Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2019/0138

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 06 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0138

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0777 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Б.Г 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0777 дугаар шийдвэрээр:

“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэргийн оролцогчдын тайлбар, ...2.0 га газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй ...олгосон газар нь тусгай хамгаалалттай газрын байгалийн унаган төрхийг алдагдуулан, уулын тогтоц, энгэр бэлийг нурааж, байгаль орчинд хор хохирол учруулах эрсдэлтэй болох нь хариуцагчийн тайлбар, маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэг, фото зургаас нотлогдож байна...” гэж дүгнэсэн.

Гэтэл энэхүү тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гурвалсан гэрээг нэхэмжлэгч эрх бүхий этгээдтэй байгуулаагүй байтал гэрээг байгуулсан мэт дүгнэсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглаж байгаа этгээдийн эрх үүргийн агуулга, холбогдох хуулийн зохицуулалтын агуулгаар хамгаалалтын горим тогтоогдоно.

Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг” гэж заасны дагуу байгаль орчинд сөрөг болон эерэг нөлөөлөл гарах эсэхийг энэхүү үнэлгээнээс хамаардаг.

Гэвч анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хариуцагчийн гаргасан “Байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээ”-г хэрэгт хавсаргах хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн. Иймд шүүх үнэлэх ёстой нотлох баримтыг хэрэгт аваагүй атлаа хариуцагчийн тайлбар, фото зураг зэргийг үндэслэж “байгаль орчинд сөргөөр нөлөөлнө” гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон.

2.Анхан шатны шүүх газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасан “гэрээнд өөрөөр заагаагүй бол” гэдгийг буруу тайлбарлаж газрын төлбөр төлөх хугацааны талаар зөвхөн дүгнэлт гаргасан.

Гэвч нэхэмжлэгч газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй талаар маргасан ба тухайн үед “сайн дураар төлбөр төлье” гэсэн ч газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хуульд нийцээгүй байсан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын ...хязгаарлалтын бүс ...газраас Монгол Улсын иргэнд ...гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж зааснаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт заавал гэрээний үндсэн дээр газар ашиглуулах бөгөөд 37 дугаар зүйлийн 1-т “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж, 2 дахь хэсгийн 2, 3-т “Газар ашиглах тухай гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газар ашиглах, хамгаалах талаар талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тусгах”-аар зохицуулсан ба тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гэрээг хамгаалалтын захиргаа болон газар ашиглагчтай хамтран байгуулахыг сум, дүүргийн Засаг даргад үүрэг болгосон байх ба хэрэгт авагдсан газар ашиглах гэрээнд Засаг даргын гарын үсэг, тамга тэмдэг байдаггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулсан гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй юм.

Үүнтэй холбогдуулан тухайн гэрээг нотлох баримтын шаардлага хангахгүй тул хэргийн материалаас хасч өгөх хүсэлт гаргасан боловч шүүгч энэ хүсэлтийг ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй. /Энэ тухай 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хурлын тэмдэглэл, дүрс бичлэг байгаа/

Хуулиар үүрэг болгосон захиргааны байгууллага нэхэмжлэгчийн газрын төлбөрийн хэмжээ, хугацаа, эрх, үүргийг тусгасан гэрээг байгуулаагүй байхад хариуцагч нь энэ нөхцөл байдлыг шийдвэр гаргахаас өмнө холбогдох байгууллага, газар ашиглагчаас тодруулалгүй төлбөр төлөх, гэрээнд заасан “зориулалтын дагуу 2 жил дараалан газар ашиглах үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр байгуулагдаагүй гэрээг цуцалж, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь бодит нөхцөл байдалд тохироогүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн үйлдлийг нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй “захиргааны байгууллага хууль зөрчөөгүй, харин ч хууль нийцээгүй шийдвэрийнхээ үр дагаврыг зассан” гэжээ.

Энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл тоосон, нэхэмжлэгчид эерэг нөлөөл бүхий захиргааны акт буюу газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн А/189 дүгээр шийдвэрийг хууль бус байсан гэх агуулгыг илэрхийлж байна. Шүүх маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт гаргаж хэт нэг талыг харсан шийдвэр гаргасан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0777 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, маргааныг шийдвэрлээгүй байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн зүүн аманд аялал жуулчлалын зориулалтаар 2.0 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар зөвшөөрсөнтэй холбогдуулж, нэхэмжлэгч “С” ХХК-иас тухайн газраа байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн эсэх, энэ талаарх баримт байгаа эсэхийг тодруулалгүйгээр маргаан бүхий тушаалын үндэслэл болсон “…тусгай хамгаалалттай газрын байгалийн унаган төрхийг алдагдуулан, уулын тогтоц, энгэр бэлийг нурааж, байгаль орчинд хор хохирол учруулах эрсдэлтэй болох нь хариуцагчийн тайлбар, шүүхийн үзлэгээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хангалтгүй.

2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “…ерөнхий үнэлгээ заавал хийгдэх ёстой, харин нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэсэн мэдэгдлийг хариуцагчаас өгч байгаагүй…” /хх-ийн 94 дэх тал/ гэх тайлбараас үзэхэд тус компанийн хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй, түүнчлэн шүүгчийн мөн өдрийн 6467 дугаар захирамжаар “…байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ нь хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй…” гэсэн үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон ч, энэхүү нөхцөл байдлыг тодруулах нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянах, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчилдсөн эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газарт… байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр газар ашиглуулж болно”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “…үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан тохиолдолд 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсний дараа гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан байдаг.

Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн тохиолдолд уг үнэлгээгээр ямар дүгнэлт гарсан болохыг тодруулах, магадгүй ямар ч үнэлгээ хийлгээгүй байх тохиолдолд нэхэмжлэгчийн тухайн газрыг ашиглах эрх хуулиар хамгаалагдах эсэхэд дүгнэлт өгөх байдлаар маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлийг хянах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчээс анх газар ашиглах хүсэлт гаргахдаа боловсруулсан гэх Аялал жуулчлалын бааз байгуулах болон бизнес төслийг хэрэгт нотлох баримтаар авснаар дээрх хуульд заасан дархан цаазат газарт явуулж болох, эсхүл хориглох үйл ажиллагааны алинд энэхүү төсөл хамаарч буйг;

-мөн маргаан бүхий тушаалын үндэслэл хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулсан Сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1427 дугаар тушаалыг нотлох баримтаар авснаар тэдгээр нэмэлт, өөрчлөлтийн аль нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлд хамаарч байгаад тус тус дүгнэлт өгөх нөхцөл бүрдэнэ.

Газар ашиглуулах шийдвэр гарснаас хойш уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулсан, дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зургаар тогтоогдохгүй байгаа ч чухам ямар үндэслэлээр газар ашиглуулах эрх олгосноос хойш 2 жил гаруйн дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 дугаар албан бичгээр үйл ажиллагаа эрхлүүлэх зөвшөөрөл хүсэх болсон шалтгааныг ч тодруулах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0777 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                  

 

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН