Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2017/0403

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр                   Дугаар                              Улаанбаатар хот

                                                       128/ШШ2017/0403 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М ХХК” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд: “М ХХК” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ”М ХХК” ХХК-иас NE-025219 дугаар өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963,61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийн талбайд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “М ХХК” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 592 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “М ХХК” ХХК-д NE-025219 дугаар өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963,61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, О.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М ХХК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...”М ХХК” ХХК нь NЕ-025219 дугаар өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг гаргасан ба Ашигт малтмалын газар (хуучин нэрээр)-ын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 тоот шийдвэрээр өргөдлийн талбайд тусгай зөвшөөрөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан.

Ийнхүү татгалзсаны дараа “М ХХК” ХХК-ийн гаргаж байсан өргөдлийн талбайтай бүхэлдээ давхцалтай ХА-018759001 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг “М ХХК” ХХК гаргасныг хүлээн авч 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 592 тоот шийдвэрийг гаргасан.

Ашигт малтмалын тухай хуульд ямар тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж болох талаар тодорхой зохицуулсан атал Ашигт малтмалын газар үндэслэлгүйгээр “М ХХК” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, ийнхүү татгалзсаны дараа “М ХХК” ХХК-ийн гаргаж байсан өргөдлийн талбайтай бүхэлдээ давхцалтай талбайд “М ХХК” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь “М ХХК” ХХК-ийи хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд “М ХХК” ХХК-ийн NЕ-025219 дугаар өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийн талбайд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын газраас “М ХХК” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 592 тоот шийдвэрийг хүчингүй болгож, “Монголиан Эгзекъютерс” ХХК-ийн NЕ-025219 дугаар өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...“М ХХК” ХХК нь Говь-алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Жавхлант нэртэй 966 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасан.

Уг өргөдөл нь NЕ-025219 өргөдлийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд материалыг кадастрын хэлтэс хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 6/1245 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан “... Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэсэн заалтын дагуу санал авахаар хүргүүлсэн.

Говь-Алтай аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээж авсан даруй Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд тус аймгийн Эрдэнэ сумын нутагт нэхэмжлэгчийн гаргасан тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан “Дэмжээгүй” хариуг 2015 оны 03 дугаар сарын 18-ны 1/476 дугаар албан бичгийг Кадастрын хэлтэс ирүүлсэн байна.

Дээрх Засаг даргын татгалзсан саналдаа Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх эсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт тус тус зааныг үндэслэн тухай сумын иргэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй гэж дурдсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дах хэсэгт заасны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргаас “Говь алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн санал, сумын иргэдийн саналыг үндэслэн дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрхи өргөдлийн талбайд эхэлж өргөдөл гаргасан этгээдэд ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, нэгэнт татгалзсан тул уг талбайд дараагийн ямар ч компани тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрх нь нээлттэй байдаг.

Энэ талбайг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 592 дугаар шийдвэрээр “М ХХК” ХХК-д ашигт малтмалын хайгуулын 18759Х тоот тусгай зөвшөөрлийг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр олгосон байна.

Иймд “М ХХК” ХХК-ний NE-025219 дугаар өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963,61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлээ:

“...”М” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “М ХХК” ХХК нь тухайн маргаж байгаа газарт тусгай зөвшөөрөл авахын тулд хуульд заасан журмын дагуу удаа дараа өргөдөл гомдол гаргасан.

Нэхэмжлэгч компани анх өргөдөл гаргаад хариугаа авахгүй орхиж хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа алдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“М ХХК” ХХК-ийн удирдлага анх Говь-Алтай амйгийн иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын зүгээс татгалзсан хариуг авмагц нутгийн иргэдтэй биечлэн уулзаж тухайн газарт хайгуул хийж улмаар ашигт малтмал олборлоход ямар үр дүнд хүрч болох талаар ярилцаж ойлгуулж чадсан.

Ингэж ажил зохиох талаар хуульд хориглосон ямар нэгэн заалт байхгүй. Нэхэмжлэгч нэг өргөдөл гаргаад хариуг нь ч авахгүй орхисны дараа гэнэт гомдол гаргасан байдаг. Гэтэл энэ хугацаанд ашигт малтмалын газарт ирж өөр өргөдөл гомдлын хариуг  авсан байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “”М ХХК” ХХК-иас NE-025219 дугаар өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963,61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийн талбайд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “М ХХК” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 592 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “М ХХК” ХХК-д NE-025219 дугаар өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963,61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” шаардлага гаргажээ.

            Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Говь-Алтай аймгийн Засаг даргын санал хуульд нийцэж байгаа эсэхийг Ашигт малтмалын газар хянах ёстой...хуулиар заавал даган биелүүлэх үүрэг хүлээгээгүй...” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “Говь-Алтай аймгийн Засаг даргаас “дэмжихгүй” гэсэн хариу ирсэн тул нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, гуравдагч этгээд “М ХХК” ХХК-д дэмжсэн хариу холбогдох нотлох баримтын хамт ирсэн тул тусгай зөвшөөрөл олгосон нь хуульд нийцсэн...” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

            Нэхэмжлэгч компаниас 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандаж Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Жавхлант нэртэй 966 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч NE-025219 дугаар өргөдөл гаргасан, хариуцагч уг өргөдлийг хянаад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулан хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ нөөцөд авсан... талбайтай давхцаагүй гэх үндэслэлээр тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 6/1245 тоот албан бичгийг хүргүүлжээ.

            Говь-Алтай аймгийн Засаг дарга дээрхи албан бичгийн хариуд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 60 дугаар албан бичгээр “дэмжихгүй” гэж хариу өгсөн, уг саналыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг баримтлан Кадастрын хэлтсийн даргаас “М ХХК” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 378 дугаар шийдвэрийг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байна.

            Үүний дараа буюу 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “М ХХК” ХХК-иас Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Дөрвөлжин нэртэй /Жавхлант нэртэй талбайтай бүхэлдээ давхцалтай/ 963 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг холбогдох баримтын хамт ирүүлснийг хариуцагч захиргааны байгууллага хянаад мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулан тухайн талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй гэх үндэслэлээр  тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж Говь-Алтай аймгийн засаг даргын саналыг авахаар 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 6/3848 дугаар албан бичиг хүргүүлсэн байна.

            Уг албан бичгийн хариуд Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 191 дугаар бүхий “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-аар “”М ХХК” ХХК-д...тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй” гэсэн хариу өгсөн атлаа үүнээс 28 хоногийн дараа буюу 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 247 дугаар бүхий  саналаар “М ХХК” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжсэн” хариу өгчээ.

            Ийнхүү Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 247 дугаар бүхий  саналаар М ХХК ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжсэн” хариу өгснийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 592 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасныг баримтлан NE-025930 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Дөрвөлжин нэртэй 963,61 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “М ХХК” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар аймаг нийслэлийн засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, мөн хуулийн 19.4-т “аймаг нийслэлийн засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэснээс үзвэл хариуцагч Ашигт малтмалын газраас Говь-Алтай аймгийн засаг даргад санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн нь дээрхи хуулийн заалтад нийцжээ.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум дүүргийн Хурлын саналыг авч Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” гэж  аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын даргын, 30 дугаар зүйлийн 30.1.13-т “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэж аймаг нийслэлийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг тодорхойлсон хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг нийслэлийн засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж зааснаас үзвэл тусгай зөвшөөрлийн талаар Аймгийн засаг даргын татгалзсан болон дэмжсэн санал нь тухайн нутгийн захиргааны байгууллагын шийдвэр болон хуульд үндэслэсэн байх шаардлагыг тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан зохицуулалт нь Аймаг нийслэлийн засаг дарга хуульд заагаагүй үндэслэлээр “татгалзах”-ыг хориглосон агуулгатай тул хууль зүйн үндэслэлгүй татгалзсан Засаг даргын санал нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэрийн үндэслэл болохгүй.

Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг дарга “М ХХК” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 60 дугаар албан бичигт Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нарантуяагийн гарын үсэг бүхий 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “санал” болон Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тэмдэглэлийг хавсаргаж ирүүлсэн байх ба “...нэр бүхий талбай нь түүхийн болон одоо үеийн өвөг дээдсийн булш бунхан бүхий газрууд учраас эдгээр 37 талбайд тусгай зөвшөөрөл өгөх боломжгүй гэсэн нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах хуульд заасан үндэслэл биш юм.

 Түүнчлэн Говь-Алтай аймгийн Засаг даргаас “М ХХК” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжих” тухай 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 247 дугаар албан бичигт хавсаргасан боловч тус компанид тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр саналыг хариуцагчаас шаардсаны дагуу ирүүлээгүй болно. 

Говь-Алтай аймгийн засаг даргаас 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 191 дугаар бүхий саналаар “М ХХК” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй тухай” саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байхад хариуцагчаас “М ХХК” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хугацаанд нь шийдвэрлээгүй атлаа татгалзсан хариу ирсний дараа 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргаас ирүүлсэн  247 дугаар бүхий “М ХХК” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжсэн тухай” санал нь Нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн болон Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэргүй, хуульд үндэслээгүй байхад зөвхөн Засаг даргын өөрийнх нь дангаараа гаргасан энэхүү “санал”-ыг үндэслэн “М ХХК” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрхи шаардлагыг зөрчсөн байна.

Хариуцагч энэхүү хууль бус үйлдлийнхээ талаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт хандаж “...тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгож болох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолын хуулбарыг ирүүлэх,...тогтоол байхгүй тохиолдолд...хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэх үндэслэлтэйг анхаарна уу” гэсэн 6/6299 тоот албан бичиг хүргүүлсэн,  уг албан бичгийн хариуд Говь-Алтай аймгийн засаг даргаас ямар нэгэн баримт нэмж ирүүлээгүй байжээ.

Үүнээс үзвэл хариуцагч Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс нь нэхэмжлэгч “М ХХК” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэл арилаагүй, тухайн талбайд давхцуулан өргөдөл гаргасан “М ХХК” ХХК-д Говь-Алтай аймгийн засаг даргаас тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг үндэслэн шийдвэр гаргаагүй атлаа Говь-Алтай аймгийн засаг даргын өөрийнх нь дангаараа шийдвэрлэсэн “дэмжсэн” хариуг үндэслэн “М ХХК” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдэл нь бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох “...шударга ёсыг хангах, хууль дээдлэх” зарчимд нийцээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Иимд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т заасныг тус тус баримтлан “М ХХК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэр,  2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 592 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “М” ХХК-ийн NЕ-025219 дугаар өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн  даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Н.Д