Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 961

 

 

 

 

 

 

 

 

 

“Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00640 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, хохирол 125 981 608 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ф” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Т” ХХК-ийн оффисын барилгын гадна 6124 м.кв талбайн шилэн фасад, цонхны угсралт, зосон өнгөт хавтангийн угсралт, хөнгөн цагаан хавтангийн төмөр хийцийн угсралт, дулаалга 4160.9 м.кв ажлыг баталсан зургийн дагуу түлхүүр гардуулах нөхцөлтэй “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр, түүнчлэн “Материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тохиролцох нэмэлт гэрээ”-г 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тус тус “Т” ХХК-тай байгуулсан. Улмаар манай компани нь гэрээнд зааснаар гэрээт ажлыг бүрэн хийж дуусган “Т” ХХК-д хүлээлгэн өгч 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №02-07/21, №01-07/21 тоот 2016 оны 8 сарын 5-ны өдрийн №02-08/05 тоот материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх болон нэмэлт гэрээг дүгнэх, дуусгавар болгох акт-ыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг байлцуулан баталгаажуулсан.

Нэмэлт гэрээний 5-т зааснаар “Т” ХХК нь гүйцэтгэсэн ажлын нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх барьцаа төлбөр болох 24 211 850 төгрөгийг актад заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай компанийн Худалдаа хөгжлийн банк дахь 499226665 тоот харилцах дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Нөгөөтэйгүүр компани нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 892 555 төгрөг болон барьцаа төлбөрийг “Т” ХХК-аас нэхэмжлэхээр нийт 25 104 405 төгрөгийн төлбөрийн даалгаврыг 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр явуулсан хэдий ч өнөөдрийг болтол дээрх нэхэмжилсэн дүн нэр заасан дансанд хийгдээгүй даруй 615 хоногийн хугацаа өнгөрсөн байна.

Түүнчлэн барилгын 15 давхрын даацын төмөр бүтээцийн ажлыг “Т” ХХК-ийн хүсэлтээр манай компани өөрсдийн зардлаар хурдан шуурхай хийж гүйцэтгэсэн. Уг нэмэлт ажил буюу төмөр бүтээцийн ажилд зарцуулсан 56 390 000 төгрөгийг тус компаниас удаа дараа нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа нь биднийг санхүүгийн хүнд байдалд оруулаад байна. Үлдэгдэл төлбөр, барьцаа болон даацын төмөр бүтээцийн ажлын санхүүжилтийг олгохыг хүсч “Т” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай удаа дараа уулзалт хийдэг байсан ч удахгүй төлнө гэх зэргээр хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Иймээс барьцаа төлбөр болох 24 211 850 төгрөг гүйцэтгэсэн ажлын хөлс 892 555 төгрөг нэмэлт ажлын төлбөр 56 390 000 төгрөг буюу нийт 81 494 405 төгрөгийг манай компани нэхэмжилж байна.

Түүнчлэн гэрээний 4.3-т ...заасан хугацаанд ажлын хөлсийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцож гүйцэтгэгч талд алданги төлнө, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 25 104 405 төгрөгийн нийт алданги 12 552 202.5 төгрөг, харин 56 390 000 төгрөгийн нийт алданги 28 195 000 төгрөг болсон. Мөн нэхэмжлэгч нь шүүхийн өмнөх шатанд тухайн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж, дээр дурдсанчлан удаа дараа уулзалт хийхийн сацуу үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэн шаардсан боловч хариуцагч болох тус “Т” ХХК нь өнөөдрийг хүртэл огт төлөхгүй, төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, саад учруулан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байсан. Цаашид нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн хүрээнд бүрэн дүүрэн хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хохирлоо барагдуулах үүднээс хууль, эрх зүйн туслалцаа авч байгаа болно. Иймд хариуцагч “Т” ХХК-аас гэрээний үндсэн үүрэг, алдангийн нийлбэр болох 122 241 607.5 төгрөг, хуульчийн хөлс 3 740 000 төгрөг, нийт 125 981 608 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “Т” ХХК нь 2014 онд оффисын барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болж, хэд хэдэн компаниас санал ирсэн бөгөөд тэр дундаас Ш.Батмөнх, Б.Номин нар нь олон удаа бидэнтэй уулзаж гэрээт ажлыг хийж чадна, бид материалаа нийлүүлнэ бас угсарна маш их давуу талтай гэж бидэнд итгүүлж материал нийлүүлэх болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Үүний дагуу 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 02-07/21 дугаартай материал ханган нийлүүлэх гэрээг “ФИ” ХХК-тай, 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 01-07/21 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг “Ф” ХХК-тай /нэг өдөр дээрх 2 гэрээг Ш.Батмөнхтэй байгуулсан/ тус тус байгуулсан бөгөөд дээрх хоёр компани нэг удирдлагатай, захирал нь Ш.Батмөнх байсан.

Ш.Батмөнх нь гэрээний дагуу материал нийлүүлж, ажил гүйцэтгэх явцдаа угтаа бол нэг удирдлагатай байж мэдэн будилж, нийлүүлээгүй материалаа нийлүүлсэн болгож биднээс санхүүжилт нэхэмжилж, Солонгос захиралтайгаа муудалцсан гэх шалтгаанаар нийлүүлэгдсэн бараа материал дутуу байна, бараа материал хугацаандаа нийлүүлэгдэхгүй байна гэж ажлаа хийж гүйцэтгэхгүй удаашруулж /өөрөө нийлүүлэхээр гэрээ хийсэн байж “ФИ” ХХК болон захиалагч хугацаандаа бараа материалаа нийлүүлээгүйгээс хугацаа хожимдсон мэт болгож харагдахаар албан бичгүүд өгч заль мэх гаргаж/, ажлын гүйцэтгэлийг дутуу гүйцэтгэсэн байж бүрэн гүйцэтгэсэн мэтээр биднийг удаа дараа хохироож ирсэн. Ш.Батмөнх нь “ФИ” ХХК-тай муудалцаагүй болох нь “ФИ” ХХК-ийн өмнөөс ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг дүгнэх дуусгавар болгох актаас тодорхой харагдана. Материал ханган нийлүүлэх гэрээг 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусгаж, ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 5 дугаар сард дуусгаж хүлээлгэж өгөх ёстой байсан боловч дээрх хоёр компанийн дотоод маргаан гэхийн улмаас бид ажлын гүйцэтгэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авсан. Манай компани гадна фасадны ажил дуусмагц улсын комисст барилгаа хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах ёстой байсан боловч Ш.Батмөнх гэх хүнээс болж бүхэл бүтэн 1 жил гарангийн хугацаа алдаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж их хэмжээний хохирол амссан.

Төмөр бүтээцийн ажилд зарцуулсан гэх 56 390 000 төгрөг болон алдангийн тухайд манай компани нь “Ф” ХХК-аар даацын төмөр бүтээцийн ажлыг хийлгэхээр тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй тул дээрх мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Уг даацын төмөр бүтээцийн ажлыг “ФИ” ХХК нь хийж өгөхөөр амлаж, уг ажлын хөлс нь “ФИ” ХХК-ийн гэрээний үнийн дүнд багтсан бөгөөд “ФИ” ХХК-тай төлбөрийн асуудал арбитрын шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан. Даацын материалын зардал болох 28 920 доллар буюу 56 390 000 төгрөг нь “ФИ” ХХК болон “Ф” ХХК хоёрын хоорондын асуудал бөгөөд манай “Т” ХХК-д ямар ч хамааралгүй болох нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн уулзалтын протокол, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “ФИ” ХХК-тай байгуулсан тохиролцох гэрээ, “Ф” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 151005/17 дугаартай болон 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 151028/18 дугаартай албан бичгүүдээр тус тус нотлогдоно. Үнэхээр “Ф” ХХК нь манай компаниас даацын төмөр бүтээцийн ажлын хөлс 56 390 000 төгрөг авах ёстой байсан бол 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийсэн материал нийлүүлэх болон ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, төлбөр тооцоогоо нийлж, дуусгавар болгох үедээ уг асуудлыг тавих ёстой байсан. Гэтэл гэрээгээр дуусгавар болгоод дүгнээд бүх төлбөр мөнгийг төлсөн байхад одоо гэнэт энэ асуудлыг хөндөж, төлбөр авлагатай мэтээр харагдуулж байна. Нэхэмжилсэн барьцаа төлбөр болох 24 211 850 төгрөг, түүний алдангийг тухайд 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 02-07/21 дугаартай “ФИ” ХХК-тай байгуулсан материал ханган нийлүүлэх гэрээ, 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 01-07/21 дугаартай “Ф” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 02-08/05 дугаартай материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тохиролцох нэмэлт гэрээг талууд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дүгнэж дуусгавар болгож акт үйлдсэн.

Уг актын 4-д гэрээний баталгаат хугацааны барьцаа төлбөр болох 24 211 850 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай компани төлөхөөр заасан. Гэхдээ нийлүүлэгдсэн материал, гүйцэтгэсэн ажилд баталгаат хугацаанд ямар нэг эвдрэл гэмтэл, дулаалгын болон угсралтын ажлын үеийн алдаанаас гарсан доголдол гарахгүй мөн НӨАТ-ын падааныг гэрээний нийт үнийн дүнгээс захиалагчид бичиж өгснөөр барьцаа мөнгө болон үлдэгдэл мөнгийг өгөхөөр тохиролцсоныг шүүх анхаарч үзнэ үү. Мөн зарим гадна фасад, цонх сул хөдөлгөөнтэй байгаа ба дуудахаар ирдэггүй учраас бид дээврээс ус алдахад өөр байгууллагаар засварлуулсан. “ФИ” ХХК болон “Ф” ХХК-ийн хоёулангийнх нь гэрээний үнэд НӨАТ дүн багтсан бөгөөд НӨАТ-ын буцаан авалтын мөнгө 247 545 475 төгрөгийг бид өнөөдрийг хүртэл аваагүй хохирсоор ирсэн тул барьцаа мөнгийг буцаан өгөөгүй. Ш.Батмөнх нь би танай НӨАТ буцаалтын мөнгийг “ФИ” ХХК-аас аваад өгчихнө асуудалгүй гэж хэлж гэрээг дүгнэж дуусгавар болгосон. “ФИ” ХХК-ийг бид урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар татварын хэлтэст гомдол гаргаж шалгуулж байгаа.

Мөн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 01-07/21 дугаартай “Ф” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 02-08/05 дугаартай материал нийлүүлэх нэмэлт гэрээг талууд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дүгнэж, дуусгавар болсонд тооцсон байхад дуусгавар болсон гэрээний дагуу алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Анх дуусгавар болгох актад бид үлдэгдэл төлбөрийг төлөхдөө алданги төлнө гэж тохиролцоогүй, гэрээгээ дүгнэж дуусгавар болгоё, бид үлдэгдэл төлбөрөө заасан хугацаандаа төлнө, барьцаа мөнгө болон үлдэгдэл мөнгийг НӨАТ-ын падаан бичиж өгсний дараа өгнө гэж тохиролцож байгуулсан хүсэл зоригийн илэрхийллийг шүүх харгалзаж үзнэ үү. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзыг бичгээр байгуулаагүй бол анз авах эрхээ алдана гэж заасан. Бид гэрээ дүгнэж дуусгавар болгох актын 7, 8-д заасан төлбөрийг төлж барагдуулсан. Угаас ажил гүйцэтгэх гэрээний 4.3-т захиалагч тал гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцож гүйцэтгэгч талд алданги төлнө гэж заасан болохоос барьцаа мөнгийг хугацаандаа төлөөгүй бол алданги төлнө гэж тохиролцоогүй. Барьцаа мөнгийг бид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар авсан бөгөөд гэрээг дүгнэж дуусгавар болгох актад заасан үүргээ Ш.Батмөнх нь өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймээс “Ф” ХХК-д бидний зүгээс өгөх ямар нэг өр төлбөр байхгүй.

Хуульчийн зардалд 3 740 000 төгрөгийн тухайд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсны хөлс нь нэхэмжлэгч тал шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал юм. Энэ нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан хохирол гэдэгт хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлүүлэхээр заасан байх тул өмгөөллийн хөлсийг хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд “ФИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т” ХХК-д холбогдох иргэний хэрэгт “ФИ” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан байна. “Ф” ХХК болон “Т” ХХК нарын шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй маргаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд “ФИ” ХХК-ийг төлөөлж дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Манай “ФИ” ХХК нь “Т” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Материал ханган нийлүүлэх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Ийнхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө шаардан 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт хандаж улмаар 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр тус арбитр маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. “ФИ” ХХК болон “Т” ХХК нарын хооронд “Материал ханган нийлүүлэх гэрээ”-г байгуулж, “Ф” ХХК болон “Т” ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй “Ф” ХХК болон “Т” ХХК нарын хооронд үүсч буй маргаан нь эдгээр компанийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой байх тул манай компанид хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл манай компани ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй. Тус маргаанд нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэж, түүний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байна. Тус гэрээний харилцаанд “ФИ” ХХК нь оролцоогүй болохыг дахин тэмдэглэмээр байна.

Нэхэмжлэлийн шаардлага тус бүр дээр тайлбарлавал нэхэмжлэлд Нэмэлт гэрээний 5 хувьтай тэнцэх барьцаа төлбөр болох 24 211 850 төгрөгийг актад заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэх үүрэг хүлээсэн гэж “Ф” ХХК-аас барьцаанд шилжүүлсэн төгрөгөө буцаан шаардсан байна. Иймээс эдгээр барьцаа төлбөр нь манайд хамааралгүй болно.

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 892 555 төгрөгийг шаардсан байна. “ФИ” ХХК нь “Т” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй болно.

Нэмэлт ажил буюу төмөр бүтээцийн ажилд зарцуулсан 56 390 000 төгрөгийг шаардсан байна. Төмөр бүтээцийн ажилд зарцуулсан 56 390 000 төгрөгийн тухайд талууд ажил гүйцэтгэх гэрээнээс гадна нэмэлт гэрээ байгуулж харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн хоёр талын гэрээ болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл үндсэн ажил гүйцэтгэх гэрээнээс гадна тусад нь дахин гэрээ байгуулжээ.

Ийнхүү нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан хоёр талын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаантай асуудлыг гуравдагч этгээдийн зүгээс ажил зохих ёсоор хийгдсэн болон хийгдээгүй гэж аль нэг талыг шууд дэмжин оролцох боломжгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд хяналт тавих эрх, үүрэгтэй оролцоогүй болно.

Харин тус хэргийн гуравдагч этгээд болох “ФИ” ХХК-ийн хувьд “Т” ХХК-тай маргаж байх явцад манай нийлүүлсэн материалууд тус барилгад ашиглагдсан эсэхийг барилга дээр нь очиж шалгах үед хариуцагчийн нийлүүлээгүй гэх бараа материал нь тус барилгад бүрэн орсон байсан боловч Арбитрын бүрэлдэхүүн “ФИ” ХХК нь “Ф” ХХК-д шилжүүлсэн баримтууд байна. “Т” ХХК-д шууд шилжүүлсэн баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болголоо. Эдгээр баримтаараа “Ф” ХХК-аас нэхэмжлэх эрхтэй гэдгийг тайлбарласан төдийгүй, арбитрын шийдвэрийн 6 дахь талд энэ талаар дурдсан. Учир нь манай компанийн зүгээс “Т” ХХК-д шилжүүлсэн бараа материалыг “Ф” ХХК хүлээн авдаг байсан тул арбитраас дээрх шийдвэр гарсан. Иймээс манай компани дээрх маргаантай харилцаанд хамааралгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 160 дугаар зүйлийн 160.3, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас 81 494 405 /наян нэгэн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ф” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 44 487 203 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 787 860 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-аас 565 422 /таван зуун жаран таван мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ф” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д давж заалдах гомдолдоо:

... Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүй, алданги гаргуулах шаардлагад зөв дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байгаа тул шийдвэрийн зарим хэсгийг зөвшөөрөх боломжгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлд анзын талаар зохицуулсан бөгөөд уг зүйлийн 232.6 дах хэсгийг үндэслэн талууд 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01-07/21 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.3-т “Захиалагч тал гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож гүйцэтгэгч талд алданги төлнө” гэж заасан байх тул алданги шаардах эрхтэй гэж үзэж байна. Энэ талаар үндэслэл бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргана. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт алданги 40 747 202 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Э.Х нар давж заалдах гомдолдоо:

            ... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Манай компани нь “Ф” ХХК-ийн нэмэлтээр хийсэн гэх төмөр бүтээцийн ажлын хөлс 56 390 000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ шаардах эрхийг тодорхойлоогүй, хэрэглэх ёстой хуулийг хэрхэн хэрэглэсэн нь тодорхойгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлд ямар үед гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцох үндэслэлийн талаар заасан байх ба талуудын хооронд нэмэлт ажил хийгдэх аман хэлцэл, гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байхад шүүх хангаж шийдсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд нэмэлт ажил хийгдсэн гэж үзсэн ба талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлоогүй байж хариуцагчаас төлбөр гаргуулж шийдсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрхэн хэрэглэсэн нь тодорхойгүй. Хариуцагч нь 15 давхрын даацын төмөр бүтээцийн ажлын хөлс 56 390 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй ба энэ талаар шүүх хуралдааны үеэр мэтгэлцсэн, үнэхээр ажлын хөлс 56 390 000 төгрөг болсон гэдгийг нэхэмжлэгч нотолж чадаагүй байхад шүүх хангаж шийдвэрлэсэн. Ийнхүү шүүх хангаж шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэгчийн өгсөн албан бичигт дурдсан 56 390 000 төгрөг гэх тоо, нотлох баримтын шаардлага хангаагүй тухайн албан бичгийн хавсралт хүснэгтийг /задаргаа/ үндэслэл болгосон.

Нэхэмжлэгч 15 давхрын даацын төмөр бүтээцийн ажлын хөлс гэх 56 390 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 151005/14 дугаартай албан бичгээр нэхэмжилснээс хойш өөрөөр нэхэмжилсэн удаагүй ба хэрвээ үнэхээр 56 390 000 төгрөгийг авах ёстой байсан бол яагаад үүнээс хойш нэг ч удаа нэхэмжлээгүйг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ажил хүлээлцэх, гэрээ дуусгавар болгох актад энэ асуудал тусгагдаагүй талаар болон хэргийн үйл баримтын он сарын дараалалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Талууд хэрвээ гэрээгээр тохиролцоогүй нэмэлт ажил хийх шаардлага үүссэн үед 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар бүлэг 5.2, 5.3-т заасны дагуу нэмэлт гэрээ байгуулж ажил гүйцэтгэх гэрээнд хавсаргах ёстой байсан ба уг нэмэлт гэрээ нь гэрээний салшгүй хэсэг байхаар талууд тохиролцсон байсан ба энэ асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй.

Мөн нэхэмжлэгчийн хийсэн нэмэлт ажил нь зөвхөн нэг талын хүсэл зоригоор хийгдсэн ба хариуцагч нь уг хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн аваагүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх боломжтой ба ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг ба ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь нэмэлт ажил хийсэн гэх мөртлөө уг ажлын гүйцэтгэлийг хариуцагчид хүлээлгэж өгөөгүй байхад шүүх ажлын хөлсийг гаргуулж шийдсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүх нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа нэмэлт ажлын зардлын талаарх зохигчдын маргаж буй үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

            Нэхэмжлэгч “Ф” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 25 104 405 /24 211 850+895 555/ төгрөг, нэмэлт ажлын зардал 56 390 000 төгрөг, хохирол буюу хуульчийн хөлс 3 740 000 төгрөг, алданги 40 747 202 төгрөг, нийт 125 981 608 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэмэлт ажлын зардалд 56 390 000 төгрөг шаардсаныг хариуцагч эсэргүүцэж маргахдаа уг ажлыг “Ф” ХХК-аар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулаагүй, харин “ФИ” ХХК-ийн гэрээний дүнд уг ажлын зардал багтсан гэж маргажээ.

 

Хариуцагчийн маргаж буй үндэслэлийг шүүх тодруулаагүйгээс гадна нэг талын баримтыг шийдвэрийн шууд үндэслэл болгосныг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

 

“ФИ” ХХК нь 28 920 ам.долларын даацын материалын зардлыг хариуцахаа зөвшөөрсөн тухай 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тохиролцох гэрээ” зэрэг бичгийн баримт хэрэгт авагдсан боловч уг зардалд ямар үнэтэй, хэдэн төрлийн материал орсон нь тодорхойгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь ажлын зардал гэж шаардсан боловч түүний шүүхэд гаргасан төмөр бүтээцийн ажил хийсэн тооцоо гэх 56 390 000 төгрөгийн тооцооллын баримтад металл лист, хамгаалалтын тор, төмрийн грунт, зүлгүүр, будаг, электрод зэрэг материалын үнэ орсон байна. /хх-24/

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “ФИ” ХХК гуравдагч этгээдээр оролцож тайлбар гаргахдаа ажил гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй талаар тайлбарлаж, материалын зардлын талаар дурдаагүй байна.

 

Зохигчдын тайлбар, хэргийн баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нэмэлт ажлын зардал гэж шаардсан боловч уг зардалд материалын зардал тодорхой хэмжээгээр багтсан, “ФИ” ХХК-ийн өмнөөс гүйцэтгэх ёстой ажлыг нь хийж гүйцэтгэж зардал гаргасан гэх нэхэмжлэлийн үндэслэл, “ФИ” ХХК-ийн гэрээний дүнд уг ажлын зардал багтсан гэх хариуцагчийн татгалзалд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүх зохигчдын маргаж буй үйл баримтыг тогтоолгүйгээр нэхэмжлэгчээс гаргасан нэг талын баримтыг үнэлэн 56 390 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг хэргийн баримтад үндэслэгдсэн гэж үзэх боломжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00640 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс 361 690 төгрөг, хариуцагчаас 440 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ