Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/02264

 

 

 

 

 

 2021        11          24

           181/ШШ2021/02264

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Д-н нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: М ХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөр 39,244,973 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1605038229 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 39,244,973 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:     

 

Нэхэмжлэгч А.Д миний бие Х.Гтэй 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, түүний эхнэр билээ. Бид хоёр 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Голомт банктай Орон сууцны зээлийн гэрээ, Ипотекийн гэрээг байгуулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, 3 дугаар байр, 155 тоотод байрлах, нийт 59.43 м.кв бүхий 2 өрөө сууцыг зээлээр авсан.

Тус гэрээ болон Монгол банкны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам, Монголын ипотекийн корпорацийн шаардлагын дагуу зээлдэгч нь заавал эд хөрөнгийн болон амь насны даатгалд даатгуулсан байх шаардлагатай.

Үүний дагуу М ХК-тай 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1501006163 тоот гэрээг байгуулж, би даатгалын гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Тус гэрээний 2 дугаар зүйл /зээлдэгчийн гэнэтийн ослын даатгал/-ийн 2.1 дэх хэсэгт “Даатгуулагч аливаа гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах” гэж оруулсан, өвчний улмаас нас барсан тохиолдолд даатгалын хамгаалалтад хамруулж, даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын хураамжийг Голомт банктай байгуулан, Орон сууцны зээлийн гэрээний хавсралт 1-т заасан Орон сууцны зээлийн эргэн төлөлтийн тооцоонд оруулан, хуваарийн дагуу төлдөг байсан.

Миний нөхөр Х.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бүдүүн нарийн гэдэсний тайралт, хагалгааны дараах тэжээлийн доройтол гэх өвчний улмаас харамсалтайгаар хорвоогоос хальж бидэнд нөхөж баршгүй хүнд хохирол учирч, Маас нөхөн төлбөр хүссэн.

Гэтэл Мын зүгээс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг баримтлан нөхөн төлбөр өгөхөөс татгалзаж, үндэслэлдээ 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын 1605035229 тоот гэрээгээр үйлдвэрийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс осол гэсэн эрсдэлүүдээс даатгуулагчийг хамгаалсан. Харин Х.Г нь өвчний улмаас нас барсан тул гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй гэж тайлбарласан.

2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1501006163 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт Талууд гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гэрээг сунгах асуудлыг шийдвэрлэх ба гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж болно гэж заасны дагуу болон Голомт банктай байгуулсан гэрээний дагуу Голомт банк даатгалын хураамжийг Мд төлж автоматаар сунгагдах нөхцөлийн дагуу гэрээг ахин сунгасан болно. Өөрөөр хэлбэл талууд гэрээний хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө гэрээнд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл Мын зүгээс надад гэрээнд өөрчлөлт оруулахыг мэдэгдэлгүйгээр гэрээг шинэчлэн сунган байгуулсан байна.

Мөн Мын нөхөн төлбөр олгохоос татгалзаж буй гэрээний нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-т гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл байна.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр баталсан 109 дугаар Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.1-т “Даатгагч ипотекийн бүтээгдэхүүнийг хорооноос баталсан тусгай зөвшөөрөл, бүртгэлийн журамд заасны дагуу даатгалын хэлбэр бүртгүүлэхтэй нэгэн адил хороонд бүртгүүлнэ” гэж заасан. Гэтэл Мын хувьд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын 1605038229 тоот гэрээг сунган байгуулахдаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, батлуулаагүй бүтээгдэхүүнээр гэрээ байгуулсан, хууль журмыг зөрчиж байгуулжээ.

Миний нөхөр Х.Г болон надад даатгалын хамгаалалтыг сонгох боломжоор хангаагүй, гэрээний нөхцөлийг танилцуулаагүй, Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын дагуу Мэдүүлгийн маягтын загварыг бөглүүлээгүй, гэрээний нэг хувийг гардуулж өгөөгүй 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1605038229 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан.

Энэ нь даатгалын компани анх байгуулсан гэрээний нөхцөлөө зөрчсөн, гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн байна. Түүнчлэн гэрээг сунгах 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн 1605038229 тоот даатгалын гэрээнд манай нөхөр Х.Гийн гарын үсгийг зуруулаагүй атлаа намайг гэрээний хувийг шаардахад Голомт банкны ажилтан тус гэрээнд миний нөхөр Х.Гийн гарын үсгийг дуурайлгаж зурсан байна.

Энэ нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д “Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах” гэж заасныг зөрчсөн. Улмаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/2302 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олго гэж шийдвэрлэсэн боловч Мын зүгээс одоог хүртэл нөхөн төлбөрийг олгоогүй. Олгохгүй болохоо утсаар мэдэгдсэн.

Би гэрээний дагуу даатгалын хураамжаа төлсөн тул М нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нөхөн төлбөрийг өгөх үүрэгтэй” заасны дагуу гэрээ байгуулагдсан.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр баталсан 109 дугаартай Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.8.1-т Даатгуулагч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан бол зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгоно гэж заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр 39,244,973 төгрөг нэхэмжилж байна.

Иймд даатгалын нөхөн төлбөр 39,244,973 төгрөгийг М ХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч М ХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Даатгалын тухай хуульд зааснаар даатгалын компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд М ХК нь ердийн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг даатгалын байгууллага юм.

Санхүүгийн зохицуулах хороо нь ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг анх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 109 тоот тогтоолоор баталсан бөгөөд тус тогтоолын 5-д “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс журамд нийцүүлэн ипотекийн даатгалын бүтээгдэхүүн боловсруулж бүртгүүлэх, мөн тогтоолын 6-д СЗХ-д бүртгүүлээгүй бүтээгдэхүүн борлуулахгүй байх”-ыг даатгалын компаниуд болон зуучлагч банкнуудад даалгасан байдаг. Тус журмаар даатгалын гэрээнд заах эрсдэлийг шууд нэрлэн заасан. Өөрөөр хэлбэл журмын 2.1.1-т “Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн байгалийн үзэгдлээс үүссэн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт эрсдэлийг даатгана” гэж зохицуулсан. Харин аливаа шалтгааны улмаас даатгагчийн даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг урт хугацааны даатгагч даатгах талаар журмын 2.2.2-т ялгаж зохицуулсан байсан.

Манайх урт хугацааны даатгагч биш, ердийн даатгагч учраас тус журмын 2.2.1-т заасан эрсдэлээ даатгахаар бүтээгдэхүүнийг боловсруулж, СЗХ-нд бүртгүүлэх хүсэлтээ өгч, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6/3431 тоот албан бичгээр СЗХ нь ипотекийн даатгалын бүтээгдэхүүнийг бүртгэсэн. Үүнээс хойш ипотекийн даатгалын бүртгүүлсэн бүтээгдэхүүнийг банкнуудаар дамжуулан борлуулсаар ирсэн.

Хорооны тус ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд нийцүүлэн бүртгүүлсэн гэрээний нөхцөлөөр зээлдэгч Г, Д нартай 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1605038229 тоот ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай, Голомт банкаар зуучлуулан байгуулсан.

Энэхүү гэрээний хугацаанд зээлдэгч Гантөмөр нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсанд нөхөн төлбөр хүссэн бөгөөд гэрээнд заасан эрсдэл /үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүй/-ийн улмаас түүний амь насанд хохирол учраагүй байсан тул гэрээний 7.3-т “Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл”, үүний 7.3.1-т “Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан”, 7.3.14-т “Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол” болон Даатгалын тухай хуулийн 8.5-д “Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно”, үүний 8.5.3-т “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

А.Д нь даатгалын нөхөн төлбөрийг М ХК-иас нэхэмжлэхийн тулд талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан даатгалын гэрээ байгуулагдсан байх ёстой. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу даатгалын гэрээ нь бичгээр байгуулах шаардлагатай гэрээ юм.

Гэвч А.Дгийн нэхэмжлэлтэй М ХК-д холбогдох 39,244,973 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт авагдсан баримтаар:

“Х.Г нь богино гэдэсний хам шинж, эрдэс бодис тэжээлийн дутагдал оношоор тус эмнэлгийн ердийн мэс заслын тасагт 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04 хүртэл тус тус хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухай бүрт зайлшгүй шаардлагатай оношилгоо, эмчилгээг хийж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өвчтөн 3 дахь удаагаа эмнэлэгт хэвтэхэд өвчтөний биеийн байдал туйлын хүнд, эрчимт эмчилгээ хийсэн боловч эмчилгээнд үр дүн өгөхгүй улам дордож байгаа бөгөөд цаашид тавилан муу, найдваргүй тухай ар гэрийнхэнд эмчлэгч эмч тайлбарлахад эхнэр А.Д гэрийн асаргаанд авч гарах хүсэлт гаргасныг хүлээн авч, эмнэлгээс гаргасан болно” гэх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 85 тоот тодорхойлолтоос харахад талийгаач Х.Г нь нас барахаас 9 хоногийн өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Голомт банкан дээр ирж даатгалын гэрээ байгуулах боломжгүй, биеийн байдал муу байсан нь харагдаж байна.

Мөн Х.Гийн гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай гарын үсгийн бүтцийг илэрхийлэх шинж тэмдгээрээ тохирохгүй гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1901 тоот шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээс харахад талийгаач Х.Г нь гэрээний нөхцөлтэй танилцаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй болох нь батлагдаж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан даатгалын гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Иймд А.Д нь М ХК-иас нөхөн төлбөр шаардах эрхгүй юм.

Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төлбөр бус байна.” гэж, мөн хуулийн 56.1.8-т “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасныг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1605038229 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ нь хураамж төлснөөр нөхөн төлбөр олгох үүрэг үүсдэггүй. Харин гэрээнд заасан нөхцөл бүрдсэн үед нөхөн төлбөр олгох үүрэг үүсдэг. Даатгалын тухай хуульд даатгалын нөхөн төлбөр гэдэг нь гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд мөнгөн хөрөнгийг олгоно гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр гэрээнд заасан эрсдэл, нөхцөлийг шалгах шаардлагатай. Даатгалын гэрээнд үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл, гуравдагч этгээдийн үйлдлээс учирсан хохиролд амь насны даатгалын төлбөр өгнө гэж тохирсон байдаг.

Х.Г нь гэрээтэй танилцаагүй, гарын үсэг зураагүй байдаг. 2016 онд дууссан гэрээний нөхцөлөөр шаардах үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.1 дэх хэсэгт зааснаар хугацаа дуусгавар болсон, тухайн гэрээний хүчинтэй хугацаанд ямар ч хохирол гараагүй. 2017 онд буюу 6 сарын дараа байгуулагдсан гэрээгээр нэхэмжилж байгаа бол үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл, гуравдагч этгээдийн үйлдлээс амь насаа алдсан зүйл байхгүй. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын нөхөн төлбөр олгох болзол бүрдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлт болон эмнэлгийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбараар энэ гэрээтэй танилцаагүй, гарын үсэг зураагүй гэдэг нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан “2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1605038229 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:            

 

А.Дгийн нэхэмжлэлтэй “М” ХК-д холбогдох 39,244,973.00 төгрөг гаргуулах тухай хэрэгт авагдсан “Х.Г нь богино гэдэсний хам шинж, эрдэс бодис тэжээлийн дутагдал оношоор тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл, 2018 оны 01 дүгээр сарын 03-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл тус тус хэвтэн эмчлүүлсэн.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухай бүрт зайлшгүй шаардлагатай оношилгоо, эмчилгээг хийж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өвчтөн 3 дахь удаагаа эмнэлэгт хэвтэхэд өвчтөний биеийн байдал туйлын хүнд, эрчимт эмчилгээ хийсэн боловч эмчилгээнд үр дүн өгөхгүй улам дордож байгаа бөгөөд цаашид тавилан муу, найдваргүй тухай ар гэрийнхэнд эмчлэгч эмч тайлбарлахад эхнэр А.Д гэрийн асаргаанд авч гарах хүсэлт гаргасныг хүлээн авч, эмнэлгээс гаргана болно” гэх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 85 тоот тодорхойлолтоос харахад талийгаач Х.Г нь нас барахаас 9 хоногийн өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Г” ХХК дээр ирж даатгалын гэрээ байгуулах боломжгүй, биеийн байдал муу байсан нь харагдаж байна. Мөн “Х.Гийн гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай гарын үсгийн бүтцийг илэрхийлэх шинж тэмдгүүрээ тохирохгүй” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1901 тоот шинжээчийн дүгнэлтээс харахад талийгаач Х.Г нь гэрээний нөхцөлтэй танилцаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй болох нь батлагдаж байна.

Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасныг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1605038229 тоот ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч А.Д сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа:  

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу тус зохицуулалтаар даатгуулагч нь даатгалын гэрээгээр даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөх үүрэг тус тус хүлээдэг.

Даатгуулагчийн зүгээс нөхөр бид хоёрын хувьд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “М” ХК-д амь насны даатгалын хураамжид 39,244 төгрөгийг, эд хөрөнгийн даатгалын хураамжид 174,720 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд амь насны болон эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулахдаа хүлээн зөвшөөрч, даатгалын хураамжийг төлсөн нь гэрээг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр болно.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэж заасны дагуу бичгээр байгуулах гэрээг гол нөхцөлийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж анх орон сууцны зээлийн болон ипотекийн гэрээнүүдэд миний нөхөр бид хоёр гарын үсэг зурсан. Тус гэрээний дагуу жил бүр даатгалын хураамжаа төлсөн.

Даатгагчийн зүгээс 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт “Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй” гэж заасны дагуу хураамж төлсөн тохиолдолд даатгагчид нөхөн төлбөр төлөх үүрэг үүссэн.

Мөн түүнчлэн Даатгалын гэрээ нь бичгээр байгуулагдсан, зөвхөн даатгуулагчид танилцуулгагүйгээр байгуулагдсан эсэх үндсэн маргаан хэлэлцэж байхад даатгагчийн зүгээс гэрээнд гарын үсэг зураагүй нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбарлаж байгаа ч тус даатгалын гэрээг “М” ХК-ийн зүгээс даатгалын зуучлагч буюу “Г” ХХК-иар өөрийгөө төлөөлүүлэн байгуулсан, зохих ажилтан нь гарын үсэг зурж гэрээг хүлээн зөвшөөрсөн байгаа нь өөрийн зүгээс гэрээг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр бөгөөд манай талаас гэрээнд гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах боломжгүй байна.

2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1501006163 тоот гэрээнд би өөрөө гарын үсэг зурсан байдаг бөгөөд даатгалд гэрээгээ өгөхөөс өмнө, одоо ч гэрээнд гарын үсэг зурах боломжтой байдаг боловч надад анх танилцуулсан гэрээнээс өөр учраас би гарын үсэг зураагүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү                                 гэжээ.

 

Хариуцагч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бидний гаргасан сөрөг нэхэмжлэл нь бие даасан шаардлага болох боломжгүй, анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан хэлцэл. Өмнө байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл гаргасан байсан. Одоо сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэлээ гэрээ хүчин төгөлдөр бус байдлаар тайлбарлаж байна. Гэхдээ даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар үүргийн харилцааны гэрээний зохицуулалт байна. Даатгагчийн хувьд даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр олгох үүрэг хүлээдэг бол даатгуулагчийн зүгээс даатгалын хураамжийг төлөх үүргийг хүлээдэг. Даатгалын хураамжийг төлснөөр үүргийн харилцаа үүсч байгаа юм.

Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт заасан зохицуулалтаас үзвэл даатгалын хураамж төлснөөр үүргийн харилцаа үүснэ. Энэ тохиолдолд гэрээний хэлбэр дээр маргаж байгаа, гарын үсэг зурахдаа талийгаачийн гарын үсгийг дуурайсан гэдэг байдлаар хариуцагч маргаж байна. Хуульд бичгээр байгуулахаар заасан гэрээг энэ тохиолдолд бичгээр байгуулаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь бичгээр байгуулсан гэрээ нь байна.

Бидний зүгээс маргаж байгаа гол үндэслэл нь гэрээг танилцуулаагүйд байгаа юм. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт “Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрсөн талаараа илэрхийлсэн тал гарын үсэг зурсан захидал бичиг, баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсан гэж тооцно” гэж заасан байдаг.

Бидний маргаж байгаа даатгалын гэрээ бусад даатгалын гэрээнээс нэг зүйлээрээ ялгаатай байна. Энэ нь үндсэн гэрээ нь ипотекийн зээлийн гэрээ байгаа. Цаанаасаа тавьж байгаа журам, хуулийн зохицуулалт нь ипотекийн зээлийн гэрээ нь хугацаагаараа даатгалд хамрагдсан байх ёстой.

Анх тохиролцсон гэрээгээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан анхны гэрээ байгаа. Анх байгуулсан гэрээнд А.Д гарын үсэг зурсан байдаг. Энэ гэрээний зохицуулалт нь өөрчлөгдөх юм бол талуудад 30 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж гэрээнд заасан. Анхны гэрээгээр даатгуулагч аливаа гэнэтийн осол, өвчин, архаг хууч өвчний улмаас амь насаа алдсан тохиолдолд гэнэтийн ослын даатгалд хамруулж нөхөн төлбөр өгөх зохицуулалттай байсан.

Даатгалын гэрээний гол зүйл болох даатгалын гэрээний зүйл нэмэх, хасах нь гол зүйл байдаг учраас банк болон даатгалын компаниудын ашиг сонирхол нэг байдаг. Даатгалын тухай хууль болон Иргэний хууль, журмыг харсан ч даатгуулагч өөрөө даатгалын зүйлээ сонгох эрхтэй. Үүнийг заавал даатгагч, даатгуулагчид танилцуулах ёстой.

Санхүүгийн зохицуулах хорооны хариунаас харах юм бол журмын 4.5 дахь хэсэгт даатгагч даатгалын гэрээг байгуулах зүйл, гэрээний нөхцөлд даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ хуулийн гуравдугаар хавсралтад заасан мэдүүлгийн маягтын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч даатгуулагчаар баталгаажуулсан байна гэсэн. Энэ заалт журам дээрээ одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Баримт дээр гарын үсэг зураагүй гэдэг нь гэрээнийхээ нөхцөлийг танилцуулаагүй гэдэг нь нотлогдож байна.

Гэрээний стандарт нөхцөлийг өөрчилж байгаа нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.4 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон үүргээ нөгөө тал хууль ёсны ашиг сонирхолд үл нийцүүлэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан гэж байгаа юм. Стандарт нөхцөлийг өөрчлөөд гэрээ байгуулсан гэж үзэж байна.

Хэлэлцүүлгийн үе шатанд хэд хэдэн зүйл яригдаж байна. Хоёрдугаарт даатгалын зуучлагч яригдаж байна. Гол харилцаа нь анх гэрээ байгуулагдаад журамдаа өөрчлөлт оруулсан, түүнийхээ дагуу гэрээний нөхцөлийг өөрчилсөн гэж М ХК-ийн зүгээс ярьж байна.

Бид Санхүүгийн зохицуулах хороонд хандаад ямар даатгалын бүтээгдэхүүнийг гэрээг бүртгүүлсэн бэ гээд лавлагаа авахаар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээнээс өөр гэрээ байгаа. Амь насны даатгал дээр сонгох боломжийг олгосон байгаа, бүртгэгдээгүй гэрээ байгуулагдсан байна.

Журмын 5.1 дэх хэсэгт зааснаар хороонд бүртгүүлсэн ипотекийн даатгалын бүтээгдэхүүний гэрээ, даатгалын хувь хэмжээнд хорооны зөвшөөрөлгүй өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан. Мөн 5.4.1 дэх хэсэгт “өмнө хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр гэрээ байна” гэсэн зохицуулалт байгаа.

Гэрээ болон журмаараа даатгалын гэрээ тасалдах ёсгүй, нэг жилийн хугацаанд дууссан байж болно. Гэхдээ журам дээрээ даатгалын хураамжийг аваад гэрээгээ байгуулаад зохих журмыг нь оруулж өгсөн байна. Орон сууцны зээлийн гэрээгээр харилцааг зохицуулсан. Тэгэхээр гэрээ дуусаад өөр төрлийн гэрээ байгуулж болно, гэхдээ танилцуулах ёстой байсан гэсэн шаардлагыг бид тавьж байна. Зуучлагч, даатгагч хоёрын ашиг сонирхол нэг учраас ийм харилцаа үүсдэг.

Хэрвээ даатгуулагчийн буруу гэж байгаа бол энэ нь хариуцагч болон Голомт банк ХХК хоёрын хоорондох асуудал юм. Голомт банк ХХК нь хариуцлага алдсан бол М ХК нь гэрээгээр хохирлоо нэхэмжилнэ үү гэхээс нэхэмжлэгчид үр дагавар гаргахгүй. Нөхөн төлбөр олгох гэрээг М ХК гэж байгуулсан учраас М ХК-ийн үүрэг гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 39,244,973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлээс хариуцагч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч А.Д нь нөхөр Х.Гийн хамт хариуцагч М ХК-тай “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ” байгуулсан. Даатгуулагч Х.Г 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нас барснаар даатгалын тохиолдол үүсч, нөхөн төлбөр авах эрх үүссэн гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.

 

Хариуцагч М ХК нь “Талийгаач Х.Г нь гэрээний нөхцөлтэй танилцаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан даатгалын гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Иймд А.Д нь М ХК-иас нөхөн төлбөр шаардах эрхгүй” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Хариуцагч М ХК нь нэхэмжлэгчид холбогдуулан “2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1605038229 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан боловч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээс татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар сөрөг нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэг авагдсан баримтаар талийгаач Х.Г, нэхэмжлэгч А.Д нар нь 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Голомт банк ХХК-тай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 45,600,000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр Ипотекийн гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, 3 дугаар байр, 155 тоот 59.43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан байна. Орон сууцны зээлийн гэрээний 3.1.6-д зааснаар зээлдэгч нар нь гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд амь насны даатгалд даатгуулах үүрэг хүлээжээ. /хх11-19/

 

Нэхэмжлэгч А.Д, талийгаач Х.Г нар уг орон сууцыг “М” ХК-д даатгуулж, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1 жилийн хугацаатай 1501006163 тоот даатгалын гэрээ байгуулан орон сууцны үнэлгээг 145,600,000 төгрөгөөр тохирч, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 227,469 төгрөгийн хураамж төлсөн болох нь талуудын маргаагүй тайлбар, хэрэгт авагдсан даатгалын гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх163-166/

 

Даатгалын гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дуусч, шинээр 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулж, даатгалын хураамжийг гэрээний эхний жил амь нас, эрүүл мэндийн даатгалд 39,244 төгрөг, барьцаа хөрөнгийн даатгалд 174,720 төгрөг, нийт 213,964 төгрөгийн хураамжийг төлүүлсэн байх боловч дээрх гэрээний даатгуулагч хэсэгт зурсан Х.Г гэх гарын үсэг нь даатгуулагч /талийгаач/ Х.Гийн гарын үсэг биш, уг гэрээний агуулгыг танилцуулж гарын үсэг зуруулаагүй болох нь хэрэгт авагдсан Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1901 тоот “Шинжилгээнд ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1605038229 дугаартай “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ” гэсэн эхний нүүрний зүүн доод хэсэгт “Даатгуулагч” гэсэн хэсэгт болон ар талын нүүрний баруун доод хэсэгт “Даатгуулагчийг төлөөлж” гэсэн хэсэгт тус тус зурагдсан гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Х.Гийн гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай гарын үсгийн бүтцийг илэрхийлэх шинж тэмдгүүдээрээ тохирохгүй” шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх103, 109-115/

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 109 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 2.5-д “Даатгуулагч нь орон сууцаа энэхүү журмын 2.4-т заасан эрсдэлээс бусад нэмэлт эрсдэлийг гэрээний үндсэн дээр даатгагчтай харилцан тохиролцож, даатгуулж болно” гэж, 4.4.2-т “Зээлдэгчид даатгалын эрсдэл, даатгагчаа сонгох эрхийг олгох”, 4.5-д “Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл, шаардлага, даатгалын хураамжийг танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан “Мэдүүлгийн маягтын загвар”-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгагчаас баталгаажуулсан байна”, 5.4.2-т “Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх” гэж тус тус заажээ./хх92-96/

М ХК, Голомт банк ХХК нар нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ” байгуулсан байх бөгөөд тус гэрээний 3.1.1-т зааснаар “Даатгагч нь зуучлагчид даатгуулагчтай байгуулах даатгалын гэрээг дугаарлан, тамга тэмдэг даран хүлээлгэн өгөх ба зуучлагч нь энэхүү даатгалын гэрээг даатгуулагчтай байгуулна”, 6.2.3-т зааснаар “Даатгалын гэрээнд даатгуулагчаар бүрэн гарын үсэг зуруулах, гарын үсэг зурсан эсэхийг нягтлах, гарын үсэг зуруулаагүй тохиолдолд үүсэх аливаа үр дагаврыг хариуцах” үүргийг зуучлагч хүлээж, 8.1-д “Зуучлагч нь даатгалын гэрээ хийх явцад алдаа дутагдалтай ажилласан тохиолдолд өөрийн буруугаас үүссэн хохирлыг даатгагч болон даатгуулагчийн өмнө хариуцна” гэж заажээ./хх72-78/

 

Иймд Иргэний хуулийн 440 дүгээр зүйлийн 440.1-т “Даатгалын төлөөлөгч даатгалын гэрээ байгуулах эрхтэй” гэж заасны дагуу Голомт банк ХХК нь М ХК, Голомт банк ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ”-ний дагуу даатгалын зуучлагчийн үүргийг гүйцэтгэж, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1605038229 дугаартай “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ”-г байгуулсан байх бөгөөд даатгалын гэрээнд даатгуулагчаар гарын үсэг зуруулах, гарын үсэг зурсан эсэхийг нягтлах, гарын үсэг зуруулаагүй тохиолдолд үүсэх аливаа үр дагаврыг хариуцах үүргийг зуучлагч хүлээсэн тул хариуцагчийн “2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1605038229 дугаартай “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ”-нд даатгуулагч гарын үсэг зураагүй тул даатгалын гэрээ байгуулагдаагүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд даатгуулагч Х.Г даатгалын хураамжийг төлснөөр зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Талийгаач Х.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “нарийн бүдүүн гэдэсний тайралт хагалгааны дараах тэжээлийн доройтол” өвчний улмаас нас барсан болох нь 0000209416 дугаартай Нас барсны гэрчилгээний хуулбар, зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна./хх6/

 

Нэхэмжлэгч А.Д нь нас барагч Х.Гийн эхнэр болох нь гэрлэлтийн Г-163 тоот гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул түүнийг Х.Гийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзнэ. /хх7/

 

Нэхэмжлэгч А.Д 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр даатгалын нөхөн төлбөр хүссэн хүсэлтийг холбогдох материалын хамт М ХК-д гаргахад даатгагч нь №1605038229 тоот “Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ”-ний 7.3.1-т заасан “Аливаа ердийн болон архаг хууч өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан”-д нөхөн төлбөр олгохгүй гэх заалт болон 7.3.14-т заасан “Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол”-д нөхөн төлбөр олгохгүй” гэх заалтуудад үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзжээ. /хх71/

 

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан бөгөөд Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу даатгуулагч А.Д нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байх ба тус хорооны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/2302 тоот албан бичгээр “Хорооны 2020 оны 9/1816 тоот албан бичгээр ипотекийн даатгалын 2017 оны ЗГ1605038229 тоот гэрээг байгуулахад даатгуулагчаар баталгаажуулсан мэдүүлгийн маягт”-ыг ирүүлэхийг мэдэгдсэн боловч Хороонд ирүүлээгүй нь Хорооны 2017 оны 109 дүгээр тогтоолоор батлагдсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу даатгагч тухайн иргэнд зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлээс сонголт хийх эрх олгоогүй, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасныг зөрчсөн, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг даатгуулагчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэхээр байна...Дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т тус тус заасны дагуу гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой” гэж шийдвэрлэжээ. /хх20-21/

 

М ХК нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно.” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаагүй буюу давж заалдаагүй байна.

 

Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1-т “Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй” гэж заасан.

 

“М” ХК-ийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний маягтыг урьдчилан хэвлэж, бэлэн болгосон, гэрээний нөхцөлийг нөгөө талтай нэг бүрчлэн харилцан тохиролцсон болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзнэ.

 

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5.4.1-т зааснаар өмнөх гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ. Тодруулбал, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар даатгуулагч аливаа гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдсан бол даатгалын тохиолдолд хамаарч байсан. Өөрөөр хэлбэл, өвчний улмаас нас барахад ердийн болон архаг өвчний улмаас нас барсан бол даатгалын төлбөр олгохгүй байх нөхцөл гэж гэрээнд тусгайлан заагдаагүй байжээ.

 

Харин стандарт нөхцөл бүхий гэрээний онцлог нь гэрээний шударга байдлыг хангах, гэрээний нөгөө талд гэрээний нөхцөлийг ил тодоор танилцуулах, үүсэх үр дагаврын талаар ойлгомжтой, тодорхой томьёолсон байхыг шаарддаг. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар талуудын харилцан итгэлцэж, шударга ёсны зарчимд үл нийцэх агуулгатай нөхцөл заасан бол тухайн стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үздэг.

 

Хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан бичиг, анх байгуулагдсан гэрээний нөхцөлд байхгүй буюу аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдвал даатгалын тохиолдолд хамруулахгүй тухай заалтыг сүүлийн гэрээний нөхцөлд нэмж оруулсныг даатгуулагчид нэг бүрчлэн танилцуулсан эсэхийг хариуцагч тал нотлоогүй.

 

Өөрөөр хэлбэл, энгийн болон архаг өвчний улмаас нас барах нь даатгалын тохиолдолд хамаарахгүй, даатгалын төлбөр төлөхгүй болсон гэрээний нөхцөлийг өөрчилсөн нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг харилцан итгэлцэл, шударга ёсны зарчмыг зөрчиж, нөгөө талдаа хохиролтой тусгасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэхүү хүчин төгөлдөр бус гэрээний заалтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг хариуцагч олгохоос татгалзах эрхгүй.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 3.1.8-д “Даатгуулагч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар бүрэн алдсан бол зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгоно” гэж заасан бөгөөд дээрх эрсдэлд даатгуулагч Х.Гийн амь насаа алдсан эрсдэл хамаарах ба 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний Нөхөн төлбөр хэсэгт “Даатгуулагч нас барсан хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан үед даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо зээлийн үндсэн төлбөрөөс зээлдэгч буюу даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээр тооцно” гэж заажээ.

 

Иймд даатгуулагч Х.Гийн нас барсан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр орон сууцны зээлийн үндсэн төлбөрийн эцсийн үлдэгдэл 39,244,973 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5, 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

                 1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх заасныг баримтлан М ХК-иас 39,244,793 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Д-д олгосугай.

 

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан “Даатгалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,175 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХК-иас 354,175 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХЦЭЦЭГ