Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0662

 

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар0221/МА2017/0662

Улаанбаатар хот

“М-Э” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/403 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М, гуравдагч этгээд “М” ХХК-ийн захирал Б.А нарын гаргасан давж заалдах гомдлоор “М-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “М-Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“М-Э” ХХК-иас NE-025219 дугаар өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийн талбайд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “М” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 592 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “М-Э” ХХК-д NE-025219 дугаар өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/403 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т заасныг тус тус баримтлан “М-Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэр, 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 592 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “М-Э” ХХК-ийн NE-025219 дугаар өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн захирал Б.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт бүрийг үнэлж дүгнээгүй, нэг талыг барьсан төдийгүй гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу шүүхээс үзлэг хийж бүрдүүлсэн “Нэхэмжлэгч тал захиргааны байгууллагын шийдвэрт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа алдсныг нотолсон баримт”-д дүгнэлт хийлгүй орхисон.

1.Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргана” гэжээ. Энэ хуульд “санал дэмжигдсэн” бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж тодорхой нөхцөл шаардсан бөгөөд санал нь дэмжигдээгүй байсан ч тухайн этгээдэд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болно гэсэн заалт байхгүй.

Гэтэл шүүхээс “М-Э” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж байгаа нь хуулийн энэхүү заалтыг зөрчсөн. Энэ компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсэн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тэмдэглэл хэрэгт авагдсан.

Ашигт малтмалын тухай хуульд аймаг, нийслэлийн Засаг даргын эрх, үүргийг хуульчилж өгсөн тул “М-Э” ХХК-д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хайгуулын зөвшөөрөл олгохгүй шийдвэрлэсэн нь эрх зүйн хүрээнд үүссэн үндэслэл бүхий харилцаа юм. Энэ шийдвэрийг үндэслэл болгон Говь-Алтай аймгийн Засаг даргын “М-Э” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэж өгсөн санал нь үндэслэлтэй. Учир нь аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрээ гаргасан байна.

2.Нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газарт гаргасны дараа татгалзсан тухай хариуг мэдэгдэж, албан бичгийг авахыг мэдэгдсээр байтал ирж аваагүй, шуудангаар явуулахад буцаасан нь нэхэмжлэгч Ашигт малтмалын газрын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрт холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа алдсан болохыг дараах байдлаар нотолж байна.

“М-Э” ХХК-ийн удирдлагад хариугаа авахыг нийт 3 удаа мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан. “М-Э” ХХК-ийн удирдлага 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд Ашигт малтмалын газрын эрх бүхий албан тушаалтнуудтай ажил хэргийн байнгын харилцаатай, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 5, 6 дугаар сард багтаан хүлээн авч, мөнгө төлсөн баримтуудаа өгч байсан баримтууд нь хэрэгт авагдсан.

“М-Э” ХХК-ийн удирдлага хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу бүхий албан бичгийн талаар мэдсэн атал аваагүй төдийгүй, шуудангаар очсон албан бичгийг санаатайгаар буцаасан. Хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гарсан тухай мэдэгдэхэд нэн даруй ирж, зохих төлбөрөө төлөөд, гэрчилгээгээ хүлээн авдаг ба тус компанийн Ашигт малтмалын газрын эрх бүхий ажилтантай харилцдаг нэг хүн байгаа нь гарын үсгийг н.М гэж зурснаас харагдаж байна.

Аливаа этгээд захиргааны байгууллагад хүсэлт гаргаад, зохих журмын дагуу хариу өгөхгүй бол уг эс үйлдэхүйн талаар шүүхэд хандах эрх нь нээлттэй байдаг. Гэтэл өргөдлийнхөө хариуг шаардахгүй 3 сар болсон, гарсан хариуг мэдэгдэхэд ирж авахгүй 3 сар болсон, албан бичгийг санаатайгаар буцаасан зэрэг нь нэхэмжлэгчийн санаатай үйлдлийг шууд нотолж байна. Ашигт малтмалын тухай хуулийг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 5 дахь хэсэгт “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.3, 19.2.4, 19.3, 19.7, 20 дугаар зүйлийн 20.2, 22 дугаар зүйлийн 22.4, 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.4, 26.4-т заасан “бичгээр мэдэгдэх” гэж төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргасан этгээдэд гардуулсан буюу хүргүүлснийг хэлнэ” гэж заасан бөгөөд Ашигт малтмалын газар хуульд заасан хугацаанд хариуг мэдэгдэж, шуудангаар хүргүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцнэ. “М-Э” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу “М” ХХК-д олгосон 592 дугаартай 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь хууль зөрчиж байна.

“М” ХХК-ийн удирдлага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай зарыг интернетээр олж мэдээд, өргөдөл гаргасан бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас манайд тусгай зөвшөөрөл олгох саналыг “дэмжсэн санал” ирүүлсэн. Үүнийг үндэслэж Говь-Алтай аймгийн Засаг дарга дэмжсэн хариу өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа. Шүүхийн шийдвэрээс дүгнэвэл “М-Э” ХХК-ийн тухайд дэмжсэн санал гаргах албадлагын шинжтэй үйлдэл хийх нөхцөл буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрээ дахин өөрчлөх, улмаар Говь-Алтай аймгийн Засаг дарга дүр үзүүлэн дэмжсэн санал гаргах болоод байна.

Нэхэмжлэгч захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн бүх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрт “...хариуцагчийн 2015 оны 592 дугаартай шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Засаг даргын дэмжихгүй санал ирсэн тул хайгуулын тусгай зөвшөөрлийг “М-Э” ХХК-д олгохоос татгалзсан боловч Засаг даргын “хууль зүйн үндэслэлгүй” дэмжээгүй саналыг үндэслэж гарсан шийдвэр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

“М-Э” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Жавхлант нэртэй 966 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Дээрх байдал тогтоогдож мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т “Хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгч этгээдэд мэдэгдэж, 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлэхэд түүнээс хариу дэмжихгүй саналыг ирүүлсэн тул хуулийн 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэн “М-Э” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан дээрх 2015 оны 592 дугаартай шийдвэр гарсан.

Аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-т “Газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд санал өгөх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон эрхтэй.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх” гэж заасны дагуу тухайн нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд санал авахад тухайн сумын иргэд дэмжихгүй саналыг гаргасныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргад уламжилсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй” гэж заасан байх тул иргэдийн саналыг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байж болно. Тиймээс Кадастрын хэлтсийн дарга нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй аймгийн Засаг даргын саналд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх эрхийг Ашигт малтмалын тухай хуулиар олгоогүй тул мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 592 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Жавхлант нэртэй 966 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “М-Э” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэрт “...хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгч “М-Э” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэл арилаагүй, тухайн талбайд давхардуулан өргөдөл гаргасан “М” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдэл бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан “...шударга ёсыг хангах, хууль дээдлэх” зарчимд нийцээгүй байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан байдаг бөгөөд тухайн талбайд эхэлж гаргасан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “М-Э” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэр гарсны дараа тухайн талбайд дахин өөр өргөдөл авахгүй байхыг хуулиар хязгаарлаагүй.

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 6/3848 дугаар албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуд Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 247 дугаар бүхий саналаар “МОЗТ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжсэн” саналыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 592 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 18759X дугаартай тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д олгосон нь үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/403 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагчийн болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй, харин шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16-д тус тус заасан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхдээ уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан аймгийн Засаг даргын саналын үндэслэл, шалтгааныг нягталж шалгасны үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх эрхтэй нээлттэй, энэ талаар Улсын Дээд шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 279 дүгээр тогтоолд тодорхой дүгнэсэн бөгөөд “М-Э” ХХК-ийн өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэр нь зөвхөн аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн хариуг үндэслэж гарсан байдаг.

Дээрх талбайд түүхийн болон одоо үеийн өвөг дээдсийн булш бунхан байдагтай холбоотойгоор дэмжихгүй гэсэн санал гаргасан байхад хариуцагчаас маргаан бүхий актыг гаргаснаас хойш 3 хоногийн дараа буюу 18-ны өдөр гуравдагч этгээд “М” ХХК-иас ирүүлсэн өргөдлийн дагуу дахин аймгаас санал авахаар хүргүүлж, улмаар 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 247 дугаар “дэмжсэн” саналыг үндэслэн тус компанид уг газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө зохих журмын дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх эрх, цаашлаад тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу эзэмших эрх нь зөрчигдсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Тухайн талбай нь нэгэнт л түүхийн дурсгалт газар, эртний булш бунхан байх тохиолдолд түүнд ямар хуулийн этгээд хүсэлт гаргаснаас үл хамааран орон нутгаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч байх учиртай атал Засаг даргаас нэхэмжлэгчийн өргөдөлд “дэмжихгүй” гэсэн хариу өгч байсан атлаа гуравдагч этгээдийн өргөдөлд дээр дурдсан “дэмжсэн” хариуг өгсөн, гэхдээ гуравдагч этгээдэд үүнээс өмнө мөн л “дэмжихгүй” хариуг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 191 дүгээр албан бичгээр өгч байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэлд хамаарах нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл “...аймгийн Засаг даргын саналд үндэслэсэн...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Гэхдээ анхан шатны шүүхээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид шууд даалгах бус харин нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоогүй, мөн энэхүү хэрэгт хамаарал бүхий Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх, 11.1.16 буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх тухай заалтыг баримтлаагүй байна.

2.“М” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 592 дугаар шийдвэрийн үндэслэл болгосон аймгийн Засаг даргын “дэмжсэн” гэх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан журамд нийцээгүй, энэ талаар анхан шатны шүүхээс хангалттай дүгнэсэн, түүнчлэн хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө шийдвэрлүүлэх эрх зөрчигдөж буй энэ тохиолдолд дээрх шийдвэрийг мөн адил хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэх, цаашлаад шүүхийн шийдвэр биелэгдэх бодит боломж бүрдэнэ.

Үндсэндээ нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэргүйгээр төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал авах тухай мэдэгдэлд бие даан хариу өгөх эрх Ашигт малтмалын тухай болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн Засаг даргад олгогдоогүй, мөн дэмжсэн эсэх тухай санал нь зөвхөн Хурлын шийдвэрт үндэслэгдэх учиртайг “М-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 314 дүгээр тогтоолд тодорхой дүгнэжээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6/3699 дүгээр мэдэгдэл “М-Э” ХХК-д хүргэгдээгүй 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр буцаж ирсэн, улмаар тус компанийн геологич Н.М 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан болох нь Ашигт малтмалын газрын Баримт бичиг хүлээлцэх дэвтэрт тусгагдсанаар тогтоогдсон талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 135 дугаар магадлалд дүгнэсэн, мөн нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гол үндэслэл болох аймгийн Засаг даргын саналыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 314 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэний дараа нэхэмжлэл гаргасан зэргээс үзэхэд “М-Э” ХХК-ийг давж заалдах гомдолд дурдсанчилан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/403 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378, мөн оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 592 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “М-Э” ХХК-ийн өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М, гуравдагч этгээд “М” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН