Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00214

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00214

 

 

А.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202оны 12 дугаар сарын 02ы өдрийн 181/ШШ2021/02358 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Сын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан хохиролд 12,104,131 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С, түүний өмгөөлөгч Т.Золбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: А.С Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанаас 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран 25а, 3 тоот56.39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэ хаялцаж авсан. Орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авахад 3 өрөө биш 2 өрөө байр байсан. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Эй Би Эн Дизайн ХХК-аар орон сууцны талбайг хэмжүүлэхэд 43.76 м.кв гэж дүгнэлт гарсан. Энэ талаар НШШГГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт удаа дараа амаар болон бичгээр гомдол гаргахад дуудлага худалдаанд ялж авсан болохоор өөрийн өмчлөлд шилжүүлсний дараа та шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй гэж хариу өгсөн. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Уг орон сууцны бүртгэлийг үндэсний архиваас шүүлгэхэд зориулалтыг үйлчилгээний талбай 9 дүгээр танхим, 43.11 м.кв-аар зураг төсал гарсан байдаг. Иймд 56.39 м.кв орон сууцыг 51,000,000 төгрөгөөр худалдан авсан тул 1 м.кв үнэ 904,415 төгрөг болж байна. Орон сууцны талбайн зөрүү болох 13.28 м.кв-ийг 904,415 төгрөгөөр бодоход 12,010,631 төгрөг болох тул хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2583 дугаар шийдвэрээр Ц.Ононгоос 65,922,946 төгрөгийг гаргуулж Рилайнс ББСБ ХХК-д олгох, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083568 дугаартай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, 25а байр, 3 тоотод байрлах 56.39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Ононгийн өмчлөлийн дээрх орон сууцыг битүүмжилж, хураан авч үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн тайланд 2 өрөө, 56.39 м.кв болохыг дүгнэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан гэм хор учраагүй тул 12,104,131 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй гэжээ.

 

3.   Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хохирол 12,104,131 төгрөг гаргуулах тухай А.Сын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,616 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.   Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

a) Хариуцагч байгууллага нь 3 өрөө орон сууц худалдана гэж төөрөгдүүлж дуудлага худалдаанд оролцуулсан боловч уг орон сууц нь 13.28 м.кв-аар дутуу 2 өрөө орон сууц болохыг нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй. Шүүгч зах зээлийн үнийн 50 хувиар авсан гэдгээ зөвшөөрч байна уу гэж хөтөлж асуулт тавьсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

бИргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй шийдвэрлэсэн.

в) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага улсын бүртгэлд үндэслэн ажиллагаа явуулна гэсэн тайлбар үндэслэлгүй. Дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй гэж хууль бус шаардлага тавьсан зэрэг үйл баримтуудыг үнэлээгүй гэжээ.

6.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: НШШГГ нь дуудлага худалдаа зохион байгуулах эрх бүхий байгууллага тул барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан. Ингэхдээ Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийж, 3 өрөө орон сууцыг 74,501,622 төгрөгөөр үнэлсэн. Тухайн орон сууцанд биет үзлэг хийхэд 3 өрөө бус 2 өрөө орон сууц байсан болох нь шинжээчийн тайланд тусгагдсан. Мөн дуудлага худалдаанд оролцогч нь дуудлага худалдаа болохоос өмнө тухайн хөрөнгийг очиж үзэх боломжтой. Гэтэл дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдааны өмнө тухайн орон сууцыг очиж үзээгүй, танилцаагүй бөгөөд орон сууцны биет байдалтай танилцаж, энэ талаар асуух боломжтой байсан. Гэтэл өнөөдөр тус орон сууцны м.кв-ын зөрүүг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээний байгууллага үнэлж, хэмжилт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч А.С нь хариуцагч НШШГГт холбогдуулан хохиролд 12,104,131 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02583 дугаар захирамжаар Ц.Ононгоос 65,644,759 төгрөг гаргуулж, Рилайнс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. /хх 25-26/

1а. Хариуцагч байгууллага нь дээрх шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгч Ц.Ононгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, 25а байрны 3 тоот хаягт байрлах, 56.39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураажүнэлгээ тогтоолгохоор шинжээч томилох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 78-80, 82/

 

1б. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланд ... үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 3 өрөө гэх боловч биет үзлэг хийхэд 2 өрөө орон сууц байсан болно гэж дурдсан байна. /хх 86-102/ Түүнчлэн, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд маргаан бүхий орон сууцыг 56,39 м.кв талбайтай 3 өрөө орон сууц гэж заажээ. /хх 86-106, 81/ун

 

Нэхэмжлэгч А.С нь хариуцагч байгууллагаас 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцож, маргаан бүхий орон сууцыг 51,000,000 төгрөгийн үнийн санал гарган ялж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өмчлөх эрхийг шилжүүлэн авч хэлцэл хийгдсэн үйл баримт тогтоогдсон. Талууд энэ талаар маргаагүй. /хх 124-129/

 

2.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Хариуцагч байгууллагын буруутай үйлдлийн улмаас 13,28 м.кв талбайн зөрүүд 12,010,631 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлажээ.

 

2а. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ зөрүүтэй талаар хариуцагч байгууллагад хандаж байсан бөгөөд хариуцагч байгууллага ... талбайн хэмжээ зөрүүтэйгээс эрх хөндөгдсөн гэж үзвэл хуульд заасны дагуу хөрөнгө худалдан авахаас татгалзах эрхтэй талаар хариу өгч байсан байна. /хх 23/ Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг худалдан авахаас татгалзаагүй, харин эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаар хариуцагч байгууллагад хүсэлт /хх 22, 137/ гаргаж байсан болох нь тогтоогдож байна. Иймд түүний энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй. /5в/

 

2б. Хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж, хоёр дахь албадан дуудлага худалдаанд маргаан бүхий орон сууцыг 51,000,000 төгрөгийн үнийн саналаар ялсан нэхэмжлэгч А.Сын хүсэлтийг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11, 71.18 дахь хэсэгт заасантай нийцсэн. Иймд хариуцагч байгууллагын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 12,010,631 төгрөгийн хохирол бүхий гэм хор учирсан гэж үзэх үндэслэл, шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

 

3.   Худалдан авсан эд хөрөнгө гэрээнд заасан чанарт нийцэхгүй, доголдолтой гэж үзвэл Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд хариуцагч байгууллага нь худалдагч бус харин дуудлага худалдаа зохион байгуулагч байна. Иймд хариуцагч нь гэрээний зүйл болох орон сууцны хэмжээ гэрчилгээнд зааснаас бага байгааг шууд хариуцах этгээд биш байхаас гадна дуудлага худалдаа талбайн хэмжээ, м.кв-ын үнээр явагдаагүй болно.

 

4.   Зохих журмын дагуу томилогдсон иргэдийн төлөөлөгч Н.Цэрэнпүрэв нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд ирээгүй боловч зохигчид түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт нийцсэн тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202оны 12 дугаар сарын 02ы өдрийн 181/ШШ2021/02358 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ