсвийг талууд тохиролцоно гэж тус тус заасан байдаг. Ингээд бид төсвийн талаар тохиролцох тал дээр хугацаа алдаж тохиролцоонд хүрч чадахгүй явсаар байгаад шүүх дээр ирсэн асуудал байгаа юм гэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, гүйцэтгэх захирлын талаарх лавлагаа, 2020 оны 3 сарын 20-ны өдрийн 20/03 тоотТөмөр замын далангийн хоолой барих туслан гүйцэтгэх гэрээ, доод бүтэц-хоолойн ажлын гүйцэтгэлийн төсвийн баримт, мөнгө хүлээн авсан материалын тооцоо гэх баримт, 2021 оны 6 сарын 21-ний өдрийн №45 дугаартай албан бичиг, шуудан хүргэлтийн баримт, Хаан банкны дансны хуулга,

хариуцагчаас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ,2019 оны 7 сарын 16-ны өдрийн Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц, далан, хоолойн барих ажлыг туслан гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 сарын 05-ны өдрийн Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц, далан, хоолойн барих ажлыг туслан гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, хамтран ажиллах санамж бичиг, зардлын төсөв, төсөлт өртгийн товчоо, тооцооллын хүснэгт, Я.Эрдэнэчимэгийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, шилжүүлгийн баримтууд, машин механизмаар ажил гүйцэтгүүлэх гэрээ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь Кэй Эйч Эн Ар ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 372,369,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч тал тус шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Төмөр замын далангийн хоолой барих туслан гүйцэтгэх гэрээ-ний үүргийн дагуу 1,500,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 372,369,750 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлжээ.

Зохигч талуудын хооронд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр №20/03 тоот Төмөр замын далангийн хоолой барих туслан гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, нэг талаас Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын 250+780-256+520 км газарт 5.74 км далангийн уртад байрлах 10 ш төмөр бетон хоолойн ажлыг хийж гүйцэтгэх /хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажил хамаарах/, ажлын нийт төсөв 1,500,000,000 төгрөг гэж, нөгөө талаас ажлын хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, тус гэрээгээр тогтоогдож байна. /1-р х.х-ийн 9-10 дугаар тал/

Тус гэрээний агуулга буюу талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл, зорилгоос дүгнэн үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, талуудын хооронд үүрэг үүссэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчээс гэрээний дагуу тохиролцсон үнэ нь 1,500,000,000 төгрөг гэж тайлбарлаж байх бөгөөд үүнээс ******* ХХК-ийн эзэмшлийн дансаар 271,000,000 төгрөг, компанийн хамаарал бүхий хуулийн этгээд болох Виста орд констракшн ХХК-ийн дансаар 802,030,250 төгрөг, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Гансүхийн эзэмшлийн хаан банкны дансаар 54,600,000 төгрөг нийт 1,127,630,250 төгрөгийг хүлээн авсан гэж тодорхойлж тооцоолол болох Хаан банкны дансны хуулгыг гаргаж өгсөн байх бөгөөд хариуцагч талаас тооцоололын үнийн дүнгийн хэмжээтэй маргаж өөрийн тооцооллын баримтыг мөн гаргаж өгсөн байна. /1-р хх-ийн 14-31/

Мөн хариуцагч тал гэрээний гол нөхцөл болох ажлын хөлсний дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх бөгөөд Ерөнхий гүйцэтгэгч Бидний зам ХХК-иас 10 ширхэг төмөр бетон хоолойн төсвийг ******* ХХК-тай гэрээ байгуулах үед 1,996,789,490 төгрөг байхаар төсөвлөсний дагуу гэрээний нийт үнийн дүнг 75:25 хувийн харьцаатай байхаар тооцож 75 хувьтай тэнцэх үнэ буюу 1,500,000,000 төгрөг байхаар гэрээний үнийг тохиролцсон. Харин ажлын явцад дээрх ажлын төсөв 1,673,407,208 төгрөг болж буурсан буюу анхны төсвөөс 323,379,282 төгрөгөөр багассан тул энэ хэмжээгээр ажлын хөлс буурсан. Иймд 1,673,407,208 төгрөгийн үнийн дүнгийн 75 хувьтай тэнцэх ажлын хөлс 1,255,055,406 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Энэ хариу тайлбараа гэрээний 5.6, 4.1 дэх заалтууд болон хэрэгт өгсөн баримтуудаар нотлогдоно гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж зохицуулсан.

Талуудын хооронд байгуулсан Төмөр замын далангийн хоолой барих туслан гүйцэтгэх гэрээний 1.4-т ...тухайн ажлын төсөв нийт 1,500,000,000 төгрөг байна...гэж, 2.2-т Ерөнхий гүйцэтгэгчээс санхүүжилт орсноос хойш 5-10 хоногийн дотор А тал ажлын хөлсийг Б талын харилцах дансанд шилжүүлэн тооцоо хийнэ гэж заажээ.

Хариуцагчийн тайлбарын үндэслэл болсон гэрээний 4.1 дэх заалтад гэнэтийн буюу давагдашгүй хүчин /гал түймэр, үер, байгаль цаг агаарын нөхцөл байдал, төрийн холбогдох байгууллагын шийдвэр зэрэг талуудын хэмжээнээс хэтэрсэн шалтгаан/-ийн улмаас үүссэх хохирлыг талууд өөрсдөө хариуцана гэж тохиролцсон байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

Дээрх гэрээний заалтаар хариуцагчийн хариу тайлбарын үндэслэл болсон ажлын төсөвт өртөг буурсан тохиолдолд гэрээний үнэ буюу ажлын хөлсний хэмжээнд өөрчлөлт орохоор талууд гэрээгээр тохиролцсон гэж үзэх агуулга тогтоохгүй байх бөгөөд энэ заалт гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирлыг хариуцах талаар тохиролцсон агуулгатай байна.

Харин төсөвт өртгийн хэмжээ өөрчлөгдөх нөхцөл байдал буюу субьектийн хүсэл зоригийн улмаас үүсэх нөхцөл байдал нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд хамаарахгүй юм.

Гэрээний 5.6-д ажлын тоо хэмжээ аливаа хүчин зүйлсээс хамааран өөрчлөгдөх тохиолдолд гэрээний ажлын хөлсний үнэлгээг талууд харицан тохиролцсон шийдвэрлэнэ гэж заасан байна.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээ байгуулахгүй байх буюу өөр аргаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар доод бүтэц-хоолойн ажлын гүйцэтгэлийн төсөв 1,673,407,208 төгрөгөөр төсөвлөгдсөн үйл баримт тогтоогдож байх хэдий ч хариуцагчийн 1,966,786,490 төгрөг /шүүх хуралдаан дээр 1,961,377,081 төгрөг гэж тайлбарласан/-ийн төсөвт өртөгийн 75 хувьтай тэнцэх хэмжээгээр гэрээний үнийг тооцсон буюу энэ үнэ буурсан, өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөгдсөн үнийн дүнгийн 75 хувьтай тэнцэх хэмжээгээр ажлын хөлсийг тооцохоор тохиролцсон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. /1-р хх-ийн 11 дүгээр тал/

Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримт буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийлэлээс үзэхэд гэрээний гол нөхцөл болох ажлын хөлсийг 1,500,000,000 төгрөгөөр тооцож тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байх бөгөөд гэрээ байгуулсын дараа гэрээний гол нөхцөл болох ажлын хөлсний хэмжээ өөрчлөгдсөн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх, хариуцагч хариу тайлбараа мөн өөрөө нотлох, мөн холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Нотлох чиг үүргийн хувиарлалтын дагуу хариуцагч талд тайлбараа нотлох үүрэг шилжих ба хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн ...ажлын хөлсийг буурсан төсвийн үнийн дүнгийн 75 хувиар тооцохоор харилцан тохиролцсон, ажлын хөлсний хэмжээнд өөрчлөлт орсон... гэх тайлбар нотлогдохгүй байна. /1-р хх-ийн 98-141, 124, 142-180, 168 дугаар тал/

Иймд дурдсан үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөл болох ажлын хөлсийг талууд 1,500,000,000 төгрөг байхаар тохиролцсон байна гэж дүгнэв.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн 10 ширхэг төмөр замын далангийн хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажлыг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй. Энэ ажлын өөрсдийн зардлаар буюу 223,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэмжээний төлбөрийн төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд байгуулсан 1.4-т ...хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажил үүнд хамаарна гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчээс энэ ажлыг хариуцагч талыг гүйцэтгэсэнтэй маргаагүй.

Харин энэ ажлын оронд тухайн үед хариуцагч талтай тохиролцсоны үндсэн дээр далангийн сэтэлгээний ажлыг хийж гүйцэтгэсэн тул ажлын хөлснөөс хасч тооцох үндэслэлгүй гэж маргаж байна.

Шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлгээр хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажлыг хариуцагч тал гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байх хэдий ч гэрчүүдийн мэдүүлэг болон хариуцагч талын гаргаж өгсөн 2021 оны 2 сарын 05-ны өдрийн 21/01 дугаартай машин, механизм түрээслэх гэрээ, 2021 оны 3 сарын 11-ний өдрийн 50/21 дугаартай машин механизмаар ажил гүйцэтгүүлэх гэрээ, 2021 оны 8 сарын 06-ны өдрийн 50-01/21 тоот Машин механизмаар ажил гүйцэтгүүлэх гэрээний нэмэлт гэрээ гэх хариуцагчийн бусадтай байгуулсан өөр ажлын тоо, хэмжээ, үнийн дүх бүхий гэрээ хэлцлийн үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэгчийн дутуу хийсэн ажлыг гүйцэтгэсэн үнийн дүнг тооцож дүгнэх үндэслэлгүй байна. /1-р хх-ийн 203-217 дугаар тал/

Иймд хариуцагчийн 223,000,000 төгрөгөөр хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж үзлээ.

Гэрчүүдийн мэдүүлгээр буцаан дүүргэлтийн ажил болон хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажлуудыг хоорондоо ялгаатай ажлууд гэж үзэх үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн 28,411,441 төгрөгийн төсөв бүхий буцаан дүүргэлтийн ажил нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх ажилд хамаарахгүй гэх тайлбар үндэслэл бүхий байна.

Иймд хариуцагчийн хоолойн дээд талын далангийн ажлын зардалд 223,000,000 төгрөг, буцаан дүүргэлтэд 25,265,949 төгрөгийг тус тус зарцуулсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулах тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2020 оны 9 сарын 30-ны өдрийн дуустал хугацаанд******* ХХК нь 79,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан талаар акт үйлдэн актанд нэхэмжлэгч болон хариуцагч нарыг төлөөлөгч байгууллагын нягтлан бодогч нар гарын үсэг зурсан байна. /1-р х.х-ийн 194 дугаар тал/

Гэрээний үүргийн дагуу төлөх үлдэгдэл төлбөрийн хэмжээн дээр маргаж байгаа маргааны гол үндэслэл нь нийт төсөвт өртөгийн хэмжээг гуравдагч этгээд буюу ерөнхий захиалагчийн зүгээс багасагсан үндэслэлээр гэрээний үнэд өөрчлөлт орж буурсан гэж үзэж үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж байгаа энэ маргааны хувьд тооцоо нийлсэн актаар үлдэгдэл төлбөрийн хэмжээг тооцох нь учир дутагдалтай байна.

Тодруулбал, тооцоо нийлсэн акт нь гэрээний гол нөхцөл болох ажлын хөлсний хэмжээг тодорхойлох баримт болохгүй бөгөөд ажлын хөлсөнд өөрчлөлт орох буюу гэрээний гол нөхцөлд өөрчлөлт орох үндэслэл нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, түүнийг нөгөө тал хүлээн авсны үндсэн дээр үүсэх харилцаа юм.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын гаргаж өгсөн тооцооллын хүснэгт, ******* ХХК, Виста орд ХХК, иргэн Ү.Гансүх, Я.Эрдэнэчимэг нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, шилжүүлгийн баримтуудаар хариуцагч******* ХХК-иас гэрээний үүрэгт 1,127,630,250 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэ үнийн дүнгийн хэмжээнд хэн аль нь маргаагүй. /1-р хх-ийн 12, 14-31, 218-256 дугаар тал/

Харин хариуцагчаас ******* ХХК-нд ажиллаж байсан гэх Ө.Золбоо, түүний гэр бүлийн хүн болох н.Солонго гэх хүмүүст ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ү.Гансүхийн хэлсний дагуу шилжүүлсэн мөнгийг ******* ХХК-нд төлөх ажлын хөлсөнд тооцох үндэслэлтэй гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал хамаарал бүхий этгээдүүд биш тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Гэрч Ө.Золбоо, Ү.Гансүх нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр Ө.Золбоо нь гэрээний хугацаанд нэхэмжлэгч ******* ХХК-нд цалин хөлс авч ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байх тул Ө.Золбоо болон түүний гэр бүлийн хүн гэх н.Солонго нарт хариуцагчаас Я.Эрдэнэчимэг гэх хүний дансаар дамжуулан шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч ******* ХХК-нд төлөх ажлын хөлсөн тооцон суутгах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан Я.Эрдэнэчимэгийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулгаар иргэн Ө.Золбоо, н.Солонго нарт нийт 51,800,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож нь байх тул нэхэмжлэлийн шаардлага болох 372,369,750 төгрөгөөс 51,800,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй байна. /1-р хх-ийн тал 198, 218-254 дүгээр тал/

Иймд дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар******* ХХК-иас 320,569,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 51,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас 320,569,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 51,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,019,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас 1,760,798 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА