Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2022/00552

 

Б.Э-А- гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02795 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э-А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч И-т холбогдох,

 21,239,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э-А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие байгууллагадаа олон жил ажилласан тул орон сууцны асуудлаа шийдвэрлүүлэхээр байгууллагын захиргаанд 1998 оны 10 дугаар сард орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл гаргасан бөгөөд захиргаанаас нэр бүхий 7 хүнд орон сууцны дэмжлэг үзүүлэхээр болж, +++ байрлалтай 2.1 га талбайтай, 2 давхар бүхий 7 ширхэг барилга буюу /амины орон сууц/-ыг тус газрын даргын 2011.05.25-ны өдрийн Б\161 дугаар тушаалаар эзэмшүүлэхээр болсон. Тухайн үеийн дарга болон Захиргаа удирдлагын газрын дарга нар төрийн өмчийн газарт хүсэлтээ явуулаад зөвшөөрмөгц та нарын нэр дээр шилжүүлж, хувьчилж өгнө гэж хэлээд түлхүүрийг өгсөн. Байшинг хүлээн авахад маш их муудаж, гадна хананы шавар нь нурсан, дээврээс нь ус гоождог, хүн амьдрахад хүнд байсан тул 2015 онд банкнаас 30,000,000 төгрөгийн зээл авч, байшинд засвар хийлгэсэн. Байшинг хувьчилж өгөх асуудлаар байгууллагадаа удаа дараа хүсэлтээ өгч, энэ талаар лавлаж, шийдвэр гаргахыг хүлээсээр байсан боловч шийдвэрлэгдэхгүй 8 жил болсон. Ингээд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас +++ байрлалтай 2.1 га талбайтай, 2 давхар бүхий 7 ширхэг барилга нь Орон сууц хувьчлах тухай хуульд хамаарахгүй тул танд уг сууцыг хувьчлуулах боломжгүй гэж мэдэгдсэн. Ингээд би уг амины орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгууллагын захиргаанд акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Анхнаасаа байгууллагын захиргаа дээрх үйлдэл нь холбогдох хууль, дүрэм журамд нийцэж байгаа эсэхийг сайтар судлалгүйгээр миний нийгмийн асуудлыг шийдвэрлэж байна гэж хувьчлах боломжгүй барилгыг хувьчилж өгнө гэсэн хүлээлт, итгэл найдвар төрүүлж цаг хугацаа, зардал мөнгө гаргуулчихаад 8 жилийн дараа хувьчлах боломжгүй гэсэн хариу өгсөн нь ажилтан намайг эдийн засгийн болон цаг хугацаа, зардал мөнгөөр хохироосон зүйл болсон. Иймд И-аас уг амины орон сууцанд засвар хийсэн 21,239,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ИНЕГ- нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд ИНЕГ-ын даргын 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/161 дугаар тушаалаар ажилтан Б.Э-Ад тус байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй +++ байрлалтай 2 давхар амины орон сууцыг “Орон сууц эзэмшүүлэх гэрээ” байгуулан, амины орон сууцыг ажилтанд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, орон сууцыг хувьчлан олгох асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, ажилтан нь өөрт эзэмшүүлсэн орон сууцны харуул хамгаалалт, бүрэн бүтэн байдал болон ашиглалтын зардал, засвар үйлчилгээг бүрэн хариуцахаар харилцан тохиролцсон. Дээрх хөрөнгийг Б.Э-Ад хувьчлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн боловч ЗГХЭГ-ын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ХЭГ/373 албан бичгээр материалыг буцаасан тул үл хөдлөх хөрөнгийг хувьчлан олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч ИНЕГ-аас 21.239.300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-Ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-Агаас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 264.147 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч И-аас улсын тэмдэгтийн хураамжид 264.147 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул давж заалдах шатны шүүх эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Э-А нь хариуцагч И-т холбогдуулан хохиролд 21,239,300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Э-Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, И-аас 21,239,300 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад буюу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийг батлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

4. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-г хариуцагч ИНЕГ-ын дарга О.М баталж, нэг талаас Б.Э-А, нөгөө талаас ИНЕГ- /итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Туяа/ нар байгуулж, нэхэмжлэгч Б.Э-А нь 21,239,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 3,239,300 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ИНЕГ- нь нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүхийн шийдвэр гармагц нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5301856306 дансанд 18,000,000 төгрөг шилжүүлэхээр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, эвлэрлийг баталгаажуулах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр 74.3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул давж заалдах шатны шүүхээс эвлэрлийг батлан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч болон хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд эвлэрсэн, уг эвлэрэл гуравдагч этгээдийн болон бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

6. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02795 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Э-А нь 21,239,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3,239,300 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ИНЕГ- нь нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, хариуцагч тал талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүхийн шийдвэр гармагц нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5301856306 дансанд 18,000,000 төгрөгийг шилжүүлэхээр эвлэрснийг баталж, нэхэмжлэгч Б.Э-Агийн нэхэмжлэлтэй, хариуцагч ИНЕГ-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ИНЕГ- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                      ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН