Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/02358

 

 

 

 

 

   2021       12           02

          181/ШШ2021/02358

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.С-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

12,104,131 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “А.С миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас НШШГГ гүйцэтгэх байгууллагын зохион байгуулдаг нээлттэй дуудлага худалдаанаас 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр болсон дуудлага худалдаанд оролцсон ба Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 13321/ Улаанхуаран 25а, 3 тоот гэх 56.39 м.кв 3 өрөө байрыг дуудлага худалдаанд оролцож журмын дагуу үнэ хаялцаж авсан. Ингээд байрыг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгнө гэсэн боловч тухайн байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа удаашралтай явагдсанаас болж 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан. Ингээд тухайн объектыг хүлээж авахад бодит байдалтай нийцэхгүй байсан 3 өрөө биш 2 өрөө байр байсан. Иймээс шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Ё.Байгальмаад хэлэхэд “м.кв зөрөхгүй ээ та хэмжүүлээд үз” гэж хэлсний дагуу 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Э ХХК-иар хэмжүүлэхэд дүгнэлтээр 43.76 м.кв гэж дүгнэлт гарсан. Энэ нөхцөл байдлаас үүдэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шийдвэр ерөнхий газарт удаа дараа амаар болон бичгээр гомдол гаргасан болно. Гомдолд хариу өгөхдөө “Та нэгэнт дуудлага худалдаанд ялж авсан болохоор өөрийн өмчлөлд шилжүүлсний дараа та шүүхэд хандаж гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж хариу өгсөн. Эрх бүхий байгууллагаас өгсөн хариуны дагуу өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг гаргахад шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Ё.Б нөгөө тал маргаантай байгаа гэж хэлж хойшлуулж явсаар 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр миний өмчлөлд шилжүүлж өгсөн байдаг. Мөн энэхүү асуудлын мөрөөр тухайн байрыг үндэсний архиваас бүртгэлийг шүүлгэхэд зориулалтыг үйлчилгээний талбай 9 дүгээр танхим, 43.11 м.кв-аар зураг төслийг гаргасан байдаг. Иймээс иргэн миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алдаатай үйл ажиллагаанаас хохирсон бөгөөд нийт 13.28 м.кв зөрүү гарсан гэж үзэн өөрийн хохирлыг барагдуулах хүсэлтэй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасны дагуу дуудлага худалдаанаас худалдан авсан хөрөнгө болох 56.39 м.кв-тай 3 өрөө байрыг 51,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Иймд худалдаж авсан тухайн байр 56.39 м.кв 51,000,000 төгрөгийг хувааж үзвэл м.кв үнэ болох 904,415 төгрөг болох ба м.кв зөрүү болох 13.28 м.кв-ийг 904,415 төгрөгөөр бодоход 12,010,631 төгрөг ба үүн дээр нийт хохирлын хэмжээ 12,104,131 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Хуульд заасны дагуу шуурхай шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02583 дугаар шийдвэрээр Ц.О-с 65,922,946 төгрөгийг гаргуулж Р ББСБ ХХК-д олгох, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083568 дугаартай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а байр, 3 тоотод байрлах 56.39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.О-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083568 дугаартай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а байр, 3 тоотод байрлах 56.39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авч С ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход шинжээчийн тайланд гэрчилгээнд 3 өрөө, биет үзлэг хийхэд 2 өрөө, 56.39 м.кв болохыг дүгнэсэн. НШШГГ болон шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээ хийх эрхгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хөндлөнгийн үнэлгээчнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилдог. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасны дагуу эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу гэм хор учраагүй байх тул 12,104,131 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч А.С нь НШШГГт холбогдуулан дуудлага худалдааны ялагч болж, худалдан авсан орон сууцны м.кв-ын зөрүү 12,010,631 төгрөг, архивын лавлагаа 8500 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 20,000 төгрөг, хэмжилт хийлгэсэн зардал 65,000 төгрөг, нийт 12,104,131 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлбөр төлөгч Ц.О-н төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а байрны 3 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083568 дугаарт бүртгэгдсэн, 56.39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулахаар 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж, уг дуудлага худалдаанд А.С оролцож, тэрээр дээрх орон сууцны үнэд 51,000,000 төгрөгийн үнэ санал болгосноор дуудлага худалдааны ялагч болсон үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “НШШГГ дуудлага худалдаанд оруулсан үл хөдлөх эд хөрөнгийг 56.39 м.кв, 3 өрөө орон сууц гэсэн боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авахад бодит байдалтай нийцэхгүй, 43.11 м.кв, 2 өрөө орон сууц байсан тул м.кв-ын зөрүү 12,010,631 төгрөг, архивын лавлагаа 8500 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 20,000 төгрөг, хэмжилт хийлгэсэн зардал 65,000 төгрөг, нийт 12,104,131 төгрөгийн хохирол учирсан” гэж тайлбарласан.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул нэхэмжлэгчид хохирол учруулаагүй” гэж тайлбарлан маргасан.

 

Иргэний хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-т “Дуудлага худалдаа зохион байгуулахаар томилогдсон этгээд уг үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүйгээс бусдад гэр хор учруулсан бол хохирлыг энэ хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу хариуцна” гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02583 дугаар захирамж, 220 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх бөгөөд уг ажиллагааны явцад төлбөр төлөгч Ц.О-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а байрны 3 тоот хаягт байрлах орон сууц нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000524612 дугаар гэрчилгээнд 56.39 м.кв, 3 өрөө гэж тэмдэглэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн С ХХК-ийн үнэлгээний тайланд “Ц.О-н өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083568 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланд”-д “...56.39 м.кв, 2 өрөө орон сууцны зориулалттай” гэж тусгагдсан байна.

 

НШШГГ-н ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5/29 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага хуралдаанд оруулахаар шийдвэрлэж, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн үйл баримт хэрэгт авагдсан Өнөөдөр сонины хуулбараар, анхны албадан дуудлага худалдаанд дээрх хөрөнгө худалдан борлогдоогүй тул 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/13 тогтоолоор төлбөрт хураагдсан эд хөрөнгийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн үйл баримт хэрэгт авагдсан Өнөөдөр сонины хуулбараар тус тус тогтоогдож байна.

 

НШШГГ-н дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах дэслэгч Б.Д 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 6/1 дугаар “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” тогтоолоор төлбөр төлөгч Ц.Ононгийн өмчлөлийн Ү-2204083568 дугаартай, дуудлага худалдааны ялагч болсон А.Ст Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а байрны 3 тоот хаягт байрлах, 56.39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч А.Ст шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч А.С нь үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Э” ХХК-иар хэмжилт хийлгэхэд “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а байр, №03 тоот орон сууц нь сууцны зориулалттай 2 өрөө, сууцны бус зориулалттай 1 өрөө, нийт 3 хэсэг өрөө, 43,76 м.кв байна” гэж дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь албадан дуудлага худалдааны ялагч болж худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан НШШГГт гомдол гаргахад тус газрын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4/899 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-аар “...Дээрх орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр султган чөлөөлж, албадан дуудлага худалдааны ялагч А.С танд хүлээлгэн өгсөн байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна” гэж, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 04/2013 тоот албан бичгээр “...Иймд дуудлага худалдаагаар худалдан авсан дээрх хөрөнгийн талбайн хэмжээ зөрүүтэйгээс эрх хөндөгдсөн гэж үзвэл хуульд заасны дагуу та хөрөнгө худалдан авахаас татгалзах, гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэх хариуг өгсөн байна.

 

Улмаар НШШГГ-н 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1-156/42034 тоот “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” албан бичиг, нэхэмжлэгчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр НШШГГт гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгч А.Сыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а байрны 3 тоот хаягт байрлах, 56.39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна.” гэж заасан.

 

НШШГГ нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд үндэслэн тухайн Үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг нийтэд мэдээлж, дуудлага худалдаагаар худалдан борлуулсан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар худалдан авсан дээрх эд хөрөнгийн талбайн хэмжээ зөрүүтэйгээс эрх хөндөгдсөн гэж үзвэл хуульд заасны дагуу хөрөнгө худалдан авахаас татгалзах эрхтэй гэх хариу өгсөн боловч нэхэмжлэгч нь хөрөнгө худалдан авахаас татгалзалгүй, өмчлөх эрхийг шилжүүлэх тухай хүсэлт гаргаж, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ ил тод байдал, шударга ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт “Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу оролцоно” гэж заасан.

 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар зохигчид иргэдийн төлөөлөгч оролцуулах шаардлагагүй гэх хүсэлтийг гаргасан тул шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хохирол 12,104,131 төгрөг гаргуулах тухай А.Сын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,616 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХЦЭЦЭГ

 

 ШҮҮГЧ                               Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 ШҮҮГЧ                               С.ХИШИГБАТ