Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0652/З |
Дугаар | 128/ШШ2018/0777 |
Огноо | 2018-12-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2018/0777
2018 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 128/ШШ2018/0777 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч: Х дүүргийн 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, 00 дугаар байрны 00 тоотод байрлах С ХХК,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК-ийн захирал Б.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: С ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох Хүүшийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 2 га газрыг ашиглах эрхтэй болж, гэрчилгээг авсан.
С ХХК нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх авснаас хойш Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсныг зөвшөөрөхгүй байна. Учир нь маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаал нь
Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагуудыг хангаагүй.
Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас С ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах талаар огт мэдэгдээгүй бөгөөд газар чөлөөлөх тухай мэдэгдлийг хүлээн авснаар газар ашиглах эрхийг цуцалсан болохыг мэдсэн.
Мөн захиргааны байгууллага, албан тушаалтан акт гаргахаас өмнө тухайн актын улмаас эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулах болон акт гарах болсон нөхцөл байдлыг шалгаж, тогтоох ёстой. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, зөвшилцөх боломжоор хангаагүй.
Актад дурдсан үндэслэлүүд нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан газар ашиглах эрхийг дуусгавар болгох, цуцлах гэсэн аль нэг үндэслэл бий болоогүй байхад манай байгууллагын эрхэнд хууль бусаар халдсан.
С ХХК нь аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй 2 га газрыг хагалсан, ухсан, тэсэлгээ хийсэн, ашигт малтмал хайсан, олборлосон, элс, хайрга, чулуу авсан, мод, зэгс, шагшуурга бэлтгэсэн, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавьсан зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх ямар нэгэн хууль бус үйл ажиллагааг огт явуулаагүй. Мөн тухайн газрын ойр орчимд голын бургас, голын эх бүрэлдэх сав газар, ямар нэгэн гол байхгүй бөгөөд уулын энгэр бэлд байрлах мод, усгүй газар тул уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах, дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчсөн гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй буруу шийдвэр гэж үзэж байна.
Маргаан бүхий актад газрын төлбөр төлөөгүй, 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэж байгаа боловч нэхэмжлэгч С ХХК нь анх бичиг баримтаа бүрдүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр газар ашиглах эрхтэй болсон. Энэхүү эрхийг авснаас хойш 2 жилийн хугацаа 2018 оны 06 дугаар сард дуусч байхад 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
Мөн газрын төлбөрийг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгийг тогтоох тухай 03 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу төлөх байсан ч энэхүү журам нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, мөн шүүхийн шийдвэрээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн. Газрын төлбөр тогтоосон акт байхгүй байсан учраас Хан-Уул дүүргийн Газрын алба газрын төлбөрийг авч байгаагүй.
Тэгээд ч газрын төлбөрийг Газрын тухай хуульд өөрөөр заагаагүй бол гэрээгээр тохиролцдог. Гэтэл өнөөдрийг хүртэл газар ашиглах уг гурвалсан гэрээ байгуулаагүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар энэ гэрээг байгуулах үүрэг нь дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд байдаг. Үүний дагуу манай компанийн зүгээс гэрээнд газрын үсэг, тамга дараад хүргүүлэхэд Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга Ч.Батсансар гарын үсгээ зураад Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байдаг. Гэрээ байгуулагдсаны үндсэн дээр газрын төлбөр төлөх үүрэг үүсэх учир газрын төлбөр төлөөгүй гэж дүгнэх боломжгүй юм.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Н.Э нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар С ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Хүүшийн зүүн аманд 2 га газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг олгосон.
Анх С ХХК нь 2016 онд Газар ашиглах түр журам-д заагдсан байгаль орчинд нөлөөлөх ерөнхий байдлын үнэлгээ болон байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэж, газар эзэмших эрхийг авна гэж заасныг зөрчиж, газар ашиглах эрхийг олж авсан.
Нөгөөтээгүүр С ХХК нь газар ашиглах эрх авснаас хойш Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 даалтад заасан газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх
гэснийг зөрчиж, газрын төлбөрийг огт төлж байгаагүй.
Мөн тухай газарт ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, төсөл хэрэгжүүлэх ямар ч боломжгүй, уулын өндөр налуу газарт техник эдийн засгийн судалгаа хийгээгүй, зөвхөн газар ашиглах эрхийг л эзэмшиж байсан тул Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутгийн эко системийг алдагдуулах, төлөв байдлыг өөрчлөх зэргээр дархан цаазат газарт хориотой үйл ажиллагаа явуулахаар нөхцөл байдал үүссэн гэж үзэж Байгаль орчин, аялал жуучлалын сайдад санал хүргүүлсний үндсэн дээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр гарсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Газар газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 326 тоот албан бичгийг хүргүүлсэн тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/76 дугаар тушаалаар[1] Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалттын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот саналыг тус тус үндэслэн усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг зөрчиж буй С ХХК-ийн Хан-Уул дүүргийн Хүүшийн аманд байрлалтай, аялал жуулчлалын зориулалттай 2,0 га газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.
Нэхэмжлэгч С ХХК нь дээрх тушаалыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ... манай компани холбогдох хуулийг зөрчөөгүй. Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй газартаа газар хагалсан, ухсан ... зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа огт явуулаагүй, ... дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчсөн тохиолдол гаргаагүй. ... Захиргааны байгууллагын хуульд нийцээгүй шийдвэрийн улмаас газрын төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүний улмаас газрын төлбөрийг төлөөгүй байсан. Захиргааны байгууллага нь газар ашиглах эрхийг цуцлах талаар сонсох ажиллагаа явуулаагүй, ... тодорхой үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэж, хариуцагч нь ... тус компани нь газрын нэг ч төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй, ... аялал жуулчлалын зориулалтаар олгосон 2,0 га газар нь тусгай хамгаалалтын унаган төрхийг алдагдуулах, уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй. ... Маргаан бүхий тушаал холбогдох хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан маргааны үйл баримтуудаас үзэхэд анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дугаар тушаалаар[2]С ХХК-д улсын тусгай хамгаалалттай газар буюу Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэр Хүүшийн зүүн аманд аялал жуулчлалын зориулалтаар 2,0 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/354 дугаар гэрчилгээ[3]олгожээ. Хэргийн оролцогчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй. Гагцхүү газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль бус гэж маргажээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ гэж, 12 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газарт газар хагалах, ухах, ... элс хайрга чулуу авах, ... хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөхийг хориглоно гэж, 12 дугаар зүйлийн 5-д энэ хуулийн 7-д зааснаас өөр барилга, байгууламж барихыг хориглоно гэж, 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний
үндсэн дээр ашиглуулж болно гэж тус тус хуульчлан тогтоожээ.
Дээрх хууль, тогтоомжийн агуулгаас үзэхэд дархан цаазат газарт газар хагалах, ухах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх, барилга байгууламж барихыг тус тус хоригложээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдийн Хүүшийн зүүн аманд байрлалтай, аялал жуулчлалын зориулалттай 2,0 га газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, маргаан бүхий газарт ямар нэгэн барилга, байгууламж баригдаагүй байх ба түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдэд ашиглуулахаар олгосон газар нь тусгай хамгаалалттай газрын байгалийн унаган төрхийг алдагдуулан, уулын тогтоц, энгэр бэлийг нурааж, байгаль орчинд хор хохирол учруулах эрсдэлтэй болох нь хариуцагчийн тайлбар, маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т зааснаар газар ашиглагч нь газар ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх бөгөөд улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болох хуулийн зохицуулалттай байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Хан-Уул дүүргийн Газрын албанд газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтээ гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр газар ашиглах гэрээ[4]-г байгуулсан боловч нэхэмжлэгч нь газар ашигласны 2017, 2018 оны төлбөрийг төлөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан газар ашиглах гэрээ, Хан-Уул дүүргийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16/1345 дугаар албан бичиг[5]зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. Хэдийгээр тухайн үед Хан-Уул дүүргийн Газрын алба нь тус компаний газар ашиглах гэрээг газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр дүүргийн Засаг даргад уламжлан баталгаажуулаагүй байх боловч энэхүү үйл баримтын талаар хэргийн
оролцогч нар маргаагүй байна.
Нэгэнт хууль тогтоогчид дархан цаазат газарт газар хагалах, ухах зэргээр байгалийн төлөв байдал, унаган төрхийг өөрчилсөн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон, нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрыг ашигласнаас хойш газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй байх тул маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг шүүх буруутгах буюу маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Тодруулбал маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/76 дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т заасантай нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн ... газар ашиглах эрхийг дуусгавар болгох, цуцлах ... хуульд заасан үндэслэл байхгүй... гэсэн тайлбар үндэслэлгүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж баримтжуулах үүрэгтэй байна. Хэдийгээр хариуцагч захиргааны байгууллага нь сонсох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй байх боловч энэхүү үндэслэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хангалттай үндэслэл болж чадахгүй юм. Учир нь маргаан бүхий захиргааны акт нь дээрх байдлаар хууль зөрчөөгүй, харин ч хуульд нийцээгүй шийдвэрийнхээ үр дагаврыг зассан, энэхүү байдал нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн байх зарчимд тохирсон, хууль ёсны захиргааны акт болно.
Дээрх хэргийн нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаал нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй, уг маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
зүйлийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн Байгал орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН