Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00335

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00335

 

 

 

А.Д-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02264 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Д-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч МД ХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөр 39,244,973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1605038229 тоот ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 12 дугаар сарын байдлаарх ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр 39,244,973 төгрөг буюу даатгалын нөхөн төлбөр.

А.Д- Х.Г- нар нь 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, албан ёсны гэр бүл бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Голомт банктай орон сууцны зээлийн гэрээ, ипотекийн гэрээг байгуулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж 3 дугаар байр, 00 тоотод байрлах, нийт 59.43 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг зээлээр авсан.

Тус гэрээ болон Монгол банкны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам, Монголын Ипотекийн Корпорацийн шаардлагын дагуу зээлдэгч нь заавал эд хөрөнгийн болон амь насны даатгалд даатгуулсан байх шаардлагатай.

Үүний дагуу МД ХК-тай 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1501006163 тоот гэрээг байгуулж, А.Д- даатгалын гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Тус гэрээний 2 дугаар зүйл /зээлдэгчийн гэнэтийн ослын даатгал/-ийн 2.1 дэх хэсэгт Даатгуулагч аливаа гэнэтийн осол, өвчний улмаас амь, насаа алдах гэж оруулсан, өвчний улмаас нас барсан тохиолдолд даатгалын хамгаалалтад хамруулж, даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын хураамжийг Голомт банктай байгуулсан, Орон сууцны зээлийн гэрээний хавсралт 1-т заасан орон сууцны зээлийн эргэн төлөлтийн тооцоонд оруулан, хуваарийн дагуу төлдөг байсан.

Нөхөр Х.Г- нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бүдүүн нарийн гэдэсний тайралт, хагалгааны дараах тэжээлийн доройтол гэх өвчний улмаас нас барсан. Мандал даатгалаас нөхөн төлбөр хүссэн. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг баримтлан нөхөн төлбөр өгөхөөс татгалзаж, үндэслэлээ уг гэрээгээр үйлдвэрийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс осол гэсэн эрсдэлүүдээс даатгуулагчийг хамгаалсан. Харин Х.Г- нь өвчний улмаас нас барсан тул гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй гэсэн.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт Талууд гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гэрээг сунгах асуудлыг шийдвэрлэх ба гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж болно гэж заасны дагуу болон Голомт банктай байгуулсан гэрээний дагуу Голомт банк даатгалын хураамжийг Мандал даатгалд төлж автоматаар сунгагдах нөхцөлийн дагуу гэрээг ахин сунгасан болно. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө гэрээнд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцсон байна. Гэтэл Мандал даатгалын зүгээс надад гэрээнд өөрчлөлт оруулахыг мэдэгдэлгүйгээр гэрээг шинэчлэн сунган байгуулсан байна.

Мөн Мандал даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж буй уг гэрээний нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-т заасны дагуу хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр баталсан 109 дугаар Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.1-т Даатгагч ипотекийн бүтээгдэхүүнийг Хорооноос баталсан тусгай зөвшөөрөл, бүртгэлийн журамд заасны дагуу даатгалын хэлбэр бүртгүүлэхтэй нэгэн адил хороонд бүртгүүлнэ гэж заасан. Гэтэл Мандал даатгалын хувьд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын 1605038229 тоот гэрээг сунган байгуулахдаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, батлуулаагүй бүтээгдэхүүнээр гэрээ байгуулан хууль журмыг зөрчжээ.

Х.Г- болон надад даатгалын хамгаалалтыг сонгох боломжоор хангаагүй, гэрээний нөхцөлийг танилцуулаагүй, Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын дагуу Мэдүүлгийн маягтын загвар-ыг бөглүүлээгүй, гэрээний нэг хувийг гардуулж өгөхгүйгээр 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1605038229 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан.

Энэ нь даатгалын компани анх байгуулсан гэрээний нөхцөлөө зөрчсөн, гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн. Түүнчлэн гэрээг сунган 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн 1605038229 тоот даатгалын гэрээнд Х.Г-ийн гарын үсгийг дуурайлгаж зурсан байсан. Энэ нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах гэж заасныг зөрчсөн.

Улмаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/2302 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгож шийдвэрлэсэн боловч Мандал даатгалын зүгээс одоог хүртэл нөхөн төлбөрийг олгоогүй. Олгохгүй болохоо утсаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч даатгалын хураамжаа төлсөн тул нөхөн төлбөрийг өгөх үүрэгтэй. Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр баталсан 109 дугаартай Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3.8.1-т Даатгуулагч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан бол зээлийн үлдэгдэл дүн-ээр нөхөн төлбөр олгоно гэж заасан.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Даатгалын тухай хуульд зааснаар даатгалын компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дүрэм журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үүрэгтэй.

Санхүүгийн зохицуулах хороо нь ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг анх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 109 тоот тогтоолоор баталсан бөгөөд тус тогтоолын 5-д 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс журамд нийцүүлэн ипотекийн даатгалын бүтээгдэхүүн боловсруулж бүртгүүлэх, мөн тогтоолын 6-д Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй бүтээгдэхүүн борлуулахгүй байхыг даатгалын компаниуд болон зуучлагч банкуудад даалгасан. Тус журмаар даатгалын гэрээнд заах эрсдэлийг шууд нэрлэн заасан.

Өөрөөр хэлбэл, журмын 2.2.1-т Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт эрсдэлийг даатгана гэж зохицуулсан.

Харин аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг урт хугацааны даатгагч даатгах талаар журмын 2.2.2-т ялгаж зохицуулсан.

Манайх урт хугацааны даатгагч биш, ердийн даатгагч учраас тус журмын 2.2.1-т заасан эрсдэлээ даатгахаар бүтээгдэхүүн боловсруулж, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх хүсэлтээ өгч, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6/3431 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороо нь ипотекийн даатгалын бүтээгдэхүүнийг бүртгэсэн. Үүнээс хойш ипотекийн даатгалын бүртгүүлсэн бүтээгдэхүүнийг банкуудаар дамжуулан борлуулсаар ирсэн.

Хорооны тус ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд нийцүүлэн бүртгүүлсэн гэрээний нөхцөлөөр зээлдэгч Г, Д нартай 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1605038229 тоот ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай, Голомт банкаар зуучлуулан байгуулсан.

Энэхүү гэрээний хугацаанд зээлдэгч Г нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсанд нөхөн төлбөр хүссэн бөгөөд гэрээнд заасан эрсдэл (үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс)-ийн улмаас түүний амь насанд хохирол учраагүй байсан тул гэрээний 7.3Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл, үүний 7.3.1-д Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан, 7.3.14 Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно үүний 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх заасныг баримтлан МД ХК-аас 39,244,793 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Даатгалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,175 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХК-аас 354,175 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүх хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй байна.

1. Гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгч нь талийгаач Х.Г-ийг даатгалын гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргадаг, хариуцагч мөн гарын үсэг зурагдаагүй тул гэрээ байгуулагдаагүй, гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас даатгалын нөхөн төлбөр шаардах эрхгүй гэж маргадаг. Энэхүү маргааныг шийдвэрлэх хэм хэмжээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэсэн зохицуулалт. Тэгвэл бичгээр байгуулах гол шаардлага нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.2.1 талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж зааснаар гарын үсэг зурсан байх юм. Гэтэл гарын үсэг зурагдаагүй болохыг талууд хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр мөн нотлогддог. Гэвч шүүх талуудын шаардлага татгалзлын гол үндэслэл болсон Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт заасан хэм хэмжээг огт тайлбарлаж хэрэглээгүй бөгөөд гэрээ байгуулагдсан болон хүчин төгөлдөр байдалд үнэлэлт, дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдлын шаардлагыг шалгаагүй.

Хэрэв шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн юм бол даатгалын тохиолдол болсон эсэхийг гэрээний нөхцөлийн дагуу шалгасны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Учир нь даатгалын гэрээ байгуулагдсанаар нөхөн төлбөр авах эрх шууд үүсдэггүй, харин даатгалын гэрээнд заасан эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр шаардах эрхтэй болдог. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан даатгалын гэрээ юм. Даатгалын тохиолдол гэдэг нь Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т тодорхойлсноор даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ. Мөн хуулийн 4.1.6-т даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно гэж зохицуулсан байна. Тэгэхээр гэрээгээр тохирсон даатгалын нөхөн төлбөр олгох болзол шаардлагыг шалгаж үзэх хэрэгтэй байсан. Даатгалын гэрээний 1.Даатгалын нөхцөл (мэдүүлгийн маягт), 1.1.Амь насны даатгал хэсгийн Даатгалын хамгаалалт хэсэгт Даатгуулагч нь дараах эрсдэлийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана.

Үйлдвэрлэлийн осол

Ахуйн осол

Зам тээврийн осол

Байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж заажээ.

Гэвч талийгаач Х.Г- нь дээрх аль ч эрсдэлүүдийн улмаас нас бараагүй байтал шүүх даатгалын тохиолдол болсон гэж дүгнэсэн.

3. Шүүх хариуцагчийн татгалзлын үндэслэлийг дутуу дүгнэсэн.

Мөн хариуцагч нь 3 үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалздаг. Гэвч шүүх гэрээний 7.3.1-т заасныг хүчин төгөлдөр бус гэж үзэж энэ нөхцөлөөр татгалзах эрхгүй гэж үзсэн боловч үлдсэн 2 татгалзлын үндэслэлийн талаар дүгнэлт өгөөгүй атал нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүх даатгалын нөхөн төлбөрийн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуульд заасан даатгалын гэрээний хэм хэмжээг зөв сонгож хэрэглээгүй, хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч А.Д- нь хариуцагч МД ХК-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын байдлаарх ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр 39,244,973 төгрөг буюу даатгалын нөхөн төлбөрт 39,244,973 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-3, 34/

 

Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ.Үүнд:

Нэхэмжлэгч А.Д- нь Х.Г-тэй 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, албан ёсны гэр бүл болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон. /хх7/

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч А.Д- нь нас барагч Х.Г-ийн эхнэр, өв залгамжлагч бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч болох талаар зөв дүгнэжээ. /хх6,7/

 

А.Д- Х.Г- нар нь 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Голомт банк ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ, ипотекийн гэрээг тус тус байгуулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамжны 3 дугаар байрны 00 тоот 59.43 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг зээлээр авсан./хх14-16/

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар Мандал даатгал ХХК, Голомт банк ХХК нарын хооронд орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар Голомт банк ХХК нь даатгагчийн нэрийн өмнөөс даатгуулагчтай даатгалын гэрээ байгуулах зуучлагчийн үүрэг хүлээжээ. /хх 72-78/

 

Мөн Монгол банкны ипотекийн зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар зээл олгох шийдвэр гарсны дараа зээлдэгч болон барьцаа хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд хөрөнгийн даатгал, зээлийн даатгал буюу амь насны даатгалд заавал даатгуулахаар заажээ.

 

Дээрх журам, Монголын Ипотекийн корпорацийн шаардлагын дагуу зээлдэгч А.Д-, Х.Г- нар нь эд хөрөнгийн болон амь насны даатгалд өмнө нь буюу 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1501006163 тоот гэрээтэй байсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй.

Орон сууцны зээлийн гэрээний 3.1.6-д зааснаар зээлдэгч нар нь гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд амь насны даатгалд даатгуулах үүрэг хүлээжээ. /хх9-10/

 

Дээрх 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 2.1-д зааснаар даатгуулагч аливаа гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах нь даатгалын хамгаалалтад хамрагдаж байжээ. /хх9/

 

Нэхэмжлэгч тал даатгалын хураамжийг Голомт банк ХХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний хавсралт 1-т заасан орон сууцны зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлдөг байсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй. /хх1/

 

Хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ авагдсан./хх103/

 

Зээлдэгч Х.Г- нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бүдүүн нарийн гэдэсний тайралт, хагалгааны дараах тэжээлийн доройтол гэх өвчний улмаас нас барсан болох нь нас барсаны гэрчилгээ, Улсын гуравдугаар төв эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогдсон./хх8/

 

Х.Г-ийн өв залгамжлагч буюу эхнэр А.Д- нь даатгалын нөхөн төлбөр авахаар МД ХК-д хандсан боловч татгалзсан, улмаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/2302 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн баримт хэрэгт авагджээ./хх 20-21/

 

Дээрх Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрт хариуцагч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан баримт хэрэгт авагдаагүй, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Хариуцагч МД ХК нь нэхэмжлэгчид холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1605038229 тоот ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан боловч МД ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээс татгалзсан тул анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./хх124/

 

Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний дагуу гэрээний эхний жилийн амь нас, эрүүл мэндийн даатгалд 39,244 төгрөг, барьцаа хөрөнгийн даатгалд 174,720 төгрөг, нийт 213,964 төгрөгийн хураамжийг төлүүлсэн үйл баримтад болон уг гэрээнд даатгуулагч Х.Г- гэх гарын үсгийг даатгуулагч Х.Г- өөрөө зураагүй, түүний гарын үсэг биш гэх үйл баримтад талууд маргаагүй. Энэ талаар шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд талууд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч маргаагүй. /хх103,109-115/

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 109 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2.5-д даатгуулагч нь орон сууцаа энэхүү журмын 2.4-т заасан эрсдэлээс бусад нэмэлт эрсдэлийг гэрээний үндсэн дээр даатгагчтай харилцан тохиролцож, даатгуулж болно гэж, 4.4.2-т зээлдэгчид даатгалын эрсдэл, даатгагчаа сонгох эрхийг олгох, 4.5-д даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл, шаардлага, даатгалын хураамжийг танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгагчаас баталгаажуулсан байна, 5.4.2-т Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж тус тус заажээ./хх92-96/ Энэ журмын нөхцөл, хүчин төгөлдөр үйлчлэл зэрэгт талууд маргаангүй.

 

Зохигчид даатгалын тохиолдол үүссэн эсэх, даатгалын нөхөн төлбөрт 39,244,973 төгрөг гаргуулах үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

Хариуцагч нь даатгалын гэрээг бичгээр байгуулагдаагүй тул шаардах эрх үүсэхгүй, өмнөх гэрээний хугацаа дууссан, хугацаа дууссан гэрээгээр шаардахгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд зах зээл дээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч даатгалын компани нь стандарт нөхцөл бүхий гэрээг зөв байгуулаагүйгээс хохирсон тул даатгалын нөхөн төлбөрт 39,244,973 төгрөг гаргуулах хохирлын агуулгатай байна. Нэхэмжлэлийн шаардлага хохирлын агуулгатай учраас ч Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 109 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5.4.2-т даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэсэн заалтыг болон бусад хуулийн заалтыг барьж маргаж байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар даатгалын үйл ажиллагаа гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг хэлэх юм.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар даатгалын үйл ажиллагааг Зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмээр зохицуулна.

Даатгалын багц дүрэм гэж Даатгалын тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас даатгалын үйл ажиллагааг зохицуулах зорилгоор гаргаж буй дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлагыг хэлэх юм.

 

Даатгалын байгууллага нь Иргэний хууль болон Даатгалын тухай хууль, Даатгалын багц дүрэмд нийцүүлэн гэрээг байгуулах үүрэгтэй.

 

Хариуцагч нь гэрээг бичгээр байгуулах хуульд заасан журмыг баримтлах, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах, Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 109 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.4.2-т зааснаар зээлдэгчид даатгалын эрсдэл, даатгагчаа сонгох эрхийг олгох, 4.5-д даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл, шаардлага, даатгалын хураамжийг танилцуулах үүрэгтэй.

 

Талуудын өмнө нь байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон, уг гэрээний 7.3-д зааснаар даатгалын хугацаа дуусахаас өмнө даатгуулагч дуусгах хүсэлт гаргаагүй тохиолдолд автоматаар дахин нэг жил буюу 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгагдана. /хх 163/

 

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос ипотекийн даатгалын журам батлаад даатгалын компаниудыг тухайн журамд гэрээгээ нийцүүлж дараа нь зарах шаардлагыг тавьсан. Санхүүгийн зохицуулах хорооны журам батлагдахаас өмнө өвчнийг эрсдэлд тооцдог байсан, журам батлагдсанаас хойш өвчинд олгохгүй, ердийн даатгалын компаниуд зөвхөн ослын улмаас нас барсан тохиолдолд авна гэдэг хязгаарлалт тогтоосон учраас гэрээний заалтыг бичсэн гэжээ./хх137/

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 109 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг гарах үед зохигчийн хоорондын өмнөх гэрээ автоматаар дахин нэг жил буюу 2017 оны 6 дугаар сарын 21 хүртэл сунгагдсан байсан./хх 163/

 

Дээрх гэрээний нөхцөл өөрчлөгдөх талаар харилцагчид мэдэгдэх, эрсдэлээс сонголт хийх эрх олгох, мэдүүлгийн маягтын загвар бөглүүлэх, харилцагчаа эрсдлээс хамгаалах үүргээ хэрэгжүүлсэн гэдэг байдлаа хариуцагч нотолж чадаагүй.

 

Анхан шатны шүүхээс даатгуулагч Х.Г- даатгалын хураамжийг төлснөөр зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Зохигч даатгалын гэрээний харилцаатай, гэрээний талууд байсан.

 

Нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан даатгуулагч буюу өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн байсан.

 

Хариуцагч нь өмнөх гэрээний 2.3-д зааснаар гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох, сүүлчийн гэрээг хуульд зааснаар бичгээр байгуулах, даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох, эрсдэлээс сонголт хийх эрх олгох, мэдүүлгийн маягтын загвар бөглүүлэх, харилцагчаа эрсдэлээс хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй хохирол учруулсан гэж үзэх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйл, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар бодит хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийн хэмжээгээр хохирлыг арилгах үүрэгтэй.

 

Хэргийн баримтаас үзэхэд А.Д-, Х.Г- нар нь хамтран зээлдэгч юм. Зээлдэгч гэж зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээж зээлийн дүнг хүлээж авсан этгээдийг, хамтран зээлдэгч гэж үндсэн зээлдэгчийн хамтаар зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.

 

Хамтран зээлдэгчийн нэг нь нас барж, нөгөө зээлдэгч амьд байгаа нөхцөлд үлдсэн буюу өөрт ногдох үүргийг А.Д- гүйцэтгэх ёстой бөгөөд түүнд ногдох үүрэг дуусгавар болоогүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх зарчимтай.

 

Иймд 2018 оны 12 дугаар сарын байдлаарх ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр 39,244,973 төгрөг буюу даатгалын нөхөн төлбөр гаргуулах шаардлагаас нас барагч Х.Г-т ногдох 19,622,486 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул шаардах эрх үүсэхгүй, даатгалын тохиолдол бий болоогүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь даатгалын гэрээ зохих ёсоор байгуулагдаагүйд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага болох хариуцагч буруутай байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02264 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 39,244,793 гэснийг 19,622,486 гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын хариуцагч МД ХК-иас 354,175 гэснийг хариуцагч МД ХК-аас 256,062 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,175 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

  ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД