Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00633

 

 

"ЖТ" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/00309 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч "ЖТ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч "КЭ" ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үлдэгдэл төлбөр 372,369,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бум-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр "КЭ" ХХК-тай Төмөр замын далангийн хоолой барих туслан гүйцэтгэх гэрээг байгуулан Таван Толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ПК250+780-ПК256+520 дахь км-т 5.74 км далангийн уртад байрлах 10 ш төмөр бетон хоолойн ажлыг чанарын өндөр гүйцэтгэлтэйгээр хийж, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бүрэн дуусгасан. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Зэвсэгт Хүчний Бүтээн Байгуулалтын Дэмжлэгийн Газартай тооцоо нийлэн эцсийн байдлаар дээрх 10 хоолойн ажлыг ажил гүйцэтгэлийн акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Тус төслийн захиалагч Монгол Төмөр Зам ТӨХК-аас дээрх 10 хоолойн ажлын санхүүжилтийг 2020 оны 10 сард "КЭ" ХХК-д бүрэн шилжүүлсэн байхад өнөөдрийг хүртэл манай компанид төлөх төлбөрийн үлдэгдлийг тооцоо болох 372,369,750 төгрөгийг өгөөгүй. Хариуцагч талаас 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 690,080,000 төгрөг Я.Эрдэнэчимэгийн данснаас "ЖТ" ХХК-ийн данс руу орсон байдаг. "ЖТ" ХХК-ийн дансанд 271,000,000 төгрөг, мөн манай компанитай хамтран ажилласан компанийн дансанд 802,030,250 төгрөг, Ү.Гансүхийн хувийн данс руу 54,600,000 төгрөг, нийтдээ 1,127,630,250 төгрөгийг "КЭ" ХХК-аас авсан. 1,670,381,952 төгрөгөөс тооцож 160,000,000 төгрөг нь 10 хувь болж үлдэж 1,510,381,952 төгрөг манайд өгөх ёстой. Одоо үлдэгдэл төлбөр 372,369,750 төгрөг байна. Буцаан дүүргэлтийн ажлын хөлс 230 сая төгрөг байсан гэж хариуцагч маргасан хэрэгт 2020 оны Төмөр замын хоолойн ажлыг гүйцэтгэх актыг "КЭ" ХХК болон Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газраас баталгаажуулсан байдаг. Гэрээний үнийн дүн 1,673,407,208 төгрөг үүнээс буцаан дүүргэлт нь 28,411,410.40 төгрөг. Гүйцэтгэгчээс шилжүүлэх дүн 25,265,940 төгрөгөөр "КЭ" ХХК-тай тооцоо нийлсэн. Буцаан дүүргэлт гэдэг бол төмөр зам явах даланг сэтлэж хоолойг суулгаж буцаж даланг дүүргэх юм. Буцаан дүүргэлтийн ажлын үнэ хөлсийг анхнаасаа тохирч актандаа тусгасан. Дээд болон хажуу талын дүүргэлтийн тусдаа ажлын хөлс байхгүй. Зөвхөн буцаан дүүргэлтийн ажлын хөлс байсан. Буцаан дүүргэлтийг хариуцагч хийсэн. "КЭ" ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр энэ буцаан дүүргэлтийн ажлынхаа хөлс болох 28,411,410 төгрөгийг авсан. Гэрээнд сэтэлгээ хийх ажил байгаагүй. Бид хоолой тавихад бэлдэх ажлыг хийж гүйцэтгэх байсан. Дээд талын дүүргэлтийг манай компани хийсэн. Хоёр талын дүүргэлтийг хариуцагч хийсэн. Гэрээний үнийн дүн 1,966,000,000 төгрөг байхад энэ дүнгээс бодогдож захиалагч байгууллагаас 224,213,660 төгрөгийг суутгаж авах байсан. Үүнд захиалагчийн хяналтын зардал 2 хувь буюу 39,335,730 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2 хувь буюу 39,335,730 төгрөг, норма нормативын зардал 0,4 хувь 7,867,146 төгрөг, удирдлагын зардал буюу Зэвсэгт хүчний жанжин штабын суутгал нь 137,667,054 төгрөг нийт 224,213,660 төгрөг байсан. Гэтэл гэрээ шинэчлэгдэж дүн гэрээний дүн 1,670,381,952 төгрөг болж өөрчлөгдсөн. Энэ дүнгээр бодоход захиалагчийн хяналтын зардал 2 хувь 21,286,268 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2 хувь 21,286,268 төгрөг, норма, нормативын зардал 0,4 хувь 5,898,391 төгрөг, удирдлагын зардал 54,020,977 төгрөг болж буурсан. Ингээд нийт суутгал 102,491,904 төгрөг болсон. Гэрээний дүнгээс 121,721,756 төгрөгийн зөрүү гарч байна. Зөрүүнээс хасаж тооцохоор гэрээний үнийн дүн буюу 174,682,782 төгрөг болж буурсан тул буурсан дүнгээс нэхэмжилж байна. Мөн буурсан дүн нь манай ажлын хөлсийг багасгах үндэслэл болохгүй. Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т заасныг үндэслэн "КЭ" ХХК, "ЖТ" ХХК-ийн хооронд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн төмөр замын далангийн хоолой барих туслан гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд "КЭ" ХХК-аас 372,369,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компанийн хувьд төмөр замын суурь бүтэц угсрах /далан, хоолой барих/ зөвшөөрлийг зохих ёсоор эзэмшиж байсны хувьд өөрсдийн хариуцаж байсан буюу гэрээлэн хийж байсан хэсэг болох Дорноговь аймгийн Мандах сумын нутагт ПК 250+780 - ПК 256+520 дахь км-т 10 ширхэг төмөр бетон хоолой барих ажлыг авсан. Гэрээ консорциумын толгой компани болох “Бидний зам" ХХК-иар ерөнхий гүйцэтгэгчтэй хийгдсэн. Уг хоолой барих ажлын эрхийг авсны дараа манай компанид туслан гүйцэтгэгчээр орж ажиллах хүсэлтийг долоон аж ахуйн нэгж тавьсан. Бид ирсэн аж ахуйн нэгжүүдтэй нэг бүрчлэн уулзаж 70/30 гэсэн харьцаа буюу нийт төсөвт өртгийн 70 хувиар туслан гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэж 30 хувь нь ерөнхий гүйцэтгэгчид үлдэх хувилбарыг бүх санал өгсөн компаниудад өгч байсан. Гүйцэтгэгч буюу манай компанид чухам яагаад 30 хувь нь үлдэхээр бид санал тооцоолол хийсэн бэ гэхээр ажлын нийт төсөвт өртгөөс олон төрлийн суутгал хийгддэг.

          "ЖТ" ХХК-ийн хийх ажлаас үүссэн аливаа үүрэг хариуцлагыг Ерөнхий гүйцэтгэгчийн өмнө манай компани хариуцах ёстой. Гэрээ ёсоор туслан гүйцэтгэгч нь засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, түлш шатахуун болон ажил үүрэг гүйцэтгэхтэй холбогдож гарах бусад бүх зардлыг өөрсдөө бүрэн хариуцахаар зохицуулсан. Тээвэрлэлт, хадгалалт, хангалт, түгээлт зэрэг бүх эрсдэл, үүргийг өөр дээрээ манай компани авч ажилласан. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай компани туслан гүйцэтгэгч “ЖТ” ХХК-тай 20/03 дугаар бүхий гэрээ хийсэн бөгөөд энэ үед ерөнхий гүйцэтгэгч “БЗ” ХХК-аас манайд яригдаж буй 10 ширхэг төмөр бетон хоолойн төсөв өгөхдөө үнийн дүнг 1,996,786,490 төгрөг байхаар мэдээлсэн. Энэ үнийн дүнгээс дээр яригдсан 75/25-ын зарчмаар тооцож гэрээний үнийн дүнг 1,500,000,000 төгрөгөөр тогтож гэрээг үзэглэсэн. Ингээд ажил үргэлжлэх явцад Зэвсэгт хүчний жанжин штабаас хоолойн ажлын үнэлгээ хэт өндөр байна анхны гэрээ хүчин төгөлдөр бус үнэлгээгээ дахин нягталж оруулж ир гэсэн шаардлага тавьж хоолойн ажлын хөлс өгөхгүй хугацаа их алдагдуулсан. Энэ хооронд манай зүгээс далангийн ажлын санхүүжилтээс туслан гүйцэтгэгчид өгч ажлыг тасалдалгүй явуулж байсан. Удаа дараа төсөв хийж өгсөн ч Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс зөвшөөрөхгүй байсан. Туслан гүйцэтгэгч "ЖТ" ХХК-тай зөвшилцөж ажлын үнэлгээг 1,673,407,208 төгрөг байхаар зөвшөөрч баталгаажуулсан. Анхны дүнгээс 323,379,282 төгрөгөөр бууж батлагдсан. Хоолойн ажлаас манай компани их алдагдал хүлээсэн бөгөөд туслан гүйцэтгэгчийн буруутай үйлдэл, ажлыг тасалдалгүй явуулах техник тоног төхөөрөмж, хүн хүчний бололцоогүй байдал зэрэг олон шалтгаан нөхцөл нөлөөлсөн. Гэрээгээр хүлээсэн энэ үүргээ туслан гүйцэтгэгч биелүүлэх боломжгүй байснаас манай компани энэ ажлыг өөрсдөө гүйцэтгэсэн бөгөөд их хэмжээний зардал гарсан. Хоолойн дээд талын далангийн дүүргэлтэд хичнээн хугацаа орсон, ямар ямар техник тоног төхөөрөмжүүд ажилласан, уг хугацаанаас үүдэн нийт далангийн ажил хэдий хэр хугацаагаар хойшлогдсон, хугацаанаас үүдэн компани хичнээн төгрөгийн торгууль, хохиролд орсон, далангийн дүүргэлтэд ажилласан машин механизмын шатахууны тооцоо зэргийг гэрчүүдийн мэдүүлгээр тогтоох боломжтой. Нэхэмжлэгч талаас гэрээний үнийн дүн өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрч байна. 4,419,491,251 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг “БЗ” ХХК-тай байгуулсан. Өөрөөр хэлбэл 10 хоолой болон Өмнөговь аймгийн Манлай сумын далангийн хоёр ажлыг нийлүүлсэн гэрээ хийгдсэн. “БЗ” ХХК-тай байгуулсан 4,419,491,251 төгрөгийн гэрээний үнийн дүнд далан болон хоолойн ажил багтсан. 4,419,491,251 төгрөгөөс далангийн ажлын хөлс 2,458,115,170 төгрөгийг хасахаар тухайн үед хийсэн 10 хоолойны ажлын анхны үнийн дүн 1,961,377,081 төгрөг байсан. Ингэж явсаар эцсийн дүн нь 1,673,407,208 төгрөгөөр батлагдсан. Далангийн дээд талын дүүргэлийг гэрээний 1.4-т заасны дагуу нэхэмжлэгч тал хийх ёстой байсан боловч манай тал өөрийн техник ажиллах хүчээ гаргаж хийсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор тооцооны хавсралтыг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "КЭ" ХХК-иас 320,569,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "ЖТ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 51,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,019,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "КЭ" ХХК-иас 1,760,798 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ЖТ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.                                                             

          4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

          4.1. Анхан шатны шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримтын бодит үндэслэлийг өрөөсгөлөөр хянан үзэж, хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Консорциумын толгой компаниар “БЗ” ХХК ажилласан бөгөөд бүх мэдээлэл, санхүүжилт уг компаниар дамжин хийгдэж байсан тул “БЗ” ХХК-аас ажлын тоо хэмжээ өөрчлөгдснөөс гэрээний ажлын анхны үнийн дүн их хэмжээгээр буурсан тухай баримтыг гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүгч үүнийг үл харгалзан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан талуудын тэгш оролцооны тухай зарчим, мөн хуулийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчин хэргийн оролцогчоос эрхээ хэрэгжүүлэх, хамгаалуулах боломжийг олгоогүй нь хууль бус гэж үзэж байна.

          4.2. Гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал хийгээд гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, нүүрэлдүүлэн мэдүүлэг аваагүй. Гэрээний гол нөхцөлийн үндэслэлийг талууд хэрхэн тооцож, ямар үндэслэлээр тохирсон тухай хэргийг бодитой шийдвэрлэхэд нэн ач холбогдолтой гэрч болох Ө.Золбоог гэрчээр асуулгах хүсэлт тавьж гэрчийн зүгээс туслан гүйцэтгэх гэрээний үнийн дүнг ерөнхий гэрээний үнийн дүнгээс 75:25 гэсэн харьцаатай байхаар тохиролцсон. Түүнчлэн гэрээний үнийн дүнг өөрчлөгдөхөд энэ харьцаагаар тохиролцох тухай талууд хэлэлцэж тохиролцсоныг шүүх хуралдаанд гэрчилсэн байдаг. Иймд зарчмаар тохиролцсоныг гэрч Ү.Гансүх ч мөн адил шүүх хуралдаанд нотлон мэдүүлсэн байхад эдгээр мэдүүлгийг үл харгалзан, үнэлэхгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн гэрээ байгуулсны дараа "ЖТ" ХХК-аас гэрчилгээ, танилцуулгын хуулбарыг ирүүлсэн бөгөөд түүнд тухайн компани нь хүнсний бөөний худалдааны чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг талаар тусгасан байснаас барилга, төмөр замын талаар огтхон ч туршлагагүй компани байсан. Төмөр замын доод бүтэц /далан, хоолой/ барих ажлыг тусгай зөвшөөрлийн үндсэн хийх ёстой байдаг. Энэ талаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан. Хууль зүйн талаасаа энэ гэрээ нь гэрээнд тавигдах хууль зүйн шаардлага хангасан гэрээ болоогүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй атал энэ талаар шүүх ямар ч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй орхигдуулсан нь мөн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн гэрч Ө.Золбоо, Ү.Гансүх нарын мэдүүдэгт зөрүүтэй зүйл байсаар байтал нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ёстой атал энэ талаар шүүгч арга хэмжээ аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөрчил гарсан гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь заалт зөрчигдсөн.

          Маргааны гол үйл баримт болох гэрээний үнийн дүнгийн тухай үндэслэлгүй нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай компани туслан гүйцэтгэгч "ЖТ" ХХК-тай 20/03 дугаар бүхий гэрээ хийсэн бөгөөд энэ үед ерөнхий гүйцэтгэгч “БЗ” ХХК-аас манайд яригдаж буй 10 ширхэг төмөр бетон хоолойн төсөв өгөхдөө үнийн дүнг 1,996,786,490 төгрөг байхаар мэдээлсэн. Энэ үнийн дүнгээс 75:25-ын зарчмаар тооцож гэрээний үнийн дүнг 1,500,000 төгрөгөөр тогтож гэрээг үзэглэсэн. Үүнийг талуудын аль аль хүлээн зөвшөөрдөг. Гэрч Ү.Гансүх, Ө.Золбоо нарын мэдүүлгээр энэ нөхцөл, үйл баримт мөн тогтоогддог. Бид хэдий маргаж байгаа ч шүүхийн өмнө үндэслэлтэй, үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй. Ингээд ажил үргэлжлэх явцад Зэвсэгт хүчний жанжин штабаас хоолойн ажлын үнэлгээ хэт өндөр байна анхны гэрээ хүчин төгөлдөр бус үнэлгээгээ дахин нягталж оруулж ир гэсэн шаардлага тавьж хоолойн ажлын хөлс өгөхгүй хугацаа их алдагдуулсан. Энэ хооронд манай зүгээс далангийн ажлын санхүүжилтээс аль болох бололцоогоороо туслан гүйцэтгэгчид өгч ажлыг тасалдалгүй явуулж байсан. Ингээд удаа дараа буюу 4-5 удаа төсөв хийж өгсөн ч Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс зөвшөөрөхгүй байсны улмаас эцэстээ туслан гүйцэтгэгчтэй зөвшилцөж байгаад нийт ажлын үнэлгээг 1,673,407,208 төгрөг байхаар зөвшөөрч баталгаажуулсан. Хариуцагчийн зүгээс төсөв ийнхүү олонтоо өөрчлөгсднийг тайлбартаа дэлгэрэнгүй өгүүлж, үүнийг нотлох Зэвсэгт хүчний жанжин штабаас ирүүлж байсан нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Ингэж ерөнхий гэрээний үнийн дүн ажлын тоо хэмжээ өөрчлөгдснөөс үүдэн ажлын төсөв өөрчлөгдснийг нэхэмжлэгч тал ч зөвшөөрсөн тайлбар өгсөн байдаг. Энэ тухай гэрээний холбогдох заалт, зохицуулалт байсаар байтал шүүгч энэ тухай орхигдуулсан нь хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой авч үзэж хэргийг шийдвэрлэх хуулийн суурь зарчим, хуулийн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байна. 75:25-ын зарчмаар шинэчлэгдсэн баталгаажсан дүнгээс тооцвол манай компани туслан гүйцэтгэгчид эцэслэн баталгаажсан төсөвт өртгөөс 75 хувиар тооцвол 1,255,055,406 төгрөг өгөх тооцоолол гардаг. Уг нь гэрээний 4.1, 5.6-д заасан зохицуулалт ч байгааг шүүгч шийдвэртээ үндэслэсэнгүй. Хоолойн ажлаас манай компани маш их алдагдал хүлээсэн бөгөөд туслан гүйцэтгэгчийн буруутай үйлдэл, ажлыг тасалдалгүй явуулах техник тоног төхөөрөмж, хүн хүчний бололцоогүй байдал зэрэг олон шалтгаан нөхцөл үүнд маш их нөлөөлсөн.

          4.3. Гэрээгээр хүлээсэн үүргээ туслан гүйцэтгэгч биелүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байснаас манай компани энэ ажлыг өөрсдөө гүйцэтгэсэн бөгөөд үүнд их хэмжээний зардал гарсан. Дээрх ажлыг гэрээ ёсоор нэхэмжлэгч тал гүйцэтгэх ёстой байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тухай, уг ажлын манай компани гүйцэтгэхэд нилээд зардал гарсан тухай хангалттай нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг байсаар байтал энэ талаар шүүгч шийдвэртээ огт үндэслээгүй төдийгүй харгалзан үзээгүй нь илэрхий хууль бус ажиллагаа болоод зогсохгүй бидний зүгээс шүүгчийг шийдвэр гаргахдаа ашиг сонирхолын зөрчилтэй хандсан гэж үзэж байна.

          4.4. Санхүүгийн чухал баримтыг нотлох баримтын хэмжээнд авч үзээгүй. Талууд үнийн дүн буурсантай холбоотой нийт өглөг, авлагаа тооцоод 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр талуудын санхүүгийн ажилтнууд тооцоо нийлж манай зүгээс "ЖТ" ХХК-д 79,000,000 төгрөг өгч тооцооны үлдэгдлийг дуусгахаар тохиролцсон. Харин уг өдрөөс хойш 137,050,000 төгрөг шилжүүлсэн баримт гаргаж өгсөн. Энэ үйл баримт нь өөрөө манай компани ямар ч өр төлбөргүй гэдгийг хангалттай нотлох бөгөөд зөрүү 58,050,000 төгрөгийг гэрээний үнийн дүн буурсантай, хугацаа алдсантай холбогдуулан талууд ярилцаад шийдвэрлэсэн. Гэтэл шүүгчийн зүгээс маргааныг хянан шийдвэрлэх явцад дээрх алдаанууд гарахын зэрэгцээ нотлох баримтыг үнэлэх явцад хэрэгт нэн ач холбогдолтой, чухал хамааралтай баримтыг орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

          1. Нэхэмжлэгч "ЖТ" ХХК нь хариуцагч "КЭ" ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 372,369,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

   2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах 1,500,000,000 төгрөгийн өртөг бүхий 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн төмөр замын далангийн хоолой барих туслан гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн /1хх-9-10/ ба уг гэрээний хүрээнд хийж гүйцэтгэх ажлууд нь тодорхой бус байна.

          Хариуцагч нь буцаан дүүргэлтийг хамааруулсан гэж тайлбарласан боловч гэрээний 1.4-т “Б” тал нь нийт 10 ширхэг төмөр замын далангийн хоолой /хавсралтад заасан/ барих бөгөөд тухайн ажлын төсөв нийт 1,500,000,000 төгрөг байх ба хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажил үүнд хамаарна” заасан байна. /1хх-9-10/ Төмөр замын далангийн хоолой барих ажлыг хавсралтад заасан ажил гэж гэрээнд тусгасан боловч хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг хавсралтын хамт нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил нь тодорхой бус байх тул хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” зохицуулсан.

          Гэтэл хэрэгт өгсөн гэх гэрээ нь хавсралтгүй, гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлуудын нэршил, бүрдэл нь тодорхой бус нөхцөл байдалтай байхад маргааны үйл баримт, гэрээнд заасан ажлуудын зарим хэсгийг өөр ажлаар сольсонтой холбоотой түүний төсөв, хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүнтэй холбоотой маргаж буй тохиолдолд ач холбогдолтой баримт бүрдээгүй гэж үзнэ. Иймд нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн талаар хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна. /4.1/   

           Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/00309 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч "КЭ" ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,761,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                     ШҮҮГЧИД                              Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ