Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01021

 

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01021

 

 

 

О.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 182Ш2021/00847 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Тбанк ХХК-д холбогдох

Мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 76 787 353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, өмгөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч О.М-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргилоос гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.М- нь Тбанк ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 103300591874 тоот хугацаатай төгрөгийн, 2017 оны 9 дүгээр сарын 01-нд 103300624629 тоот ам.долларын, 103300624632 тоот хугацаагүй төгрөгийн хадгаламжийн данснуудыг нээлгэсэн. 2016 оны 9 дүгээр сарын 18-нд 103300591874 тоот данснаас 76 000 000 төгрөг, 103300624629 тоот данснаас 1 500 ам.долларыг, 2017 оны 10 дугаар сарын 30-нд 103300624632 тоот данснаас 73 740 000 төгрөгийг тус тус өөр данс руу шилжүүлсэн. О.М- нь Энэтхэг улсад шашны сургуульд суралцан, ажиллаж, амьдарч байгаа бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсад ирж, тус банкинд хандан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан боловч 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 14/1209 тоотоор Харилцагч таны дансны гүйлгээг шалгахад Төрийн банкны Тээврийн товчоо тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Ариунгэрэлтэй холбоотой байна. Ч.Ариунгэрэл нь ашиглангийн үйлдлээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа учир таны гомдлыг хууль, хяналтын байгууллагын холбогдох шийдвэр гарах хүртэлх хугацаанд шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Монгол банкинд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасны дагуу, тус банкнаас Тбанк ХХК-д 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б-6/668 тоот албан бичгээр Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2.-т хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх, 7.2.3.-т гэрээнд заасан нөхцөлийн дагуу хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх, 7.2.5.-д хадгалуулагчийн дансны нууцыг хадгалах , 7.2.6.-д өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээ биелүүлж иргэн О.М-ыг хохиролгүй болгох арга хэмжээ авахыг даалгасан. Гэвч Төрийн банкнаас уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. О.М- нь өөрийн данснаас гүйлгээ хийх зөвшөөрлийг хэн нэгэнд олгосон ямар нэг баримтад гарын үсэг зураагүй, тухайн гүйлгээг хийх цаг хугацаанд Монгол Улсад байгаагүй нь Хил хамгаалах ерөнхий газрын 2019.05.01-ний өдрийн 2-5а/6009 тоот лавлагаагаар нотлогддог. Хариуцагч нь гарын үсэг нь тохирч байна, О.М- болон Ч.Ариунгэрэл нар нь санхүүгийн харилцаатай байсан нь нотлогдсон гэж гүжирдэж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, шийдвэрлэж өгөхгүй татгалзаж байгаа нь илт үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд иргэн О.М- нь Төрийн банкинд холбогдуулан мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 153 898 270 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнийг задалж хэлбэл, 103300624629 тоот гэрээний дагуу 1 060 ам.доллар буюу Монгол банкны ханш 2 772.18 төгрөгөөр тооцож 2 938 510 төгрөгийг, 103300591874 дугаартай гэрээний үүрэгт 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хадгаламжийн хүүд 13 941 532 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны хүүд 12 715 260 төгрөг тооцсон, эдгээр хүүнээс албан татварын дагуу 10 хувиар татвар суутгаж, хадгаламжийн дүн болох 49 540 000 төгрөгийг нэмж нийт 73 848 852 төгрөгийг нэхэмжилж байна. Харин нэхэмжлэгч нь 103300624632 тоот дансны хадгаламж болох 73 740 000 төгрөгийн шаардлагаа одоо шийдвэрлүүлэхгүйгээр нэмэлт нотлох баримт бүрдүүлж тусад нь шийдвэрлүүлэхээр хуульд заасан эрхийн дагуу татан авч байна, энэ тухай хүсэлтийг хэрэгт өгсөн. Нэхэмжлэлээс үлдсэн зөрүү болох 3 370 914 төгрөгийг татгалзаж байна. Бид 103300624629 тоот гэрээний хувьд гэрээний хугацаа дууссанаар хүүг тооцсон, дансны хуулгыг үндэслэж тооцсон. Түүнээс хойш 2018.09.18-нд ямар нэгэн зээл аваагүй байхад зээл хаасан гэж 1 500 ам.долларыг данснаас авсан байдаг. О.М- ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй байсан. 103300591874 дугаартай гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч О.М- гэрээг 2021 оны 9 сар хүртэл хугацаагаар сунгуулахаар хүсэлтээ банкинд гаргаж өгсөн. Энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй байсан бөгөөд шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд банк дээрх хүсэлтийг хүлээн авч энэхүү гэрээг дахин 1 жилээр сунасан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрээг шүүхэд гарган өгсөн. Бид энэ гэрээгээр хадгаламжийн хүүг жилд 15,40 хувиар тооцож байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ дансны хуулгаар 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл гэрээ үргэлжилсэн гэж үзэж байна. Мөн энэ хугацаанаас хойш ч гэрээ сунгагдсанд тооцох үндэслэлтэй. Хариуцагч банк энэ гэрээгээ зөвхөн 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан гэдэг талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй, сунгасан гэрээг шүүхэд гаргаж өгснөөр л нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авсан гэж мэдсэн. Тийм учраас энэ гэрээ 2021 он хүртэл сунгагдсан гэж үзэж байна. Уг дансны хүүгийн хэмжээг дансны хуулгаар тооцож, татвар тооцож хассан байгаа. Хариуцагчийн тооцсон тооцоололтой тохирч байгаа учир хариуцагчаас гаргасан хүү, татварын тооцооллын 2018 оны 9 дүгээр сарын 16-ныг хүртэлх тооцооллыг бид зөвшөөрч маргаагүй. Харин 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 20 сар байдаг, энэ хугацааны хадгаламжийн үлдэгдлийг 49 540 000 төгрөгөөр тооцсон. Үүнээсээ хадгаламжийн хүүг бодсон. О.М- хадгаламжийн 30 297 000 төгрөг дээр өөрийн ойр дотны хүмүүсээс орлогодсон мөнгийг буюу 2016 оны 9 дүгээр сарын 05-нд 543 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 24-нд 100 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 08-нд 100 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 01-нд 4 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 04-нд 2 500 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 04-нд 3 500 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-нд 8 500 000 төгрөгийг нэмж 49 540 000 төгрөг болсон. Үүнээс өөрөөр О.М-ын мэдээгүй орлогодсон орлогыг хадгаламжийн дүнд оруулахгүйгээр тооцсон. Иймд мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт нийт 76 787 363 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг, Ц.Эрдэмбилэг нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаануудад гаргаж байсан тайлбаруудаа дэмжиж байна. Нэхэмжлэгч О.М-ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хадгаламжийн гэрээтэй холбоотойгоор Тбанк ХХК-ийн Тээврийн товчоо тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Ариунгэрэл нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 5 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд банкинд мөнгөө хадгалуулсан 28 иргэний нэр дээрх хадгаламжийг барьцаалан зээл авч, 33 иргэний нэр дээр зээлийн эрхтэй картыг гарган Тбанк ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан, одоо Авилгатай тэмцэх газарт шилжин шалгагдаж байгаа, энэ талаарх албан бичгийг хэрэгт өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа төгрөгийн данс болох 103300591874 тоот данс, ам.долларын 103300594629 тоот данснуудын гүйлгээг харвал, хамгийн сүүлийн байдлаар 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 76 000 000 төгрөгийн гүйлгээ, 1 500 ам.долларын гүйлгээн дээр маргаантай байдаг. Эдгээр маргаантай байгаа гүйлгээнүүд дээрх гарын үсэг зарлагын баримтуудад нэхэмжлэгчийн өөрийнх нь гарын үсэг байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч Монгол Улсад байгаагүй боловч нэхэмжлэгч тухайн баримтууд дээр өөрөө гарын үсэг зурсан гэдгийг зөвшөөрдөг. Нэхэмжлэгч нь Ч.Ариунгэрэлтэй санхүүгийн харилцаанд орж, тухайн зарлагын гүйлгээ хийх боломжийг өөрөө олгож, гарын үсэг зурсны үндсэн дээр данснуудаас мөнгө гарсан гэж үздэг. Иймд эрүүгийн хэрэг шалгагдаж байна. Нэхэмжлэгч О.М- өөрөө Энэтхэг улсад байгаа учраас хохирогчоор тогтоогдож тухайн эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаанд оролцох боломжгүй байгаа юм. Хадгаламж барьцаалсан зээлээс бусад мөнгөн орлого маань байхгүй байна гэдэг тайлбарыг нэхэмжлэгч тал хэлдэг. Гэтэл хадгаламж барьцаалсан зээл орсон байна уу, өөр мөнгө орсон байна уу гэдгээс үл хамаараад хэрвээ тухайн мөнгөнүүд байхгүй болсон бол гүйлгээ хийгдэж, гарсан байх ёстой. 103300591874 тоот данс 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 62 940 784 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 3 удаагийн орлого орсон байдаг. Тухайн өдөртөө 3 удаагийн зарлага гарсан байдаг. Энэ нь хадгаламж барьцаалсан зээл хаасан 2 гүйлгээ, нэхэмжлэгчийн өөрийнх нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан 76 000 000 төгрөгийн 1 гүйлгээ байдаг. Эдгээр гүйлгээний дараа дансны үлдэгдэл 5 694 000 төгрөг болсон байдаг. Нэхэмжлэгч эдгээр мөнгөн дүнгүүдийг өөрөө хүлээн зөвшөөрч байсан бөгөөд мэдэх бүрэн боломжтой байсан. Долларын дансны хувьд мөн ялгаагүй анх хадгаламж нээх үедээ 1 000 ам.долларын хадгаламж хийсэн бөгөөд үүний дараа долларын хадгаламж барьцаалсан зээл авсан. Энэ нь 1 351 ам.доллар болсон, эдгээр нь нэмэгдээд 2 411 ам.доллар байснаас хадгаламж барьцаалсан зээл хаав гэсэн утгатай гүйлгээ гарч, данс руу 883 ам.доллар орсон. Эндээс 1 527 ам.долларын үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэ үлдэгдлээс 1 500 ам.долларыг мөн нэхэмжлэгчийн өөрийнх нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан баримтаар гарсан, нэхэмжлэгч өөрөө эдгээр гүйлгээнүүдийг хүлээн зөвшөөрч хийсэн, энэ мөнгөнүүд нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, өөрт нь олдохгүй болсны дараа Тбанк ХХК-иас нэхэмжилж байгаа нь өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал болно. Данснуудын гүйлгээг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, хадгаламж барьцаалсан зээлийнх нь данс руу өөрийнх нь нэр дээр байсан хадгаламж барьцаалсан зээлийн төлөлт гэж тухайн мөнгө гарсныг өөрөө гарын үсэг зурж хүлээн зөвшөөрч, өөрийн ухамсраар гүйлгээ хийсэн. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нэхэмжлэгчээс тодруулаад нэхэмжлэгчийн гарын үсэг мөн гэж хэлсэн. Өөрөө хадгаламжийн гэрээгээ сунгуулах явцдаа гарын үсгээ зурж үлдээсэн байдаг. Гэрч Ч.Ариунгэрэл нь 30 000 ам.долларыг О.М- нь хүнээр өгч явуулан хадгаламжид хийчих гэсний дагуу хийсэн гэж хэлдэг. О.М-ын гарын үсэгтэй 2 ширхэг баримт байдаг, үүнд нэхэмжлэгч маргадаггүй. Нэхэмжлэгч болон гэрч Ч.Ариунгэрэл нар санхүүгийн хувьд хоорондоо хамааралтай болох нь харагддаг. Нэхэмжлэгч үүнтэй холбоотой 73 740 000 төгрөгийн нэхэмжлэлийн хэсгийг татан авсан. Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн Ч.Ариунгэрэлтэй холбоотой нэр бүхий харилцагч нарын дунд 60 дугаарт нь О.М-ын нэр байдаг. Тбанк ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/398 тоот тушаалаар баталсан Төрийн банкны теллерийн системийн багц журам, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/365 тоот тушаалаар шинэчлэн баталсан Депозит бүтээгдэхүүний журам-д зааснаар хадгаламж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний данснаас ямар ч гүйлгээ хийгдэх ёсгүй. Эрүүгийн шинжтэй үйлдлүүдтэй холбоотой гарсан зарлагууд байдаг. Манай банкны буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн хадгаламжийн мөнгө зарлагаар гараагүй, эрүүгийн гэмт хэрэг шалгагдаж байгаа учраас манай банк нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй. О.М-ын гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг сунгах тухай хүсэлтийг хүлээн авч хадгаламжийн гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 1 жилээр сунгаж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 103300591874 тоот Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ болон дансны нэмэлт үйлчилгээ авах тухай гэрээг байгуулсан байдаг. Бид 103300591874 тоот хадгаламжийн дансны хадгаламжийн хэмжээ, тооцогдох хүү, албан татварыг банкны программын дагуу мэргэжлийн ажилтнаар тооцуулж, шүүгчийн захирамжид заасны дагуу баримтыг гаргаж өгсөн. Тооцооны хувьд бид яриагүй. Нэхэмжлэгчийн 3 дансны гүйлгээнүүд эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа Ч.Ариунгэрэлийн 103300582113 гэсэн данстай харьцсан байдаг. 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 30 480 000 төгрөгийг 103300582113 гэсэн дансанд шилжүүлсэн, нэхэмжлэгчийн гарын үсэгтэй 2 зарлагын баримтаар 2 удаа зарлага гарсан гүйлгээ байдаг. Ийм байдлаас нэхэмжлэгч нь Ч.Ариунгэрэл нартай санхүүгийн хамааралтай, эрүүгийн хэрэгт дээрх данснуудын гүйлгээг шалгаж, О.М-ыг гэрчээр асууж тодруулсны эцэст хамт шалгагдах эсэх нь тодорхой болно. Одоо Монгол Улсад байхгүй учраас холбогдох ажиллагаа явагдахгүй байгаа тухай Авилгатай тэмцэх газрын албан бичигт дурдсан байна. 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш хадгаламжийн гэрээ сунгагдаагүй учир энэ хугацааны хүү нь 15,40 хувиар тооцогдохгүй, гэрээнд заасны дагуу нийтэд зарласан хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцогдох ёстой. Манай банкны хууль зөрчсөн буруу үйлдэл, үйл ажиллагаа байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлтэй холбоотой эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1., 454.4.-т зааснаар хариуцагч Тбанк ХХК-иас 76 787 363 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.М- нь 3 370 907 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д зааснаар нэхэмжлэгч О.М- нь 73 740 000 төгрөгийн шаардлагаа татан авсныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 59 дүгээр зүйлийн 59.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч О.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 085 400 төгрөгөөс 558 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдэх 526 650 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Тбанк ХХК-иас 541 887 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхэд хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж хэргийн шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас кь шийдвэрлэж чадаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс харвал нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлд ямар учраас эрүүгийн хэрэгт холбогдолгүй болох талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс Тбанк ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан Мөнгөн хадгаламжийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн Хадгаламжийн дансанд хадгалуулсан мөнгөн хөрөнгийг нэхэмжилсэн. Гэтэл Тбанк ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу гэрээг зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийгээгүй, нэхэмжлэгчийн хадгаламжийн дансанд байсан мөнгөн хөрөнгийг Ч.Ариунгэрэл нар нь гэмт хэрэг үйлдэх замаар авсан нь гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр хэрэгт оролцуулсан гэрч болох Ч.Ариунгэрэл нь нэхэмжлэгч О.М-д Хадгаламж барьцаалсан зээл авч өндөр хүүтэй мөнгө зээлдүүлэн ашиг олж болох талаар тайлбарласны үндсэн дээр харилцан санхүүгийн харилцаанд орж улмаар данснаас зарлага гаргах болон хадгаламж барьцаалсан зээл авч, харилцан мөнгө шилжүүлж байсан нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдоно. Энэ талаар гэрч Ч.Ариунгэрэл гэрчийн мэдүүлэг өгөх явцдаа тодорхой дурдсан байдаг бөгөөд О.М-ын гарын үсэгтэй баримт ашиглан гүйлгээ хийсэн талаараа мэдүүлэг өгч, нэхэмжлэгч талын зүгээс мөн гүйлгээний баримтуудад гарын үсэг зурсан талаар маргадаггүй байхад шүүх эдгээр нотлох баримтыг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай, эрх зүйн харилцаанд өөрийгөө бүрэн төлөөлж оролцдог болохыг хувьд Төрийн банканд хадгаламж нээлгэсэн бөгөөд үүний хүрээнд Ч.Ариунгэрэлтэй хувийн санхүүгийн харилцаанд орж зарлагын баримтанд гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс зарлагын баримтад гарын үсэг зурсан боловч харилцагч өөрийн биеэр ирээгүй байхад гүйлгээг хийсэн нь банкны буруу гэж маргадаг. Хэрэв тухайн гүйлгээний баримтыг Банк буюу банкны гүйлгээний ажилтан бус гуравдагч этгээд ашиглаж банк тухайн зарлагын баримтаар гүйлгээг гүйцэтгэсэн бол энэ нь банкны буруу байх байсан боловч нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан гүйлгээний баримтыг одоо Авилгатай тэмцэх газарт шалгагдаж буй эрүүгийн хэргийн оролцогч болох нэхэмжлэгчийн санхүүгийн харилцаанд орсон Ч.Ариунгэрэл нар ашиглан гүйлгээ хийсэн нь Банк мөнгөн хадгаламжийн гэрээг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Гэтэл шүүх энэ талаар үйл баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас үнэлэлгүй хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй зарлагын гүйлгээ хийсэн мэт шийдвэрлэсэн. Мөн хариуцагчийн зүгээс Ч.Ариунгэрэл нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шалгагдаж буй Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 06/3117 тоот албан бичгийг хэрэгт нотлох баримтаар өгсөн бөгөөд зөвхөн Хариуцагч байгууллагын ажилтны ажил үүргээ гүйцэтгэж байхдаа холбогдох хууль, банкнаас гаргасан мөрдөн ажиллах журам, дүрэм зөрчсөн гэж үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шалгаж байгаа нь мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэжээ. Ийнхүү дүгнэхдээ Ч.Ариунгэрэл нарт холбогдох гэмт хэрэг нь зөвхөн банкны дүрэм журам, холбогдох хууль зөрчсөн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж явцуу тайлбар хийсэн нь хариуцагч байгууллагын эрхийг ноцтой зөрчиж байна. Хариуцагч байгууллагын ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нэхэмжлэгчийн идэвхтэй үйлдэл, хүсэл зоригтой холбогдож байгааг шүүх анхаарч дүгнэх шаардлагатай. Хариуцагчийн зүгээс тус хэрэг нь Ч.Ариунгэрэл нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй салшгүй холбоотой талаар хэрэг хянан шийдвэрлэх бүхий л үед тайлбарлаж байсан бөгөөд шүүгчийн зүгээс 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/Ш32020/05889 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Үүнээс гадна Нэхэмжлэгчийн зүгээс Ч.Ариунгэрэлийн данс руу цахимаар гүйлгээ хийж байсан ба үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг шүүх анхаарах нь зүйтэй. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч О.М- нь хариуцагч Тбанк ХХК-д холбогдуулан мөнгөн хадгаламжийн 3 гэрээний үүрэгт нийт 153 898 270 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 76 787 352 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хариуцагч Тбанк ХХК нь Ч.Ариунгэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэгдсэний дараа энэ нэхэмжлэл шийдвэрлэгдэх үндэслэлтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээр маргасан байна.

Нэхэмжлэгч О.М- нь хариуцагч Тбанк ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 30 840 000 төгрөгийг жилд 15,60 хувийн хүүтэй, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаатай хадгалуулахаар тохиролцон хадгаламжийн 103300591874 тоот төгрөгийн данс нээлгэсэн, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 1 000 ам.долларыг жилийн 6,41 хувийн хүүтэйгээр, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаатай хадгалуулахаар тохиролцон хадгаламжийн 103300624629 тоот валютын данс нээлгэсэн, 2017 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр нэхэмжлэгч нь хугацаагүй хадгаламжийн заавал байх үлдэгдлийн доод хэмжээ нь 5 000 төгрөг, жилийн хүү нь 0-3 000 000 төгрөгт 6 хувь, 3 000 001 төгрөгөөс дээш бол 7,2 хувийн хүүтэй байхаар, Төрийн банкинд харилцах эсхүл хугацаагүй хадгаламжийн данс эзэмших, түүнд мөнгө хөрөнгө тодорхой нөхцөлтэйгөөр байршуулах, тус банкаар төлбөр тооцоогоо хийлгэх, үйлчлүүлэх зорилгоор 103300624632 тоот төгрөгийн данс нээлгэсэн болох нь зохигчдын тайлбар, хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээнүүд, хугацаагүй мөнгөн хадгаламжийн гэрээ, дансны хуулга, кассын орлогын баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. / хх-ийн 132-133, 135-136, 137, 151-153, 2-р хх-ийн 54/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээ нь мөн хуулийн 454 дугаар зүйлийн 454.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ болохыг зөв дүгнэсэн байна.

Дээрх хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ тус бүрт заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 103300591874 дугаартай гэрээний хувьд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 103300624629 дугаартай гэрээний хувьд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч О.М-ын мөнгөн хадгаламжийн 103300591874 тоот төгрөгийн данс болон 103300624629 тоот ам.долларын данс дахь мөнгөн хадгаламжийн хэмжээ, уг хадгаламжид тооцогдох хүү, ноогдох албан татварын хэмжээг тус тус хариуцагч Төрийн банкаас тооцон ирүүлсэн тооцооллын талаар нэхэмжлэгч, няцааж маргаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.М-ын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 103300624629 дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу хадгаламжийн хүү, хөрөнгийн орлогын албан татварыг тооцон 1 060,08 ам.долларыг хариуцагч төлөх үүрэгтэй болохыг зөв тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханшийг төгрөгөөр тооцон 2 938 510 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 454.4 дэх хэсэгт нийцжээ.

Зохигчдын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 103300591874 дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдаж, хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл, жилийн 15,60 хувийн, сард 1,3 хувийн хүүтэйгээр 30 297 000 төгрөгийг дансанд байршуулж хадгалуулсан байх бөгөөд гэрээний зүйл болох хадгаламж нь хүүгээр арвижих хугацаатай хадгаламж буюу хадгаламжийн үндсэн дансанд хүү олгох бол хүүгээс хүү тооцогдохоор уг гэрээний 2.4, 2.7-д заасан байна. /1-р хх-ийн 132-133, 152/

Дээрх гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч О.М- банкинд О.М- миний бие 103300591874 тоот хүүгээр арвижих 370 хоногийн хугацаатай хадгаламжтай. Энэ хадгаламжийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дуусах юм. Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гадагшаа суралцахаар явж байгаа тул хадгаламжийн хугацааны автомат сунгалтын тоог 2021 оны 9 дүгээр сар хүртэл байхаар сунгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, хариуцагч Тбанк ХХК хүсэлтийг хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хадгаламжийн хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаатай, хадгаламжийн хүүг жилд 15,40 хувь байхаар 103300591874 дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулсан, уг гэрээнд хариуцагч банкны ажилтан харилцагчийн хүсэлтийн дагуу гэсэн тэмдэглэл хийсэн байх тул Иргэний хуулийн 195 дугар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хугацааг сунгагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /2-р хх-ийн 59, 207/

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалтыг хэрэгт авагдсан 103300591874 дугаартай гэрээний 2.13, Төрийн банкны Депозит бүтээгдэхүүний журам-ын 6.20-д Хугацаатай хадгаламжийн хугацаа сунгах хүсэлтийг харилцагчаас дараахь байдлаар авсныг хүчин төгөлдөрт тооцно. Үүнд: 6.20.2 Хугацаатай хадгаламжийн хугацаа дуусахаас өмнө харилцагч өөрийн биеэр банкны нэгж дээр ирж эсхүл Гялс банкны хугацаа сунгах цэсийг ашиглан сунгах хүсэлтээ урьдчилж гаргасан... гэж заасан зохицуулалт зэргийг тус тус харьцуулан зөв үнэлж, хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ сунгагдсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч О.М-ын эзэмшлийн хадгаламжийн 103300591874 тоот дансанд хадгаламжийн хүүгийн болон бэлэн орлогын гүйлгээ хийгдэж, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний байдлаар 46 476 856 төгрөгийн, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны байдлаар 62 940 784 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2 821 000 төгрөгийн, 13 678 000 төгрөгийн, 57 729 000 төгрөгийн бэлэн орлогын гүйлгээ хийгдэж, мөн өдөр түүний гарын үсэг бүхий 2 ширхэг баримтыг ашиглан, харилцагч банкинд биечлэн ирээгүй байхад 76 000 000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр Ч.Ариунгэрэл өөрийн дансанд шилжүүлэн авсан болох нь гэрч Ч.Ариунгэрэлийн мэдүүлэг болон дансны хуулга, орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 91, 2хх-ийн 64-67, 4хх-ийн 4/

Нэхэмжлэгч О.М-ын эзэмшлийн хадгаламжийн 103300591874 тоот дансны хуулга, Төрийн банкаас гаргасан О.М-ын 103300591874 тоот дансны хүү, татварын тооцоолол гэсэн баримтыг тус тус үндэслэн хадгаламжийн үлдэгдлийг 49 540 000 төгрөг гэж, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны хадгаламжийн хүүд 5 120 183 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны хадгаламжийн хүүд 7 863 927 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны хадгаламжийн хүүд 11 440 768 төгрөг, нийт хадгаламжийн хүү 24 424 878 төгрөг тус тус тооцогдсон талаар анхан шатны шүүхээс дүгнэсэн байна. /3хх-ийн 4-10/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн тооцооллын талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

Иймд анхан шатны шүүх 103300591874 дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт хадгаламжийн үлдэгдэл 49 540 000 төгрөг, хадгаламжийн хүүд 24 424 878 төгрөг, бүгд 73 964 878 төгрөг байхаас нэхэмжлэгч нь 73 848 852 төгрөг нэхэмжилсэн тул дээр дурдсан 103300624629 дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу 2 938 510 төгрөгийн хамт, нийт 76 787 363 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1., 454.4 дэх хэсэгт нийцсэн гэж үзлээ.

Харин шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад нэхэмжлэгч О.М- нь 3 370 907 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.М- нь 73 740 000 төгрөгийн шаардлагаа татан авсныг баталж шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт болон тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Тбанк ХХК-ийн ажилтан Ч.Ариунгэрэл нарт холбогдох үйлдлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгаж байгаа тухай баримтууд хэрэгт авагдсан байх боловч 1809046760956 дугаартай Ч.Ариунгэрэл нарт холбогдох эрүүгийн хэрэгт О.М- хохирогчоор тогтоогдоогүй, түүнд холбогдуулж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байх тул хэрэгт авагдсан гэрч Ч.Ариунгэрэлийн мэдүүлэгт үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болно.

Хариуцагч байгууллагын ажилтны ажил үүргээ гүйцэтгэж байхдаа холбогдох хууль, банкнаас гаргасан мөрдөн ажиллах журам, дүрэм зөрчсөн гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шалгаж байгаа нь мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэг шаардсан энэ нэхэмжлэлтэй хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан ...тус хэрэг нь Ч.Ариунгэрэл нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй салшгүй холбоотой... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. ...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 182Ш2021/00847 дугаар шийдвэрийн УДИРТГАЛ хэсгийн 153 898 270 гэснийг 76 787 353 гэж, ТОГТООХ хэсгийн 2 болон 3 дугаар заалтыг хүчингүй болгож, 4-ийг 2, 5-ыг 3, 6-г 4 гэж тус тус дугаарлан өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 019 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ