Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1216

 

 

 

 

 

 

    2020            9              22                                       2020/ДШМ/1216

                                                       

Г.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Золзаяа,

шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/1385 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Сд холбогдох 1902000000112 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т Ж овгийн Гн С, 1957 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, галд тэсвэртэй материалын инженер, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй;

            Шүүгдэгч улс төрд нөлөө бүхий этгээд болох Г.С нь Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 37.1.4-т “гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 37.1.7-д “хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх зэрэг гишүүнд хориглосон хэм хэмжээг зөрчиж”, Монгол Улсын Их Хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар төрсөн хүү С.А, менежерээр эхнэр Б.А ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх төсөл”-ийн зориулалтаар урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, мөн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4081 дугаартай “Монгол шаазан” ХХК-ийн төслийг дэмжиж зээл олгохыг хүссэн агуулга бүхий Монгол Улсын Их Хурлын гишүүний албан бичгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хүргүүлж, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт “тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах шаардлагатай” гэж хэлж, хууль бус үүрэг, чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар “Монгол шаазан” ХХК-д 950.000.000 төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу Г.Сд өөрт нь болон түүний гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Г.Сы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Төлөк Жолжагас овогт Гомбожайн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд хатгагчаар оролцон үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь түүнд оногдуулсан 3 жил хорих ялыг эдэлж дууссаны дараа түүний нийтийн албанд томилогдох эрхийг хасах 5 жилийн ялын хугацааг тоолж эхлэхийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 332 дугаартай 00000671 шифртэй “Хоргын хүү дэлгэрэх” ЗГБХ нөхөрлөлд хандсан тодорхойлолтын эх хувь, “Монгол шаазан” ХХК-ийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлсэн 86 хуудас төслийн материалыг тус тус хэрэг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2016 онд Баян-Өлгий аймгийн 4 дүгээр тойргоос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. Гишүүн байх хугацаандаа болон Төрийн бус байгууллагуудаас ирсэн хүсэлт, өргөдөл, гомдлуудыг дээд шатны байгууллагуудад албан бичгээр уламжилдаг байсан. Улс орон, ард иргэдийнхээ итгэлийг тээж төрийн өндөр албан тушаалыг хашиж, тэр хэмжээгээр том хариуцлагатай алба болох Улсын Их Хурлын гишүүн байх явцдаа өөрийн хайхрамжгүй байдлын улмаас алдаа гаргасан. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн 10-аад компанийн хүсэлтэд Улсын Их Хурлын чуулганы завсарлагаанаар уншиж танилцахгүйгээр гарын үсэг зурж, ажилдаа хайнга хандаж, хариуцлага алдаж, алдаа гаргасандаа улс орныхоо ард иргэд болон шүүгч, прокурор та бүхнээс уучлалт гуйж байна. Анхан шатны шүүхээс намайг энэ хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрч байна. Би 63 нас хүртлээ төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваад алдаа гаргасны улмаас гэмт хэрэгт холбогдсондоо үнэхээр харамсаж байна. Миний эрүүл мэндийн нөхцөл байдал сайнгүй, байнгын эмчилгээ шаардагдаж байна. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн, өндөр настай болсон зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Сы өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс “...Шүүгдэгч Г.С нь түүнийг шүүхээс гэм буруутайд тооцох хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв” гэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...” гэж, мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хүн бүр үндэс угсаа... эрхэлсэн ажил, албан тушаал, ... ялгаварлан гадуурхахгүйгээр ... хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” гэсэн зарчмыг хуульчилжээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь дээрх хуулийн зүйл заалтуудыг харгалзан үзэхгүйгээр шүүгдэгч гэм буруугаа шүүхээс гэм буруутайд тооцох хүртэл хүлээхгүй байгаа гэж дүгнэн түүнд хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Харин ч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрч байсан бөгөөд гэм буруугийн хурал дээр шүүх, ард түмнээс уучлал хүсэж байсан байдлыг анхан шатны шүүх харгалзан үзсэнгүй. Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад зааснаар хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Г.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өндөр настай болсон зэргийг нь мөн харгалзан үзнэ үү. Хэрэв шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1385 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Сы өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний бие давж заалдах журмаар гомдол гаргасан хэдий ч өчигдөр Г.Стай уулзаж зөвлөлдсөний үндсэн дээр давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. Энэ хүсэлтээ шүүх бүрэлдэхүүнд бичгээр гаргаж өгч байна. Нэгэнт давж заалдах гомдлоосоо татгалзсан тул шүүгдэгч Г.С, өмгөөлөгч Д.Тунгалаг нарын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөн Г.С нь Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хашиж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлж байхдаа Улсын Их Хурлын гишүүний албан бичиг эцсийн шийдвэр болохгүй ч гэсэн цаашлаад ийм эрх зүйн үр дагаварт хүргэдэг гэдгийг дутуу ухамсарлаж ийм үйлдэл хийсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Иймд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж заасан. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл олгохтой холбоотой асуудлаар гүйцэтгэгч нар нь торгуулийн ял авсан материал хавтас хэрэгт авагдсан байгаа. Мөн зохион байгуулагч хүнс хөдөө аж ахуйн яамны сайдад торгуулийн ял оногдуулсан. Миний үйлчлүүлэгч Г.С нь тухайн гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэж шүүхээс гэм буруутайд тооцсон. Иймд шударга ёсны зарчимд нийцүүлэн гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч нарт оногдуулсан ялыг харгалзан үзэж хорихоос төрлийн ял нэгэн оногдуулсан бол тийм ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзаж үзнэ үү. Г.Сы хувийн байдлын тухайд өндөр настай, биеийн эрүүл мэндийн байдал муу, урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, олон жил төрийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд хохирлын тухайд жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн асуудал яригдах үед хохирлыг бүрэн барагдуулсан. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн хохирол, төлөх төлбөргүй байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын тухайд үйлчлүүлэгчээ өмөөрч байгаа юм биш. Хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.С нь Улсын Их Хурлын гишүүний албан бланкан дээр уламжилсан албан бичгээр буруутгагдсан. Үүнийгээ буруу үйлдэл хийсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа. Энэ албан бичгийн агуулга нь “энэ зээлийг олго. Энэ нь эцсийн шийдвэр. Би нөлөөлж байна” гэдэг байдлаар биш, ер нь хувь хүн хуулийн этгээдээс ирсэн бүхий л өргөдөл, гомдлыг уламжилж хүргүүлсэн байсан. Ингэхдээ өөрийн хамаарал бүхий компанийг хүргүүлсэн нь буруутай үйлдэл юм. Иймд шүүгдэгч Г.Сд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Анхан шатны шүүхээс “шүүгдэгч Г.С нь түүнийг гэм буруутайд тооцох хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй” гэдэг үндэслэлээр хорихоос өөр төрлийн ял оногдуулахаас татгалзсан. Миний үйлчлүүлэгч хэдийгээр оройтсон ч гэсэн гэм буруугийн шүүх хуралдааны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул үүнийг харгалзан үзнэ үү. ...” гэв.

Прокурор А.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын гэмт хэрэгт улс төрд нөлөө бүхий этгээд холбогдсон. Шүүгдэгч Г.С давж заалдах гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх боловч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргаж байсан тул энэ үндэслэлээр шүүгдэгчид хорих ял оногдуулсан. Мөн шүүгдэгч Г.С нь давж заалдах гомдолдоо “өөрийн хайхрамжгүй байдлаас болж тухайн албан бичиг, тоотыг хүргүүлсэн нь миний алдаа болсон” гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хайхрамжгүй, болгоомжгүй байдлаар үйлдэгддэг гэмт хэрэг биш. Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж ярьж байгаа боловч өөрийнхөө үүсгэн байгуулсан компанид хамаарал бүхий буюу төрсөн хүүхдээ захирлаар нь тавьж, олон бичиг баримт дундаас мэдэлгүй гарын үсэг зурж явуулсан гэх байдал нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн тухайн ард түмнээс олонхийн саналаар Улсын Их Хуралд нэр дэвшиж байгаагийн хувьд ард түмний итгэлийг хүлээж, уг ажлыг нэр төртэйгөөр хашиж чадна гэх баталгааг гаргаж Улсын Их Хуралд нэр дэвшдэг. Үүний дагуу эдэлж байгаа эрх, хор уршиг, хариуцлага нь цэнзүүртэй байх ёстой. Улсын Их Хурлын гишүүд ийм хариуцлагатай ажлыг эрхэлж байж зөвхөн хувийн ашиг сонирхлыг хөөцөлдөж, өөрийн хамаарал бүхий этгээдийн компанид жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авч байгаа нөхцөл байдал нь Улсын Их Хурлын гишүүнийхээ хувьд хариуцлагагүй үйлдэл байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч улс төрд нөлөө бүхий этгээд болох Г.С нь Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 37.1.4-т “гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 37.1.7-д “хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх зэрэг гишүүнд хориглосон хэм хэмжээг зөрчиж”, Монгол Улсын Их Хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар төрсөн хүү С.А, менежерээр эхнэр Б.А ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх төсөл”-ийн зориулалтаар урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, мөн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4081 дугаартай “Монгол шаазан” ХХК-ийн төслийг дэмжиж зээл олгохыг хүссэн агуулга бүхий Монгол Улсын Их Хурлын гишүүний албан бичгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хүргүүлж, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт “тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах шаардлагатай” гэж хэлж, хууль бус үүрэг, чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар “Монгол шаазан” ХХК-д 950.000.000 төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу Г.Сд өөрт нь болон түүний гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч С.Төгсбилэгийн “... 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс мөн сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ... иргэд, хуулийн этгээдүүдээс нийт 1031 төсөл хүлээж авсан. Хүлээн авсан төслүүдэд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл төслийн хэлтсийн мэргэжилтэн нар анхан шатны шалгаруулалтыг явуулж 498 төслийг шалгаруулж, төсөл сонгон шалгаруулах хороонд танилцуулахаар болсон. ...Шалгаруулалтаар нийт 134 ... иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулахад салбар хариуцсан сайд Б.Батзоригийн зүгээс надад дараах иргэн, хуулийн этгээдийг дэмжихийг даалгасан. ...Улсын Их Хурлын гишүүн Г.Сы гэх “Монгол шаазан” ХХК, ... дээрх нэрсийг Б.Батзориг сайд нэг өдөр бүгдийг нь шууд хэлэхгүй л дээ. Нэг хоёроор нь ... хэлдэг байсан. ...Ямар ч байсан сайд надад хэлэхдээ “түүний компани шүү” гэж албан тушаалтны нэр, хуулийн этгээдийн нэрийг хэлдэг. Хэлэхдээ надад ... зөвхөн амаараа л хэлдэг байсан. Тэгээд надад Б.Батзориг сайдын захиж хэлсэн хуулийн этгээд, иргэдийн төсөлд хорооны хурал дээр санал авахад миний зүгээс дэмжих саналыг өгдөг. Мөн хорооны дарга буюу Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хорооны гишүүддээ хандаж хорооны хурал дээр албаны байдлаар “дээрээс чиглэлтэй төслүүд байгаа шүү” гэж хэлээд хурлыг удирдаад дээрх төслүүд дэмжигдээд шийдвэрлэгддэг. ...” /1хх 134-136/ гэх,

гэрч Б.Аийн “...Манай нөхөр Г.С нь ... “Монгол шаазан” ХХК үүсгэн байгуулж байсан. Нэг гишүүнтэй бөгөөд захирлаар нь 2012 оныг хүртэл ажилласан. ...Хүү С.Аийг захирлаар нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр бүртгэсэн байна. ...Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба “Монгол шаазан” ХХК-ийн хооронд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээг байгуулах үйл явц Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нэг давхрын 13 тоот өрөөнд хүүгийн хамтаар орж гэрээнд гарын үсэг зурсан. Миний бие зээлийн гэрээний зээлдэгчийг төлөөлөх хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. “Монгол шаазан” ХХК-ийг төлөөлж С.А гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ хүн бол миний хүү юм. Би тухайн үед компанийн менежерээр ажиллаж байсан. Одоо захирлыг орлоод ажиллаж байна. Компанийн хувьд 2010 оноос хойш түрээсийн үйл ажиллагаа явуулж байна. Манай гэр бүлийн бизнес юм. ...Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд малын тэжээлийн үйлдвэр барих талаар ярьж байсан. Тус суманд хуучнаар тэжээлийн үйлдвэрийн хуучин үйлдвэрийн барилга байдаг. Калимат гэдэг ... хүнтэй ... 2017 онд ... “уулзаад объектоо зарах уу” гэхэд “зарна” гэсэн. Бид шинээр газар аваад барилга барихаар зардал өндөр гарна, тийм учраас худалдаад авсан нь ашигтай гэж үзсэн. Энэ хүн 150.000.000 орчим төгрөгөөр өгнө гэж байсан. Ингээд бид 2018 оны 6 дугаар сарын сүүлээр байна уу Калиматтай утсаар “зээл бүтчихлээ, одоо наад объектыг чинь авья” гэхэд үнээ өсгөөд 200.000.000 төгрөг гэж хэлсэн. ... “Малын тэжээлийн үйлдвэрийн” төслийг манай хүү хийсэн. ...Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба “Монгол шаазан” ХХК-ийн хооронд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, компанийн Худалдаа хөгжлийн банкан дахь 499125307 дугаартай дансанд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 950.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Компанийн данснаас 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 189.000.000 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл 10.744.205,73 төгрөгөөс 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 1.605.000 төгрөгийг “Монгол шаазан” ХХК-иас “А сургалтын төлбөрт утгатайгаар” 499170140 тоот дансанд шилжүүлсэн. Хүүдээ Америкийн нэгдсэн улсын Сант Луйс хот руу байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн. Гэхдээ хүүхэд яваагүй, бэлтгэл ажлын төлбөр мөнгө өгсөн. Мөн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 2.500.000 төгрөгийг “Монгол шаазан” ХХК-иас эмчилгээний төлбөр “Хаан банк 5176017439 С” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Нөхөр Солонгос улсад ажлаар явах үед нь эм захиж дансанд нь дээрх мөнгийг хийсэн. Би тус улсад эмчилгээ хийлгэдэг, хяналтад байдаг юм. Хүүгийн тийзийн төлбөрийг захиалж, түүний хувийн 499170140 дугаарын дансанд 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 4.708.150,0 төгрөгийг “Монгол шаазан” ХХК-иас “С.Аийн тийзийн төлбөрт” гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн. Би өөрийн түрээсийн орлого орж ирэх хүртэл дээрх төслийн зээлийн мөнгөнөөс төлбөр хийсэн. “Монгол шаазан” ХХК нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлтээ 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр яаманд гаргасан байна. Энэ албан бичгийг ... би бичиж, гарын үсгийг захирал С.А зурсан. ...” /1хх 162-167/ гэх,

гэрч О.Бадамхандын “... “Монгол шаазан” ХХК нь “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэж өгнө үү” гэсэн хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр манай байгууллагад ирүүлснийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, надад газрын даргаас цохолтоор ирүүлсэн. Үүний дагуу материалыг хүлээн авч хянан үзээд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох заалтыг хангаж байгаа учраас тодорхойлолтыг олгосон. Тухайлбал, “Монгол шаазан” ХХК-ийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэсэн тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 790 дугаартай тодорхойлолтыг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, 1 хоногийн дотор гаргаж өгсөн. “Монгол шаазан” ХХК нь төслийн материалдаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэсэн тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 332 дугаартай тодорхойлолтын хуулбарыг үзэж харлаа. Манай байгууллагад уг цаг хугацаагаар бүртгүүлэх хүсэлтээ гаргасан зүйл байхгүй. Хэрэв байсан бол материал нь гарч ирэх ёстой, дээрх цаг хугацаагаар бүртгүүлэх хүсэлт гаргасан материал байхгүй байна. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэсэн тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 332 дугаартай тодорхойлолтыг бичсэн албан тоотод тавигдсан бичиг хэргээс өгсөн “дугаар, албан тоотын баруун доод буланд шифрлэгдсэн дугаар” давхцах ёсгүй. Үүнийг бичиг хэргээс хөтлөөд явна. Мөн “Хоргын хүү дэлгэрэх” ЗГБХ нөхөрлөлийг Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэж 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 332 дугаартай тодорхойлолтыг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, миний бие тухайн нөхөрлөлийн материалыг хянаж үзээд дээрх тодорхойлолтыг гаргаж өгсөн. Уг албан бичгийн дугаар нэг, харин баруун доод буланд 00000671 гэж шифрлэгдсэн байсан. ...” /1хх 190-191/ гэх,

гэрч Х.Калиматын: ... “Ачит алхабы” ХК-ийн тухайд анх тэжээлийн аж ахуй байсан. ...Би 1997 оны үеэс хувьцааг нь худалдаж авч эхлээд одоогийн байдлаар 82 хувийн хувьцааг нь эзэмшдэг, 14 хувийг миний төрсөн ах Рахметийн салсан эхнэр Бахытгүл /Казакстан улсын иргэн болсон/ эзэмшдэг. Үлдсэн хувьцааг нь 60 гаруй хүн эзэмшдэг ба янз бүрийн хүмүүс байдаг. ...Г.С нь миний ээж Асыхбайн Көшкенбайн төрсөн ах А.Гомбожайн хүү, ... миний үеэл ах юм. ...Г.С ахад 2010 онд Баян-Өлгий аймагт байхдаа “Ачит алхабы” ХК-ийн 84 хувийн хувьцаагаа худалдах талаар санал болгоход 100 сая төгрөгөөр худалдаж авъя гэж санал тавьж байсан, тухайн үед манай хуучин эхнэр /нас барсан/ өгчих гэж байсан ба би өгөөгүй өнгөрч байсан. “Ачит алхабы” ХК нь Ногоон нуур сумын төвд 3 га газартай, мөн хуучин тэжээлийн аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явагдаж байсан 6-7 объекттой юм. Дараа нь 2018 оны 3 дугаар сарын үед Г.С ахын гэрт байхад эхнэр Б.А нь надаас тэжээлийн аж ахуйгаа зарах чинь хэвээрээ юу гэх утгаар нэг их ач холбогдол өгөлгүй асууж байсан ба би бол дотроо дээрх компанийн хувьцаагаа тэр чигээр нь зарна гэсэн ойлголтоор 150.000.000 төгрөгөөр худалдана гэж хариу хэлж байсан. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын үед Б.А эгч надаас дахиад асуухад нь одоо бол 200.000.000 төгрөгөөр өгмөөр байна, 150 сая төгрөгөөр арай өгөхгүй гэж хэлж байсан. Яг 190-д, 180-д өгчих, авчих гэх зэргээр наймаалцаж ярилцаж байгаагүй. 200.000.000 төгрөгөөр өгнө гэхэд авъя, тэгье гэх зэргээр яриа өрнөж байгаагүй өнгөрч байсан. Б.А эгч надтай уулзъя гээд манай гэрийн гадаа ирээд Б.Аптанчимэг эгчийн Приүс маркын автомашинд нь уулзахад “бид нар танай компанийг худалдаж авахаар төсөл бичсэн байсан, тэгээд надаас байцаалт авсан” гэж хэлсэн ба чамаас асуувал чи хэлнэ биз дээ” гэхэд нь би “мэддэгээ хэлнэ” гэсэн. Б.А эгч бид хоёрын дунд албан ёсоор наймаа хийхээр гэрээ хэлцэл хийгээгүй, наймаалцаж ярилцсан, үнэ тохиролцсон яриа ч болж өнгөрөөгүй, яриан дундаа ярилцаад өнгөрч байсан л удаатай. Би хувьдаа надаас яг худалдаж авна гэж ойлгож байгаагүй. ...Г.С, түүний гэр бүл Б.А нарын зүгээс “Ачит алхабы” ХК-д бүртгэлтэй Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд байрлах үйлдвэр үйлчилгээний талбай бүхий газарт Малын тэжээлийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр 2018 онд болон мөн оны 4 дүгээр сард ярьсан тохирсон зүйл байхгүй. Мөн дээрх төсөл хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан зүйл байхгүй бөгөөд би зурагт, хэвлэл мэдээллийн хэрэгслээс түүнийг жижиг, дунд үйлдвэрийн сангаас зээл авсан гэдэг асуудлыг мэдэж авсан. Мөн надтай төсөл хэрэгжүүлэх асуудлаар нэг ч зүйл яриагүй. ...” /1хх 192-193, 195-196/ гэх,

гэрч Ж.Саулегийн “...Г.С гишүүн надтай утсаар яриад “манай эхнэр очно, төсөл бичих талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөч” гэж хэлж байсан. Тэгээд эхнэр Б.А нь ажил дээр ирж ... уулзаад “бид нар жижиг дунд үйлдвэрээс төсөл авах гэсэн юм аа, төсөл бичих талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөч” гэж хэлэхэд нь би тухайн үед сангийн захирал байсан “С.Төгсбилэгтэй уулз” гээд явуулж байсан. ...Тэгээд би С.Төгсбилэгт “Г.С гишүүний эхнэр нь шүү, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөрэй” гэж ... хэлж байсан. ...Цаашаа яасан талаар нь мэдэхгүй ба төсөл сонгон шалгаруулалт явагдаж дууссаны дараа буюу жижиг дунд үйлдвэрийн хэрэг нийтэд ил болж шуугиагүй байх үед Г.С надад “төсөл авсан” гэж хэлж байсан. ...” /5хх 242-243/,

гэрч Ц.Гарамхандын “...Базарсадын А гэдэг эмэгтэй өөрийн биеэр ирж Худалдаа хөгжлийн банканд данс, карт нээлгэх, цахим үйлчилгээ авах хүсэлтийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан. Энэ хүсэлтэд заасан сонголтын дагуу хугацаатай хадгаламжийг нээлгэе гэсэн. Улмаар уг хүсэлтийг өөрөө бөглөж өгсөн. Хугацааны хувьд 18 сарын хугацаатай, жилийн 15.1 хувийн хүүтэй /сарын 1.25 хувь/ 750.000.000 төгрөгийг хадгалуулахаар болсон. Уг мөнгийг дээрх хугацаагаар хадгалуулах нөхцөлтэй, үүнийгээ зөвшөөрөөд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр банктай гэрээ байгуулсан. Банкыг төлөөлж миний ... гэрээг байгуулсан. Гэрээ байгуулснаар хугацаатай хадгаламж хүчин төгөлдөр болсон. Базарсадын Ат гэрээний нэг хувийг, хадгаламжийн дэвтрийн хамтаар өгсөн. Мөн надтай гэрээ байгуулах үедээ 18 сарын хугацаатай 15.1 хувийн хүүтэйгээр хадгалуулна. Хугацаанаас өмнө нь гэрээгээ цуцалж мөнгийг авна гэсэн зүйл яриагүй. ...Хүүг тохирч болдог, тэр зарчмаар хүүгээ тохирсон байна. Салбарт хадгаламжийн хүү тохирох хүсэлт гэж байдаг. Уг хүсэлтийг баримтаар танай байгууллагад өгч явуулсан байгаа. Улмаар шинээр 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацаатай хадгаламжийн 495077109 тоот данс нээж, мөн өдөр тус банкны “Монгол шаазан” ХХК-ийн 499125307 тоот данснаас 750.000.000 төгрөг орж ирсэн. Үүний дараа 2018 оны 7 дугаар сарын 2-нд бэлнээр 100.000.000 төгрөг орж ирсэн. Ингээд нийт 850.000.000 төгрөгт 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл 2.4 хувийн хүү буюу 7.880.547,95 төгрөгийн хүү бодогдож улсаас авах хүүгийн орлогын албан татварын 10 хувь хасагдаж, 7.092.493,15 төгрөгийн хүүний орлого орсон. Тэрээр 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хугацаатай хадгаламжаа цуцлуулаад уг өдрөө 750.000.000 төгрөгийг “Монгол шаазан” ХХК-ийн 499125307 тоот дансанд шилжүүлжээ. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 82.000.000 төгрөгийн орлого орж ирээд мөн өдрөө 182.000.000 төгрөгийг “Монгол шаазан” ХХК-ийн 499125307 тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 7.092.493,15 төгрөг үлдсэн байна. Дансанд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 46.751,47 төгрөгийн хүү бодогдож 10 хувийн татвар суутгагдсан байна. 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг авсан. 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 3.000.000 төгрөг орж ирээд 8.134.569,47 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ...” /1хх 206-208/ гэх мэдүүлгүүд,

“Тэд Аудит” ХХК-ийн шинжээчийн 02/07 дугаартай “...Тус компанийн худалдаа хөгжлийн банкны 499125307 дугаар харилцах дансанд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-88 дугаар тушаалын дагуу” гэсэн гүйлгээгээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Малын тэжээлийн үйлдвэрийн төсөл”-ийн зээлийн 950.000,0 мянган төгрөгийн санхүүжилт орж ирсэн байна. Үүнээс Б.Аийн Худалдаа хөгжлийн банк дахь 495077109 дансанд 750.000,0 мянган төгрөг, бэлнээр 189.900,0 мянган төгрөг гарган авч, С.Аэд сургалтын төлбөр, тийзийн төлбөрт 6.313,1 мянган төгрөг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төрийн банкны 100900037019 дансанд 468,5 мянган төгрөгийг тус тус шилжүүлж, нийгмийн даатгалын шимтгэлд 299,8 мянган төгрөг төлсөн байна. Б.Аптанчимэгийн Худалдаа хөгжлийн банк дахь тусгай нөхцөлтэй хадгаламжийн 495077109 дансанд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18 сарын хугацаатай жилийн 15.1 хувийн мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу компанийн төслийн зээлийн санхүүжилтээс 932.000,0 мянган төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн ба уг хадгаламжид 7.880,5 мянган төгрөгийн хүүгийн орлого тооцогдсон байна. Тус хадгаламжийн данснаас 2018.11.05 болон 06-ны өдрүүдэд 932.000,0 мянган төгрөгийн зарлага гарч “Монгол шаазан” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 499125307 дугаар дансанд Б.Аээс “төслийн мөнгө” гэсэн гүйлгээгээр шилжүүлсэн байна. “Монгол шаазан” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499125307 дугаар харилцах данснаас 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төрийн банкны 100900037019 дансанд 951.327,4 мянган төгрөгийг шилжүүлж, төслийн зээлийг буцааж төлсөн байна. Иймд “Монгол шаазан” ХХК-д Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийг буцааж төлөх хүртэлх 5 сарын хугацаанд зориулалтын дагуу зарцуулаагүй байсан байна. ...” /2хх 36-41/ гэх дүгнэлт,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18/, Монгол Улсын Их хурлын гишүүн Гомбожайн Сы “Жижиг дунд үйлдвэрийн сангаас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүссэн хүсэлт” /1хх 104/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тодорхойлолт /1хх 105/, “Монгол шаазан” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх 47-197/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 8/2492 дугаартай албан бичиг, холбогдох баримтууд /2хх 205-208/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/4871 дугаартай албан бичиг /2хх 227/, Б.Аийн Худалдаа хөгжлийн банканд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн хадгаламжийн 495077109 дугаартай хадгаламжийн данстай холбоотой баримт бичиг /3хх 89- 92, 172-179/, Худалдаа хөгжлийн банкны 499170140 дугаартай харилцах дансны гүйлгээний хуулга /3хх 114-117/, Хаан банкны 5176017439 дугаартай депозит дансны хуулга /3хх 161-165/, “Монгол шаазан” ХХК-ийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт гаргасан баримт бичгүүд /3хх 200-215/, Г.С, Б.А нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /3хх 228/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Г.С нь “Монгол шаазан” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Гэр ахуйн гоёл чимэглэл, бэлэг дурсгалын, шаазан, хатуу зөөлөн ясны эдлэл, керамик бүтээгдэхүүн хийх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй, хүнс, барааны дэлгүүр, үсчин, авто гараж түрээслэх туслах үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2082187 регистрийн дугаартайгаар Улсын бүртгэлд бүртгүүлж, 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр өөрийн төрсөн хүү С.Аыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгүүлсэн болох нь “Монгол шаазан” ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа /2хх 47-197/-гаар тогтоогдож байна.

2006 оны Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;” гэж, мөн зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;” гэж, мөн зүйлийн 3.1.7 дахь хэсэгт “хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх;” гэж заасан Улсын Их Хурлын гишүүний явуулах тодорхой үйл ажиллагааг хориглож, хязгаарлажээ.

Гэтэл шүүгдэгч Г.С нь Улсын Их Хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх төсөл”-ийн зориулалтаар урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авахын тулд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4081 дугаартай “Монгол шаазан” ХХК-ийн төслийг дэмжиж зээл олгохыг хүссэн агуулга бүхий Улсын Их Хурлын гишүүний албан бичгийг Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хүргүүлсэн.

Улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт болон Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч байсан байна.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А-76 дугаартай “Журам батлах тухай” тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ыг хавсралтаар баталж, мөн тушаалын 2 дахь заалтад “Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /О.Мөнгөнцэцэг/-д, төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хороонд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Дондогдорж/-д үүрэг болгосугай.” гэж,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 1.1-д “Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2, 14.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг үндэслэн экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, гарааны бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгож, нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /цаашид “Сан” гэх/-гаас олгох урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл /цаашид “Зээл” гэх/-ийн төсөл сонгон шалгаруулахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.” гэж,

мөн журмын 2.5-д “Төслийн нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг ЖДҮЭ өөрийн санхүүгийн эх үүсвэрээр бүрдүүлнэ.” гэж,

мөн журмын 2.6-д “Дараах зээл хүссэн ЖДҮЭ хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй.” гэж,

мөн журмын 3.2-т “Хороо, дэд хорооны бүрэлдэхүүнийг Жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар батална.” гэж,

мөн журмын 3.8.1-д “хороо, дэд хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хувийн ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах тохиолдолд хуралд оролцохоос татгалзаж, татгалзах хүсэлтээ бичгээр хороо болон дэд хорооны даргад гаргах;” гэж,

мөн журмын 3.8.2-т “хороо, дэд хорооны гишүүн холбогдох хууль, журам зөрчихгүй байх.” гэж,

мөн журмын 4.1-д “Зээл хүсэгчийн ирүүлэх төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдсэн байна.” гэж тус тус заажээ.

Улс төрд нөлөө бүхий этгээд болох шүүгдэгч Г.Сы өөрийнх нь үүсгэн байгуулсан, захирлаар төрсөн хүү С.А нь, менежерээр эхнэр Б.А нь ажилладаг “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх төсөл”-ийн зориулалтаар урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авах хүсэлтийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэж авчээ.

Энэхүү, шүүгдэгч Г.Сы төрсөн хүү С.А, эхнэр Б.А нарын “Монгол шаазан” ХХК нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэж өгнө үү” гэх хүсэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн О.Бадамханд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан үзээд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох заалтыг хангасан гэх үндэслэлээр “Монгол шаазан” “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэсэн” тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 790 дугаартай тодорхойлолтыг гаргаж өгсөн байхад “Монгол шаазан” ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлсэн төслийн материалд “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэсэн” тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдоржийн гарын үсэг бүхий 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 332 дугаартай тодорхойлолтыг хавсаргаж өгснийг нь өөрчилсөн байна.

Тус 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 332 дугаар тодорхойлолтоор “Хоргын хүү дэлгэрэх” ЗГБХ нөхөрлөлийг Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэсэн болох нь гэрч Б.Мядагмаа /1хх 187/, О.Бадамханд /1хх 190-191/, М.Дондогдорж /1хх 209/, И.Баярцэцэг /1хх 212/ нарын мэдүүлгүүдээр нотлогдсон ба энэхүү дугаарт “Монгол шаазан” ХХК-ийн хүсэлтийн хариуг өгсөн мэтээр тодорхойлолт гаргаж материалд хавсаргасан нь хууль, журмыг зөрчсөн илэрхий бөгөөд санаатай үйлдэл болжээ.

Түүнчлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь “Монгол шаазан” ХХК-ийн “Малын тэжээлийн үйлдвэрийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаартай зээлийн хүсэлт /1хх 44/, холбогдох материалуудыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 538 бүртгэлийн дугаартай /1хх 43/-аар бүртгэж авсан байхад “Монгол шаазан” ХХК нь Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлтээ 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан нь цаг хугацааны хувьд хууль, журам зөрчсөн үйлдэл болжээ.

Өөрөөр хэлбэл, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 4.8 дугаар зүйлийн 4.8.9-д “Төсөлд жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ, тодорхойлолтыг хавсаргана” гэж заасан баримт бичгийн бүрдэл бүрдээгүй “Монгол шаазан” ХХК-ийн “Малын тэжээлийн үйлдвэрийн төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хүсэлтийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь журам зөрчин хүлээн авч хууль, журмыг зөрчсөн байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба “Монгол шаазан” ХХК-ийн хооронд 950.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 60 сарын хугацаанд хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэй, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ /1хх 147-161/, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /1хх 152-157/-г тус тус байгуулж, улмаар “Монгол шаазан” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499125307 дугаартай дансанд 950.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ нь гэрч Б.Аийн мэдүүлэг /1хх 162-167/, “Тэд Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /2хх 36-41/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /3хх 5-120/ зэргээр давхар тогтоогджээ.

Мөн “Тэд-Аудит” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02/07 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Монгол шаазан” ХХК нь ААНОАТ, ЦХТАОТ, НӨАТ, ҮХХАТ, бусад татварын дутуу төлөлттэй, өртэй байсан байна.

Түүнчлэн, Татварын ерөнхий газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 09/313 дугаартай албан бичигт Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч О.Бадамсүрэнгийн 2019 оын 1 дүгээр сарын 25-ны өдрийн 163 дугаартай “...”Монгол шаазан” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 30.371,7 мянган төгрөгийн өртэй. ...2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ... 30.371.740 төгрөгийг төлсөн байна. ...” /1хх 233, 246-247/ гэх дүгнэлт нь төслийн материалд авагдсан өргүй гэх тодорхойлолтыг үгүйсгэж байна.

Энэ нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсгийн 2.6.6-д “харилцдаг татварын байгууллагын хугацаа хэтэрсэн өртэй зээл хүссэн ЖДҮЭ хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй.” гэснийг зөрчжээ.

Хэдийгээр “Монгол шаазан” ХХК нь хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн мэдээлэл байхгүй болох нь Монгол банкны 2018 оны 11 сарын 28-ны өдрийн А-6/1456 дугаартай зээлийн мэдээллийн сангийн мэдээллээр тогтоогдож байх боловч төслийн материалд “Монгол шаазан” ХХК банкны өртэй эсэх тодорхойлолтыг, мөн тус компанийн 2016 оны санхүүгийн тайлан зэргийг хавсаргаагүй нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.8.7-д “зээлийн өрийн хэвийн үлдэгдэлтэй бол уг зээлтэй холбоотой баримт /зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, тодорхойлолт, зээлийн зарцуулалтын тооцоо гэх мэт/-ыг хавсаргана.” гэж, мөн зүйлийн 4.8.8-д “Төсөлд сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайланг хавсаргана” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Үүнээс үзэхэд “Монгол шаазан” ХХК-ийн “Малын тэжээл үйлдвэрлэх төсөл” нь Монгол банкын тодорхойлолтгүй, санхүүгийн тайлан дутуу хийгдсэн, татварын өртэй тодорхойлолт авагдсан, төслийн тооцоо зөрүүтэй хийгдсэн зэрэг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчсөн олон зөрчлүүд байсаар атал тус төслийг хууль, журам зөрчиж сонгон шалгаруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба ХХК 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 88/2018/Б-16 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /1хх 152-157/-г байгуулахдаа “Монгол шаазан” ХХК-ийн өмчлөлийн контор, үйлчилгээ, дэд станцын зориулалттай 9 ширхэг барилга байгууламжийг 2.000.000.000 төгрөгөөр харилцан тохиролцож барьцаалсан байх боловч эдгээр 9 ширхэг үл хөдлөх хөрөнгөөс 3 ширхэг хөрөнгө нь бусдын өмчлөлд шилжсэн, мөн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс хойш буюу гэрээ хийсэн өдрөөс хойш барьцаалбарыг бүртгүүлсэн зөрчилтэй байхад уг гэрээг хууль, журмын дагуу хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй.

 Түүнчлэн, гэрч Б.Аийн “...Компанийн данснаас ... 189.000.000 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл 10.744.205,73 төгрөгөөс ... 1.605.000 төгрөгийг “Монгол шаазан” ХХК-иас “А сургалтын төлбөрт утгатайгаар” 499170140 тоот дансанд шилжүүлсэн. ...Мөн ... 2.500.000 төгрөгийг “Монгол шаазан” ХХК-иас эмчилгээний төлбөр “Хаан банк 5176017439 С” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...Хүүгийн тийзийн төлбөрийг захиалж, түүний хувийн 499170140 дугаарын дансанд ... 4.708.150,0 төгрөгийг “Монгол шаазан” ХХК-иас “С.Аийн тийзийн төлбөрт” гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн. Би өөрийн түрээсийн орлого орж ирэх хүртэл дээрх төслийн зээлийн мөнгөнөөс төлбөр хийсэн. ...” /1хх 162-167/ гэх,

гэрч Ц.Гарамхандын “...Базарсадын А гэдэг эмэгтэй өөрийн биеэр ирж Худалдаа хөгжлийн банканд данс, карт нээлгэх, цахим үйлчилгээ авах хүсэлтийг ... гаргасан. ...Улмаар ... хугацааны хувьд 18 сарын хугацаатай, жилийн 15.1 хувийн хүүтэй 750.000.000 төгрөгийг хадгалуулахаар болсон. ...Базарсадын Ат гэрээний нэг хувийг, хадгаламжийн дэвтрийн хамтаар өгсөн. ...Хүүг тохирч болдог, тэр зарчмаар хүүгээ тохирсон байна. ...Улмаар шинээр ... хугацаатай хадгаламжийн 495077109 тоот данс нээж, мөн өдөр тус банкны “Монгол шаазан” ХХК-ийн 499125307 тоот данснаас 750.000.000 төгрөг орж ирсэн. Үүний дараа ... бэлнээр 100.000.000 төгрөг орж ирсэн. Ингээд нийт 850.000.000 төгрөгт 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл 2.4 хувийн хүү буюу 7.880.547,95 төгрөгийн хүү бодогдож улсаас авах хүүгийн орлогын албан татварын 10 хувь хасагдаж, 7.092.493,15 төгрөгийн хүүний орлого орсон. Тэрээр 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хугацаатай хадгаламжаа цуцлуулаад уг өдрөө 750.000.000 төгрөгийг “Монгол шаазан” ХХК-ийн 499125307 тоот дансанд шилжүүлжээ. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 82.000.000 төгрөгийн орлого орж ирээд мөн өдрөө 182.000.000 төгрөгийг “Монгол шаазан” ХХК-ийн 499125307 тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 7.092.493,15 төгрөг үлдсэн байна. Дансанд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 46.751,47 төгрөгийн хүү бодогдож 10 хувийн татвар суутгагдсан байна. 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг авсан. 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 3.000.000 төгрөг орж ирээд 8.134.569,47 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ...” /1хх 206-208/ гэх мэдүүлгүүд, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /3хх 5-120/ зэргээр “Монгол шаазан” ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан үйл баримт тогтоогдож байх бөгөөд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн мөнгийг 2018 оны 11 дугаар сарын 6-ны өдөр буцааж төлсөн байна.

Шүүгдэгч Г.С нь Монгол Улсын Их хурлын гишүүнээр ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн үүсгэн байгуулсан гэр бүлийн гишүүн С.Аын компани болох “Монгол шаазан” ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А-76 дугаартай “Журам батлах тухай” тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-д заасан тодорхой шаардлагыг хангаагүй “Малын тэжээл үйлдвэрлэх төсөл”-ийг дэмжүүлэхээр Улсын Их Хурлын гишүүний албан бичгийг Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт “Монгол шаазан” ХХК-ийн төслийг дэмжиж зээл олгохыг хүссэн агуулга бүхий Улсын Их Хурлын гишүүний албан бичгийг хүргүүлж нөлөөлж хөнгөлөлттэй зээл авсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Сы гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэгт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.С “...Анхан шатны шүүхээс намайг энэ хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрч байна. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн, өндөр настай болсон зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Г.Сы өмгөөлөгч Д.Тунгалаг “...Анхан шатны шүүхээс “...Шүүгдэгч Г.С нь түүнийг шүүхээс гэм буруутайд тооцох хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв” гэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байна. ... Г.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өндөр настай болсон зэргийг нь мөн харгалзан ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан.

Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 2 дугаар зүйлийн 1-д “Төрийн албан тушаалтан” гэж: (i) оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран”, Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн тайлбарт: “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргыг ойлгоно” гэж зааснаас үзвэл гэмт хэрэгт үйлдэх үедээ Улсын Их хурлын гишүүнээр ажиллаж байсан шүүгдэгч Г.Сыг “улс төрд нөлөө бүхий этгээд” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;

мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал гэж тодорхойлжээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор төгсдөг ба энэ гэмт хэргийн улмаас заавал хохирол, хор уршиг учирсан байх, түүнийг заавал тодорхойлохыг шаарддаггүй.

Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн улмаас ямар нэгэн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан байх бөгөөд халдлагын зүйл нь иргэдийн болон олон нийтийн эрх ашиг байдаг онцлогтой юм.

Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 19 дүгээр зүйлд “Оролцогч улс бүр төрийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар, зүй бусаар давуу тал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ” гэж чиг үүргээ урвуулан ашиглахыг тодорхойлсон бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, гэмт хэрэгт тооцжээ.

Шүүгдэгч Г.Сы хувийн ашиг сонирхлоор буюу мэдсээр байж өөрийн үүсгэн байгуулсан, гэр бүлийн гишүүн С.Аын компани болох “Монгол шаазан” ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А-76 дугаартай “Журам батлах тухай” тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-д заасан тодорхой шаардлагыг хангаагүй “Малын тэжээл үйлдвэрлэх төсөл”-ийг дэмжүүлэхээр Улсын Их Хурлын гишүүний албан бичгийг Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт “Монгол шаазан” ХХК-ийн төслийг дэмжиж зээл олгохыг хүссэн агуулга бүхий Улсын Их Хурлын гишүүний албан бичгийг хүргүүлж нөлөөлсөн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бий болгосон байх бөгөөд түүний бодит үйлдэл, оролцоо нь учирсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. ...” гэж заасан заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш юм.

Шүүх дээрх заалтыг хор уршиг арилсан байдлыг харгалзахаас гадна шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх эсэхийг шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан.

Энэ гэмт хэргийн халдлагын зүйл нь иргэдийн болон олон нийтийн эрх ашиг байдаг онцлогтой, үр дагавар нь ноцтой байдаг тул тухайн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг үндэсний тусгаар тогтнол, иргэд болон олон нийтийн төрд итгэх итгэлийг алдрах нөхцөл байдал зэргийг үнэлж дүгнэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч Г.Сд холбогдох хэрэгт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, уг хэрэгт прокурор хяналт тавьж, улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн суурь зарчмыг удирдлага болгон хэргийг хянан шийдвэрлэж, гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хэлэлцэх хэмжээ, хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй.

Хавтас хэргийн материалыг шинжлэн судлахад, “Монгол шаазан” ХХК-ийн 499125307 дугаартай данснаас Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээлээр олгогдсон мөнгөнөөс нийт 850.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Сы эхнэр Б.Аийн Худалдаа хөгжлийн банкны 495077109 дугаартай хадгаламжийн данс руу хийж, Хадгаламжийн гэрээ байгуулан хадгалуулсан байх ба “Тэд Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /2хх 36-41/, гэрч Ц.Гарамхандын мэдүүлэг /1хх 206-207/, Б.Аийн Худалдаа хөгжлийн банкны 495077109 дугаартай хадгаламжийн дансны хуулга /3хх 5/ зэрэг нотлох баримтуудаар нийт 7.880.547,95 төгрөгийн хүү бодогдсон болох нь нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого 7.880.547,95 төгрөгийг Г.Саас албадан гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г.Сы өмгөөлөгч Б.Батбаяр гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/1385 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сы гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.880.547,95 /долоон сая найман зуун наян мянга таван зуун дөчин долоон төгрөг 95 мөнгө/ төгрөгийг шүүгдэгч Г.Саас албадан гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ