Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 183/шш2021/02795

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 01 өдөр

       Дугаар 183/ШШ2021/02795

                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б овогт Б.Эгийн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг,  дугаар хороо,  дүгээр гудамж,  тоотод оршин суух, регистрийн дугаар /

 

Хариуцагч: ИИИИт холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа, өөрийн байранд байрлах/

 

21.239.300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т, нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э миний бие ИИИИ буюу тухайн үеийн Нисэх онгоцны төв буудлын даргын 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 130 тоот тушаалаар ажилд томилогдож, улмаар одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Манай байгууллагын дотоод дүрэм, журмаар байгууллагад тогтвортой ажиллаж буй албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тэдний хүсэлтийн дагуу орон сууцны хөнгөлөлт, дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Миний бие байгууллагадаа олон жил ажилласан тул орон сууцны асуудлаа шийдвэрлүүлэхээр байгууллагын захиргаанд 1998 оны 10 дугаар сард орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл гаргасан бөгөөд байгууллагын захиргаанаас нэр бүхий 7 хүнд орон сууцны дэмжлэг үзүүлэхээр болж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд байрлалтай 2.1 га талбайтай, 2 давхар бүхий 7 ширхэг барилга буюу /амины орон сууц/-ыг тус газрын даргын 2011.05.25-ны өдрийн Б\161 дугаар тушаалаар эзэмшүүлэхээр болсон. Ийнхүү тус амины орон сууцыг гэрээ байгуулж эзэмшүүлэхээр болох үед ИИИИ-ын тухайн үеийн дарга болон Захиргаа удирдлагын газрын дарга нар хэлэхдээ амины сууцыг удахгүй хувьчлах гэж байгаа, төрийн өмчийн газарт хүсэлтээ явуулаад зөвшөөрмөгц та нарын нэр дээр шилжүүлж, хувьчилж өгнө гэж хэлээд түлхүүрийг өгсөн. Миний бие гаргасан хүсэлтийг минь хүлээн авч удахгүй хувьчилж өгнө, орон сууцтай боллоо гэж маш их баярлаж байсан бөгөөд анх байшинг хүлээн авахад байшин маш их муудаж, гадна хананы шавар нь нурсан, дээврээс нь ус гоождог, хүн амьдрахад хүнд байсан тул 2015 онд банкнаас 30.000.000 төгрөгийн зээл авч, байшинд засвар хийлгэсэн. Байшинг хувьчилж өгнө гэсний дагуу засварын ажил хийж, эзэмшиж ашиглаж байсан бөгөөд байшинг хувьчилж өгөх асуудлын талаар байгууллагадаа удаа дараа хүсэлтээ өгч, энэ талаар асууж лавласаар удаан хугацаанд шийдвэр гаргахыг хүлээсээр байсан боловч шийдвэрлэгдэхгүй байсаар 8 жил болсон. Ингээд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд байрлалтай 2.1 га талбайтай, 2 давхар бүхий 7 ширхэг барилга нь Орон сууц хувьчлах тухай хуульд хамаарахгүй тул танд уг сууцыг хувьчлуулах боломжгүй гэж мэдэгдсэн. Ингээд би уг амины орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгууллагын захиргаанд акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Анхнаасаа байгууллагын захиргаа дээрх үйлдэл нь холбогдох хууль, дүрэм журамд нийцэж байгаа эсэхийг сайтар судлалгүйгээр миний нийгмийн асуудлыг шийдвэрлэж байна гэж хувьчлах боломжгүй барилгыг хувьчилж өгнө гэж буруу ойлголт, итгэл найдвар төрүүлж баахан цаг хугацаа, зардал мөнгө гаргуулчхаад 8 жилийн дараа хувьчлах боломжгүй гэсэн хариу өгсөн нь маш хариуцлагагүй, ажилтан намайг эдийн засгийн болон цаг хугацаа, зардал мөнгөөр хохироосон гэж үзэж байна. Иймд Иргэний нисэхийн ерөнхий газраас уг амины орон сууцанд засвар хийсэн 21.239.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ИИИИ нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд Хөдөлмөрийн дотоод журам, Хамтын гэрээнд тусгасны дагуу орон сууцны хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ ажлын хүрээнд ИИИИ-ын даргын 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/161 дугаар тушаалаар ажилтан Б.Эд тус байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд байрлалтай 2 давхар амины орон сууцыг “Орон сууц эзэмшүүлэх гэрээ” байгуулан, амины орон сууцыг ажилтанд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, орон сууцыг хувьчлан олгох асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, ажилтан нь өөрт эзэмшүүлсэн орон сууцны харуул хамгаалалт, бүрэн бүтэн байдал болон ашиглалтын зардал, засвар үйлчилгээг бүрэн хариуцахаар харилцан тохиролцсон. Тус газар нь төрийн өмчит, төсвийн байгууллагын хувьд өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрийг баримталдаг бөгөөд дээрх хөрөнгийг Б.Эд хувьчлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн боловч ЗГХЭГ-ын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ХЭГ/373 албан бичгээр материалыг буцаасан тул түүнд энэхүү үл хөдлөх хөрөнгийг хувьчлан олгох боломжгүй. Иймд нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Эгийн нэхэмжлэлтэй, ИИИИт холбогдох, 21.239.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Эгийн “...би байгууллагадаа олон жил ажилласан тул 1998 оны 10 дугаар сард орон сууцны дэмжлэг хүссэн. Тус газрын даргын 2011.05.25-ны өдрийн Б\161 дугаар тушаалаар нэр бүхий 7 хүнд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд байрлалтай, 2.1 га талбайтай, 2 давхар бүхий 7 ширхэг амины орон сууцыг эзэмшүүлэхээр болсон. Тухайн үед уг амины сууцыг хувьчилж, шилжүүлж өгнө гэсэн тул би банкнаас 30 сая төгрөгийн зээл авч, хүн амьдрах боломжгүй байсан амины орон сууцанд засвар хийсэн. Уг эд хөрөнгийг хувьчилж өгөхгүй гээд уг орон сууцыг байгууллагаас буцаан авсан тул засвар хийлгэсэн зардал болох шинжээчийн дүгнэлтийн дагуу 21.239.300 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ИИИИ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...даргын 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/161 дугаар тушаалаар ажилтан Б.Эд тус байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд байрлалтай 2 давхар амины орон сууцыг гэрээ байгуулан эзэмшүүлсэн бөгөөд тус гэрээнд зааснаар байгууллага нь гэрээний зүйл болох амины орон сууцыг ажилтанд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, орон сууцыг хувьчлан олгох асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, ажилтан нь өөрт эзэмшүүлсэн орон сууцны харуул хамгаалалт, бүрэн бүтэн байдал болон ашиглалтын зардал, засвар үйлчилгээг бүрэн хариуцахаар харилцан тохиролцсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уг амины орон сууцыг хувьчлахгүй гэсэн. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гаргаж зохигчид мэтгэлцжээ.

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/161 дүгээр тушаалд “...Төрийн өмчийн хорооны шийдвэрээр тус газарт шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Өлзийт хороололд байрлалтай 7 ширхэг, 2 давхар барилга үл хөдлөх эд хөрөнгийг хавсралтын дагуу холбогдох ажилтнуудад эзэмшүүлсүгэй.” гэсэн, тушаалын хавсралтад “...Чингис хаан ОУБ-ын Дулаан сантехникийн албаны слесарь ажилтай Б.Эд 6 тоотын 172 м.кв талбайтай, 85.455.300 төгрөгийн үнэ бүхий 2 давхар орон сууцны барилга, тавилгын хамт эзэмшүүлэх” гэж заасан байх бөгөөд Б.Э, Иргэний нисэхийн ерөнхий газрын хооронд байгуулагдсан “Орон сууц эзэмшүүлэх гэрээ”-д “...ИИИИ нь ажилтан Б.Эд байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, Өлзийт хороололд байрлалтай 2 давхар амины орон сууцыг амьдран суух зориулалтаар үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ. Тухайн орон сууцыг эзэмшигчид хувьчлан олгох асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. Энэ нь ажилтны орон сууцны асуудлыг шийдвэрлэсэнд тооцно” гэжээ.

 

Дээрх үйл баримтаар зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 311 дүгээр зүйлийн 311.1-д “Албаны орон сууц хөлслөх гэрээ” байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

Уг гэрээний дагуу ажил олгогч ИИИИ нь Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, Өлзийт хороололд байрлалтай 2 давхар амины орон сууцыг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажилтан Б.Эд биет байдлаар хүлээлгэн өгсөн, Б.Э нь өөрийн зардлаар уг үл хөдлөх эд хөрөнгийг засаж сайжруулахад 21.239.300 төгрөг зарцуулсан, мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тухайн эд хөрөнгийг хувьчлах боломжгүй гэж шийдвэрлэж, талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ цуцлагдаж, ажилтан Б.Э нь тухайн эд хөрөнгийг ажил олгогч ИИИИт  2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн талаар зохигч маргаагүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.3, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д “...хөлслөгч нь өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлсүүлэгчээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу тухайн эд хөрөнгийг засаж сайжруулахад гарсан зардал болох 21.239.300 төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 302 дугаар зүйлийн 302.1-д  заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 21.239.300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 264.147 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 264.147 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД