Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2021/02243

 

 

 

 

2021       11           23

         181/ШШ2021/02243

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ХХК-д холбогдох,

125,981,608 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З, Б.Н, Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ф ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т ХХК-ийн оффисын барилгын гадна 6124 м.кв талбайн шилэн фасад, цонхны угсралт, зосон өнгөт хавтангийн угсралт, хөнгөн цагаан хавтангийн төмөр хийцийн угсралт, дулаалга 4160.9 м.кв ажлыг баталсан зургийн дагуу түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, түүнчлэн Материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тохиролцох нэмэлт гэрээг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус тус “Т” ХХК-тай байгуулсан. Улмаар манай компани нь гэрээнд зааснаар гэрээнд ажлыг бүрэн хийж дуусган Т-т хүлээлгэн өгч “2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №02-07/21, №01-07/21 тоот 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №02-08/05 тоот материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх болон нэмэлт гэрээг дүгнэх, дуусгавар болгох акт”-ыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус групп компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг байлцуулан баталгаажуулсан байдаг.

            Нэмэлт гэрээний 5-д зааснаар Т нь гүйцэтгэсэн ажлын нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх барьцаа төлбөр болох 24,211,850 төгрөгийг актад заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай компанийн Худалдаа хөгжлийн банк дахь 499226665 тоот харилцах дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Нөгөөтээгүүр компани нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 892,555 төгрөг болон барьцаа төлбөрийг Тээс нэхэмжлэхээр нийт 25,104,405 төгрөгийн төлбөрийн даалгаврыг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр явуулсан хэдий ч өнөөдрийг болтол дээрхи нэхэмжилсэн дүн нэр заасан дансанд хийгдээгүй.

Түүнчлэн барилгын 15 давхрын даацын төмөр бүтээцийн ажлыг Тийн хүсэлтээр манай компани өөрсдийн зардлаар хурдан шуурхай хийж гүйцэтгэсэн. Уг нэмэлт ажил буюу төмөр бүтээцийн ажилд зарцуулсан 56,390,000 төгрөгийг тус группээс удаа дараа нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа нь биднийг санхүүгийн хувьд хүнд байдалд оруулаад байна. Үлдэгдэл төлбөр, барьцаа болон даацын төмөр бүтээцийн ажлын санхүүжилтийг олгохыг хүсч Тын эрх бүхий албан тушаалтнуудтай удаа, дараа уулзалт хийдэг байсан ч удахгүй төлнө гэх зэргээр хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Иймээс барьцаа төлбөр болох 24,211,850 төгрөг, гүйцэтгэсэн ажлын хөлс 892,555 төгрөг, нэмэлт ажлын төлбөр 56,390,000 төгрөг буюу нийт 81,494,405 төгрөгийг манай компани нэхэмжилж байна. Талуудын маргаж байгаа нь 56,390,000 төгрөгийн асуудал байна. Хэргийн материалд 28,900 доллар гэж тусгагдсан байгаа. 2014 онд байгуулсан үндсэн гэрээний дагуу Ф ХХК нь ажлаа хийж дуусгасан. Ажлын доголдол болон ямар нэгэн зүйл огт гараагүй. Гэтэл нэмэлт ажил яагаад гарч ирсэн бэ гэхээр 2014 оны гэрээ үргэлжилж байх хугацаанд гарч ирсэн. Энэ ажлыг үндсэн гэрээгээр тохиролцоогүй байсан. Фасадны ажил дуусч байхад 15 давхарт асуудал гараад тэр нь зураг төслөөс үүдэлтэй асуудал болсон. Энэ нь Ф ХХК-тай ямар ч хамааралгүй, зургийн компанийн асуудал байсан. Хариуцагч байгууллага Ф И К ХХК-тай тохиролцоогүй юм уу мэдэхгүй н.Б нь өөрөө ирсэн. Ф ХХК хийж гүйцэтгэхээр 28,900 доллараар тохиролцсон, танай байгууллагад төлнө гэж байсан. Үүний дагуу манай компани яаралтай ажлыг хийж гүйцэтгэсэн. Хурлын тэмдэглэлд төлөхөө илэрхийлсэн байдаг, гэхдээ өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Өмнөх шүүх хурал болон талуудын тайлбараас харахад хариуцагч тал бол үгүйсгэдэггүй, ажлын үр дүнг хүлээгээд авчихсан, улсын комисст хүлээлгээд өгчихсөн. Ганц зүйл нь албан ёсоор гэрээ байгуулаагүй, нотлох баримт байхгүй гэж байгаа юм. Яагаад илүү гэж яриад байна вэ гэхээр маргаад байгаа учраас ярихаас өөр аргагүй байна. Манай 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр даацын ажил хийх болсон шалтгаанаа бичээд хавсралт дээрээ 56,390,000 төгрөгийн задаргааг бичээд даацын төмөр бүтээцийн санхүүжилт нэхэмжилсэн. Энэ албан бичигт ямар ч хариу ирээгүй. Тэр өдөр хуралд н.Батзориг захирал Ф И К ХХК-иас хүмүүс авч ирээд Ф ХХК нь ажиглагчийн байр суурьтай оролцсон. Ямар нэгэн хариу тайлбар явуулаад 56,390,000 төгрөг ямар учиртай юм бэ? Үндэслэлгүй байна гэдэг ямар ч зүйл болоогүй. Үндсэн гэрээний дагуу багцаар нь тохирсон. Төмөр даацын ажлыг хийхдээ холбогдсон ажилчдын цалин, хөлс, материал, ашиглалтын задаргаа байдаг боловч хариуцагч байгууллага задаргаа бүр дээр маргадаггүй.

            Түүнчлэн, Гэрээний 4.3-т “...заасан хугацаанд ажлын хөлсийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож гүйцэтгэгч талд алданги төлнө”, мөн Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу 25,104,405 төгрөгийн нийт алданги 12,552,202.5 төгрөг, харин 56,390,000 төгрөгийн нийт алданги 28,195,000 төгрөг болсон. Мөн нэхэмжлэгч нь шүүхийн өмнөх шатанд тухайн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж, дээр дурдсанчлан удаа дараа уулзалт хийхийн сацуу үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэн шаардсан боловч хариуцагч болох тус Т нь өнөөдрийг хүртэл огт төлөхгүй, төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, саад учруулан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байсан. Цаашид нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо  хуулийн хүрээнд бүрэн дүүрэн хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хохирлоо барагдуулах үүднээс хууль, эрх зүйн туслалцаа авч байгаа болно.

Тиймээс Ф ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох барьцаа төлбөр 24,211,850 төгрөг, гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 892,555 төгрөг, нэмэлт ажлын зардал 56,390,000 төгрөг, алданги 28,195,000 төгрөг, хуульчийн хөлс 3,740,000 төгрөг, нийт 125,981,608 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

 

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Тус шүүхэд хянагдаж байгаа “Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Ф ХХК нь манай компаниас гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил, барьцаа төлбөр, тэдгээрийн алдангид нийт 122,241,607.5 төгрөг, хуульчийн зардалд 3,740,000 төгрөг, нийт 125,981,608 төгрөг гаргуулахаар  нэхэмжилснийг бүхэлд нь эс зөвшөөрч  дараах  хариу тайлбар гаргаж байна.

            Манай Т ХХК нь 2014 оны оффисын барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болж, хэд хэдэн компаниас санал ирсэн бөгөөд тэр дундаас Ш.Б, Б.Номин нар нь олон удаа бидэнтэй уулзаж гэрээт ажлыг хийж чадна, бид материалаа нийлүүлнэ бас угсарна маш их давуу талтай гэж бидэнд итгүүлж материал нийлүүлэх болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Үүний дагуу 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 02-07/21 дугаартай материал ханган нийлүүлэх гээд Ф И К ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 01-07/21 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг Ф ХХК-тай /нэг өдөр дээрх 2 гэрээг  Батмөнхтэй байгуулсан/ тус тус байгуулсан бөгөөд дээрх хоёр компани нэг удирдлагатай, захирал нь Ш.Б байсан юм.

            Ингээд Ш.Б нь гэрээний дагуу материал нийлүүлж, ажил гүйцэтгэх явцдаа угтаа бол нэг удирдлагатай байж мэдэн будилж, нийлүүлээгүй материалаа нийлүүлсэн болгож биднээс санхүүжилт нэхэмжилж, Солонгос захиралтайгаа муудалцсан гэх шалтгаанаар нийлүүлэгдсэн бараа материал дутуу байна, бараа материал хугацаандаа нийлүүлэгдэхгүй байна гэж ажлаа хийж гүйцэтгэхгүй удаашруулж /өөрөө нийлүүлэхээр гэрээ хийсэн байж Ф ХХК болон захиалагч хугацаандаа бараа материалаа нийлүүлээгүйгээс хугацаа хожимдсон мэт болгож харагдахаар албан бичгүүд өгч заль мэх гаргаж/, ажлын гүйцэтгэлийг дутуу гүйцэтгэсэн байж бүрэн гүйцэтгэсэн мэтээр биднийг удаа дараа хохироож ирсэн. Ш.Б нь Ф И К ХХК-тай муудалцаагүй болох нь Ф И К  ХХК-ийн өмнөөс ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг дүгнэх дуусгавар болгох актаас тодорхой харагдана. Материал ханган нийлүүлэх гэрээг 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусгаж, ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 05 дугаар сард дуусгаж хүлээлгэж өгөх ёстой байсан боловч дээрх хоёр компанийн дотоод маргааны улмаас бид ажлын гүйцэтгэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авсан. Манай компани гадна фасадны ажил дуусмагц улсын комисст барилгаа хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах ёстой байсан боловч Ш.Б гэх хүнээс болж бүхэл бүтэн 1 жилийн хугацаа алдаж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж их хэмжээний хохирол амссан.

            Нэхэмжлэлд байгаа төмөр бүтээцийн ажилд зарцуулсан гэх 56,390,000 төгрөг болон алдангийн тухайд: Манай компани нь Ф ХХК-иар даацын төмөр бүтээцийн ажлыг хийлгэхээр тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй тул дээрх мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Уг даацын төмөр бүтээцийн ажлыг Ф И К ХХК нь хийж өгөхөөр амлаж, уг ажлын хөлс нь Ф И К ХХК-ийн гэрээний үнийн дүнд багтсан бөгөөд Ф И К ХХК-тай төлбөрийн асуудал арбитрын шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан. Даацын материалын зардал болох 28,920 доллар буюу 56,390,000 төгрөг нь Ф И К ХХК болон Ф ХХК хоёрын хоорондын асуудал бөгөөд манай Т ХХК-д ямар ч хамааралгүй болох нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн уулзалтын протокол, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 151005/17 дугаартай болон 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 151028/18 дугаартай албан бичгүүдээр тус тус нотлогдоно. Үнэхээр Ф ХХК нь манай компаниас даацын төмөр бүтээцийн ажлын хөлс 56,390,000 төгрөг авах ёстой байсан бол 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийсэн материал нийлүүлэх болон ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, төлбөр тооцоогоо нийлж, дуусгавар болох ёстой үедээ уг асуудлыг тавих ёстой байсан. Гэтэл гэрээгээ дуусгавар болгоод дүгнээд бүх төлбөр мөнгийг төлсөн байхад одоо гэнэт энэ асуудлыг хөндөж, төлбөр авлагатай мэтээр харагдуулах гэж хичээж байгаа нь Ш.Бийн заль мэхийн нэг юм.

Ф ХХК нь манай компаниас даацын төмөр бүтээцийн ажлын хөлс 56,390,000 төгрөгийг авах ёстой байсан бол 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн материал нийлүүлэх болон ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, төлбөр тооцоогоо дуусгавар болох үед уг асуудлыг тавиагүй, гэрээг нь дүгнэж хаагаад н.Батмөнх гарын үсгээ зурсан. Бид хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Манайд амаар удаа дараа нэхэмжилж байсан зүйл байхгүй. Үндсэн гэрээнд заагдаагүй олон асуудлыг тохиролцох гэрээнд тусгаад хийсэн.

Нэхэмжлэлд байгаа барьцаа төлбөр болох 24,211,850 төгрөг, түүний алдангийн тухайд: 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 02-07/21 дугаартай Ф И К ХХК-тай байгуулсан материал ханган нийлүүлэх гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 01-07/21 дугаартай Ф ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 02-08/05 дугаартай материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тохиролцох нэмэлт гэрээг талууд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дүгнэж дуусгавар болгож акт үйлдсэн.

Уг актын 4-д гэрээний баталгаат хугацааны барьцаа төлбөр болох 24,211,850 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай компани төлөхөөр заасан. Гэхдээ нийлүүлэгдсэн материал, гүйцэтгэсэн ажилд баталгаат хугацаанд ямар нэг эвдрэл гэмтэл, дулаалгын болон угсралтын ажлын үеийн алдаанаас гарсан доголдол гарахгүй, мөн НӨАТ-ын падааныг гэрээний нийт үнийн дүнгээс захиалагчид бичиж өгснөөр барьцаа мөнгө болон үлдэгдэл мөнгийг өгөхөөр тохиролцсон.

Гэрээ дуусгавар болсноос хойш барилгын тухай хуулийн дагуу 3 жилийн баталгаат хугацаанд эвдрэл гэмтэл гарвал нийлүүлэгч, гүйцэтгэгч тал маргаангүй үнэ төлбөргүй засварлаж өгөхөөр баталгаат хугацаа өгсөн атлаа дуудлага өгөхөд 3 жилийн хугацаанд нэг ч удаа ирж засаж өгөөгүй, үүний улмаас зуны их бороотой өдрүүдээр фасадны завсраар ус гоожиж 14, 13, 12 дугаар давхар руу дамжиж орсон. Энэ нь фасадны силикон муудсанаас болсон байдаг. Мөн зарим гадна фасад, цонх сул хөдөлгөөнтэй байгаа ба дуудахаар ирдэггүй учраас бид дээврээс ус алдахад өөр байгууллагаар засварлуулсан. Ф И К ХХК болон Ф ХХК-ийн хоёулангийнх нь гэрээний үнэд НӨАТ дүн багтсан бөгөөд НӨАТ-ын буцаан авалтын мөнгө 247,545,475 төгрөгийг бид өнөөдрийг хүртэл аваагүй хохирсоор  ирсэн тул барьцаа мөнгийг буцаан өгөөгүй. Ш.Б нь би танай НӨАТ буцаалтын мөнгийг Ф И К ХХК-аас аваад өгчихнө асуудалгүй гэж хэлж гэрээг дүгнэж дуусгавар болгосон юм. Гэтэл барьцаа мөнгийг нэхэмжилж 2019 оны 08 дугаар сард шүүхэд хандсан байна. Барьцаа мөнгийг хүлээн зөвшөөрч байна.

Мөн 2014 оны 07 дугаар сарын  21-ний өдөр 01-07/21 дугаартай Ф ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 02-08/05 дугаартай материал нийлүүлэх нэмэлт гэрээг талууд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дүгнэж, дуусгавар болсонд тооцсон байхад дуусгавар болсон гэрээний дагуу алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Анх дуусгавар болгох актанд бид үлдэгдэл төлбөрийг төлөхдөө алданги төлнө гэж тохиролцоогүй, гэрээгээ дүгнэж дуусгавар болгоё, бид үлдэгдэл төлбөрөө заасан хугацаандаа төлнө, барьцаа мөнгө болон үлдэгдэл мөнгийг НӨАТ-ын падаан бичиж өгсний дараа өгнө гэж тохиролцож байгуулсан хүсэл зоригийн илэрхийллийг шүүх харгалзаж үзнэ үү. Иргэний хуулийн 232.3-т анзыг бичгээр байгуулаагүй бол анз авах эрхээ алдана гэж заасан. Тэгээд ч бид гэрээ дүгнэж дуусгавар болгох актын 7,8-д заасан төлбөрийг төлж барагдуулсан. Угаас ажил гүйцэтгэх гэрээний 4.3-т захиалагч тал гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож гүйцэтгэгч талд алданги төлнө гэж заасан болохоос барьцаа мөнгийг хугацаандаа төлөөгүй бол алданги төлнө гэж тохиролцоогүй. Барьцаа мөнгийг бид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар авсан бөгөөд гэрээг дүгнэж, дуусгавар болгох актанд заасан үүргээ Ш.Б нь өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймээс Ф ХХК-д бидний зүгээс өгөх ямар нэг өр төлбөр байхгүй.

Хуульчийн зардалд 3,740,000 төгрөгийн тухайд: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсны хөлс нь нэхэмжлэгч тал шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал юм. Энэ нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан хохирол гэдэгт хамаарахгүй болно. Өөрөөр  хэлбэл, гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлүүлэхээр заасан байх тус өмгөөллийн хөлсийг хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.У шүүгчийн хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Өөрөөр хэлбэл энэ хэргийн үйл баримт, хэргийн материалд авагдсан баримтуудад үндэслээд бүгд төсөөллийн хувьд дүр зургаа зөв харах юм бол, хууль зүйн шинжлэх ухааны үүднээс харвал уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.

Нэгдүгээрт, гэрээний эрх зүйн харилцаа нь иргэний эрх зүйн тодорхой төрлийн харилцаа өөрөө субъект, объект, субъектив, объектив талтай, эрх үүргийн нэгдэлтэй, хууль зүйн системтэй байдаг. Энэ бол хууль зүйн шинжлэх ухааны ерөнхий онолын ойлголт юм. Эрх зүйн харилцаа байна уу гэвэл ийм бүтэц буюу элементээс бүтдэг зүй тогтолтой. Гэрээний нэг дэх оролцогч захиалагч буюу Т ХХК, хоёр дахь оролцогч буюу гүйцэтгэгч Ф ХХК байдаг. Гуравдагч этгээд Ф И К ХХК нь эрх зүйн харилцаа үүссэн. Т ХХК нь нөгөө хоёр оролцогчийнхоо өмнө ямар эрх, үүрэгтэй байдаг талаар товч хэлбэл бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч гэдэг утгаараа Ф И К ХХК нь тухайн үүргээ захиалагчийн өмнө хариуцах үүрэгтэй, мөн түүнээс шаардах эрхтэй.

Хоёрдугаарт, Ф ХХК нь зөвхөн ажлыг гүйцэтгэх үүрэгтэй гэж гэрээгээр тохирсон байдаг. Бид нар гэрээний эрх зүйн онолоо мэднэ. Тогтоосон хэм хэмжээ нь юу байдаг вэ гэхээр бусдаар гүйцэтгүүлэхгүй байх зарчмыг баримталдаг. Ажил гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл шүүхэд гаргах тайлбараар түүний гүйцэтгэх үүрэг захиалагчийн гүйцэтгэж байгаа үүрэг нь бараа бүтээгдэхүүн хангах нийлүүлэх үүргийг хүлээж байгаа юм. Бидэнд эхнээсээ нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаа үүсгэх, оролцох боломжийг олгоогүй юм. Бид нар баримт өгсөн эсэх, акт үйлдсэн эсэх, хэлцэл хийсэн эсэх гэдэг дээр маргаад байна. Тайлбараас харахад бид нар харилцаа үүсгээгүй гэж ойлгож байсан учраас энэ үүрэг нь манайхтай ямар нэгэн байдлаар хамааралгүй гэж үзэж байсан учраас бид үйлдэл хийгээгүй юм.

Үүргийг идэвхтэй ба идэвхгүй гэж ангилдаг. Тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх эсэх нь Ф И К ХХК-ийн асуудал байсан болохоос биш Ф ХХК-ийн асуудал биш юм. Ф ХХК нь үүрэг гүйцэтгүүлсэн үндэслэлээ тайлбарлахдаа бид хурдан ажлаа хийгээд гэрээнд заасан үүргээ биелүүлээд төлбөр авах зориулалттай байсан гэдэг тайлбарыг өгдөг. Энэ нь өөрөө үүргийн андуурал бий болгож байна. Ажил гүйцэтгэх гэрээг ярих гэж байгаа бол тухайн захиалагчийн бараа материалаар гүйцэтгэх үү гэдгийг тохиролцсон байхыг хуулиар тогтоож өгдөг. Гэтэл тусдаа үүрэг болгоод бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хөндлөнгийн Ф И К ХХК гээд гуравдагч этгээд орж байна. Иргэний хуулийн үндсэн зарчим болох хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим яригдана. Ф И К ХХК болон Т ХХК-ийн хооронд буюу захиалагч бараа бүтээгдэхүүн материал ханган нийлүүлэгчийн хүлээх ёстой байсан үүргийг өмнөөс нь хүлээгээд явсны улмаас маргаан бий болсон. Үүргийн андуурлыг бид хоёр төрлөөр авч үздэг. Материаллаг буюу бодит андуурал, хууль зүйн андуурал гэж үздэг. Энэ тохиолдолд бид нар энэ этгээдийг гэрээний оролцогч гэж үзээд түүний өмнө ямар нэгэн байдлаар эрх үүргийн нэгдэл бий болох боломжгүй. Тиймээс амаар болон үйлдлээр, бичгээр гаргасан гэж яриад байгаа нь хэрэгт нотлох баримтаар байхгүй, нөхцөл байдал үүсээгүй байна. Нэхэмжлэгч тайлбараа бид нар албан бичиг өгсөн учраас гэрээний дагуу хоёр хоногийн дотор өгөөгүй бол иргэний эрх зүйн хүлээн зөвшөөрсөн зарчмыг ярьж эхлэх гэж байна. Хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоод үүрэг үүссэн гэж тайлбарлаж байна. Хууль зүйн үндэслэлээ хэлцлийн үндсэн дээр гэж яриад байна. Хэлцэл байна уу? Гэрээ байна уу? гэдэг нь ач холбогдолтой байхыг үгүйсгэхгүй. Гэрээ бүр хэлцэл биш, хэлцэл бүр гэрээ биш гэдгийг мэднэ. Хэлцэл, гэрээг зааглах онолын том шалтгаан нь хууль зүйн хувьд хэлцэл хийгдсэнээр биелэх шинжийг хангаж байх ёстой. Хэрвээ түүнийг үйлдэл буюу Иргэний хуульд заасан бичгийн хэлбэрээс бусад төрлөөр хийгдэж байгаа, бүх төрлийн хэлцлийг ярих гэж байгаа бол миний ярьсан шаардлагыг хангах ёстой. Гэрээний салшгүй нэг хэсэг буюу гэрээний нэмэлт хавсралт болж болох үйлдэл тохирсноор явж байгаа. Амаар хийсэн хэлцэл үү, бичгээр хийсэн хэлцэл үү гэдгийг энэ тохиолдолд заавал хийх ёстой байсан уу гэдэг нь ач холбогдолтой. Нэхэмжлэгч эрх үүргийн зүй тогтолцоог өөртөө агуулж байгаа байж болох ч шууд үр дагавар гардаг. Нөгөө тал нь хүлээн зөвшөөрөх боломжтой үйлдлийг хийх ёстой байтал барилгын үндсэн бүтээц гэж яриад түүний салшгүй хэсэг бүрэлдэхүүн ажил гүйцэтгэснийг хэлцэл гэж тайлбарлах нь боломжгүй юм. Нэмэлт зардал болон үндсэн төлбөр гээд ярьж байна, ер нь ийм утга зүй тогтолтой байсан гэдгийг харах нь зүйтэй байсан гэж хэлж байна. Тэгэхээр үүрэг үүсээгүй.

Барьцаалбар дээр буюу алданги яагаад төлөхгүй гэж үзэж байна вэ гэхээр тодорхой тогтоосон төлбөр 3 жилийн хугацаанд гэдэг нь тухайн хугацаа дууссанаар чөлөөлөгдөх ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан доголдол үүссэн эсэх дээр маргаж байгаа нь ач холбогдолгүй юм. Ирээдүйд чиглэгдсэн субъектив байдлаар байж байгаад ийм нөхцөл дээр үүсдэг. Талуудын хооронд хийгдсэн тохиролцол бичгээр үйлдсэн ганц нотлох баримтыг хараасай гэж хүсэж байна. Энэ асуудал нь Ф ХХК болон Ф И К ХХК нарын хоорондын асуудал болохоос Т ХХК-д хамааралгүй гэдгийг гарын үсэг, тамгатай, шаардлага хангасан хүчин төгөлдөр үүсгэсэн харилцаагаа дуусгавар болгосон байдаг гэв.

 

Гуравдагч этгээд Ф И К ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй Т ХХК-д холбогдох иргэний хэрэгт Ф И К ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан байна.

Ф ХХК болон Т ХХК нарын шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй маргаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд Ф И К ХХК-ийг төлөөлж дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Манай Ф И К ХХК нь Т ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Материал ханган нийлүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Ийнхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө шаардан 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын үндэсний арбитрт хандаж улмаар 2018 оны 12 дугаар 19-ний өдөр тус арбитр маргааныг эцэслэн шийдвэрлэсэн.

Ер нь Ф И К ХХК болон Т ХХК нарын хооронд Материал ханган нийлүүлэх гэрээг байгуулж, Ф ХХК болон Т ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй Ф ХХК болон Т ХХК нарын хооронд үүсч буй маргаан нь эдгээр компанийн хооронд 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой байх тул манай компанид хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл манай компани ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй болно.

Тус маргаанд нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэж, түүний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байна. Тус гэрээний харилцаанд Ф И К ХХК нь оролцоогүй болохыг дахин тэмдэглэмээр байна.

Нэхэмжлэлийн шаардлага тус бүр дээр тайлбарлавал,

Нэхэмжлэлд “Нэмэлт гэрээний 5 хувьтай тэнцэх барьцаа төлбөр болох 24,211,850 актад заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэх үүрэг хүлээсэн” гэж Ф ХХК-аас барьцаанд шилжүүлсэн төгрөгөө буцаан шаардсан байна. Иймээс эдгээр барьцаа төлбөр нь манайд хамааралгүй болно.

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 892,555 төгрөгийг шаардсан байна. Ф И К ХХК нь Т ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй болно.

Нэмэлт ажил буюу төмөр бүтээцийн ажилд зарцуулсан 56,390,000 төгрөгийг шаардсан байна. Төмөр бүтээцийн ажилд зарцуулсан 56,390,000 төгрөгийн тухайд талууд ажил гүйцэтгэх гэрээнээс гадна нэмэлт гэрээ байгуулж харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн хоёр талын гэрээ болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл үндсэн ажил гүйцэтгэх гэрээнээс гадна тусад нь дахин гэрээ байгуулжээ.

Ийнхүү нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан хоёр талын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаантай асуудлыг гуравдагч этгээдийн зүгээс ажил зохих ёсоор хийгдсэн болон хийгдээгүй гэж аль нэг талыг шууд дэмжин оролцох боломжгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд хяналт тавих эрх, үүрэгтэй оролцоогүй болно. Харин тус хэргийн гуравдагч этгээд болорх К И Ф ХХК-ийн хувьд Т ХХК-тай маргаж байх явцад манай нийлүүлсэн материалууд тус барилгад ашиглагдсан эсэхийг барилга дээр нь очиж шалгах үед хариуцагчийн нийлүүлээгүй гэх бараа материал нь тус барилгад бүрэн орсон байсан боловч Арбитрын бүрэлдэхүүн К И Ф ХХК нь Фасад инжил ХХК-д шилжүүлсэн баримтууд байна. Т ХХК-д шууд шилжүүлсэн баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болголоо. Эдгээр баримтаараа К И Ф ХХК-аас нэхэмжлэх эрхтэй гэдгийг тайлбарласан төдийгүй, арбитрын шийдвэрийн 6 дахь талд энэ талаар дурдсан байдаг. Учир нь манай компанийн зүгээс Т ХХК-д шилжүүлсэн бараа материалыг Ф ХХК хүлээн авдаг байсан тул арбитраас дээрхи шийдвэр гарсан.

Иймээс манай компани дээрх маргаантай харилцаанд хамааралгүй болно.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 25,104,405 /24,211,850+895,555/ төгрөг, нэмэлт ажлын зардал 56,390,000 төгрөг, хохирол буюу хуульчийн хөлс 3,740,000 төгрөг, алданги 40,747,202.5 /12,552,202.5+28,195,000/ төгрөг, нийт 125,981,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 25,104,405 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Т ХХК нь Ф ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 01-07/21 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр Ф ХХК нь Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, Т ХХК-ийн оффисын барилгын гадна 6124 м2 талбайн шилэн фасад, цонхны угсралт, зосон өнгөт хавтангийн угсралт, хөнгөн цагаан хавтангийн төмөр хийцийн угсралт, дулаалга 4160,9 м2 ажлыг баталсан зургийн дагуу түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэх, Т ХХК нь ажлын хөлс 519,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн зохицуулалтад нийцжээ.

Улмаар, зохигчид 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр №02-08/05 тоот “Материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тохиролцох нэмэлт гэрээ”-г байгуулж, уг гэрээний 5-д “Барилгын ажил гүйцэтгэгч компани нь барилгын тухай хуулийн дагуу гүйцэтгэсэн ажлын нийт үнийн дүнгээс 5%-ийн барьцаа болох 24,211,850 төгрөгийг суутгуулж барьцаанд үлдээх, барьцаа төлбөрийг талууд ажил хүлээлцэж гарын үсэг зурсан өдрөөс хойш 1 жилийн дараа Т ХХК нь гүйцэтгэгч компанийн дансанд шилжүүлнэ” гэж заасан байна.

Гүйцэтгэгч Ф ХХК нь ажлыг бүрэн хийж дуусган Т ХХК-д хүлээлгэн өгч, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “ 2014 оны 7 сарын 21-ний өдрийн №02-07/21, №01-07/21 тоот, 2016 оны 8 сарын 5-ны өдрийн №02-08/05 тоот материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх болон нэмэлт гэрээг дүгнэх, дуусгавар болгох акт” үйлдэж, уг актаар гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэсэнд тооцож, барьцаа 24,211,850 төгрөгийг /нийлүүлэгдсэн материал, гүйцэтгэсэн ажилд баталгаат хугацаанд ямар нэгэн эвдрэл, гэмтэл, дулаалгын болон угсралтын ажлын үеийн алдаанаас гарсан доголдол гарахгүй бол/ 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 15,000,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 29-ний дотор, 17,893,150 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны дотор тус тус Ф ХХК-ийн дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.

Уг актын дагуу шилжүүлэхээр тохиролцсон 57,105,000 төгрөгөөс Т ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 892,555 төгрөг, барьцаа 24,211,850 төгрөгийг шилжүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд дээрх үлдэгдэл төлбөр буюу 25,104,405 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан, Ф ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг доголдолтой байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, актанд заасан хугацаа дууссан тул Т ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрт 892,555 төгрөг, барьцаа 24,211,850 төгрөгийг тус тус гаргуулж Ф ХХК-д олгох үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч Ф ХХК нь нэмэлт ажлын зардал 56,390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ “Барилгын 15 давхрын даацын төмөр бүтээцийн ажлыг Т ХХК-ийн хүсэлтээр манай компани өөрсдийн зардлаар хурдан шуурхай хийж гүйцэтгэсэн. Уг нэмэлт ажил буюу төмөр бүтээцийн ажилд 56,390,000 төгрөгийг зарцуулсан” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “Уг ажлыг Ф ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулаагүй, харин Ф И К ХХК-ийн гэрээний дүнд уг ажлын зардал багтсан. Уг зардалтай холбоотой асуудал нь Ф ХХК, Ф И К ХХК нарын хоорондын төлбөр тооцоотой хамаатай асуудал, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр маргасан.

Зохигчдын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд заагдаагүй нэмэлт ажил буюу Т ХХК-ийн барилгын 15 дугаар давхрын даацын төмөр бүтээцийн ажлыг Ф ХХК гүйцэтгэсэн талаар зохигч маргаагүй.

Ф ХХК нь уг ажлын хөлс буюу ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор гарсан зардал болох 56,390,000 төгрөгийг Т ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 151005/17 тоот албан бичиг, нэхэмжлэхээр нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” байхаар зохицуулсан. Нэхэмжлэгч тал нэмэлт ажлын зардал болох 56,390,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш амаар болон албан бичгээр нэхэмжилж байсан гэх боловч энэ тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж, дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Т ХХК-иас Ажил гүйцэтгэх гэрээний 4.3-т “...заасан хугацаанд ажлын хөлсийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож гүйцэтгэгч талд алданги төлнө”, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг үндэслэн 25,104,405 төгрөгийн алданги 12,552,202.5 төгрөг, нэмэлт ажлын зардал 56,390,000 төгрөгийн алданги 28,195,000 төгрөг, нийт 40,747,202.5 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй...” гэж тус тус заасан.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01-07/21 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр барилгын 15 дугаар давхрын даацын төмөр бүтээцийн нэмэлт ажил болон барьцааны талаар тохиролцоогүй, гэрээ дүгнэсэн актын дагуу төлөхөөр тохиролцсон 57,105,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцоогүй байна.

Иймд нэмэлт ажлын хөлс, барьцааны төлбөрөөс алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ф ХХК-ийн алданги 40,747,202 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Мөн нэхэмжлэгч Ф ХХК-ийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хуульчийн хөлсөнд төлсөн 3,740,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нь хуульчийн хөлсөнд төлсөн 3,740,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн зөрчлийн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэж шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг ирүүлээгүй тул дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2020/10639 тоот шүүгчийн захирамжаар “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т ХХК-ийн оффисын барилгын 15 давхрын даацын төмөр бүтээцийн ажил гэх ажил хийгдсэн эсэх, хийгдсэн бол ямар төрлийн материалууд уг төмөр бүтээцийн ажилд ашиглагдсан, ашиглагдсан материалын үнийн тооцоо болон уг төмөр бүтээцийн ажлыг гүйцэтгэх ажлын хөлсний хэмжээг тухайн төрлийн ажлыг хийж гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнийн жагсаалт, байхгүй бол тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон тогтоож, дүгнэлт гаргуулах”-аар Барилгын төсөвчдийн холбоог томилсон боловч Барилгын төсөвчдийн холбооны 2021 оны 05 дугаар сарын 19-ний 32/2 тоот албан бичгээр шинжээчийн дүгнэлт гаргахад шаардлагатай батлагдсан зураг төсөл аль ч талд байхгүйгээс дүгнэлт гаргах боломжгүй талаар хариу ирүүлсэн.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, зохигчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар нэгэн хүсэлт байхгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэх тайлбарыг гаргасан тул хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдъя.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 25,104,405 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ф ХХК-д олгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,877,203 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 787,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 283,472.03 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          3. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2020/08333 тоот захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХЦЭЦЭГ