Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/03718

 

 

 

 

 

 

 

2021 11 15 101/ШШ2021/03718     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж шүүгч Т.Болормаа, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.И.ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Т-д холбогдох,

Гэм хорын хохиролд 1,373,675 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.И, хариуцагчийн төлөөлөгч А.У, иргэдийн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч С.Ихбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 8 дугаар сарын 14-ний өглөөний 10 цаг өнгөрч байхад би хөдөө явсан. Ирэх даваа гарагийн 22 цагт ирэхэд гэрт ус алдсан байсан. Дээшээ гарч Б.Төмөрбаатарт энэ талаар хэлсэн. Нийт 11 давхраас 9 давхар хүртэл ус алдсан байсан. Тэгээд Хас үнэлгээний төвийн үнэлгээчнийг дуудахад үнэлгээчин бүх зургийг авч баримтжуулахад нь би шалны талаар асуухад паркетан шал одоогоор зүгээр байгаа тул үнэлгээнд оруулахгүй гээд үнэлгээний тайланг гаргасан. Тухайн үед 500,000 гаруй төгрөг байсан ба энэ төлбөрийг хариуцагч та төлөх үү гэхдэ төлөхгүй гэж хэлсэн. 7 хоногийн дараа засвар хийхэд паркетан шал уулзвараараа дээш гарч ирсэн байсан.

Ингээд дахин Хас үнэлгээний байгууллагад хэлээд үнэлгээ хийлгэхэд 1,300,000 төгрөгөөр үнэлсэн. Анх үнэлгээгээр гарсан 500,000 гаруй төгрөгийг хариуцагч зөвшөөрөөгүй тул уг мөнгө нь 1,300,000 төгрөг болж нэмэгдэхээр зөвшөөрөхгүй нь тодорхой байсан тул би нэмэгдсэн гэдгийг хариуцагчид хэлээгүй, өөрөө 10 хоногийн дотор асуудлыг шийдсэн. Нэхэмжлэлийн шаардлага хариуцагчаас 1,373,675 төгрөгийг гаргуулах байсан боловч үнэлгээний газар паркетан шалыг 100 айлд зарагддаг үнээс 1,000 төгрөгөөр илүү үнээр гаргасан байсан тул би шаардлагаа 50,000 төгрөгөөр бууруулж хариуцагчаас 1,323,675 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч А.Уранчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг байр 2020 оны 3 дугаар сараас хойш эзгүй байсан. Би Дундговь аймагт байдаг бөгөөд тэндээс ирж оролцож байна. Тиймээс тог, усаа бүрэн хаагаад орхидог. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр биш, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ус алдсан. Гэхдээ бидэнд ус алдсан талаар контороос болон доод айлаас мэдэгдээгүй. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би болон доод айл, түрээслэгч нар бүгд ирсэн. Паркетаа нэхэмжлэгч тал үнэлгээний хийсний дараа үнэлүүлсэн, шалыг заавал солиулах шаардлага байгаа гэж үзэж байна. Контороос нэхэмжлэгч талд 73 дугаар дүгнэлт, надад 70 дугаар дүгнэлтийг өгсөн бөгөөд надад өгсөн дүгнэлтэд инженерийн шугам, сүлжээний буруугаас болсон гэсэн байсан тул манай буруу биш, эзэмшигчийн буруугаас болсон гэж ойлгосон. Байрнаас усыг хаагаад буцаагаад өгөхдөө хэт өндөр даралттай өгөөд ус алдсан гэж ойлгосон нь миний буруу байж магадгүй. С.Ихбаяр дүгнэлт гаргуулах ёстой гэдгийг би анх санаачилсан. Даатгалын байгууллага оръё, хамтран ажиллая гэж би хэлж байсан. 500,000 төгрөг тухайн үед надад бэлэн байгаагүй. Дахин нэмэгдлээ гэхэд нь би конторт хүсэлтээ гаргая, дүгнэлт ирсэн тул нийлж хандаж гэж хэлж байсан. Паркетний үнэ 575,600 төгрөг, тэр 62,300 төгрөгийн баримт нь яг юунд хэрэглэх, юу авсан нь тодорхойгүй учраас бас татгалзаж байна, үлдэх нэхэмжлэлийн дүнг нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ихбаяр, хариуцагч Б.Төмөрбаатарт холбогдуулан ус алдсанаас учирсан хохиролд 1,373,675 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 50,000 төгрөгөөр багасган хариуцагчаас 1,323,675 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч нэхэмжлэлээс 684,575 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 639,100 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үнэлгээ, баримтад дурдсан 576,600 төгрөгийн паркетан шал сольсон зардал, мөн замаск, эмүльс, Х/уут, 10т гэсэн 62,500 төгрөгийн баримт тодорхой биш гэх тайлбарыг гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Ихбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхоны 107 дугаар байрны 11 дүгээр давхарт орших 104 тоот орон сууцанд тус байрны 12 дугаар давхарт орших 114 тоот орон сууцнаас ус алдаж, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх нэгдүгээр төвийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 70, 18-ны өдрийн 73 тоот Айл өрхийн ус алдсанаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлт-ээр тус байрны 114 тоотод орших айлын уян холбоо задарсан шалтгааны улмаас ус алдсан болохыг тогтоожээ.

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу орон сууц өмчлөгч нь сууцаа эзэмшиж ашиглахдаа бусад өмчлөгчийн амьдралын хэвийн аж байдлыг алдагдуулах, хууль, дүрэмд заасан үүргээ зөрчихгүй байж бусдын эд хөрөнгөнд хууль бусаар хохирол учруулсан бол уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирол нь өмчлөгчийн буруугаас болоогүй бол мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй.

Хариуцагч өөрийн өмчлөлийн орон сууцны дангаар өмчлөх талбайд хамаарах хэсгээс буюу угаалтуурын уян холбоо задарч ус алдсан шалтгаан нь хариуцагчийн гэм буруугаас болоогүй гэж тайлбарлан ус алдах үед хариуцагч, түүний гэр бүл гэртээ байж уян холбоог ашиглаагүй байсан, хэрэглээний усны даралт шахалтын улмаас уян холбоо задарсан нь хариуцагчийн гэм буруугүйг үгүйсгэнэ гэсэн агуулгатай тайлбарыг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлаа үндэслэл бүхий байдлаар өөрөө нотлох, зохих баримтуудаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4, 13.2.5-д тус тус заасны дагуу сууц өмчлөгч буюу хариуцагч Б.Төмөрбаатар өөрийн сууцны доторх засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцах, өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууц, эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцан арилгах үүрэгтэй байхаар хуульчилсан.

Хуульд заасны дагуу хариуцагч өөрийн өмчлөлийн орон сууцаа эзэмшиж ашиглахдаа дангаар өмчлөх хэсгийн засвар, үйлчилгээг зохих ёсоор хангах, орон сууцыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн нийтийн зориулалттай орон сууц дахь бусад өмчлөгчдийн хамтын аж байдалд сөргөөр нөлөөлөх, хохирол учруулах байдлыг шууд болон шууд бусаар бий болгохгүй байх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Хариуцагчийн өмчлөлийн орон сууцны угаалтуурын уян холбоо задарсан шалтгааны улмаас ус алдаж зогсоох боломжгүй, уг орон сууц түгжээтэй байсан нөхцөл байдал нь хариуцагчийн эд хөрөнгөө тодорхой хугацаагаар эзэнгүй орхин явахдаа орон сууцанд ус алдах болон бусад аюул учрахаас урьдчилан сэргийлж зохих арга хэмжээг бүрэн гүйцэд аваагүйтэй холбоотой ба хариуцагч дурдсан арга хэмжээг бүрэн авсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар хариуцагч өөрийн гэм буруугүй гэх нөхцөл байдлыг баримтаар нотолж чадаагүй болно.

Хариуцагч 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ус алдах үед гэртээ байгаагүй, хариуцагчийн шууд гэм буруутай үйлдлийн улмаас угаалтуурын уян холбоо задарч ус алдаагүй боловч хуульд заасан өмчлөгчийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс ус алдаж нэхэмжлэгчид хохирол учруулсан нь ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх нэгдүгээр төвийн 2021 оны 73 тоот дүгнэлт, Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан зардлын баримтууд, мөн зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч сууц өмчлөгчийн үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхгүй ба нэхэмжлэгч С.Ихбаярт учирсан хохирлыг хариуцагч Б.Төмөрбаатар нь мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талын паркетан шал солиулсан зардал 576,600 төгрөгийн болон замаск, эмүльс, Х/уут, 10т гэсэн баримтын 62,500 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нь паркетан шалыг зайлшгүй солих шаардлага байгаагүй, шалыг ус алдсанаас хойш үнэлүүлж солиулсан нь үндэслэлгүй, шал солихтой холбоотой 62,300 төгрөгийн баримт тодорхой биш гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, тухайн орон сууцны доторх байдлыг харуулсан гэрэл зураг болон ус алдсаны дараа хариуцагч Б.Төмөрбаатар, нэхэмжлэгчийн орон сууцанд орж ус алдсаны дараах байдлыг үзэж танилцсан тухай зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн паркетан шал хатахдаа хөндийрч овойсон, солиулах зайлшгүй шаардлага үүссэн гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзлээ. Энэ үндэслэлээр хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцанд учирсан хохирлын үнэлгээг Хас үнэлгээ ХХК-ийн гаргасан 1,295,675 төгрөгийн үнэлгээний тайлангаар нотолж нэхэмжилсэн, үнэлгээний компанид төлсөн хөлс 78,000 төгрөгийг тус тус тооцон нийт 1,373,675 төгрөг нэхэмжилснээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 50,000 төгрөгөөр багасгаж 1,323,675 төгрөг нэхэмжилсэн дүнгээр тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Төмөрбаатар -аас 1,323,675 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ихбаяр -т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 67.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,930 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Төмөрбаатараас 36,128 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ихбаярт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧ Т.БОЛОРМАА

 

 

ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ