Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 685

 

Г.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1385 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1216 дугаар магадлалтай, Г.С-д холбогдох 1902000000112 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1957 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, галд тэсвэртэй материалын инженер технологич мэргэжилтэй, ***, ял шийтгэлгүй, Т Ж овогт Г-н С-.

Улс төрд нөлөө бүхий хүн болох Г.С- нь Монгол Улсын их хурлын гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б-т хууль бусаар нөлөөлж, улмаар түүнийг Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Э-, гишүүн С.Т- нарт хууль бус үүрэг чиглэл өгөх байдлаар хийх ёсгүй үйлдэл хийж, “**” ХХК-нд 950,000,000 төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох хууль бус шийдвэр гаргаж, эрх мэдлээ урвуулан ашиглахад зориуд хүргэж, уг гэмт хэрэг хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.С-ыг нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд хатгагчаар оролцон үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй xориx байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ы гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7,880,547.95 төгрөгийг түүнээс албадан гаргуулж, ...улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.С-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Г.С- хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Миний бие анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа бөгөөд өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар аль шатны шүүхэд маргаж байгаагүй билээ. Мөн прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хохирол төлбөрөө нөхөн төлсөн ба одоо өнөөдөр давж заалдах шатны шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн. Би 63 настай, эрүүл мэндийн байдал маш хүнд байна. Энэ ангид ирэхийн өмнө хаалттай хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хэдий ч даралт байнгын өндөр, хамаг бие хавагнасан, зүрхний цохилт өндөр, шөнө нойргүй байдалтай байна.

Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн өндөр настай, эрүүл мэндийн шалтгаан зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөөч аль эсвэл хорих ялыг хуульд заасны дагуу багасгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд өмгөөлөгч Д.Тунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.С-д анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр хувийн байдалд тохирсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ” гэж мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх.. эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан байна. Мөн хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, эрхэлсэн ажил, албан тушаал, ... ялгаварлан гадуурхахгүйгээр ... хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг хуульчилжээ.

Шүүгдэгч Г.С- нь гэмт хэрэгт холбогдох үедээ улс төрд нөлөө бүхий этгээд байсан талаар маргаагүй бөгөөд энэ нь түүний үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” хуульчилсан гэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлсон нь үндэслэлгүй байх бөгөөд прокурорын 97 тоот яллах дүгнэлт болон хавсралтанд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлж улмаар хохирол төлбөргүй болохыг тодорхойлж, анхан шатны шүүхийн 1385 дугаар шийтгэх тогтоолын 7 дугаар заалтанд “...бусдад төлөх төлбөргүй..." болохыг тогтоосон байна.

Шүүгдэгч нь анхан болон давж заалдах шатны шүүхэд өөрийн гэм бурууг хүлээн “уучлал" хүсэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бичгийн баримтуудад үндэслэсэн прокуророос тогтоосон хохирол төлбөрөө нөхөн төлсөн болно.

Шүүгдэгчийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “хатгагч"-аар хамтран оролцсон болохыг тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж заасан байна.

Тэгвэл энэхүү гэмт хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмыг баримтлан “торгох" ял оногдуулсан.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дээрх журам нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмаас агуулгын хувьд гэмт хэрэг үйлдсэн этгээд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн” байх ерөнхий нөхцөлүүдийг “урьдач” болгосон байдаг.

Тэгвэл шүүгдэгч Г.С- нь анхан болон давж заалдах шатны шүүхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, мөн түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэж түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хяналтын шатны эрхэм шүүгчид та бүхнээс миний үйлчлүүлэгч Г.С- нь 64 настай, зүрх судасны болон артерын даралт архаг өвчтэйн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хаалттай хорих 401 анги “Нэгдсэн эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлсэн хэдий ч эрүүл мэндийн байдал нь дээрдэхгүй байгаа хувийн байдлыг харгалзан үзэхийг хичээнгүйлэн хүсье.

Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Г.С-д хорих ял оногдуулсан хэсэгт өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан хорих ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ялаар буюу торгох ялаар сольж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлттэй маргаангүй бөгөөд миний үйлчлүүлэгч ч мөн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаараа тодорхой илэрхийлсэн.

Харин анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэнтэй нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэн давж заалдах журмаар гомдол гаргалаа.

Нэгдүгээрт. Давж заалдах шатны шүүхээс ... гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж төлбөр гаргуулах ... нэмэлт заалт оруулсан нь хуулийн болон бодит үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана.” гэж шүүхийн эрх хэмжээг хуульчилсан хэдий боловч шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ....хязгаарлагдах учиртай. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй, шинжлэн судлаагүй нотлох баримтыг үндэслэн улмаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Г.С-д холбогдох хэргийг прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хохирол, төлбөргүй талаар заасан, анхан шатны шүүхээс мөн хохирол, төлбөртэй гэх нэг ч баримт шинжлэн судлаагүй, мөн хэн нэгэн этгээд иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцон хохирол нэхэмжлээгүй билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана” гэсний 3.2-д “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж, 5 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн хавсралтад дараах зүйлийг тусгана” гэсний 5.3-д хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл гэж тус тус заажээ. Мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах зүйлийг тусгана” гэсний 3.6-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хураах үндэслэл” гэж заасан.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс тухайн хэргийн яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд огт дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийж миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого төлөөгүй байсан мэтээр дүгнэн эрх зүйн байдлыг, хувийн байдлыг нь дордууллаа.

Давж заалдах шатны шүүхээс яллах дүгнэлтэд тусгагдаагүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй асуудлаар дүгнэлт хийгээд байвал талуудын тэгш эрхтэй мэтгэлцэх зарчим алдагдах юм.

Хоёрдугаарт. Манай үйлчлүүлэгч шүүх хуралдаан болохоос өмнө өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг багасгах талаар өөрөөс хамаарах бүхий л зүйлсийг хийж, хохирол нөхөн төлбөрийг бүрэн барагдуулсан. Шүүгдэгч өмнө ямар нэгэн байдлаар өөр бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдана. Шүүгдэгч өндөр настай төдийгүй одоо түүний эрүүл мэндийн байдал ихээр дордож байгаа зэргийг шүүх харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэх бүрэн боломжтой байсан боловч хуульд нийцүүлэн шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Гуравдугаарт. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт торгох, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ял болгон оногдуулахаар хуульчилсан. Анхан болон давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан үндэслэлээр ялыг хөнгөрүүлэх, хорих, торгох ялын аль нэгийг оногдуулах эрх хэмжээтэй төдийгүй анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ял оногдуулахдаа мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна.” гэсэн хуулийн заалт, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлбөрөө төлсөн үйл баримтыг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шударга, энэрэнгүй байх зарчимд үндэслэн гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, өмнө хэрэгт холбогдож байгаагүй, тодорхой оршин суух хаяг, ажилтай, нас өндөр, биеийн байдал муу /одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа/ зэргийг харгалзан Г.С-ыг нийгмээс тусгаарлан хорих ял зайлшгүй эдлүүлэх шаардлагагүй зэргийг судлан үзэж түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой билээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэжээ. 

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Улс төрд нөлөө бүхий этгээд болох Г.С- нь Монгол Улсын их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх хувийн ашиг сонирхлын үүднээс өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар төрсөн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “**” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авахын тулд шаардлага хангахгүй төслийг дэмжүүлэхээр Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б-т **” ХХК-ийн төслийг дэмжиж зээл олгохыг хүссэн агуулга бүхий Монгол Улсын их хурлын гишүүний албан бичгийг хүргүүлсэн нь Б.Б-ийг гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлж, хатгагчаар хамтран оролцсон болох нь тогтоогдсон байна. Мөн Б.Б- нь өөрийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлсэн учир Г.С-д оногдуулсан эрүүгийн хариуцлагад хамааруулах шаардлагагүй. Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарахгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр хэвээр үлдээх нь зүйтэй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаяр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Г.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Улс төрд нөлөө бүхий хүн болох Г.С- нь Монгол Улсын их хурлын гишүүний нэр хүнд, эрх мэдлийг өөртөө эдийн засгийн давуу байдал олох зорилгоор ашиглан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б-т хууль бусаар нөлөөлж, улмаар түүнийг бусдад хууль бус үүрэг чиглэл өгөх байдлаар хийх ёсгүй үйлдэл хийж, “**” ХХК-нд 950,000,000 төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох хууль бус шийдвэр гарган, эрх мэдлээ урвуулан ашиглахад зориуд хүргэж, уг гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Г.С-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээр нотлох баримтын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарт тулгуурлан, үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.С-ы гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураан авч улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “...оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, ...хорихоос өөр төрлийн буюу торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1385 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1216 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.С-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН