Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2021/00847

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ТБ” ХХК-д холбогдох,

Мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 153 898 270 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Оргил, хариуцагчийн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг, Ж.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн дарга М.Дагдансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.М-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргилоос гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч О.М  нь Төрийн банкинд 2016.09.05-ны өдөр ... тоот хугацаатай төгрөгийн, 2017.09.01-нд ... тоот ам.долларын, ... тоот хугацаагүй төгрөгийн хадгаламжийн данснуудыг нээлгэсэн. 2016.09.18-нд ... тоот данснаас 76 000 000 төгрөг,103300624629 тоот данснаас 1 500 ам.долларыг, 2017.10.30-нд ... тоот данснаас 73 740 000 төгрөгийг тус тус өөр данс руу шилжүүлсэн байдаг. О.М нь Энэтхэг улсад шашны сургуульд суралцан, ажиллаж, амьдарч байгаа бөгөөд 2019.01.22-ны өдөр Монгол Улсад ирж, тус банкинд хандан 2019.02.20-ны өдөр гомдол гаргасан боловч 2019.03.01-ний өдрийн 14/1209 тоотоор Харилцагч таны дансны гүйлгээг шалгахад Төрийн банкны Тээврийн товчоо тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Ч.А-тэй холбоотой байна. Ч.А  нь ашиглангийн үйлдлээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа учир таны гомдлыг хууль, хяналтын байгууллагын холбогдох шийдвэр гарах хүртэлх хугацаанд шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Монгол банкинд 2019.05.03-ны өдөр гомдол гаргасны дагуу, тус банкнаас Төрийн банкинд 2019.06.03-ны өдрийн Б-6/668 тоот албан бичгээр ...Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2.-тхадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх, 7.2.3.-т гэрээнд заасан нөхцлийн дагуу хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх, 7.2.5.-д хадгалуулагчийн дансны нууцыг хадгалах , 7.2.6.-д өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээ биелүүлж иргэн О.Мангалыг хохиролгүй болгох арга хэмжээ авахыг даалгасан. Гэвч Төрийн банкнаас уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. О.Мангал нь өөрийн данснаас гүйлгээ хийх зөвшөөрлийг хэн нэгэнд олгосон ямар нэг баримтад гарын үсэг зураагүй, тухайн гүйлгээг хийх цаг хугацаанд Монгол Улсад байгаагүй нь Хил хамгаалах ерөнхий газрын 2019.05.01-ний өдрийн 2-5а/6009 тоот лавлагаагаар нотлогддог. Хариуцагч нь гарын үсэг нь тохирч байна, О.Мангал болон Ч.Ариунгэрэл нар нь санхүүгийн харилцаатай байсан нь нотлогдсон гэж гүжирдэж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, шийдвэрлэж өгөхгүй татгалзаж байгаа нь илт үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд иргэн О.Мангал нь Төрийн банкинд холбогдуулан мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 153 898 270 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнийг задалж хэлбэл, 103300624629 тоот гэрээний дагуу 1 060 ам.доллар буюу Монгол банкны ханш 2 772.18 төгрөгөөр тооцож 2 938 510 төгрөгийг, 103300591874 дугаартай гэрэээний үүрэгт 2016.09.05-ны өдрөөс 2018.09.15-ны өдрийг хүртэлх хадгаламжийн хүүд 13 941 532 төгрөг, 2018.10.05-ны өдрөөс 2020.05.15-ны өдрийг хүртэлх хугацааны хүүд 12 715 260 төгрөг тооцсон, эдгээр хүүнээс албан татварын дагуу 10 хувиар татвар суутгаж, хадгаламжийн дүн болох 49 540 000 төгрөгийг нэмж нийт 73 848 852 төгрөгийг нэхэмжилж байна. Харин нэхэмжлэгч нь 103300624632 тоот дансны хадгаламж болох 73 740 000 төгрөгийн шаардлагаа одоо шийдвэрлүүлэхгүйгээр нэмэлт нотлох баримт бүрдүүлж тусад нь шийдвэрлүүлэхээр хуульд заасан эрхийн дагуу татан авч байна, энэ тухай хүсэлтийг хэрэгт өгсөн. Нэхэмжлэлээс үлдсэн зөрүү болох 3 370 914 төгрөгийг татгалзаж байна. Бид 103300624629 тоот гэрээний хувьд гэрээний хугацаа дууссанаар хүүг тооцсон, дансны хуулгыг үндэслэж тооцсон. Түүнээс хойш 2018.09.18-нд ямар нэгэн зээл аваагүй байхад зээл хаасан гэж 1 500 ам.долларыг данснаас авсан байдаг. О.Мангал ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй байсан.103300591874 дугаартай гэрэээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч О.Мангал гэрээг 2021 оны 09 сар хүртэл хугацаагаар сунгуулахаар хүсэлтээ банкинд гаргаж өгсөн. Энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй байсан бөгөөд шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд банк дээрх хүсэлтийг хүлээн авч энэхүү гэрээг дахин 1 жилээр сунасан 2017.10.20-ны өдрийн гэрээг шүүхэд гарган өгсөн. Бид энэ гэрээгээр хадгаламжийн хүүг жилд 15,40 хувиар тооцож байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ дансны хуулгаар 2016.09.05-ны өдрөөс 2018.09.16-ны өдрийг хүртэл гэрээ үргэлжилсэн гэж үзэж байна. Мөн энэ хугацаанаас хойш ч гэрээ сунгагдсанд тооцох үндэслэлтэй. Хариуцагч банк энэ гэрээгээ зөвхөн 2018.09.16-ны өдрийг хүртэл сунгасан гэдэг талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй, сунгасан гэрээг шүүхэд гаргаж өгснөөр л нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авсан гэж мэдсэн. Тийм учраас энэ гэрээ 2021 он хүртэл сунгагдсан гэж үзэж байна. Уг дансны хүүгийн хэмжээг дансны хуулгаар тооцож, татвар тооцож хассан байгаа. Хариуцагчийн тооцсон тооцоололтой тохирч байгаа учир хариуцагчаас гаргасан хүү, татварын тооцооллын 2018.09.16-ныг хүртлэх тооцоолыг бид зөвшөөрч маргаагүй байна. Харин 2018.09.16-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2020.05.15-ны өдрийг хүртэл 20 сар байдаг, энэ хугацааны хадгаламжийн үлдэгдлийг 49 540 000 төгрөгөөр тооцсон. Үүнээсээ хадгаламжийн хүүг бодсон. О.Мангал хадгаламжийн 30 297 000 төгрөг дээрөөрийн ойр дотны хүмүүсээс орлогодсон мөнгийг буюу 2016.09.05-нд 543 000 төгрөг, 2016.09.24-нд 100 000 төгрөг, 2016.12.08-нд 100 000 төгрөг, 2017.09.01-нд 4 000 000 төгрөг, 2017.09.04-нд 2 500 000 төгрөг, 2017.09.04-нд 3 500 000 төгрөг, 2017.12.28-нд 8 500 000 төгрөгийг нэмж 49 540 000 төгрөг болсон. Үүнээс өөрөөр О.Мангалын мэдээгүй орлогодсон орлогыг хадгаламжийн дүнд оруулахгүйгээр тооцсон. Иймд мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт нийт 76 787 363 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг, Ц.Эрдэмбилэг нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаануудад гаргаж байсан тайлбаруудаа дэмжиж байна.Нэхэмжлэгч О.Мангалын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хадгаламжийн гэрээтэй холбоотойгоор Төрийн банк ХХК-ийн Тээврийн товчоо тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Ариунгэрэл нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 05 дугаар сараас 2018.10.19-ний өдрийг хүртэлх хугацаанд банкинд мөнгөө хадгалуулсан 28 иргэний нэр дээрх хадгаламжийг барьцаалан зээл авч, 33 иргэний нэр дээр зээлийн эрхтэй картыг гарган Төрийн банк ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан, одоо Авлигатай тэмцэх газарт шилжин шалгагдаж байгаа, энэ талаарх албан бичгийг хэрэгт өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа төгрөгийн данс болох 103300591874 тоот данс, ам.долларын 103300594629 тоот данснуудын гүйлгээг харвал, хамгийн сүүлийн байдлаар 2012.09.18-ны өдрийн 76 000 000 төгрөгийн гүйлгээ, 1 500 ам.долларын гүйлгээн дээр маргаантай байдаг. Эдгээр маргаантай байгаа гүйлгээнүүд дээрх гарын үсэг зарлагын баримтуудад нэхэмжлэгчийн өөрийнх нь гарын үсэг байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч Монгол Улсад байгаагүй боловч нэхэмжлэгч тухайн баримтууд дээр өөрөө гарын үсэг зурсан гэдгийг зөвшөөрдөг. Нэхэмжлэгч нь Ч.Ариунгэрэлтэй санхүүгийн харилцаанд орж, тухайн зарлагын гүйлгээ хийх боломжийг өөрөө олгож, гарын үсэг зурсны үндсэн дээр данснуудаас мөнгө гарсан гэж үздэг. Иймд эрүүгийн хэрэг шалгагдаж байна.

Нэхэмжлэгч О.Мангал өөрөө Энэтхэг улсад байгаа учраас хохирогчоор тогтоогдож тухайн эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаанд оролцох боломжгүй байгаа юм. Хадгаламж барьцаалсан зээлээс бусад мөнгөн орлого маань байхгүй байна гэдэг тайлбарыг нэхэмжлэгч тал хэлдэг. Гэтэл хадгаламж барьцаалсан зээл орсон байна уу, өөр мөнгө орсон байна уу гэдгээс үл хамаараад хэрвээ тухайн мөнгөнүүд байхгүй болсон бол гүйлгээ хийгдэж, гарсан байх ёстой. 103300591874 тоот данс 2018.09.16-ны өдрийн байдлаар 62 940 784 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2018.09.18-ны өдөр 3 удаагийн орлого орсон байдаг. Тухайн өдөртөө 3 удаагийн зарлага гарсан байдаг. Энэ нь хадгаламж барьцаалсан зээл хаасан 2 гүйлгээ, нэхэмжлэгчийн өөрийнх нь  хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан 76 000 000 төгрөгийн 1 гүйлгээ байдаг. Эдгээр гүйлгээний дараа дансны үлдэгдэл 5 694 000 төгрөг болсон байдаг. Нэхэмжлэгч эдгээр мөнгөн дүнгүүдийг өөрөө хүлээн зөвшөөрч байсан бөгөөд мэдэх бүрэн боломжтой байсан. Долларын дансны хувьд мөн ялгаагүй анх хадгаламж нээх үедээ 1 000 ам.долларын хадгаламж хийсэн бөгөөд үүний дараа долларын хадгаламж барьцаалсан зээл авсан. Энэ нь 1 351 ам.доллар болсон, эдгээр нь нэмэгдээд 2 411 ам.доллар байснаас хадгаламж барьцаалсан зээл хаав гэсэн утгатай гүйлгээ гарч, данс руу 883 ам.доллар орсон. Эндээс 1 527 ам.долларын үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэ үлдэгдлээс 1 500 ам.долларыг мөн нэхэмжлэгчийн өөрийнх  нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан баримтаар гарсан, нэхэмжлэгч өөрөө эдгээр гүйлгээнүүдийг хүлээн зөвшөөрч хийсэн, энэ мөнгөнүүд нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, өөрт нь олдохгүй болсны дараа Төрийн банк ХХК-иас нэхэмжилж байгаа нь өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал болно.

Данснуудын гүйлгээг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, хадгаламж барьцаалсан зээлийнх нь данс руу өөрийнх нь нэр дээр байсан хадгаламж барьцаалсан зээлийн төлөлт гэж тухайн мөнгө гарсныг өөрөө гарын үсэг зурж хүлээн зөвшөөрч, өөрийн ухамсраар гүйлгээ хийсэн. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нэхэмжлэгчээс тодруулаад нэхэмжлэгчийн гарын үсэг мөн гэж хэлсэн. Өөрөө хадгаламжийн гэрээгээ сунгуулах явцдаа гарын үсгээ зурж үлдээсэн байдаг. Гэрч Ч.Ариунгэрэл нь 30 000 ам.долларыг О.Мангал нь хүнээр өгч явуулан хадгаламжид хийчих гэсний дагуу хийсэн гэж хэлдэг. О.Мангалын гарын үсэгтэй 2 ширхэг баримт байдаг, үүнд нэхэмжлэгч маргадаггүй. Нэхэмжлэгч болон гэрч Ч.Ариунгэрэл нар санхүүгийн хувьд хоорондоо хамааралтай болох нь харагддаг. Нэхэмжлэгч үүнтэй холбоотой 73 740 000 төгрөгийн нэхэмжлэлийн хэсгийг татан авсан. Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн Ч.Ариунгэрэлтэй холбоотой нэр бүхий харилцагч нарын дунд 60 дугаарт нь О.Мангалын нэр байдаг. Төрийн банк ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2013.11.29-ний өдрийн А/398 тоот тушаалаар баталсан Төрийн банкны теллерийн системийн багц журам, 2016.11.16-ны өдрийн А/365 тоот тушаалаар шинэчлэн баталсан Депозит бүтээгдэхүүний журам-д зааснаар хадгаламж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний данснаас ямар ч гүйлгээ хийгдэх ёсгүй. Эрүүгийн шинжтэй үйлдлүүдтэй холбоотой гарсан зарлагууд байдаг. Манай банкны буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн хадгаламжийн мөнгө зарлагаар гараагүй, эрүүгийн гэмт хэрэг шалгагдаж байгаа учраас манай банк нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй. О.Мангалын гаргасан 2017.09.01-ний өдрийн гэрээг сунгах тухай хүсэлтийг хүлээн авч хадгаламжийн гэрээг 2018.09.16-ны өдрийг хүртэл 1 жилээр сунгаж 2017.10.20-ны өдөр 103300591874 тоот Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ болон дансны нэмэлт үйлчилгээ авах тухай гэрээг байгуулсан байдаг. Бид 103300591874 тоот хадгаламжийн дансны хадгаламжийн хэмжээ, тооцогдох хүү, албан татварыг банкны программын дагуу мэргэжлийн ажилтнаар тооцуулж, шүүгчийн захирамжид заасны дагуу баримтыг гаргаж өгсөн. Тооцооны хувьд бид яриагүй. Нэхэмжлэгчийн 3 дансны гүйлгээнүүд эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа Ч.Ариунгэрэлийн 103300582113 гэсэн данстай харьцсан байдаг. 2017.09.09-ний өдөр 30 480 000 төгрөгийг 103300582113 гэсэн дансанд шилжүүлсэн, нэхэмжлэгчийн гарын үсэгтэй 2 зарлагын баримтаар 2 удаа зарлага гарсан гүйлгээ байдаг. Ийм байдлаас нэхэмжлэгч нь Ч.Ариунгэрэл нартай санхүүгийн хамааралтай, эрүүгийн хэрэгт дээрх данснуудын гүйлгээг шалгаж, О.Мангалыг гэрчээр асууж тодруулсны эцэст хамт шалгагдах эсэх нь тодорхой болно. Одоо Монгол Улсад байхгүй учраас холбогдох ажиллагаа явагдахгүй байгаа тухай Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсан байна. 2018.09.16-ны өдрөөс хойш хадгаламжийн гэрээ сунгагдаагүй учир энэ хугацааны хүү нь 15,40 хувиар тооцогдохгүй, гэрээнд заасны дагуу нийтэд зарласан хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцогдох ёстой. Манай банкны хууль зөрчсөн буруу үйлдэл, үйл ажиллагаа байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлтэй холбоотой эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Мангал нь хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан, талуудын хоорондох мөнгөн хадгаламжийн 3 гэрээний үүрэгт нийт 153 898 270 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулсан 103300624632 тоот Харилцах болон мөнгөн хадгаламжийн гэрээ-ний дагуу шаардсан 73 740 000 төгрөгийн шаардлагыг дараа шийдвэрлүүлэхээр татан авах хүсэлт гаргаж, 3 370 918 төгрөгийн шаардлагаас татгалзаж, нийт 76 787 352 төгрөгийг хариуцагчаас шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Хариуцагч Төрийн банк ХХК нь дээрх 76 787 352 төгрөгийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, О.Мангал нь тухайн үедТөрийн банк ХХК-ийн Тээврийн товчоо салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Ч.Ариунгэрэлтэй санхүүгийн харилцаанд орсон, гэрч Ч.Ариунгэрэл нар санхүүгийн хувьд хоорондоо хамааралтай, О.Мангал нь 2 ширхэг хоосон зарлагын баримтад өөрөө гарын үсэг зурсан, түүнийгээ хүлээн зөвшөөрдөг, энэ 2 баримтын дагуу2012.09.18-ны өдрийн 76 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээ, 2018.09.18-ны өдрийн 1 500 ам.долларын зарлагын гүйлгээнд өөрөө маргасан. Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн албан бичгээр Ч.Ариунгэрэлтэй холбоотой шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт нэр бүхий харилцагч нарын нэрс дунд 60 дугаарт нь О.Мангал байдаг, мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албан бичигт 103300591874 тоот дансны гүйлгээтэй холбогдуулан О.Мангалаас гэрчээр мэдүүлэг авах шаардлагатай байгаа боловч О.Мангал нь Монгол улсын хилээр гарсан байна гэсэн. Дүрэм, журмаар бол хадгаламж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний данснаас ямарч гүйлгээ хийгдэх ёсгүй. Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдтэй холбоотой гарсан зарлагууд байдаг. Иймд манай банкны буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн хадгаламжийн мөнгө зарлагаар гараагүй, эрүүгийн гэмт хэрэг шалгагдаж байгаа учраас манай банк нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй. Ч.Ариунгэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэгдсэний дараа энэ нэхэмжлэл шийдвэрлэгдэх үндэслэлтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч О.Мангал нь хариуцагч Төрийн банк ХХК-тай 2016.09.05-ны өдөр 30 840 000 төгрөгийг жилд 15,60 хувийн хүүтэй, 2017.09.19-ний өдрийг хүртэл хугацаатай хадгалуулахаар тохиролцон хадгаламжийн103300591874 тоот төгрөгийн данс нээлгэсэн, 2017.09.01-ны өдөр 1 000 ам.долларыг жилд 6,41 хувийн хүүтэйгээр, 2018.09.06-ны өдрийг хүртэл хугацаатай хадгалуулахаар тохиролцон хадгаламжийн 103300624629 тоот валютын данс нээлгэсэн, 2017.09.01-ны өдөр нэхэмжлэгч нь хугацаагүй хадгаламжийн заавал байх үлдэгдлийн доод хэмжээ нь 5 000 төгрөг, жилийн хүү нь 0-3 000 000 төгрөгт 6 хувь, 3 000 001 төгрөгөөс дээш бол 7,2 хувийн хүүтэй байхаар, Төрийн банкинд харилцах эсхүл хугацаагүй хадгаламжийн данс эзэмших, түүнд мөнгө хөрөнгө тодорхой нөхцөлтэйгөөр байршуулах, тус банкаар төлбөр тооцоогоо хийлгэх, үйлчлүүлэх зорилгоор 103300624632 тоот төгрөгийн данс нээлгэсэн болох нь зохигчдын тайлбар, 2016.09.05-ны өдрийн 103300591874 дугаар, 2017.09.01-ний өдрийн 103300624629 дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, 2017.09.01-ний өдрийн 103300624632 дугаартай Харилцах болон хугацаагүй мөнгөн хадгаламжийн гэрээ, дээрх дансдын хуулга, /1-р хх-ийн 132-133, 135-136, 137, 151-153/ кассын орлогын баримт /2-р хх-ийн 54/ зэрэг баримтуудаар нотлогджээ.

Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллаганы тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь хадгалуулагчийн мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ гэсэн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан, уг гэрээнүүд нь 454 дугаар зүйлийн 454.3.-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

2.Зохигчид дээрх Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-нүүдийн дагуу буюу 2016.09.05-ны өдрийн 103300591874 дугаартай гэрээний хувьд 2016.09.05-наас 2018.09.16-ныг хүртэлх, 2017.09.01-ний өдрийн 103300624629 дугаартай гэрээний хувьд 2017.09.01-нээс 2018.09.06-ныг хүртэлх хугацаан дахь О.Мангалын эзэмшлийн хадгаламжийн 103300591874 тоот төгрөгийн данс болон 103300624629 тоот ам.долларын данс дахь мөнгөн хадгаламжийн хэмжээ, уг хадгаламжид тооцогдох хүү, ноогдох албан татварын хэмжээг хариуцагч банкаас тооцон ирүүлсэн тооцоолол бүхий баримтад маргаагүйн дээр нэхэмжлэгч уг тооцооллыг зөвшөөрсөн байна.

3.Нэхэмжлэгч О.Мангал нь 2017.09.01-ний өдрийн 103300624629 дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-ний дагуу мөн өдөр 1 000 ам.долларыг хариуцагч банкинд хадгалуулсан бөгөөд уг дансны хуулгаас үзэхэд 2017.09.01-ний өдрөөс 2018.09.06-ны өдрийг хүртэлх гэрээний хугацаанд анх хадгалуулсан 1 000 ам.долларын хадгаламжаас жилийн 6,41 хувийн, сарын 0,534 хувийн хүүд нийт 66.75 ам.доллар тооцогдсон ба гэрээний хугацаа дуусахад хадгаламж нь хүүгийн хамт 1 066.75 ам.долларын тооцогдсон байна. Үүнээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4.-т заасны дагуу хадгаламжийн хүү болох 66.75 ам.доллараас 10 хувиар хөрөнгийн орлогын албан татварыг тооцон 6.67 ам.долларыг хасаж 1 060.08 ам.долларын үлдэгдэлтэй байсан байна.

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1., 455 дугаар зүйлийн 455.3.-д зааснаар болон 103300624629 дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-ний 4.2.2-д заасны дагуу хадгаламж 1 000 ам.доллар, хадгаламжийн хүүд 60.08 ам.доллар бүгд 1 060.08 ам.долларыг хадгалагч банк нь төлөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилснээр 1 060 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2020.03.24-ний өдрийн Монгол банкнаас зарласан 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш /1-р хх-ийн 114/ болох 2 772.18 төгрөгөөр тооцон 2 938 510 төгрөгийг гэрээний 3.1.1 болон Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4.-т Хадгалуулагч хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч банкаас шаардах эрхтэй.

4.Төрийн банк ХХК болон нэхэмжлэгч О.Мангал нарын хооронд 2017.09.01-ний өдөр байгуулагдсан 103300624632 дугаартай Харилцах болон хугацаагүй мөнгөн хадгаламжийн гэрээ-ний дагуу О.Мангалд нээсэн 103300624632 тоот дансны 2017.10.30-ны өдрийн байдлаарх үлдэгдэл 73 758 860 төгрөгөөс мөн өдөр 73 740 000 төгрөгийг тус банкны 103300598230 тоот данс руу шилжүүлсэн талаарх дансны хуулга /1-р хх-ийн 65,151/, 2017.10.30-ны өдрийн Төрийн банкны Гялс банк, интернэт-гүйлгээний мэдээлэл /1-р хх-ийн 62/, гэрч Ч.Ариунгэрэлийн мэдүүлэг /1-р хх-ийн 90-93/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 103300624632 тоот дансны гүйлгээтэй холбоотой буюу зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн 73 740 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа татан авах хүсэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгч О.Мангал өөрийн эзэмшлийн 103300624632 тоот данснаас шилжүүлсэн 73 740 000 төгрөг,103300624629 тоот дансны мөнгөн хадгаламжийн үлдэгдэлд 2 938 510 төгрөг, 103300591874 тоот дансны мөнгөн хадгаламжийн үлдэгдэлд 75 285 512 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д зааснаар нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд нэгтгэн гаргаж болно.

Талуудын хоорондох 2017.09.01-ний өдрийн 103300624632 дугаартай Харилцах болон хугацаагүй мөнгөн хадгаламжийн гэрээ-ний дагуу О.Мангалд нээсэн 103300624632 тоот данснаас 2017.10.30-ны өдөр өөрийнх нь зөвшөөрөлгүй бусдын дансанд шилжүүлсэн 73 740 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь тусдаа бие даасан нэхэмжлэл байх тул нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т заасны дагуу уг шаардлагаа хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авах эрхтэй байна.

5.Зохигчид 2016.09.05-ны өдөр 103300591874 дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-г 2016.09.05-ны өдрөөс 2017.09.11-ний өдрийг хүртэл хугацаатай, жилд 15,60 хувийн, сард 1,3 хувийн хүүтэйгээр байгуулсан бөгөөд О.Мангал нь гэрээ байгуулагдсан өдөр 30 297 000 төгрөгийг 103300591874 тоот нээлгэн, уг дансанд байршуулж хадгалуулсан байна. Энэ гэрээний 2.4., 2.7.-д зааснаар гэрээний зүйл болох хадгаламж нь хүүгээр арвижих хугацаатай хадгаламж буюу хадгаламжийн үндсэн дансанд хүү олгох бол хүүгээс хүү тооцогдохоор талууд харилцан тохиролцсон байна. /1-р хх-ийн 132-133, 152/

Талуудын хоорондох 103300591874 дугаартай дээрх гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2017.09.01-ний өдөр нэхэмжлэгч О.Мангалаас О.Мангал миний бие 103300591874 тоот хүүгээр арвижих 370 хоногийн хугацаатай хадгаламжтай. Энэ хадгаламжийн хугацаа 2017.09.10-ны өдөр дуусах юм. Миний бие 2017.09.04-ний өдөр гадагшаа суралцахаар явж байгаа тул хадгаламжийн хугацааны автомат сунгалтын тоог 2021 оны 09 сар хүртэл байхаар сунгаж өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтийг /2-р хх-ийн 59/ Төрийн банк ХХК-д гаргасныг хариуцагч байгууллага хүлээн авч 2017.10.20-ны өдөр хадгаламжийн хугацааг 2017.09.01-ний өдрөөс 2018.09.16-ны өдрийг хүртэл хугацаатай, хадгаламжийн хүүг жилд 15,40 хувь байхаар 103300591874 дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-г /2-р хх-ийн 207/ байгуулжээ.

Өөрөөр хэлбэл, 2017.10.20-ны өдөр 103300591874 дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-г хариуцагч тал үйлдсэнээр, Иргэний хуулийн 195 дугар зүйлийн 195.1.-д заасны дагуу гэрээний хугацааг 2021 оны 09 дүгээр сар хүртэл сунгах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагч тал хүлээн авч, талуудын хоорондох 2016.09.05-ны өдрийн 103300591874 дугаартай гэрээ нь уг хугацааг хүртэл хугацаанд сунгагдан үргэлжилсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3.-т ...гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно гэж ,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт Гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч хадгалуулсан мөнгөө буцаан авах тухай, эсхүл гэрээг дахин сунгуулах шаардлага тавиагүй бол уг мөнгөн хадгаламжийг хугацаагүй мөнгөн хадгаламжид тооцож, хүүг хугацаагүй мөнгөн хадгаламжийн адил хэмжээгээр бодно. Хэрэв мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан бол хугацаатай мөнгөн хадгаламжийн хугацаа дууссан тохиолдолд уг гэрээний хугацааг тодорхой хугацаагаар сунгаж болно гэж, зохигчдын хоорондохь 2016.09.05-ны өдрийн 103300591874 дугаартай гэрээний 2.13.-т Гэрээг сунгах захиалга өгөөгүй болон автоматаар сунгах захиалга биелж хугацаа нь дууссан хугацаатай хадгаламжийн данс хугацаагүй хадгаламжийн данс руу шилжинэ гэж,

Төрийн банк ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016.11.16-ны өдрийн А/365 тоот тушаалаар шинэчлэн баталсан Депозит бүтээгдэхүүний журам-ын 6.20.-д Хугацаатай хадгаламжийн хугацаа сунгах хүсэлтийг харилцагчаас дараахь байдлаар авсныг хүчин төгөлдөрт тооцно. Үүнд: 6.20.2. Хугацаатай хадгаламжийн хугацаа дуусахаас өмнө харилцагч өөрийн биеэр банкны нэгж дээр ирж эсхүл Гялс банкны хугацаа сунгах цэсийг ашиглан сунгах хүсэлтээ урьдчилж гаргасан... гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтуудаас үзэхэд, хадгалуулагч мөнгөн хадгаламжийн гэрээгээ сунгах захиалгаа өгч хүсэлтээ гаргасан, хариуцагч банк нь нэхэмжлэгчийн гэрээгээ 2021 оны 09 дүгээр сар хүртэл хугацаагаар сунгах хүсэлт гаргасныг /гэрээгээ сунгах захиалга өгснийг/ хүчин төгөлдөрт тооцон хүлээн авсан, хадгалуулагч мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй зэрэг нөхцөл байдлууд нь талуудын хооронд байгуулагдсан 103300591874 дугаартай мөнгөн хадгаламжийн гэрээг сунгагдсанд тооцох үндэслэл болох бөгөөд хадгалуулагч буюу нэхэмжлэгч О.Мангалын хугацаатай хадгаламжийн данс нь хугацаагүй хадгаламжийн данс руу шилжих хуульд болон гэрээнд заасан үндэслэл үүсээгүй байна.

Нөгөө талаар хариуцагч банкаас нэхэмжлэгчийн гэрээг сунгах хүсэлтийг хүлээн авсны дараа тухайн гэрээг 2017.09.01-ний өдрөөс 2018.09.16-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан талаар хадгалуулагчид мэдэгдээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, талууд дээрх гэрээгээ зөвхөн 1 жилийн хугацаагаар сунгах талаар гэрээнд зааж тохиролцоогүй байна.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 103300591874 дугаартай мөнгөн хадгаламжийн гэрээг 2021 оны 09 дүгээр сар хүртэл хугацаагаар сунгагдсан байна.

6.Талуудын хоорондох 103300591874 дугаартай гэрэээний 2.7, 2.11.-д зааснаар хадгаламжийн дансанд орлогын гүйлгээ хийгдэх нөхцөлийг, хүүгээс хүү тооцохоор талууд тохиролцсон бөгөөд Депозит бүтээгдэхүүний журам-ын 4.8.1.-д заасан депозит дансны хүүгийн тооцоолол хийхдээ орлого хийсэн өдрийг оруулж, зарлага гаргасан өдрийг хасч тооцно гэсний дагуу нэхэмжлэгч О.Мангалын эзэмшлийн хадгаламжийн 103300591874 тоот дансны хуулгыг үндэслэн хариуцагч банкаас гаргасан О.Мангалын 103300591874 тоот дансны хүү, татварын тооцоолол гэсэн баримтаас үзэхэд:

А/.2016.09.05-ны өдөр нэхэмжлэгчийн анх хадгалуулсан 30 297 000 төгрөгийн хадгаламж дээр 2017.09.11-ний өдрийг хүртэлх хугацаанд 41 223 000 төгрөгийн бэлэн орлогын гүйлгээ, 30 480 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байх бөгөөд энэ хугацаанд гэрээний 2.5.-д заасны дагуу жилд 15,60 хувиар тооцоход 5 322 840 төгрөгийн хадгаламжийн хүү бодогдож, уг хүүнээс 2017.05.04-ний өдрөөс эхлэн 2017.09.11-ний өдрийг хүртэл хугацаанд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4.-т зааснаар 10 хувийн хөрөнгийн орлогын албан татварт 202 857 төгрөгийг хасч, хадгаламж болон хүүнд өссөн дүнгээр 46 476 856 төгрөг үлджээ.

б/.Үүнээс хойш 103300591874 дугаартай гэрээний хугацаа сунгагдаж, 2017.09.11-ний өдрөөс 2018.09.16-ны өдрийг хүртэл хугацаанд уг дансны хадгаламжийн үлдэгдэл 46 476 856 төгрөг дээр нийт 8 600 000 төгрөгийн бэлэн орлогын гүйлгээ хийгдсэн байх бөгөөд 2017.10.20-ны өдрийн 103300591874 дугаартай гэрэээний 2.5-д зааснаар жилд 15,40 хувиар тооцон, хадгаламжийн хүүд 8 637 692 төгрөг бодогдож, уг хүүнээс 2017.10.10-ны өдрөөс эхлэн 2018.09.15-ны өдрийг хүртэл хугацаанд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4.-т зааснаар 10 хувийн хөрөнгийн орлогын албан татварт 873 765 төгрөгийг хасч,хадгаламж болон хүүнд өссөн дүнгээр 62 940 784 төгрөг үлджээ.

в/.Төрийн банк ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016.11.16-ны өдрийн А/365 тоот тушаалаар шинэчлэн баталсан Депозит бүтээгдэхүүний журам-ын 6.22.-т Хугацаа сунгах үед хадгаламжийн хүүгийн хэмжээ нь өмнөх гэрээнд заасан хүүгийн хувь хэмжээнээс өөрчлөгдсөн бол тухайн үеийн мөрдөж буй шинэчлэгдсэн хүүгээр гэрээг үргэлжлүүлэн сунгана гэж зааснаар банкнаас хадгаламжийн хүүг жилд 15,40 хувиар бууруулж тооцсоныг болон хадгаламжийн хүүгийн хэмжээ, түүнд ноогдох албан татварын хэмжээний талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь хадгаламжийн үлдэгдлийн хэмжээг анх хадгалуулсан 30 297 000 төгрөгийн хадгаламж дээр 2016.09.05-ны өдрөөс 2017.12.28-ны өдрийн хооронд өөрөө болон өөрийн дотны хүмүүсээс хамааралтай хийгдсэн 8 удаагийн орлого болох 19 243 000 төгрөгийн орлогыг нэмж хадгаламжийн үлдэгдлийг 49 540 000 төгрөгөөр тодорхойлж, гэрээний 2.4., 2.7.-д заасан хүүгээс хүү тооцох нөхцөлийг харгалзахгүйгээр хүүг тооцож нэхэмжилсэн тул 2018.09.16-ны өдрөөс хойш 2021.05.15-ны өдөр хүртэлх 20 сарын хугацаанд уг хадгаламжийн дүнгээс жилийн 15,40 хувь буюу сарын 1,283 хувиар хүү тооцоход сард 635 598 төгрөг, нийт 12 711 964 төгрөг тооцогдож, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4.-т зааснаар 10 хувийн хөрөнгийн орлогын албан татварт 1 271 196 төгрөгийг хасч, дээрх хугацааны хадгаламжийн хүүд 11 440 768 төгрөг тооцогдсон байна.

Өөрөөр хэлбэл, 103300591874 дугаартай гэрээний дагуу хадгалуулагч О.Мангалын хадгаламжийн үлдэгдэл 49 540 000 төгрөг, 2016.09.05-ны өдрөөс 2017.09.11-ний өдрийг хүртэл хугацааны хадгаламжийн хүүд 5 120 183 төгрөг, 2017.09.11-ний өдрөөс 2018.09.15-ны өдрийг хүртэл хугацааны хадгаламжийн хүүд 7 863927 төгрөг, 2018.09.15-ны өдрөөс 2020.05.15-ны өдрийг хүртэл хугацааны хадгаламжийн хүүд 11 440 768 төгрөг, нийт хадгаламжийн хүү 24 424 878 төгрөг тооцогджээ.

Иймд дээрх гэрээний үүрэгт хадгаламж 49 540 000 төгрөг, хадгаламжийн хүүд 24 424 878 төгрөг, бүгд 73 964 878 төгрөг байх боловч энэ гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь 73 848 852 төгрөг нэхэмжилж байх тул Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1., 454.4.-т зааснаар уг мөнгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 3-т гэрээнд заасан нөхцөлийн дагуу хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүүг төлөх гэж заасны дагуу хадгалагч банк төлөх үүрэгтэй байна.

7.Хариуцагч Төрийн банк ХХК-ийн ажилтан Ч.Ариунгэрэл нарт холбогдох үйлдлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгаж байгаа тухай Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020.03.13-ны өдрийн 11а-3/1563, 2020.03.31-ний өдрийн 11а-3/2009, 2020.05.21-ний өдрийн 11а-3/3683, 2019.10.10-ны өдрийн 10а-3/5972 тоот албан бичгүүд болон түүнд хавсаргаж ирүүлсэн Эрүүгийн цгадаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа 1809046760956 тоот хэргийн яллагдагч Ч.Ариунгэрэлийн нийт хохирогчийн зээлийн нэгтгэл /1-р хх-ийн 34-36/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2018.10.22-ны өдрийн 1809046760956 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, 2018.11.22-ны өдрийн мөрдөгчийн Хохирогчоор тогтоох тухай, Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай, тогтоолууд, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 49-54, 75-79/, Төрийн банкны 2018.09.18-ны өдрийн 76 000 000 төгрөгийн дүн бүхий мөнгөн шилжүүлэг, 1 500 ам.долларын дүн бүхий зарлагын мэдүүлэг /2-р хх-ийн 64, 68/, түүнчлэн тус банкны орлогын мэдүүлгүүд, зарлагын мэдүүлэг, мемориалын баримтууд /2-р хх-ийн 8, 50, 53, 55-57, 61-63, 65-67/, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021.03.18-ны өдрийн 06/3117 тоот албан бичиг, Төрийн банк ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2013.11.29-ний өдрийн А/398 тоот тушаалын хавсралтаар баталсан Төрийн банкны теллерийн системийн багц журам /1-р хх-ийн 138-150/ , Ч.Ариунгэрэлийн эзэмшлийн Төрийн банк ХХК дахь 103300582113 тоот дансны хуулгууд /1-р хх-ийн 154-250, 2-р хх-ийн 1-4/, гэрч А.Бямбазориг нарын мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Хэрэгт авагдсан гэрч Ч.Ариунгэрэлийн ...хууль тогтоомжийг зөрчиж 76 000 000 төгрөгийг 103300591874 тоот хадгаламжийн данснаас авч өөрийн 103300582113 тоот данс руу шилжүүлэг хийж авсан нь үнэн...Зөвшөөрөл аваагүй...2017.10.30-ны өдөр...30 000 ам.доларыг О.Мангалын данс руу орлогоор хийсэн...Тухайн өдрөө буцааж би өөрийнхөө долларын данс руу О.Мангалын интернэт банкны эрхийг ашиглан гүйлгээ хийж авсан...О.Мангалын өмнөөс гүйлгээг хийж, 30 000 ам.доллар нь тухайн өдрийн ханшаар 2 451 төгрөгөөр үржүүлж73 740 000 төгрөг болж өөрийн данс руу шилжүүлж авсан нь үнэн... 2018.09.18-ны өдөр ...103300624629 тоот данснаас 1 500 ам.долларыг 111101 тоот данс руу шилжүүлэхдээ зөвшөөрөл аваагүй..2 ширхэг О.Мангалын гарын үсэгтэй баримт ашиглаж 2 удаагийн гүйлгээгээр мөнгийн өөрийн данс руу шилжүүлэн авсан... гэсэн

мэдүүлэг, Хил хамгаалах ерөнхий газрын 2019.05.01-ний өдрийн 2-5а/6009 тоот О.Мангалын 2017.09.04-нд Монгол Улсын хилээр гарсан тухай лавлагаа, гадаад паспортын хуулбар /1-р хх-ийн 10-11, 90-92, 109/ зэргээс үзэхэд нэхэмжлэгч О.Мангалын эзэмшлийн 103300591874 тоот хадгаламжийн данснаас 2018.09.18-ны өдөр 76 000 000 төгрөгийг 103300582113 тоот данс руу, 103300624629 тоот валютын хадгаламжийн данснаас 1 500 ам.долларыг 111101 тоот данс руу, 2017.10.30-ны өдөр О.Мангалын эзэмшлийн 103300624632 тоот данснаас 73 740 000 төгрөгийг тус тус хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр, түүнийг Монгол Улсад байхгүй, эзгүй байх хугацаанд шилжүүлсэн нь нотлогдсон.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нэхэмжлэгч О.Мангал нь тухайн үед БНЭУ-д оршин сууж байгаа бөгөөд 1809046760956 дугаар бүхий Ч.Ариунгэрэл нарт холбогдох эрүүгийн хэрэгт мэдүүлэг тайлбар өгөөгүй, хохирогчоор тогтоогдоогүй байна.

Хариуцагч байгууллагын ажилтны ажил үүргээ гүйцэтгэж байхдаа холбогдох хууль, банкнаас гаргасан мөрдөн ажиллах журам, дүрэм зөрчсөн гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шалгаж байгаа нь мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэг шаардсан энэ нэхэмжлэлтэй хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 2088 дугаар магадлалд дүгнэсэн байна.

Иймээс хариуцагч талын нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагч талын тайлбар, татгалзалыг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, зохигчдын хооронд байгуулагдсан 103300591874 дугаартай гэрэээний үүрэгт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 73 848 853 төгрөг, 103300624629 дугаартай гэрээний үүрэгт 2 938 510 төгрөгийг тус тус хариуцагч байгууллагаар төлүүлж, нэхэмжлэлээс 3 370 907 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 73 740 000 төгрөгийн нэхэмжлэлээ нэхэмжэгч татан авах хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 59 дүгээр зүйлийн 59.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч О.Мангалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 085 400 төгрөгөөс 558 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдэх 526 650 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Төрийн банк ХХК-иас 541 887 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116. 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1., 454.4.-т зааснаар хариуцагч “ТБ” ХХК-иас 76 787 363 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.М  нь 3 370 907 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д зааснаар нэхэмжлэгч О.М  нь 73 740 000 төгрөгийн шаардлагаа татан авсныг баталсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 59 дүгээр зүйлийн 59.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч О.Мангалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 085 400 төгрөгөөс 558 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдэх 526 650 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ТБ ХХК-иас 541 887 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ж.БАЙГАЛМАА